Monday, 16 July 2012

П.Бүрэнтөгс: Заавал Улсын том цолтой бөх түрүүлдэг гэсэн ойлголт байхгүй


Их Монгол улс байгуулагдсаны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойм төрийн их баяр наадамд ес даван түрүүлж, улсын арслан цол хүртсэн П.Бүрэнтөгстэй ярилцлаа.

-Аймгийн арслан цолтноос улсын арслан цол хүртсэн баяр хүргэе?
-Баярлалаа. Юу гэж хэлж ярихаа мэдэхгүй үнэхээр балмагдаж байна. Увс нутгийнхандаа, намайг дэмждэг ах нартаа болон “Алдар” спорт хорооны хамт олон, “Олимп” сургуулийнхаа багшдаа, гурван аваргадаа баярласнаа хэлмээр байна. Бөхөө дээдэлж хүндэлдэг Монголын ард түмэндээ чин сэтгэлээсээ талархаж байна. Цаашдаа энэ цолондоо эзэн болж улам сайн барилдана.

-Увсын бөхчүүд гурван жил дараалан түрүүллээ. Арс­лан Б.Ганбат үнэхээр булган сүүлтэй юм аа?
-Харин тийм ээ. Багш нарынхаа итгэлийг алдаагүйдээ баярлаж байна.

-Энэ жилийн барилдааны хувьд хоёрын даваанаасаа эхлээд хатуу байсан. Та энэ даваанд аймгийн хурц арслан О.Гантулгатай оноолт таарсан?
-Хурц арслангийн хувьд мөн л улсын цолд нэрлэгдэж байсан сайн бөх. Бидний хувьд харгүй сайхан золгоод барилдъя гэж бодоод өөрийнхөө үндсэн мэхээр л давсан даа.

-Гурвын даваанд О.Балжинням аварга таныг амласан бол дөрвийн даваанд залуу аварга С.Мөнхбаттай оноолт таарсан. Хоёр аваргыг дараалж өвдөг шороодуулаад илүү их урам зориг орсон уу?
-Багшийнхаа итгэлийг алдахгүй юмсан гэж бодсон. Дөрвийн давааны барилдаан үнэхээр хатуу хүнд байсан. Аварга хүн гээд айж эмээлгүй шулуухан яваад барилдъя гэсэн бодол байсан. Хоёр аваргыг өвдөг шороодуулж тавын даваанд тулаад ирэхээр улсын цол ойрхон санагдаж, өөрийн эрхгүй баярлаж байсан. Намайг залуу аваргыг хаяна гэж санасан хүн байгаагүй байх л даа. Миний нүд нүүрэнд баярласан сэтгэгдэл нэг их тодрохгүй байсан нь, дотогшоо сэтгэлтэй хүний шинж. Наадмын түрүү бөхөөр тодорч, Ерөнхийлөгчөөсөө улсын арслан цолоо гардаж, ард түмэнтэйгээ баяраа хуваалцахад өөрийн эрхгүй огшиж уйлсан даа.

-Аймгийн арслан цолтой бөх дөрвөн цол алгасч улсын арслан болсонд ард түмэн гайхаж, зарим нь атаархаад байх шиг байна?
-Тухайн өдрийн аз од гэж бодох нэгэн байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ бүтэн жилийн хөлс, хүч хөдөлмөрийг наадмын дэвжээ ивээж ийм цолонд хүрч, хүртэж болдгийг харууллаа. Залуу бөхчүүдийн бэлтгэл сайн байсан юм шүү. Заавал улсын том цолтой бөх түрүүлдэг гэсэн ойлголт байхгүй шүү дээ.

-Есийн даваанд хоёр бөх нэлээн цуцсан байдалтай харагдсан?
-Түрүү үзүүрийн барилдаан үнэхээр хүч шавхсан. Эвгүй гишгэвэл бүдэрч ойчих гээд, бүх бие сулраад хэцүү. Гэхдээ эцсийн хүч чадлаа шавхаад сайхан барилдъя гэж бодсон маань талаар өнгөрөөгүй шүү.

-Түрүүлсний дараа есөн цагаан хөлт тугаа тойроод дэвж явахад юу бодогдох юм?
-Төрж өссөн нутаг ус, төрүүлж өсгөсөн аав ээж, багш нар, гэр бүлийнхэндээ болон наадмынхаа зүлэг ногоон дэвжээндээ баярлаж байлаа.

