Өглөө сэрэхэд орцны хаалгатай тулгаад шахам байшин барьчихдаг,
өдөр зам дээр хэдэн цагийг түгжирч өнгөрөөдөг, үр хүүхдээ өгөх цэцэрлэг
сургууль хангалтгүй гээд хотжилтын сөрөг нөлөө өдөр бүр бидэнд стресс нэмж
байна.
Тэгвэл бид GoGo.Cafe буландаа МУИС-ийн багш, доктор
Г.Гантулгыг урьж хот төлөвлөлтийн талаар ярилцлаа. Тэрээр газрын харилцаа, хот
ба бүс нутаг төлөвлөлтийн чиглэлээр 10 гаруй жил эрдэм шинжилгээ судалгааны
ажил хийсэн ажээ.
Доктор Г.Гантулга Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий
төлөвлөгөөний 2025 оныг хүртэлх тодотголыг хийлцэж, аймаг сумдын хөгжлийн
хөтөлбөрүүд боловсруулах, шинжлэх ухааны судалгааны 10 гаруй төслүүдэд оролцож,
мэргэжлийн чиглэлээр 5 ном бичиж, 20 гаруй ажлыг үйлдвэрлэлд шилжүүлж өгсөн
байна.
УЛААНБААТАР
ХОТЫГ АНХ 125 МЯНГАН ХҮНД ЗОРИУЛАН ТӨЛӨВЛӨСӨН
-Өнөөдрийг
хүртэл явж ирсэн Улаанбаатар хотын төлөвлөлтийн талаар яриач?
-Монголын хувьд газар
зохион байгуулалтын төлөвлөгөө, хот байгуулалтын төлөвлөгөө гэж хоёр төлөвлөлтийн
баримт бичиг бий. Нэг нь газар олголт, зохион байгуулалт, кадастртай холбоотой
асуудалд илүү түлхүү чиглэсэн байхад нөгөөдөх нь хотын барилгажилт, хот
байгуулалтын асуудлаа хамаардаг. Сүүлийн үед харьцангуй уялдаатай ажиллах
болсон энэ хоёр үйл ажиллагаа нь эрх зүйн орчин, байгууллагын бүтэц, мэдээллийн
сантай холбоотойгоор хоорондоо зарим талаараа нийцдэггүй, зөрчилдөөнтэй байх нь
ч бий. Мэдээж хотын оршин суугчид, олон нийтийн хувьд аль ч төлөвлөлтийн үйл
ажиллагааны хэрэгжилт, үр дүн чухал нь ойлгомжтой. Хүмүүс Улаанбаатарын хот
төлөвлөлт муу гэж ярьдаг. Үнэндээ бол аль ч төлөвлөлт мэргэжлийн түвшинд
боломжийн сайн хийгддэг. Харин төлөвлөлтийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин, төсөв,
улс төрийн нөлөө зэргээс хамаарч төлөвлөсөн нь хэрэгжиж чаддаггүй.
Харин түүх гэж ярьвал өөр.
Нийслэлд хамгийн анхны шинжлэх ухаанч
ерөнхий төлөвлөгөөг 1954 онд хийсэн байдаг. Энэ ерөнхий төлөвлөгөө 1954-1974
онд хэрэгжих байсан боловч эхний зургаан жилдээ л цааш үргэлжлэх ямар ч
боломжгүй болох нь тодорхой болсон. Төлөвлөлтөнд зааснаар 1974 онд 125 мянган
хүнтэй хот болно гэж тооцоолсон боловч 1960 он гэхэд хэдийнээ 180 мянган хүнтэй
хот болчихсон. Эхний зургаан жилдээ л 20 жилийн төлөвлөлтөөс давсан хүн ам
хотод шилжин ирсэн байгаа юм. Ингэж олон хүн шилжиж ирснээр төлөвлөлтийг дахин
хийх шаардлагатай болсон. Энэ мэтээр социализмын үед л гэхэд дөрвөн удаа хийсэн
байдаг. Ийнхүү дахин дахин төлөвлөлт хийх болсон гол шалтгаан нь хүн амын
шилжилт хөдөлгөөнийг дандаа буруу тооцоолсон. Хотод төлөвлөгөөнд тооцсоноос
давсан олон хүн шилжин ирснээр хотын урсгал зардлыг нэмэгдүүлж, нийгмийн
үйлчилгээ, ачаалал, зардал гээд төлөвлөгдөөгүй бүхнийг үүсгэж эхэлсэн.
-Яагаад
хүн амын шилжилт хөдөлгөөнийг дутуу тооцоолоод байсан юм бол?
-Тухайн үед ЗСБНХУ-ын “Гипрагор” гээд институтэд энэ ерөнхий
төлөвлөгөөнүүдийг хийсэн юм билээ. Тэгэхдээ манай улсын хөгжлийг бүхэлд нь
хөдөө аж ахуйтай холбон үзсэн учраас хүмүүсийг суурин хэлбэрт шилжих үзэгдэл
багатай гэж тооцоолсон. Гэвч хүн төрөлхтөний “төрөлх араншингийн” нэг нь
хөгжил, соёл руу тэмүүлэх шүү дээ. Энэ шинж өмнө нь ч байсан, одоо, ирээдүйд ч
оршсоор л байна. Ийм учраас төлөвлөлт хийхдээ иймэрхүү хүний төрөлх
хэрэгцээ, шаардлагыг харгалзаж үзэх хэрэгтэй. Тэгж байж төлөвлөлт урт настай,
хэрэгжилт сайтай болно. Улаанбаатар хотын хувьд бүх цаг үед шилжилт хөдөлгөөний
хурдыг дэд бүтэц, барилгажилт, нийгмийн үйлчилгээний хурд хэзээ ч гүйцэж
байгаагүй. Ийм учраас зам, орон сууц, сургууль, цэцэрлэг, нийтийн тээврийн
хомсдол ар араасаа үүссээр л байна. Бас хүрээлэн буй орчны бохирдол ч үүнтэй
холбоотой.
График: Нийслэлд хийгдэж байсан ерөнхий төлөвлөгөөнүүдэд
тооцогдсон хүн амын өсөлт
Эх сурвалж: Г.Гантулга,
Б.Чинбат “Улаанбаатар хотын газар ашиглалтын ангилал ба функциональ бүсчлэл”
судалгааны бүтээл, 2011
-Улаанбаатарыг
анх 500 мянган хүн амьдарна гэж төлөвлөсөн гэдэг яриа худлаа байх нээ?
