Tuesday, 23 September 2014

Д.Болдбаатар: Монголын түүхийг гүнзгий судалж чадвал дэлхий дахины түүх бичлэг орвонгоороо эргэнэ

-Монголд бүх улсын сургууль байна. Ганцхан монгол сургууль л алга-

Нэрт орчуулагч Д.Болдбаатартай ярилцлаа. Түүнийг “Хуанжу гэг”, “Чингис хаан” зэрэг кино, “Гурван улсын үлгэр”, “Мөрөн голын шулам бүсгүй”, “Сюөкэ бүсгүй”, “Чонон” сүлд, “Төвд банхар” тэргүүтэн романуудыг хятад хэнээс дуун хөрвүүлсэн гэдгээр нь уншигчид, үзэгчид андахгүй. Харин энэ удаа сүүлийн үед олон нийтийн сүлжээнд багагүй дуулиан тариад буй түүний өвөрмөц нийтлэл, бичвэрүүдийн талаар ярилцлаа.
-Таны фэйсбүүкийн нийтлэлүүд олны сонирхлыг их татаж байна. Би зөвхөн сэтгүүлч гэдэг утгаар биш жирийн уншигчийн хувиар ажлын чөлөө заваараа унших дуртай болчихоод байгаа. Бусад уншигчдын хувьд ч гэсэн бичсэн сэтгэгдлүүдээс нь харахад мөн тийм байгаа нь ойлгогддог. Нөгөө талаар та маш хурдан сэтгэж бичих юм. Уншигчдын тавьсан асуултыг өлгөж аваад хариуд нь нэлээд том бичлэг оруулж байгаа харагдана лээ. Сүүлийн үед үндэсний монгол бичгээ сурцгаая гэж уриалаад, босоо бичгээрээ өгүүлбэрүүд оруулаад эхэллээ. Уншигчдын сэтгэгдэл хэр байна вэ?
-Би сүүлийн хагас сарын турш залуусын яриагаар бол жинхэнэ “Улаан фэйсбүүкчин” болоод нэлээд завгүй байлаа. Энэ хугацаанд хувь хүний хөгжил, боловсрол, гүн ухаан, амьдрах ухаан, шашин, хот байгуулалт, сонгууль, сэтгэлийн мөн чанар, гадаад хэл сурах арга, Монголын түүх гээд маш өргөн асуудлыг хөндөж бичсэний зэрэгцээ уншигч олонтойгоо санаа бодлоо солилцож, илэн далангүй шүүн хэлэлцэх боломжтой болсон нь эргээд бодоход сайхан байна. Дээрх асуудлуудын тайлал нь явж явж “Монгол ухаан” гэсэн тулгуур асуудал дээр зангидагдаад байгааг өөрөө анзаарсан байх аа.

-Яг энэ өнцгөөс таны  нийтлэлүүдийг уншигчид их сайн хүлээж авч байх шиг санагдсан.
-Бид хорин жилийн турш нэг л хөлөө олж, зүгээ барин таньж чадахгүй байгааг дээр доргүй ойлгож байгаа шүү дээ. Би ч иргэн хүний хувьд энэ байдал дахиад хорин жил даамжран үргэлжлэх вий гэж зовнисондоо нийгмийн сэтгэлзүйг сэрээхүйц нийгмийн сэтгэлгээний томоохон бүтээл гараасай гэж хүсдэг. Тэр утгаар урьд нь “Улсыг засах жараахай шарахаас өөрцгүй”, “Багад багын давуу тал бий” гэх мэт гарчигтай ярилцлагууд өгч байсан. Сонины ярилцлага гэдэг өөрийн онцлогтой, бас цаг хугацаа, цаасны талбай зэрэгт баригдсан хязгаарлагдмал дутагдал байдгийг өөрөө юу эс андахав. Харин фэйсбүүк гэдэг бол нийгэмдээ өөрийн санаа бодлоо илэрхийлэх чөлөөт орон зай байдаг юм байна гэдгийг өнгөрсөн хугацаанд мэдэрлээ.

