Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн
Бямбасүрэнтэй ярилцлаа.
-Хоёр хөршийн төрийн тэргүүн нарын айлчлал
болж өнгөрлөө. Айлчлалыг монголчууд төдийгүй, дэлхий нийт янз бүрээр дүгнэж
байна. Та хувьдаа ямар дүгнэлт хийж байна вэ?
-Хөрш хоёр гүрний төрийн тэргүүн нарын
айлчлал утга агуулга, цаг хугацааны хувьд зөвхөн Монгол, Орос, Хятад гэсэн
гурван орон төдийгүй Ази тив, дэлхийн нийтийн хувьд онцгой үйл явдал боллоо.
Магадгүй, Чингис хаанаас хойшхи 700-800 жилийн дараа анх удаа Орос, Монгол,
Хятадын нутгийг хамарсан хамтын ажиллагааны шинэ тэнхлэгийн эхлэлийг эдгээр
айлчлалаар шийдлээ. Нэг талд нь дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай, олон
сая хүн амтай, өргөн уудам газар нутагтай Хятад орон, нөгөө талд нь дэлхийн
хамгийн том нутаг дэвсгэртэй, түүхий эд үйлдвэрлэл, цэрэг зэвсгийн асар их
потенциальтай Орос орон. Энэ хоёр гүрний дунд орших ардчилсан төрийн
тогтолцоо, нээлттэй зах зээлтэй Монгол орон. Энэ гурван улс хамтарсан бодлого
явуулж эхэлж байна. Энэ нь Ази тив төдийгүй дэлхийн геополитик, гео эдийн
засгийн орчинд том өөрчлөлт оруулна. Энэ талаас нь харвал нэлээд өвөрмөц
айлчлалууд боллоо. Ойроор яривал Монгол Улс хоёр хөршөөсөө найрсаг, алс
ирээдүйг харсан хамтын ажиллагааны илүү таатай орчинтой боллоо. Хятад улсын
дарга ирэхдээ, Монгол Улсыг далайд гарцтай болгохоо мэдэгдлээ. ОХУ-ын
Ерөнхийлөгчийн хувьд Монгол Улстай харилцах эдийн засгийн харилцаандаа нэн
таатай нөхцөлийг сэргээж хэрэглэнэ гэдгээ хэллээ. Оросын хувьд транзит тээврээс
эхлээд олон чухал асуудлыг шийдвэрлэлээ. Энэ нь шинээр тогтоож байгаа хамтын
ажиллагааны тэнхлэгийг амьдрах чадвартай болгож, тууштай хөгжил дэвшлийн шинэ
ирээдүйг нээх итгэл төрүүлж байна. Монгол Улс урд хөрштэйгөө иж бүрэн
түншлэлийн төвшинд харилцахаар тохиролцсон бол, Оростой стратегийн түншлэлээ
хөгжүүлэх чиглэлийг баримталлаа. Айлчлал сайхан боллоо гээд суух сул цаг бидэнд
байхгүй. Айлчлалаар шийдсэн, ярьсан асуудал болгоны цаана асар их хариуцлага,
Монгол Улсын нэр хүнд бий. Монголын талаас хүлээсэн үүргээ шударгаар бүрэн
гүйцэт хэрэгжүүлэх, биелүүлэх хэрэгтэй. Хоёрт, Монгол Улсын төр энэ цагаас
эхлээд хөгжил дэвшилд чиглэсэн, бүс нутгийнхаа өнгө төрхөд зохицсон алс
ирээдүйтэй бодлого явуулах шаардлагатай болж байна. Өөрсдөө хариуцлагагүй,
хэлсэн ярьсандаа хүрэхгүйгээсээ болоод гадна талдаа бусдын өмнө эвгүй байдалд
ордог, дотроо эдийн засгаа хямраадаг урьдын жишээ одоо бидэнд хэрэггүй.
Томоор харвал хоёр хөрш маань монголчуудын
бүтээл шүү дээ
-Оросын Ерөнхийлөгчийн айлчлалаар олон
чухал асуудал шийдсэн. Бас шийдэж өгөөч гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олон чухал
санал хэлсэн. Тэдгээрийн нэг нь худалдаа, татвартай холбоотой нэн таатай нөхцөл
хүссэн. Оростой байгуулсан стратегийн түншлэлийн төвшинд энэхүү нэн таатай
нөхцөлөөр хамтран хамтран ажиллах боломжтой юу?
-Уг нь Монгол-Оросын сайн хөршийн
харилцааны 1991 оны тунхаг, 1993 оны гэрээнүүдэд зааснаар бол манай хоёр улсын
хоорондын эдийн засгийн харилцаа нэн таатай нөхцөл гэдгээр явах ёстой юм. Нэн
таатай нөхцөл гэдэгт гаалийн татвар 10 хувиас доош байхыг хэлдэг. Олон улсад ч
тэгж ойлгодог. Гэтэл Монголын бараа бүтээгдэхүүнд тогтоосон Оросын гаалийн
татвар нь нэн таатай нөхцөл биш, үнэн чанартаа Монголын экспортын барааг хаасан
шахалт хавчилтын байдалтай явж ирсэн. Энэ нь зүй тогтол, зах зээлийн хуулиар
тогтоосон татвар биш л дээ. Хуучин ЗХУ гэж байхад манай улс хараат орон нь
байлаа. Зөвлөлтийн эрхшээлээс гаръя гэхэд зөвлөлтийнхөн 1990 оны
арванхоёрдугаар сарын 28-нд Ерөнхийлөгчийнхөө зарлигаар Монголын бараа
бүтээгдэхүүнд тогтоосон гаалийн татвараа нэмж, одоог хүртэл Орос орон энэ
асуудлыг шийдэж чадахгүй явж ирсэн. Харин сая Путин Ерөнхийлөгч, цаашид нэн
таатай нөхцөлөөр харилцана гэдгээ хэлээд явлаа. Энэ нь бол гаалийн татвар 10
хувь, магадгүй түүнээс доош бууна.