-500 мянга ч биш бүр 125 мянган хүнд зориулагдсан төлөвлөлт
байсан. Гэтэл одоо 1,3 сая гаруй хүнтэй гэхээр анхны төлөвлөлтөд тооцогдсоноос
даруй 10 дахин их хүнтэй болсон гэсэн үг. Тэгэхээр өнөөгийн Улаанбаатарчууд бид
арав дахин бага хүнд зориулагдсан талбар газар, замын сүлжээн дээр шахцалдан,
стресстэж амьдарч байна даа.
-Социализмын
үед дөрвөн удаа төлөвлөлт хийсэн юм байж. Тэгвэл 1990 оноос хойш хэдэн удаа
төлөвлөлт хийсэн бол?
-1990 оноос хойш хийсэн
төлөвлөлтөнд нэг авууштай зүйл нь юу байсан бэ гэвэл анх удаа дотоодын
мэргэжлийн боловсон хүчиндээ тулгуурлан 2000-2020 он хүртэлх ерөнхий
төлөвлөгөөг хийсэн. Гэвч 2002 онд Газар өмчлөлийн хууль батлагдаж, 2003 оноос
хэрэгжиж эхэлсэн. Ингээд газар хувийн өмч болсон, хүн амын нийслэл рүү
чиглэсэн эрчимтэй шилжилт хөдөлгөөн, засгийн газрын орон сууцны хөтөлбөрүүд гэх
мэт олон нөхцөл байдлаас хамаарч энэ ерөнхий төлөвлөгөө цаашид хэрэгжих
боломжгүй болсон юм.
Тийм болохоор хэдэн жилийн өмнөөс ерөнхий төлөвлөгөөний
тодотголын ажил эхэлж 2012 онд УИХ-ын тогтоол болж батлагдаж гарсан. Энэ
тодотголын хүрээнд төлөвлөлтийн хугацааг 2030 он болгож өөрчилсөн. Тодотгол
хийхэд монголчууд өөрсдөө ч ажилласан, олон улсын байгууллагаас ч
ажилласан. Нэлээн олон төрлийн судалгаа шинжилгээ хийж, гадны туршлагуудыг судалж “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл
хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжүүлэх чиг хандлага”
гэх баримт бичиг боловсруулсан.
-Энэ
төлөвлөгөөндөө түрүүнд нь байнга давтагдаж байсан хүн амын шилжилт хөдөлгөөнөө
яаж тооцсон бэ?
-Төлөвлөгөөнд тусгаснаар 2030 он гэхэд нийслэлийн хүн ам Монгол
Улсын хүн амын 40 хувиас хэтрүүлэхгүй байхаар тооцсон. Тухайн 2030 онд Монгол
Улсын хүн ам 3,5 сая болно гэдэг тооцоо байдаг юм. Тэгэхээр үүний 40 хувь нь
гэхээр 1,7 сая /сурв: 1
сая 763 мянга/ хавьцаа байхаар тусгагдсан гэж ойлгож болно.
-Өнөөдрийн
Улаанбаатар хот гэж ямар ч төлөвлөлтгүй, хэн мөнгөтэй нь хаа дуртай газраа
барилга барьсан замбараагүй хот болжээ. Үүний буруутнаар үе үеийн хотын дарга
нарыг нэрлэдэг. Харин судлаачдын хувьд юу гэж үздэг вэ?
-Мэдээж хотын даргын гарын үсгээр олон асуудал шийдэгддэг
болохоор их бага оролцоо байдаг л байх. Тэгээд ч хотын дарга нарын үйл
ажиллагаатай тухайн хотын уналт, амжилт шууд хамааралтай. Хотын асуудал гэдэг
хотын оршин суугч хэн бүрийн анхааралд байдаг зүйл. Тийм учраас бараг бүх
улстөрийн нам хүчин хотын асуудлыг сонгуулийнхаа мөрийн хөтөлбөр болгон
ашигладаг. Хүмүүсийг газартай, өмчтэй болгоно, газрын дахин төлөвлөлт хийнэ,
утааг багасгана, нийтийн тээврийг шинэчлэнэ гэх мэтээр ярьдаг, амладаг.
Гэр хороолол, утаа ч зэрэг хотын иргэдийн амьдралд нэн тулгамдсан асуудлууд улс
төрчдийн тоглолтын талбар болсон гэхэд болно. Гэвч энэ нь тийм ч амархан
шийдэгдчих асуудал биш учраас амласандаа хүрэхгүй байна гэж олон нийтийн
шүүмжлэлд өртөх нь бараг жам ёсны шахуу дүр зураг болчихоод байна. Хотын ихэнх
томоохон асуудлуудыг нэг намын эрх барих дөрвөн жилийн хугацаанд шийдчих
боломжгүй л дээ. Хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө 20 жилийн хугацаанд
хийгддэг байтал энэ хугацаанд Монголд доод тал нь таван засгийн газар
солигдоно. Тэр бүрт нь ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй намын мөрийн
хөтөлбөрүүд орж ирээд ерөнхий төлөвлөгөө хэрэгжих боломжоо алдах бас нэг
үндэслэл болдог.
ОЛОН УЛСАД
НЭГ ХҮНД 18-25 МЕТР КВАДРАТ НОГООН БАЙГУУЛАМЖ НООГДДОГ БОЛ УЛААНБААТАРТ 1,6
МЕТР КВАДРАТ НООГДДОГ
-Хот
төлөвлөлтийг хийхдээ ногоон байгууламжаа хэрхэн тусгадаг юм бэ?
-Сүүлийн үеийн дэлхийн хотууд “ногоон өсөлтийг” дэмжих тал дээр
их анхаардаг болсон. Төлөвлөлтийн чиг хандлага нь ч ийм болсон. Харин
Монголын хот суурингуудын хувьд ногоон байгууламж маш муутай. Тэр битгий хэл
ногоон байгууламж гэдэг ойлголт нь хүртэл эргэлзээтэй. Хэдхэн цэцгийн сав
зэрэгцүүлж тавьчихаад ногоон байгууламж гэсэн нь ч бий. Улаанбаатар хотын
хувьд ойр орчимдоо модтой тулдаа л болдог байх. Улаанбаатар хотод нэг
хүнд 1,6 метр квадрат цэцэрлэгжсэн талбай ноогддог. Гэтэл олон улсын жишгээр
бол нэг хүнд 18-25 метр квадрат ногоон байгууламж ноогдох ёстой.
