-Уулзаагүй уджээ. Хэчнээн ч жил өнгөрөв дөө. Юуны түрүүнд баяр хүргэе. “Үзэхийн хязгаар” номонд тань?
-Баярлалаа. Номыг минь уншиж байгаа хүн бүхэнд баярлалаа гэж бас хэлье.
-Намтарчилсан эсээнүүдээ эмхэтгэж ном хийх санаа яагаад төрөв?
-Шинэ сэргэг юм хийх гэсэн уран бүтээлийн эрэл хайгуулаас л үүдсэн. Санаа нь их эрт төрсөн юм аа. Бүр 30 насны төрсөн өдрөө тэмдэглэж байхад анх энэ санаа төрсөн. 2004 онд “Ганцаардлын дасгал”, “Нүдний шилэнд үлдсэн зургууд” гээд хоёр номоо нэг дор хэвлүүлсэн дээ. Тэдгээрийг хэвлүүлэхээсээ өмнөхөн “Удахгүй гурван ном гаргах гэж байгаа” гээд баахан ярьчихав аа. Гэвч номуудаа хэвлэлд өгөхийн өмнөхөн өөр нэг яруу найрагч эмэгтэй гурван ном гаргачихаар нь өрсөлдөж байгаа ч юм шиг тэнэг санагдаад нэг номоо цааш нь хийчихсэн юм. Тэр явдал надад их тус болсон. Бараг бэлэн болчихсон гэж тухайн үед бодсон энэ номоо түүнээс хойш л өөрчлөөд, засаад, нэмээд л бичээд байсан. Сүүлийн арваад жилд бичсэн 48 эсээнээс 27 нь “Үзэхийн хязгаар” гэдэг энэ номонд маань орсон байгаа. Хассаар байгаад л энэ.
-Бараг талыг нь хассан юм байна шүү дээ?
-Тийм ээ. Хүмүүсийн уран бүтээлд хатуу шүүмжлэлтэй ханддагаасаа болоод би их муулуулдаг. Үнэндээ бол өөртөө бүр ч хатуу ханддаг юм шүү.
-Агуулгаас нь битүү дурсамж ханхалж байна лээ. Зарим уншигч дурсахад эрт нас юм биш үү гэх маягийн үг унагаж байхтай ч таарлаа?
-60-70 насанд дурсамж бичдэг гэсэн ойлголт хэтэрхий хуучирсан. 60 нас хүрэх эсэхээ ч мэдэхгүй байж бичих туурвих ажлаа хойшлуулах нь гэнэн биш үү. 19 настай ази охин өөрийнхөө амьдралаас сэдэвлэн ном бичээд уран зохиолын ертөнцөд шуугиан тарьчихдаг болсон ийм л цаг үед бид амьдарч байна. Хүний ойлгосон ухаарсан нь наснаас хамаардаггүй. Авьяасаас, ухаанаас, өөрийн чинь бүтээж чадсан түүхээс л хамаарна. Энэ номыг бичсэнээр миний намтар дуусчихаж байгаа юм биш л дээ. Гуравны нэгийг нь л чи уншсан. Тэгээд ч энэ бол дурсамжийн ном биш, үзэл бодолтой, онцгойлох баримтуудтай, эргэцүүлэл, гаргалгаа дүгнэлттэй, яруу найргийн санаануудтай, эсээ гэдэг төрөл зүйлийн бүтээл. Утга зохиолын эсээ сэтгүүл зүйн эсээнээс өөр. Энэ хоёрын зам их эрт салсан л даа. Гэхдээ нэг сонин юм байна. Сэтгүүл зүйн эсээг утга зохиолд оруулж болохгүй атал утга зохиолын эсээг сэтгүүл зүйн эсээнд хамруулж болдог. Би номоо хэвлүүлэхийн өмнөхөн Америкийн шилдэг утга зохиолын эсээгээр шалгарсан нэг бүтээлийг уншсан. Миний сэтгэлийг хөдөлгөөгүй. Хүчтэй юм бичихийн тулд хүчтэй түүхтэй байх хэрэгтэй. Хэн нэг нь надаас илүү бичиж чадах л байх. Гэхдээ минийх шиг түүх түүнд байхгүй. Хэн нэг нь надаас хамаагүй илүү намтар түүхтэй л байх. Гэхдээ яг минийх шигээр илэрхийлж чадахгүй. Тэгэхээр 40 нас хүрч буй эмэгтэй хүн намтарчилсан хэлбэрийн эсээнүүд бичсэнд гайхах зүйл үгүй юм.
-Дурсамж бол үнэхээр сайхан зүйл. Та ойлгоорой, би хамгийн дуртай нэршлээрээ л ярьж байна шүү. Би өвчтэй удаан хэвтэж байхдаа нэг “нээлт” хийсэн юм. Санаа алдаад ч доошоо орж өгөхгүй сэтгэл хүндрээд, гараад гүйж ч чадахгүй хэвтэрт байх үнэхээр зовлонтой л доо. Ийм үед эмэгтэй хүн дурсамжаа “идэж” амьдардаг юм билээ. Тэгээд эмэгтэй хүн хожим өөрийгөө тэжээх дурсамжаар хангалуун амьдрах ёстой юм байна гэж бодсон. Гэнэн байна уу?
-Ганц эмэгтэй хүн биш шүү дээ. Хүн бүр дурсамжаараа амьдардаг. Нохойнд дурсамж байдаг эсэхийг бид мэдэхгүй. Харин хүнд бол байдаг. Үүгээрээ л бид амьтнаас ялгаатай байж тун магадгүй. Тэгэхээр дурсамж бол маш дээгүүр, магадгүй бидний бурханлиг чанар юм биш үү?
-Эмэгтэй хүний түүх бол бүтнээр нь илчлэх аргагүй зүйл. Амттай, адтай, зовлон гуниг, хайр харуусал, хүсэл тачаал, алдаа оноо дүүрэн. Далдын далд байдаг хэсгээсээ эдгээр эсээнүүддээ тэгтэл тусгаагүй санагдсан. Нэг тийм зарим номлогчдоос ангид, элдэв ёс суртахууны дүрэм журмын хил хязгаарыг давж гишгэсэн, заримдаа өөрөө ч нуугдмаар дурсамж хүнд байдаг даа. Тэр л жинхэнэ сэдэв юм шиг ээ?
-Өнөөдрийн, нийтлэг, хэтэрчихсэн поп сэтгэхүйтэй хүмүүс дурсамж уншина гэхээр стриптиз үзнэ гээд бодчихдог шиг байгаа юм. Дурсамж бол стриптиз биш. Тэгээд ч “Үзэхийн хязгаар” бол дурсамжийн ном биш, өөрт тохиолдсон бүхнээс санаа аван, элдэв баримтыг дэвсгэр болгон ашиглаж бичсэн эсээний ном гэдгийг дахин хэлье. Нүцгэн баримт дангаараа уран зохиол болдоггүй. Угаасаа нуугаад байх юм үгүй атал заавал шалбааг харагдах ёстой гэж эрдэг, шавар шавхай харагдахгүй л бол нууж байна гэж ойлгодог болтол нь бид уншигчдыг мунхруулж мэхэлсэн байна шүү дээ. Таны дотроо сэм хүлээж байсан ямар нэг зүйлийн тухай бичээгүй орхисон шиг санагдсан бол тэр нь ердөө миний сэтгэлийг хөндөөгүй болохоор л бичээгүй хэрэг. Сэтгэлийг нь дэнсэлгэж, донсолгож чадсан юмны тухай л зохиолчид бичдэг. Юунд сэтгэлээ эзэмдүүлэх вэ, юунд ач холбогдол өгөх вэ гэдэг нь харин хүний ухаанаас гадна ёс суртахууны хэм хэмжээнээс шалтгаална. Ёс суртахуунтай байдал гэдэг хязгаарлагдмал байдал гэсэн үг биш. Өнөөгийн манай энэ нийгэмд бол харин ч хүчирхэг байдал.
