-Таныг гадаадад суралцах хуваариа алгасч Дүрслэх урлагийн сургуулийг сонгосон гэдэг?
-Гадаадад суралцах хүсэлтэй үеийн нөхдөө бодоод, өөрөө ч урлагийн түүх, уран зураг сонирхдог байсан болохоор тийм шийдвэр гаргасан. 1980-аад оны үед манайхан гадаад л бол ямар ч хамаагүй хуваарь аваад явдаг байлаа. Би тэдний нэг болж яваагүйдээ одоо баярладаг. 1979 оны үед Ардын зураач Дагдангийн Амгалан гуай намайг Орос руу урлагийн сургуульд явуулах гэж хөөцөлдөж байсан ч бүтээгүй юм. Тэгээд өөрийн сонирхлоороо Дүрслэх урлагийн дунд сургуульд суралцаж чимэглэгч зураачаар төгссөн.
-Та Монголын хүүхдийн ордны уран зургийн дугуйланг 20 гаруй жил удирдаж байна. Таныг харахад хүүхэдтэй ажилладаг хүн хөгширдөггүй гэдэг үнэн юм шиг ээ?
-Аав минь намайг багш болоход "Дэлхий дээрх хамгийн сайхан мэргэжил бол багш шүү" гээд монгол бичгээр бичсэн ном өгсөн. Тэр ер нь миний амьдралдаа авсан томоохон бэлэгний нэг юм.
Хүүхдийг би өнгө өнгийн цэцэг гэж хардаг. Цэцэг олон өнгөтэй байдаг шиг хүүхэд бүр өөр өөрийн авьяастай. Энэ олон тансаг цэцгэн дунд байгаа хүн ядарна, хөгширнө гэж байдаггүй. Эгдүү хүргэм зүйлс ярьж намайг хөгжөөнө. Энэ бүхэнд залуу нас эргээд л ирдэг.
Хүүхдийн авьяас билгийг хөгжүүлнэ гэдэг гайхамшиг.
-Хүүхдүүдийн авьяасыг нээнэ гэдэг амаргүй. Жинхэнэ бэлгийн мэлмий, зураачийн мэдрэмж хэрэг болдог байх?
-Хүүхдүүдийн зурсан зургийг нь хараад "За энэ бол иймэрхүү чиглэлийн хүүхэд байна" гээд ерөнхийд нь гадарладаг болсон. Би зургийн номондоо хүүхдүүдийн яриаг оруулчихсан чинь хүмүүс "Ийм жаахан мөртлөө ямар том зүйл ярьдаг юм. Яасан хэрсүү юм бэ" гэж гайхаж байсан.
-Та хүүхдийн харилцдаг хэл бол уран зураг, зураг бол хүүхдийн оюун ухаан гэж бичсэн байсан?
-Хүүхэд өөрийн таньж мэдсэнээ зургаар чөлөөтэй илэрхийлдэг. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ зургийг ойлгож чадвал тэдний хүсэл мөрөөдлийг цаашлаад гомдол, тунирхлыг нь ч олж харж болно. Өнгөцхөн харахад хүүхдийн зураг зүгээр нэг хэлбэр дүрс мэт харагдавч цаанаа гайхалтай логик сэтгэлгээтэй байдаг. Хүүхдийн сэтгэлгээний энэ онцлогийг зарим улс орон ашиглаж гацаанд орчихсон асуудлаа ч шийдсэн түүх байдаг.
-"Зургийн авьяас" номыг тань профессор Л.Батчулуун гуай "Хүүхдийн зургийн чиглэлийн судалгааны эх үндэс боллоо" гэж үнэлсэн байсан?
-Тэр хүн сэтгэл, боловсрол, ухаанаараа дүгнэсэн хэрэг. Батбаяр ном биччихлээ гэсэн ухагдахуунаар бус Монголын хүүхдүүдийн авьяас билиг, оюун ухааныг биширч урамшуулж байгаа юм. Монголд ээж, аавууд хөрөнгө мөнгөтэй болж байгаа ч гэсэн хүүхдээ ойлгодоггүй байдал байсаар л байна. Гэтэл манайхан хүүхэд насных нь тэр сайхан мэдрэмжийг үгүй хийчихсэн хойноо элдэв их, дээд сургууль хөөцөлддөг. Харамсалтай нь хүүхдийн тэр авьяас мэдрэмж хэзээ ч дахин сэргэдэггүй, хичнээн их хөрөнгө зараад ч нэмэргүй байдаг юм. Хамгийн гал цогтой үе болох 11-12 насандаа авьяасаа нээчихсэн хүүхэд цаашаа ямар ч саадгүй өөрийгөө хөгжүүлдэг.
