Sunday, 19 October 2014

Унгар дахь Ерөнхийлөгчийн айлчлалтай холбогдуулж Унгар оронд бага нас, оюутан цагаа өнгөрөөсөн А. Булгантай ярилцлаа

Энэ оны 10-р сарын 17-18-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Унгар улсад Монгол улсын Ерөнхийлөгч айлчлах гэж байгаатай холбогдуулж БНУУ-д оюутан ахуй цагтаа суралцаж энэ орны амьдрал ахуйг багагүй мэдэх болсон А. Булгантай Цахим өртөө холбооны гишүүд ярилцлаа.  

Цахим өртөө: Сайн байна уу, танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Юуны өмнө, бидэнтэй ярилцах цаг зав гаргасан танд талархал илэрхийлье. Бидний мэдэхээр Та Унгар улсад суралцаж дээд боловсролтой болсон манай сэхээтнүүдийн нэг. Яг хэзээ, ямар сургуульд, ямар мэргэжлээр суралцаж төгсөв гэх зэргээс эхлээд энэ оронтой хэрхэн холбогддог тухай түүхээсээ хуваалцаж ярилцлагаа эхэлвэл ямар вэ?   
 А. Булган: Миний хувьд аав маань дипломат албанд ажилладаг байсан тул Унгар улсад төрсөнөөс эхлэн Монгол Унгар хоёр орны дунд амьдарч, өсч хүмүүжиж, боловсрол эзэмшсэн түүхтэй. Нийтдээ 14 жил Унгарт амьдарснаас сүүлийн 7 жил нь Засгийн газрын тэтгэлгээр Унгарын Өтвөш Лорандын Их Сургуульд Сэтгэл зүйч мэргэжлээр суралцаж, үргэлжлүүлэн Байгууллагын сэтгэл зүйн чиглэлээр Магистр зэрэг горилсон. Унгар бол миний хувьд хоёр дахь эх орон гэж ойлгож болно. Төгсөөд Монголдоо ирснээс хойш 8 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд хүний нөөц, байгууллагийн хөгжлийн чиглэлээр дагнан ажиллаж ирсэн.

Цахим өртөө: Таныг саяхан Будапешт яваад ирсэн гэж сонссон. Ямар ажлаар, хэр удаан, ямар сонинтой, сэтгэгдэлтэй явав. Таны оюутан байсан үеэс Унгар улс өөрчлөгдөж үү? 
 А. Булган: Би өнгөрсөн жил амралтаараа Унгарт очиж найз нөхөдтэйгээ уулзангаа, ажил хэргийн холбоос үүсгэсэн ба өнөөг хүртэл тодорхой төсөл дээр хамтран ажиллаж байна. Хэдэн жилийн дараа Унгарт очиход олон зүйлийг өөр нүдээр хардаг юм байна. Тухайлбал, Будапешт хотын үзэсгэлэн гоог тэнд амьдарч байхдаа анзаардаггүй, жуулчид их ирдэгийг мэддэг ч чухам юугаараа тэгж их татдагыг анхаардаггүй байж. Харин дахиж очиход, Бупапешт хотын дундуур урсдаг Дунай мөрөн, хоёр талыг холбосон гайхамшигт уран хийц бүхий гүүрүүд, барилга байгууламжийн чимхлүүр гоёмсог дизайны шийдлүүд, дундад зууны үеийн түүхийг хадгалж үлдсэн, нарийхан чулуун гудамжууд, унгар хүмүүсийн энгийн бөгөөд нээлттэй цайлган зан гайхалтай сайхан санагдаж, хүндлэл төрүүлж байсан.

Дунай мөрний уулархаг бүс нутаг бүхий нэг талыг Буда, тал нутаг болох нөгөө талыг Пешт гэж нэрлэдэг. Өмнө нь 3 тусдаа хот байсан ч Австри-Унгарын Хаант засаглалын үед нэгдэж улсын нийслэл болгосон гэдэг. Би Буда талд амьдарч байсан ч сургууль Пештэд байсан болохоор өдөр бүр автобус эсвэл траймвайгаар гүүр давдаг байсан. Сүүлд очихдоо харин хэд хэдэн удаа гүүрэн дээр алхаж энэ бүгдийг сайн нүдэлж билээ. Маш үзэсгэлэнтэй хот шүү.