-Хэрвээ ОХУ гаалийн татвараа буулгаж,
магадгүй тэглэлээ гэхэд манайх юу экспортлох вэ. Оросын зах зээл дээр өрсөлдөх
Монголын брэнд гэвэл махнаас өөр юу байж болох вэ?
-Монгол Улс экспортлогч орон болно гэхээр
манайхан ганц мах л нийлүүлнэ гэх юм. Орос бол дэлхийн хойд талын сэрүүн бүсийн
хуурай газрын ихэнхийг эзэлдэг орон. Манай ноос ноолуур, арьс ширээр хийсэн
бүтээгдэхүүний үндсэн зах зээл нь сэрүүн бүс. Халуун бүсийн орнууд хонины
ноосоор хийсэн хивс авахгүй, тэнд хонины ноосон цамц өмсөөд суухгүй. Канад,
Скандиновын орнуудыг эс тооцвол сэрүүн бүсэд Орос гэж ганцхан том зах зээл бий.
Монгол Улс энэ том зах зээлийг онилж, орон зайгаа эзлэхийн төлөө ажиллах ёстой.
Бид ноосоороо ядаж л эсгий гутал, цамц, хөнжил, арьс ширээрээ нэхий дээл
хийгээд экспортолбол илүү ашигтай. Гэтэл өнөөдөр манай үйлдвэрүүд тун
хангалтгүй, энэ чиглэлд хөгжөөгүй. Ойрхон зах зээл байхгүй, байгаа нь өндөр
татвартай явлаа. Тиймээс л хэдэн малаа нядалж гаргах асуудал яриад байгаа юм.
Мал, махны асуудал эмзэг. Манайд жил бүр л боом, шүлхий гэх олон улсад хориотой
байдаг өвчин гардаг. Мах нийлүүлнэ гэж ярихаасаа өмнө эдгээр хориотой өвчнүүд
яагаад гараад байгаа учрыг олох хэрэгтэй. Зөвхөн вакцинжуулаад бүхнийг
шийдэхгүй. Малын өвчлөлөө зогсоохын зэрэгцээ малын гаралтай түүхий эдийн
үйлдвэрлэл, хөнгөн, хүнсний үйлдвэрүүдээ хөгжүүлэхгүй бол зах зээл
нээгдлээ гэж баярлах мөртлөө хоосон хоцордог зам мөр бидэнд бий шүү дээ.
-Орос бол уул уурхайн баялгийн экспортлогч
орон. Тийм учраас манай нүүрс, зэсийг авахгүй. Тэгэхээр манай экспортын гол
бүтээгдэхүүн болох ашигт малтмалын хувьд Оросын зах зээл ашиггүй, тийм үү?
-Тийм л дээ. Гэхдээ Орост уран, ховор
металл хэрэгтэй байж болох юм. Жонш бага зэргийг Монголоос авдаг. Нүүрсний
хувьд манайх энд Тавантолгойтойгоо будилж байх хойгуур манай хажууханд
угаагаад бэлдсэн 17 сая тонн нүүрс Орост овоолгоотой хэвтэж байна. Түүнийг
урагш нь гаргана гэвэл Монголын экспортын өрсөлдөгч болно. Мэдээж, энэ нь зах
зээлийн эрүүл өрсөлдөөн. Бид тэднээс илүү чанартай нүүрс гаргах хэрэгтэй.
Зөвхөн нүүрс гаргах тухай яриад суух биш, хятадууд манай нүүрсийг аваад л
цахилгаан гаргадаг шиг Монголдоо цахилгаан үйлдвэрлэж түүнийгээ нийлүүлж болно.
Энэ тухай бид одооноос л бодох хэрэгтэй. Цахилгаан станц ажиллуулах
мэргэжилтэн, инженерүүд Монголд хангалттай бий.
-Путин Ерөнхийлөгчийн айлчлалаар гарын
үсэг зурсан хэлэлцээрүүдээс хамгийн чухал нь Улаанбаатар төмөр замыг 2020 он
гэхэд цахилгаанжуулж, хос замтай болгох гэдэгтэй та санал нийлэх үү?
-Тэгэлгүй яах вэ, энэ маш чухал. Манай
төмөр зам ганц замаар ачаа, зорчигчоо тээвэрлэж зөрлөг дээрээ очно, тэндээ
дараагийн галт тэрэгтэйгээ зөрөх гэж баахан хүлээж цаг хугацаа, маш их боломж
алддаг. Хэрвээ хоёр замтай болох юм бол нэвтрүүлэх чадвар маш ихээр нэмэгдэнэ.
Энэ нь Монголын эдийн засагт том дэмжлэг болно. Транзит тээвэр бол Монголд
мөнгө үлдээгээд явдаг маш ашигтай бизнес шүү дээ.
-Улаанбаатар төмөр замыг хос болгож
цахилгаанжуулахад асар их хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тэр мөнгийг төмөр замыг
эзэмшиж буй 50, 50 хувийнхаа хэмжээнд гаргана гэвэл манайд тийм
санхүүгийн боломж бий юү. Гаднаас хөрөнгө оруулалт авъя гэхээр хамтарсан аж
ахуйн нэгж учраас нөгөө талынхаа саналыг авах, гуравдагч орныхон орж ирэхдээ
дурамжхан гээд хүндрэлүүд их гардаг?