-Авьяас гэж таныхаар яг юу вэ?
-Хүүхдүүд надаас "Багшаа би авьяастай юу" гэж асуудаг. Тэгэхээр нь би "Хүүхэд болгон авьяастай, та нарт бүх юм байгаа" гэж хэлдэг. Авьяас гэж энгийн үгээр бол жаахан тордоход л сэргээд ирэх, тоохгүй орхичихвол замхарчих торгон мэдрэмж.
-Та хүүхдийн зургийн 100 гаруй үзэсгэлэн гаргасан. Тэдэнд урам зориг хайрлах гэж үзэсгэлэн гаргадаг хэмээн уран бүтээлчид ам сайтай байдаг...
-Тэгэлгүй яахав. Анх 1989 оноос эхэлж одоог хүртэл 100 гаруй үзэсгэлэн удирдаж гаргалаа. Би хүүхэд байхдаа үзэсгэлэн гаргаж үзэх юмсан, шагнал авахсан гэж мөрөөддөг байсан. Даанч мөрөөдлөө биелүүлж чадаагүй. Харин хожим нь өөрийн хүслээ биелүүлэх үүднээс хүүхдийн үзэсгэлэн гаргах болсон. Хүүхдүүд их урамшдаг. Нийгэм маань л үнэлэхгүй байгаа болохоос асар их оюуны баялагтай шавь нар надад олон бий.
-"Үлэг гүрвэлийн өндгөн дотор бүгчим байдаг юм билээ" гэж хэлсэн шавийн тань үг их сонирхол татлаа?
-Б.Бямбацогт гэж хүү бий. Үлэг гүрвэлийн зураг зурдаг юм. "Динозавраа сайн зурахын тулд түүний амьдардаг орчинг сайн судлах шаардлага гардаг. Хийсвэрээр зохиож зурж болохгүй" гэж ярьдаг хүү дээ. Жирийн хүү биш. Асар холын мэдрэмж тээсэн, эрт балрын ертөнцөөс хүйн холбоо таслаагүй гоц авьяастан гэж хэлж болно. Магадгүй хэдэн жилийн дараа дэлхийд Монголыг танилцуулсан гайхамшигтай судлаач болчихоод явж байхад гайхах юмгүй л хүүхэд.
-Хүүхдүүдийн дэргэд хүүхдээрээ байх шиг сайхан зүйл байдаггүй байх аа?
-Бид нэг ёсны нас ахисан хүүхдүүд шүү дээ. Пикассо бол хамгийн олон бүтээл хийсэн, хэн бүхний мэдэх алдартай зураач. Нэр алдрын өндөрлөгт хүрснийх нь дараа нэгэн сэтгүүлч түүнээс "Танд нэр алдар, өмч хөрөнгө гээд бүх юм байна. Одоо танд хэрэгтэй зүйл байна уу" гэхэд "Би хүүхэд шиг болмоор байна" гэж хариулсан байгаа юм. Алдарт зураач Анри Матес "Хүүхдийн нүдээр ертөнцийг харах хэрэгтэй" гэж хэлсэн байх жишээтэй. Хүүхэд шиг байхыг хүснэ гэдэг оюун санаагаа элдэв буртагтай хутгахгүй цэвэр тунгалгаар нь байлгахын нэр юм.
-Хэзээнээс уран бичлэгээр бичиж эхэлсэн бэ?
-1987 оноос судалгаа хийж, 1991 онд анхны үзэсгэлэнгээ гаргасан. Үүнээс хойш гадаад дотоодод 20-иод үзэсгэлэн гаргажээ. Одоо уран бичлэгийн түүхийн судалгаа, боловсруулалтууд хийж, гадаад хэл дээр ном гаргахаар бэлдэж байна. Бичиг үсэг уран зураг, яруу найраг гэдэг бол урлагийн сэтгэлгээний нэг цогц ертөнц юм. Зураг ойлгодог хүн бичиг соёл, түүх, яруу найраг гээд аль руу нь ч орсон хөрс суурьтай байдаг. Урлаг гэдгийг манайхны ихэнх нь худалдаж авах, хувьдаа нэг юм хийлгэж авах л гэж ойлгоод байна. Урлаг бол оюуны талх.
-Монгол бичгийг нэг төрлийн урлаг гэж ойлгож болох уу?