Ногоон байгууламжаа тоолж, бүртгэж, хянаж, хамгаалдаг, бүр
ногоон байгууламжиндаа кадастр хийлгэх ёстой. Энэ бүхнийг хариуцдаг
эзэнтэй байх ёстой. Яагаад болохгүй гэж? Уг нь бол хариуцдаг байгууллага
байдаг л байх, гэхдээ юу хийдгийг нь ёстой бүү мэд. Нийслэлийн
оршин суугч иргэн хүний хувьд битгий хэл энэ чиглэлээр судалгаа хийдэг хүний
нүдэнд ч харагдаж үзэгдсэн зүйл маш бага байна шүү дээ. Угаасаа энгийн логикоор
бодоход хот дотроо барилга байгууламж хооронд сул зай гаргаж, барилга хоорондын
зохистой зайг бий болгож байж ногоон байгууламжийг дэмжих боломжтой. Яагаад
гэвэл өнөөгийн Улаанбаатарын бүх барилга инженерийн шугамаа дагаад баригдчихсан.
Дулаан, цэвэр бохирын шугам орсон талбар газар зах зээл дээр хамгийн өндөр
үнэтэй. Газар эзэмшигч, ашиглагчдад ийм өндөр үнэтэй газрын метр квадрат тутмыг
бүгдийг л ашиглаж барилга барих сонирхол үүснэ үү гэхээс түүн дээр мод тарих
сонирхол лав үүсэхгүй. Арай гэж өндөр үнэ, зардлаар олж авсан газрынхаа улаан
шугамны хилэнд тулгаад л байшин барихаа бодно. Бодлогоор дэмжлэг, зохицуулалтын
систем гаргалгүй “газраа яах нь тэр хүний дур” гэж орхисны сөрөг үр дагавар.
Бас барилга хооронд газар олголт хийсний үр дагавар. Энэ талаар ярьвал тусдаа
бүр маш том сэдэв болно. Газар ашиглалтын бүсчлэл үүсгэж, газар ашиглалтын
горим тогтоогоод түүгээрээ дамжуулж ногоон байгууламжийг дэмжиж болдог туршлага
олон улсад байна.
-2030
он хүртэлх ерөнхий төлөвлөгөөнд ногоон байгууламжийн талаар тусгагдсан юм
байдаг юм болов уу?
-Тусгагдсан. Гэхдээ би тэр ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан хүн
биш л дээ. Тэр ерөнхий төлөвлөгөөнд мэдээж хот төлөвлөгч, архитектор, эдийн
засагч, инженер, газарзүй гээд маш олон чиглэлийн хүмүүс оролцсон.
Төлөвлөлтөд ногоон байгууламжийн өсөлтийг дэмжиж одоогийнхоос хамаагүй илүү
ногоон байгууламжтай болж, эко хот болох талаар тусгасан байсан. Хот доторх
болон орчмын голуудын сав газрууд буюу одоогийн ширгэсэн, урсац муу голууд,
цэвдэгтэй газруудыг тэр чигээр нь ногоон байгууламж болгохоор төлөвлөгдсөн.
Гэхдээ...
Жишээлбэл ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байгаль орчны
шийдэлтэй хийгдсэн зураг төсөл нь маш гоё. Харамсалтай нь, газар дээр нь очоод
харах юм бол тэс өөр дүр зураг харагдана. Аль хэдийн хэн нэгний том том хашаа
баригдсан, эсвэл өөр зориулалтаар ашиглагдаад эхэлчихсэн. Төлөвлөлт амьдрал
дээр ийм л байна. Хэрвээ Улаанбаатар хотын төлөвлөлтийн зураг, олгогдсон
газрын кадастрын зураг, бодит байдал гурвыг зэрэгцүүлж харвал ямар ч хүнд энэ
төлөвлөлт хэрэгжихгүй гэдэг нь тодорхой харагдана. Гэх мэтчилэн төлөвлөлтийн
итгэл үнэмшил манай хотод байхгүй болсон. Төлөвлөлтийг хэн ч зөрчиж болоод
байгаагийн шалтгаан нь төлөвлөлт өөрөө хууль биш учраас эрх зүйн чадамжгүй
болчихоод байгаа юм. Хот байгуулалтын тухай хуулинд ерөнхий төлөвлөгөөг “хот,
тосгоны хүн амын эрүүл, аюулгүй амьдрах, ажиллах таатай орчинг бүрдүүлэхэд
чиглэгдсэн хот байгуулалтын үндсэн баримт бичгийг хэлнэ” гээд л заачихсан
байдаг. Тэгээд зөрчих юм бол шалихгүй хариуцлагатай. Ерөнхий төлөвлөгөөний
тодотгол хийгдсэнтэй холбоотойгоор үндсэн зохиогчид нь болон мэргэжлийн байгууллагуудаас
Нийслэлийн 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг УИХ-д өргөн барьж хууль болгон
батлуулах талаар хөөцөлдөж байгаа юм билээ. Одоогоор батлагдсан юм алга. 2012
онд харин УИХ-ын тогтоол болгож баталсан. Гэхдээ УИХ юм уу, НИТХ-ын тогтоол
болгоод батлаад өнгөрчихөөр эрх зүйн чадамжийн хувьд зарим талаараа хүчин
мөхөстөж байгаа юм. Дэлхийн зарим оронд ерөнхий төлөвлөгөөгөө хууль болгон
батлуулж хэрэгжүүлдэг юм билээ.
ХАРХОРИН РУУ НҮҮЛГЭЕ ГЭЭД БАЙГАА
НЬ ХАМГИЙН ШИЛДЭГ САНАА Ч БАЙЖ БОЛОХ...
-Бусад
том хотын хувьд хотын төвдөө амьдрахад болон хөдөө орон нутагт шилжин
суурьшихад татвар төлдөг жишээ бий. Улаанбаатар хотод энэ татварын тогтолцоог
бий болгох талаар ажиллаж байгаа. Ийм боломж бий юу?
-Татварын тухай хуульд шинэчлэлт оруулах замаар хотыг татвартай
болгох талаар яриад байгаа. Татвараар хотын асуудлыг шийднэ гэдэг бүр аргаа
ядсан л хэрэг. Маш олон хүн амтай улсад л энэ арга хэрэг болно уу гэхээс
гуравхан сая хүнтэй монголчуудын хувьд ямар ч хэрэггүй, бас л иргэдийн нуруун
дээрх ачааг нэмж байгаа асуудал. Тэгээд ч үндсэн хуулинд заасан оршин суух,
амьдрах газраа сонгох эрхээ эдлэхийн төлөө бусдаас илүү мөнгө төлөх, эсвэл
хөдөө төрснөөрөө хотод амьдрах гэж мөнгө төлөх шударга бус нөхцөл байдалд орох
ёсгүй юм. Судлаач хүний хувьд энэ бол буруу арга үүнээс дээр маш олон арга
байгаа.