-Их хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй нь
үнэн л дээ. Нэг тэрбум гаруй ам.доллар гэж ярьж байгаа ч түүнээс хол давна.
Тэгэхдээ ашигтай хөрөнгө оруулалт учраас хаанаас ч зээл олдоно. Хөрөнгө
оруулагчаа зөв, шударга сонгож, нөхцөлөө тохирч чадвал мөнгө олоход санаа
зоволтгүй. Одоогийн Чингис, Самурай бонд шиг гарынхаа салаагаар гоожуулахгүй,
бэлэн төсөлд санхүүжилт хийх болно. Жишээ нь, Оросоос өөрөөс нь зээл авч
болно. Төмөр замын хуучин хэлэлцээрт санаа зовууштай нэлээд зүйл бий. Монгол
Улс төмөр замын дагуухь төмөр замын дэд бүтэц, обьектууд, замын зурваст нэлээд
том газар нутгаа бараг үнэгүй өгч эзэмшүүлсэн. Ердөө л 10 сая төгрөгөөр үнэлж
өгсөн байдаг юм. Одоо энэ газраа арай ч ингэж үнэлэхгүй байлгүй дээ. Хоёрт,
монголчууд төмөр замаа барина гэвэл металлургийн үйлдвэрлэлээ хөгжүүлж өөрсдөө
рейс төмөр, бетон дэр, цахилгааны шонгуудаа хийдэг болчихвол манай талд ногдох
хөрөнгө оруулалт болно. Энэ мэтээр олон гарц бий дээ. Гол нь айлчлалаар
шийдсэнээ ажил болгох л хэрэгтэй.
-Харин тийм, манай улсад 2009 онд Оросын
Ерөнхийлөгч айлчилж мөн л олон гэрээ хэлцэлцээр байгуулж байсан ч дийлэнхийг нь
монголчууд биелүүлээгүй гэдэг.
-2009 онд Медведев Ерөнхийлөгчийг ирэхэд
олон зүйл дээр тохиролцоо хийсэн. Тэрнээс хойш улстөрийн сонгуулийн сэлгээнээс
болж олон зүйл орхигдож, биелүүлэлгүй үлдсэн. Мөн 2000 оноос хойшхи 7-8 жилд
төрийн өндөр дээдсүүд маань гадаадад явахдаа нөгөө л хэдэн уул уурхайн
ордын мэдээллээ богцондоо хийж аваад ганзагын наймаачид шиг тэнд ч очиж “би
чамтай уран ашиглана, зэс ашиглана” гэж яриад явсан. Бусад салбараа тас
орхисон. Оростой хүртэл “Оюутолгой, Тавантолгойд танайхтай хамтарч ажиллана”
гэж ярьсан. Гэтэл бодит байдал дээр Оростой ярьсан нь ч, бусадтай тохирсон нь
ч байхгүй.
-Медведев Ерөнхийлөгчийн айлчлалын
зарим тохиролцооноос буцсан нь зөв гэх хүн байдаг. Жишээ нь, Монгол-Орос хоёр
хамтарч “Дэд бүтцийн хөгжил” компани байгуулсан. Тус компани нь Оюутолгой,
Тавантолгойн 50 хувийг эзэмших заалт байсан гэдэг. Хэрвээ энэ заалтаар явсан
бол өнөөдөр Оюутолгойн орд өөр хөрөнгө оруулагчтай, эсвэл урагшаа алхаагүй
Тавантолгойн адил цаасан дээрээ байх байсан гэж зарим хүн хэлдэг?
-Зөвхөн Оюутолгойн хувьд авч үзье л дээ.
Хэрвээ Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар газрын хэвлийн баялаг бүх ард
түмнийхээ мэдэлд байж, төр өмчилнө гэдэг утгаар нь хандсан бол баялгийн эзэд
өнөөдөр Фрийдландын гэрээний уурганд орж суухгүй байх байлаа. Одоо
Оюутолгойгоос юу илтгэж байна гэхээр зэсийн үйлдвэрлэл өслөө гэсэн статистик л
гаргаж байна. Мөнгө алга. Зэсээ гадагш гаргасан экспортын орлого нь Монголд орж
ирэхгүй байна. Энэ жил гэхэд 500 орчим сая ам.доллар орж ирсэнгүй. Монголд
зөвхөн тоо гаргаж, өсөлт тооцож суудаг, мөнгө нь гадаадад байршиж байдаг
боллоо. Ийм байдалд орохгүй байх боломж бидэнд байсан уу гэвэл байсан.
Тавантолгойг Оростой хамтарч шийдсэн бол өнөөдөр говийн хөрсөө хүнд
даацын машинаар зүсч, тоос манаргаж явахгүй л байлаа. Оросын уурхай ажиллуулдаг
зарчим бол эхлээд дэд бүтцээ байгуулж, нийгмийн асуудлаа шийдчихээд
обьектоо ашигла гэсэн дарааллаар явдаг. Үүний бодит жишээ нь “Эрдэнэт” байна.
Бид ядаж энэ жишгээр уурхайчдын хотхон байгуулж, хил рүү замаа тавьж, цахилгаан
станцаа ашиглалтад оруулсны дараа Тавантолгойн нүүрсийг зөөх тухай ярих байсан
юм. Гэтэл одоо Тавантолгойгоо тав хуваачихаад үндсэндээ дампуурлын байдалд
хүрээд сууж байна.
