Tuesday, 16 September 2014

Д.Содном: Хоноцын сэтгэлгээтэй хүмүүс улс төрийн хүрээнд олон болж байна...

UBS телевиз Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн салбарт цоо шинэ сэтгэлгээний манлайлал бий болгох шинэ үеийн залуусыг тодруулах “УЛС ТӨРД ШИНЭ МАНЛАЙЛАГЧ” зорилтот ТВ-ийн төслийг EBI хүрээлэн, Liberal House бодлогын судалгааны хүрээлэнтэй хамтран орон даяар зохион байгуулж байгаа билээ.   Үнэт зүйл, өөдрөг тэмүүлэлтэй, бүтээлч залуусын бодит оролцоог дэмжиж, ёс зүйтэй, нээлттэй шударга өрсөлдөөнийг жишиг болгон нийгэмд эерэг өөрчлөлт бий болгох зорилго бүхий тус төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содномтой ярилцлаа. 
-“ Улс төрд шинэ манлайлагч” зорилтот ТВ төслийн талаар та ямар бодолтой байна вэ?
-UBS телевизийн санаачилж байгаа “ Улс төрд шинэ манлайлагч “ төслийн зорилго, хамрах хүрээ, ач холбогдлын тухай товч танилцуулга, мөн уг төсөлд  залуучуудыг хэрхэн оролцуулж,  шалгаруулах, шалгарсаныг хэрхэн урамшуулах сургалтад хамруулах болзол гаргасныг уншлаа.
Төсөл нь Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн салбарт шинэ манлайлал бий болгох, шинэ  залуу үеийг тодруулах зорилготой юм байна.   “ Надад шийдэл байна”  сэдвээр 22-40 насны залуучуудаас санал бодлыг нь бичүүлж  эндээсээ шилдгийг нь шалгаруулах юм байна.  Төсөл хэрэгжүүлэлтийн үр дүнд нийгэм, улс төр, эдийн засгийн шийдлээ хүлээж байгаа асуудлыг шийдэх арга замыг олж хэрэгжүүлэхэд  бүтээлч чадварлаг залуучуудаа дэмжин оролцуулах ач холбогдолтой гэж үзжээ.  Манай улсад,  манай төрд сайн манлайлагч нар бүх түвшинд байх зайлшгүй хэрэгтэй. Төр улсаа аваад явах залуучуудыг бэлтгэх, сургах, хүмүүжүүлэх, тэдэнд бололцоо олгох ёстой учраас ийм арга хэмжээг дэмжих нь зүйтэй. Залуучууд төр улсаа яаж авч явах, улс орноо яаж хөгжүүлэх бодол саналтай байдгийг судалж,  тэдний идэвх санаачлагыг өрнүүлэхэд ач холбогдолтой ажил болох учраас энэ арга хэмжээг сайн бодож, үр дүн гархуйцаар зохион байгуулах нь чухал.
-Монгол Улс улс төрийн шинэ манлайлагчийг хэрхэн бэлтгэж, төрүүлж ирсэн юм бэ?
-Улс төрийн манлайлагчийг бэлтгэх тусгай систем байсан гэж бодохгүй байна. Бүх хүүхдийг ерөнхий боловсролтой болгож, их дээд сургууль, техникум, техник мэргэжлийн сургуулиар шаардлагатай бүх салбарын мэрэгжилтэнг  бэлтгэж байсан. Мэргэжил олгох сургалтыг улс ардын аж ахуйн шаардлагатай нягт уялдуулж явсан учраас бэлтгэгдсэн боловсон хүчин олсон мэргэжлээрээ ажиллах бололцоотой байсан нь онцлог.