-Тэгвэл
төвлөрлийг сааруулах өөр ямар арга байгаа байж болох вэ?
-Хөдөөнөөс ирж байгаа хүмүүсийг багасгая, төвлөрлийг сааруулъя
гээд байгаа юм. Угаасаа төвлөрдөгөө төвлөрчихсөн. Дээд боловсрол эзэмших, өргөн
сонголттой зах зээл, соёл, эмнэлгийн үйлчилгээ, өндөр цалинтай ажлын байр зэргийн
төвлөрөл нь өөрөө дараа дараагийн төвлөрлийг үүсгэх нөхцөл болчихоод байна.
Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн ердөө 0,3 хувь болох Улаанбаатар хотод их
дээд сургуулийн 75 хувь нь, банк санхүүгийн байгууллагын олгосон зээлийн 84
гаруй хувь, аж ахуйн нэгжүүдийн 71 хувь, худалдаа үйлчилгээний 80 хувь, их
эмчийн 60 гаруй хувь нь төвлөрч байх жишээний. Нийслэлийн хувьд төвлөрлийг
сааруулах биш, задлах, сарниулах гэж томьёолж ярих хэрэгтэй цаг үе нь иржээ.
Миний бодлоор гурван түвшинд төвлөрлийг сарниулах шаардлага байна. Нэгдүгээрт, хотын дотоод төвлөрлийг сарниулах. Хот
өөрөө дахиад төвдөө төвлөрчихсөн нь нийслэлийн иргэдийн дийлэнх нь ажилдаа
ирэхдээ төвийг зорьдог болсноос харагдана. Хүн соёлын үйлчилгээ авъя гэхэд л
хотын захад бол боломжгүй. Сайн эмнэлэгээр үйлчлүүлэхийн тулд, гайгүй бараа
бүтээгдэхүүн худалдаж авахын тулд бас л хотын төвийг зорино. Хамгийн энгийн
жишээ гэхэд л хотын захад номын дэлгүүр ч байхгүй. Баруун тийш гурав,
дөрөвдүгээр хороолол, зүүн тийш кино үйлдвэрээс дотогш орон зайд л арай гайгүй
гэсэн бүх худалдаа, үйлчилгээ байршиж байна. Энэ бол хот доторх давхар
төвлөрөл. Таван шард эсвэл Нисэхэд амьдардаг хүн байлаа гэж бодъё л доо.
Тэр хүний хүүхэд нь тэр хавьдаа цэцэрлэг сургуульдаа хамрагдаад, өөрөө тэндээ
ажиллаад, соёл нийгмийн үйлчилгээгээ тэр хавиасаа авчихдаг боломж нь
нээлттэй байсан бол заавал хотын төв рүү өдөр бүр орж ирээд байх шаардлагагүй.
Хотын захаар гэртэй хүмүүс хоногийн 24 цагийнхаа бараг 3-4 цагийг нь хотын
төвийн замын түгжрэлд зарцуулж байна. Хүний богинохон амьдралын маш үнэтэй,
хайран цаг хугацаа хий дэмий урсан өнгөрч байгаа биз. Тэгэхээр хот доторх дэд
төвүүдээ эхлээд хангах ёстой. Энэ асуудлыг олон судлаач ярьдаг, хотын ерөнхий
төлөвлөгөөнд ч зургаан дэд төв, хоёр үндсэн төв байгуулах талаар тусгагдчихсан.
Одоо үүнийгээ байгуулах л хэрэгтэй. Хоёрдугаарт, бүс нутгийн хэмжээнд төвлөрлийг
задлах. Хотын эргэн тойронд байгаа дагуул хот, жижиг суурингуудад ажлын байр,
амьдрах таатай орчин бий болгох хэрэгтэй. Хотын хүмүүст хэрэгтэй туслах аж
ахуй, бөөний худалдаа, аялал жуулчлал, жижиг дунд үйлдвэрүүд гэх мэтээр
тодорхой чиг үүргийн хүрээнд төлөвлөж дагуул хот, суурингуудыг хөгжүүлэх замаар
төвлөрлийг бүс нутгийн хэмжээнд задлах гэсэн үг. Татваргүй бүс болгох, тээвэр
ложистикийн хөгжлөөр дэмжих гэх мэт аргуудыг хослуулж болно. 2030 оны ерөнхий
төлөвлөгөөний тодотголд бас ийм хандлага тодорхой хэмжээгээр тусгагдсан
байгаа. Гуравдугаарт, төвлөрлийг улсын хэмжээнд задлах
шалгарсан арга бол ерөөсөө л нийслэлийг нүүлгэн шилжүүлэх. Тухайн хоттой эн
зэрэгцэхүйц засаг захиргааны үүрэг бүхий шинэ хот байгуулах нь төвлөрлийг
задлах шалгарсан арга. Эхний хоёр арга бол томоохон хэмжээний өөрчлөлтийг
богино хугацаанд үзүүлж чадахгүй. Ер нь суурин газарт татагдах, хот руу
тэмүүлэх нь хүний нийгмийн жам ёсны үзэгдэл юм бол заавал нэг хотод төвлөрөх
биш өөр өөр хотод төвлөрч яагаад болохгүй гэж. Магадгүй, тэр Хархорин руу
нүүлгэе гээд байгаа нь хамгийн шилдэг санаа ч юм бил үү. Надад лав тэнд
байгуулахад болохгүй гэх зүйлгүй харагддаг.
-Асар
их мөнгө төлөвлөгдөнө гээд байгаа. Монгол шиг хөгжиж байгаа оронд ахадсан зүйл
биш үү?
-Хүмүүс хот байгуулна гэхээр бүх зүйлийг нь төр байгуулж өгнө
гэж бодоод байдаг. Үнэндээ бол төрөөс төлөвлөлт, дэд бүтэц, зохион байгуулалт,
зарчим, хөрөнгө оруулалтын таатай орчинг нь бүрдүүлээд өгөхөөр зах зээлийнхээ
жамаар хот өөрөө хөгждөг. Шинэ хот байгуулах гэж ярьсан дээрээ Хархоринд
нийслэлийг нүүлгэх талаар хувийн үзэл бодлоо яръя л даа. Ер нь бол говьд ч хот
байгуулж болно. Хархоринд гэдгийн шалтгаан нь усны нөөц болон геоморфологи,
инженер геологийн хувьд харьцангуй тохиромжтой газар. Мөн Монголын эзэнт
гүрний гал голомт, Монгол Улсын төв цэг хажууханд нь буюу Бүрд суманд бий. Энэ
нь геополитик, орон зай, эдийн засгийн үр ашиг талаасаа ашигтай.
