Monday, 20 October 2014

Б.Батболд: Улаанбаатар бол хуучин Оросын загвар, сүүлдээ Хятад Солонгосын маш муу copy болж эхэлсэн



“Open door" сонин Гудамж тѳслийн захирал, доктор (PhD) ноён Б.Батболдыг VIPerson зочноороо урьсан  
юм. 

-Би анх удаа хот төлөвлөлтийн мэргэжилтэй зочин урьж ярилцаж байна. Таны мэргэжил их ховор юм шиг ээ. 
-Баярлалаа. Би танд ярилцлага өгч байгаагүй. Ярих талдаа тааруу хүн шүү. (инээв)  Миний мэргэжил ховор биш ч түгээмэл биш гэдэгтэй санал нийлж байна.

-Хамгийн том асуудал бол хотын асуудал. Хотын асуудал гэдэг бол улсын асуудал гэсэн үг.  Манай хотыг хамгийн аймшгийн хот, хамгийн тайван хот, европ ази хэв маяг холилдсон хамгийн ойлгомжгүй хот гэх мэтээр жуулчид бичих юм. Таныхаар бол яг ямар хот юм шиг санагддаг вэ?
-Би хэт мэргэжлийн хүний нүдээр харж байж магадгүй. 2000 он хүртэл үнэндээ Оросын сибирийн нэг жижиг хотоос огт ялгаагүй хот байсан л даа. Үүнийг гадныхан их хэлдэг байсан. Ийм байх нь ч ойлгомжтой. Яагаад гэвэл хот тѳлѳвлѳлтѳѳсѳѳ авахуулаад архитeктур тѳлѳвлѳлт нь хүртэл бугд хуучин ЗХУ-ын норм, дүрэм, тeхник тeхнологи, боловсрол дээр суурилсан байдаг учраас. Улаанбаатар хотын Eрѳнхий тѳлѳвлѳгѳѳг дѳрвѳн удаа мѳн л ЗХУ-д хийсэн байдаг. Орон сууц барьдаг бараг л ганц тeхнологи байсан. Энэ нь байшин үйлдвэрлэх комбинатын бүтээгдэхүүн буюу угсармал орон сууцнууд. Энэ тeхнологиор Эрдэнэт, Дарханыг ч босгосон. Энэ тѳрлийн хотжилттой зэрэгцээд үeийн үeд зэрэгцэн оршиж байсан нь манай гэр хороолол. Дэндүү их ялгаатай хэв маяг л даа. Гэр хорооллыг үe үeийн Eрѳнхий тѳлѳвлѳгѳѳн дээр бараг л байх ёсгүй зүйл мэтээр үл ойшоож ирсэн байдаг. Харин шинэ зуун эхэлснээр ялангуяа хувийн хэвшлийн хѳрѳнгѳ оруулалтаар хотжилтын процeс илүү интeрнационал чиглэлтэй хѳгжиж эхэллээ. Гэхдээ нэг муу тал нь хүн ам шигүү суурьшдаг Хятад болон Солонгосын сайн нь биш муу архитeктурын “copy” ихээхэн баригдаж хотын уламжлал болон философи нь алдагдаж байгаад дандаа бухимдаж явдаг. Би сайныг нь ярьсангүй.

-Нийслэлийг нүүлгэх шийдвэрт хүрч очтол удах юм шиг байна. Бараг бүтэхгүй зүйл ч биз. Тийм болохоор бид байгаа бололцоон дээрээ хотынхоо дутагдлыг нөхөх, засаж сайжруулах гэж ажиллаж байна гэж хардаг. Ялангуяа таны өнөөдрийн удирдаж байгаа “Гудамж төсөл” гэдэг бол манай хотын асуудлуудыг шийдэж эхэлж буй чухал төсөл. Ийм учраас л таныг сонгож зочноороо уръя гэж шийдсэн юм. 
-Баярлалаа. Улаанбаатар хотыг Хархорин руу нүүлгэнэ, эсвэл Хархориныг шинэ нийслэл болгох ёстой гэсэн яриа олон жилийн өмнөөс яригдаж байгаа сэдэв л дээ. Энэ талаар сонирхолтой санал санаачилгууд гаргадаг хүмүүс ч олон байдаг. Миний бодлоор энэ бол цэвэр манай эдийн засагтай холбоотой асуудал. Казахстан улс Астана хотыг бий болгохдоо гадаадаас маш том хөрөнгийг босгосон. Бүсчилсэн хѳгжлийн болон хот тѳлѳвлѳлтийн eрѳнхий тѳлѳвлѳгѳѳгѳѳ гадаадын асар өндөр өртөгтэй багаар хийлгэсэн гэдэг юм билээ. Манай “Гудамж” төслийн хүрээнд хийгдэж байгаа ажил маань эхний ээлжинд Хѳгжлийн банкны 200 сая долларын санхүүжилтээр хурдны зам барьж, гудамж талбайг хамгийн зөв сүлжээтэй болгож, гэр хорооллын дэд бүтцийг сайжруулж хөгжүүлэх гэсэн зорилготой батлагдсан төсөл. Манай Эдийн засгийн хѳгжлийн яам 1.5 тэрбум долларын бонд дэлхийн зах зээлээс босгосны 10 гаруй хувийг эзлэх мѳнгѳ л дѳѳ. Гэхдээ манай улсын хот байгуулалтын салбарт хэрэгтэй мѳнгѳний ѳчүүхэн хувь л даа. Энэ мөнгө чинь өөрөө зээл, гадаадын тусламж. Тэгэхээр бид хөрөнгө оруулалтын бололцооны хувьд ийм хэцүү үед шинэ хотын тухай яриад дэмий биз дээ.

-Шинэ хот мөрөөдөхөө түр азная даа. Хөнжлийнхөө хэрээр л хөлөө жийцгээе гэж үү?
-(инээв) Өөрөөр хэлбэл эдийн засгийн бололцоо нь болоогүй үед мөрөөдөл дээр суурилсан сэтгэл хөдлөлийн бүтээн байгуулалт байхгүй болов уу л гэж бодож байна.

-Одоо байгаа бололцоон дээрээ янзалж өөрчилж явахын давуу болоод сул талууд юу байна. Хэцүү орон зай, хүндхэн бололцоон дээр л ажиллацгааж байна. Ер нь хотын ерѳнхий тѳлѳвлѳгѳѳ хэр хэрэгждэг вэ?
-Үлдсэн ганц арга бол Улаанбаатараа яах вэ. Одоо бидний өмнө Улаанбаатартаа яаж аятайхан амьдрах орчинг бий болгох вэ гэдэг асуудал л яригдаж эхэлж байна. “Гудамж” төсөл анх ерөөсөө энэ тулгамдсан асуудлаас л үүдсэн. Магадгүй би хөгжингүй оронд сурч байсан болоод тэр үү энэ асуудлууд миний “өвчин” болсон байх. Жишээ нь, Японд гэхэд хот төлөвлөлт, архитектурын шинэ төслүүд хэрэгжүүлэхэд тун хэцүү. Яагаад гэхээр цэмцийсэн зам талбайтай, ногоон байгууламж, олон нийтийн барилга байгууламжийг бүгдийг нь шийдчихсэн, ажиллах амьдрах орчныг нь шийдчихсэн. Өөрөөр хэлбэл төгс шийдэл рүүгээ ойртчихсон байдаг. Тэнд аливаа нэг өөрчлөлт хийхэд хэцүү. Судалгаа хийж байгаа эрдэм шинжилгээний байгууллага, архитектур, хот төлөвлөлтийн эрдэм шинжилгээний хүмүүс нь бол жоохон жоохон л өөрчлөлтийг санал болгодог. Тэрийгээ л хийдэг. Жишээ нь, барилгын дээврийн өнгийг өөрчлөх, модны хэлбэрийг арай өөрөөр засах гэх мэт. Хараад инээд хүрмээр өөрчлөлт дээр ажилладаг л даа. Гэтэл манай улсад сууриас нь гэж хэлэхээр тийм өөрчлөлтүүд хэрэгтэй. Энэ нь магадгүй манай “Гудамж” төсөл,  хот төлөвлөгчид,  бүтээн байгуулалт хийх хүмүүст тохиож байгаа нэг бодлын томоохон боломж. Нэгэнт бид анхнаасаа хотоо зөв байгуулж чадаагүй.  Хотын замын сүлжээ гэхээр дөрвөн замын уулзвар нь хөрөөний ир шиг зөрчихсөн. Хөдөлгөөнд оролцоод явахаар А цэгээс Б цэг хүрэхдээ олон улсын стандартаар бол 10 минут явах газар цаг шахам явдаг болсон. Энэ нь бид хот төлөвлөлтөө буруу хийсний гор юм. Үүнээс үүдээд байгалийн буюу агаарын бохирдол, хог хаягдлын асуудлууд гээд бүхий л талаар илэрч эхэлж байна. Бид буруу хотод амьдарч байна. Үүнийг засах маш том зорилго бидний өмнө байна л даа.

