Tuesday 7 October 2014

Н.Наранбаатар: Солонгосчууд соёлын бодлогоороо манайхыг базаж байна

"Өглөөний хүн" булангийн зураг авалттай шүү гэж хэлэхэд "Надад зураг авахуулахад өмсөх гоё хувцас байхгүй шүү" гэж тоглоом шоглоомоор хэлсэн энэ хүн яг өөрийн байгаагаараа л бусдад үнэлэгддэг. 
Мундаг болох гэж, донжтой байх гэж оролддоггүй тэрбээр бусдаас харин олон дүрийг хүсдэг, шаарддаг. 
Драмын театрын Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт, дэлхийн сонгодог бүтээлүүдийг найруулж, тайз, дэлгэцнээ амилуулсан, олон дүр бүтээсэн гээд Н.Наранбаатарын намтар, гуншинг бичье гэвэл энд урт жагсаалт болох биз. 
"Гамлет", "Тамгагүй төр", "Тэнгэрийн хүү", "Шөнө дундын бүжиг", "Би ч гэсэн жаргамаар байна" гээд түүний найруулсан сор бүтээлүүдийг нэрлэж болно.
Өдгөө таван хүүхдийн аав болон амьдралаа авч явж байгаа түүний уран бүтээлийн арвин их амжилтаас гадна хувийн амьдрал нь ч олон хүнд үлгэр дуурайл болдог.  
Соёл урлагийн салбарт орчин үед тодрон гарч ирж буй шилдэг найруулагчийн нэг Н.Наранбаатарын ярилцлагаар таны мэдэж авсан түүний уран бүтээлүүд, хувийн амьдралаас арай өөр мэдээлэл өгөхийг зорилоо. 
iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн”үргэлжилж байна. 

БИД ӨӨРСДИЙГӨӨ ХАЯАД ШАЛ ӨӨР ГАЗАР ЗҮЙН БАЙРШИЛТАЙ, ӨӨР СЭТГЭЛ ЗҮЙН ОНЦЛОГТОЙ ХҮМҮҮСИЙН ХЭМ ХЭМНЭЛИЙГ НААХ ГЭЭД АЛДААД БАЙНА

- Олон улсын кино наадамд явуулах “Сүүлчийн шөнө” кино энэ сарын 10-нд нээлтээ хийнэ гэсэн. Ямар онцлогтой кино вэ?
- Бид хүний амьдралын хамгийн ээдрээтэй, эгзэгтэй үеийг зохиол, кино болгож сонгож авдаг. Тэр эгзэгтэй үйл явдал нь эцэстээ хүнд ухаарал, оюун бодолд нь нэмэр болох тийм л зүйлүүдийг уран бүтээл болгож хүргэж байдаг. 
Тэгэхээр хүмүүс хэрхэн амьдрах ёстойг нь уран бүтээл хэлж байх ёстой. 

- Хэрхэн амьдрах ёстойг нь хэлж өгөх биш. Бид хэрхэн амьдарч байгаагаа л үзүүлдэг болчихоод байх шиг байна. 
- Амьдарч байгаагаа л үзүүлэх юм бол энэ урлаг биш. Харин хэрхэн амьдрах ёстой вэ гэдгийг хэлж өгснөөрөө урлаг болж байгаа юм. Түүнээс зүгээр л байдаг зүйлийг хийх юм бол юу нь сонин бэ.
Гол нь бид буруу мессеж л өгч болохгүй. Яагаад гэвэл кино бол урлаг дундаасаа хамгийн хүчтэй зэвсэг байж чаддаг. Хүний оюун санаанд тэр дундаа төлөвшлөө олоогүй өсвөр насныханд буруу мессеж өгөх нь бүр аюултай. Тиймээс кино хийж байгаа хүмүүс киног маш болгоомжтой хийх ёстой. Юун тухай өгүүлэх, юуг би хүнд хүргэх гэж байгаа билээ гэдгээ өөрөө мэдэх ёстой. Мөнгө олох гэж байна гээд засаг замбараагүй, үзэл сурталгүй, бодлогогүй, ёс суртахуунгүй уран бүтээл хийх юм бол хамгийн их кино үздэг өсвөр насныхан түүнийг нь тэр чигээр нь хүлээгээд авчихаж байна. 
- Үзэл сурталгүй гэхээр хүмүүс таныг ямар коммунист юм бэ гэхгүй юу?
- Үгүй байх аа. Үзэл суртал гэдэг чинь хамгийн чухал. 
Одоо энэ улстөрийн намуудад гэхэд үзэл суртал нь байхгүй болчихсон байна шүү дээ. 
Үзэл суртал гэдэг чинь том ухагдахуун. Юуг чухалчлах, юуг үнэн гэх, юуг чигээ болгож явах вэ гэдэг чинь үзэл суртал. Энэ зүйл байхгүй болчихоор бид ямар ч баримжаагүй болчихоод байна л даа. Тэгэхээр бид кино урлагт их болгоомжтой хандах ёстой. Миний хувьд ингэж эмзэглэж уран бүтээлээ хийдэг. 
Театр урлаг гэдэг бол арай өөр. Хүмүүс тэнд зорьж очиж үздэг. Тэнд илүү боловсорсон хүмүүс ирдэг. Театрын жүжгүүд ихэнхдээ их эерэг хандлагатай байж чаддаг болов уу. Жишээ нь, хүүхдүүдэд зориулсан “Норовын намтар”, “Лусын дагина” зэрэг нь эцэстээ хүүхдүүдийн зөв хүмүүжилд нөлөөлдөг оюун санааны талх нь юм. 
Гэтэл киног өнөөдөр ямар нэг цензургүй хийгээд, гаргаад байна. Хэдэн цаас олохын тулд кино хийж байгаа хүн яаж урлагийн хүн байж чадаж байна аа. Урлагийн хүний гоо зүй, ёс суртахуун, соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх үүргээ гүйцэтгэх энэ чанар хаашаа алга болох гээд байна вэ. 

