Monday, 30 July 2012

Г.Очбаяр: Хүн чулууны хонхорт гадны жуулчны хөшөөг босгосонд харамсдаг


Түүхийн дурсгалын хадгалалт, хамгаалалтын талаар Улаанбаатар хотын музейн ажилтан, судлаач Г.Очбаяртай ярилцлаа.
-Өнөөдрийн байдлаар нийслэл хотод түүх соёлын өвд багтах хэчнээн дурсгал байна вэ. Тэдний хадгалалт, хамгаалалт хэрхэн хийгдэж байгаа талаар яриагаа эхэлье?
-Соёлын өвд албан ёсоор бүртгэгдсэн 180 орчим түүх соёлын үл хөдлөх дурсгал бий. Ер нь соёлын өвийг бодит болон бодит бус гэж хоёр хуваагаад түүнийгээ дотор нь хөдлөх болон үл хөдлөх гэж ангилдаг. Эдгээр дурсгал нийслэлийн есөн дүүрэгт харьяатайгаар хамгаалалтад байдаг гэж ойлгож болно. Үүнээс нийслэлийн хамгаалалтад 11, улсынхад 15 дурсгал бий. Өөрөөр хэлбэл, эдгээр 21 дурсгал тусгайлан хамгаалалтад байдаг гэсэн үг. 1971 онд БНМАУ-ын Сайд нарын тогтоол гарч, түүх соёлын дурсгалыг бүртгэлжүүлж, хамгаалах тогтоол гарсан байдаг. Үүнээс хойш 1994 болон 1997 онд энэ тогтоол шинэчлэгдсээр ирсэн. Энэ мэтээр шинэчлэлт хийгээд хамгаалаад байна гэсэн нэртэй боловч үнэн хэрэг дээрээ тусгайлан хамгаалалтад авсан, тэр бүү хэл, улсын хамгаалалтад байдаг дурсгалуудаа яг үнэндээ хамгаалж чадахгүй байна. Тэгээд ч соёлын өвийг хамгаалахад дан ганц харьяа байгууллага биш, төрийн болон хувь хүмүүсийн дэмжлэг хэрэгтэй.

-Сүүлийн жилүүдэд соёлын өвд бүртгэгдсэн улсын үнэт өв халдлагад өртсөн тохиолдол хэд хэд гарсан. Ер нь үүнийг хэрхэн зохицуулах ёстой юм бэ.
-Манай улсын хувьд түүхийн дурсгалуудаа хамгаалдаг тогтолцоо нь буруу, сул байгаатай шууд холбоотой. Үүнийг зохицуулдаг хууль эрх зүйн орчин дутмаг байна гэсэн үг л дээ. Үүнээс болоод улсын болон нийслэл дүүргийн гээд давхар давхар хамгаалалтад байдаг түүхийн дурсгалууд бүр нураагдаж, устаж үгүй болсон тохиолдол гарсан. Тухайлбал Зүүн хүрээний нууц бүлгэмийн байшин буюу хоёр давхар модон байшинг баяр наадам далимдуулаад нураасан. Мөн үүний дараагаар Смераль, Колоров, Чойбалсан нарын сууж байсан байшинг мөн л нураасан. Үүний цаана хүмүүсийн ухамсраас гадна газрын асуудал бий. Хүмүүс газарт нь шунаад л юу ч байсан нурааж устгахаасаа эмээхээ больчихсон ийм дүр зураг нийтлэг болсон.

Мөн үүнээс гадна түүхийн дурсгал устаж үгүй болоход хамгийн гол нөлөө үзүүлж байгаа хүчин зүйл бол эрх мэдэлтнүүд. Бид хэчнээн болохгүй, нураалгахгүй гэж хашгираад тусыг эс олох тохиолдол гарна. Биднээс давсан эрх мэдэлтэй хүмүүс өвөр зуураа хэлэлцээд л өнөөх соёлын өвийг нураах, солих шийдвэр гаргаад өгчихсөн байдаг. Энэ тохиолдолд бид үнэхээр хүчин мөхөсддөг. Дээр дурдсан түүхийн дурсгалууд ч мөн энэ маягаар л устсан. Ингэж түүхийн дурсгалыг нураах, үгүй хийх зөвшөөрөл өгч байгаа нь өнгөрсөн үеэ, түүхээ үгүйсгэж байна гэсэн үг шүү дээ.