-Бид өөрсдийнхөө өнгөрсөн түүхийг гоёчилдог тал бий. “Өнгөрсөн бүхэн эргэж ирдэг” гэсэн нэгэн сайхан эсээг тань уншаад сайн найз, сайхан яруу найрагчийнхаа тухай л дурсч байгаа юм шиг сэрүүндүү санагдсан. Ямар ч шарх, хайрын гашуун мөр үлдээгүй гэж хэлэх гэсэн ч юм шиг?
-Сайхан эсээ гэсэн мөртлөө сэрүүндүү гэсэн чинь юу гэсэн үг вэ. Үнэн юм гэдэг бол муу юм гэсэн үг биш шүү дээ. Зарим нь бол тэр эсээг уншаад зөндөө уйлсан л гээд байгаа. Үгүй болсон хүнийг хүртэл муулуулах гээд байдаг нь манайхны гэм биш зан. Амьдралын аар саар, аахар шаахар зүйлд ач холбогдол өгөх нь уран зохиолын хүний зан биш. Ажил нь ч биш. Бидний амьдралд байж л байдаг ойр зуурханы бохир юмыг бичих хэрэг бий гэж чи бодож байна уу. Энэ тэгвэл урлаг биш. Утга зохиолын эсээ гэдэг бол гоо зүйтэй байх ёстой зүйл. Сайхан түүхэнд биш муухай түүхэнд итгэдэг нь бидний дадал зуршил юм даа. Гоо зүйтэй, ёс суртахуунтай, хүн чанартай зүйлд биш шуугиантай, бохир үнэнтэй юмыг л бид анхаардаг, бусдаас тийм зүйлийг шаарддаг болчихож. Би сонинд ажиллаж байхдаа ярилцлага хийж байгаа хүнээ тэр чигээр нь шалдлаад тавьчихъя гэж хэзээ ч бодож яваагүй юм. Ярилцагч маань тэнэг үг хэлбэл нь баярлан шүүрч авдаггүй, тэр ч байтугай хөнгөхөн засаад тавьчихдаг байсан. Алдартай хүмүүсээс дуучин Түмэндэмбэрэл, Уртнасан, Хайдав, Ариунаа, Балетын Оюун, ардын жүжигчин Гомбосүрэн, зураач Дүйнхоржав, Ж.Болд гээд олон хүнтэй ярилцлага хийсэн. Нэгэнт од болсонтой нь төдийгүй, дөнгөж гарч ирж буй залуу хүнтэй нь ч уулзахдаа ярьж хэлж байгаагаас нь илүүтэй нүд, дуу хоолойг нь ажигладаг байсан даа. Сайн сайхан яваа хүнийг би харлуулъя гэж хэзээ ч бодож байгаагүй. Тэнэг үг хэллээ ч, чамд ихэмсэг дээгүүр зан гаргалаа ч сайн хүн байж болно шүү дээ. Гэхдээ хэн нэг хүний ярилцлагыг засч аварч байсан шигээ дурсамжийг бол засах боломжгүй. Хүн юм бодож дурсахдаа тархин дотроо засаад л бодоод байдаггүй дээ. Бодож байгаагаа тэр чигээр нь л бичсэн. Эцсийн эцэст энэ ном бол бүхлээрээ миний үзэл санаа. Өнөөгийн байдлаархи ойлголт маань. Энэ нь алсдаа өөрчлөгдөж ч болно. Гэхдээ цаад үнэн нь биш харах өнцөг нь... Юунд шархлах, юунд шархлахгүй вэ гэдэг харин хүний хэмжээнээс хамаарна. Зарим маань том, зарим маань жижиг байдаг шиг бидний сэтгэл зүрх бас размертай. Хязгааргүй уужуу сэтгэл ч байна, хумсын толионоос жижигхэн сэтгэл ч байна. Жижиг размерын сэтгэл рүү хичнээн ч сайхан том зүйлийг цутгаад чихээд орохгүй, хүлээж авмаар байвч хэмжээ нь хүрэлцэхгүй. Аливааг тэнүүн сайхнаар, уужим ууч сэтгэлээр харлаа гээд тэр гоёчлол болдог бол амьдралд сайн сайхан зүйл үлдэхгүй. Уран бүтээлчийн хөргийг бүтээх гэсэн далд санааг минь чи анзаараагүй бололтой. Уран бүтээлч хүнийг ойлгож сурвал уран бүтээлийг илүү ойлгож сурна. Зохиолч хүн өөрийнхөө уншигчдыг өөрөө л бэлтгэдэг юм аа. Уншигчийн боловсрол гэж маш том зүйл бий шүү дээ. Хэн ч надаас сонирхож асуухаа больсон, бараг мартагдаж эхэлсэн хүнийг би бусдын анхаарлын төвд буцаан авчирч байгаа нь тэр хүн сонирхолтой дүр учраас шүү дээ. Тэр хайрын шарх марх бол дэндүү жижиг асуудал. Хүүхэн бүрийн ярьж чадах тийм зүйлийг биш хүүхэн бүрийн олж харж чадахгүй зүйлийг л би бичнэ.
-Уучлаарай, энэ бас миний бодол биш байж болно. Энэ асуулт юм шүү. “Тэнгэрт ургадаг модод”-оос хойш уулзаагүй юм байна. Энэ хугацаанд олон сайхан ном хийсэн. Гэхдээ надад “Ганцаардлын дасгал”, “Төсөөллийн өрөөнд” хоёр илүү их таалагдсан.
-Манайхны хамгийн их ярьдаг нь энэ хоёр ном л доо. Гэтэл “Нүдний шилэнд үлдсэн зургууд” гэдэг үргэлжилсэн үгийн ном минь надад хамгийн их амжилт авчирсан юм аа. Энэ номын өгүүллэгүүдээс Америкт, Солонгост хэвлэгдсэн. Одоо хоёр өгүүллэгийг нь Японд орчуулан хэвлэж байгаа. Би хөөцөлдөөд орчуулуулсан юм биш, өөрийнхөө замаар гадагш гарцгаасан. Энэ номынхоо буянаар дэлхийн залуу зохиолчдын чуулгад яруу найрагч гэдгээрээ биш новелист гэгдэн уригдсан. Нэг өгүүллэг маань дэлхийн залуу зохиолчдын антологид шилэгдэн орсон. Францын, Америкийн, Английн, Германы, Италийн, Нидерландын хүчтэй залуу зохиолчдын дунд надад нэг жижигхэн зай өгсөн юм. Үүний дараа л өөрийгөө зохиолч гэж хэлэх зүрхтэй болсон шүү, үнэндээ. Манай зохиолчид миний энэ номын тухай надад юм хэлдэггүй. Гэтэл Америкийн утга зохиолын сэтгүүлд хэвлэгдэхэд нь нэг америк тоймч Aquarium гэдэг өгүүллэгийг минь онцгойлон эш татаж, truly wonderful work гэж үнэлж бичсэн. Үүнийг яагаад ярьж байна вэ гэвэл, гадаадын ямар нэг үнэлгээ, шагнал олж ирэхгүй л бол манайхан нэгийгээ олж харж чаддаггүй, хүлээн зөвшөөрдөггүй, итгэдэггүйг сануулах гэсэн юм.
-Үргэлжилсэн үг гэснээс... одоо ч гэсэн шүлэг бичих гэж яардаг хэвээрээ юү. Сайхан шүлэгнээс өөр юунд ч адгадаггүй гэж хэлж байсан тань санагдаад л?
-Ярилцлага өгөх, номууд гаргах, шүлгээс өөр чиглэлээр бичих нь адгаж буй хэрэг биш шүү дээ (инээв). Би хаа саагүй зурагаа наагаад, номыг минь худалдаж авсан азтай худалдан авагчид ноолууран цамц өгнө шүү гэж зарлаж зогсдог шар зохиолчдын эгнээний хүн биш. Тиймээс итгэл үнэмшилдээ тэнцэж явахын тулд л сайхан шүлэгнээс өөр зорилго надад байхгүй гэж хэлсэн хэрэг.