Сургуулиар боловсрол,  мэргэжил эзэмшсэн төдийгөөр манлайлагч болохгүй. Харин ажил амьдралаас сайн сурч, боловсрол мэргэжлээ тасралтгүй хөгжүүлж байж л манлайлагч болно. Тийм учраас боловсон хүчин бэлтгэх бодлогод тухайн мэрэгжилтнийг ажил дээр нь сургах дадлагажуулахад онцгой анхаарч, ажилч хичээнгүй бөгөөд ажилдаа амжилт гаргаж байгаа хүнийг улам хариуцлагатай албан тушаалд шат дараатай дэвшүүлэн томилж ажиллуулдаг байсан. Мөн хариуцлагын тогтолцоо өндөр түвшинд байлаа. Ажлын хариуцлага алдсан, ёс зүйн алдаа гаргасан хүнд тухай бүрт нь хариуцлага хүлээлгэнэ. Тэр нь ёс суртахуунтай, хариуцлагатай, чадварлаг хүн буюу манлайлагчийг төрүүлэх чухал нөхцөл нь болж байсан байх.   Ер нь амьдрал, ажил бол их сургууль.  Ямар ч их дээд сургуулиас олж аваагүй эрдэм мэдлэгийг ажил амьдралаас олж авдаг гэж үг бий. Тэр үнэн шүү. Их дээд сургуульд онц сурсан, дунд дүнтэй суралцаж төгссөн хоёр хүн ажилд гараад хэдэн жилийн дараа харахад дунд дүнтэй төгссөн хүн нь гарамгай сайн ажилтан болсон байх нь олон тохиолддог. Ажил амьдралын сургууль, тухайн хүний шинж чанарын шалгуурын илрэл байх. Тийм учраас ажлаараа, амьдралаараа үлгэр болж, олон түмэнд үнэлэгдэж,  хүндлэгдэж чадаж байгаа хүн л манлайлагч болох учиртай.
-Өнөөдрийн нийгэм улс төрийн манлайлагчдыг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Өнөөдөр манай  төр улсын удирдлагад жинхэнэ манлайлагч гэж үнэлэгдэх ийм, ийм хүн ажиллаж байна гэж нэр цохож хэлж зүрхлэхгүй нь. Харин улс ардын аж ахуйн бүх салбарт, одоогийн хэллэгээр микро түвшинд хамт олондоо хүндлэгдэж, тэднийгээ манлайлж бүтээлчээр хөдөлмөрлөж  байгаа ажилтан, ажилчин, малчин, бизнесмен нар бол олон бий.  Төр улсын удирдлага,  яам агентлагууд, аймаг, сум дүүргийн удирдлагад жинхэнэ манлайлагч гэж олон түмэнд үнэлэгдэж, хүндлэгдэж чадсан хүмүүс олон байгаасай билээ. Шүүмжлэх нь хэтэрдэг тал байдаг боловч,  улс төрд манлайлагч нар үнэхээр дутагдаж байна. Ашиглал, авилгатай нэр холбогдсон, хариуцлагагүй, ёс зүйгүй, ажилдаа хариуцлагагүй ханддаг, хийж бүтээсэн зүйл ховор, хоноцын сэтгэлгээтэй хүмүүс улс төрийн хүрээнд олон болж байна гэдгийг хүлээн зөвшөөрч,  засах нь зайлшгүй шаардлага болсон.  Ийм дутагдлаас салах нь нийгэм эдийн засгийн хөгжлийн чухал нөхцөл мөн. Тийм ч учраас төсөл санаачлагдаж байгаа болов уу.
-Улс төрд манлайлагчид ямар чадварыг эзэмшсэн байх нь чухал вэ?
-Монгол Улсаа маш сайн мэддэг байх нь чухал. Түүх, ёс заншил, нутаг ус, ард иргэдийн бодит амьдрал, улсынхаа дотоод гадаад орчин нөхцөл мэтийг сайн мэддэг байх ёстой. Улс төрч хүн наад зах нь бүх аймаг, ихэнх сумдаар явж нутаг орон, иргэдийн  амьдралтай танилцсан, малчны гэрт хоноглож санаа бодлоо илэн далангүй илэрхийлсэн сэтгэлийнх нь үгийг сонсож чаддаг байх хэрэгтэй.
-Мөн аль салбарын хүн улс төрд илүү амжилт гаргадаг бол, таныхаар...?
-Миний бодлоор одоогийн нөхцөлд сайн эдийн засагч, санхүүч нар илүү амжилт гаргах болов уу. Сайн эдийн засагч, санхүүч гэдэгт диплом өвөртөлж, сонинд өгүүлэл бичих төдий ажил хийдэг хүн биш, эдийн засаг, санхүүгийн салбарт ажиллаж  тэр салбарын ажил амьдралаас суралцсан, нийгэм эдийн засгийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн ажлын туршлагатай, хөгжлийн зорилтыг зөв тодорхойлж, шийдэх оновчтой арга замыг төлөвлөж, түүнийхээ хэрэгжүүлэхийн төлөө тууштай тэмцэж,  ажиллах чадвартай хүнийг хамааруулж ойлгодог. 
