Thursday, 11 September 2014

Г.Майцэцэг: Монголын маань салбар бүрт бие биенээ дэмжих үзэл хамгийн их дутагдаж байна

“Exclusive” компанийн захирал Г.Майцэцэгийг GoGo.Cafe ярилцлагын буландаа урьлаа. Монголдоо, монгол брэндээ бий болгохоор чармайн ажиллаж буй энэ бүсгүй “Нөхөр бид хоёр хувиа бодвол хятад, америк, польш, герман гээд хаана ч амьдрах боломжтой. Гэхдээ хүний нутагт хийж сурсан юмаа эх орондоо хийж хэрэгжүүлэх хэрэгтэй л гэж бодсон” хэмээн ярьсан нь сэтгэлд нэг л дотно орон зайг бий болгосон юм.
Тэрээр эх орондоо ирээд өөрийн компанийн үйлдвэрлэлээ авч явахын зэрэгцээ “Монголд үйлдвэрлэв” төрийн бус байгууллагыг тэргүүлдэг.  “Энэ байгууллага маань аж ахуйн нэгж, хувь хүн, монголд бүтээн байгуулагдаж байгаа бүх зүйлд хамаарч эдний эрх ашиг дуу хоолойг хүргэхийн тулд байгуулагдсан” хэмээн тодорхойлсон.
Ингээд олныг нуршилгүй эх орныхоо бүтээн байгуулалтанд өөрийн хувь нэмрээ оруулж буй бүсгүйн ярилцлагыг хүргэе.

НАЙМАА ХУДАЛДАА ГЭДЭГ ЦЭВЭР ИТГЭЛЦЭЛ ДЭЭР ТОГТДОГ
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би Улаанбаатар хотод төрсөн ч, есдүгээр ангиасаа Польшид амьдрах болж, тэнд амьдралынхаа тэн хагасыг өнгөрүүлсэн. Люблин хотод Олон улсын зах зээл судлаач мэргэжлээр их сургууль төгссөн. Оюутан байхаасаа л наймаа арилжаа хийдэг байлаа. Ер нь Польш бол наймаа арилжаа их хийдэг, зах зээлд хамгийн эрт орсон гэж өөрсдийгөө хэлдэг юм. Гэр бүлийн хүн маань Германд дизайнераар төгссөн, жинхэнэ баялаг бүтээгч. Харин би болохоор тэр хүний хийсэн бүтээснийг олон түмэнд таниулж ярьж явдаг хүн юм. Тэгээд бодохоор баялаг бүтээгчид бол ярьдаггүй, зөвхөн хийдэг хүмүүс. Тэдэнд ярих зав ч байдаггүй.

-Польшид сурч байсан хүн Германд байгаа хүнтэй яаж танилцаж гэрлэсэн юм бол?
-Германд сурч байхад нь интернэтээр чааталж танилцсан. Тэгээд хоёулаа хэн хэнийхээ амьдарч байгаа газар очиж үзлээ. Эхлээд би Германд очтол байнгын хөдөлгөөнтэй байсан хүнд бүх зүйл нь эмх цэгцтэй газар их сонин санагдсан. Манай нөхөр нэг компанид дизайнер хийдэг байсан юм. Дараа нь манай хүн Польшид ирж миний хийдэг ажлыг үзлээ. Миний хийдэг ажил наймаа байлаа. Гэхдээ би ер нь наймаа хийдэг гэдгээсээ хэзээ ч ичиж байгаагүй. Яагаад гэвэл сурах, амьдрах мөнгөө наймаа хийж л олдог байсан. Тэгсэн манай нөхөр “энэ Польш чинь яасан сонин юм бэ” гээд л уулга алдаад байна.

-Яагаад?
-Миний амьдардаг байсан Люблин хотыг тойроод баахан жижиг тосгон байдаг. Тэнд өдөр бүр тухайн тосгодыг дамжаад явуулын наймаа хийдэг хүмүүс энд тэндээс ирж, өглөө 06.00 цагаас наймаагаа эхэлж 12.00 цагт дуусгана. Бараа бүтээгдэхүүнээ дэлгээд тавингуут шажигнаад л дуусчихна. Тийм болохоор манай нөхөр польшуудыг “ямар их юм худалдаж авдаг хүмүүс вэ” гэж гайхаж байсан. Хувцасны загвар моод байнга солигддог учир хүмүүс тэр бүрт шинэ хувцас авна. Гол нь тухайн хувцас маш боломжийн үнэтэй, загвар сайтай. Дэлгүүрийн хувцаснаас гэхэд л хоёр, гурав дахин хямд. Тийм учраас явуулын худалдаа, захаас худалдаж авдаг. Польшийн жижиг дунд үйлдвэрүүд маш сайн хөгжсөн учраас наймаачид нь тухайн үйлдвэрүүдээсээ бараа бөөндөж аваад ийм явуулын худалдаагаар болон томоохон захууд дээр зардаг юм.