-Шүлэг яруу найраг чинь төрдөг юм биш үү. Сайн шүлэг бичих гэж л яардаг гэсэн үгээс зорилго үнэртсэн. Зорилгоор уран бүтээл хийж болох уу. Та юу гэж бодож байна?
-Уран бүтээл ямар нэг зорилгоос л төрнө. Өөрийгөө олох зорилгоос, ертөнцийг ойлгох хүсэл тэмүүллийн зорилгоос, үзэл бодлоо илэрхийлэх зорилгоос, бас зүгээр л аймаар чанга хашгирах хүсэл зорилгоос төрж болно. Гэхдээ зорилго тавьснаар л тэр бүхэн бий болчихдоггүй байхгүй юу даа, Ганаа. “Би мундаг яруу найрагч болно” гэсэн зорилготой зуу зуун залуу хүн манай яруу найргийн тайзан дээр эгнээд зогсч байна. Тэдний зорьсон хүссэн болгоны зоргоор тэр зорилго нь биелэхгүй. Онгодыг хүлээгээд сууж байдаггүй, зорилгоо зарлаад л болчихдоггүй, харин уран зохиолыг хийдэг, бүтээдэг, төрүүлдэг. Өөрөө л тэнгэрээс төрчихдөг юм биш. Алдарших зорилгоор шүлэг бичиж буй хүн байна. Бас мөнгө олох л зорилгоор ном хэвлүүлдэг хүн ч бий. Бүр улс төрд орохын тулд маш богино хугацаанд яруу найргийн тайзыг ашигладаг хүн ч байна. Бичдэг болгоны ард өөр зорилго байгаа. Миний зорилго бол цэвэр уран бүтээл. Хэт шоу нийгэмд амьдарч байгаа тул иймэрхүү юм ярьсан хүнд бид итгэдэггүй. Гэтэл ийм үзэл санаатай хүн маш их. Би олныг танина.
-Өмнөх ярилцлагаа үзэж байгаад л дээрх асуултыг тавьчихлаа л даа...?
-Ойлгож байна. Ухаж, мушгиж, уурлуулж шатааж байж үг унагах гэдэг нь чиний ажил биз дээ. Би өөрчлөлтөөс айдаггүй юм аа, Ганаа. Өмнөх ярилцлагуудаас минь болоод надаас байнга нэг хэвийн байхыг шаарддаг хүмүүс бий. Намайг ээмэг бөгж ч зүүдэггүй, гоёж гооддоггүй гээд нэг сонинд биччихсэн. Уг нь бол үнэн. Гэхдээ түүнээс хойш уулзсан учирсан хүн болгон миний чих рүү, гар хуруу руу хараад байх болсон. Бүр нэг ах “Чи их сонин хүн шүү, ээмэг бөгжийг хэрэгсдэггүй эмэгтэй хүнтэй анх удаа л таарч байна. Манай эхнэр бол сард нэгийг худалдан авдаг” гэж зориуд хэлэхэд эхнэр нь их эвгүйцэж, ичиж байсан. Би жаахан гэдэнтэй зантай юм. Надаас болж өөр хүн эвгүй байдалд орж буй нь муухай санагдсан. Тэгээд нэг удаа олны дунд очихдоо зориуд бөөн юм давхарлаж зүүгээд очсон л доо. Таньдаг хүн бүхний нүд бүлтийгээд ирсэн.(инээв) Би жаахан шооч хүн ш дээ. Ер нь бол тухайн агшинд юу бодсон, түүнийхээ дагуу л байх болно. Урьд нь намайг хэн юу гэж бичсэн, цоллосноос болоод чөдөртэй юм шиг явахгүй ээ. Хүн бусдад таалагдах гэж биш, өөрийнхөө үзэл бодол, сэтгэл санааны байдалд зохицож явбал зүгээр. Хэдий би бөгж зүүдэггүй ч гэлээ бүх мөнгөөрөө надад гоё бөгж худалдан аваад ирсэн найзынхаа сэтгэлийг бодоод түүнийг нь зүүж болно ш дээ. Харин үүнээс болоод намайг худалч, хувирагч гэвэл шударга бус юм болно.
-Хэзээ нэгэн цагт галзуу яруу найраг бичих л болно доо гэж мөрөөддөг байлаа. Тэгснээ ичээд нэгэнт өнгөрсөн юм шиг санагдаж гутардаг болчихсон… Өө, сэтгэл хөдөлж байна шүү?
-Сайн сайхан зүйл хийхэд хэзээ ч оройтдоггүй л гэдэг.
-Авьяас гэж юу юм бэ. Хүн төрөлхтөн одоо болтол авьяасын нууцыг л тайлж чадаагүй гэдэг. Энэ талаар тусгайлан бодож байв уу?
-Бодож байсан. Юу ч гэж тайлбарлаж болно. Жишээ нь авьяас бол их ухаан гээд л хэлчихэд буруудах юм байхгүй. Суут зохиолчид бүгд гайхалтай нарийн, гүнзгий, хурц саруул ухаантай байж. Гэвч авьяас дангаараа бүхнийг бүтээдэггүй юм аа.
-“Хэрэгтэй бүхэн сайхан” гэхээс авахуулаад “Хайртай бүхэн сайхан” хэмээх хүртэлх бүх л тодорхойлолт амжилтад хүрч байсангүй гэж таны багш бичсэн. Сайхан гэдэг чухам юу юм бэ. Сайхныг мэдрэх, тэр мэдрэмжээрээ тэжээгдэж амьдрахын гоёыг амсавч яг бариад хэлчих тайлал алга. Тэгээд л?
-Хүнд мууг хийдэггүй хүнийг би сайхан зам мөртэй хүн гэж боддог. Дандаа л инээчихсэн явж байдаг манай Саруул-Эрдэнэ гээд найз байдаг. Тийм хүмүүстэй уулзахад сайхан байдаг. Миний бичсэн шүлгүүдийг сайхан гэж боддог хүн цөөхөн ч гэсэн бий. Тэр хүмүүсийн хувьд бол сайхан гэдэг нь яруу найраг. Бас дүрслэх урлаг бол миний хувьд сайхан гэдэг тэр л зүйл.
-Нээрээ сарнайнд дуртай биш тань хэвээрээ юү?
-Цэцэгнээс илүүтэй мод сонирхдог. Даанч хүмүүс мод бэлэглэхгүй юм (инээв)
-Бас ваар цуглуулдаг тань?
-Больсоон. Манайд ваар байтугай аяга тэсдэггүй. Өнөө өглөө босоод харсан чинь том өрөөний маань чийдэнгийн том бүрхүүл хагарчихаж. Гурав дахиа сольж байгаа юм. “Ээж ээ, би биш, би биш” л гэх юм байна ш дээ. Сүнс л хагалсан юм байгаа биз (инээв).
-Манай гэрийнх бас байнга л хагарч байдаг юм..?
-Тийм үү.
-Нээрээ “Үзэхийн хязгаар”-аас урьд нь таны нөхөр Г.Аюурзана болон танаас үнэртдэг нэг юм ханхалж байна билээ. Зарим зохиолчид та хоёрыг “Эд одоо өөрсдийгөө бидний багш гээд ойлгочихжээ” гэж хэлж байгаа харагддаг. Өөрсдийнхөө хэмжүүрийг тулгаж байна гэж тэд бодоод байдаг юм шиг. Бас та бүхний бусдын уран бүтээлд хандаж буй хандлага тэгж бодогдуулаад байдаг бололтой. Ярилцахдаа энэ сэдвийг хөндөх юмсан гэж бодож байсан юм?
