Friday, 20 July 2012

Г.Бадамсамбуу: Чингисийн онгон байх магадлалтай газруудыг төр хамгаалалтдаа авах хэрэгтэй

“Гараг” студийн захирал Г.Бадамсамбуутай ярилцлаа.

-Жилд хичнээн км замыг аяллын замд өнгөрөөдөг вэ?
-Жилд 40-60 мянган км аялж байгаа. Гэхдээ энэ бол онгоц, галт тэргээр явсан зам ороод шүү дээ. Зүгээр машинаар гэхэд 35-40 мянган км явж байгаа. Дэлхийн бүслүүрээр тойроход 40 мянган км байдаг байхгүй юу. Тэгэхээр жилд дэлхийг  нэг бүтэн хагас тойрох дайтай явдаг юм байна. Гэхдээ энэ тоо их юм шиг сонсогдож байгаа ч Европ руу нэг нисээд, буцаад ирэхэд л бараг 20 мянган км нь явчихна шүү дээ.

-Эдинбургын цайзын мухарт хоног төөрүүлж байсан гэдэг. Тэр үед юу бодогдож байсан бэ. Гадуур хонох тохиолдол их гарч байсан уу?
-Тийм тохиолдол гардаг шүү. Эдинбург байна, Шекспирийн төрсөн хотод сандал дээр хоног төөрүүлж байлаа. Цагдаа нар ирээд бүртгэж авдаг юм. Хаанахын ямар хүн унтаж байна вэ гээд. Ачаануудын хүсвэл галт тэрэгний тээш хадгалдаг хайрцаг юм уу, цагдаагийн газарт хадгалуулчихдаг юм. Монголд ч  гэсэн тийм шүү дээ. Аяллаа буруу төлөвлөснөөс, эсвэл бартаа саадаас болоод л хээр хононо шүү дээ. Тийм тохиолдол Хөвсгөлд, Хангайн нуруунд гарч байлаа.

-Монголд Таныг өнөөдөр танихгүй хүн үгүй болж, “Аяллын цаг”-ийн Бадамсамбуу гээд л…
-Уншигчдад хандаж хэлэхэд намайг их сүрхий аялагч гэж битгий бодоорой. Аялагч бүр өөр шүү дээ. TV аялагчид зөвхөн TV-дээ л зориулж аялдаг.
Халуун хүйтнийг туулаад хувиараа аялдаг хүмүүс байна. Надтай харьцуулахад амиа бодсон, хатуухан хэлэхэд бэртэгчин маягийн аялал байхгүй юу. Би бол үзсэн харснаа нийтийн хүртээл болгож байх хэрэгтэй гэж боддог. Видео бичлэг хийхгүй, зураг авахгүй, ном бичихгүй байж тэгж аялж байхын утгыг бий олдоггүй.

-Таныг Чингисийн онгоныг эрж хайх багт байдаг гэсэн. Чингисийн онгон олдох болов уу?
-Онолын хувьд олох магадлал нь их ойрхон. Монголчуудад хоёр санал байдаг юм. Нэг хэсэг хааны онгон, бол өвөг дээдсийн эртнээсээ нууцалсан зүйл учраас ерөөсөө нууц чигээр нь байлгая гэсэн бодол. Нөгөө хэсэг нь найман зуун жил өнгөрчихсөн. Гэтэл дэлхий ертөнцөд тиймэрхүү юмыг мэддэг, хайдаг, сонирхдог “зэвсэглэчихсэн“ хүмүүс хар мянга боллоо. Үүнээс гадна монголчуудын 13 дугаар зууны үеийн гайхамшигтай нээлтүүд алга. Тиймээс бид хааны онгоныг олж таниад, хадгалж хамгаалах хэрэгтэй. Магадгүй бусад хаадын онгоныг нээж дэлхийд гайхуулах хэрэгтэй. Нууцуудын тайлал хэрэгтэй. Нууцыг хааж явсаар байгаад нүүдэлчдийн соёлын олон зүйл алга болсон. Ийм маргаан байдаг. Энэ маргаанаас үл хамааран сүүлийн 200 жилд 100 гаруй экспедиц Чингисийн онгоныг хайхаар гарсан. Хамгийн сүүлчийнх нь өнгөрсөн жил  Чингис хааны нууц бунхан гээд нэвтрүүлэг “Natinol Geogrаpic” сувгаар гарсан. Үүнийг хятад гаралтай  Сан Франциско хотын эрдэмтэн, түүний экспедицийнхэн хийсэн юм.
Би Чингис хааны онгоныг судлах багийн нэг гишүүн. Надад олон ч мэдээлэл бий. Би үүнийг судалж, их хаанд дөхөх хэрэгтэй гэж үздэг.Тэгэхгүй бол бид удаан хугацаанд явж ирсэн энэ соёл иргэншлээ нотлох том хэрэглэгдэхүүнүүдээ зүгээр хайхрахгүй байж байгаад алдах гээд байгаа юм шиг санагддаг. Одоо бидэнтэй зэрэгцээд Япон, АНУ-ын экспедиц явж байгаа. Хувиараа сонирхогчид жил бүр олноороо ирж байна. Бид сүүлийн жилүүдэд Чингисийн онгон байх магадлалтай газруудыг хамгаалалтдаа авахыг төр засгаас шаардаж байгаа ч одоо болтол хүссэндээ хүрч чадахгүй байна. Энэ жил Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой болно. Юу ч хийгээгүй байна. Нэг ч бэлтгэлгүй байна. Тэгэхээр их хааныг үл тоомсорлогч, тийм хүмүүс энэ төр засагт байна. Гэтэл 1962 онд Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэж, түүнийг зохион байгуулсан гол хүмүүс хэлмэгдэж байсан, Төмөр-Очир гуайгаас эхлээд. Гэтэл одоо сонгууль, мөнгө, уул уурхай, эрх мэдэл гэдэг юманд балайраад Чингис хааныг алдаршуулах, олон нийтэд таниулах талаар юу ч хийхгүй байна.

