Монгол Улсын их
сургуулийн Монгол хэл, соёлын сургуулийн Хэл шинжлэлийн тэнхмийн эрхлэгч,
доктор М.Ууганбаяртай ярилцлаа.
-Таны “Нүүдэлчид, малчид, иргэншил” судалгааны өгүүлэл сонирхол татлаа. Монголчууд бол нүүдэлчин биш гэсэн санааг та дэвшүүлсэн байна лээ. Санаа анх төрсөн цэгээс яриагаа эхэлье?
-Би Монгол, Түрэгийн соёлын чиглэлийн ном зохиол нэлээдгүй уншсан. Унших явцад нүүдэлчин гэдэг ойлголтыг бүдүүлэг, соёлгүй гэдэгтэй адилтгах үзэл онол олон байдаг юм билээ. Эдгээр онол номд нүүдэлчдийг мал аж ахуйтай холбож үзсэн байдаг. Ингэхээр соёлын хүрээнд мал аж ахуй нь нүүдэлчдэд хамаарах уу, үгүй юү гэдгийг судлах сонирхол төрсөн. Улмаар лавшруулаад үзэхэд нүүдэлчин, малчин гэдэг хоёр ойлголт соёлын онолын үүднээс хоорондоо холбоотой биш гэдэг нь илэрхий болж ирсэн. Бид нүүдэлчид биш болох нь ойлгомжтой байв. Иргэншлийн асуудал, ялангуяа нүүдэлчид, малчид гэдэг ойлголтыг цоо шинээр томъёолохгүй бол онолын алдаа, төөрөгдөл бий болж байгааг анзаарсан. Ийм шалтгаанаар дээрх судалгааны өгүүллийг бичсэн.
-Гэтэл бид нүүдэлчид гэдгээрээ бахархах аястай байдаг. Дуу, шүлэг, уран зохиолоос үүний жишээг харж болно. Тэгэхээр бид нүүдэлчид биш юм бол хэн байсан болж таарах нь вэ?
-Нүүдэл гэдэг ойлголтыг соёлын антропологичид дасан зохицох чадвар гэдэгтэй холбон тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, ижил төстэй эдийн засгийн нөхцөл шалтгаан бол нийгэм, соёлын үр дүнгийн хувьд адилхан байдаг гэх онолын үзлээртүүгчид, тариаланчид, малчид, аж үйлдвэр гэхчлэн таван янзын соёлын үе шатыг антропологичид тодорхойлдог. Таван янзаар үзэхэд хүнс тэжээлийн үйлдвэрлэл бий болохоос өмнөх дасан зохицох цорын ганц чадвар бол түүн цуглуулах байжээ. Аж үйлдвэрийн бус нийгэм буюу үржүүлгийн нийгмийг цэцэрлэгчид, тариачид, малчид гэж хуваадаг. Ингээд харах юм бол хүнс тэжээл буюу өсгөн үржүүлэхүй гэдэг зүйл үүсэхээс өмнө зөвхөн хоол хүнсний анхдагч хэрэгцээгээ хангахын тулд хэрэн тэнэж явдаг, эдийн засгийн хувьд байгалиас бүрэн хамааралтай, суурин бус анчид, түүгчид л нүүдэлчид болж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, түүгчид, малчид нь дасан зохицохуйн өөр өөр хэв маягт хамаарна. Цаашлаад малчид нь нүүдэлчид буюу бүдүүлгүүд, байгалиас шууд хамааралтай хүмүүс биш гэдэг нь тодорхой болж байгаа юм.
Монголын эрдэмтэн, философич Б.Батчулуун энэ талаар судалгаа хийсэн. Харамсалтай нь иргэншлийг цэвэр хоттой холбож тайлбарласан байсан. Иргэн гэдэг бол хоттой холбоотой. Б.Батчулуун доктор газар тариалан гэдэг нь тогтмол олдох хүнс тэжээл бөгөөд хүн хүнс тэжээлтэй байхын тулд хэрэн тэнүүчлэх шаардлагагүй болсон гэх буюу газар тариалан иргэншлийг бий болгосон, хүн гэдэг амьтан газар тариалантай болоод хэрэн тэнэх шаардлагагүй болсон гэж үзсэн.