-“Өөрсдийгөө бидний багш гээд бодчихжээ” гэж яг хэн ярьж байна. Чи ядаж нэг хүн нэрлэж чадах уу. Чадахгүй. Тэгэхээр эзэнгүй яриа бол яриа биш. “Биш” юм бол юу ч биш. Харин миний бичсэн, таны алган дээр байгаа ном бол ямар нэгэн бодитой юм мөн. Тэгээд ч багшлах хүндээ бол багшилдаг. Залуучууд бол бодох санах юмгүйгээр “Би таныг багш аа гэж боддог” гээд захиандаа бичсэн байдаг. Ингэхэд байна аа, муулаад байдагчуул нь бид хоёрыг бүр ч их уншдаг юм аа. (инээв) Уншдаггүйсэн бол элдэв яриа гарах ч үгүй. Тоох ч үгүй. Их уншдаг болоод л, анхаарлыг нь татдаг болоод л их яриа гарч байгаа хэрэг. Нөгөө нэг асуултын тухайд гэвэл, уран бүтээлч хувь хүн болгон ертөнцөд өөрийгөө тулгадаг байхгүй юу. Би хэн ч биш гээд байвал чи хэн болох юм бэ. Пикассо, Дали, Жойс, Элиот бүгд л өөрийгөө тулгасан. Тухайн үедээ тэднийг мэдрэл муутай, гаж донтой, шизотой, ямар ч авьяасгүй, бүр Жойсыг бол эх хэлээ сураагүй гэж муулж байсан. Гэтэл Жойс өнөөдөр өөрийг нь муулж байсан хүмүүсийн хүүхдүүдийн хүүхдүүдийнх нь бахархал.
-Чимээгүй, хүлцэнгүй байхыг л та хоёроос шаардаад байгаа юм биш үү?
-Манай монголчууд “Би” гэдэг үгэнд дургүй юм. “Юм л бол би, би гээд энэ муу яасан биеэ тоосон онгироо амьтан бэ” гээд бүгд дургүйцдэг. Тэгсэн мөртлөө даруухан царай гаргасан биеэ тоосон нөхөр зурагтаар “Би хэн ч биш ээ, яагаа ч үгүй байгаа, өвөг дээдсийнхээ дэргэд бол өчүүхэн муу шоргоолж” гэж ярихад нь хүүхэд шиг итгэдэг. Гэтэл уран бүтээлийн мөн чанар “Би”-гээс л төрөн гардаг юм шүү дээ. “Би” болгон давтагдашгүй. Тиймгүйсэн бол хэдэн зуун жил биччихсэн яруу найргаас хүн төрөлхтөн одоо юу хүлээх вэ.
-Үнэхээр л “Би” гэсэн хүн бүрийг бид хялайдаг даа?
-Харин тийм. Балетын бүжигчинохидыг багаас нь шалгаж авахдаа тодорхой тогтсон шалгуур тавьдаг. Үгүйдээ л маш богино хөлтэй, богино гартай бол шалгуур давахгүй. Түүнтэй адил уран зохиолын хүн болоход ч тодорхой шалгуур бий. Энэ шалгуурыг хэн ч бичээгүй ч бүгд мэдэж байдаг. Характер бол жишээ нь яруу найргийн ертөнцөд бичигдээгүй хууль. Ямар ч онцгой характергүй, байж л байдаг хүнээс байдаг л нэг усан шүлэг төрдөг. Гэхдээ энэхүү характер гээч нь тайзан дээр гараад агсам байдлаар шүлэг уншдаг тэр ойлголт биш. Аюурзаных шиг, Анударийнх шиг өөрийнхөөрөө байж чаддаг төрөлх хурц чанарыг, дотоод гуйвашгүй хүчийг хэлж байгаа юм. Дашбалбар гуай их характертай хүн байсан. Өөрийн гэсэн зан чанар бол хүний маш том хөрөнгө юм. Баабар, Сумогийн Дагвадорж, хөгжмийн зохиолч Сангидорж гээд бүгд өөрийн гэсэн тод зан чанартай хүмүүс. Гэтэл ийм хүмүүсийг манайхан маш их муулдаг. Хүн ийм байх ёстой, тийм байх ёстой гэсэн хуурамч тиг бүтээчихээд бид хүн болгоныг хэвийн боов шиг нэг жигд болгохыг хүсээд байна. Даруухан царайлахыг, бусад шигээ байхыг бид хүн бүрээс шаардаж болохгүй. Нэгийгээ цоролзохыг л монголчууд хүлээн зөвшөөрч чаддаггүй юм байна. Асч чаддаг нэгийгээ уг нь улам л асаах хэрэгтэй. Тэгэх тусмаа бидэнд ашигтай. Сумогийн Дагвадорж жишээ нь гайхамшигт ялалтуудаараа биднийг нэг хэсэгтээ л дулаацуулсан биз дээ. Одоо болохоор бүгд л муулах юм. Өөрийн гэсэн тодорхой зан чанартай хүмүүс олон байгаасай гэж би хүсдэг, залбирдаг.
-Хэн нэгэнд үнэн хайртай байна гэдэг
Хэтэрхий гунигтай
Түүнгүйгээр амьдарч чадахгүйгээ мэдэрнэ гэдэг
Түгшүүртэй, нэг л түгшүүртэй
Хайр гэдэг бол жаргалтай айдас юм
Хайрлана гэдэг
Хайч аваад нүдээ өөрөө сох хатгахын нэр юм...энэ гоё мөрүүд чинь үү! Санаа нь үнэхээр сайхан ч, яруу ганган үг байхгүй. Хамгийн сайн шүлгийг хамгийн энгийн үгээр бичдэг гэдэг таныхаар үнэн үү?
-Яруу найраг бол гоё этгээд үг биш. Харин гоё онцгой сэтгэлгээ, гоё цэвэр сэтгэл. Түүнийгээ яаж илэрхийлэх нь тухайн хүний хэрэг. Шүлгийн маань гадаад хэлбэр хийц нь миний зан араншингийн илрэл байж л магадгүй. Би шулуун, шуудхан, тодорхой байдалд дуртай. Хоосон хээнцэрлэх, тойруулж бөөрөнхийлөх, хэтрүүлэх юм уу дутуудуулах, чамирхах дургүй. Энэ зан араншин уран бүтээлд минь үлдсэн байх магадлалтай.
-Хэлбэр хийцийг л нээрэн манайхан ихээр анзаараад байдаг байх шүү?
-Яг үнэн. Маш гаж үгээр, ойлгогдохгүй юм бичсэн байвал л манайхан шинэчлэл гэж боддог. Энгийн жирийн хэлбэрээр боловч цоо шинэ сэтгэлгээгээр бичиж байвал шинэ юм гэж харж мэддэггүй. Шинэчлэл нь өнгөн хэлбэрээс илүүтэй дотоод сэтгэлгээнд байдаг.
-Нэгдүгээр сард өр зүрхийг хайрах мэт
Хамгийн их хүйтэн болдог
Өвчилсөн дурсамжийг үгдрээх мэт
Хамгийн их цас унадаг
Цас биш хөндүүр хөндүүр эмзэглэлүүд л
Цаана цаанаасаа барагдаж дуусахгүй буудаг... энэ мөрүүд зүрх чимчигнүүлэх шиг. Тэр үнэхээр гайхалтай баян бичих юм аа. Та санал нийлж байна уу?
-Нийлж байна. Аюур баян дүүрэн сэтгэлгээтэй хүн л дээ. Гэхдээ бид хоёр бие биеийнхээ тухай ярихаар хүмүүс итгэдэггүй юм аа. Миний нөхөр болохоор нь л магтаад байхаар тийм тэнэг хүн юм байх даа, би. (инээв) Хэрэв үнэхээр “Аюурзана сайн яруу найрагч” гэж боддоггүйсэн бол ядаж л чимээгүй байхаа мэднэ. Үг үлддэг. Хэлсэн ярьсантай минь хариуцлага тооцох дараагийн үе минь ойрхон байгаа. Гэхдээ сурвалжлагч нар асуугаад салдаггүй болохоор л, хүмүүсийн асуултад л хариулдаг болохоос зориудын үйлдлээр бид биеийнхээ тухай яриад байдаггүй.