Баруун аймгийн хүн 2000-3000 км
замыг туулж Улаанбаатарт ирдэг бол Хархорин нийслэл болсноор Монгол улсын
хаанаас ч ижил зай туулж нийслэлдээ очих боломжтой. Улсынхаа төвд
байгуулагдсанаар алслагдсан аймгуудынхаа хөгжлийг дэмжих, орон зайн хувьд
жинхэнэ утгаараа нийслэлийн үүргээ гүйцэтгэх боломжтой болно. Шинэ хот
байгуулагдсан газар шинэ ажлын байр, шинэ хөрөнгө оруулалт, шинэ боломж
бололцоо, цус сэлбэлт, урам зориг үүсдэг нь бусад орнуудын жишээ туршлагаар
батлагдчихсан зүйл.
Хүмүүс Улаанбаатар хот эзгүйрчих юм шиг яриад байгаа. Тийм зүйл
бараг болохгүй л болов уу. Дэлхийн улсуудын багагүй хувь нь нийслэлээ нүүлгэж
байсан. Тэгээд буруудсан жишээ бол алга. Улаанбаатар хотын оршин суугчдаас
тодорхой хэсэг нь ажил амьдралын шаардлагаар нүүнэ, зарим нь хүсэл зоригоороо
нүүнэ. Үүний үр дүнд Улаанбаатар хотын төвлөрөл тодорхой хэмжээгээр
задарна. Энэ мэт олон талын ашиг бий. Тэгэхээр үүнийг зоригтой л хийх хэрэгтэй.
Мэдээж нэг улс төрийн хүчин, нэг засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд
шийдэгдэх асуудал биш. Төр, иргэд, хувийн хэвшлийн хамтын ажлын хүрээнд
шийдэгдэх урт хугацааны стратеги бүхий ажил юм.
-Улаанбаатараас
их дээд сургуулиудыг гаргачихвал төвлөрлийн асуудлыг шийдчихнэ гээд байгаа. Энэ
тал дээр юу гэж бодож байна?
-Энийг би хувьдаа дэмждэггүй. Төлөвлөлт, зураг төсөлтэй нь
танилцаж байсан. Дэлхийн хаана ч бүх их дээд сургуулиудаа нийлүүлээд нэг хотхон
болгосон тохиолдол байхгүй. Тэгээд тэр хот нь зөвхөн сурах зорилготой 150
мянган хүнтэй гээд байгаа юм. Дархан хот 150 мянган хүн амтай шүү дээ. Тийм
хэмжээний дан залуучуудын хот байгуулна гэж хэзээ ч бүтэшгүй асуудал. Ингэж хот
байгуулна гэж байхгүй, хотын асуудал ингэж шийдэгддэг ч юм биш. Тэгээд тэр
хотхон, хот байгуулах асуудлыг Боловсролын чиглэлийн яам хариуцаж байгаа нь бүр
ч буруу.
Бүх их сургуулийг биш ч зарим их дээд сургуулийг гаргаж
болох юм. Гэхдээ учиртай гаргах хэрэгтэй. Сургуулийн онцлог, сургалт, дадлагын
баазын шаардлага, нөхцөл зэргээс хамаарч тухайн орон нутгийн нөхцөл байдалтай
зохицох байдлыг хотоос гаргаж болох юм. Ер нь аль ч улсад хотын нэг элемент нь
оюутан, их дээд сургууль байдаг. Хотын бүтцэд заавал оюутан, залуусын орон
зай байх ёстой. Тэгж байж хотын эдийн засаг, бизнесийн зарим хэсэг нь урагшлах
учиртай.
Хамгийн гол нь нэг ойлгомжгүй
зүйл байна. Их, дээд сургуулийн хотхоны төлөвлөлтөд зөвхөн оюутнуудын
асуудлыг л яриад байгаа юм. Тэнд ажиллах багш ажилчдын талаар огт ярихгүй
байна. Багш нар өдөр бүр 140 км газар явж ажиллах уу, эсвэл тэндээ амьдрах уу?
Тэндээ амьдарлаа гэхэд гэр бүл, үр хүүхэд нь хотод байх юм уу? Цуг байх юм уу?
Цуг байвал гэр бүлийнхэн нь хаана сурч, хаана ажиллах юм зэрэг олон
асуудал бий. Нийгмийн чухал нэгж болох гэр бүлтэй байх төрөлх эрхийг нь хааж
боосон ийм төлөвлөлт хэзээ ч хэрэгжихгүй.
-Багш
нарынх нь талаар огт тусгаагүй гэж үү?
-Би төлөвлөлт хийсэн хүмүүсээс нь олон удаа асуухад “багш нар
өөрсдийгөө бодоод байх юм, оюутнуудаа бод л доо” гэсэн хариултаар ам таглаж
байсан. Оюутнууд дөрвөн жил сураад явчихна, харин багш нарын ихэнх нь нэг
насаараа шахуу тэнд ажиллана гэдгийг бодох хэрэгтэй баймаар.
ЯМАР Ч ТОХИОЛДОЛД ТУХАЙН ОРШИН
СУУГЧИЙН СЭТГЭЛ САНААНЫ ХУВЬД ХОХИРООХГҮЙГЭЭР НӨХӨН ТӨЛБӨРИЙГ ӨГДӨГ БАЙХ
ЁСТОЙ
-Гэр
хорооллын дахин төлөвлөлт нэлээн маргаан дэгдээж байна. Энэ талаар?
