-Сайхан намаржаад байна уу. Өнгөрөгч зун уран бүтээлийн хайгуул-аялал их хийв үү?
-Өө, сайхан намаржиж
байна. Уг нь чи бид хоёр ном гарсны дараа л ярилцаж заншсан сан. Яагаад юм
гараагүй байхад хоргоогоод байна даа. (инээв)
"Цагаан хар улаан" романаа гаргаснаас хойш нэг л нам гүм болчих шиг. Хэвлүүлэхгүй л болохоос биш туурвиад л байна уу?
-Сүүлийн үед би өвөл
сууж юм бичдэг болоод байгаа. "Цагаан хар улаан"-аас хойш эхэлсэн
зүйл алга. Мэдээж, яаж зүгээр байх вэ. Санаа сэдэл хайж ойр зуур явсаан, явсан.
-Таныг уншигчидтайгаа саявтар нэг уулзсан тухай цахим ертөнцөөр шуугиад байсан?
-Дорнодын буриад
залуусын "Амин тоонто" гэдэг байгууллагаас "Бөөгийн домог"
роман дээр голлож яриа өрнүүлсэн нэг уулзалт зохиосон юм.
-Солонгосын найруулагч Чой Чангүн
"Цасны роман"-аар чинь хүүхэлдэйн шоу хийснийг харлаа. Таны бүтээлүүдээр дэлгэцийн болон тайзны бүтээл хийе
гэсэн санал гадаад, дотоодоос их ирнэ биз?
-Өө, тэгж нэг их
сонирхоод байсан юм байхгүй дээ. "Бөөгийн домог"-оор кино хийе гэсэн
хоёр санал ирсэн. Нэг нь буриадууд, орос орчуулгаа өгчих гэсэн. Орос
хувилбарынх нь эрх орчуулагчид нь байгаа болохоор энэ учраа хэлээд л орхисон.
Харин талийгаач Жанчивдорж гуайн хүү кино болгоё гэж хүсэхээр нь зөвшөөрсөн
байгаа. Дэлгэцийн хувилбар болгосон зохиолыг нь ойрын үед нэг уншиж үзэх байх.
Та саяхан фейсбүүк хуудсан дээрээ Москвагийн оюутны байраа харсан чинь уйлмаар байна гэсэн байсан. Ер нь сайхан дурсамжууд тэнд их үлджээ дээ?
-Өө, тэгэлгүй яахав.
Би чинь юугаа ч мэдэхгүй нусгай жаал тэнд очоод залуу насныхаа зургаан жилийг
үрсэн юм чинь. Ер нь хүүхэд мөрөөдлөөрөө, насанд хүрсэн хүн дурсамжаараа
амьдардаг ч байж магадгүй. Тэр тусмаа залуу байснаа, бүтэлгүй, ядуу, тэнэг
алхмуудаа хүн хэзээ ч мартдаггүй юм шиг.
-Яруу найргийн
"Бясалгал" түүврээ гаргасныхаа дараахан "Яруу найраг баяртай" гэх маягийн яриа өгч билээ. Шүлгээ аль хэр бичиж байна. Уншигчид бол энэ мэдэгдэлд чинь сэтгэл их гонсгор явдаг юм байна лээ?
-Би шүлэг бичихээ үнэхээр
больсон. "Бясалгал"-аас хойш нэг ч шүлэг бичээгүй.
-Өө ямар харамсалтай юм бэ. Бишрэн шүтэгчид чинь
"Аюур баруун гарын булчин дээрээ өлзий хээ шивүүлсэн юм билээ. Эхнэрийнх нь нэрийн бэлгэдэл" гэлцэх юм. Та тийм шивээс хийлгэсэн юм уу?
-За, бишрэн шүтэгч ч
гэх шиг, бас ахыгаа хөөргөх нь үү. Шивээсний хувьд бол удаж байгаа зүйл шүү
дээ.
-Тэжээдэг монгол банхрууд чинь олон болж байна уу?