-Ай, хөлөө савчин суугч, салхинд хийсэн явагч минь
Амьдралын утга төгсгөлдөө байдаг
Санаандгүй, болгоомжгүй л бид залуу явдаг
Сайхан өвгөн байх л хамгаас хэцүүг дандаа мартдаг...Та Г.Аюурзанын шүлгүүдээс хэд хэдэн санаа нэг дор олж мэдэрдэг гэж нэгэнтээ ярьж байсан. Би ч санал нэг байна. Харин таны энэ сэтгэгдэл одоо хэвээрээ юү. Ингэхэд тэр танд дөнгөж бичсэн шинэ шүлгээ үзүүлдэг үү?
-Хэвээрээ. Аюур улам чангарч байгаа шүү дээ. Бидний уншиж дассан уриа лоозон, магтуу, номлол, цэцэрхэл болон шинэчлэл гэж бодоод байдаг өнгөн хэлбэрдэлтийн аль нь ч Аюурын шүлэгт байхгүй. Маш чөлөөтэй. Үнэн дүр төрхтэй. Аюурын шүлэг хэнийхтэй ч адил биш. Илүү үг байхгүй. Үг бүр нь үүрэгтэй байдаг. Ингэж бичиж чадахад хэцүү.
-Таныг хэлж байгаа болохоор би итгэж байна аа?
-Итгэ (инээв). Аюурзанын шүлэг жинхэнэ эр хүний шүлэг байдагт бас нэг давуу тал нь байна. Сүүлийн үеийн маш олон шүлгийг би уншсан. Одоо ч уншсаар л байна. Эр хүн мөртлөө эм хүн бичсэн юм уу гэмээр шүлэг их зохиодог болчихож. Өөрийнхөө тухай танилцуулаагүй байвал нь би заримдаа эр юм уу, эм юм уу гэдгийг нь ч мэддэггүй. Надад муухай санагддаг. Яг л бавайсан сахалтай уруул амаа улаанаар будчихсан эрэгтэйг харж буй юм шиг.(инээв) Дуураймал, худлаа шүлэгтэй хүмүүс нь тийм байдаг юм. Даанч манай туршлагатай гэгддэг яруу найрагчид нь хүртэл үүнийг олж харж чаддаггүй, мэдрэмжийн царайлсан, ухаантайдуу шүлэг бичсэн залуусыг магтаад л хөөргөөд байдаг. Тиймэрхүү хүмүүсийг нь шинэчлэгчдийн эгнээнд оруулчихсан ярьж байдаг. Худлаа юм бол худлаа л байдаг даа. Худлаа шүлэгтэй залуус манай шинэ үеийнхний бараг 90 хувийг бүрдүүлж байна. Миний анзаарснаар Аюурынх шиг жинхэнэ эр хүний сэтгэл, эр хүний зан чанартай ийм шүлэгтэй хүн цөөхөн. Ингэхэд түүний эхнэр байгаа нь үзэл бодлоо хэлэх эрхийг минь хаах боломж мөн үү.
-Биш ээ... Хэрэв тийм бол хамгийн сүүлийнхээс нь ганц шүлэг уншиж өгөөч?
-Өөрийнхөө шүлгийг ч цээжээр мэддэггүй ш дээ. Нээрэн, өмнөх асуултыг чинь гэнэт санасан чинь... Аюур надад шинэ шүлгээ уншуулдаг. Дандаа.
-Та хайрын тухай бага бичдэг. Бичсэн ч битүүдүү маягтай санагддаг.
-Зарим уншигч бол намайг зөвхөн хайрын тухай л бичдэг гэж боддог юм билээ (инээв) Чи сэтгүүлч ч гэлээ бас л уншигч, тийм үү. Чамайг жишээлбэл, миний хамгийн үнэнч уншигч гэж боддог. Тиймээс ч сонгож ярилцлага өгч байгаа. Алдартай болохоор чинь сонгосон юм биш ээ. Нэг ч шүлгийг минь уншаагүй, ердөө миний үс зүсийг харах гэж ирсэн хүнтэй ярилцах хэцүү юм билээ. Уншигчийн сэтгэл санааны байдлаас их зүйл шалтгаалдаг юм аа. Хэн юуг олж харахыг хүснэ, түүнийгээ л олж хардаг хэрэг. Үүнийг олон хүний ярианаас ойлгож анзаарсан. Тухайн номыг уншиж байх чухам тэр л мөчид чиний сэтгэлийг ямар асуудал илүүтэй эзэмдсэн байна, чамайг донсолгож буй тэр л асуудалтай ойрхон сэдвийн шүлэг илүү хурц тусдаг юм. Нэг ч мөр алгасахгүй уншаад л байвч бүхэлд нь уншиж чаддаг, цогцоор нь олоод харчихаж чаддаг хүн тун цөөн. Нууц амрагтай болчихсон хүн зөвхөн нууцхан хайрын шүлгүүдийг өөрийн мэдэлгүй хайж, тиймэрхүү шүлэг байвал намайг илүү хайрлаж, харин хэн нэг ойрын хүн нь нас барчихаад буй уншигч бол үхлийн тухай шүлгүүдийг минь илүү анзаарч уншсан, сэтгэлд нь хоногшсон байдаг. Нэг уншигч надад “Та дандаа бараан сэдвээр бичих юм” гэж, нөгөө нь “Та нэг ч уйлж үзээгүй хүн шиг л өөдрөг гэрэлтэй зүйлсийг бичих юм даа” гэж хэлсэн. Нэг л номыг тэс өөрөөр харж уншицгаасан байдаг. Энэ чинь бас зохиогчийн уран чадвар шүү. Харин чиний асуултын тухайд гэвэл, би хайрын тухай бага бичдэг гэвэл ёстой алдас болно. Хангалттай их бичсэн ш дээ. Битүүдүү бичдэг гэдэг ч худлаа. Хүн болгоны бичдэг шиг хэлбэрээр, улиг домог болсон сэтгэлгээгээр л илэрхийлээгүй байж магадгүй.
-Яруу найрагчид таны нөхөр Г.Аюурзаныг таны уран бүтээлд багагүй хяналт тавьдаг байж магадгүй гэж харддаг юм билээ. Энэ зүгээр л асуулт шүү?
-Намайг уран бүтээлээ хянуулдаг гэж ярьдаг хүн үнэхээр бий юү? (инээв) Итгэмээргүй юм. Яруу найрагч хүн яруу найргийг нь хянаж цагддаг хүнтэй амьдраад байж тэсэх үү? Дэндүү логикгүй байгаа биз дээ. Ер нь Аюур бид хоёрын алхам бүрийг гуйвуулж, өө гаргахыг бараг хүлээж байсан юм шиг нэг үг хэлэхэд л шүүрээд авдаг хэдэн хүн байдаг юм аа. Бид хоёр чинь бүтэн 15 жил гүтгүүлж явна. Одоо амьд сэрүүн байгаа зохиолч яруу найрагчдаас хамгийн их гүтгүүлсэн, хамгийн олон дайсантай нь Аюурзана шүү дээ.
-Яагаад тийм их дайсан хураачихсан юм бэ?
-Найз нөхөртэй болох хэцүү, дайсантай болох амархан. Над руу жишээлбэл, гурван сарын өмнө нэг залуу шүлгүүдээ явуулсан юм. Үзээд, зөвлөгөө өгөөч ээ гээд. Тэр залуу 32 нас хүрч байгаа гэхэд дэндүү балчир оюунаар, дэндүү гэнэн зүйлсийг бичсэн байсан. Авьяасгүйгээс гадна ухаан дутаж байгаа нь илэрхий. Би бодсоноо л хэлсэн. “Чи уран зохиолын хүн биш байна аа” гээд. Тэгсэн чинь нөгөөх чинь эмзэглэж шаралхаад намайг баахан доромжилжээ. Бүр надад хоч хүртэл өгчихөж (инээв). Хэрэв түүнд худлаа ярьсан бол, “Чи ямар мундаг юм бэ” гээд хэлчихсэн бол тэр намайг өдийд магтаж мандуулж өгч байгаа. Аюур бид хоёрын дайснууд ийм замаар л бий болцгоосон хүмүүс. Гэхдээ тэр залуугийн доромжлолыг сонсоод уран зохиолын ажлынхаа багахан туршлагад баярласан шүү. Тэр залууг хол явахгүй нөхөр гэдгийг олж харж чадсандаа...Ойр зуурханы хүнээс холын юм гарахгүй. Гэхдээ нэг гоё үг байдаг юм аа, Ганаа. “Олон ч найз нөхөртэй бол, олон ч дайсантай бол!” гэж. Энэ хоёр зүйл чамайг хүчирхэг болгоно.