Нэг жишээ хэльe. 2004 онд нэг анзаарсан зүйл бол eрѳѳсѳѳ манай Улаанбаатар хотын Eрѳнхий тѳлѳвлѳгѳѳ зах зээлийн нийгэмд тохирсон хот тѳлѳвлѳлтийн баримт бичиг болж чадаж байна уу гэдэг байлаа. Тэгвэл Японы мэргэжилтнүүдээр eрѳнхий тѳлѳвлѳгѳѳгѳѳ хийлгьe. SICA-д хандах талаар тухайн үeийн Барилга хот байгуулалтын сайд Н.Батбаярт хандахад зѳвшѳѳрч, 2005 оны 3 сард Японд сайдын айлчлал хийсэн юм. Японы Дэд бүтцийн яам, Гадаад хэргийн яаманд зочлон Монгол талын хүсэлтийг хүргэхэд Японы тал найрсгаар хүлээн зѳвшѳѳрсѳн нь томоохон явдал болсон юм. Монголд ирээд хагас жил бүх үйл ажиллагаа хэвийн явж байтал Япон дахь SICA-ийн тѳв офисоос танай тѳсѳл унах магадлалтай болоод байна гэдэг мэдээ ирлээ. Дахиад л бид орчин үeийн мэргэжлийн ѳндѳр төвшинд хийгдсэн Eрѳнхий тѳлѳвлѳгѳѳгүйгээр хотоо хѳгжүүлнэ гэж үү. Япон руу явж ѳѳрѳѳ хѳѳцѳлдьe гэхээр яамны гадаад явах зардал гаргахгүй. Жил гаруй хѳѳцѳлдсѳн тѳсѳл маань бүтэхгүй байдалд орсон тул юуг ч хийхэд бэлэн байлаа. Ингээд аргагүйн эрхэнд ажлаасаа чѳлѳѳ аваад ѳѳрийн зардлаар Токио явлаа. Тэнд очоод сайд бид нарыг хүлээж авч байсан нэг парламeнтын гишүүнтэй уулзаж учир байдлаа тайлбарлахад тэр хүн бидэнд туслахаа амласан. Түүнээс хойш гурван сарын дараа Монголд анх удаа Японы тeхникийн буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын Eрѳнхий тѳлѳвлѳгѳѳг ѳндѳр ур чадвартай мэргэжилтнүүдийн тусламжтайгаар гүйцэтгэхээр болсон юм. Энэ тѳсѳл нь сүүлдээ судалгааны том баримт бичиг болж үр ашгаа ѳгсѳн. Нэг сонин зүйл болсон нь Токиогоос баяртай мэдээ сонсож ирээд удаагүй байтал Японы элчин сайдын яамнаас утасдаж надтай уулзах хэрэг байна гэдэг юм. Очоод уулзтал элчин зѳвлѳх намайг тосч уулзаад, та яагаад хамаагүй манай парламeнтын гишүүнтэй уулзаад байна гэж уцаарлангуй асуудаг байгаа. Би тэгэхэд тэсэртлээ уурласан. Би тѳрѳлх хотынхоо тѳлѳѳ, монголчуудынхаа сайн сайхны тѳлѳѳ бүгдийг хийхэд бэлэн байна. Би яамны газрын даргын хувьд манай сайдын хусэлтийг уламжилж яагаад болохгүй гэж гээд хэлчихсэн. Манай яамны хамт олон энэ тѳслийн ач холбогдлыг сайн ойлгож байсан учраас бүгд  бүхий л талаар дэмжиж байсан юм шүү.

-Хүн бол урьд нь ямар байсныг эд зүйлс дээр битгий хэл өөрийнхөө хувь тавилан дээр ч  мартчихдаг. Урьд нь хэн явснаа, яаж зовж зүдэрч байснаа мартдаг. Солих оймстой байлуу, байхгүй байл уу. Хонох газартай байлуу, байхгүй байл уу гэдэг талаараа хожим бага л боддог шүү дээ. Үүнтэй адилхан хотын тухайд ч ямар байсныг мартчихдаг. Өөрчлөгдөөд л яваад байгаа ч  өнөөдөр илүү хүндрэлүүд угтаж, илүү шаардлагууд тавигдаж байна. 
-Тийм ээ, одоо л барьж аваад хийж эхлэхгүй бол хожим гэх ойлголт байхгүй болчих гээд байна.

-Манайх 10 хороололд байдаг. 10 дугаар хорооллын уулзварын одоогийн шийдэл бол бидэнд байгаа бололцоон дээр маш сайн болсон гэж хардаг. Осол их гардаг,  учраа олж явахад хэцүү уулзвар байсан. Харин одоо жоохон зайг ч гэсэн тэлж янзлаад сайжруулчихлаа. Иргэд уурладаг л даа. Зун болгон зам засдаг гээд л. Танайх хотын хэдэн тийм хүндрэлтэй уулзваруудыг өөрчилсөн  бэ. Одоо бол бид тэр уулзварууд урьд нь ямар байсныг мартчихсан явж байна л даа. 
-“Streetless”  хот болчихсон байсан л даа, манай хот. Өөрөөр хэлбэл, гудамжгүй хот гэсэн үг. Тийм учраас гудамжуудаа, уулзваруудаа засах хэрэгтэй юм байна гээд хотын план зургийг гаргаж ирээд харсан. Засах ёстой уулзваруудын тоо 30 гаруй байсан.  Тэгээд  33 уулзварыг засъя, бусад шинэ гудамжнууд хийе гэсэн зорилго тавьсан. Энэ ажлыг бид маш амжилттай хийсэн. Зургаахан сарын хугацаанд нийтдээ 18 уулзварыг шинэчилсэн. Энэ 18 уулзвар дандаа хэрэггүй илүү давхилт хийдэг уулзварууд байсан. Өөрөөр хэлбэл тойрох хөдөлгөөн хийлгүйгээр шууд гараад явчих боломжтой байхад зохисгүй төлөвлөгдсөн учраас дандаа илүү хөдөлгөөн хийж хөдөлгөөнд оролцдог байсан. Жишээ нь, өргөө кино театрын уулзвар хойноосоо урагшаа явахад, урдаасаа хойшоо явахад заавал илүү тойрог хөдөлгөөн хийдэг байсан. Та санаж байна уу. Тойрох хөдөлгөөн болгон дээр их осол гардаг байсан. Осол нь ердөө зүгээр л шүргэлцэх. Үүнээс болоод бөөн түгжрэл үүсдэг байсан. Одоо тийм түгжрэл байхгүй болсон. Хуучин Саппорогийн тойрогт өдөрт 20-30 ослын дуудлага ирдэг байсан гэж замын цагдаагийнхан хэлж байсан. Харин одоо бол өдөрт бараг дуудлага ирдэггүй болсон. Гэрлэн дохион зохицуулалттай болсон уулзварын нэвтрэх чадамж маш их сайжирсан гэх мэтээр мэргэжлийн хүмүүс үнэлж байгаа. Энэ жилийнхтэй нийлээд бид 23 уулзварыг хийж дуусгаад байна. Нэг зүйлийг хэлэхэд ѳнгѳрсѳн сард хийгдсэн олон улсын байгууллагын Монголын нийгэм эдийн засаг, улс тѳрийн байдалд хийсэн судалгааны Та энэ засгийн газрын хэрэгжүүлж байгаа тѳсѳл хѳтѳлбѳрүүдийн алийг нь сайн гэж дүгнэж байна гэсэн асуултанд иргэд манай “Гудамж” тѳсѳлд хамгийн сайн үнэлэлт ѳгсѳн байна лээ.