-Олон нийтийн сүлжээгээр хар бараан мэдээлэл их түгээгддэг. Хэрэггүй аар саархан зугаа цэнгэлийн шинжтэй мэдээлэл ч асар их. Таны  хувьд арай өөр нийтлэлүүд оруулж эхэлсэн. Сүүлдээ бараг л маш цэгцтэй хичээл заагаад явчихсан шүү?
-Би анх бичлэгээ оруулж байхдаа өнөөгийн нийгмийн сэтгэл зүйн байдлыг өдөр тутмын сонины нийтлэлийн дор сэтгэгдэл бичигч нарын түвшинд ойлгож байснаа нуух юун. Гэтэл манай нийгмийн сэтгэл зүй харин ч эсрэгээрээ сайн сайхан, зөв зүйтэй санаа бодлыг эергээр тусгаж авах чадвараа алдчихаагүй гэдэг нь миний бичлэгүүддээ дэвшүүлсэн “Монгол ухаан”, “Номт төр”, “Эрдэмт засаг”, “Монгол сургууль” зэрэг ухагдахуун, санал санаачилгыг тун нааштай хүлээн авч байгаагаас харагдаж байна.     

-Би таны фэйсбүүк хуудаснаас бичлэгүүдийг чинь эхнээс нь авахуулаад идэвхтэй уншиж байсан. Хэрвээ би андуураагүй бол “Залуу хүний гурван эрдэнэ” нэртэй нэлээд шашинлаг атлаа гүн ухааны өнгө аястай, тэгсэн мөртлөө хүүхэд залууст амьдралын мөн чанар, цаг хугацааны үнэ цэнийг ухааруулахад чиглэгдсэн бичлэгээр эхлээд “Би Монгол сургууль байгуулахыг мөрөөддөг” бичлэгээ оруултал уншигчдын санаа бодол дэврээд таны фэйсбүүк хуудсанд уягдчих шиг болсон. Долоо хоногтоо л мянган найз, дагагч нэмэгдээд байна гэдэг бол чамгүй үзүүлэлт юм шүү.
-Дээр дурдсан хоёр нийтлэлээс гадна эрдэм ухаан сурах зам мөр нь болдог “Нэг үүдийг нээвэл үүд үүд нээгдэнэ” гэсэн бичлэг маань үргэлжлээд тавигдсан. “Оюуны фитнес” нэртэй нийтлэлийг маань уншигчид нийтээрээ шахам маш сайхан бичлэг боллоо гэж байгаа нь ажиглагдсан. Би хувьдаа “Сэтгэлийн мөн чанар угаас атгаггүй” нийтлэлийг бага, дунд, их дээд сургуулийн багш нар бүгдээрээ уншиж ойлгоод ажил төрөл, заах аргадаа бүтээлчээр хэрэгжүүлээсэй гэж боддог. Та ажигласан бол би шашин, гүн ухаан ч бай аливаа сэдвээр уншигчдад ойлгохуйяа хөнгөн хялбар бичлэгийн өнгө аяс, арга барилыг сонгож олохыг хичээгээд байгаа юм. Тийм болохоор уншигчдын маань сэтгэл зүрхэнд миний бичлэгүүд ойр дөхөм буугаад байж мэднэ. Уншигчдын тоо богино хугацаанд нэмэгдээд байгааг тэмдэглэж “Мянган найз”, “Хоёр мянгат” бичлэгүүдээ оруулсан.            

-Буддын шашны нарийн утга учир, гүн ухаан, шашны зүтгэлтнүүдийн талаар, хүний төлөвшил, гэгээрэл бясалгалын тухай нийтлэлүүд их оруулж байна. Шашны түүх, шашны гүн ухаан, ёс суртахууныг судлах таны нэг хобби юу эсвэл бүр ажил мэргэжил тань уу?
-Манай иргэдийн шашин шүтлэгийн байдал эрээвэр хураавар янзтай байгааг өөрөө юу эс андахав. Энэ тохиолдолд шашин хийгээд гүн ухааны сэдвээр бичих амаргүй хэрэг байж таарна. Миний хувьд “Очир огтлогч” судрын гол үзэл санаа, агуулгыг эш болгоод хүмүүсийн ажил амьдрал, хичээл сурлагад тохиолддог бэрхшээлийг давж туулахад тустай зүйлсийг яриад байгаа болохоор уншигчдад их сонин байх шиг байна лээ л дээ. Ер нь шашны жинхэнэ мөн чанарыг мухар сүсгээс хатуу зааглан ойлгох учиртай юм шүү. Миний бие бага залуу наснаасаа Мила Богдын их нэрийг дуулж байсан боловч нэлээд хожим Бурханы шажны мөн чанарыг ухааран ойлгож сэтгэлийн хойморт шүншиглэн залах болсон. Тэр дундаа Мила Богдыгоо ядамлан шүтдэг болохыг манай уншигчид ойлгосон байх аа. Гол нь шашин гүн ухаан гэдэг талаас нь төдийгүй Мила Богдын гүр дууллын иргэний уянгалаг хэв шинж нь илт ялгардаг л даа.