-Монголчууд Хятадаас илүү оросуудыг
мэднэ, сайн харилцаатай. Гэхдээ миний болон сүүлийн үеийн залуус оросууд
монголчуудад юу бүтээсэн, юу өгснийг тэр бүр мэдэхгүй. Та юуг нь илүү онцлох
вэ?
-Оросууд бидэнд юу өгснийг томоор харвал
гурван зүйлийг хэлж болно. Нэгд, Монгол Улс 1921 он хүртэл Азийн уламжлалт соёл
иргэншилтэй орон байсан. 1922 оноос эхлэн Монголд транс байгуулж, автомашин орж
ирж, цахилгаан станц, аж үйлдвэрийн комбинат барьж, Европын соёл иргэншлийг
Оросоор дамжуулж авсан юм. Энэ нь шинжлэх ухаан технологийн дэвшилд суурилсан
соёл иргэншил юм.
Түүнийхээ ачаар өнөөдөр бид Улаанбаатар
гэх Европын хэв маягтай хоттой болж, соёл боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэржсэн
эдийн засгийн салбарууд нь Оросын оролцоотойгоор бүтэж бий болсон. Хамгийн гол
нь энэ соёл иргэншлийн солилцооны үр дүнд орчин үеийн сэтгэлгээтэй,
боловсролтой монголчууд бий болсон. Тийм монгол хүмүүсийг ерөнхийдөө оросууд
бэлтгэж, сургаж өгсөн. Хоёрт, манай улсын түүхэнд янз бүрийн хүнд үеүд таарч
тохиолдож байсан. 1921 оны ардын хувьсгалаас гадна 1939 оны Халх голын дайн бол
Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхэт байдалд шууд заналхийлсэн, том аюул
байсан. Энэ үед хэдийгээр Монголын ард түмэн, хөвгүүд, охид эх оронч
сэтгэлгээтэй байсан ч тухайн үеийн Японы цэргийнхний тэр их хүч, мөргөлдөөний
өмнө хүчин мөхөсдөх байсан. Тэр үед оросууд олон цэргийнхээ амиар манай улсын
тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлыг хамгаалж өгсөн юм.
Гуравт, Монголын нийгэм эдийн засгийг
хөгжүүлэхийн тулд зээл тусламж өгч, хамтарч ажиллаж орчин үеийн үйлдвэрүүдийг
байгуулсан. Тухайлбал, “Эрдэнэт” үйлвдэрийг онцолж болно. Орчин үеийн
сургууль, эмнэлэг, орон сууц зэрэг олон обьектийг байгуулсан. Энд нэг талаас
60, 70-аад оны улс төрийн нөхцөл байдалтай холбоотой байсан асуудлууд бий байх.
Нөгөө талдаа монголчууд эх орны дайны үед Зөвлөлтийн ард түмэнд байгаа бүхнээ
шавхаж, чадал бололцооныхоо хэрээр тусламж, дэмжлэг болж явсан. Тэрийг ч бас
бодолцдог болов уу. Ер нь Орос Монголын хамтын ажиллагаа олон зуун жилээр
бүрэлдэн тогтсон харилцаа. Үүнийг 20, 30 жилээр төсөөлөхийн аргагүй. Томоор
харвал манай хоёр талд байгаа хөршүүд бол монголчуудын бүтээл юм шүү дээ. Орос
орон 62 вант улстай байхад монголчууд очиж нэгтгэж, Москвагийн вант улсыг
дэмжиж, Оросын төрт улсыг байгуулахад анхлан түшиг болж явсан. Сүүлд нь Орос
гүрэн зүүн тийшээ тэлэхдээ Зүчи хааны цагаан тугийг бариад л явсан. Хятад улс
гэхэд 12 тусдаа улс байсныг нэгтгэж одоогийн Хятадыг бүрэлдүүлсэн. Өмнө нь Тан
улсаас хойш үргэлж задгай, бутархай байсныг нь нэгтгэсэн. Тэгэхээр нэг талаас
Монгол-Хятад, Монгол-Оросын харилцааны түүхийг авч үзвэл ер нь бие биедээ юу
өгсөн, юу бүтээснийг томоор л харах шаардлагатай болов уу гэж боддог.
Хоёр хөршдөө бид бас юу өгснийг давхар харах ёстой.
-Манай улс Хятадын нутгаар дамжин
бүтээгдэхүүнээ Хятадын зургаан томоохон далайн боомтод хүргэхээр боллоо. Үүний
цаана манай улс төмөр замын нарийн царигийг сонгочихож байгаа юм биш үү?
-Мэдээж шүү дээ. Хятадын нутгаар нэгэнт л
өргөн царигаар явахгүй юм чинь өөрийнхөө нутаг дээр 50 км өргөн цариг тавьсан ч
яалаа, байсан ч яалаа. Энэ бол эдийн засгийн энгийн тооцоогоор шийдэх асуудал.
Мэдээж 5-6 далайн боомтоор гарна гэдэг нь Хятадын сүлжээнд орж тэдний замаар
цаашаа явж хүрнэ гэсэн үг. Одоо байгаа Эрээний боомтоор гарах юм уу эсвэл
хилийн өөр боомтоор цаашаа нэвтэрч Хятадын замд холбогдох уу гэдгийг бид
өөрсдөө л шийднэ. Энд царигийн асуудлыг улстөржүүлж ярих ямар ч шаардлага
байхгүй. Харин дотоод сүлжээ өргөн царигаараа явна. Мухар уурхайнуудаас хил
давж гарах замыг ямраар ч тавьж болно. 1957 оны үед Налайхаас I цахилгаан станц
хүртэл 90 см нарийн царигтай төмөр замтай байсан шүү дээ. Тэрүүгээр уурын
тэргээр нүүрсээ зөөдөг байлаа.