-Түүнээс хятад бараа байдаггүй гэж үү?
-Байна, байна. Тэр чинь хувь хүний сонголт байхгүй юу. Хувцас гэдэг өөрөө эрх чөлөө юм. Тиймээс сонголтоо хийх нь тухайн хүний эрх.

-Польшууд алийг нь давамгай авдаг вэ?
-Польшид үйлдвэрлэснээ авна. Бүр ухамсарт нь суучихсан. Гэхдээ мэдээж хямд учир зарим тохиолдолд Хятад бараа авах нь ч бий. Ихэнх нь польшид үйлдвэрлэв гэсэн бараагаа л авдаг учир манай нөхөр үйлдвэрлэгч хүний нүдээр харж “энд л зах зээл байна” гэж хэлсэн. Би болохоор дандаа наймаачны нүдээр хардаг байсан байгаа юм. Бөөний төв дээрээс очоод бараа бүтээгдэхүүнээ бөөндөж авахдаа хямдханыг нь харж, “хэдэн төгрөгний ашиг надад унах бол” гэж л бодож авдаг байсан.

-Та хоёр Польшид үйлдвэр нээж ажиллуулж байсан гэсэн?
-Бид хоёр Польшид суурьшиж, өрхийн үйлдвэрлэлээр амьдралаа эхэлсэн. Нөхөр маань гэртээ хувцас эсгэж оёно, би тэрийг нь зах дээр гаргаж зарна. Хажуугаар нь бусад польшийн үйлдвэрийн бараанууд болон, зах дээрээс бөөндөж авсан хямдхан хувцаснуудыг ч зардаг. Гэхдээ би нөхрийнхөө барааг түлхүү зарахыг хичээнэ ээ. Манай хүн ганцаараа болохоороо өдөрт 10 ширхэг хувцас л гаргана. Ядахдаа талыг нь зарчихад л бөөн баяр болно. Энэ чинь тэр хүнд маш том урам байхгүй юу.
Польш хүмүүс их сайхан сэтгэлтэй. Манай нэг Польш найз бид хоёрт автомашины үнийн дайтай оёдлын дөрвөн утастай хэрээсийн машин зээлээр авч өгч байлаа. Тэнд байсан монголчууд “алив тэр машины үнэтэй машиныг чинь харья” гээд л ирнэ. Нэг өдөр тэр оёдлын машинаар полар гээд зөөлөн материалаар бөөрөнхий унжлагатай пончо /нөмрөг/ нөхөр маань оёчихож. Оёдол шаардагдаад байхгүй болохоор бүр 30-аад ширхэгийг хийчихсэн. Энэ ч дээ гэж бодоод л зах дээр очтол нөгөөх чинь бүр 10 минутын дотор л бужигнаад дуусчихдаг юм. Бөөн баяр харьж билээ. Тэр пончо л бид хоёрт аж ахуйн нэгж байгуулах урам зориг өгсөн дөө.

-Хүний нутагт аж ахуйн нэгж байгуулах зориг гаргана гэдэг тийм амар зүйл биш байх?
-Хүний нутаг гэдэг хүний л нутаг. Түшиж тулах хүн, танил тал, нийгмийн халамж гэх зүйл байхгүй. Зээл нь хүртэл хаалттай. Тэгээд бид хоёр аж ахуйн нэгжээ байгуулахаар боллоо. Сонингийн зар харж байгаад үйлдвэр нь өргөжсөн тул хуучин техникүүдээ зарах гэж байгаа талаарх зар олж хараад очлоо. Зарын эзэн маш их сонирхож “та хоёр яах гэж байгаа юм” гэхээр нь бид хоёр хийх гэж байгаа зүйлийнхээ талаар ярихад “эхлээд 20-30 хувийг нь өгчихөөд явцын дунд үлдсэнийг нь бага багаар өгчихгүй юу” гэж хэлсэн. Огт танихгүй хүн шүү дээ. Залуу хүмүүсийг дэмжье гэж бодсон уу, бүх бичиг баримттайгаа байсан болохоор итгэсэн юм уу бүү мэд. Ингээд дөрвөн хүн ажилд авах зар өгөөд, ажлаа эхэлсэн. Удалгүй 20 ажилтантай болж өргөжсөн дөө.

-Польш хүмүүс тэгж ингэж тусаллаа л гэж ярих юм. Тэнд байсан монголчууд маань хэр тусалдаг байв?
-Манайхан нэгэндээ тусалдаггүй юм билээ. Манайх 20-иод ажилтантай өдөрт юбка, өмдийг 200-300-аар нь оёж гаргадаг байлаа. Эхлээд би бүх бараагаа зах руу аваачиж зардаг байсан бол сүүлдээ дийлэхээ байсан. Гэтэл тэр хотод зуу гаруй монголчууд наймаа хийдэг байсан ч тэд хэзээ ч манайхаас бараа авч байгаагүй.