-Эхнээс нь түүхийн дурсгалаа устгуулахгүй байх тал дээр анхаараад, хяналтаа чангатхаж болдоггүй юм уу. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр түүхийн дурсгал устсаны дараа хүн бүхэн л халагладаг шүү дээ?
-Бид чадлынхаа хэрээр хамгаалдаг, эргэж тойрдог, хяналт тавьдаг боловч яг үнэндээ нэг барилгыг нурааж байхад очоод зогсоох эрх алга байна шүү дээ. Ийм тийм үүх түүхтэй нурааж, устгаж болохгүй гэхээс өөрийг бид хийж чадахгүй. Мэргэжлийн хяналт, цагдаа гээд маш олон шат дамжлагаар явж байж хориглосон шийдвэр гардаг. Харамсалтай нь энэ бүхэн биеллээ олоод дуусахын цагт хэдийнэ устсан байх нь бий. Ер нь энэ төрлийн хуулийн зохицуулалтыг чангатгаж, тогтолцоог нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнээс гадна улс эх орныхоо үүх түүхийг мэддэг судлаач эрдэмтэд нийлээд соёлын өвөө хэрхэн хамгаалж авч үлдэхийг ярьж хэлдэг байх хэрэгтэй.

-Шинээр соёлын өвд бүртгэх шаардлагатай хэчнээн барилга байгууламж байна вэ. Өөрөө энэ тал дээр тусгайлан судалгааны ажил эхлүүлээд байгаа гэсэн?
-Шинээр соёлын өвд бүртгүүлэх шаардлагатай хэд хэдэн барилга бий. 1926-1931 онд Улаанбаатар хотод 13 ширхэг байшин барьсан байдаг. Үүний дунд МУБИС-ийн нэгдүгээр байр. Энд 1935-1961 онд Засгийн газар байрлаж байв. Мөн Засгийн газрын ордны зүүн талд байдаг Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэрийн байр, Ленин клубийн байр газар гээд бүгдийг нь хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай. Тиймээс бид зохих судалгаа шинжилгээг хийгээд холбогдох газруудад нь хандахаар болоод байна. Эдгээрээс гадна Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн ард талд байрлах 1909 онд баригдсан Цагаан хааны эмийн сангийн байшин зэргийг хамгаалалтад авах шаардлагатай байгаа.

-Эдгээр барилгыг ямар журмаар хамгаалалтад авах вэ. Тодорхой хэмжээний шалгуур байдаг байх л даа?
-Түүх соёлын өвд авахад 50 жилээс дээш насжилттай байх ёстой гэх мэт үндсэн хэдэн шалгуур бий. Дээр дурдсан байшингууд энэ шалгуурыг хангасан. Энэ ажлыг манайхаас хийж байгаа. Ингээд бүгдийг нь судалж дуусаад бүх нөхцөл бүрдсэн тохиолдолд холбогдох газруудад нь хүргүүлнэ. Үүнээс гадна сүүлийн үед хөшөө дурсгалууд шинээр бий болж байна. Гэхдээ үүнд жаахан цензуртэй хандах хэрэгтэй. Хүссэн хүн бүр хаа сайгүй хөшөө босгоод байж болохгүй. Тодорхой хэмжээний шалгуур, учир шалтгаан гэж байх ёстой мэт санагддаг юм. Яг энэ асуудалтай холбоотой санаа зовж, харамсч явдаг зүйл бий. Улаанбаатар хот байрлаж байгаа энэ газрыг Алтан тэвшийн хөндий гэж нэрлэдэг. Энэ хөндий бол газарзүй болон түүх соёлынхоо хувьд сонин содон нэр, түүхэн газар ихтэй. Тухайлбал, одоогийн Гадаад харилцаан яамны хойд талын хонхор хэсэгт олон тооны хүн чулуу байрлаж байсан түүхтэй. Тиймээс энэ хонхорыг Хүн чулууны хонхор гэж нэрлэдэг.