-Та “ Улс төрд шинэ манлайлагч “ төсөлд хүчээ сорих гэж буй залууст хандаж зөвлөгөө өгөөч?
-Ухаан сорих энэ төсөлд аль болох олон залуучууд идэвхтэй оролцоосой. Улс орны ирээдүй надаас хамаарна, би эх орноо авч явна, эх орны хөгжил, түүний ашиг сонирхлын төлөө бүх хүч бололцоогоо зориулна гэсэн сэтгэлээр  энэ төсөлд хандаасай.
Нийгэм, улс төр, эдийн засгийн салбарт шинэ сэтгэлгээний манлайлал, манлайлагчийг бий болгох гэсэн зорилготой төсөл учраас томоор сэтгэж, сорилтод оролцох биз. Монголын нийгмийг шинэ нөхцөл байдалд яаж хөгжүүлэх вэ, Улс төрийн систем, ялангуяа төрийн тогтолцоог яаж боловсронгуй болгох вэ, Эдийн засгийг ямар арга бодлогоор эрчимтэй тогтвортой хөгжүүлэх вэ гэсэн асуудлаар ухаан бодлоо уралдуулах юм гэж ойлгож энэ арга хэмжээнд оролцох нь зөв байх. Зөвхөн тухайн аймаг, сум дүүргийн хэмжээнд биш улс орны хэмжээнд явуулах бодлогын асуудлаар ухаанаа сорих нь чухал болов уу.
-Төслөөс гарах үр дүнг та хэрхэн төсөөлж байна?
-Нэгдүгээрт, нийгэм, улс төр, эдийн засгийн асуудлаар залуучууд ухаан бодлоо хурцална, суралцана, биеэ дайчлана. Тулгамдсан асуудлууд, түүнийг шийдэх асуудлаар нийт ард түмний дотор хэлэлцүүлэг өрнөх байх. Хоёрдугаарт, нийгмийг, улс төрийг, эдийн засгийг хөгжүүлэхэд онцгой гавьяа байгуулах ухаалаг удирдагч- манлайлагч тодорч магад.
-Улс орны өнөөгийн нөхцөл байдлыг харахад одоо улс төрийн ямар хүчин шаардлагатай байна вэ?
-Би энэ асуудлаар санаа бодлоо үргэлж бичиж ярьдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн хоёр суурь заалт ноцтой зөрчигдөж байгаа гэж боддог. Нэгдүгээрт,“ Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх ёстой” , хоёрдугаарт  “ УИХ-ын гишүүнийг сонгогчид шууд сонгоно” гэсэн заалт.  Ард түмний төлөөлөл болсон ТӨР төвтэй засаглал биш Нам төвтэй засаглал бий болоод байгаа, тэр нь Үндсэн хуулийн гажуудал гэж боддог. УИХ-ын 76 гишүүний 28 нь сонгогчдоос шууд сонгоогүй намаас томилсон хүмүүс байгааг Үндсэн хуулийн гажуудал гэж боддог. Эдгээр гажуудлаас болж төр засаг тогтвортой байх, ухаалаг төрийн бодлогоор улс орон тогтвортой эрчимтэй хөгжих асуудал бэрхшээлтэй болоод байх шиг байна.
Манай улс төрийн намуудад улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх алсыг харж боловсруулсан бодлого төлөвлөгөөтэй нам нэг ч алга.Тийм бодлого төлөвлөгөөтэй болох сонирхол болон чадвар улс төрийн намуудад байдаггүй бололтой.
Энэ бүхнээс үндэслэж би Төрийн тогтолцоог өөрчлөх, тухайлбал сонгогчид шууд сонгогдсон иргэдийн өргөн төлөөлөлтэй Ардын Их Хурал, АИХ-аас томилогдсон тогтмол ажиллагаатай Улсын Бага Хуралтай болох өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах, Эдийн засаг нийгмийг хөгжүүлэх хэтийг харсан цэгцтэй бодлого төлөвлөгөөтэй байх хууль гаргах санал дэвшүүлдэг юм. Энэ асуудлыг “ Улс төрд шинэ манлайлагч” төсөлд ухаан сорих залуучууд анхаарах биз.
-Танд баярлалаа.
Б.ОТГОО


No comments:

Post a Comment