-Хятадын даргын айлчлалын үеэр Монголбанк
Хятадын Ардын банкнаас авах юанийн своп хэлцлийг нэмэгдүүлсэн. Төгрөг, юанийн
их хэмжээний зөрүүтэй своп арилжаа хийх нь эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?
-Хятадтай байгуулсан хэлэлцээрээс хамгийн
их санаа зовоож байгаа зүйл нь 15 тэрбум юанийн своп хэлцэл. Төгрөгөөр юань худалдан
авах шууд арилжаа хийнэ. Манайх 10 тэрбум юань аваад үрчихсэн байгаа. Энэ бол
1.6 тэрбум ам.доллар. Дээр нь 15 тэрбум юань чинь 2.5 тэрбум ам.долларт хүрнэ.
Ингээд нийтдээ дөрвөн тэрбум ам.доллартай тэнцэх валютыг Хятадаас төгрөгөөр
худалдан авлаа. Юаниа Хятадаас бараа худалдан авахад зарцуулж, юаниар худалдаа
хийдэг олон улсын зах зээлээс бүтээгдэхүүн авахад зарцуулдаг байж гэж бодъё.
Тэгвэл Хятад улс 25 тэрбум юанийн оронд өгсөн 7.5 их наяд төгрөгөөр юу хийх
вэ.Төгрөгийн ханш унасан. Монгол бараа худалдаж авах хэрэгтэй болно. Гэтэл
төгрөгөөр өгөх бараа байхгүй, манайхаас юу авах вэ дээ. Тиймээс оронд нь юу
өгөх вэ гэдэг асуудал хэзээ нэгэн цагт зайлшгүй босч ирнэ. Засгийн газрын
өнгөрсөн болон энэ жилийн араншинг харахад газар нутгаа худалдахад бэлэн
бололтой гэсэн болгоомжлол байнга санаа зовоож байна. Хятадууд сая
өрөндөө Тажекстанаас газар тасдаж авлаа шүү дээ. Манайхан газрын тухай хуулийн
төсөл боловсруулж гадаадынханд дуудлага худалдаагаар газар өгнө гэж ярьж байна.
Тэр нөхцөлд хятадууд юаниа худалдсан төгрөгөөрөө газар авч таарна шүү дээ.
Хүнээс валют аваад үрэхэд сайхан. Харин эргээд өөрөө оронд нь юу өгөх вэ.
Үүнийг Монгол шийдээгүй, эрх баригчид маань бодохгүй байна. Төгрөг бол чөлөөт
валют биш. Гаднын түнш нь Монголд ирээд валютыг чинь худалдаж авъя гэхэд
нь өгөх юмтай байж чөлөөт валют гэж нэрлэгдэнэ. Төгрөгөөр авах юм даанч алга.
Зэс, нүүрсээ ч төгрөгөөр өгч чадахгүй шүү дээ.
-Үүнээс гадна Хятадын төрийн өмчит
томоохон банк Монголд салбараа нээх талаар ярьж байгаа. Гадаадын төрийн мэдлийн
банк салбараа нээж үйл ажиллагаагаа явуулбал Монголд ямар нөлөө үзүүлэх бол?
-Маш товчхон хэлэхэд Хятадын мөнгөний
бодлого л орж ирнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Хятадын төрийн бодлого нэвтэрнэ. Ер
нь “Bank of China” салбараа нээчихээд аль хэдийнэ зээл олгоод эхэлсэн биз дээ.
Энд нэг асуудал бий. Одоо ядаж арилжааны гүйлгээ хийлгүүлж болохгүй.
Хэрвээ арилжааны гүйлгээ хийвэл Монголын банкууд “Bank of China”-тай
өрсөлдөх ямар ч боломж байхгүй. Зөвхөн хөрөнгө оруулалтын обьектуудыг
санхүүжүүлэх чиглэлээр хоёр улсын хамтын ажиллагааг дэмжих үүднээс тодорхой
алхам хийж болох байх. Энэ бүгдийг сайн тооцож, олон талаас нь ярьж,
мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсч, ҮАБЗ дээрээ ярьж байж шийдэх хэрэгтэй.
-Монголбанк бол арилжааны банкуудыг
нэгтгэж бодлогоор хангаж, тэдний оролцоотойгоор Монгол Улсын мөнгөний бодлогыг
тодорхойлдог. Гэтэл гаднын аль нэг орны төрийн өмчийн банк орж ирэхэд түүнийг
нь манай Засгийн газар, Монголбанк хянах, удирдах боломжтой юу?