-Уг нь бол яг л адилхан бараа бөөндөж аваад л ажилладаг?
-Тэнд вьетнам, хятадууд хөлөө олчихсон. Яагаад гэхээр тэдний нэг хэсэг нь контейнерээр бараагаа оруулж ирэхэд нөгөө хэсэг нь бөөндөж аваад л зарчихна. Бид гэтэл монголчууддаа “энийг зараад өгөөч” гэхээр “лангуун дээр тавиулаад зар” гэнэ. Тэгээд тавиулчихаар сүүлд нь мөнгөө ч олж авч чадахгүй, их хэцүү. Тэгсэн нэг өдөр манай хүн “чи оюутан байхдаа худалдаа хийдэг байсан Варшавын олон улсын стадионы зах руугаа очоод үзээч” гэлээ. Тэгээд 200 орчим ширхэг юбка зарахаар очдог юм. Тэндхийн эгнэсэн олон павильоноос нүдэнд хамгийн аятайхан харагдсан вьетнам худалдаачин дээр очоод юбкээ үзүүлж, “чи ийм бараа бөөндөх үү” гэлээ. Тэгсэн “лангуун дээр тавьж л үзэхгүй бол мэдэхгүй” гэдэг юм байна. Бид хоёр 160 км-ийн цаанаас очсон болохоор огт танихгүй хүнд бараагаа үлдээгээд, утсыг нь бичиж аваад явлаа даа. Тэгээд 20-иод км явж байтал утас дуугарч, нөгөө Вьетнам “бараа чинь зарагдаад дууссан ирж мөнгөө ав, тэгээд нэмж захиалга өгье” гэж ярьдаг юм байна.  Наймаа худалдаа гэдэг бол цэвэр итгэлцэл дээр тогтдог. Ингэж л анх удаа бөөний наймаа руу орж үзсэн дээ.
100 ХҮНИЙ ХҮЧЭЭР 500 ХҮНИЙ БҮТЭЭМЖИЙГ ГАРГАЖ БАЙЖ БИД ҮЙЛДВЭРЛЭГЧ ОРОН БОЛЖ ЧАДНА

-Америк долларын ханш өсөлт ид байхад та бүхэн нэг удаагийн хэвлэлийн хурлаараа “валютын ханш өсөх нь бидэнд харин ч сайн” гэж ярьж байсан. Яагаад тэр вэ?
-Наймаа гэдэг ашиг олохдоо биш хүний сэтгэлийг олохдоо л байдаг болов уу. Түүхий эдээ гаднаас авдаг болохоор бид ч гэсэн энэ савлагаанд өртөж л байгаа хэрэг. Өнөөдрийн байдлаар үндэсний үйлдвэрлэгч нар үнээ айхтар нэмсэн зүйл байхгүй. Учир нь олж байгаа ашгаа л буулгачихаж байгаа юм. Энэ бол маш энгийн шийдэл. Ердөө л 1000 төгрөгийн ашгаа 600 төгрөг л болгочихно. Энэ л үндэсний үйлдвэрлэгч нарын хамгийн давуу тал, жинхэнэ эх оронч үзэл. Өнөөдөр бид бүгдээрээ ашиг хонжооны хойноос л явдаг наймаачны нүдтэй, наймаачны бодолтой болчихож. Би ч бас оюутан байхдаа ийм л байсан. Гэтэл өнөөдөр би үйлдвэрлэгч болчихсон болохоор ажилчдынхаа цалинг багасгахыг, ажилчдынхаа тоог цөөрүүлэхийг, бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж ард түмнийхээ ачаан дээр ачаа нэмэхийг хүсдэггүй юм байна. Үйлдвэрлэгч, наймаачин хоёрын ялгаа нь энэ л байх. Тийм болохоор наймаачин сэтгэхүйнээсээ бид салмаар байгаа юм. Хэрвээ эрх баригч нар зөв зүйлдээ хөрөнгө оруулалт хийж чадвал буцаад эх орондоо хаялга болж ирдэгийн жишээ нь хямралын үеэр бид үнээ нэмэхгүй, харин ч бууруулж чаддагт оршино.