-Уг нь өдийд сүрэг
нохойтой байх байлаа. Даанч өнгөрсөн намар нэг монгол, нэг түвд эр эм хоёр
банхраа хулгайд алдсан. Манай нутагт нэг өвгөн "Одоо чинь хүнтэй ч хүн
байж болохгүй, малтай ч хүн байж болохгүй цаг" гэж хэлж байсан юм гэнэ
лээ. Яг л түүн шиг аятайхан нохойг ч тааваар нь байлгадаггүй бас сонин цаг үед
бид амьдарч байна шүү. Миний нохдын энэ хаврын гөлөгнүүдээс хамгийн сайн
гарсныг нь багын найз минь аваад явсан юм. Гэтэл бас л хулгайд алдчихаж. Нохойд
хүн дасаад бүр үр хүүхэд шигээ хайртай болчихдог юм. Тийм амьтныг нь
хулгайлчихна гэхээр, ёстой, ярихаас ч дургүй хүрч байна.
-Өлзийтөгс найрагч сүүлийн үед ямар уран бүтээл туурвиж байна даа?
-Өлзий үргэлж онгодтой
байдаг хүн. Манай гэрт одоо Өлзий л шүлэг бичиж байна даа (инээв)
Танай Баянхонгороос төрсөн төрийн шагналт П.Пүрэвсүрэн гэж ланжгар зохиолч өнгөрөгч хавар бурхан зүг одлоо. Та түүнтэй хэр ойр байсан бол?
-Миний нутгаас уул шиг
сайхан хоёр найрагч төрж өвгөн болтлоо харагдсанд нь би маш их баярлаж явдаг.
Тэнгэр үзэж Тангадын Галсан ах маань урт удаан наслаасай билээ. Пүүжээ ах бол
анх намайг Горькийн сургуульд явах боллоо гэдэг баярт мэдээг Баянхонгорт очин
дуулгаж байсан ерөөлтэй ах минь. Намайг нэгдүгээр курс төгсөхөд Пүүжээ ах
төрийн шагнал авсан. Би Москвагийн Елисеевский гастрономоос морин шилтэй
"Havana Club" зориуд аваад, өлзий утастай тэмдэгтэй нь тулган ууж
баясч байлаа. Бага залуугаас ойр дотно явсан цөөхөн зохиолчдын минь нэг л дээ.
Хөөрхий, байсхийгээд л паргиатсан хоолойгоор утасддаг тэр ах минь ноднинхон
"Ай, би Аргалантаа мөн ч их санадаг шүү. Бодохоор л нулимс гардаг юм.
Нутаг гэж их л өөр зүйл дээ" гэж хэлж байсан сан. Алтан саванд нь баруун
зүгт малтай айлд төрнө гэж гарсан гэнэ лээ. Муу ах минь нутагтаа очоо байлгүй
дээ, бодоход.
-"Шүгдэн" романаа Ажаа гэгээнд зориулж бичсэн гэсэн. Тэр буянтантай та тийм их ойр хүн үү?
-Би жинхэнэ ламыг анх
удаа ойроос харсан минь л тэр хүн. Жинхэнэ гэдгийг би өргөн, дээд утгаар нь
хэлж байгааг ойлгосон биз. 2006 онд Блүүминтон дахь өргөөнд нь анх нүүр учирч,
үг яриаг нь чагнаж байлаа. Гайхамшигт хувь заяатай, гайхалтай амьдралыг туулж
яваа гэгээнтэн дээ. Ажаа гэгээнтэн кирилл монгол үсгээр уншдаггүй учраас миний
романыг уншаагүй байх. Далай ламд ойр шадар хүний хувьд өөрт нь ийм сахиусны
нэртэй ном зориулахад жаахан хэцүү туссан байж магадгүй. Гэхдээ юм бүхэнд мөн
чанар нь л гол шүү дээ. "Шүгдэн" гэсэн нэр нь илүү бэлгэдлийн утгатай
гэдгийг л би гэгээнтэнд цухас тайлбарласан. Миний энэ роман бол колоничлол
болоод Бурханы шашны утга учрын л тухай болохоос, гадуур хүмүүсийн яриад байгаа
шүтлэг хоорондын зөрчилд огт хамаагүй бүтээл. Уншаагүй мөртлөө элдвийг ярьж
яваа хүмүүст би "Уншаад үз" л гэж хэлдэг. Уншаад ойлгохгүй хүмүүстэй
бол юугаа ярих вэ.
-Таны хамгийн дотнын анд нөхөд ямар хүмүүс байна?