-Олон нийтийн сүлжээнийхэн маш эх оронч хүмүүс байдаг. Монголын түүх, тусгаар тогтнолын сэдвээр бол асар өргөн хэлэлцүүлгүүд өрнүүлдэг группүүд ч олон бий. Таны бичлэгийн нэг сэдэв түүх, тэр тусмаа түүхийн гүн ухааны талаар байгаа нь олны анхаарлыг татаж байх шиг?
-Монголын түүхийг шинэ дээд өндөрлөгөөс, өргөн цар хүрээтэй, маш гүн гүнзгий судлан бичиж чадвал дэлхий дахины түүх бичлэг бараг орвонгоороо эргэж мэдэх юм гэсэн гол санааг уншигчид нааштай хүлээн авч байна. Түүхтэй холбогдуулан “Цусан өнгөт үүрийн туяа” номын агуулгын тухай хоёр ч удаа  бичлэг оруулсан. Хятадын сул түүхийн урсгалын томоохон төлөөлөгч болохоо дээрх бүтээлээрээ тунхаглан зарлаж чадсан Сюй Зян Вэй эрхмийн үзэж байгаагаар Хань улсаас өмнөх таван том ханлиг улс бол бүгд нүүдэлчин угсааны улс байсан. Тэр утгаар авч үзвэл ханз үсэг ч Алтай нуруу орчмын нүүдэлчдийн сүг зурагнаас үүсэлтэй хэмээн баталсан нь Хүннү зэрэг нүүдэлчдийг хятадаас гаралтай хэмээн үзэж, бичсээр ирсэн Нангиадын албан ёсны түүх бичлэгт томоохон цохилт өгч байгаа хэрэг юм л даа.

-Өнөө цагт мэдээллийн асар их шуурган дунд бид амьдарч байна. Фэйсбүүк зэрэг олон нийтийн сүлжээ хар бараан мэдээллээр дүүрэн байдаг. Харин та хүнийг гэгээрэлд дуудсан, эрдэм боловсролд уриалсан бичвэрүүд нийтлэж байгаа нь хүмүүст таалагдаж байна. Энэ бол бид сайн сайхан мэдээллээр цангаж ангаж байгаагийн нэг илрэл байх. Үүнийг та олж харав уу?
-Олж харахаар барах уу. “Оюуны цангааг минь тайлж өглөө”, “Ангаж явахад аяга дүүрэн ус уусан мэт ямар сайхан юм бэ” гэх зэргээр бичиж байгааг харж байлаа.   Өчигдөр л гэхэд Америкаас Төмөрийн Сэргэлэн гэдэг номын садан “Сүүлийн үед Facebook дээр оюуны хур бууж байна. Өвөг дээдсийн минь аугаа гүн ухаанд гүн нэвтэрсэн Д.Болдбаатар багш цаг зав гарган сургаал, сургамж, зөвлөмжүүд хэлбэрээр тайлбар хийн оруулж, мэдлэгийн сангийнхаа үүдээ нээж буйд байгаад талархаж байна” гэж бичсэн нь миний фэйсбүүкийн үйл ажиллагаанд өгсөн уншигчдын маань голч үнэлэлт дүгнэлт утгаар хүлээн аваад их баяртай байгаа.

Гол нь гадаадад байгаа монголчуудад маань ухаарал бэлэглэсэн, сэтгэлийн дэм өгсөн нийтлэл, бичлэгүүд ус агаар шиг хэрэгтэй байдаг юм байна шүү. Манай нийгэмд бугшсан муу муухай зүйлсийг хайр найргүй уудлан бичихийн зэрэгцээ чамгүй олон байгаа гэрэл гэгээтэй, сайн сайхан зүйлсийг тэдэндээ хүргэж байцгаая хэмээн би сэтгүүлч нөхдөдөө уриалмаар байна. 