-Одоогийн эрх баригч нар үндэсний үйлдвэрлэгчдэд үнэхээр дэмжлэг үзүүлж чадаж байна уу?
-Шинэчлэлийн Засгийн газар бол үнэхээр юм хийж байгаа, үйлдвэрлэгч бидэнд хамгийн том урмыг өгсөн гэж хэлнэ. Хэзээ “Эдийн засгийн форум” гээд л үйлдвэрлэгч нарыг төрийн ордонд аваачиж бидний дуу хоолойг сонсож байсан юм бэ. 2013 онд Монгол брэнд сэдвээр Эдийн засгийн форум болж, бид юу хийвэл брэнд болж чадах вэ гэдэг дээр хэлэлцүүлэг хийж байсан. Эндээс үйлдвэрлэгчдэд монгол брэндийг төрүүлэх цаг нь болсон юм байна гэдэг сэдлийг өгсөн юм. 2014 оны эдийн засгийн чуулга уулзалтын уриа нь “Монголдоо үйлдвэрлэцгээе” байсан. Манай үйлдвэр 2009 онд байгуулагдсан. Тэр үед дэмжлэг үзүүлээд байна, эдийн засаг өсөөд байна гэж байсан боловч яг эзэндээ хүрдэггүй л байсан. Тэр орж ирж байсан их мөнгө нь болсон болоогүй хашаа хороо будах, нийгмийн халамж зэрэгт цацагдаад л дууссан байх. Одоо энэ Засгийн газрын хийж байгаа бондыг өр гээд л хүмүүс яриад байна. Үнэндээ хэрэгтэй хүмүүстээ маш хэрэгтэй зүйл юм шүү. Манай компани гэхэд л 750 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг бондоос авч чадсан. Энэ мөнгө технологийн шинэчлэлд зарцуулагдсан. Манай улс маш цөөхөн хүн амтай учраас энэ хүмүүсийн хөдөлмөрийн бүтээмжийг маш зөв захиран зарцуулж, хуваарилах ёстой. Өөрөөр хэлбэл нэг хүний хүчээр 10 хүний дайтай хөдөлмөрийн бүтээмжийг бий болгохын тулд тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх ёстой. 100 хүний хүчээр 500 хүний бүтээмжийг гаргаж байж бид үйлдвэрлэгч орон болж чадна. Зарим нэгэн нөхөд монголыгоо хангаж чадахгүй, хятадын бараагаар хахуулчихаад юун экспорт гаргах гэж ярьдаг юм. Үгүй ээ, чадвар нь байна. 2000 оны эхээр маш олон хятад үйлдвэр монголд байсан тэр зарчмаар монгол хүн эзэд нь суугаад ажиллая.

-Хүний хүч гэснээс ажиллах хүчин хэр олдоцтой вэ. Манайхан чинь ажилд авна гэсэн зар өчнөөн мөртлөө ажилгүй гудмаар сэлгүүцэх хүмүүс ч цөөнгүй гэх?
-Мэргэжил сургалтын төвүүдээс жил бүр төгсөгчид гарч байна. Тэгэхээр энэ бол маш том ажлын хүч. Энэ засгаас мэргэжил сургалтын төвүүдийг дэмжсэн нь маш зөв зүйл. Манай “Exlusive” компани гэхэд сүүлийн хоёр жил мэргэжил сургалтын төвүүдтэй хамтран ажиллаж, хүүхдүүдийг нь дадлага хийлгэж байна. Ирээдүй байна.
НЭГ МОНГОЛ БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАЖ АВАХАД ЦААНА НЬ 10 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАЖ ӨГДӨГ ЮМ ГЭДГИЙГ Л ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ
-Манайхан үндэсний үйлдвэрлэлээ дэмжээч гэж их ярьдаг болж. Та бүхэнд дэмжлэг хүрч байна уу?
-Үндэсний үйлдвэрлэлээ дэмжээч гэж хэлэхээр бас хоёр талтай л даа. Яагаад гэхээр сонголт гэдэг хувь хүний эрх чөлөө юм. Зүгээр л, нэг монгол бүтээгдэхүүн худалдаж авахад цаана нь 10 хүнийг ажлын байраар хангаж өгдөг юм гэдгийг л ойлгох хэрэгтэй. Польшид ийм сурталчилгаа байнга явна. “Энэ маш амттай, яагаад гэвэл энэ польшийнх” гээд л. Манайхан хоорондоо “Солонгосчууд ёстой дотуур тамиртай, Кореан эйрээр нисч ирээд, энд ирсэн хойноо солонгос хоолны газруудад хооллож, солонгос буудалдаа буугаад буцдаг” гэж муу хэлдэг биз дээ. Энэ чинь л тэдний нэг нэгнийгээ дэмжих эх оронч үзэл юм. Монголд өнөөдөр шат шатандаа, салбар бүртээ бие биенээ дэмжих үзэл үгүйлэгдэж, хамгийн их дутагдаж байна гэж хэлмээр байна. Хүмүүс “гуравхан сая хүнийг аятайхан амьдруулж чадахгүй засгийн газрын буруу” гэж хэлдэг. Үгүй, би харин ч засгийн газар гэж хэлэхээсээ илүүтэй та бидний асуудал гэж хэлмээр байна. Бид бие биенийгээ дэмжиж чаддаггүйдээ л ийм байгаа хэрэг. Яагаад өнөөдөр нэг наймаачин хаа байсан Эрээн рүү очиж, таг харанхуйгаар бараа дараад монголдоо ирж дамлаж зараад байгаа юм бэ. Үүнийхээ оронд монголоо гэсэн сэтгэлтэй л юм бол аль нэг аж ахуйн нэгж байгууллага руу ханд л даа. Жишээ нь оймсыг гэхэд л гаднаас аваад байх ямар ч шаардлагагүй болж. Өчнөөн олон оймсны үйлдвэрүүд байна. Бүр өөрийнхөө брэндийг гаргаад захиалгаа хийгээд оёулж ч болно. “Урбан” жийнс хувцасны үйлдвэр, “Тод оймс”, “Янмал оймс” гээд зөндөө олон компани байна. Футболка хийдэг “1206” гээд шинэ монгол брэнд бий болчихсон байна. Энийг гаргаж байгаа залуусаас нь борлуулалт хэр байна гэхэд тааруу байна гэнэ. Яагаад, үнэ нь өндөр байгаа юм уу гэтэл үгүй, үнэ боломжийн, харин хүмүүс мэдэхгүй байх шиг байна гээд байгаа юм. Харин манай Exlusive-ийг бол хүмүүс мэддэг болчихож.

