Thursday, 19 July 2012

Б.Уянга: Усны гайхамшигт чанарыг зүйрлэх аргагүй


"Aqua fitness" клубын захирал Б.Уянгатай ярилцлаа.
Хүүхэд байхаасаа спортоор хичээллэж, ''Хар ирвэс'' клубт фитнесийн багшаар ажиллаж байсан Б.Уянга буюу олны мэдэхээр Ука 2006 онд уг төвөө байгуулжээ.

-Усны гайхамшгийг юу гэж тодорхойлох вэ?
-Манай төв 2006 онд анх байгуулагдаж байсан. Тэр цагаас хойш олон хүнд усны гайхамшгийг мэдрүүлж, эрүүл, гоо сайхан байхад нь тусалсандаа сэтгэл хангаlуун байдаг. Ус хүний арьсанд үнэхээр сайн нөлөө үзүүлдэг. Энэ бүхнийг манай төвд явсан хүмүүс бүрэн дүүрэн мэдэрдэг гэж хэлж болно. Ялангуяа арьс нь суларсан дундаас дээш насныхан болон төрсөн эмэгтэйчүүд усанд дасгал хийхэд нэн тохиромжтой. Хүйтэн усны даралт их нягт байдаг учраас дасгал хөдөлгөөнтэй хоршин арьсыг чангаруулдаг давуу талтай. Зааланд хөдөлгөөн хийхдээ хүн заавал ямар нэгэн хэрэгсэлтэй хийж байж илүү ачаалал өгч, илүү үр дүнд хүрнэ. Харин усанд дасгал хийх үед усны даралт гадна талаас нөлөөлж, дотор талаасаа булчин ажиллана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тухайн дасгал хийж байгаа хүн ямар нэгэн хэрэгсэлгүйгээр, бас өөртөө хэт их ачаалал өгч ядардаггүйгээрээ давуу талтай.
Нөгөө талаар ерөнхийдөө махлаг хүмүүс буцаад турахад целлюлит буюу арьсны гадна талд өөхөн давхарга үүсдэг.

Ерөнхийдөө дундаас дээш насныханд целлюлит хуримтлагдах нь элбэг байдаг. Үүнийг усны цохилтоор бас арилгадаг. Хэт жин ихтэй хүмүүс зааланд дасгал хийхэд бэрхшээлтэй байдаг бол усанд эсрэгээрээ. Учир нь усанд хүний биеийн жин хөнгөн болдог учраас дасгал хийхэд илүү хялбар болж өгдөг. Мөн хүйтэн усанд дасгал хийж байгаа учраас хөлс ихээр ялгарахгүй, ядрахгүй, түүртэхгүй байдаг сайн талтай. Хэт их жин ихтэй, төрсөн эхчүүдээс гадна өөрийгөө хөдөлгөөний эвсэлгүй гэж боддог хүмүүс манай төвд явахад нэн тохиромжтой гэж хэлмээр байна. Яагаад гэвэл усан дотор тухайн хүнийг эвсэлтэй хөдөлж байна уу, үгүй юу гэдгийг хэн ч харахгүй учраас санаа зовохгүй дасгалаа хийж чаддаг.

-Усанд хийдэг дасгал жирийн фитнес дасгалаас өөр үү?
-Ялгаатай. Булчингийн дасгалаас гадна эмэгтэйчүүдийн хувьд илүү өөх суудаг хэсэг болох гарын бугалга, бэлхүүс, гуяны хэсэгт голчлон дасгал хийдэг. Амаржсан эхчүүд төрсний дараах хоёр сартайгаасаа хичээллэхэд тохиромжтой. Дасгалаа тогтмол, эрчимтэй хийснээр сардаа 4-5 кг хасагдаж, сул арьс маш сайн чангарна. Түүнчлэн стресс тайлах, хөөнгө, хаван бууруулахад ус үнэхээр гайхамшигт шидээ өгнө гэж хэлмээр байна. Усанд нэг цаг дасгал хийгээд гарахад бие хөнгөрч, арьс чангарсан нь шууд мэдрэгддэг. Ер нь хүний жин хасагдах тусам арьс суларч, унжиж байдаг учраас хүйтэн усаар чангалж, чийрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Суларсан арьсны дотор дахин өөхөн давхарга үүсэх магадлал өндөр байдаг. Тэгэхлээр биеэ чийрэгжүүлж, арьсаа чангалах, фитнесээр хичээллэх гэсэн хоёр үйлдлийг нэгэн зэрэг хийж, цаг заваа ч хэмнэж байгаа юм. Дээр нь нэмж хэлэхэд усан дотор дасгал хийхэд бэртэл гэмтэл харьцангуй багатайгаараа бас давуу талтай. Бөөрөнд хэт ачаалал өгөх, зүрх судасны өөрчлөлттэй хүмүүс даралт ихсэх зэрэг сөрөг нөлөө гардаггүй. Тийм учраас найман наснаас наян нас хүртэлх хэн ч усан фитнесээр хичээллэж болно. Сүүлийн үед эмч нар ч бассейнд хичээллэхийг их зөвлөдөг болсон байна лээ. Хөдөлгөөний хэт дутагдалд орсон, нуруу, хүзүүний шохойжилт, үе мөчний суултын улмаас усанд дасгал хийх эмчийн зөвлөгөөтэй хүмүүс манайд явдаг.