Мөн энэ судлаач суурьшилтай холбоотойгоор хүн бүдүүлэг байдлаасаа соёлтой байдал руу шилжсэн, байгалийн хүн, зэрлэг хүн гэдэг нь тариа тарьж мэддэггүй байдаг гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, хүнс тэжээлтэй байхын тулд байгалийн эрхшээлд байх нь эртний бүдүүлэг хэв маяг гэсэн маягаар тайлбарлаад, нүүдэлчид гэдэг нь тодорхой цаг хугацаанд байгалиас хараат байдагтай холбоотой гээд, монголчуудын бэлчээрийн мал аж ахуйд суурилсан нүүдэл бол түүн цуглуулах агнуурын ая дан харсан нүүдлээс эрс өөр хэдий ч нэгэнт нүүдэл болсон хойно хоцрогдмол шинж байна гээд Монголын хөдөөд нүүдлийн мал аж ахуй хэдэн зуун мянганы тэртээх байдлаар оршиж байгаа тул малчдыг энэ хүн нүүдэлчид гэж нэрлэсэн. Энэ дүгнэлтнээсээ улбаалаад малчдыг бүдүүлэг, байгалийн хүмүүс гэж үзсэн. Улмаар иргэншил, суурьшил, хотжилтыг зөвхөн газар тариалантай холбосон. Антропологийн онолын дасан зохицох чадвар гэдэг ойлголттой холбон үзвэл энэ нь эргэлзээтэй дүгнэлт болох нь харагдаж байгаа юм. Харин минийхээр бол газар тариалан нь дангаар суурьшил, иргэншлийг төлөөлөхгүй. Эрдэмтэд Монголын мал аж ахуйг дотор нь нүүдлийн, хагас суурьшлын, суурьшлын аж ахуй гэж хувааж судалсан байдаг.
Ер нь бол байнгын гэр сууц, өвөлжөө бүхий газартаа түүхийн турш тогтсон уламжлалт маршрутаараа давтамжтайгаар нүүдэллэх мал аж ахуйн хэлбэр Монголд зонхилж байсан. Энэ утгаар үзвэл малчид бол нүүдэлчин гэдэг нь худлаа төдийгүй, суурьшлыг зөвхөн газар тариалантай холбох нь өрөөс гөл болж байгаа юм. Би Түрэгийн соёлын онолчдын судалгааны дүгнэлтийг хэлье. Жишээ нь түрэгүүдийг нүүдэлчид болохоор бүдүүлгүүд гэх онол түгээмэл байдаг. Гэтэл түрэгийн нэртэй соёл судлаачид түрэгүүдийн морь адгуулдаг, төмөрлөгийг эзэмшдэг хоёр шинжээрээ ямар ч байсан нүүдэлчид биш гээд түрэгийн соёл бол талын соёл гэж тодорхойлсон. Эдгээр эрдэмтэд зөвхөн мал малладаг амьдралынх нь хэв маягаас болоод түрэгүүдийг нүүдэлчид гэж тодорхойлох нь буруу болоод юуны өмнө түүхийн хөгжлийн төлөв нь тодроогүй, барууны эрдэмтэд өөрсдийнх нь соёлын ойлголтын гадна нь байдаг учраас судалж чадаагүй, нүүдэлчин соёлын сэтгэлгээг одоогоор сайн мэдэгдэхгүй байна гэж үзсэн байгаа юм л даа.
-Түрэгүүд адилхан дүгнэлт хийгээд өөрсдийгөө талын соёлтой хүмүүс гэжээ. Тэгвэл бид нүүдэлчид биш юм бол ямар соёлтой хүмүүс байсан гэж үзэх вэ?
-Монголын соёлыг түрэгийн соёлын түүхчдийн томъёоллын дагуу талынх гэж нэрлэх нь зөв гэж бодож байгаа юм. Малчны соёл ч гэж хэлж болно. Эсвэл талын иргэншилтэй ч гэсэн болохоор. Яадаг ч байсан нүүдэлчин гэдэг нэр томъёо буруу гэж үзэж байна.
-Монголын талын соёл гэж нэрлээд байгаа нь бусад соёлоос ямар ялгаатай вэ?
-Мал маллагаатай холбоотой малыг гэршүүлсэн, өсгөн үржүүлсэн, мал аж ахуйд тулгуурласан эдийн засаг, үйлдвэрлэл бий болсон гэдгээрээ онцлог болж таарна. Байгальтай эвтэй найртай байдаг, байгальд дайсагнаж ханддаггүй гэдэг утгаараа экологийн соёл болдог. Магадгүй суурин иргэншлийн, тухайлбал хотжилтын үр дагавар гэж тооцогддог олон сөрөг шинж мал аж ахуйн иргэншилд байхгүй байх нь ойлгомжтой. Үүнийг талын соёлын давуу тал гэж үзэх боломжтой.
-Хот айл гэдэг ойлголт бий. Энэ бас их сонирхолтой хэв маяг шүү дээ.
-Энэ нэр томъёо сонирхолтой. Хот гэдэг нь суурьшмал, айл гэдэг нь малчин өрх гэсэн санааг гаргана. Тэгэхээр энэ нь “суурьшмал малчин” гэсэн хоёр янзын утгыг нэгтгэсэн сонирхолтой ойлголт байгаа юм. Хот айл гэдэг бол малчин иргэншилд л байх үзэгдэл. Энэ нь Европт байдаг, тэдний мэддэг суурьшил гэдгээс өөр ойлголт байх.
-Соёл цаашаа хөгжөөд явж байна. Хөдөөгийн айлууд тавган антентэй болж, хот маягийн хүмүүсийн хэрэглэдгийг хэрэглэж, уламжлалт мал ахуйгаа эрхэлж байна. Хөдөөний малчид хотод ирж байгаа нь соёлын шинэ хэлбэр үүсгэх үү, эсвэл соёл хөгжиж, шинэчлэгдэж байна гэж үзэх үү?