- Тантай санал нэг байна. Гэхдээ сүүлийн үед гарч байгаа кинонууд хэтэрхий их цус, хүчирхийлэл зэргийг харуулахыг хичээдэг болчихсон юм шиг. Хүмүүс үздэг болохоор тэр ч юм уу.
- Бид Америкаас их юм хуулж байна. Эцэс сүүлдээ үр хүүхдийнхээ хүмүүжлийн ёс суртахууны хэм хэмнэлийг хүртэл Америкчуудаас хуулж байна. 911 рүү залгана ч гэх шиг. Ийм тэнэг зүйл байж болохгүй л дээ.  
Газар зүйн байршил, өвөг дээдэс, цус, төрх байдал, оюун санааны хувьд бид шал өөр хүмүүс. Дорно дахины соёл гэдэг өөрөө их агуу. Бид бусдыг дуурайх шаардлага огт байхгүй.
Жишээ нь би боддог. Монгол хүн хүүхэддээ таван салаа боовны амт үзүүлж байж л өсгөдөг байсан. Мэдээж хэтрүүлж болохгүй. Ерөөсөө жаахан хатуу чанга гартай байж  Монгол хүнийг хүмүүжилтэй өсгөдөг байсан болов уу. Гэх мэт дорнын их өвөрмөц онцлогууд бий. Тэрийг бид хаяад шал өөр газар зүйн байршилтай, өөр сэтгэл зүйн онцлогтой хүмүүсийн хэм хэмнэлийг өөрсдөдөө наах гээд алдаад байна. Зарим нь бүр Америк киног тэр чигээр нь хуулаад тавьчихдаг. 
Тэр бол тухайн газар зүйн болоод хүмүүсийн онцлогийг л харуулсан кинонууд. Харин бид өөрсдийнхөө онцлогийг харуулсан уран бүтээлээ хийх хэрэгтэй. “Гарьд магнай” шиг кино байх хэрэгтэй байна шүү дээ. Монгол сэтгэлгээ, Монгол ухаан, Монгол хэл ярианы дархлаатай, зөв хэлтэй кино хийх хэрэгтэй. 
Бид зүгээр л хүмүүсийн хүлээлт, таашаалд нь тааруулж кино хийгээд байна. Уг нь кино гэдэг чинь бусдыг сургаж байх ёстой гэдгийг би хэллээ. Хэрхэн зөв амьдрахыг хэлж байх ёстой. Би ингэж л боддог. Мэдэхгүй, надаас өөр бодолтой хүн байж магадгүй юм. 