-Г.Аюурзана ч үнэхээр их гүтгүүлсэн байх шүү. Харин таны тухайд тийм зүйлсийг аль хэр олныг туулж гарсан бэ?
-Дэндүү их. Өнгөрсөн жил жишээлбэл, миний эсрэг бараг кампанит ажил өрнөсөн юм биш үү. Би олон сарын дараа мэдсэн. Манайх гэртээ зурагтгүй, интернетгүй болоод их удаж байна. Бас би хүүхнүүдтэй уулзаад хов яриад явдаггүй тул мууг сонсох нь ховор. Харин санаандгүй тохиолдлоор тааралдсан нэг уншигч маань надад тэрхүү дайран давшлагчийн хийж буй үйлдэл, гүтгэлэг бүрийн тухай хэлж ярьсан юм. Гэхдээ надтай тохиолдож буй сонирхолтой бүх зүйлийг уран зохиол болгон хувиргаж, хэзээ нэгэн цагт хүмүүст хүргэнэ гэж боддог. Түрүүчээс нь чи сая “Үзэхийн хязгаар”-аас уншаа биз.
-Тэр хүний нэрийг хэлж болохгүй юу?
-Надад нэг зан байдаг юм. Өрөвч сэтгэл. Энэ сэтгэл минь л намайг авч явдаг. Бас өөрт таалагддаг, миний цорын ганц сайн зан бол ууч сэтгэл. Энэ хоёрыгоо алдвал хэн ч биш болно. Надад адгийн мууг хийсэн хүнийг ч би уучилдаг. Тэгээд ч хэн нэг хүн надад жижиг зан гаргасны төлөө би адилхан жижигрэх албагүй. Тэр эмэгтэй жишээлбэл, нэгэн цагт миний дажгүй сайхан нөхөрлөдөг найзын минь нэг байв даа. Гэвч нэг л өдөр би түүнээс зугтчихсан юм. Надад жигтэйхэн сайн хандаад байхад нь улайм цайм нүүр буруулсны минь учрыг тэр бол ойлголгүй өнгөрсөн. Ойлгоогүй ч учраас их л шаралхсан бололтой. Одоо тэгээд нөхөрлөхөө больсны дараа тэр эмэгтэй эхний үл ойлголцлын дараа л намайг ямар их гүтгэж, дайрч давшилж, өмнөөс нь санаа зовмоор тийм дорд байдлуудыг үзүүлэв дээ. Хэзээ нэгэн цагт надад ийм зан гаргах хүн гэдгийг нь миний оюун ухаан биш гэхэд зөн билиг минь олоод харчихсан байж л дээ. Яагаад түүнээс зугтаад байгаагаа өөрөө ч мэддэггүй, дотроо гэмшдэг байсан юм. Хүнийг нөхөрлөж байхдаа таньдаг гэдэг бол худлаа. Нөхөрлөж байгаад холдсоныхоо дараа хүний жинхэнэ чанарыг таньдаг юм. Ойр дотно байсан хүн чинь холдонгуутаа жинхэнэ нүүрээ харуулж эхэлнэ. Ямагт нэрийг чинь муутгах гэнэ. Ойр дотно байсан учраас хүмүүс түүнд нь итгэнэ. Гэхдээ хуучин найз болгон хазахаар дайрдаггүй ээ. Энэ ердөө хүний сэтгэлийн хэмжээнээс л хамаарна.
-Ийм хүмүүс зөндөө шүү дээ. Ингэхэд үнэнээсээ үхэхсэн гэж хүсч байсан тохиолдол танд бий юү?
-Байгаа. Жишээлбэл, мэс заслын дараа. Өвдөөд, морфин тариулаад байхад ч намдахгүй байхаар нь “Ингэж аймаар өвдөж байхаар үхчихээсэй” гэж бодсон удаа бий.
-Социализмын тухай таны бодол? Илүү яруу сайхан, илүү амар амгалан, хүмүүс нь илүү үнэн, амьдрал нь дулаахан үнэртэй байсан юм шиг хааяа санагддаг. Харин танд?
-Социализмыг үгүйлэх сэтгэл зүүдэнд ч орж байгаагүй юм байна. 90 оны ардчилсан хувьсгалд би лав баярлан талархдаг. Социализмын хамгийн аймшигтай тал бол оюун санааны боолчлогдмол, хязгаарлагдмал, тулгагдсан, эрх чөлөөгүй байдал ш дээ. Өмнөө аяга дүүрэн хоол тавиулчихаад, үхэр мал шиг амгалан тайван ч бодох сэтгэх эрхээ хаалгуулж, үгээ хянуулж, бичих туурвих арга хэлбэрээ хүртэл заалгаж амьдарснаас одоогийн энэ боож үхмээр их хурдтай, байнга эргэж хөрвөөсөн, ядуурал ба шударга бус явдал туйлдаа хүрсэн ч гэлээ оюун санааны хувьд эрх чөлөөтэй энэ нийгмийг би илүү дээдэлнэ. Оюун санааны амьдрал минь маханбодийн амьдралаас минь чухал. Миний эмзэглэдэг ганц зүйл бол энэ их өөрчлөлтийн хөлд байгаль маань хэтэрхий эвдэгдэж байгаад л түгшдэг. Үүнийг л бид засч залруулж хүчрэхгүй. Бусад ихэнх алдааг засч болно.
-Монголчууд бид одоо болтол шашныхаа тал дээр цэгцрээгүй санагддаг. Юм хайцгаагаад л. Бөө рүү ч, тэнгэр рүү ч хэсэг хэсгээрээ ханараад л. Та өөрийнхөө дотор явдаг шашны тухай ярьж болох уу. Амьдралд тань ийм зүйлд зориулдаг орон зай бий юү?
-Миний шашин ч миний уран бүтээл дээ. Хэрэв өөр талаас нь хэлэх юм бол би бас л нэг хэлбэрийн донтогч, уран зохиолд донтсон хүн. Хэт шашинжих, уран зохиолд донтох хоёр адилхан. Бүх төрлийн донтолт, элдэв мухар сүсэг нь тухайн хүнийг нэг хэсэг цэнгүүлж жаргаадаг ч бас зовоож тарчлаадаг. Өвдөх, өтлөх, үхэх, зовох нь хүн бүрийг тойролгүй дайрч гардаг, жам ёсны зүйл ээ гэж буддын ухаанд бичсэн байдаг. Гэтэл орчлон хорвоогийн энэ зайлшгүйтэй учирмагцаа хүмүүс бусдаас бурууг хайх гэж оролдохыг жишээлбэл мухар сүсэг гэнэ. Өвдөнгүүтээ хэн нэг нь надад хараал хийлгэчихлээ гэж бодно гэдэг бол хэтэрхий дорд сэтгэл юм аа. Хүн болгон өвддөг. Тэгэхээр хүн болгон хараалгуулсан болж таарах уу. Мухар сүсэг хүнийг өчүүхэн, атгаг, ядуу дорд болгодог. Буддын ухаан бол барагдашгүй их далай. Үүнийг мухар сүсэг болгон хувиргаж өөрийн харанхуйд живүүлэх үү, цэврээр нь хүлээж авч өөртөө шингээх үү гэдэг тухайн хүний боловсролын хэмжээнээс л шалтгаална. Маш их ухаантай, мундаг гэж миний дотроо бодож явдаг олон хүнээс би мухар сүсэг, гэнэн айдас, хэнд ч итгэдэггүй байдлыг олж анзаарсан л даа. Мэдэхгүй зүйлстэй бид алхам бүрдээ тулгардаг нь үнээн үнэн. Заримыг нь бол ч огтоос ойлгохгүй явсаар хорвоог бардаг. Тиймээс, хэцүү бүхнийг давах ганцхан л зам байна гэж би дотроо бодсон. Тэр бол сайхан сэтгэл! Зарим хүний харилцаа ер ойлгогддоггүй дээ, тийм ээ? Нэг бол урваж гүйгээд л, нэг бол алгаа дэлгэн тэврээд л байдаг. Тиймэрхүү тохиолдолд гайхахаараа би дотроо “Гайгүй байх оо, энэ хүн элдэв муу юм бодоогүй байх. Зүгээр л намайг ойлгож чадахгүй байх шиг байна” гээд сайхнаар бодчихдог болсон. Тэгмэгц бүх юм буцаад хэвэндээ орчихдог юм.