-Эдийн засгийн хямрал болоод байна гэж яриад байгаа. Үйлдвэрлэгчдийн хувьд хэр мэдрэгдэж байна?
-Эдийн засгийн хямрал бол шүүлтүүр юм. Тэгэхээр үнэхээр холыг хардаг, холч бодолтой хүмүүс л хожиж үлдэж чаддаг. Түүнээс зөвхөн ашгийн төлөө улайрдаг наймаачин сэтгэхүйгээр хол явахгүй. “Дөрвөн өлзий” компани польш технологиор даршилсан “VIDAN” брэндийг үйлдвэрлэдэгийг хүмүүс мэдэх байх. Тэд нараас “ханшийн савлагаанд та нар үнээ нэмээд байна уу” гэтэл “үгүй, харин ч ургац энэ жил их сайн байсан болохоор юун үнэ нэмэх” гэж байсан. Манай компани ч “хямралын эсрэг хямдрал” аяныг зарласан. Улс зөв салбартаа хөрөнгө оруулж чадвал, үндэсний үйлдвэрлэгчдэд хамгийн түрүүнд ард түмнээ гэсэн бодол байдаг юм шүү гэдгийг л энэ санаагаар дамжуулж хэлмээр байгаа юм.

-Уг нь бол эх оронч үзэл эх орныхоо бараа бүтээгдэхүүнийг худалдаж авахаас л эхэлдэг байх. Түүнээс хэлд орсон хэн ч “би эх оронч” гэж хэлж чадна байх.
-Тийм шүү дээ. Залуучууд эх орон, үндсэрхэг үзэл гэж их ярих болж. Ядаж л хогоо хаяхаа больчих, гудамжинд шээхээ больчих. Ингэвэл л үндсэрхэг үзэл, эх орноо хайрлаж байгаа нь тэр. Хүзүү сээрэн дээрээ соёмбо шивүүлчихээд гудамжинд шээгээд зогсож байгаа залууг харчихаад бүр очиж хэлмээр санагдаж байсан.