Энэ газарт 1778 онд Их хүрээ нүүдэллэж ирээд хүн чулуун хөшөөгөөр шав тавьж байсан юм билээ. Энэ газарт 1997 онд Б.Наранжав гэдэг хүний зураг төслөөр мэлхий суурьтай хөшөөг босгосон байдаг. Гэтэл энэ газрыг хоёр жилийн өмнө Туркийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн болгоод, өн гөр сөн онд Марко Пологийн хөшөөг босгочихлоо. Энэ бол маш харамсалтай зүйл болсон. Яагаад их хүрээ байрлаж байсан түүхт газраа монголчууд бид өөрсдөө хамгаалаад авч явж болдоггүй юм бэ. Монголчууд биднийг өнөөдрийн амьдралд хүргэсэн бидний өвөг дээдэс, үүх түүх маань чухал болохоос тэр гаднын жуулчин үнэндээ та бидэнд хэрэгтэй юу хийсэн юм бэ. Энэ мэтчилэнгээр түүхийн дурсгалд хайнга хандах тохиолдол гарсан байгаад их харамсдаг. Бид түүх соёлоо дээдэлж, эзэн болох л шаардлагатай байна.

-Энэ их сонин түүх байна. Одоо энэ асуудлаа холбогдох газруудад нь тавиад Хүн чулууны хонхорыг авч үлдэх боломж байхгүй юу?
-Эхний ээлжинд танай сониноор дамжуулаад асуудлыг тавьж, олны сонорт хүргэж байна. Цаашид зохих газруудад нь хандах талаар зохих арга хэмжээг авч байгаа. Энэ түүх бол зөвхөн жишээ. Энэ мэтчилэн хамгаалж, авч үлдэх шаардлагатай олон дурсгал нийслэлд бий. Цаашид бид энэ талын судалгааг хийгээд ажил хэрэг болгох тал дээр ихээхэн анхаарч байна.

-Харин хөдөө орон нутагт энэ асуудал ямар байдаг юм бол?
-Хөдөө бол түүхийн дурсгалыг устгах, үгүй хийх тохиолдол харьцангуй бага. Харин хаа очиж, хөдөөнийхөн түүхээ мэддэг, өв соёлоо хамгаалдаг, эзэн болж чаддаг. Өөрөөр хэлбэл, хөдөөнийхнийг хэдий бүдүүн бараг гэдэг боловч хотынхныг бодвол түүх соёлоо хамгаалах тал дээр хамаагүй боловсрол өндөртэй, сэтгэлтэй хүмүүс тэнд байдаг. Бид саяхан хөдөө орон нутаг дахь түүхийн дурсгалуудаа эргэж тойроод ирлээ. Ингээд явж байхад нэг хөшөө бунхан дээр очиход л морь, мотоциклтой хүмүүс давхиад ирж байх жишээтэй. Юун хүмүүс яах гэж байна гээд л. Энэ мэтчилэн хөдөө орон нутагт тухайн хөшөө дурсгалыг нэг айл ч юмуу сумынхаа удирдлагуудтай гэрээ хийгээд хариуцаад авчихдаг. Тухайн хүн нь энэ үүргээ маш сайн биелүүлж байна.

Иймээс хөдөө орон нутаг дахь дурсгалууд хүний гараар сүйдэх нь ховор. Харин цагийн эрхээр нар салхинд гандаж, элэгдэх нь бий. Үүнийг бид тодорхой давтамжтайгаар, эргэж тойроод сэргээдэг. Бас нэг таатай мэдээ дуулгахад сая бид хөдөөгүүр явж байхдаа Архангай аймгаас хоёр буган чулуун хөшөө шинээр илрүүлсэн. Тун удахгүй соёлын өвийн хамгаалалтад авна.

М.Өнөржаргал 


No comments:

Post a Comment