-Аагий, Чибо, Сансар,
Идэр гээд Москвагийн найзууд, Бобоо, Онгой, Дэлгэр, Жаамаа, Дэмбээ гээд ангийн
андууд, Зоригоо, Оок, Бодио, Баганаа, Болдоо гээд манай сумынхан, Зандаа, Жаак,
Баяраа, Мөөгий, Болд ах, Бямбаа ах, Ариунаа эгч гээд санаа нийлдэг нөхөд, Зико,
Дэрэм, Со гээд хуурай ах нар. Үгүй, нэрлээд барахгүй юм байна аа. Нөгөө юу
гэдэг билээ. Олон найзтай хүнд ганц ч найз байдаггүй гэдэг шиг л олон найзтай
юм байна шүү дээ, би. (инээв)
-Та энэ жилийн наадмын түрүү бөх тодроход жигтэйхэн их баярласан сэтгэгдэл бичиж байсан даа...
-Наадам сайхан болсон
шүү. 2002 онд эхнэр бид хоёр Батсуурь хэмээх жаахан хүүгээр газарчлуулан,
одоогийнхоо зуслангийн газрыг анх үзэж байсан юм. Яриа хөөрөөтэй, хэвлүүхэн
цовоо мөнөөх жаал "Энэ хашааг зарчих юм бол аав надад унадаг дугуй авч
өгнө гэсэн" хэмээн, их л идэвхтэй нааш цааш гүйж, газрынхаа харууцыг
магтан, "Тэнд их гоё булаг бий" гэхчлэн зааж байсан сан. Намсрайжав
начнаас (харцага цол тэр үед байгаагүй) мөнөөх хашааг худалдан авч төвхнөснөөс
хойш олон ч жил улирч. Домогт аваргын нэртэй, зургаа долдугаар ангийн мөнөөх
жаал маань өнөө жил төрийн наадамд түрүүлчихдэг юм. Цаг хугацаа гэж ийм л
гайхамшигт ид шидтэн юм даа.
Зохиолчдын хороогоор ч нэг их очдоггүй гэж сонссон. Уран бүтээлийн халуун яриа өрнүүлдэг зохиолч, яруу найрагч найз нөхөд байгаа байлгүй дээ. Сүүлийн үед гэхэд хэнтэй уулзаж ярилцав?
-Ёстой хэнтэй ч
уулзаагүй. Архи уухаа больсноос хойш хүмүүстэй уран зохиол ярихаа больсон.
(инээв)
Та Монголын топ таван яруу найрагч, зохиолчийг нэрлэж зарим амбийцтануудыг цус харвуулах шахсан. Тэр хэдээсээ
"урваагүй" биз дээ?
-Хүний үзэл бодол
гэдэг юм ойлгож танихын хэрээр байнга л өөрчлөгдөж байдаг зүйл. Гэхдээ би
нэлээд юм уншиж харьцуулсны үндсэн дээр гаргасан нэрс болохоор эргэлзэж буцаад
байх юм үгүй л дээ.
Та бол олон сайхан антологиудыг хэвлүүлж уншигчдадаа өргөн барьсан. Цэвэр зохиолчийн аж төрлөөр амьдарч байгаа хүнд номоо хэвлүүлэхэд хэцүү байдаг уу, эсвэл таны бүтээлүүдийг олноо хүргэгч сайхан сэтгэлтнүүдийн ач буян их байх уу?
-Барууны зохиолчидтой
харьцуулахад бид ч өөрийн дураар номоо гаргаад, өөрийгөө хамгийн мундаг нь гэж
хээвнэг зарлаад болоод л байна. Ном барлах мөнгө нь байх юм бол шүү дээ. Яахав,
олон жил номын мөрөө тууштай хөөснийх миний нэртэй ном гарвал авчихдаг тодорхой
уншигчдын хүрээ бий болж л дээ. Гэхдээ ном хэвлүүлэх, түгээх, борлуулах гэдэг
зохиолч хүнд бол ахадсан ажил. Паблишин хийгээд бүх илүү дутуу ажлыг
хариуцчихаар, тэгэхдээ тэр ажлынхаа төлөө зохиогчийг монжчихгүй байх чадамжтай
хэвлэлийн газар бий болоход манайд арай л эрт байх шиг байна. Яахав, тэгээд
бусдынхаа жишгээр л явж байна даа. Зарим номын минь хэвлэлийн зардалд гар
сунгаж нэмэр хандив болсон найз нөхөд олон бий шүү. Тэдний туслалцаагүйгээр
амжихгүй байсаан.
Л.БАТЦЭНГЭЛ
No comments:
Post a Comment