МАНАЙ ТӨРИЙН БОДЛОГО ЗАРИМ  ТАЛААРАА ДЭНДҮҮ ЗӨӨЛӨН
-Та 2013 оны эдийн засгийн форум дээр үг хэлэхдээ Тяньжиний Бинхайг зорьсон ч төр солигдсон шалтгаанаар бүтэлгүйтсэн талаараа ярьж байсан. Энэ талаараа тодруулаач?
-2013 оны Эдийн засгийн форумын индэр дээр яг уриалан дуудсан хүмүүс нь сууж байсан юм. Тэгээд хэл загатнаад болдоггүй хэлж л орхисон. Гэхдээ би тэр үед хүн эх орондоо хүн шиг байдаг, хүний нутагт эд зүйл шиг байдаг юм гэдгийг маш сайн мэдэрсэн. Хэдийгээр би польшид үйлдвэр байгуулаад, польшуудыг ажлын байраар хангаад, хэчнээн гоё юм оёж өгсөн ч төр нь хэзээ ч миний дуу хоолойг сонсохгүй. Гэтэл би эх орондоо төрийнхөө ордонд оччихоод тэр олон дарга нарын өмнө үгээ хэлж байгаа нь надад үнэхээр бахархмаар санагдсан.
Тэгээд хартал Худалдаа аж үйлдвэрийн танхимын Дэмбэрэл дарга сууж байна. 2012 онд “Биньхай Дүнзяан мужуудын чөлөөт бүс дээр 50 жилийн гэрээгээр монгол улс газар худалдан авч байгаа тул манай аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэл үйлчилгээ явуулаач ээ, тэнд үйлдвэрлэгдсэн бүх бараа бүтээгдэхүүн “made in Mongolia” л бол татваргүй, европ руу гарахад ойрхон” гэсэн маш гоё саналыг төрийн зүгээс гаргасан. Бизнес эрхлэгчид уухайн тас, бөөн баяр болоод очиж үзлээ. Монгол шиг жижигхэн зах зээл дээр ажилладаг хүмүүст энэ бол том боломж юм байна гэж бодоод бүх зүйлээ зориулж, аж ахуйн нэгжээ тэнд байгуулах гэж долоо, найман сар хөөцөлдсөн. Байсгээд л “ирээд гарын үсэг зур” гэнэ, тэр тоолонд нь явж очно. Монголын гэх павильонд юу ч гэсэн 1000 м2 талбайг үйлдвэрлэл эрхлэхэд бэлэн болгож түрээсэллээ. Бичиг баримтаа бүрдүүлэх гэж долоон сарын хугацааг зарцуулж байж, өчнөөн зузаан материал бүрдүүлж хятадын талаас бүрэн шийдэгдлээ. Гэтэл монголд зургаадугаар сар болж сонгууль болох гэж байна гээд монголын тал асуудлыг хойшлуулчихлаа. Сонгуулийн дараа наадам, наадмын дараа амралт, гээд есдүгээр сар болтол хүүхдүүдээ цэцэрлэг сургууль гээд явсаар бид аравдугаар сард хятадад очсон чинь монголын төлөөлөгчийн газар татан буугдчихсан, нөгөө газар нь бүр эзэнгүй болчихсон байв.

-Өө хөөрхий, тэгээд өнөө долоон сарын хөдөлмөр байхгүй?
-Юун долоон сар, бусад ажлуудаа оролцуулаад бүтэн жилийн хөдөлмөр юм чинь. Гэхдээ хятадын талаас нэгэнт эрхээ авчихсан болохоор үйл ажиллагаагаа эхэлье, тоног төхөөрөмжөө монголоосоо авья гэсэн чинь хятадууд “Уучлаарай, 100 хувийн татвар төлнө шүү” гэж байгаа юм. Нөгөө чөлөөт бүсийн бүх бүтээгдэхүүн татваргүй гээд байсан санал нь монголын төлөөлөгчийн газартай хамт “татан буугдчихаж”. Тэгсэн хятадын талаас болохоор “үйл ажиллагаагаа явуулж болно. Гэхдээ тоног төхөөрөмжөө хятадаас ав” гэж байгаа юм. Бид аж ахуйн нэгж байгуулах гэж 200 мянган юанийг долоон сарын хугацаанд байршуулсан байсан. Нэгэнт татваргүй ажиллаж болохгүй юм чинь мөнгөө авья гэтэл “та зөвхөн манай улсаас худалдан авалт хийж байж л энэ мөнгөө гаргаж болно. Бусдаар болохгүй” гэчихэж байгаа юм.

-Пээ, ёстой залилан шиг л сонсогдож байна шүү.
-Залилан биш, улсаас явуулж байгаа бодлого, аж ахуйн нэгжүүддээ үзүүлж байгаа дэмжлэг гэж ийм зүйл байдаг, улс гэдэг ийм л бодлоготой байх ёстой юм байна. Манайд бол хэн хүссэн нь сая төгрөг байршуулж аж ахуйн нэгж байгуулчихаад, тэр мөнгөө авчихаж болдог. Бид хэт зөөлөн байна, чанга байх ёстой гэдгийг л ойлгуулах гэж энийг яриад байгаа хэрэг. Тэгээд яасан гэсэн “эсвэл өдөрт 20 мянгаар авч болно” гэж байгаа юм. Тэгэхээр бид хятадын банкнаас мөнгөө авахын тулд улсад нь 100 хоног амьдрах болчихож байгаа биз. Тэр ч бүү хэл, 13 сараар төлсөн талбайн түрээсийнхээ мөнгийг ч авч чадаагүй. Гэхдээ яахав дээ, аливаа асуудлыг буруугаар харж, холбоотой хүмүүсийг буруутгах гэж бид яваагүй. Нэгэнт хиншүү хярвас ханхалтал шатчихсан болохоор гарц хайж эхэлсэн. Хятадууд валютаа маш их хамгаалдаг. Хэрвээ тухайн хүн аж ахуйн нэгжгүй л бол валют худалдаж авах эрхгүй. Монголд бол Дорж, Дулмаа хэн ч байсан 10, 20 мянган доллар авч болдог, тэнд бол үгүй, хуулиар хориотой. Тийм болохоор бид Бээжинд албан ёсоор төлөөлөгчийн газраа нээж, загвараа хийгээд лангуунуудаар тараасан. Хятадад хөрөнгө оруулж шаардсан ёсоор нь тоног төхөөрөмж авч ажилласан. Тэгээд шархаа ч нөхсөн. Хүнд хэцүү хаалттай болсон зам хүнд бас нэг боломжийг нээж өгдөг юм билээ. Бид тэгж ажиллахдаа монгол хүний сэтгэхүй хятадуудаас илүү юм гэдгийгээ ч мэдэж авсан. Манай хүн Германд ажиллаж байсан болохоор тэр хүний материал, өнгө, загварын сонголт үнэхээр шал өөр байсан учраас бид сайн ажиллаж чадсан.