 Цахим өртөө: Унгаруудыг монгол угсаатай, хөх тамгатай төрдөг г.м. яриа байдаг энэ үнэн үү?
А. Булган: Унгарчууд нь Хүннү гарал үүсэлтэй нүүдэлчин ард түмэн байсан ба Төв азиас нүүдэллэн явсаар 9-р зуунд одоогийн Карпатын тал нутгийг эзлэн авч суурьшсан гэдэг. Нүүдэлчин ард түмэн учраас эрэмгий зоригтой, дайн байлдаанд гаргуун байсан юм шиг байгаа юм. Ямартай ч хөрш зэргэлдээх улс үндэстэнүүдтэй байнга дайтан тулалдаж түүхэндээ олон дайныг үзсэн байдаг. Харин энэ хугацаанд Зүүн европт амьдарч байсан олон ард түмэн, тухайлбал слав, болгар, турк, герман, украйнууд унгаруудтай нэгдэн холилдсон учраас унгарууд Европтоо их царайлаг, ген сайтай, IQ өндөртэйд ордог. Тиймдээ ч юм уу хүн амтайгаа харьцуулахад Унгар улсаас харьцангуй олон Нобелийн шагналтан төрсөн. Жишээ нь С витаминыг нээж, компьютер бий болох суурийг тавьсан хүмүүс унгар байх жишээтэй. Бидний хэрэглээнд хурдацтай нэвтэрч буй “prezi” технологи нь мөн унгар мэргэжилтнүүдийн нээлт юм.
Хөх тамгатай төрдөг гэж ярьдаг ч энэ нь ховор тохиолддог болов уу. Яг нүдээрээ харсан хүнтэй тааралдаж байгаагүй л юмдаг.

Цахим өртөө: Унгар улс бол Европын социалист гэгдэж байсан орнуудын нэг. Гэвч Социалист систем задарч Унгар улс социалист байхаа больсоныг хүмүүс мэднэ. Гэхдээ суралцаж амьдралынхаа тодорхой үеийг энэ оронд өнгөрөөсөн хүний хувьд тэр оронд өрнөж байгаа үйл явдалын талаар чих тавьж байдаг байх л даа. Үүнийг бодолцоод асуухад Унгар улс Социалист байхаа больсноос хойш өнөөг хүртэл чухам ямар замыг туулж одоо ямар орон болоод байгаагийн онцлогуудыг товойлгонгоо базаж хэлье гэвэл юу хэлж болох бол? 
 А. Булган: Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш дорвитой өөрчлөлт эдийн засагт нь гараагүй гэдэг, харин баян ядуугийн ялгаа нэлээд нэмэгдсэн байх. Унгар улс 2004 онд Европын холбоонд элссэн, түүнээс хойш гадагшаа чиглэсэн урсгал ихэсч, боловсролтой мэдлэгтэй залуус нь аль болох өндөр цалинтай газар очиж ажиллах сонирхолтой болсон. Маш олон хүмүүс, таньдаг хүмүүсээс ч мөн Канадруу цагаачилсан. Мөн Европын Холбоонд элссэнээс хойш олон улсын томоохон компаниуд түрэн орж, унгарын дотоодын үйлдвэрлэл, газар тариалангийн салбарыг дампууруулсан нь томоохон цохилт болж эдийн засаг нь унахад нөлөөлсөн гэдэг. Гэхдээ янз бүрээр тайлбарладаг л даа.
Намайг өнгөрсөн жил очиход үнэхээр энд тэнд бүтээн байгуулалт зогссон байдалтай, хаа сайгүй зарна, түрээслэнэ гэсэн хоосон оффисийн байрууд, бас ард түмэн нь их бухимдалтай байх шиг ажиглагдсан. Харин юмны үнэ бусад барууны орнуудтай харьцуулахад хямд байдаг нь жуулчдыг ихээр татдаг байх. Тэнд амьдарч байсан олон ч монголчууд 2004 оноос хойш баруун зүгрүү нүүцгээсэн. Энэ жилээс байдал дээрдэх байх аа. Европын Холбооноос томоохон дэмжлэг авч байгаа гэж дуулсан.

 Цахим өртөө: Төрийн тогтолцооны хувьд манайхаас ялгаатай юм бий юү? 
 А. Булган: Сайн мэдэхгүй байна. Тун ойролцоо байх. 2 том өрсөлдөгч намтай, парламентад суудлаа хуваадаг, Засгийн газар нь яамдуудаа толгойлдог, парламент нь хуулиа баталдаг, 4 жил тутам сонгууль явагддаг г.м.