-Хөдөөний малчид орчин үеийн технологийн ололт болох зурагт, радио, гар утас, машин техник сэлтийг хэрэглэж байгаа нь зөв зүйл. Малчин соёл гэдэг нь орчин үеийн технологийн ололт амжилтыг ашиглахгүй байх гэсэн үг биш. Нөгөөтэйгүүр Монгол дан ганц малчин иргэншилтэй биш болжээ. ХХ зууны эхэнд Монгол нь тусгаар улс болсноос хойш дан ганц мал аж ахуйн иргэншилтэй биш, Өрнийн иргэншилтэй болж эхэлсэн. Хоёр иргэншил хослож байна гэж хэлж болно. Монгол бол нэг талаас малчин иргэншилтэй, нөгөө талаас суурин иргэншилтэй болж. Энэ утгаараа малчид олноороо хотод орж ирж суурьшиж байгаа, хотын хүн болж байгаа асуудлыг буруу гэж бодохгүй байгаа. Нэгэнт малчид суурин соёлыг өөрийн уламжлалт соёлоосоо илүүд үзэж байгаа бол бид яаж ч хорих боломжгүй юм. Энэ нь цэвэр хувь хүний эрх чөлөөний л асуудал.
-Орон зайн шилжилт юуг ч илчлэхгүй. Соёлт хүн бий болоход хэр их хугацаа шаардах вэ?
-Монголын өнөөгийн хотууд нь сонгодог утгаараа буюу Европ дахины хөгжилтэй орнуудынхтай адил аж үйлдвэржилтийн үр дүнд үүсээгүй. 1990-ээд оноос хойш хотжилт нь хөдөөнөө малчдын амьдрах бололцоо хязгаарлагдмал болж хот руу зах зээл байгааг дагаж орж ирсэн, соёлын бөөгнөрөл хүчтэй бий болсон цорын ганц хот гэдэг утгаараа олон зуу мянган хөдөөний хүн Улаанбаатарт төвлөрч байна. Энэ бол механик хотжилт. Хот аяндаа бий болсон биш, хүчээр шилжиж замбараагүй бөөгнөрөл бий болгож байна. Хөдөөгийн хүн хотод ирж байгаа нь хотын иргэн боллоо гэсэн үг биш юм. Улаанбаатар өдгөө том тосгон болчихсон. Том хөдөө болчихсон. Энэ их шилжилтийн харгайгаар Улаанбаатар хотын соёлоо алдаад, хөдөөгийн соёлд автах үзэгдэл бий болж байна.
-Энэ соёлыг та юу гэж нэрлэх вэ?
-Энэ нүүдлийг яг зогсооно гэхээсээ илүү ардчилсан буюу иргэний аргаар яаж хотын соёлыг бий болгох вэ, хөдөөгийнхнийг яаж хотын хүн болгох хэрэгтэй вэ гэдгийг бодох хэрэгтэй боллоо. Юуны өмнө орон сууцтай тохь тухтай амьдрах бололцоог хангаж, хүүхдүүдийнх нь сурах сургууль, өвдвөл очих эмнэлгийг барьж өгөх зэргээр дэм болж болно. Монголтой яг адилхан нөхцөлд байсан олон газар хөдөөжилтийг дээрх аргаар шийдсэн байна.
-Нөгөө талаас нь харвал уугуул соёл хотод орж ирээд замхрах юм биш үү. Хамгийн тоогүй нь мартагдах, өмнөхөөсөө дордож магадгүй юм.
-Бидний орчин үежилт, иргэншлийг үзэх үзэл, хөгжлийн ойлголт ямар байгаа вэ гэдэгтэй холбоотой. Бүх малчин хотод ирж амьдарна гэдэгт би хувьдаа эргэлзэж байна. Мал аж ахуй Монголын эдийн засагт өнөө хэр нөлөөтэй байгаа учраас хүмүүс малаа малласаар л байх болно. Явах нэг нь явна, үлдэх нэг нь үлдэнэ. Нөгөө талаасаа малчин иргэншлийг цэвэр соёлын үүднээс хамгаалах гэдэг зүйлийг бодох ёстой. Хөдөөний монгол малчдын иргэншил маань үнэхээр соёлтой байна уу, соёлын шинжээ хадгалж байгаа юу гэдэг нь маш сонирхолтой. Монголчууд хотын ч биш, хөдөөний ч биш буюу соёлын хоёрдмол байдал бий болсноос люмпенжилт буюу соёлгүйдэл бий болж байна. Тэднийг жинхэнэ уугуул соёлд нь буцааж оруулахын тулд ардын соёлыг дахин дэмжих, сурталчилах шаардлага гарлаа. Ардын соёл байгаа газар малчин соёл байсаар л байх болно. Мал аж ахуй иргэншлийн утгаа алдаад хотын соёлд ууссан гэдгээсээ илүү малчид маань соёлын хувьд эрлийзжээд ардын соёлоо алдсан байна.
Ж.Тэгшжаргал
No comments:
Post a Comment