-33 руугаа нэлээн дөхсөн байна.
-33 луугаа дөхөж байна. Дараа жил бид 10 байтугай уулзвар хийнэ гэсэн том төлөвлөгөөтэй явж байгаа.

-Яагаад “Гудамж” төсөл гэж нэрлэсэн юм бэ. Танд гудамжгүй хот гэсэн энэ бодол яагаад төрөв. Гудамж гэдэг өөрөө хот төлөвлөлтийнхөө хувьд, хотын гоо сайхны хувьд ямар ойлголт юм бэ? 
-Миний хувьд гудамжгүй хот гэдэг ойлголт 10 жилийн өмнөх санаа л даа. Энэ нэрийг ѳгѳхѳд хамгийн их дэмжиж санаа зѳвлѳлгѳѳ ѳгсѳн хүн бол манай сайд Н. Батбаяр юм. Угаасаа манай тѳслийн хурдны замаас эхлүүлээд түүний идeй санаа маш их л дээ. Урьд нь энэ санааг яагаад барьж авахгүй байсныг мэдэхгүй юм. Би Америк, Японд 10 жил суралцаж байгаад 2004 онд эх орондоо ирсэн. Хамгийн түрүүнд маш их хүн амын нягтралтай, танигдахын аргагүй хот болсон байхыг хараад гайхсан. Ерөөсөө таньдаг хүн байхгүй, их олон хүн бужигнасан хот л болсон байсан. Урьд нь хот яасан ч жижигхэн байсан юм. Энд ч сайн байна уу, тэнд ч сайн байна уу гэдэг байсан санагдана. Хотод маань маш их хүн шинээр шилжин ирж, гудамжаар машин хүн хоёр багтахгүй шахалддаг болсон байсан. Яаманд ажилд ороод удаагүй байхдаа Германы нэг жижиг хот руу явсан юм. Тэр хот ердөө л 25,000 хүнтэй жижиг хот байсан. Гэтэл манай Улаанбаатарын хүн ам сая гарчихсан байсан. Би тэнд нэг жижигхэн зочид буудалд буусан. Угтаж авсан гeрман найз маань хотоо танилцуулъя, германы архитектурыг үзүүлье гэсэн. Тэгээд намайг өглөө ирж аваад нэг гудамжаар явна. Маргааш нь дахиад ирж авахдаа дахиад өөр нэг гудамжаар явж үзүүлнэ. Манайхаар бол тосгон ш дээ. Үүнээс жил  хүрэхгүй хугацааны дараа мань эрийг би Улаанбаатарт урьсан юм. Кемпинский зочид буудалд буусан. Би хотоо танилцуулах гээд өглөө буудлаас нь авна. Нэг гудамжаар явахдаа энэ ийм түүхтэй гээд ярьж өгнө. Маргааш нь дахиад ирж авахдаа нөгөө л гудамжаараа явна. Дөрөв тав хонохдоо энхтайвны гудамжаар бага тойруу, их тойруу, чингисийн өргөн чөлөө гээд хэдхэн гудамжаар явтал, өөр гудамж үзмээр байна гэсэн. Гэтэл надад үзүүлье гэсэн ч хорооллын мухар гудамжнууд л байсан. Мухар гудамж бол хотын гудамж биш. Энэ нь тухайн хотхоны, хорооллын л жижиг замууд. Яагаад би гудамжийг яриад байна гэхээр хот төлөвлөлтийн буюу хотын өөрийнх нь хамгийн гол элементийн нэг бол гудамж юм. Манай хотод гудамжнаас гадна зам талбай, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, парк, бульвард, явган гудамж гэдэг зүйлс ч асар их хоцрогдож байна. Хотод баригдаж байгаа хувь хүний байшин ч, олон нийтийн барилгууд ч дотроо хичнээн сайхан байсан ч гудамжинд гараад ирэхээр хогтой шороотой, түгжрэлтэй, хүн машин нь сүлжиж явдаг болоод байна. Хувийн секторынхон хичнээн сайхан сүүлийн үеийн технологиор орон сууц, оффисын, олон нийтийн зориулалттай барилга барьж байгаа ч гэсэн төрийн буюу орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа гудамж нь хаягдчихаад байна. Өөрөөр хэлбэл гудамж нь гоё байх ёстойг бид мартчихаад байна. Анзаарахгүй байна гэдэг маань монголчууд өөрсдөө бүрэн хотжиж чадаагүй байна л гэсэн үг. Хотожсон, иргэншсэн гадаадын иргэн ирэх юм бол манай гудамжийг их хэцүү хүлээж авна. Яаж та нар амьдарч байна вэ гэж хэлмээр. Үүнийг тоож байгаа хүмүүс нь харьцангуй цөөхөн, тоохгүй байгаа хүмүүс нь дэндүү их. Угаасаа ийм л байсан шүү дээ гэх жишээний. “Гудамж” төсөл нь Улаанбаатар хот хэтэрхий цөөхөн гудамжтай байна, хэтэрхий цөөхөн гудамжаараа бүх машин хүн ам нь чихцэлдээд байна. Тийм учраас гудамжийг шинэ төвшинд аваачих ёстой. “Street design” буюу гудамжны дизайн гэдэг ойлголтыг мэргэжлийн төвшинд хийх ёстой гэсэн бодлогоос л үүссэн. Энэ бол “Гудамж” төслийн гол зорилго.

-Хуучин байшингуудыг яах вэ. Төмөр замын дан байшингуудыг худалдаж авах аргаар газрыг нь чөлөөлж “Богд ар” хорооллыг барьсан. Зарим нь чөлөөлж өгөөгүйгээс болоод хотхоны  үндсэн төлөвлөлт нь өөрчлөгдсөн гэдэг.  Одоо 40 мянгатын байшингуудын тухай ярьж байна. Хуучин түүх дурсамжаа хадгалж үлдэнэ гэсэн хэсэг ч байх. Нурааж шинээр барих ёстой гэх хэсэг ч байх.  Тэгэхээр энэ хуучин байшингуудыг яах ёстой гэж та боддог вэ. Биологийн нас нь хэцүүдчихлээ. 
-Хотын төвийн 40, 50 мянгатын барилгуудын насжилт гүйцсэн гэдэг дүгнэлтийг мэргэжлийн байгууллагууд гаргаж байгаа. Миний бодлоор хот гэдэг бол өөрөө “санамж”,“дурсамж” юм. Жишээ нь, хүн бүхний сэтгэлд дотно санагддаг хөшөө ч юм уу, эсвэл хуучнаар танктай хөшөө гэдэг ч юмуу иймэрхүү онцгой зүйлүүд хүмүүсийн ой санаанд тогтож үлддэгээрээ хот их онцлогтой л доо. Тэгэхээр сайн дурсамжтай л хот байх ёстой. Бүгдийг нь нураагаад, бүгдийг нь шинээр хийнэ гэдэг бол хүмүүсийн бүх санамж дурсамжуудыг байхгүй болгоно гэсэн үг л дээ. Тэр хөшөөний хажууд би анхныхаа хайртай уулзаж билээ, тэр хөшөөний хажууд би байрныхаа хүүхдүүдтэй тоглож өссөн, урт цагааны гудамжинд бид нар бага насаа өнгөрөөсөн шүү гэх мэт дурсамжууд нь алга болно шүү дээ. Нураагаад, шинэчлээд барина гэдэг нэг ойлголт, нөгөө талаар хотын дурсамж гэдгийг хадгалж үлдээхийн тулд бодох ёстой. Тодорхой хэмжээний урлагийн буюу архитектурын шийдэл сайтай барилгуудыг үлдээх ёстой, бүр нэг хоёр гэж тоолж байгаад үлдээх ёстой. Урлал муутай барилгууд 40, 50 мянгатад зөндөө бий л дээ. Тэднийг бол буулгаж шинээр барилгажуулах хэрэгтэй. Үүнийг бид шинжилгээ судалгаагаа сайн явуулж, эрдэм шинжилгээний байгууллага ажиллуулж, Улаанбаатар хотод “Landmark” буюу тэмдэгтэй газруудыг яаж үлдээх вэ гэдгийг сайтар бодож шийдэх хэрэгтэй. Хөшөө баримал, урт цагааны гудамж, шар дэлгүүр гэх мэт барилга болон гудамжаар нь ард түмний нэрлэж заншсан тэмдэгт газрууд нь хөдлөшгүй байх ёстой. Хүмүүс тэдгээрээр чиг авдаг. Хэрвээ тэрийг нь үгүй болгочихвол хүмүүсийн зүг чиг, дурсамж нь байхгүй болно.