-Ер нь Монгол Улс эдийн засгийн орон зайн
нэгдмэл байдлаа алдаж байна гэдгийг би олон удаа хэлж ярьж байна. Үүний л
нэг жишээ нь гадаадын төрийн өмчийн банк оруулж ирэх тухай энэ яриа л даа. Эрх
зүйн хувьд манай улсын хууль дүрмээр явдаг нэг хэсэг аж ахуйн нэгж байна,
өнгөрсөн жилийн УИХ-аар баталсан Хөрөнгө оруулалтыг дэмжих тухай хуулийн дагуу
хөнгөлөлттэй нөхцөлөөр явдаг томоохон компаниуд бий, Оюутолгойн дүрмээр
ажилладаг ганц аж ахуйн нэгж байна, дараа нь Хятадын хууль дүрмээр ажилладаг
“Петро Чайна” тэргүүтэй аж ахуйн нэгжүүд байна. “Bank of China” орж ирвэл
үүнтэй адил Монголын банкны салбарт мөнгөний бодлого маань Хятадын мөнгөний бодлоготой
холилдож явах болно. Энэ бүхнийг бодох л хэрэгтэй. Ер нь манайхны ямар
зөвшөөрөл өгч байгаад би хувьдаа ихээхэн эргэлзэж явдаг. Ганцхан банкны асуудал
биш. Саяхан солонгосуудад газар зарсныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр
баримттайгаар гаргачихаад байхад УИХ-ын байнгын хороо нь гадаадынхны
эзэмшиж байгаа лицензтэй газар Монголд байхгүй гэсэн дүгнэлт гаргаж байх
юм. Худлаа ш дээ. Ард түмнээ мэхэлж байгаа хэрэг. Энэ асуудлыг хэзээ
нэгэн цагт зайлшгүй босгож тавиад угт нь хүртэл ухаж Монголын хэн гэдэг хүн
Солонгосын хэнд хэчнээн хэмжээний газрыг ямар үнээр өгч, тэр мөнгө нь хаашаа
орсныг мөрдөх л хэрэгтэй. Тэгэх ч байх. Зайлшгүй шалгах хэрэгтэй. Үүнтэй адил
манайхан энэ уурхайгаа тэрэнд өгнө, тийм банкийг оруулж ирнэ гэж амладаг. Эх
орноосоо урвасан ч гэж болохоор Монголын эрх ашигт нийцэхгүй энэ амлалтыг хэний
өмнөөс хэн өгөөд байгааг ч бас ил гаргах хэрэгтэй. Энэ чинь ҮАБЗ дээр ярьж
шийдэх ёстой асуудал. Тэндээс шийдвэр гаргаагүй байхад хэн нэгэн хүн, Засгийн
газар юм уу Монголбанк зөвшөөрөл өгсөн байвал эргээд монголчуудын өмнө, түүхийн
өмнө маш том хариуцлага хүлээх болно. Хүлээлгэх ч ёстой.
-Банк оруулж ирэхээс гадна Хятадаас нэг
тэрбум ам.доллартай тэнцэх хөнгөлөлттэй зээл авахаар болсон гэх яриа байгаа.
Энэ талаар танд мэдээлэл, болгоомжлол байна уу?
-Энэ асуудал айлчлалын хүрээнд хийсэн
хэлэлцээрүүдэд ил гараагүй. Гэхдээ нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл
олгохоор болсон нь тодорхой боллоо. Үүнийг сонссон Төв банк нь арилжааны
банкуудтайгаа нийлж интервенц хийж ам.долларын ханшийг буулгаж, огцрох дээрээ
тулж явсан хүмүүс чинь одоо амиа аврах арга хэмжээ авч эхэлж байна шүү дээ.
Валютыг ингэж үрж болохгүй. Энэ нэг тэрбум ам.доллараа ашигтай хөрөнгө
оруулалтад хийх хэрэгтэй. Нүүрс хийжүүлэх төсөл рүүгээ хөрөнгө оруулалт хий л
дээ. Тэгвэл ашигтай болно.
-Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд
ам.долларын ханш суларсан. Тэгснээ эргээд өссөн. Гэнэтийн гэмээр энэ огцом
хэлбэлзлүүд нь эдийн засгийн эрүүл үзэгдэл мөн үү?
-Биш ээ. Манай эдийн засгийн сул дорой
байдал, төгрөгийн ханшийн уналтын эсрэг авч байгаа арга хэмжээг харахад Засгийн
газар, УИХ юу болж байгааг ч ойлгохгүй, яах ёстойгоо ч мэдэхгүй байна. Усанд
сэлж сураагүй хүн усанд ороод хөл гараараа тийчигнэдэг шиг савчиж байна.
-Үүний бодит жишээ нь “бай”-гаа оноогүй
гэх шүүмжлэлд өртөөд байгаа “ЭЗЭН-100” хөтөлбөр үү?
-Маргаангүй мөн. Олон түмэн, УИХ-ын
анхаарлыг түр хөндийрүүлэх гэсэн л арга хэмжээ байсан шүү дээ. Монгол Улсын
эдийн засгийн одоогийн хямрал нь эдийн засгийн дотоод бүтэц алдагдаж тэнцвэргүй
болсноос үүссэн. Үүнийг эмчлэх талаар юу ч хийгээгүй. Энгийн нэг л жишээ хэлье.
Жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжинэ гэж байгаа нь зөв. Монголд Экобус гээд жижиг
хэмжээний автобус угсарч, үйлдвэрлэж байгаа. Энэ жил 100-г үйлдвэрлэнэ. Засгийн
газрын одоо баримталж байгаа бодлогоор 268 төрлийн татварын хөнгөлөлт олгож
байгаа. Гэтэл Экобусын үйлдвэрлэлд авч байгаа сэлбэг нь НӨАТ, гаалийн
татвартай. Харин Солонгосоос оруулж ирж байгаа хуучин автобусууд нь Экобусаас
2-3 дахин өндөр үнэтэй мөртлөө татваргүй. Үүнийг үйлдвэрлэлээ дэмжиж байна гэж
хэлэх үү. Ийм л арчаагүй бодлого явуулснаа “ЭЗЭН-100” гэж нэрлэчихсэн нь
харамсалтай. Ном хуулж, онол ярьж, хэвлэлийн бага хурал хийснээс өөрөөр ямар ч
үр дүнгүй арга хэмжээ болсон.