-Нийгмийн асуудлыг хөндсөн шүүмжлэлт нийтлэлүүд цөөнгүй бичсэн байсан. Ер нь миний санахад та саяын бичсэн бичлэг, нийтлэлүүдээ эмхэтгээд нэг ном болгон гаргавал манай нийт иргэд, тэр дундаа төрийн түшээдэд маань хэрэгтэй байж мэдмээр санагдсан шүү?
-Наад саналыг чинь манай зарим уншигч надад тавьсан л даа. Зөвхөн өөрөө төдийгүй, үр хүүхдэдээ уншиж өгч байна. Дахин дахин уншиж судламаар зүйл ч чамгүй олон байна шүү. Тийм болохоор та бичсэн зүйлсээ эмхэтгээд ном болгон гаргаач гэдэг саналыг тавьсан. Гадаадад байгаа цөөнгүй залуус миний бичлэгийг хэвлэж аваад сэтгэлээ засаж, амьдралыг өөдрөг гэрэл гэгээтэйгээр хардаг боллоо гэж байгаа нь их сайн хэрэг. Тийм болохоор би бичсэн зүйлсээ эмхэтгээд “Монгол ухааны жимээр бэдрэхүй” нэрт ном болгон гаргахаар төлөвлөөд ажилдаа шуурхайлан ороод байна. Хэвлэх үйлдвэрийн ажлын ачаалал гайгүй болсон болохоор ирэх сарын дундуур бараг гарчих болов уу гэдгийг танай уншигчдад дуулгахад таатай байна.

Гадаадад байгаа анд нөхөд маань намайг хүрэлцэн ирж лекц унших урилгыг түрүүчээсээ ирүүлж эхлээд байна л даа. Юуны өмнө номоо хурдан хэвлүүлээд тэдэндээ хүргэчих шуурхай арга замыг олчих юм бол бүх нийтэд хүртээмжтэй сайн лекц уншилт тэр болох юм.

Яахав “Би монгол сургууль байгуулахыг мөрөөддөг”, “Айдастай нийгэм”, “Төрийн хэл”, “Шилэн сонгуулийн хууль” зэрэг шүүмжлэлтэй бичлэгүүд цөөнгүй байгаа. Гол нь дөрвөн сайхан улирал, үзэсгэлэнт байгаль, гурван сая хүрэхгүй санаа цайлган ард түмэнтэй Монгол Улсаа бусдын жишгээс дээгүүр авч яваад байж болмоорсон доо гэдэг санаа сэдлийн үүднээс дээрхи шүүмжлэлт нийтлэлийг бичсэн дээ

-Та хятад хэлний коллежтой. Гэтэл монгол сургууль байгуулахыг мөрөөддөг гэсэн байна лээ. Энэ талаараа дэлгэрүүлнэ үү?
-Би энд нэг их олон зүйл тойруулж нуршаад яахав. Төдийлөн урт биш болохоор “Би монгол сургууль байгуулахыг мөрөөддөг” гэсэн бичлэгээ энд оруулчихвал уншигчдад маань наад асуултын чинь хариулт ойлгомжтой болно гэж бодож байна.

БИ МОНГОЛ СУРГУУЛЬ БАЙГУУЛАХЫГ МӨРӨӨДДӨГ

Монгол Улсад Америк, Япон, Герман, Орос, Хятад, Турк, Энэтхэг, Франц, Солонгос гээд худалчхан хүнд бараг бүх улсын сургууль байна. Монгол улсад ганцхан л сургууль л алга. Жинхэнэ монгол хүнээ бэлддэг монгол сургууль алга.

Гэхдээ би жинхэнэ монгол сургууль гэдэг ухагдахуунд хүн болгон мэддэг, хүүхэд залуус болгон түүний төлөө тэмүүлдэг тийм л сургууль байх ёстой гэж боддог. Хамгийн гол нь тэр сургуулийн тогтоосон жишгийг нийт боловсролын салбар үлгэрлэн дагадаг. Тэндээс төрөн гарсан монгол сурвалжтангууд төрөө бариад ардаа жаргаадаг байгаасай гэж мунхагланам. Сурвалжтан гэдэг нь элит гэсэн үгийн үндсэн монгол нэрийдэл юм шүү.

Тэдний байгуулсан төр нь номт төр байгаасай. Номт төрийн бодлогыг хэрэгжүүлдэг засгийн газар нь эрдэмт засаг байгаасай гэж мөрөөднөм. Номт төр, эрдэмт засагт хүчээ өгсөн төрийн түшээд эрдэмт мэргэд нь нэг л хуулийг дээдлэн сахиасай.

Тэр нь "ҮЙЛИЙН ҮР" хэмээх орчлон хорвоогийн хувирашгүй хууль байгаасай. Ирэх сонгууулиар иргэд маань ийм л бодлогыг дэвшүүлээд хэрэгжүүлж чадах тулхтай сайн намыг дэмжээсэй билээ хэмээн ханцуй дотроо сүслэн залбирнам.

Г.Сонинбаяр


No comments:

Post a Comment