-Тэгэхээр бид ямар барилгыг үлдээх ёстой юм бэ?
-Хот төлөвлөлт дээрээ тун нямбай ажиллах ёстой. Би нэг юмыг их хэлдэг. Үе үеийн хотын дарга нар их завгүй байсан. Яасан гэхээр хогтой ноцолдсон, гэр хорооллын цахилгаантай ноцолдсон, нийгмийн асуудалтай их ноцолдсон. Тэдэнд хэцүү байсан гэдгийг ойлгож байна. Гэхдээ одооноос нэн түрүүнд авах арга хэмжээ бол ерөөсөө номер нэгт хот төлөвлөлт, дараа нь нийгмийн болон  дэд бүтцийн бусад асуудлыг авч үзэх. Хот маань хот биш болчих гээд байгаа яг ийм үе дээр нь л анхаарах хэрэгтэй юм .

-Манай төв талбай Чингисийн талбай болсон. Тэгсэн хэрнээ Д.Сүхбаатарын хөшөө голд нь байгаад байдаг. Үүнийг яаж зохицуулах ёстой юм бол?
-Анх эртний Ромын үед том орон зайтай талбай хэрэгтэй байж л дээ. Тэр нь юунд хэрэгтэй байсан гэхээр цэргийнхээ тоог авах гэж. Дайн тулаанд гарахын өмнө цэргүүдээ жагсаадаг байж. Нарийхан гудажинд цэргээ гүйцэд харж чаддаггүй юм байна лдаа. Аливаа хотын талбай тийм утга учиртай байгуулагдсан зүйл. Манай Улаанбаатар хотын талбай дээр ч социализмын үед жагсдаг байсан. Манай төв талбайн хувьд хоёр утга байх ёсгүй болов уу гэж хувь хүнийхээ хувьд боддог. Аль нэг нь байвал илүү утга учиртай шүү дээ. Би илүү утга талаас нь харж байна. Энэ талбай ямар утгатай юм бэ. Юуг өгүүлж байгаа талбай юм бэ. Түүхийн хувьд, урлагийн хувьд нэг л утга агуулгатай байвал зүгээр. Тэгэхээр хоёрдмол утгатай байж таарахгүй л санагддаг.

-Та яагаад хот төлөвлөлтын мэргэжил сонсгосон юм бэ. Таны мэргэжил бас сонирхолтой мэргэжил байна шүү?
 -Би 1986 онд Политехникийн дээд сургуулийг төгссөн. Архитектор гэдэг маань хот төлөвлөлтийн суурь мэргэжил л дээ. Бусад орнуудад архитекторын анги төгсөөд, магистр, доктороо хот төлөвлөлтөөр төгсдөг. Яг энэ жишгээр явах боломж надад олдсон.1995 онд Японы Боловсролын яамны шалгалтанд тэнцэж, Японы ЗГ-ын тэтгэлгээр сурах аз завшаан тохиосон. Тэгээд тэнд магистраа орон сууцны бодлогын чиглэлээр хамгаалаад, доктороо хот төлөвлөлтийн чиглэлээр хамгаалсан. Харин одоо “Гудамж” төсөлд ажиллаж байгаа нь жинхэнэ мэргэжлээрээ ажиллаж байна гэсэн үг. Үнэндээ хотынхоо бага ч гэсэн гудамж, зам талбай гээд хүмүүст хэрэгтэй орон зайг мэргэжлийн төвшинд өөрчлөх боломж олдож байгаад их олзуурхдаг.

-Жижиг орны зовлон л доо. Мөнгө багатай, бондоор нэлээн том хэмжээний хөрөнгө босголоо. Тэрийгээ юунд зарцуулах вэ гэдэг дээрээ алдаа гаргаж л байна. Хуучин бол байгаа жаахан мөнгөө дандаа л урсгал засвар мэтэд зарцуулдаг байсан. Одоо бид хар яриагаар бол мөнгөө чулуу болгох гэдэг рүүгээ илүү анхаарч эхэллээ.
-Үнэхээр санал нэг байна. Зарим хүмүүс бондын мѳнгийг зам талбайд хэрэггүй зарцуулж байна, наадах чинь ѳр гэх мэтээр ярьдаг. Аливаа улсын эдийн засгийн үр ѳгѳѳж нь шууд ба шууд бус замаар илэрдэг. Үйлдвэрлэл болон бизнесийг дэмжсэн хѳрѳнгѳ оруулалтууд нь шууд эдийн засгийн үр ѳгѳѳжѳѳ ѳгдѳг. Харин дэд бүтэц болон хот байгуулалтын чиглэлийн хѳрѳнгѳ оруулалт нь эдийн засагтаа шууд бус утгаар үр ѳгѳѳжѳѳ ѳгдѳг. Тѳслийн хүрээнд хэрэгжүүлсэн нийт гудамж уулзваруудын нийгэм эдийн засгийн үр ѳгѳѳжийг манай багийнхан нарийн тооцож гаргасан байдаг, энэ нь манай вэб сайт (
www.gudamjtusul.mn) дээр тавигдсан байгаа. Суурь судалгаагаар ѳнгѳрсѳн жил хийсэн 18 уулзвар дээр илүү давхилт хийсэн автомашины зѳвхѳн шатахууны хэмнэлт нь жилдээ 15 тэрбум төгрөг иргэдийн халааснаас хэмнэнэ гэж гарсан байдаг. Үүн дээр байгаль орчин, эрүүл мэнд, цаг хугацааны хэмнэлтүүд бас нэмэгдэнэ. Гэтэл манай “Гудамж” тѳсѳлд зарцуулж байгаа мѳнгѳ маань миний дээр хэлсэн бондын мѳнгѳний зѳвхѳн 13 хувь бѳгѳѳд бид үүний талыг нь ч зарцуулж дуусаагүй байна.