-Гэр хорооллын дахин төлөвлөлт бол 2012 оны Нийслэлийн
сонгуулийн гол цөм байсан. Мэдээж энэ зөв үйл ажиллагаа. Хотыг улам тэлээд байх
биш байгаа орон зай дотроо хэрхэн зөв төлөвлөлт хийх вэ гэдэг асуудал. Дахин
төлөвлөлтийг хүмүүс янз бүрээр хүлээж авна. Барилгын компаниудын хөрөнгө
мөнгөний дутагдал, иргэдийн хүлээж авах байдал, газрын нөхөн олговрын үнэн
дээрээ тохиролцохгүй байгаагаас шалтгаалж удааширч байх шиг байна. Гэхдээ хүний
оршин суух, өмчлөх зэрэг жам ёсны эрхүүдийг хөндөж байгаа учир иргэдийг
буруутгах аргагүй юм. Механизмын хувьд төрөөс хүчээр үнэ тогтоож шийднэ гэвэл
утгагүй л дээ. Төрөөс газрын нөхөн олговрын үнэлгээ боловсруулах гээд ажлын
хэсэг гэж байгуулагдахад нь би “үнийг төрөөс хүчээр тогтоож болохгүй, энэ ажлын
хэсгийг тараая” гэж хэлээд болиулж байсан. Энэ бол хүмүүсийн тохиролцоо, зах
зээлийн зарчмаар шийдэгдэх асуудал. Төр иргэдэд үнэ тулгаж болохгүй тэгвэл энэ
зах зээл, шударга ёс биш зүгээр л боловсон луйвар болж хувирна. Гэхдээ
төлөвлөлт хийгдэж байгаа байршил бүрт иргэд гэсэн нэрийн дор хэт шуналтаж
байгаа ганц хоёр хүн бий л дээ. Хоёр өрөө байр өгье гэхээр гурвыг авна
гээд, гурвыг өгье гэхээр дөрвөн өрөө авна гээд байдаг “алтан загасны эмгэнүүд”
ч мэр сэр бий.
-Гэхдээ
ганцхан монголчууд тийм шуналтай хүмүүс биш байх. Олон улсад ч ийм жишээ гарч
байсан, шийдэж байсан л болов уу. Жишээ нь японд онгоцны буудал барих гэхэд
ганцаараа эсэргүүцэж үлдчихээд, жил бүр Засгийн газраасаа “амгалан тайван
байдал алдагдуулсан” гэж мөнгө авдаг хүн бий. Тэгэхээр олон улсын жишээ авбал?
-Өөрийнх нь өмчилдөг, эзэмшдэг газрыг нь зөв шударга үнэлж нөхөн
төлбөр өгөхгүй байгаа тохиолдол хаа сайгүй. Ийм тохиолдолд эсэргүүцэж байгаа
иргэдийн зан төлвийг шунал гэж хэлж болохгүй л дээ. Бусдаас зөрсөн ганц нэг
сондгой тохиолдлууд байна. Жишээлбэл өөрийн тань ярьж байгаа Японы
онгоцны буудлын жишээ. Энэ жишээ бол Япон улс хүний эрхийг дээдэлдэг гэх имиж
нь болсон байх. Япон хангалттай нөхцөлийг нь өгч хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн
биз ээ. Магадгүй, тэр хүнд мөнгөөр үнэлэгдэшгүй зүйл тэр газарт нь байсан байж
болох юм. Би энэ талаарх асуудлыг оюутнуудад хичээл дээр үзүүлдэг. Тэр
зургаасаа таньд үзүүлж болно шүү.
Хятадад бол харин эсрэгээрээ буюу хүч хэрэглэсэн маягаар
шийддэг. Цахилгааныг нь таслаад, тойруулж газар ухах гэх мэтээр шийдчихдэг. Энэ
бол мэдээж зөв, сайн арга биш л дээ.
Ингээд улс орнуудын дахин төлөвлөлтийн арга
зүйг харьцуулж харах юм бол улс төрийн тогтолцоо, эдийн засгийн нөхцөл
байдлаасаа хамаараад энэ мэтчилэн өөр өөр байна. Газрыг дахин хуваарилах, дахин
төлөвлөх гээд олон арга бий л дээ. Гэхдээ л ямар ч тохиолдолд тухайн оршин
суугчийн өмнө амьдарч байсан орчноос бууруулахгүй, сэтгэл санааны хувьд
хохироохгүйгээр нөхөн төлбөрийг өгдөг л байх ёстой.
УЛААНБААТАР
ХОТ НЭГ Л ӨДӨР ТЭСЭРЧ МАГАДГҮЙ БӨМБӨГ ШИГ Л БОЛЧИХСОН БАЙНА
-Хот
төлөвлөлтөнд аюулгүй байдлыг хэр тусгасан байдаг бол. Яг үнэндээ би
Улаанбаатарт амьдрахаас айдаг. Улаанбаатарт аюулгүй байдлыг хангасан байдал
үнэхээр байхгүй болов уу. Энэ талаар хот төлөвлөлтөнд яаж тусгадаг юм бэ?
-Мэдээж хот төлөвлөлт тодорхой баримтлах норм дүрэм
стандартуудын хүрээнд явагдана. Гэхдээ бодит байдал, норм дүрэмд тусгагдсан
байдал хоёр маш зөрүүтэй харагддаг. Мөн аюулгүй байдалд чиглэсэн төлөвлөлт маш
багатай, төлөвлөсөн байсан ч хэрэгжихгүй байх нь түгээмэл. Суваг, шуудуу
далангууд бөглөрсөн, эвдэрсэн, галын аюулын үед ашиглах усны цоргууд байдаггүй,
хороолол гудамжууд орц гарцаа хаасан, өндөр хүчдэлийн доор, үерийн зам газар
айлууд зөвшөөрөлгүй буусан байдаг гэх мэт эрсдэлтэй нөхцөл байдал хаа сайгүй.
Тэр битгий хэл халдвартын эмнэлэг нь орон сууц, задгай захын хажууд байрладаг,
оршуулгын газрууд гэр хороололтой хаяа нийлсэн, ундны усны хяналтын талбай дээр
орон сууцны хороолол баригдсан гэх мэтээр эрүүл ахуй, ариун цэврийн наад
захын стандартыг зөрчсөн байдал нь энэ хотын сөрөг дүр зураг.
Хараагүй хүмүүст зориулсан
хавтангууд дээр хүртэл замд нь шон зоочихсон, сандал тавьчихсан ч байх шиг. Ер
нь хот төлөвлөлтийн цаад утга нь бол хүнийг тав тухтай, эрүүл аюулгүй орчинд
амьдрах нөхцлийг хангана гэдэг л зорилготой байдаг юм шүү дээ. Гэтэл одоо бол
цаад агуулгаа орхигдуулж ашиг хонжооны нүдээр газрыг, хот төлөвлөлтийг харж
байгаа учраас аюулгүй байдлын асуудал үнэхээр орхигдсон. Цаашдаа анхаарах л
байх.