-Тэгээд та энэ талаараа тэр форум дээр юу гэж хэлсэн бэ?
-Төр засаг нь ярьдаг шигээ байсан бол та нарын яриад байгаа брэнд гэдэг чинь аль хоёр жилийн өмнө гарчих байсан юм гэж хэлсэн л дээ. Дэмбэрэл дарга “гашуун үнэн” гэдгээс өөрийг хэлж чадаагүй.

НООС НООЛУУР, НЭХИЙ, САВХИН ХУВЦАС ТАНЫ ШҮҮГЭЭН ДЭХ ХУВЦАСНЫ ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭЛДЭГ ВЭ?
-Тэр үед л “монгол брэндийг бий болгоё” гэж ярьж байсан санагдана?
-Юуг брэнд болгох вэ гэсэн чинь хүмүүс нөгөө л ноос ноолуур, арьс шир гээд 20, 30 жил ярьсан юмаа л ярьж байна. Тэгэхээр нь тэнд байгаа хүмүүсийг харж байгаад “өнөөдөр энд ирсэн хүмүүсээс ноос ноолуур өмссөн хүн харсангүй. Савхин хувцастай хүн бүр огт алга. Дандаа оёмол хувцастай хүмүүс л байна. Брэнд гэдэг цогцоороо хөгждөг юм. H&M, ZARA гэхэд л малгайнаас авахуулаад бүх хувцас байдаг. Гэхдээ оёмол бүтээгдэхүүн 80 хувийг нь эзэлдэг. Та бүхэн ч гэсэн хувцасныхаа шүүгээг очоод үзээрэй. Хэдэн хувь нь ноос ноолуур, савхи, оёмол хувцас байна. Миний бодлоор төрийн зүгээс хамгийн түрүүнд дэмжих ёстой үйлдвэр нь хөнгөн үйлдвэр, оёдлын салбар юм болов уу. Ялангуяа зөөлөн оёдол гэдэг өөрөө брэнд болж бусдыгаа чирж явдаг юм” гэж хэлж олон ч хүний дургүйг хүргэсэн дээ.

-Таны ярианаас анзааараад байхад энэ засагт тун ч сайшаалтай байгаа бололтой. Гэтэл зарим хүн засгийг огцруулья л гэж яриад байгаа?
-Нэгийг нөгөөгөөр солихоор асуудал шийдэгдчихгүй. Надад бол аль нам байх нь хамаагүй. Гол нь иргэд, аж ахуйн нэгжүүддээ хэрэгтэй л зүйл хийвэл тэртэй тэргүй хүмүүс сонгоно биз дээ. Одоо хүмүүс Н.Алтанхуягийг буулгачихвал л ханш нь буураад бүх юм сайхан болох юм шиг ярьж байна. Үгүй юм аа, харин ч залгамж, үргэлжилсэн бодлого байхгүйгээс нэгийг нөгөөгөөр солих үед маш олон хүн дагаж хохирдог. Одоо хэрэгжиж байгаа 888 гэдэг төсөл нь засаг төр солигдохоор дуусчих байх гэж айгаад байгаа юм. Тэгдэг юм билээ. Би чинь биеэрээ үзчихсэн болохоор бүр хаширчихаад байна. Төр солигдохдоо гол нь биш эхлүүлсэн ажлаа л дуусгаж, үр дүнг нь үздэг байх хэрэгтэй. Хоёр орны төрийн тэргүүд айлчлаад баахан гэрээн дээр гарын үсэг зурлаа л гэнэ. Одоо тэгвэл энэ байгуулсан гэрээгээ ажил хэрэг болгохын тулд засгийн газар ажиллах ёстой юм. Тэртэй тэргүй 2016 онд хариуцлагыг нь тооцох нь тооцоод, ард түмэн дүнг нь тавьчихна. Түүнээс хэсэг бусаг пиар хийгээд байгаа хүмүүсийг дагаад савлаад байж болохгүй.