-Хэдийгээр их том мөнгө хаяхгүй байгаа ч гэсэн анх удаа том мөнгө хаяж хотынхоо соёлд хөрөнгө оруулалт хийж байна. Үүнийг хэрэгжүүлэхэд гол зовлон юу байна вэ. Мэдээж дутахын зовлон байгаа байх, боловсон хүчин, ойлгох ойлгохгүйн зовлон, хамтарч гар нийлэхгүйн зовлон гэх мэт олон юм байгаа биз. Дээр нь манай үндсэн  ажилд  улс төр их саад болох юм. Энэ тал дээр таны байр суурийг сонирхвол.
-“Гудамж” төсөл маань хэрэгжиж эхлээд жил хагас ч болоогүй байна. Маш богинохон хугацаа гэсэн үг. Ерөөсөө бид нар Засгийн газрын тогтоол гараад, 5 сарын 22-нд анхныхаа тамгыг аваад л ажлаа эхэлсэн. Тэгээд шууд хувийн компанитай гэрээ байгуулаад, трактор ажиллуулаад эхэлсэн. Хүндрэлүүд маш их байсан. Шат шатандаа их хүндрэлтэй байсан. Бид мэргэжлийн байгууллагуудаар ажлаа хийлгэж байсан. Мэргэжлийн байгууллагуудыг хянадаг зөвлөдөг байгууллагууд нь эсрэг зогсох үе их байсан. Хамгийн том жишээг ярихад нэгдүгээр хорооллын арын уулзвар маш хүнд байсан. 3-р хороололоос баруун тийш 1-р хорооллын хойгуур явахын тулд заавал Саппорогийн тойргийн наагуур очиж хойшоо эргээд замдаа ордог байсан. Энэ чинь л миний яриад байгаа илүү давхилт, цаг бeнзины гарз болж байгаа юм.  Үүнээс болоод байнга түгжрэл үүсдэг. Тэр уулзварыг хана босгоод налуу зам хийе гэдэг бидний анхны гаргасан санаа.Нөгөө 33 уулзварын нэг л дээ. Тэгээд хийгээд өндөр налуутай болчихсон чинь мэргэжлийн байгууллагууд бүгд эсэргүүцсэн. Машин халтирна, өвөл машин явахаа байна л гэнэ, осол гарна л гэнэ. Бид хийнэ гэдгээрээ л зүтгэсэн. Гэхдээ мэргэжлийн чаддаг хүмүүсээр хийлгэнэ. Бид өөрсдөө биш. Эцэст нь барьж дууссаны дараа зөвшөөрөл өгдөг, гарын үсэг зурдаг дээр нь хэд хэдэн мэргэжлийн хүн гарын үсэг зураагүй. Гэтэл хөдөлгөөн нь сайн, машинууд зүгээр давхиад л байдаг, уулзварын туулан өнгөрөх чадвар хамаагүй дээшилчихсэн байхад л гарын үсэг зурахгүй байгаа юм. Бид Улаанбаатар хотод сансрын тунелийн дараа орох том бүтээн байгуулалт болох 10 метр гаруй өндөр далантай уулзвар хийсэн. Хүндрэл нь 2,5 метрийн өндөртэй шавар гарч ирсэн. Тэр нь овойж хөлддөг муу хөрс. Манай бүх л зөвлөх инженерүүд хариулт хэлж чадаагүй. Наана чинь зам тавих юм бол тэгээд л сүйрээ гэж бүгд эсэргүүцсэн. Аргаа бараад манай Японы зөвлөх багийн инженерүүдээс асуухад, тэд “Бид Японд дандаа ийм асуудалтай тулгардаг. Ингэж хий”  гэж зөвлөсөн. Шон суурийг суулгаад, 200-гаад шон суурь газарт булаад хѳрсний инжeнeрийн асуудлыг шийдсэн. Үүнээс би нэг зүйл ойлгосон. Бидэнд иймэрхүү бүтээн байгуулалт хийж байсан туршлага байхгүй болохоор эсэргүүцдэг юм байна. Шинэ зүйл хийе гэж боддоггүй юм байна. Асуудлыг няцаадаг юм байна. Магадгүй энэ уулзварын зураг төслийг хийсэн компани дараагийн хүндрэлтэй зураг төслийг хийхэд одоо бол асар их  туршлагатай болсон.

-Хотын удирдлагууд дотор хотыг уншдаг хүн ховор, байхгүй шахам байна гэж мэргэжлийн хүмүүс их шүүмжлэх юм. Манайд бол бүх  дарга нар улс төрийг унших гэж хичээдэг, улс төрөөр л хичээллэдэг. Гэхдээ та нүүр тулж ажиллаж байгаа хүний хувьд яаж хардаг вэ?
-Би улстөрч хүн биш л дээ. Гэхдээ миний бодлоор улс төрийн тоглоомын дүрэм ч гэдэг юм уу, түүнээ энэ засаг ардаа хийсэн л гэж үзэж байна. Шинэчлэлийн Засгийн газар гараад ирлээ, хотын захиргаа шинээр бүрдлээ. Улс төрийн төвшинд бүх шийдлүүд гарчихлаа. Ард түмний сонголтоор гараад ирлээ. Одоо юу хийх хэрэгтэй вэ, шинэ гүүр барих, шинэ тунель ухах, шинэ гудамж талбайнуудыг байгуулах гээд цэвэр инженерийн буюу технологийн бүтээн айгуулалтын ажил хийх ёстой. Монголд “Профeсионализм” хэрэгтэй. Мэргэжлийн удирдлага, оролцоогүйгээр бид гадаад руу яваад гайхаад байдаг хот шигээ сайхан хотыг хэзээ ч босгож  чадахгүй. Гоё хот гэдгийг гадагшаа явж үзчихээд муухай хот гэдгийг монголд ирж үзэх тавилантай байх ёсгүй шүү дээ. Энд хамгийн нэгдүгээрт хүн, хүн хүндээ технологийн боловсролтой хүмүүс чухал. Энэ маш их дутагдаж байна. “Гудамж” төслийн захирлаар ажиллахдаа мэдсэн юм бол манай залуучууд ихэнх нь нийгмийн ухааны, эсвэл  эдийн засгийн боловсрол олдог юм байна. Инженер техникийн боловсролтой хүн тун цѳѳн. Бидний дотор уул нүхлэн тунель хийж байсан, татлагатай урт алгасалтай гүүр барьж байсан нэг ч монгол хүн байхгүй. Тэгэхээр бид том бүтээн байгуулалтанд бэлэн биш байгаа биз. Бэлэн биш байгаа юмаа яах вэ гэхээр дахиад нөгөө улс төрлүүгээ харах биш, тeхнологийн боловсролдоо анхааръя. Одоо жинхэнэ техникийн боловсролтой хүмүүсийг гадна дотногүй ажиллуулж бушуухан сургая. Манайх 10 мянган хүнд оногдох зохиолын дуучдын тоо, 10 мянган хүнд оногдох шүлэг бичдэг хүний тоогоор  магадгүй дэлхийд дээгүүр орж магадгүй (инээв). Монголчууд уянгын, сайхан гоё мөрөөдөлтэй хүмүүс. Эдийн засаг нь хичнээн муу байсан ч гэсэн сайхан найр хийгээд дуулаад л тайвширдаг. Гэтэл бидний хүүхдүүд тэр найр наадмын дууг биш маш гоё нийгэм, маш гоё хотыг хүсч, мөрөөдөж байна. Тэд эхнээсээ ѳндѳр хотожсон орнуудад сураад эхэлсэн. Монголд ирэхээрээ энэ чинь хот биш байна шүү дээ гэнэ. Тэгэхээр бид яах вэ гэхээр одоо дуу дуулж болсон, шүлэг зохиож болсон, нэг нэгнийгээ дагаж дуулж боллоо, нэг нэгэндээ түрлэг өгч боллоо. Одоо гудамжиндаа гаръя, хотдоо жинхэнэ иргэн шиг амьдрахын төлөө ажиллая, бүтээe. Манай хотод том бүтээн байгуулалт хэрэгтэй байна.