-Усанд хийх дасгал улирлын чанартай байх уу. Жишээ нь, өвөл хийвэл илүү тохиромжтой гэх ч юм уу?
-Улирлын онцлог хамаагүй. Хүн өвөл, зун ялгаагүй байнгын идэвхтэй хөдөлгөөнтэй байх ёстой. Аль ч улиралд усанд хийх дасгал хүний биед хэрэгтэй. Зун бол халууцаж хөлрөх, хөөж хавагнах гээд биед гардаг элдэв өөрчлөлтийг усны тусламжтайгаар зохицуулж болно. Өвлийн улиралд усан спорт, дасгалаар хичээллэдэг хүмүүс илүү чийрэг байдаг гэхчилэн давуу тал их.

-Фитнес дасгалын төрлүүд олон янз байдаг. Усан фитнес ч өөр төрлүүдтэй юу?
-"Aqua fitness" дотроо олон төрөл байдаг. Дэлхийн бүх л оронд усан фитнес өөр өөрийн онцлогоор хөгжиж байгаа. Манай төвийн хувьд бас л онцлогтой. Монголын хувьд усан бассейн ховор учраас манайх тэр орон зайг тодорхой хэмжээгээр нөхөж байгаа. Анх би энэ төвөө нээхдээ оюуны өмчөөр баталгаажуулж, өөрийн гэсэн хөтөлбөрийг албан ёсоор бий болгосон. Бид өнөөдөр озон бассейн дээрээ төвлөрч хичээлээ явуулж байна. Озон бассейн гэдэг нь 24 цагийн эргэлттэйгээр озоноор усаа цэвэршүүлдэг гэсэн үг. Бусад жирийн бассейнууд хлораминаар голдуу усаа цэвэршүүлдэг. Хлорамин арьсыг хуурайшуулах, харшил өгөх зэргээр сөргөөр нөлөөлөх талтай байдаг. Харин озоны хувьд хлораминаас гурван мянга дахин илүү усыг цэвэршүүлж, ариутгадаг гэж үздэг. Хүчилтөрөгчөөр баяжуулсан, эмчилгээний зориулалттай ус гэсэн үг л дээ.

-Усан бассейнд хичээллэхэд заавал сэлдэг байх шаардлагатай юу?
-Манай монголчууд тэр бүр устай ойр байдаггүй хүмүүс шүү дээ. Тийм учраас уснаас айдаг хүмүүс ер нь манайхыг зүглэх бодолгүй юм шиг сэтгэгдэл анх төрдөг байсан. Энэ ойлголт одоо бол өөрчлөгдсөн л дөө. Ер нь бол аква фитнест явахад заавал усанд сэлдэг байх шаардлагагүй. Усан бассейнд босоо зогсоод толгой хэсэг усанд орохгүйгээр дасгал хийдэг учраас уснаас айж эмээх хэрэггүй гэж хэлмээр байна. Манайх мөн сэлэлтийн сургалт явуулдаг. Сэлэлтийн бассейн маань том биш, дундаж хэмжээтэй. Тиймээс сэлж сурахад илүү хялбар дөхөм. Мөн хажуудаа хуурай, нойтон саун ажиллуулдаг. Сауны ач холбогдлыг хүмүүс надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Хүний биеийн илүүдэл бодис хөлсөөр ялгарч гарч байх ёстой. Үүнд хуурай саун ач тусаа өгдөг. Манайд хичээллэж байгаа хүмүүс долоо хоногтоо 1-2 удаа хуурай саунд орох хэрэгтэй. Уурын сауны хувьд хуурай арьстай хүмүүст илүү тохиромжтой, арьсыг чийгшүүлж өгдөг давуу талтай. Бид бас хажуугаар нь зөв хооллолтын зөвлөгөө өгч, дасгал хөдөлгөөн хийсний үр дүнг тогтмол хянана.

Тэгээд эцэст нь "Монголын үнэн" сонины уншигчдад хандаж манай төвөөр үйлчлүүлээрэй гэж хэлмээр байна. Манай төв хотын түргэн тусламж 103-ын зүүн талд байх озон бассейндаа Та бүхнийг урьж байна. Бидэнтэй 99099789, 331014 дугаарын утсаар холбогдож болно. Усны гайхамшигт чанар бол үнэхээр зүйрлэшгүй шүү.

Т.ҮЛЭМЖ 


No comments:

Post a Comment