- “Сүүлчийн шөнө” тэгвэл юу илэрхийлсэн кино вэ?
- Энэ кино хүний амьдралын гурван үеийг харуулдаг. Гэхдээ энэ их чухал гурван үе. 17-20 насны шилжилтийн үе буюу амьдралыг илүү их өөдрөгөөр боддог, илүү их гэгээлэг, бадрангуй, бүх зүйлийг сайхнаар төсөөлдөг үе байдаг. Харамсалтай нь амьдрал хүн болгоныг сайхнаар угтдаггүй шүү дээ. Гэхдээ энэ хугацаанд хүн маш их романтик байдаг. Романтик гэдэг үгийн утга нь хэзээ ч амьдралд байгаагүй, байж болшгүй зүйлийг романтаклана гэдэг юм. Ийм цаг хүнд байдаг. 
За энэ үеэс хойш 37-45 насны амьдрал бол бас их эгзэгтэй. Гэр бүлтэй, тодорхой хэмжээнд байр суурьтай болчихсон мөртлөө ертөнцийг үзэх үзэл, гоо зүйн таашаал, физиологийн хувьд асар их өөрчлөлт ордог үе. Энэ үеийг халтиргааны үе гэдэг. 
Үүнээс хойш 60 хүрч байгаа хүмүүст бас нэг онцлог байдаг. Энэ бол оюун санааны шилжилтийн үе байдаг. Аливааг уучилдаг илүү нигүүлсэнгүй болдог үе.  “Монгол хүн 60 хүрч ухаан суугаад 61-тэйдээ бурхан болдог” гэдэг үг ч байдаг. Ухаан сууна гэдэг чинь ухаантай болж байгаадаа биш амьдралыг жаахан таньж мэддэг болж байна гэсэн үг. Хүн хүнийг  бүрэн гүйцэд таньж мэднэ гэж хорвоо ертөнцөд байхгүй. Гэхдээ тодорхой хэмжээгээр мэдэж болдог. Үүнийг ойлгосон хүмүүс аливаад хандах хандлага нь өөр болдог. Илүү тэнүүн, уужуу болж байх жишээтэй. 
Эцэстээ хүний амьдрал гэдэг өөрөө гэр бүл юм байна. Үр, ач, гучынхаа баяр баяслаар хүн хоёр дахь удаагаа амьдардаг юм байна гэдгийг ойлгодог байх. Энэ бүгдээс онцлох нь хүний амьдралын хамгийн нандин булаг бол хайр байдаг. 
Хүн болгоны хайр сэтгэлд хандах хандлага өөр өөр. Нууц амраг байж болно. Гэр бүлээсээ салаад өөр хүнтэй сууж болно. Салах гэж оролдож болно. Анхны хайр нь бүтэлгүйтэж болно. Бүтсэн байж болно. Хайр нь хожимдож ирж болно. 
Хайр өөрөө тайлагдашгүй томъёолол. Хайр бол мөнхийн сэдэв. Яагаад мөнхийн сэдэв бэ гэхээр үүнийг хүн тайлж чадахгүй байгаа учир. Хүн тайлж мэддэг зүйлээ теорем зохиогоод, томъёолоод тунхаглачихдаг. Энэ зүйлийг тайлж чадахгүй учраас бид үүнийг мөнхөд хайсаар байна. 
“Зүрхэнд үрчлээ суудаггүй” гэдэг үг байдаг. Хүн хэчнээн хөгширсөн ч зүрх нь догдолдог. Нас харгалзахгүйгээр дурладаг, хайрладаг. Энэ бүхнийг хүн гэгээн, нандин байдлаар хадгалж үлдээх ёстой. Хүн амьдралынхаа эцэст бодохдоо би тийм зүйл бүтээж билээ гэж нэг ярина. Тийм үйлдвэр байгуулсан гэж бас ярих байх.
Гэхдээ явж явж хүний амьдралын хамгийн нандин дурсамж хайранд л оршиж байдаг болов уу. Энэ тухай л кино өгүүлж байгаа.  
Хүн өөрт ирсэн хайр бүхнийг илүү их нандигнаж хайрлаж, зөв бодолтой авч явж байгаасай, битгий үзэн ядалт, өш хонзон болгож хувиргаасай гэж хэлэхийг хүсч байна.  Сэнгийн Эрдэнэ гуай “Амьдрал бол тэр чигээрээ уучлалт юм” гэж хэлсэн байдаг. Яг энэ тухай л өгүүлнэ. 

- Таныг “хайр Пара” гэж хүртэл хэлдэг болсон байсан. Үргэлж хайрын тухай уран бүтээл дээр ажилладаг учраас ийм нэр авсан байх. Тэгэхээр энэ тайлагдаагүй сэдвийн бас нэгэн үргэлжлэл гэж ойлголоо. 
- Тийм ээ. Баатар ах тэгж хэлсэн. Би нэг зүйлийг шударга хэлье. Би хэзээ ч адал явдалт буюу зодоон зохионтой кино хийхгүй. Бүр цаашилбал аймшгийн кино хэзээ ч хийхгүй. 