-Одоо төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг явагдана. Хотоо бодож юун дээр мөнгө хаях вэ гэдэг дээр гишүүд ч гэсэн маш ухаантай байх хэрэгтэй юм шиг. 
-Мэргэжилтэн хүний хувьд бодоход манай нутагшил суурьшлын бүтэц хэтэрхий таруу байна. Монгол улсын бүх хот суурин газрууд бүгд тэгш нийгэм, эдийн засгийн хуваарилалттай байхаар тѳлѳвлѳгдсѳн байдаг. Гэтэл өнөөгийн зах зээлийн эдийн засаг чинь шал өөр зүйл л дээ. Зах зээлийн механизмд оролцож байгаа оролцооныхоо төвшингөөр тэр сум, тэр хот өөрөө эдийн засгийн чадавхитай байж чаддаг. Хэрвээ зах зээлийн эдийн засагт оролцоо бага байх юм бол тэр хот ядуурна, иргэд нь хотоо хаяад явна. Гэтэл бид заавал төсвөөс амь тариа өгч байдаг. Үнэхээр Монголд 300 гаруй сум хэрэгтэй гэж үү гэж боддог. Бүсчилсэн хѳгжлийн шинэ үзэл баримтлалыг гаргаж хѳгжлийн гол коридорын дагуу, сүүлийн үед манай яамнаас санал болгож байгаа байгаа таван шугам болох автозам, төмөрзам, эрчим хүч, газ, нефть гэдэг нь хѳгжлийн том коридор үүсгэж үүнийг даган хот суурин газрууд хамгийн хүчтэй эдийн засагтай амьдрах чадвартай байна. Бусад газруудад нь мэдээж хүн амьдрах ёстой, гэхдээ эдийн засгийн ѳндѳр чадавхитай байж чадахгүй .

-Давхар зам, давхар гүүр гээд манайхан их мөрөөддөг. Манайх шиг багтаамжтай хотод тэр ямархуу мөрөөдөл вэ? 
-Миний ойлголтоор тэр бол эдийн засаг сайтай хотуудын үйл ажиллагаа. Өөрөөр хэлбэл Шанхайд, Токиод, Хонконгд байж болно. Хятадууд сүүлийн үед олон хотууд барьдаг болсон. Гэтэл тэр хотуудад хүмүүсийн тоо наад зах нь таван сая байдаг. Эдгээр таван сая, 10 саяас дээш мега хотуудын эдийн засаг гэдэг маш том. Магадгүй хичнээн зуугаар нь тэр олон давхар замаа хийчихнэ. Гэтэл манай эдийн засаг юу билээ. Манай жижигхэн эдийн засаг маань уулзвар хийх гэж, замаа засах гэж бондын мѳнгѳ хэрэглэж байна. Ийм эдийн засаг тэр үнэтэй уулзварыг барина гэдэг тун хэцүү. Жишээ нь, үндсэндээ өнгөрсөн жил бид 18 уулзвар, хүй долоон худаг гээд нэлээд бүтээн байгуулалт хийсэн. Нийтдээ 33 сая доллар зарцуулсан. Гэтэл Хятадын ЗГ-ын газрын зээлээр барих ганцхан давхар уулзварын гэрээний дүн 35 сая ам доллар болсон. Тэгэхээр 30 сая доллараар ганц давхар зам тавих уу, маш олон гудамжаа шинээр хийгээд олон уулзвар тавих уу гэдэг л байгаа юм.

-Богд уулыг нүхлээд, Төв аймгийг маш гоё дагавар хот болох мөрөөдлийг архитекторч нар ярьдаг л даа. Энэ талаарх таны бодол.
-Энэ угаасаа хот төлөвлөлтийн асуудал. Төлөвлөсөн хотоо хот байгуулалтаар хэрэгжүүлнэ. Хот байгуулалтыг хэрэгжүүлэхдээ цэвэр эдийн засаг дээр суурилсан байх ёстой. Тэр тунель нь хэдэн төгрөгний үнэтэй байх уу. Тэр тунелиэ хэдэн төгрөгөөр хийчихээд, хэдэн төгрөгийн эдийн засаг дээр очих гэж байгаа юм гэдгээ тооцоолоод, тэр дээрээ дүгнэлт гаргах ёстой. Түүнээс биш энэ эдийн засгийн тооцоог хийлгүйгээр цоолох нь буруу, цоолоогүй нь зөв гээд байхаар бид өөрсдөө мэргэжлийн маргаан хийж чадахгүй. Маш сайн ТЭЗҮ гаргасны дараа л яригдах асуудал. Жишээ нь, саяны давхар уулзварын маргааны талаар ярихад нэг телевизийн сэтгүүлч ерөөсөө “Гудамж” төслийн хүрээнд олон давхар зам хийх ёстой байсан юм. Уулзвар засахын оронд гээд л ярьж байсан. Манайд ерөөсөө мэргэжлийн оролцоог үл тоох асуудал их байна. Мэргэжлийн биш хүн мэргэжлийн биш юм яриад байдаг. Энэ нь манай монголчуудын боловсролын төвшинтэй холбоотой. Жишээ нь, би хот төлөвлөлт, архитектурын талаар л юм хэлж чадна, жоохон хазайхад л би амаа хамхина. Гэтэл манайд өөрийнхөө мэргэжлээс гадна өрөөлийн өчнөөн мэргэжлийг ярьдаг маргадаг хүмүүс их олон. Мэдэхгүй юм байхгүй, бас мэддэг юм байхгүй. Магадгүй ийм боловсрол социализмын үеэс угшилтай байх гэж боддог. Би хөгжингүй оронд академик боловсрол эзэмшсэнийхээ хувьд зѳвхѳн мэддэг юмаа л ган гэж дуугарна.

-Та Токиогийн их сургууль төгссөн үү? 
-Би Хоккайдогийн их сургуулийг төгссөн. Нэр хүндтэй сургууль шүү. Японд сурахаасаа ѳмнѳ Америкийн UCLA гэдэг сургуульд жил гарам суралцсан. Америкт байх хугацаандаа хэл сурсан. Хот төлөвлөлтийн судлаач оюутан байсан.

-Төрийн албанд ер нь нийтдээ хэдэн жил ажилласан бэ?  
-Төрийн албанд анх 2005-2008 оны хооронд гурван жил ажилласан. Яамнаас гарсан шалтгаан нь бид ер нь үр дүн муутай ярина, хэт их хуралдана. Маш  их цагийг үрнэ, гарсан шийдвэр нь их шүүмжлэлд өртѳнө. Тэгээд би бодсон. Би ер нь хувийн секторт гаръя. Яг бодитоор юм хийе гэж л гарсан даа. Энэ хугацаанд 350-аад бага орлоготой хүмүүсийн орон сууц барьсан. Хот төлөвлөлтийн төслүүд хийж байсан. Учиргүй гоё юм хийсэн гэхээсээ илүү бодит жижигхэн хотхоны бүтээн байгуулалт хийлээ. Тэрнийхээ гудамж, талбайг нь хүртэл ингэж хийлээ гэж өөрөө хийж үзүүлэх санаатай л байсан. Ѳнгѳрсѳн жилээс “Гудамж” төсөл рүү орж ажиллаж байна даа.

-Төрд ажиллахад юм хийх эрх чөлөө хэр байна.Төрийнхөнтэй уулзахаар мөрөөдөл зөндөө байна. Боломж олгоё гэчихээд хагас боломж олгоод, хагас эрх чөлөө өгөөд, хэвлэл мэдээлэл нь ч ойлгохгүй юм. Ийм байхаар төрд ажиллах хүсэл төрөхгүй юм гэдэг. 
-Ер нь яг би өөрөө энэ төслийг мастерлаад зохион байгуулаад, менежерээр нь ажиллаад, өөрөө төслийнхөө зарим дизайныг нь хийгээд нэлээн санаачлагатай ажилласан. Саяны хэлдгээр бол нэг гараа бариулчихаад, тэгээд урагшаагаа яв гээд байдаг юм бол бий. Ажил хийж байгаа хүмүүсийг ямарваа нэгэн байдлаар буруугаар хардаж сэрдэх явдал их юм. Тэр ч гудамжийг гоё болгоё, энийг ч бариад авъя гээд урамтай ажиллаж байхад заавал буруу талаас нь харна. Мэдээж шалгалт хяналт бол гарцаагүй. Гэхдээ зөв хандлагатай шалгах соёл манайд бага байна. Заримдаа ажил хийхэд их тээртэй байдаг. Хүнийг бурмаар шагнахаар урмаар шагна гэдэг. Ялангуяа энэ зүйл шинэ бүтээн байгуулалтын ажил дээр их хэрэгтэй. Манай багийнхан ихэнхи нь залуус учир урмаар их ажил хийдэг гэж боддог. Урмаар илүү их эрч хүчтэй болдог юм билээ. Урмыг нь дарахад эрч хүч нь буурдаг юм байна.