Цахим өртөө: Унгарын Оюутнуудтай хамт сурч байхад тэдний, бодвол утсан, хиам хэдэн сар хадгалсан ч амт чанараа алддаггүй, мууддаггүй байсныг санаж байна. Ер нь эднийх бренд гэмээр ямар сонин содон үйлдвэрлэл, үйлчилгээний, ер нь үйл ажиллагааны салбартай орон бэ? 
А. Булган: Унгарын алдарт салямиг хэлж байх шиг байна. Дэлхийд нэрд гарсан брэнд нь Pick salami гэж байдаг. Монголд хаяа нэг дэлгүүрт харагддаг л юм. Мөн унгар амтаас гэвэл улаан чинжүүг хэлж болно. Манайхны “унгар гуляш” гэж нэрлэдэг хоол нь унгартаа бол “гуяаш шөл” гэдэг улаан чинжүүгээр амталсан, гэхдээ халуун биш боловч хурц, мах ногоогоор баялаг, чухам амттай тийм шөл байдаг. Ёстой л нэг ядаргаа тайлдаг шөл дөө..

Өөр идэж уух юмнаас гэвэл унгарын Tokaj гэж вино байна. Tokaj гэдэг нь унгарын зүүн хойд талд орших уулархаг газар нутгийн нэр бөгөөд тэндхийн газар зүй, хөрсний бүтэц нь их онцлогтой, амттай усан үзэм ургах, виног хадгалах таатай орчныг бүрдүүлсэн байдаг. Энэ нутгийн оршин суугчдийн ихэнх нь хувиараа виноны аж ахуй эрхэлж, өөрийн нэрээр Tokaj төрлийн дарс нийлүүлдэг. Tokaj нь дотроо бас их олон янзаа.

Ер нь хөдөө орон нутагт нь жимс, ногоо тарьж, хувиараа аж ахуй эрхэлдэг айлууд зөндөө байдаг. Жижгэвтэр тосгонд айл бүр л хэдэн тахиа, гахай, галуу, нугас, эдлэн газартай. Тэндээ өөрсдөө хиамаа боловсруулж, ногоо жимсээ хурааж, амьжиргаагаа залгуулахаас гадна илүү гарсныг зарж борлуулна. Би лав нэг удаа галуунд нь хазуулж хамаагүй ойртохоос хаширч байсан.
Өөр бусад салбарын алдартай брэндээс гэвэл Herend хотын шаазан эдлэлийн үйлдвэрлэл байна. Тэнд гар аргаар маш нарийн чимхлүүр хийцтэй ваар, шаазанг захиалгаар хийдэг. Дэлхийн олон улс орнуудаас өндөр зэрэглэлийн аяга шаазангаа энд захиалж хийлгэдэг гэсэн.
Унгарууд мөн усан спортоор дэлхийд дээгүүр ордог.

Цахим өртөө: Үндэстний хувьд бусдаас ялгардаг зан авирын сонин содон онцлог чанарууд байдаг л байх даа. 
А. Булган: Унгарууд өөрсдийгөө гутранги улс гэж хэлдэг. Үүнийг өөрсдөдөө хэт шүүмжлэлтэй ханддаг гэж ойлгох хэрэгтэй л дээ. Энэ нь миний бодлоор тийм ч муу зан биш. Өөртөө болон бусдад тавих шаардлага өндөр байснаар одоогийн нөхцөлөө байнга сайжруулах, хөгжих боломжтой. Магадгүй илэн далангүй байдагтай нь ч холбоотой байх. Манайхны “нэрэлхүү” зангийн эсрэг юм уу даа.
Мэдээж найрсаг, зочломтгой ард түмэн. Үндэсний олон хоол нь монголтой төстэй, мах, төмс, гурил их ордог.
Гол нь нийтлэг зан гэвэл маш нээлттэй, бодол санаа, сэтгэлийн хөдөлгөөнөө чөлөөтэй илэрхийлдэг, хүнийг ялгаварлаж харьцдаггүй хүмүүс дээ. Монголчуудад бас их сайн.
Өөр нэг ялгаатай соёл бол танихгүй хүмүүс лифтэд таарахдаа хоорондоо заавал мэндэлдэг. Буухдаа ч заавал баяртай гэнэ. Гудамжинд, оффист, сургууль дээр, хаа ч бай нэг хүнтэйгээ өдөрт олон тааралдах бол төдий олон удаа хоорондоо мэндэлдэг. Ер нь мэндлэх нь их том соёлын нэг хэсэг. Мэндчилгээний үгс ч янз янзаараа байдаг. Жишээ нь өөрөөсөө эгчмэд эмэгтэй хүнтэй “Гарыг тань үнсье” гэсэн утгатай үгээр мэндчилдэг бол ахмад эрэгтэй хүнтэй “Таныг хүндэлье” гэсэн утгатай үгээр мэнд мэддэг. “Сайн уу” гэдэг үгийг мөн ч олон янзаар хэлдэг дээ...