- Гэхдээ та энэ урсгалуудыг хүлээн зөвшөөрдөг биз дээ. 
- Аймшгийн киног  хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Яагаад гэхээр энэ нь өөрөө асар том ёр байдаг байхгүй юу. Ер нь ийм төрлийн бүтээл хийсэн хүмүүсийн ард нь заавал нэг юм болж байдаг. Кино гэдэг чинь өөрөө асар том зөн билгийн зүйл шүү дээ. Мэдээж түүхэн кино гэдэг байх ёстой. Түүхэн сайн кино хийх юмсан гэсэн бодол ч байдаг. Аймшгийн киног би хувьдаа үзэн яддаг. Ёртой, цус нөжтэй кино ер нь л дэмий. Яагаад үүнийг бид хүсэх ёстой гэж. 
Ер нь хүний оюун санаа, сэрэл сэтгэхүйд улай үзэх сонирхол байдаг уу гэвэл байдаг. Үүнийг Монголчууд яаж дардаг вэ гэхээр хонь мал муулаад энэ сонирхол нь тайлагдчихдаг гэж ярьдаг байхгүй юу. Харин баруунд ийм зүйл байдаггүй учраас энэ сонирхлыг нь кинонд оруулж өгөөд байна. Манайд бол улай үзэх нь хангалттай харсан зүйл юм. Дахиад шаардлага юу билээ. 
- Таны ярианаас сонсож байхад найруулагч хүн сэтгэл зүйч шиг болчихдог юм шиг. 
- Тийм шүү дээ. (инээв)
ГЭДЭС НЬ ЦАДААД ЭХЛЭХЭЭР ХҮНД НЭГ ТОМ ЗҮЙЛ ДУТНА АА ДАА. ОЮУН САНАА БУЮУ ГОО ЗҮЙН ХЭРЭГЦЭЭ ...

- Монголчууд бидний нэг дутагдал нь огт мэргэшиж чадахгүйд байдаг гэдэг шүү дээ. Жишээ нь та тайз, дэлгэцийн уран бүтээлийг хоёуланг нь найруулаад явж байна. Энд ялгаатай зүйл байдаг уу. Эсвэл найруулагч хүний хувьд ийм зөрчил байдаггүй юу?
- Миний хамгийн их хүндэтгэдэг уран бүтээлчид ихэнх нь Орос байдаг. Надад америк кино төдийлөн таалагддаггүй. Яагаад гэхээр орос кино хүний зүрхтэй бас оюун санаатай ярьдаг. Та нар бод доо. Америк киног бид их үздэг. Харин юу үлддэг вэ. Тухайн үедээ л маш сонирхолтой. Дараа нь юу ч үлддэггүй. Оросын тухайд урлагийн өлгий нутаг. Кино урлаг нь үүнийг харуулж чаддаг.  
Утга зохиолын хувьд кино зохиол маш доогуурт үнэлэгддэг. Дээгүүрт жүжгийн зохиол, роман гэх мэт ороод явна. Кино зохиол тийм дээгүүр залардаггүй. Үүнийг хэлэхээр үнэ цэнийн тухай нэг ойлголт гарч ирэх байх. Театр урлагийн найруулагч кино найруулж байсан маш олон түүхтэй. Харин ч бүр сонин, сайхан кинонууд хийсэн байдаг. Найруулагч хүний үндсэн зарчим ижилхэн. Театр нэг орон зайд бүхий л цаг хугацааг зангиддаг. Текст, яриагаар илүү ихийг илэрхийлэхийг чармайна. Киноны тухайд бүх цаг үеэр аялж болно. Хүссэн газраа зураг авч болно. Оюун сэтгэлгээний хувьд маш их эрх чөлөөтэй юм. Үндсэн ялгаа нь энэ. 
Нөгөө талаар дуртай бачка нь кино найруулаад байхад яагаад мэргэжлийн найруулагч би кино найруулж болохгүй гэж гэсэн утга бас байж болно. 
Сайхан кино хийж хүмүүст хүргэх юмсан гэсэн бодол надад байсаар байдаг. 
Гэхдээ “сайн, муугаар сав дүүрнэ” гэдэг үг бий. Гол нь манайд муу нь илүү байх гээд байх шиг байна. 
- Кино хийж байгаа хүмүүсийг үгүйсгэх хэцүү байх. Алтан үеийн уран бүтээлчдээс хойш орчин үед кино урлагаас тодорч гарч ирсэн од ховор байна.  Тэгэхээр тэд хийсээр байгаад л хэзээ нэг өдөр арга барилаа олохгүй гэж үү?
- Холбоос гэж нэг зүйл байна. 
Алтан үеийн мундаг сайн уран бүтээлчид тухайн үедээ гялалзаж байж. Одоо ч тэд үгүйлэгдсээр байдаг. Харин бид ардчилал гэж нэг шилжилтэнд орсон. Тэгэхээр энэ шилжилтийг хувь хүн болгон нуруундаа ачаа үүрч байж давж гарна. Яг энэ үед соёл урлаг хаягддаг. Хүн болгон маргаашийн талхаа боддог. 
Хүн хувийн өмчтэй байх нь орчин үед гол зүйл болж байна. Энэ сэтгэлгээ нь хэт давамгайлаад ирэхээр хүний хувиа хичээх үзэл их болдог. Хувиа бодож, довоо шарлуулна гэдэг ухагдахуун манайд илүү хөгжөөд байна. Яг энэ үед урлаг хаягдчихсан. Одоо яах вэ эргээд сэргэж л байна. 
Хүн өнөөдөр, маргаашийнхаа талхыг олоод гэдэс нь цадаад эхлэхээр нэг том зүйл дутна аа даа.Оюун санаа буюу гоо зүйн хэрэгцээ бий болж тархиа хооллож эхлэх тухай бодож эхэлдэг. Гэтэл энэ хооронд урлагийг авч явах хүмүүс зарим нь наймаа хийгээд  гахай үүрээд явчихсан. Форм алдагдсан учраас магадгүй сайн хүмүүс гарч ирээгүй байна.  Үүнд чинь бас тодорхой хугацаа хэрэгтэй шүү дээ. 