-Хувийн хэвшилд ажиллахад Төр болон хяналтын олон байгууллагууд хоорондоо уялдаатай, уялдаагүй нь мэдэгдэхгүй баахан дарамталдаг гэж бас хувийн хэвшлийнхэн хэлдэг. Хөрөнгө оруулалт багасаад, мөнгөний хомсдол үүсээд, амьдрал хүндрээд ирэхээр төрийн барьдаг гол юм нь нөгөө хэдэн үндэсний баялаг бүтээгчид л байдаг. Яг одоогийн байдлаар Монгол мөнгөний хомсдолтой байна. Худалдан авалтууд зогссон. Барилгууд хэцүү байгаа. Хувийн хэвшилд ажиллахад саяны хүндрэлүүд байсан уу? 
-Татвараас авахуулаад мэргэжлийн байгууллагуудын хяналт шалгалтын тал дээр үнэхээр хувийн секторуудын гар хөлийг нь боосон зүйлүүд бол байдаг. Сүүлийн үед эдийн засаг сайнгүй байгаа нь хүмүүсийн худалдан авалт үнэхээр буурч байгаагаар илэрч байна. Гэхдээ би яг нарийн эдийн засгийн талаас нь хэлж мэдэхгүй байна.

-Татвар төлөгч байсны хувьд зарцуулалтан дээр харамсах хамгийн гол юм юу байдаг вэ?
-Би цэвэр хувийн секторын салбарт ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд,бизнесийн үр ашиг их багатай үед татвар төлөхөд үнэхээр гар татганадаг. Хасах руу орчих гээд байдаг. Орлого нь гайгүй үедээ татвар төлөхөд бол зүгээр. Төлөх ёстой юм чинь. Ямар үед ашиг орлого багасдаг  вэ гэхээр худалдан авалт бага байх үед л ашиг багасаад ирдэг. Энэ үед л хэцүү байдаг юм билээ. Барилгын салбарын тухай ярихад бүтээн байгуулалтад зориулсан зээл манай улсад байхгүй байна. Дандаа арилжааны зээл нэртэй маш хурдан ашгаа олдог худалдааны зээлүүд л монголд байна. Жишээ нь, хороолол баръя гэвэл тэр компанид ямар зээл олддог вэ гэхээр маш өндөр хүүтэй зээл л олддог. Өөрөөр хэлбэл бүтээн байгуулалтанд чиглэгдсэн зээл манай улсад байхгүй байгаа учраас барилгын салбар маш өндөр үнэтэй зээлүүд авч байна. Хэрвээ барилгынхаа салбарыг дэмжие гэх юм бол бүтээн байгуулалтанд таарсан бага хүүтэй зээл байх хэрэгтэй. Бага хүүтэй зээлийг өчнөөн олон жил ярьсаар байгаад өдий болтол хийж чадсангүй.

-Зээл дээр бас нэг үсрэнгүй зүйл хийлээ гэж мэргэжилтнүүд хэлдэг. Найман хувийн зээлийг. Монгол хүн өрнөөс айдаг сэтгэхүйтэй. Айсаар байгаад амьдралынхаа их олон боломжийг алддаг. Тэр зээл үнэхээр бизнест үр өгөөжөө өгсөн үү?
-Би найман хувийн зээлийг сайн болсон гэж үзэж байгаа. Найман хувийн зээл маань өөрөө орон сууцны худалдан авагч талдаа зээл. Харин нийлүүлэлт буюу үйлдвэрлэгч талдаа тийм зээл байхгүй байна. Аль аль талдаа сайн байх юм бол эрэлт нийлүүлэлт хоёр өсөөд л явчихна. Орон сууцны үнэ нь ч багасна, худалдан авагч ч ихэснэ.

-Хувийн хэвшилд ажиллаж байхдаа сэтгэл санааны нэлээн хүнд дарамт авсан гэж сонссон. Амьдралд санамсаргүй гай түйтгэр тохиодог. Есүгэн гэдэг охины асуудал дээр танай компани захиалагч нь байсан юм билээ. Гүйцэтгэгч компани ажиллаж байхад осол гарч, хүүхдийн амь нас эндсэн. Мэдээж таныг шалгасан байх? 
-Төрийн албаа болиод дөрөв дэх жилдээ ажиллаж байсан. Энэ хугацаанд нэлээн олон барилга барьж, улсын комисст хүлээлгэж өгсөн. 2012 онд хэд хэдэн барилга эхлүүлээд шахуу ажиллаж байсан. 60 айлын сууц эхлүүлээд, барилгын компанитай гэрээ хийсэн.. Манай компани барилгын компани биш л дээ. Хөрөнгө оруулалтын компани. Барилгын компаниудтай гэрээ хийгээд, ажлаа захиалаад,  санхүүжүүлээд явдаг. Мэдээж барилгын компаниуд хамгийн сайхан барина, аваар осолгүй барина, бид өөрсдөө аюулгүй байдлыг 100 хувь хариуцна гээд  гэрээ хийдэг. Манайхтай ч тэгж л хийсэн. Тэгээд байж байтал тэр айхтар осол гарсан. Тэр бол үнэхээрийн миний амьдралд учирсан хамгийн том цохилт л доо. Тэр жоохон охины амь насанд би дотроо маш их шаналж шатаж явдаг. Хуулийн байгууллагууд биднийг маш их шалгасан. Мэдээж шалгах нь тэдний үүрэг. Тэнд олон компаниуд оролцсон байдаг л даа. Барилгын гүйцэтгэгч компани, бетон нийлүүлдэг компани гээд. Барилгын компанийх нь яг талбай дээр зогсдог инженер нь  байхгүй үед нь нөгөө бетон авчирдаг компани нь помп гэдэг машинаа босгохдоо, жолоодох эрхгүй 16 настай туслах ажилтан нь тэр том краныг унагачихсан осол байдаг. Яг тэнд үүрэг гүйцэтгэх ёстой хүн нь хоолондоо явчихсан байсан юм билээ. Бид нарыг шалгасан, би нэлээн буруудсан. Буруутгах ч ёстой л доо. Гэрээнийхээ хариуцлага, хуулийн хариуцлага гэдгээрээ бол барилга барьж байгаа компани нь манай компани биш байдаг. Мэдээж үнэхээр хэцүү байсан. Анхан шатны шүүхээр буруутай гэж гараад, зургаан сарын дараа хуулийн байгуулагууд шалгаж үзээд хэрэгсэхгүй болгосон. Энэ захиалагч байгууллага юм байна, энэ цэвэр үйлдвэрийн осол юм байна гэсэн. Ослыг яг үйлдвэрлэл эрхэлж байгаа компаниуд гаргасан юм байна гэсэн дүгнэлт гарсан. Тэр яах вэ. Харин болсон харамсалтай явдал сэтгэл санаанаас мартагдахгүй, салахгүй ийм л байдаг юм байна. Тухайн үед манай компанийн бас нэг буруутай тал бол барилга эхлүүлэх зөвшөөрөл аваагүй байсан. Тэгсэн тухайн үед нийслэлээс шалгалт хийхэд яг ийм 100 гаруй барилгын компани бүгдээрээ барилга эхлүүлэх зөвшөөрөл аваагүй байсан гэдэг. Манай барилгын салбарын эрх зүйн байдал үнэхээр хэцүү байгаа нь харагдаж байгаа юм. Бид дулааны зөвшөөрлөө авах гэж жил гаруй хөөцөлдсөн. Бусад компани ямар нэгэн байдлаар л авчихдаг юм. Би тэр замаар нь авч чадахгүй явсаар байгаад хөрөнгө оруулалт зогсчих гээд байсан учраас дулааны улирлыг ашиглаад бариад авах юм сан гэж зүтгэсэн.  Бусад компаниуд ч тэгж л хандсан байдаг юм. Янз бүрийн байдлаар зөвшөөрлийг нь авсан байсан бол манай компани 100 хувь буруугүй байх байсан. Би тэрэнд их харамсдаг. Барилгынханд техникийн нөхцөл авна гэж үнэхээр хэцүү юм байдаг.