-Бидэнд замчлах эрх хэн нэгэнд байдаг бол тэр нь бурханд л байдаг байх гэж нэг үг бий. Утгагүй санагдаж байна уу?
-Утгагүй биш. Гэхдээ шүтэж биширч бас чадахгүй нь ээ, наад үгийг чинь. Бидний амьдралын алхам бүр сонголт байдаг. Энэ сонголтыг бид өөрсдөө л хийдэг. Сэтгүүлч болох уу, яруу найрагч болох уу гэдэг сонголтыг чи өөрөө л хийгээ биз дээ. Минийхээр бол, чиний сонголт зөв байсан. Тэр шийдвэрийг гаргахад далдаас бурхан тусалсан эсэхийг би мэдэхгүй л дээ. Гэхдээ чи одоо хүртэл яруу найрагт үхэн хатан дурладгийг, өөрийнхөө сонголтод дотроо сэм эргэлздэгийг би мэдэрч байна. Тэгэхээр бурханаас илүүтэй Ганчимэг л Ганчимэгтээ замчилсан байх магадлал өндөр болох гээд байна даа (инээв)
-Facebook-д ингэхэд нэгдсэн үү?
-Үгүй. Харин миний номыг уншдаг залуугийн facebook дээр нээж групп болгон нэгтгэсэн fan page байдаг юм. Америкт сурдаг Оч гээд залуу хөтөлдөг. Миний нээсэн хуудас гэж боддог юм шиг билээ, “Таны хуудсанд сэтгэгдэл үлдээсэн, үзсэн үү?” гээд залуус асуугаад, хариу нэхээд байдаг. Би хэд хэдэн удаа орж үзсэн. Өөрийнхөө уншигчдаар бахархсан шүү. Зургуудыг нь харж удаан суусан. “Ийм гоё сайхан хүмүүс намайг уншиж байхад чинь...” гэж бодоод ахин дахин толинд харж, арзгар үсээ самнадаг болсон (инээв)
-Та уншигчдынхаа тоог мэдэх үү?
-Ерөнхийд нь мэднэ. Яруу найрагт дуртай хэдэн залуутай арваннэгдүгээр сард тааралдсан юм аа. “Тэнгэрт ургадаг модод” номыг минь тэд мөнгөө нийлүүлж хүнээс 230 мянган төгрөгөөр худалдаж аваад арвуулаа дамжуулж уншсан гэж ярьсан. Энэ ном 2000 онд хэвлэгдсэн болохоор одоо гадуур байдаггүй юм. Асуусан сурсан хүн их байдаг болохоор нэг залуу тоглоомоор “дамлаж зарна” гээд хэлчихэж л дээ. Тэгээд бүлэг болон нэгдсэн 10 хүүхэд мөнгөө нийлүүлж аваад дамжуулж уншчээ (инээв). Монголд зохиолч хүн уншигчдынхаа тоог нарийн гаргах хэцүү. Оюутнууд бол ганцхан номыг ангиараа дамжуулаад уншчихна. Авч уншсан хүн цааш нь бэлэглэнэ. Эсвэл зээлж уншуулна. Зарагдаж буй нэг номын цаана багаар бодоход гурван уншигч байх магадлалтай. Гэхдээ хэдэн хүн унших нь биш хэн унших нь л миний хувьд чухал. Хүн бүрийн уншдаг зохиогч болчихгүй юмсан гэсэн далд бодол бас бий.
-Ярилцлагаас татгалздагийг чинь мэднэ. Гэтэл яагаад сая надад зөвшөөрөл өгчихөв өө?
-Бүр таван жилийн өмнө, бүтэн 10 жилийн өмнө өгсөн ярилцлагыг минь гарчгийг нь өөрчлөөд, зургийг нь солиод ахиад хэвлэчихээд байх юм аа. Оны өмнөхөн хоёр ч ийм явдал тохиолдлоо. Би ёстой ичсэн. 10 жилийн өмнөхөөсөө би ядахнаа ухааны хувьд ч болов өсч хөгжин, өөрчлөгдөх ёстой биз дээ? Гэтэл тэдгээр copy-дсон ярилцлагуудаас болоод үргэлжийн залуу нэг хүүхэн байгаад байх юм. (инээв) Миний утсанд ирдэг 10 дуудлагын бараг зургаа нь сэтгүүлч сурвалжлагчдын гуйлт байдаг юм аа. Бүх аргаа хэрэглэж зугтсаар, сүүлдээ хэлэх үггүй болчихоор нь гар утсаа сольсон. Энэ удаа бол харин, тодорхой зорилготойгоор ярилцаж байна. Захидлаас нь үзвэл их олон уншигч маань гадаадад амьдарч байгаа. Шинэ ном гаргаад бүтэн хоёр жил болж байхад л “Дараагийн ном чинь хэзээ гарах вэ?” гээд л, сонсоо ч үгүй явж байдаг уншигч цөөнгүй. Тиймээс шинэ номоо хэвлүүлсэн үедээ бол ярилцлага өгвөл ч өгчихөж байя гэж шийдсэн юм аа.
-Бусад үед бол үнэнээсээ дургүй юү?
-Үнэнээсээ дургүй. Ярилцлагуудаа эргээд уншихаар би нэг л их хэлэмгий доломгой, мэргэн цэцэн, тас тас гээд л бүгдийг оноод хэлчихдэг, асуудалгүй их ухаантай хүн болж харагдаад байдаг. Энэ нь ердөө сурвалжлагчдын хандлага, өдөөн хатгасан, түрэмгий асуултуудаас болдгийг хүн мэдэхгүй. Энгийн юмнаас л энгийн юм төрнө өө дөө. Ядахнаа ярьдаг сэдэв маань өдөр тутмын зүйлс, брэнд хувцас энэ тэр биш. Ганц мэддэг сэдэв болох уран зохиолын яриан дээрээ хариуцлагатай буурьтай хандахаас өөр аргагүй болдог тул нэг л гүн ухаанч маягтай, хөмсгөө зангидсан хүүхэн шиг харагдуулаад байдаг. Амьдрал дээрээ бол би тийм хүн биш. Охин маань намайг “Миний ээж хорвоогийн хамгийн хөгжилтэй ээж” гээд биччихсэн байсан. Найзууд болохоор намайг “Хүүхэд шиг” гэдэг. Хэн нэг хүүхэнтэй хэрэлдлээ л гэхэд би дандаа дийлддэг.(инээв)
-Цаг хугацаа таны юуг илүү их өөрчилсөн бэ. Харахад бол гаднаасаа юу чинь ч өөрчлөгдөөгүй санагддаг?
-Номуудаас минь өөрчлөлт харагдах л ёстой. Ухаан минь ядаж задарсан байх гэж найдах юм. Гадаад байдал ч гэсэн хэвээрээ биш ш дээ. Үс зөндөө бууралтсан. Өдөр болгон өөрийгөө хөгширч байгааг олж хардаг. Зарим уншигч маань намайг 10 жилийн өмнөх номын минь зургаар төсөөлөөд явдаг. Тэгж болохгүй шүү, гэнэт тааралдвал та цочоод хашгирна. (инээв) Тэгээд хашгирвал чинь би бас цочно.