-“ЭЗЭН-100” хөтөлбөр хэрэгжиж байхад таныг
Н.Алтанхуяг Ерөнхий сайдтай уулзах хүсэлт тавьсан ч чадаагүй гэж байсан.
Ерөнхий сайд үнэхээр тантай уулзаагүй юм уу?
-“ЭЗЭН-100” ч биш л дээ. Анх Засгийн газар
байгуулагдсаны дараа 2012 оны арваннэгдүгээр сарын 14-нд Ерөнхий сайдтай
уулзмаар байна гэсэн хүсэлт тавьсан ч түүнээс хойш өдийг хүртэл уулзаж чадаагүй
явна.
-Монгол Улсын макро эдийн засгийн бүх
үзүүлэлт сөрөг гарч, эдийн засгийн өсөлтийн хурд эрчимтэй саарч байгаа нь
аюулын дохио мөн үү?
-Эдийн засаг миний ярьж байгаагаас ч
хүндхэн байгаа. Яахав эдийн засаг өсөлттэй байна гэж ярьдаг. Гэтэл бодит байдал
дээр өсөлт бол хоосон тоо. Зэсийн баяжмал гаргаад л өсөлт зарлаад байгаа юм.
Мөнгө орж ирэхгүй байгаа шүү дээ. Энэ жил нүүрсний олборлолт дээр өсөлт
зарласан. Гэхдээ нүүрсээ өрөнд өгөөд, мөнгө нь бас л орж ирэхгүй байгаа.
Үүнийгээ өсөлт гэж яриад байгаа юм. Байгалийн баялгаа шанагаар хутгаад гадагш
нь гаргаж байгааг эдийн засаг өсч байна, сайн ажиллаж байна гэж хэлж болохгүй.
Бодит байдал дээр эдийн засгийн амь тасрахад ойртож, утас нь улам л
сулраад байна.
-Эдийн засгийн энэ хүндрэл жишээ нь таны
амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Би гурван жилийн өмнө таван настай ач
охинтойгоо 30 мянган төгрөгтэй дэлгүүрт ороод тор дүүрэн юм аваад л гардаг
байсан. Гэтэл одоо тэр багцааны юм авахад 110 мянган төгрөг болж байна.
-Таны харж байгаагаар өнөөгийн эдийн
засгийн хүндрэлээс яаж гарах вэ?
-Засгийн газрын барьж байгаа бодлого энэ
чигээрээ явбал эдийн засгийн хүндрэл улам л гүнзгийрнэ. Ам.долларын нөөц
хомсдож, төгрөгийн ханш суларна. Эргэн тойрныхоо хамаг барилгад бүх мөнгөө
хийчихсэн. Гаднын ажилчид, импортын материал зөөгөөд валютын хамаг нөөцөө үрэн
таран хийгээд газарт булчихсан. Энэ бүгдийг зогсоогоогүй байгаа цагт эдийн
засаг сайжрахгүй. Өөрөөр хэлбэл, төрийн бодлогоо зөв болгох хэрэгтэй. Засгийн
газар, УИХ-аас явуулж байгаа бодлого буруу байна. Үүнийгээ өөрчилж чадвал зөв
гольдрилдоо орно. Үүний тулд миний бодлоор УИХ намрын чуулганыхаа эхэнд Засгийн
газрынхаа асуудлыг ярих хэрэгтэй. Дараагаар нь чадварлаг шинэ Засгийн газраа
байгуулж, төрийн бодлого барьж чадах төрийн сайд нар томилж чадвал аяндаа
засарна.
-Засаг солихоор улстөр гэж бужигнаад,
дахиад халаа сэлгээ болж харин ч ажил урагшлахгүй биш үү?
-Солихоос өөр арга байхгүй. Ийм багтай,
энэ бодлогоор цаашаа хоёр жил явах юм бол бүр л баларна.
-Засгийн газарт бас бодлогын дэмжлэг
хэрэгтэй. Тийм дэмжлэг энэ засагт байна уу. Таны харж байгаагаар Монгол Улсын
Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, цаашлаад эрх баригчид хэр эв нэгдэлтэй
ажиллаж байна вэ?
-Эв нэгдэл гэдэг үгийг эхлээд тайлбарламаар
байна. Бүгдээрээ булагнаад байхыг эв нэгдэл гэж ойлгодог хэсэг бий. Эв нэгдэл
бол хамгийн түрүүнд, Монгол орны хөгжлийн ирээдүй, ардчиллынхаа үнэт зүйлс дээр
эв нэгдэлтэй байхыг хэлнэ. Түүнээс биш, Монгол орны ирээдүйг бүдгэрүүлэх
бодлого явуулж байгаа улстөрч, улс төрийн хүчинтэй эв нэгдэлтэй байх тухай
асуудал энд байхгүй. Хамгийн түрүүнд, асуудлаа ардчилсан замаар шийдэж байя.
Ярилцаж, хэлэлцэж, нээлттэй байдлаар шийдье. Өнөөгийн төрийн байдлыг харахаар
өөрсдөөс нь шууд хамаарсан, төрийн хүн, төрийн байгууллагад байж боломгүй хүнд
үеүд ч тохиож байна. Өнгөрсөн зун болсон үйл явдлыг дүгнэвэл нэг талд нь
Ерөнхий сайд, Тагнуулын газар зэрэг төрийн алба нь овоорсон. Нөгөө талд
нь Авлигатай тэмцэх газар нь сөрсөн. Бас өөр нэг орчинд Хууль зүйн яам нь
Цагдаагийн ерөнхий газартайгаа “дайтах” юм. Төрийн өндөр албанд ажиллаж байгаа
өнөөгийн хүмүүсийн үйлдэл нь төрөө хөлдөө чирч гүйцэх нь. Цаашид ийм
байдал Монголын төрд байж болохгүй. Энэ бол зөвхөн бидний дотоодын асуудал.