- Энэ алдагдсан үеийг дүүргэсэн хүмүүс бол хошин урлагийнхан байх. Тийм үү?
- Теартрийн урлагт хошин урлагийн тусдаа төрөл байдаг. Энэ бол байх ёстой зүйл. Энэ төрөл хөгжих ёстой жанар мөнөөсөө мөн. Хошин урлаг яагаад илүү хөгжсөн юм бэ. Нийгэм их стресстэй байсан. Ийм үед хүн инээдээр бухимдлаа тайлдаг. Тэгэхээр хошин урлаг өөрийн гэсэн үүргээ гүйцэтгэсэн. Хүмүүсийн цэнгэн баясах хүсэмжлэлийн нэгийг нь өгч байсан гэсэн үг. Цэнгэн баясах хэрэгцээний нэг төрөл нь баар, цэнгээний газруудад очиж бүжиглэх, ууж, идэх явдал байдаг. Энэ үйлчилгээ давхар давхар орж ирээд нэг хэсэг баар сав чинь нүгэлтэй сайхан ажиллалаа шүү дээ. 

- Та хошин шогийн тоглолт үздэг үү?
- Сүүлийн гурван жил үзэж амжсангүй. 

- Шинээр гарч байгаа кинонуудыг үзэж байгаа юу?
- За бас амжихгүй л байна даа. 

- Сүүлд хамгийн их сэтгэл ханаж үзсэн Монгол киног нэрлэхгүй юу?
- Миний л бодол юм даа. Хүний зүрхтэй, оюун санаатай ярьсан кино байхгүй байна.
Миний хувьд хамгийн гоё кино "Гарьд магнай".  Яагаад гэхээр энэ кинонууд тэр чигээрээ Монгол хөрстэй, мэдэрч хийсэн кинонууд байдаг. Хамгийн гол нь тэд хэн нэгнийг дуурайгаагүй байгаа биз.Америкийг, Энэтхэгийг дуурайгаагүйд нэг учир байна. Яг л Монгол хүний тоглолт, Монгол ахуй, Монгол зөв хэл яриа тэнд байдаг учир бид уйдахгүй үзсээр байдаг. 
Сүүлийн үеийн кинонууд бас арай л дэндүү улайм цайм бусдыг хуулж, дуурайж байна. Бүр зарим план нь тэр чигээрээ хуулбар байгааг одоо мэдээлэл хөгжсөн энэ үед бид үзчихэж байна шүү дээ. Ер ньбид хуулах л дуртай болж. Өөрөө өөрийнхөө тархийг ажиллуулах дургүй болж. 
- Кино хийгээд хэр ашигтай байдаг вэ?
- Ашигтай нь ашигтай. Ашиггүй нь ашиггүй. "Шатаж" байгаа хүмүүс ч байдаг. Янз бүр. 