-Д.Рагчаа гарьдтай хэрхэн барилдахаар төлөвлөсөн бэ?
-Унаган мэхээ хийе гэж бодсон. Үүнийгээ даацтай хийсэн.

-Та ихэвчлэн шахааны барьцнаас татаж, мордох мэхийг даацтай хийдэг?
-Надад шахааны барьцнаас барилдах нь хамаагүй амар санагддаг. Тиймээс ч би барьц сонгуулахыг дэмждэг. Голдуу сугадаж мордох мэх хийдэг. Тахимдах, шуудагнаас түрэх мэхийг бас хийнэ.

-Наадмын бэлтгэлээ хаана базаасан бэ. Ямар байгууллагын нэр дээр барилддаг билээ?
-“Увс нуур” дэвжээнд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Жамсран багшийн удирдлага дор бэлтгэл хийдэг. Зургадугаар сарын 10-наас энэ сарын 10 хүртэл бэлтгэлээ хийсэн. Энэ жил миний хувьд бэлтгэл сайн, наадмын өмнөх өдрүүдэд сэтгэл санаа тогтуун сайхан байсан. ДЦС-IV компани, “Алдар” спорт хорооны нэр дээр барилдаж байгаа.

-Аварга А.Сүхбаттай хэзээнээс багш шавийн барилдлага барилцсан бэ?
-2008 онд “Шонхор-Олимп” сургуульд орсноос хойш өдийг хүртэл багш шавь болоод явж байна даа. Аварга миний биеийн байдал, хичээл зүтгэлийг хараад “Ирээдүйтэй сайн бөх гарна гэдгийг мэдсэн” гэж ярихыг сонсч байсан юм байна.

-Өнгөрсөн жил уяачдын наадамд түрүүлсэн хүн өнөө жил улсын их баяр наадамд түрүүлсэн нь үнэхээр бэлэг дэмбэрэлтэй үйл явдал боллоо?
-Харин тийм ээ. Намайг дэмждэг хүмүүсийн хувьд өнгөрсөн жил улсын цолд хүрнэ гэсэн итгэлтэй байсан байх. Гэтэл чадаагүй. Надтай хамт улсын цолд нэрлэгдэж байсан хүчтэнүүд бүгд цолд хүрсэн. Тэгээд уяачдын наадамд ирж барилдаад түрүүлж, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар үзүүрлэж байлаа. Энэ жилийн уяачдын наадмын бөхийн түрүү дараа жилийн улсын наадмаар цолд хүрэх байх аа.

-Дараа жилийн наадмаар ам авна. Хэрвээ аймгийн арслан цолтой хэвээр байсан бол энэ хоёрын хооронд асар их ялгаа мэдэгдэнэ биз?
-Тэгэлгүй яах вэ, эхэндээ эвгүй санагдах байх. Аварга болохын төлөө хичээнэ.

-Аймгийн арслан цолыг хэдэн онд хүртэж байв
- 2008 онд Увс аймгийн наадамд шөвгөрч аймгийн начин, 2010 онд Баян-Өлгий аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн.

-Төрийн наадамд хэд дэх жилдээ зодоглож байна?
- Дөрвөн жил барилдаж байна. Өнгөрсөн жил гурвын даваанд Ч.Цогбаяртай тунаж унасан. 2010 онд Б.Сангидорж начинд, өмнөх жил нь Д.Лхагвадорж начинд өвдөг шороодож байсан. Өнөө жил улсын арслан цол хүртлээ.

-Өнгөрсөн жилийн наадмаас хойших барилдаануудаа эргэн харвал?<-b>
-
Увс аймгийнхаа даншигт их шөвөгт үлдэж, С.Мөнхбат аваргын наадамд түрүүлсэн. Мөн Сэлэнгэ аймгийн наадамд дөрөвт үлдэж, Эрчим хүчний 90 жилийн ойн нэрэмжит барилдаанд түрүүлсэн. Заалны барилдаануудаас “Талх чихэр компанийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд үзүүрлэсэн.

-Таныг 1990 оных гээд зарлаад байсан нь үнэн үү. Бөхчүүд дундаа нэлээд том биетэй харагддаг. Биеийн жин, өндөр хэд вэ?
-1988 оны луу жилтэй. Өндөр 192 см, жин 135 кг.

-Арслан маань гэр бүлээ танилцуулна уу?
-Миний ханийг Ч.Номин-Эрдэнэ, охиныг Б.Үүрцайх гэдэг.

О.Сайханцэцэг 


No comments:

Post a Comment