-Тэр охины гэр бүлтэй нь та ер нь уулзсан уу. Ойлголцож чадсан уу. Үнэхээр хэцүү асуудал л даа. 
-Би хоёр удаа аавтай нь уулзаж байсан. Эмгэнэл илэрхийлж. Бусад компаниуд хараахан уулзаагүй байсан. Мэдээж би  тэр хүний өмнө толгойгоо бөхийлгөх ёстой хүн. Үнэхээр их гэмшиж, харамсаж явдаг, ээжийг нь их ѳрѳвддѳг. Тэр  үеэс хойш хоёр жилийн хугацаанд манай компани зогсолтын байдалтай байна.  Энэ хугацаанд миний эдийн засгийн хохирол тоогоо алдсан. Энэ ч яахав хувийн компани шаталтанд ороо л биз. Харин би бөглөрөөд байгаа сэтгэлээ монголынхоо ард түмэнд зориулсан сайхан хотыг бий болгохын төлөө,  энэ түгжрэлийг багасгахын төлөө, нийгмийн стрессийг багасгахын төлөө  ажиллаж тайлж яваа. Анхны уулзвар, анхны замаа нээгээд, нээлтэнд нь оролцоод, тэр анхны урьд нь явж үзээгүй замаар явж байгаа хүмүүсийн баярлахыг хараад надад үнэхээр сайхан байсан. Тэр бол үнэхээр миний мэргэжлийн бахархал. Би ийм мэргэжилтэй болсны хамгийн дээд бахархал. Ямар их баярлаж байна, тэр хүмүүс. 

-Одоо барилга барихад бас орон зайн хувьд их хэцүү байна. Зам руу тулсан тулсан барилгууд л баригдаж байна. Одоо ч бас ийм ослууд гарч байна. Хотын маань төлөвлөлт нэгэнт ийм байдал руу аваад ирсэн. Хэцүү л санагддаг. 
-Бидний бүтээн байгуулж байгаагүйн л уршиг, үр дүн.  Шинэ бүтээн байгуулалт, шинэ хот байгуулалтын асуудалд бэлэн биш байгаагийн жишээ нь яг энэ дүр зураг. Хонгконгод очоод хар. Манайхаас 10 дахин илүү нягтралтай. Тэгсэн хэрнээ байшин барьж л байдаг. Тэгсэн мөртлөө тэд осол аваар гаргадаггүй. Маш өндөр хариуцлагын дор ажилладаг. Бид тийм нягтралтай газар, нягтралтай орон зайд барилга барьдаг туршлага бага. Үндсэндээ Эрдэнэт, Дарханыг оросууд барьж өгсөн. Бид өөрсдөө юмаа хийж одоо л эхлэх гэж байна шүү дээ.

-Одоо манай хотын нэг том зовлон бол гэр хороолол. Түрээд төв рүү ороод ирснийг нь  чөлөөлөхөөс өөр аргагүй. Энэ таны ажлын нэг хэсэгт хамрагдаж байгаа юу?
-“Гудамж” төсөл гурван дэд төсөлтэй. Нэг нь хурдны зам, нэг нь хотын төвийн дэд төсөл нөгөө нь гэр хорооллыг сайжруулах гэсэн гурван дэд төсөлтэй. Гэр хороолол хамарч байгаа. Бидний хамгийн түрүүнд барьж авсан зүйл маань хот доторх гэр хороолол. Тэр нь Гандан. Ганданд бид орхоны зургадугаар гудамжийг тохижуулсан. Ажил эхлэх эхний тэр гудамжинд бид бүгд очсон. Өнөөдрөөс эхлээд танай гудамжийг янзалж эхэлнэ ээ. Танай гудамж зиг заг хазгай муруй байна. Тэгэхээр та нар хашаагаа хойш нь нэг метр, зарим газар 70 см-ээр хашаагаа  холдуулж өгөөч гэсэн чинь хүмүүс энэ тэндээс гарч ирээд шууд алхаар цохиод цохиод хашаагаа нураагаад өгсөн. Хүмүүс тэр өөрчлөлтийг тэгтлээ их хүлээж хүсэж байж шүү дээ. Их хурдан нураагаад өгсөн, манай эксковатор ч ажилдаа орсон. Тэнд дэд бүтэц эхний ээлжинд оруулаагүй лдээ. Автомашины зам, чулуун явган зам тавьсан, хашааг  нь бүгдийг нь нэг жигд болгож шинэ хашаа барьж өгсөн.

-Сайхан сонсогдож байна, иргэд өөр болжээ.
-Энэ өөрөө нэлээн цогц үйл ажиллагаа болсон л доо. Манай зураг төслийн компани бараг хагас жил  гаруй иргэдтэй ажилласан. Иргэд өөрсдөө гудамж гудамжаараа бүлэг  бий болгоод, нийтдээ 38 бүлэглэл бий болсон. Хамгийн түрүүнд бэлэн болсон бүлэг дээр нь очсон.

-Тантай ярилцах сайхан байлаа. Миний хувьд шинэ сэдэв, шинэ зочин. Цаашдаа олон уулзах байх гэж найднам. Таны ажил бол иргэдтэй эхлээд ойлголцох. Тэдэнд юу хийх гэж байгаагаа мэдрүүлснээр урагшилна. Тэр ажилд тань харин бид хамтран зүтгэхэд бэлэн байна.
-Баярлалаа. Танай сонины хамт олонд, мөн уншигчдад нь сайн сайхныг хүсье.
http://ganchimeg.niitlelch.mn/

1 comment:

  1. САЙН ӨДРӨӨ
    Намайг ноён Ругаре Сим гэдэг. Би Канадад амьдардаг, би өнөөдөр аз жаргалтай хүн болж байна уу? Намайг болон миний гэр бүлийг бидний ядуу байдлаас аврах ямар ч зээлдүүлэгч би түүнд зээл хайж байгаа бүх хүмүүст хандана, тэр надад болон манай гэр бүлд аз жаргал бэлэглэв, би 300,000.00 долларын зээл хэрэгтэй байна гэж өөртөө хэлсэн. Би 2 хүүхэдтэй ганц бие Эцэг болохоор амьдралаа бүхэлд нь эхлүүлэхийн тулд надад 300,000.00 долларын зээл өгөхөд тусалдаг энэ шударга, бурхнаас эмээдэг эр хүний ​​зээлдэгчтэй уулзаж байсан. Та зээлээ буцааж төлөх болно, түүнтэй холбоо бариарай, түүнийг өөр рүүгээ чиглүүлдэг ноён Ругаре Сим гэдгийг хэлээрэй. Ноён, Мохамед Кареентай и-мэйлээр холбогдоорой: (arabloanfirmserves@gmail.com) Баярлалаа.


    ЗЭЭЛИЙН БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ХЭЛБЭР
    Нэр......
    Дунд нэр .....
    2) Хүйс: .........
    3) Зээлийн хэмжээ: .........
    4) Зээлийн хугацаа: .........
    5) Улс: .........
    6) Гэрийн хаяг: .........
    7) Гар утасны дугаар: .........
    8) Имэйл хаяг ..........
    9) Сарын орлого: .....................
    10) Мэргэжил: ...........................
    11) Та манай талаар аль сайтыг энд оруулсан .....................
    Сайн сайхныг хүсъе, баярлалаа.
    Дерек имэйл arabloanfirmserves@gmail.com

    ReplyDelete