- Таны хувьд?
- Боломжийн. Дараагийн уран бүтээлээ туурвих хэмжээний мөнгө олдог.

- Нэг кино ямар хугацаанд бүтэж байна вэ?
- Кинонд жаахан удаан хугацаа зарцуулмаар байдаг. Гэвч нийгэм хурдтай болоод бүх зүйл цаг хугацаатай уралдахаас өөр аргагүй байна. Цаг хугацаа дээр үеийн цагаас арай хурдан яваад байх шиг байна. /инээв/
Магадгүй хоёр сарын хугацаанд кино хийж байна. 
ХАМГИЙН НОЦТОЙ АСУУДАЛ БУЮУ МОНГОЛ ХҮНИЙ ҮНДСЭН ДАРХЛАА БОЛОХ ДҮР ТӨРХ, ЗАН БАЙДАЛ, АЛХАА ГИШГЭЭ, ХАРЬЦАА, ХАНДЛАГА БАЙХГҮЙ БОЛЖ БАЙНА

- Та Оросын уран бүтээлээс их эш татдаг юм байна. Тэгвэл Оросын орчин үеийн кинонууд ч бас тийм ч их сэтгэлд хүрэхээ байсан гэж ярих хүн цөөнгүй. 
- Үгүй ээ. 
Сүүлийн үеийн кинонууд нь маш сайн болж байгаа. Михалковийн кинонууд гэхэд маш их сайжирсан. Яг тэр шилжилтийн буюу перестройкагийн үед кино урлаг нь мэдээж муудсан. Тэгээд том соёлт ард түмэн учраас эдийн засаг нь босоод ирэхээр төр засаг нь кино урлаг руугаа хөрөнгө хаяж эхэлсэн. 
Одоо америкт сэдэв байхгүй болчихсон. Хүнийг тухайн агшинд нь л барьдаг. Юу ч өгдөггүй. Өгдөг нь ганц нэгхэн бүтээл байдаг. Үлдэц их багатай. Энэ нь америк, европчууддаа л их таалагддаг. Цагийг зугаатай өнгөрүүлэх сэтгэхүйд нь таардаг. Харин дорнын соёл гэдэг бол шал өөр. 
Уран бүтээлээс маш их зүйлийг авдаг. Тэндээс маш олон зүйлийг өөртөө бий болгодог. Дорнын сэтгэлгээ гэдэг чинь өөрөө хүнд тал руугаа. Уйлж ухаардаг гэж ярьдаг даа. Яагаад Монголчууд, Хятадууд, Солонгосчууд, Япончууд уйлдаг кинонд дуртай байдаг вэ. Энэ бол сэтгэлгээний онцлог. 
Хамгийн энгийн жишээ өрнийн соёлд ээж, аав, нутаг усны тухай дуу, шүлэг их ховор. Гэтэл дорнын соёлд ямар их ээж, аав, нутаг усны тухай уран бүтээл байдаг билээ. Бид байгальтайгаа, эцэг, эхтэйгээ илүү ойр амьдардаг. Бидэнд эцэг, эхээ асрамжийн газарт өгөх бодол байдаггүй. Тэгэхээр дорнын энэ олон ухагдахуун чинь өөрөө их онцлогтой. 
- Нэгэнт киноны тухай ярьж байгаа учир Монголчуудын үзэх дуртай Солонгосын олон ангит киноны тухай асуухгүй өнгөрч болохгүй нь. Та солонгос савангийн дуурь үзэж байна уу?
- Үгүй.
Сайн хийгдсэн нэг ангит киног нь бол үздэг. Солонгос кино гэдэг бол Солонгосын өөрийнх нь айхтар бодлого. ​Буурай хөгжилтэй орныг өөрийн хараанд аясаар нь байлгах гэсэн үндсэн зорилго өнөөдөр үйлчлээд байна. Үүнийгээ хийхийн тулд хамгийн түрүүнд соёлын бодлогоороо орж ирж байна л даа. 
- Манайхан өөрсдөө очиж худалдаж авч үзүүлээд байгаа биз дээ?
- Тийм. 
Явган, жижигхэн атаа жөтөөгөөр кино хийгээд тэр нь их зөрчилтэй юм шиг манайхан үзээд байх шиг байна. 
Телевизийнхэн ямар аймшигтай сөрөг мэдээллийг үзэгчдэд өгч байгаа вэ гэдгээ ухаарах хэрэгтэй.Манай телевизийг олон хүн үзээсэй гэж бодоод л үүнийг цацаад байдаг. 