-Тэгвэл
Улаанбаатар хотын хүн амын аюулгүй байдлыг хангасан норм дүрэм, стандарт
байхгүй гэж үү?
-Байгаа байгаа. Галын аюулгүй байдал, ус суваг гээд бүгд тус
тусдаа норм дүрэм, стандарттай. Гагцхүү хэрэгжүүлэлт нь л тааруу байгаа юм.
Хэрэгжүүлэлтийн шатан дээр ирэхээрээ мөнгө байхгүй, хэрэгжүүлэх субьект байхгүй
гэх мэт. Одоо бол улстөрч бизнесменүүд бүгдээрээ л ашигтай мөнгө олж болох,
богино хугацаанд хүмүүсийн анхаарлыг хандуулж болох асуудалд л анхаарлаа
хандуулж байна.
-Улаанбаатар
хот өнөөдөр ачааллаа даахгүй хүндхэн л байх шиг байна. Цаашид “үүнээс цааш
тэсэх боломжгүй” гэх тэр мөч байх болов уу. Эрсдэлт хүчин зүйл хэр бий вэ?
-Байгаа. Улсын хүн амын тал орчим хувь нь нэг хотод төвлөрнө
гэдэг бол үндэсний аюулгүй байдлын хувьд маш аюултай нөхцөл байдал. Газар
хөдлөлт, халдварт өвчин, байгалийн гамшиг, дайн дажин боллоо гэхэд хүн амын тал
хувь нь нэг дор байгаа тохиолдолд илүү аюултай. Ийм аюултай нөхцөл байдал
хэдийнээ үүсчихсэн. Улаанбаатар хот нэг л өдөр тэсэрч магадгүй бөмбөг шиг л
болчихсон байна. Төдийд өдийд гэж хэлэх боломжгүй. Маргааш ч тийм нөхцөл байдал
үүсч магадгүй.
ХОТТОЙ
ХОЛБООТОЙ ГАДНЫ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДЭЭС ЗЭЭЛИЙН ӨР ТӨЛБӨР НЬ Л ҮЛДДЭГ
-Судлаачдынхаа үгийг сонсдоггүй юм болов уу, яагаад
судалгаа шинжилгээн дээр тулгуурласан дорвитой ажлууд нийслэлд хийгддэггүй юм
бол оо?
-Судлаачид ажлаа хийгээд л байдаг. Тэр нь даанч баахан цаас болж
энд тэндэхийн төслийн архивуудад үлдээд, тэрийг нь хэн ч эргэж хардаггүй. Тийм
болохоор давхардсан судалгаа их хийгддэг. Дээрээс нь хот байгуулалттай
холбоотой япон, америк, солонгосын гээд гадны төсөл хөтөлбөрүүд маш их
хэрэгждэг. Эдгээрийн ажил нь хоорондоо уялдаагүй. Бүгдээрээ монголын хот
суурингуудад ашиглах боломжтой гэгддэг ч түүнийг нь холбогдох албан
тушаалтнууд авч ашиглах нь бага. Эдгээр төсөл, хөтөлбөрүүд олон сая
долларын санхүүжилттэй боловч гадны мэргэжилтнүүдийн цалин, томилолт, сургалт
гэх мэт биет бус байдлаар зарцуулагдаад дуусдаг. Эцсийн үр дүн нь шийдвэр
гаргах хүмүүстээ хүрч чаддаггүй. Ажил хэрэг болдоггүй шахуу. Харин Монгол
Улсад төслийн зээлийн өр төлбөр нь л үлддэг.
Сүүлийн үед авууштай нь судлаачдын дуу хоолойг сонсьё гэх санал
ирэх болж.
-Удахгүй утаа эхэлнэ. Ер нь
Улаанбаатар хэдэн жил утаатай байчихав аа. Хэдэн жил утаатай байгаагаа ч
мартчихаж. Бусад улс орон томоохон хотуудынхаа утааны асуудлыг хэдэн жилд
шийддэг юм бол оо?
-Лондон, Токио гээд олон жишээ бий л дээ. Энэ бол тухайн улс
орных нь байгаль цаг уурын онцлог, эдийн засгийн байдал, техник технологийн
хөгжлөөсөө хамаардаг зүйл. Агаар цэвэршихээ хүрвэл нэг өдөр хүчтэй
салхи гарахад л цэвэршинэ. Гол нь эх үүсвэртэй нь тэмцэх асуудал юм.
Улаанбаатарт байгаа 620 мянган авто машинуудын 70-аас дээш хувь нь
арваас дээш жил ашиглагдсан байдаг, мөн гэр хорооллын 180 мянган орчим
өрх айлын зуух түүхий нүүрс хэрэглэдэг гээд сөрөг тоо баримт дурьдаж
болно. Дээрээс нь ногоон байгууламж муутайгаас болоод тоосжилт
өндөртэй. Тэгэхээр гэр хорооллын барилгажилт, дахин төлөвлөлт бол яалт ч үгүй
нэг гарц мөн. Гэхдээ яг цагаа тулахаараа иргэдийн ухамсар, эдийн засгийн нөхцөл
байдал хоёр л чухал юм билээ. Жишээ нь, айлууд байшин саваа янзалж, дулаалаад
маш бага хэмжээний нүүрс түлж амьдрах боломжтой. Дулаан хэмжигчээр хэмжээд
үзэхээр зарим айл шүүрэн шанага шиг л дулаан алдалттай байдаг. Тэгж дулаан
алдах бүртээ гал түлж, түлэх бүрт нь утаа ялгарна. Тэгээд дулаалга хийчих
гэхээр мөнгө төгрөг байхгүй гэх мэтээр дургүйцдэг.
-Америкт
явж байхдаа харахад Улаанбаатарт метро барина гэж үнэхээр үлгэр юм байна даа л
гэж бодож байлаа. Газар доогуурх тэр том байгууламжийг энэ замбараагүй
баригдсан барилгуудын дор яаж хийх вэ. Манайхан чинь шугам сүлжээгээ засварлах
гээд л шинэхэн замаа хуу татчихдаг улс шүү дээ.