-Монгол бичиг бол хүн төрөлхтөнд монголчуудын бүтээж өгсөн оюуны асар том бүтээл юм. Урлаг болгож монголчууддаа төдийгүй дэлхийд таниулахад ухаан хэрэгтэй.
-Таныг морьтой давхиж явахдаа монгол бичгээрээ төвөггүй бичдэг гэж сонссон. Үнэн үү?
-Монгол бичиг бол дэлхий дээрх хамгийн хурдан бичдэг бичиг. Стинограф гэж ярьдаг. Монгол бичгийг морин дээр салхи татуулан давхиж явахдаа бичдэг гэдгийг дэлхий нийтэд нотолж, гайхуулж алмайруулахыг хүсдэг.
-Эх хэлнийхээ дархлааг сайжруулах талаар хааяа ганц нэг эрдэмтэн дуугарч харагддаг. Та ямар бодолтой явдаг вэ?
-Хэлдэг нэг нь байхад хэлдэггүй нэг нь ч бий. Өртөөлж ирсэн оюуны энэ өв хөрөнгийн эзэд нь монголчууд өөрсдөө юм. Б.Ренчин гуайн хэлний зүйн дөрвөн дэвтэрт л гэхэд монгол бичгийг олон талаас нь харуулсан байдаг. Ингээд хэлчихсэн байхад яагаад анзаардаггүй юм бол гэж гайхдаг. Нэг бэрхшээл байгаа нь гадны соёл нэвтэрсэн. Тэр нь их нөлөөлөх юм. Үүнээс болж янз янзын шашин хөнгөн гоомой "изм"-үүдэд автаж төөрч будилж байна. Сүүлийн үед харийн сургалтын системийг дэмжээд баярлаад бахархаад л байх боллоо. Магадгүй цөмөөрөө харьд гарцгаах юм байлгүй.
Гэхдээ төөрсөөр төрөлдөө гэгчээр гэртээ ирэх л байлгүй дээ.
-Д.Дагвадорж аварга монгол бичгээр нэрээ бичиж чадахгүй будилсан тухай яриа байдаг?
-Би аваргатай Японд таараад хотын даргад нь дурсгал өгөхөөр хамт очсон юм. Аварга маань японоор, хятад ханзаар нэрээ бичээд би хажууд нь монголоор бичсэн чинь японууд Дагваа аваргаас "Гарын үсгээ монгол бичгээр зурж өгөөч, Чингэс хааны бичгээр заавал бичүүлмээр байна" гээд шалчихсан. Харамсалтай нь аварга маань бичиж чадаагүй. Бичиж чаддагсан бол сайхан л юм болох байсан. Хэдийгээр гадны юмыг сурсан ч өөрийнхөө юмыг мэддэг байхыг сануулсан хэрэг болсон.
-Та кинонд бичээчийн дүрд тоглоод амжчихсан гэдэг байх аа?
-Бадар-Ууган агсан "Төрийн сүлд өршөө" кинондоо намайг оруулах гэхэд нь би зугтчихсан юм. Хоёр удаа бултаад гурав дахь дээр нь баригдсан. Чойжин ламын сүм музейд сууж байгаад Богд хаан Жалханц хутагт Дамдинбазар нарын бичээч болж тэдний хэлсэн үгийг тэмдэглэж байгаагаар гардаг. Иймэрхүү зүйл дээр зүгээр л бийр хөдөлгөөд дандаа худлаа бичиж гаргадаг гэнэ л дээ. Бадар-Ууган "Жинхэнэ амьдаар нь оруулах хэрэгтэй байна" гээд намайг тоглуулж байсан. Одоо бодоход айхтар алсын хараатай зүйл хийсэн байгаа юм. Тэр кинонд бичээчийн хэсгээс гадна лам болж гардаг. Тэгэхэд Америкт явах тухай бичсэн чинь хожим хойно Америкт үзэсгэлэн гаргасан. Үүнд их бэлгэшээдэг юм.
-Монголын нууц товчоогоор 22 цуврал шүлэг бичсэн байдаг. Ямар учиртай юм бэ?