- Гол нь үзэгчид Солонгос киног хайж байгаад олж үзээд байна шүү дээ. 
- Үзэхгүй яах юм. 
Хүмүүсийг автуулж байна. Энэ олон киногоор Солонгосчууд юу хийж чадсан бэ.
Солонгос хоолыг бид нарт сурталчиллаа. “Жангум” гээд л киног хар. Энэ чинь ганцхан кино бас хоолны тухай асуудал биш. Эдийн засгийн том асуудал. Солонгос хоол ямар нандин юм бэ. Ямар их түүхтэй юм бэ. Ямар их эмчилгээний жортой юм бэ гэдэг сэдэлжилтийг өгөөд байна шүү дээ. Эцэст нь юу болсон бэ. Манайхан Солонгос хоолны газруудад дүүрэн үйлчлүүлж байна. Солонгос машин унадаг болсон.  
Одоо хамгийн ноцтой асуудал буюу Монгол хүний үндсэн дархлаа болох дүр төрх, зан байдал, алхаа гишгээ, харьцаа, хандлага нь байхгүй болж байна. Өсвөр насны банди нарыг хар даа. Тув туранхай, эр, эм нь мэдэгдэхгүй нарийхан өмд өмсөөд, үсээ босгоод, нүүрээ будаад явж байх жишээтэй. Ийм Монгол хүн байдаг юм уу. Яаж байна вэ гэхээр Солонгосчууд соёлын бодлогоороо манайхыг базаж байна шүү дээ. Эндээс кино урлаг гэдэг өөрөө ямар хүчтэй вэ гэдгийг л харуулж байгаа хэрэг юм.
Мэдээж энэ бодлогыг ганцхан Монгол руу чиглүүлэхгүй нь ойлгомжтой. Олон оронд энэ бодлогоо хэрэгжүүлж эдийн засгаа тэлж байна шүү дээ. 
Америк ч мөн адил. Холливүдийн кино тус орны хамгийн том сурталчилгааны хэлбэр гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Гэтэл хамгийн ноцтой зүйл нь Америк оронд хэзээ ч кинон дээрээ гардаг шиг амьдрал байдаггүй. Секс, зодоон, алаан хядаан гэх мэт зүйлсээр бид америкийг төсөөлдөг. Яг амьдрал дээрээ тэд дэгтэй, журамтай, тайван амьдардаг ард түмэн шүү дээ. Харин бид тэдний киног нь үзчихээд ингэж амьдрах ёстой юм байна гэж андуураад явж байна даа. 
-  Тэгэхээр манай улсын хувьд ямар ч соёлын нэгдсэн бодлого алга. 
- Яг зөв.
Соёлын бодлоготой болж юуг нь гаргах, юуг нь хориглох зэрэг аливаа зүйл өөрөө үзэл, сурталтай байх ёстой. Бид хэт чөлөөтэй байна. Урлаг хэт их залуучуудын зан байдалд нийцүүлэх гээд оролдоод байдаг. Гэтэл тэдэнд ингэж болдгийг биш болохгүйг нь үзүүлэх хэрэгтэй байна. 
БРОДВЭЙД ГЭХЭД ХЭН КАССЫГ НЬ ДҮҮРГЭДЭГ ВЭ. ДАНДАА ЖУУЛЧИД НЬ ШҮҮ ДЭЭ

- Драмын театр яагаад их нам гүм байна вэ?
- Бид хуучин урын сан дахь жүжгүүдээсээ тоглоно. Дээрээс нь долоон өөр найруулагч, долоон өөр үзэл санаа, долоон өөр ертөнц гээд долоо төслийн хүрээнд уран бүтээл хийнэ. 
Эдийн засгийн хямрал гээд энэ жилийн тухайд бид маш бага төсөвтэй байгаа. Ирэх жилийн тухайд нэлээд томоохон уран бүтээлүүд дээр ажиллана. Бурхан багшийн намтраар "Үнэний хаан Будда", Уильям Шекспирийн "Ромео Жулетта хоёр", Ч.Лодойдамба гуайн "Гарын таван хуруу"-г дахин үзэгчиддээ хүргэх гэж байна. 
- Драмын театраас гарсан жүжигчдийн ярилцлагыг харахаар хоёр, гурван жил цалин авч үзээгүй гэх хүмүүс байдаг юм билээ. Энэ үнэн үү?
- Тэр нь ч юу юм. Цалин багын хувьд бага. 
Төрөөс уран бүтээлчдийн цалинд хязгаар тогтоогоод өгчихсөн байдаг. Уг нь тухайн уран бүтээлч хийсэн бүтээснээ нэмээд нэмэлт орлого олох боломж байдаг ч хуульд тийм заалт байдаггүй. Бид "Гамлет" тавиад заал дүүрэн хүн үзээд ашигтай ажиллаж чаддаг. Гэтэл энэ олсон мөнгөө эргээд улсад тушаачихдаг. Гэтэл энэ олсон мөнгөө захиран зарцуулах эрхтэй бол маш сайн тоглосон жүжигчиндээ урамшуулал өгч болж байна. Энэ эрх зүйн орчин нь бүрдээгүй учир ийм боломж байхгүй байгаа нь харамсалтай. 