-Амьдралын урсгалд элэгдэх нэг хэрэг л дээ. Харин бусдын төлөө өчүүхэн ч сайныг бүтээж чадахгүй атлаа үргэлж хорон юм санаж, муу бодолд идэгдэж явдаг хүмүүстэй таарч итгэлээ эвдүүлж, сэтгэлээ шархлуулах аймаар. Ийм зүйлтэй учирч байв уу?
-Хүн бүхэн ийм зүйлстэй тулгардаг. Тэр тусмаа над шиг ном бичээд бүгдийн алган дээр тавьж байгаа хүнд өөлүүлэх, муучлуулах, бусдын ам хэлний зугаа болох аян шалтаг мундахгүй. Гэхдээ одоо хэн юу ч гэж хэлсэн бичсэн байг, гуйвж дайвахааргүй, унаж нурахааргүй болсон. “Үзэхийн хязгаар” гэдэг энэ номоос минь болоод над руу дайрч давшилдаг хүний тоо улам нэмэгдэх бололтой. Түрүүчээсээ элдвийг ярьж ч байгаа. Надад хамаагүй ээ.
-Бусдаас болж эвдэгдсэн сэтгэлээ эргэж сэргээн засах хүнд байдаг. Таны хувьд ийм үеийг яаж амархан давдаг вэ?
-Урьд нь эмзэглэдэг байсаан. Одоо бол иймэрхүү тохиолдлууд харин ч уран бүтээлийн сэдэл болоод, хөшүүрэг шатахуун болоод, санаа оноо өгөөд их тус болж байгаа. Үнэн шүү. Хүнд ер нь найзуудаас илүү дайснууд нь их тус болох юм. Би чинь амьдралын том юман дээр их тайван амгалан, зөөлөн хүн. Мөрөөрөө явж байхад хорлох гээд гүйгээд байдаг хүн цөөнгүй. Тийм хүмүүсийг зүгээр л орхичихдог. Цаг хугацаа өнгөрөөд, бүхнийг ойлгоод буцаад хүрээд ирдэг юм аа, ихэнх нь. Тэгэхээр нь үнэнээсээ баярладаг, уяраад л эвлэрчихдэг.
-Ерээд он бол гайхалтай үе гэдэгтэй бид бүгд санал нэгддэг. Яруу найраг, утга зохиолд энэ үе одоо ямархуу орон зайтай байгаа бол?
-Одоо манай уран зохиолд тэргүүлэх байр суурьтай байна гэж чи өөр ямар үеийг хэлж чадах вэ. Наяад оныхныг гэх үү, 2000-аад оныхныг гэх юм уу. Аль нь ч гялалзан харагдахгүй байна. 90-ээд оныхон хийх цагтаа хийх юмаа хийсэн. Хүн арван жил, хорин жил шинэчлэлээ хийгээд л, хийгээд л байх боломжгүй. Дашрамд хэлэхэд, уран зохиолын үе гэдгийг төрсөн он, насаар нь тооцон тогтоож болохгүй юм шүү. 90-ээд оны гол хүмүүсийг 17-20 настайдаа ид бичиж байхад зүгээр л уншигч явсан, тэдэнтэй насаар яг чацуу хүмүүс тэднээс бүтэн 10 жилийн дараа уран зохиолд хөл гишгэхдээ өөртэй нь нас чацуу, шинэчлэгч залуусын үзэл санаагаар хүмүүжин гарч ирэхийг олон харлаа. Зарим нь гурав дөрөвхөн насаар дүү мөртлөө тэдний ид бичиж байснаас бүтэн 10 эсвэл 15 жилийн дараа уран зохиолд орж ирээд, тэдний хийж хүлээн зөвшөөрүүлсэн хэлбэрээр бичмэгцээ 90-ээд онд хамрагдан яригдах болжээ. Японы нэгэн судлаач надаас энэ тухай дэлгэрүүлэн асууж байсан тул зориуд ярьж байна. Өөрчлөлт шинэчлэлтийг хувьчилж өмчлөх гээд байгаа юм биш. Үүний цаана маш нарийн зүйлс байгаа. Шинэчлэх, өөрөөр сэтгэх, тогтсон тигийг эсэргүүцэх, хөдөлгөж чадах, өөрийнхийгөө хүлээн зөвшөөрүүлэх зэрэг нь тухайн уран бүтээлчийн авьяас чадвар, төрөлх давтагдашгүй шинж, хувь ганц зан чанартай холбоотой төдийгүй эрсдэлтэй, хатуу бэрх зүйл учраас үүнд нарийн хандаж, ялгаж салгах хэрэгтэй болж байгаа юм. Бусдыг дуурайж хийх бол амархан шүү дээ. Компьютерийг анх зохиох хэцүү байсан. Харин нэгэнт гараад ирсэн хойно нь яаж л бол яаж өөрчилж, янз донж нэмэнгүүтээ өөрийн шошгоор гаргаж, дээр дооргүй хэрэглэж байна. Тэгэхээр 90-ээд он гэдэгт далаад онд төрсөн хэн бүхэн орохгүй. Майкл Жексоны бүжгийг хэн сайн бүжиглэх вэ гэдэг уралдаанд түрүүлсэн залуу Жексоноос ч илүү бүжиглэж байсан гэдэг (инээв). Дуурайх авьяасыг бүтээх авьяастай хольж болохгүй ээ.
-Сайн бичиж буй залуус байна уу?
-Байна. Билигсайхан, Болдсайхан, Лхагвадулам гээд нэрлэвэл ахиад хэд бий. Лхагвадуламыг би сэтгэлдээ үнэхээр хайрладаг. Яруу найрагч хүнд заяах ёстой юм бүхэн түүнд л байх шиг. Авьяастайгаас гадна нарийн ухаантай, мэдрэмжтэй, бас ч хөөрхөн боловсролтой бүсгүй. Хамгийн чухаг нь, сэтгэл санаа нь их цэвэр. Хуурамч юмгүй. Сайн хүнээс л сайхан уран бүтээл төрдөгт итгэдэг ээ. Дан ганц авьяасаар юуг ч хийдэггүй юм байна. Авьяастай хүнтэй бол зөндөө л тааралдлаа. Нэг юм дутахад л тэгээд өнгөрдөг юм байна гэж ойлгож авсан. Ганбатын Лхагвадулам гэдэг нэрийг тогтоогоод аваарай. Номыг нь уншихад засах юм бараг байгаагүй ганцхан яруу найрагч охин доо. Би чинь хүмүүсийн номыг улаан эргээн болгоод л, өөрөө шинээр ахин бичихээс наагуур засаад л уншдаг шүү дээ. Олны танил байх тусмаа засвар их хэрэгтэй болдог юм. (инээв)
-Тийм үү. Үргэлж гэртээ амьдрах гунигтай биш байна уу?
-Харин ч хэн нэг даргын дор, бусдын захиргаан дор удаан амьдрах гунигтай биш үү? Ямар нэг байгууллага, нам улс төрийн хүчин, элдэв бизнесийн бүлэглэлд хамаарагдалгүй, зөвхөн уран бүтээлийн ажлаа хийгээд, бичсэн номоо зарж, түүгээрээ арваад жил амьдарч байгаа бараг анхны тохиолдол нь Аюур бид хоёр байх аа даа. Харин жаргалтай байна.
-Хойшид ч ийм л байдлаар амьдрах уу?
-Би чинь их огцом шийдвэр гаргана аа. (инээв) Өнгөрсөн 9-12 дугаар сарын хооронд ажлын саналууд ихээр ирсэн. Тэгэхээр нь “Үзэхийн хязгаар” номоо гаргачихаад хэсэг зуур уран бүтээлийн ажлаа завсарлая гэж шийдсэн. Саналуудыг нь харьцуулаад судлаад бодож байгаа. Одоо хэсэг хугацаанд өөр маягаар амьдарна. Гэхдээ бас л хүссэн байдлаараа, чөлөөтэй хэлбэрээр ажиллана аа. Ажиллах эрх чөлөөг минь өгсөн хүнтэй нь л ажиллая гэж шийдээд байна.
No comments:
Post a Comment