-Хүмүүсийн амьдрал илтэд ядуурлаа, муудлаа л гээд байгаа. Та бол тэгж бодохгүй байна уу?
-Би ойр тойрныхоо хүмүүсийн жишээн дээр л ярина. Манай оёдолчдын дунд ханшийн савлагаанд ороод балраад байгаа хүн байхгүй. Өдөр тутам доллараар наймаа хийгээд байх биш. Манай нэг оёдолчин “Юм хийж байгаа хүмүүсээ л хориод байх юм. Тухайн үедээ бараг 350 мянга хүрч байсан портер нүүрсний үнэ Нүүрс хөтөлбөрөөр 80 мянга хүрсэн шдээ. Одоо нөгөө хүмүүсийг нь бариад хорьчихсон юм чинь энэ жил яах бол” гэж байна лээ. Ард түмэн гэж ярих дуртай хүмүүс, тэр ард түмнийх нь хэдэн хувь нь нүүрс түлээд гэр хороололд амьдарч байна, хэдэн хувь нь автобусаар зорчиж байна гэдгийг мэдэх үү. Төр засгийнхны хийсэн ажил нь хүрдэг хүндээ хүрээд байгаа юм шиг байна лээ. Автобус сая өдөрт 500 төгрөгөөр явдаг байхад манай ажилчид баяртай л байсан. Өдөрт хоёр дамжаад 2000 төгрөгөөр явдаг хүн 500 төгрөгөөр хоцролтгүй ирчихэж байгаа болохоор аргагүй биз. Бид юм л гарвал шүүмжлэх гээд л байдаг болохоос ийм хөрсөнд буусан нарийн юмсаа олж хардаггүй юм байна.

-Ярилцлагынхаа төгсгөлд уншигчдад хандаад та юу гэж хэлэх вэ?
-Ард түмэндээ уриалж хэлэхэд импортын бараа үнэтэй байгаа бол үндэснийхээ үйлдвэрлэлийг л сонгочих. Бид бүгдийг хийж байна. Тэгэнгээ эх орныхоо үйлдвэрлэлийн чанарыг харчих.
Гэхдээ манай иргэд нэг үеэ бодвол үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хүсэл эрмэлзлэлтэй болчихож. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжчих юмсан гэсэн өрөвдөх сэтгэлээр аваад байгаа юм. Тэгэхээр би үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүстээ юу гэж уриалах гээд байна гэхээр өрөвдүүлэх биш өрсөлдөж, иргэддээ өөрсдөө тоогдож ажиллая. Иргэд маань үндэсний үйлдвэрлэлийнхээ барааг зайлшгүй шаардлага төрсөн учраас авдаг, авахаас аргагүй байдлыг үйлдвэрлэгчид та бид төрүүлье гэж уриалмаар байгаа юм. Зах зээл нь байна, иргэд маань үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжих хүсэлтэй байна. Энэ бол том боломж, гэрэлт ирээдүй юм.

Дэлгүүрээр ороод харахад архины сав баглаа хамгийн сайн хөгжжээ. Гэтэл үйлдвэрлэгчид бид яагаад дутаад байна аа. Бид эхнээсээ дуустал бүгдийг нь өөрсдөө хийх гээд байдгийн зовлон л доо. Энэ хүмүүсийг яаж ажлын байртай болгохов, яаж бараа бүтээгдэхүүнээ борлуулахав гээд  хэрэглэгчийн гар дээр хүргэх хүртэлх бүхий л шатыг өөрсдөө хийдэг зовлонтой. Тэгэхээр энэ дээр хэн дэмжих ёстой вэ гэвэл ерөөсөө л худалдаа наймаа эрхэлж байгаа хүмүүс, том том супермаркетууд юм. Тэд хамтран ажиллаад борлуулалтаа хариуцаад эхлэх юм бол бид бараа бүтээгдэхүүнийхээ чанар, дизайн дээр илүү анхаарлаа хандуулаад эхэлнэ. Ингэж л хамтран ажиллаж, хамтдаа хөгжицгөөе. Бүр сайхан мэдээ гэвэл удахгүй манай компани хятад, орос руу бараа бүтээгдэхүүнээ гаргадаг болно.
Мөн манай компани 2009 онд байгуулагдсанаасаа хойш хийж бүтээсэн зүйлээрээ хэрэглэгчиддээ тайлангаа тавих нэгэн шоуг 2014 оны арваннэгдүгээр сарын 11-нд зохион байгуулах гэж байна.
-Маш сайхан мэдээ байна. Танай “Exclusive” компанид амжилт хүсье. Ярилцлага өгсөнд баярлалаа.


No comments:

Post a Comment