-Улаанбаатар хотод метро байгуулвал уг нь сайн. Саяас дээш хүн
амтай хотод зайлшгүй байх ёстой зүйл. Гэхдээ метроны хувьд инженер геологийн
хувьд нөхцөл хэцүү. Ялангуяа улирлын хөлдөлт гэсэлт ихтэй, цэвдэгт үзэгдэл
халиа тошингоос үүдсэн хөрсөнд суулт, овойлт үүсдэг нь эргээд гэмтэл эрсдэлд
оруулах гэх мэт асуудал ихтэй. Дээрээс нь газар доогуурх байгууламжийг бий
болгохын тулд дээр байгаа газрыг хөндөхгүйгээр шууд доошоо орж барина гэдэг бол
технологийн хувьд асар хэцүү. Зардал ихтэй. Гол нь эргээд зардлаа нөхөх үү
гэдэг л том асуудал байна. Толгойтоос Амгалангийн хооронд явдаг нөгөө рейлбус
шиг алдагдалтай ажиллаад эхэлвэл яах вэ? Сайн судлах, тооцоолох л хэрэгтэй.
БҮХ ХҮНД
ХАШААГАА ЗҮЛЭГЖҮҮЛЖ, МОД БУТААР ДҮҮРГЭХ ЭРХ БАЙГАА Ч ТӨР ЗАСАГ, ХОТЫН
УДИРДЛАГУУДЫГ Л ШҮҮМЖЛЭХЭЭС ӨӨРИЙГ ХИЙДЭГГҮЙ
-Би
өөртэй чинь ярилцаж эхлэхдээ 2030 он хүртэл төлөвлөлт хийгдчихсэн юм байна,
болох юм байна гэж бодтол сүүлдээ бүр хөгжил гэдэг зүйл ярих тусам улам алсраад
байх юм. Яагаад тэр вэ?
-Ер нь их хэцүү асуудал шүү дээ. Хүн ирээдүйг тааж зөгнөж ярьж
байгаа ч юм шиг. Харамсалтай нь ерөнхий төлөвлөлт хэрэгжихгүй байх магадлал
өндөр байна. Тийм гэх шинж нь олон талаасаа бүрдчихсэн. Ерөнхий төлөвлөгөөг
хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөв нь хаа байгаа юм. Эхнээсээ
зөрчигдчихсөн байгаа газрууд нь хүмүүст зөрчөөд байж болдог юм байна гэдэг
бодлыг төрүүлж байна. Ямар ч ерөнхий төлөвлөгөөн дээр дархан цаазат Богдхан
уулыг ийм их барилгажилттай хаус хороолол болгоно гэж төлөвлөөгүй. Зүгээр ч нэг
байгалийн тусгай хамгаалалттай газар биш, тусгай хамгаалалттай газрууд дотроо
хамгийн өндөр хяналт, горимтой дархан цаазат газар. Гэтэл нүдэн дээр ийм
их барилга баригдчихсан байхад бид ерөнхий төлөвлөгөө яриад утгагүй шахуу
болчихоод байгаа нь үнэн л дээ. Гэхдээ миний хувьд шантарч суухыг
хүсэхгүй байна. Өөрийнхөө зүгээс хийж чадах бүхнээ хийж, сурсан мэдсэн зүйлээ ч
зориулах болно. “Түнэр харанхуйг зүхэж суухаар ганц ч болов лаа асаа” гэж үг
байдаг даа.
Улаанбаатарчууддаа ч уриалмаар
байна. Муу муухай болж бүтэхгүй зүйлд битгий бууж өг. Өөр өөрсдийнхөө зүгээс
болгож бүтээх чадах зүйлсээ хийцгээе. Энэ хотод бидний л үр хүүхэд амьдарч,
ажиллана.
-Нийслэлийн
хөгжилд иргэдийн оруулах хувь нэмэр гэвэл юу байх вэ?
-Үнэндээ хотыг хөгжүүлэх төлөвлөгөөнд саад болж байгаа нэг зүйл
бол иргэдийн ухамсар. Иргэд хэчнээн баян мөнгөтэй болсон ч, энэ хотыг бүрэн
барилгажуулсан ч өөрсдөө ухамсаргүй байвал энэ хот “хот” болж чадахгүй.
Өнөөгийн нийгэмд Монголчууд бүх зүйлийг шүүмжилдэг болсон байна. Оршин
суугчид СӨХ-ны даргаасаа эхлээд хотын даргыг хүртэл бүгдийг л шүүмжилж
байна. Шударга зөв шүүмжлэл байлгүй яахав. Гэхдээ аливааг шүүмжилдэг
шигээ асуудалд ухамсартай хандах хэрэгтэй. Өрөөл бусдыг шүүмжилж
байгаад яг тэр асуудал нь өөр дээр нь буухаар л шал өөр болчихдог. Шог зураач
С.Цогтбаяр хэчнээн сайхан шог зургуудтай, зөв зүйл ярьж бичдэг хүн билээ. Гэтэл
тэр хүний гараашийг нүүлгэх болоход олон нийтийн сүлжээгээр дүүрэн асуудал
болгосон. Эсэргүүцсэн. Би гараашаа нүүлгэж чадахгүй гэсэн. Үнэндээ тэр
гараашийг нүүлгэх нь зөв байхгүй юу. Эргэн тойронд нь хүмүүс шээнэ, хог тарина,
хотын өнгө үзэмжийг дарж байгаа нэг төмөр гараашийг нүүлгэж жигдрүүлэх гэсний
төлөө тэр хүн урьд нь ярьж байсан үзэл баримтлалаасаа өөрөө ухарч байгаа биз
дээ. Энэ бол өнөөгийн нийгмийн нийтлэг л дүр зураг. Бүх хүн хашаагаа битүү
зүлэгжүүлж, мод бутаар дүүргэх эрх байгаа. Гэвч хэн ч хийдэггүй, төр засаг,
хотын удирдлагууд гээд л шүүмжлээд суугаад байдаг.
-Өөрийг
чинь хотын дарга болгоод, энэ хотын цаашдын хөгжлийг ядаж зөв голдиролд оруулах
алхам хийгээч гэвэл өөрөө юу хийх вэ?
-Би метро барина, утаанаас салгана гэх мэтчилэн юу ч ярьж болно
л доо. Гэхдээ Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа бүх ажлыг тогтвортой урт
хугацаагаар хэрэгжүүлэх залгамж бодлого гэж зүйлийг л гаргаж ирнэ. Дараа нь өөр
хотын дарга гарч ирсэн ч тэр ажлыг нь тогтвортой үргэлжлүүлэх тогтолцоо байх
ёстой. Тийм урт хугацааны менежмент монгол улсад хамгийн их дутагдаж байна.
Нийслэлийг хөгжүүлэх төлөвлөлтүүд удаан хугацаагаар хийгддэг байх ёстой.
-Ярилцлага
өгсөнд баярлалаа
No comments:
Post a Comment