Үүнийг шийдэхэд чиглэсэн дорвитой хурц алхмууд хийхгүй бол эргээд маш муу нөлөө
үзүүлнэ. Монголын нийгэм шударга үнэний орчинтой байх чадваргүй болж
байна. Тиймээс ч Ерөнхийлөгчийн зүгээс Хариуцлагын тухай хуулийн төслийг УИХ-д
өргөн барьсан. Энэ хуулийн төслийг баталбал олон зүйл шийдэгдэнэ. Гэтэл УИХ энэ
хуулийг баталж чадах уу гэдэг асуудал байна. Яг бодитойгоор нь шүү. УИХ-ын
гишүүдийн дотор авлига, эрүүгийн хэрэгт холбогдож, нэрийг нь зарласан хүн хэд
байгаа билээ. Тиймээс УИХ энэ хуулийг батлахад их хэцүү байх гэж бодож байгаа.
Энэ төслөөс болж УИХ, Ерөнхийлөгчийн хооронд зааг үүсч мэднэ.
-Ерөнхий сайдын зүгээс “АТГ, МАН
хоёр ажил хийлгэхгүй байна” гэж мэдэгдсэн. Үнэн хэрэгтээ АТГ, МАН ч биш, АН
доторхи фракцууд нь Ерөнхий сайдаа барьцаалчихаад ажлыг нь хийлгэхгүй
байгаа юм биш үү?
-Фракцууд нөлөөлж байгаа нь үнэн. АТГ-ын
дарга хэлсэн шүү дээ. Ерөнхий сайд хувийн асуудлын талаараа ярьчих шиг боллоо
гэж. Үнэндээ, Ерөнхий сайд их л олон асуудлаар нэр нь дуудагдлаа. Үүнийгээ
шударгаар цэвэрлээсэй гэж хүн бүр бодож байгаа. Ингэвэл Засгийн газрынх
нь, Монгол төрийн нэр цэвэр болно шүү дээ. Төрд ажиллаж байгаа хүн өөрийгөө
биш, төрийн нэр хүндийг бодох хэрэгтэй. Гэтэл Ерөнхий сайдынх нь тэр ч
хүргэн, энэ ч охин, хамтарч ажиллаж байсан зөвлөх нь хэрэгт холбогдоод байхаар
чинь төрийн нэр бузартаж байна. Ерөнхий сайд өөрөө хувийн эдгээр асуудлаа
нэг тийш шийдэх хэрэгтэй.
-2012 оны сонгуулийн бүрэн эрх хугацааны
хувьд талдаа орсон. Үлдэж байгаа хоёр жилийн нэгд нь сонгуульдаа бэлтгэж,
нөгөөд нь сонгуульдаа ордог гэж улстөрчид ярьдаг. Тэр жишгээр харвал шинээр
байгуулах Засгийн газар ард түмнийхээ төлөө ажиллах, улстөрийн сонгуульдаа
бэлтгэх хоёрын алинд илүү анхаарах нь тодорхой юм биш үү?
-2015 оны хоёрдугаар хагасаас сонгуулийн
ажилдаа орно л доо. Одоо жил хүрэхгүй хугацаа үлдэж байна. 2012 онд өгсөн гол
том амлалтуудын олонхи нь цаасан дээр үлдэх магадлал өндөр боллоо. Эрх
баригчдын болчимгүй асуудлыг улс төрийн залгамж халаа алдагдсан гэдэг утгаас нь
ярихад хэцүү л дээ. Хуучин социалист нийгмийн үед өөр сэтгэхүй, өөр үзэл
номлолтой байлаа. Одоогийн төр бол зөвхөн залгамж халаагаа алдсан биш юм. Энэ
төр олигархиудын төр. УИХ, Засгийн газраа авч үзье. Хэдхэн том компанийн
захирлууд бүх асуудлыг шийдэж байна. Өнгөрсөн жилийн наймдугаар сард ээлжит бус
чуулган зарласнаас эхлээд УИХ-ын гаргасан бүх шийдвэрүүд захиалгат байсан.
Захиалгат хуулиуд гарсан. Тэр нь том хөрөнгийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн.
Аль намынх нь хамаа байхгүй, АН, МАН, нөгөө гуравдагч хүчнийхэн бүгд ханцуй
дотроо наймаалцаж хууль баталж байна. Тогтвортой төр гэдэг чинь бодлого нь
тогтвортой байхыг хэлдэг юм. Түүнээс бус, бүрэн эрхийн хугацаа урт байхыг
хэлдэггүй. Төрөө тогтвортой байлгана гээд одоогийн УИХ-ын бүрэн эрхийг 5-6 жил
болгож сунгавал цаадуул чинь Монголоо худалдчихаад алга болоход бэлэн л юм шиг
харагдаад байна.Тэгэхээр олигархийн төр гэдэг үзэгдлийг ирэх сонгуулиар
хагаслаж чадах уу гэдгийг монгол хүн бүр бодох л хэрэгтэй.
Эх сурвалж: "ҮНДЭСНИЙ ШУУДАН"
сонин
No comments:
Post a Comment