Цахим өртөө: Мажар хэл сурах хэцүү байсан уу?
А. Булган: Би багадаа сурсан болохоор одоо хэцүү байсан эсэхийг санахгүй байна. Гэхдээ Унгар хэл нь европын бусад хэлний аймгуудад хамаардаггүй, маш эртнээс, зарим латин гаралтай хэлнээс ч өмнө үүсч хэрэглэгдэж байсан гэж үздэг. Ийм учраас үгсийн сангаар их баялаг, үйл үгний олон дүрэмтэй, их л цээжилж сурдаг хэл дээ. Итали хэлтэй хүн Испаниар сурахад амархан, Чех хэлтэй хүн Польш, Хорват хэл сурахад амархан байдаг бол Унгар хэл тэс ондоо, ямар ч хэлтэй хүн сурсан цоо шинэ л байдаг. Харин монголтой язгуур нэгтэй үгс олон байдаг нь хүннү гаралтай нь холбоотой байх.

Цахим өртөө: Жишээлбэл ямар үгс байх уу?
А.Булган: Жишээ нь ихэр гэдэг үгийг унгарааг `икээр` гэдэг. Шар гэдэг үгийг `шаарго` гэж дууддаг. 

Цахим өртөө: Таны бодлоор манайхаас Унгараас суралцмаар юу бна, нутагшуулмаар ямар технологи бна, хамтарч ажилламаар ямар салбар бна вэ?
А. Булган: Мэдээж сурах зүйл зөндөө. Унгарууд монголчуудтай адил боловсролыг их дээдэлдэг. Хүн бүр моод хөөж биш үнэхээр сонирхсон хүссэн мэргэжлээрээ сурахыг эрмэлздэг. Жишээ нь манай сургуулийн сэтгэл зүйн тэнхимд элсэхийн тулд 2-3 жил дараалан бэлдэж шалгалт өгч байж тэнцсэн оюутнууд нэлээн байдаг. Сэхээтнүүд нь мөнгийг чухалчилдаггүй, харин дуртай сонирхолтой мэргэжлээрээ л гүнзгийрэн суралцах, ажиллахыг илүүд үздэг.
Тиймээс ч унгарт нарийн мэргэжлийн боловсон хүчин сайн бэлтгэгдсэн байдаг. Би өмнө нь хамтарсан төсөл хэрэгжүүлж байгаа гэж байсан. Энэ нь болохоор унгарын архитекторын багтай хамтран монголд зарлагдаж буй зураг төслийн уралдаан, тендерүүдэд орж багагүй амжилт олоод байгаа. Цаашид олон салбараас, ялангуяа инженерчлэл, эм зүй, биотехнологи, барилгын салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг туршлагыг монголд оруулж ирэх, тэднээс суралцах, хамтран ажиллах хэрэгцээ, боломж монголд их байна. Унгар мэргэжилтнүүд барууны, ялангуяа герман, франц, канадуудаас харьцангуй бага зардлаар ирэх боломжтой боловч мэдлэг туршлагын хувьд дутахааргүй байдгыг хэлмээр байна.
Мөн Унгарт Монгол судлалын 150 жилийн түүхтэй тэнхим байдаг. Тэндээс олон сайн эрдэмтэн доктор төрөн гарсан ба дэлхийд алдартай монгол судлаачид нэлээдгүй байдаг. Тэнхимээс жил бүр сургуулийнхаа тэтгэлгээр унгар оюутнууд монголд ирж дадлага хийдэг бол монгол багш нар ч очиж багшилдаг уламжлалтай. Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалын үеэр Монгол судлалын тэнхим дээр очиж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэрээ хэлэлцээр хийж байгаа гэж сонссон. Унгарууд монголчуудад үнэхээр элэгтэй ард түмэн.

Цахим өртөө: Цаг зав гаргаж бидэнтэй ярилцсанд баярлалаа. Таны ажил, үйлсэд амжилт хүсье. 
А. Булган: Баярлалаа. Будапештийг заавал очиж үзэх хотуудын жагсаалтдаа оруулаарай. Таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Цахим өртөө холбоог төлөөлж Б. Жамц, И. Цэрэнхүү, Н. Номун-Эрдэнэ, Б. Найдалаа, Д. Цэрэнбат нарярилцлагыг хөтөлж, Унгар дахь монголчуудын холбооноос онлайнаар хөгжөөн дэмжив.
2014 оны 10-р сарын 17-ны өдөр



No comments:

Post a Comment