- Энэ өөрчлөлтийг тэгээд хийх боломжгүй гэсэн үү?
- Манай зүгээс саналаа өгөөд л байгаа. Шийдэгдээгүй л байна. Хавар ч гэсэн соёл, урлагийн салбарынхан жагсаал хийгээд амьдрал хэцүү байгаагаа илэрхийлсэн.
Орост гэхэд театр урлаг руугаа маш их анхаардаг. Ингэж оюуны хөтөч нартаа анхаарал тавьж тэднээс сайн уран бүтээл нэхдэг. Хятадын төр ч гэсэн кино урлаг руугаа маш сайн анхаарсан.  Тэд нэг л зүйлийг чухалчилсан. Дундад улс гэдэг бол аливаа зүйлийн эхлэл, төрт ёс, бичиг соёлын эхлэл юм шүү гэдгийг киногоороо харуулахыг зорьсон. 
Дэлхийн долоон тэрбум хүн чинь бүгдээрээ ухаантан биш. Үсрээд л хоёр тэрбум нь боломжийн хүмүүс байгаа бол таван тэрбум нь зүгээр л дагалдагч нар. Гэтэл тэр таван тэрбум хүн Хятад гэдэг бол мундаг өв соёлтой, мундаг улс юм байна гээд л ойлгоод авчихдаг. Тэгэхээр кино урлаг гэдэг маш том зэвсэг. 

Монголын тухайд бид бүгдээрээ 13-р зууны тухай хангалттай ойлголттой болчихсон. Хэн ч гэсэн 13-р зууны үеийн түүхээр хэн нэгэнтэй маргалдах хэмжээний мэдээлэлтэй болчихсон байна. Гэтэл тэрнээс өмнө Хүннүгийн үед хамгийн анхны төрт улсыг бий болгож байсан гэдгийг Германы нэрт философич Гегель хүртэл хэлчихсэн байгаа. 
Тэгэхээр өөрсдийнхөө энэ хамгийн анхны төрт улсыг бий болгосон гэдэг онцлогоороо, асар өндөр соёл иргэншилтэй байсан гэдэг утгаараа уран сайхны мундаг кино хийгээд дэлхий нийтэд цацахад хамгийн наад зах нь аялал жуулчлал хөгжих нэг нөхцөл болно. Түүнээс бид энд зүгээр хэдэн плакат хадчихаад "ирээч ээ, ирээч ээ" гээд суугаад байвал хэн ч ирэхгүй л дээ. Уг нь ийм зүйлийг  урлагаар дамжуулж хийдэг байхгүй юу. Үүнийг дагаад маш олон үйлчилгээ хөгждөг.
Бродвэйд гэхэд хэн кассыг нь дүүргэдэг вэ. Дандаа жуулчид нь шүү дээ. Өөрсдөө байнга үзээд байдаггүй л байхгүй юу.  

- Хавар урлагийнханы жагсаал болоход нэг хүний хэлсэн үгийг мартдаггүй юм. Талхаа авч идэж чадахгүй байхад юуны урлагийнхны цалин бэ гэж хэлж билээ.
- Юун урлагийнхан бэ гэсэн гэнэ ээ. 
Урлаггүйгээр хүн амьдрах боломжгүй. Бүх юм өөрөө урлаг. Гэртээ амьдрах, хоол хийх, харилцааны соёл энэ бол бүгд урлаг. Энэ бүгдийг бодит болгож байгаа нь мэргэжлийн урлагийнхан. Тэр нөхөр урлаггүйгээр яаж амьдрахыг нь л хармаар байна. 
- Та дахиж хүүхэдтэй болох төлөвлөгөө бий юу?
- Одоо төлөвлөгөө алга даа. 

Ярилцсан Ч.БОЛОРТУЯА ( @Bolort )


No comments:

Post a Comment