-1992 онд Монголын нууц товчооны агуулгыг шүлгэнд нэгтгэж үзье гэж шийдээд"Алтан аргамжаа" гээд 22 цуврал шүлэг гаргасан. Монгол хүн эх оронтойгоо алтаар аргамжаатай гэсэн санаатай. Түүнд Н.Жанцанноров ая хийсэн. МНТ-г уншсан хүн л сайн ойлгоно. Мэдэхгүй хүн ойлгохгүй байж магадгүй. Би нууц товчоог олон уншсан. Тэгээд нэг зүйлийг ухаарсан. Ном зохиолыг уншаад хураагаад ойлгож болдог бол МНТ-г унших тусам задардаг, ургуулж бодохыг шаарддаг тийм л хосгүй сайхан хөлгөн судар юм байна гэдгийг ойлгосон. Чингэс хааны гэр тэргийг хөтөлж явдаг 22 шар байдаг гэнэ. О.Жамъян гуайн бичсэн түүхээр Бөртө чоноос Чингэс хаан хүртэл 22 үе болдог байна. Үүнийг бэлгэдэж 22 цуврал шүлэг бичсэн.
-Монгол уран бичлэгийг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгүүлэх гээд хөөцөлдөж байгаа гэж сонссон. Тэр ажил бүтэж байна уу?
Их сайхан зүйл болж байгаа. Америк руу бүх материалаа явуулсан. Нааштай хариу ирсэн. Монголын соёлын өвийн төв гээд байгууллага их сэтгэл гаргаж ажилласан. Урамшаад жинхэнэ үзүүлж харуулах юм руугаа орж байна. Зүгээр нэг аар саархан зүйл яриад Монгол бичиг байна байхгүй , хэрэгтэй хэрэггүй гэж маргах нь арчаагүй бодол. Ямар ч боловсролгүй бүдүүлэг харанхуй хүмүүс л тийм юм ярина. Ийм зүйл ярьж байгаа эрдэмтэд гэх хүмүүс ч байгаа нь үнэхээр өрөвдөлтэй хэрэг. Магадгүй яриануудыг нь цуглуулаад ном гаргавал гаргахаар байна. Бүр гадныхан үзье гээд ирэхэд нь манай юм хэрэггүй гэж ярьдаг хүмүүс ч байна. Яваандаа тийм улсуудын тухай ч нэвтрүүлэг хийх хэрэгтэй юм байна гэж бодсон. Өөрсдийн юм аа эсэргүүцдэг үндэстэн дэлхий дээр Mонголоос өөр байхгүй.
Гадныханд уусах бодлого нь л гараад байдаг. Гадаадынхан ирж сурдаг сургууль олноор байгуулмаар байна. Сая Солонгост очоод үндэсний тосгоныг үзээд гайхаж л байлаа. Төр засгаас нь яасан ч сайхан дэмждэг юм. Гадныханд ямар ч сайхан тайлбарладаг юм. Гэтэл намайг энэ ажлыг хөөцөлдөөд явж байхад эрх мэдэлтнүүд хөдлөхгүй юм. ЮНЕСКО-гийн соёлын өвийнхөн "Та бол яах вэ. Харин танай яам, Засгийн газар чинь яагаад чимээгүй байгаа юм" гэж гайхаад байна.
-Бүртгүүлэх гээд баримт материал эмхэлж байхад хүндрэлтэй зүйл их гарсан уу?
Их асуудал гарсан. Хэр чадахаараа л янз янзын хэлбэрээр бичиж тордож сүйд болж байж л бүх материалаа ямар ч байсан өгсөн. 1993 онд Японд очиход Монголд уран бичлэг байдаг юм уу гэж дургүй хүргэж байсан. Тэгэхэд "Юун байдаг юм уу гэж. Дэлхийн түүхийг бичсэн ард түмэн яахаараа уран бичиггүй байдаг юм бэ" гэж бодоод их ундууцсан. Тэгээд л "Уран бичлэгийн түүх" номоо гаргасан. Гэтэл сүүлийн үед Солонгосоос хүмүүс ирээд Монголтой харьцуулсан судалгаа хийнэ гэж байна. Одоо хоёрдахийг нь бэлтгэж байгаа. Хураангуйгаа англи хэлээр гаргачихвал гадныхан монгол хэл суръя гэх байх.
Ер нь монголчууд бид гадаадад юм аа танилцуулахад үнэхээр өрөвдмөөр юм. "Яагаад өөрсдийн юм аа үгүйсгэж хэрэглэдэггүй юм бол" гээд гадныхан хачирхаад байна. Ямар нэг аргаар бүртгүүлчих юм бол монголчууд маань хүчтэй сэргэх болов уу гэж найддаг. Энэ л үүднээс хүчин зүтгэж байна.
Э.ЭНХБОЛД
Өдрийн сонин
2012/07/24
No comments:
Post a Comment