-Таны явж байсан газруудад экологийн сүйрэл хэрхэн мэдрэгдэж байсан бэ?
 -Дэлхий дээр одоо хоёрхон зүйл яриад байгаа. Нэг нь мөнгөний бодлого, нөгөө нь цаг уурын өөрчлөлт. Тэгэхээр экологийн сүйрэл болж байгаа орон олон байна. Өнгөрсөн жил бид Филиппинд явж байхад аж үйлдвэржсэн жижиг хотуудын дунд орших нэг том голыг харж байлаа. Дэлхийн хамгийн бохирдолтой гол гэж байгаа юм. Тэр голын хажууд нь очиход яг ОО-ийн өрөө шиг. Ил задгай ОО байдаг шүү дээ. Тийм үнэртэй, тас хар тугалаг шиг удаан хөдөлгөөнтэй юм урсч байгаа юм. Түүнийг хараад зарим нь бөөлжөөд бөөн юм болсон. Одоо тэр голыг цэвэрлэх гээд япончууд төсөл бичсэн гэж бидэнд танилцуулж байсан.
Тэнд хоёр гунигтай зүйл харагдсан. Нэг нь тэр голыг тийм болтол нь байлгаад байсан нь. Нөгөө нь тэр мужийг нэг л гэр бүл захирдаг, ардчилсан орон мөртлөө. Тэгээд тэр гэр бүлийн нэг хүү нь биднийг дагуулаад одоо үүнийг цэвэрлэх гэж байгаа гээд нэг их гавъяатай зүйл хийчихсэн юм шиг яриад.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсыг Бүгд найрамдах засаг байгуулснаас хойш 90-ээд жил өнгөрсөн гэхэд, одоо болтол бие даасан эдийн засагтай болгож чадаагүй байж бид хөгжүүлсэн гээд яриад байдаг хүмүүстэй яг адилхан санагдсан.

-Зарим газарт бичлэг хийж, зураг авахыг хориглосон байдаг шүү дээ. Та тийм газар бичлэг хийж байсан уу?
-Бий. Жишээ нь Изриалийн баруун эрэгт, ялангуяа палестинчуудын амьдардаг тосгонд зураг авахыг хориглодог. Хэдэн жилийн өмнө явж байхдаа Жерико гэдэг хотод нууцаар зураг авч байсан. Энэ бол 8000 жилийн тэртээх дэлхийн анхны хотуудын нэг.Тиймээс яаж эндээс хоосон буцах вэ дээ гээд нууцаар зураг авч, нэвтрүүлгээрээ цацаж байлаа. Гэхдээ тэр хотод зураг авч байхдаа баригдаагүй байж тэр хотоос гараад 10 км яваад Иордан голын баруун эргийн бүсээс гарчихлаа гэж бодоод уулын толгой дээр хясаа,  дунгийн үлдэгдэл түүгээд байж байсан чинь биднийг Израилийн хээрийн хяналтын  цэргүүд бүсэлсэн байсан. Их сонин зүйл болсон.

-Аялалд явж байхдаа чухал зүйлээ хаяж гээж байв уу ?
 -2000 оны Германы Ханайвор хотноо дэлхийн экспо үзэсгэлэн гарч байсан.  Тэнд бид Гулливер нэртэй Германы алдартай нийтийн тээврээр үйлчлүүлсэн юм. Ханайвороос Берлин руу явж байхдаа камераа мартаад буучихсан. Тэр даруйд нь хөтөчдөө хэлсэн чин “Санаа зоволтгүй. Энэ компани бол хамгийн найдвартай нь. Энэ автобусны жолооч үзэсгэлэнгийн үеэр зөвхөн та нарт зориулж үйлчилж байгаа учраас  манай л хүн гэсэн үг” гэсэн. Гэтэл байдаггүй. Жолоочийг нь шүүхэд өгсөн, манай элчингийнхэн ирсэн. Авч явсан компанийнхан очоод нэмэр байдаггүй. Би баруунд тэгж юмаа алдаж үзээгүй. Гэхдээ 2000 он гэдэг монголчуудын гэнэн үе шүү дээ. Баруунд хулгай байдаггүй гээд бодчихсон. Тэр камераа алдахад надад маш харамсалтай санагдаж байсан.

-Та хэдэн гадаад паспорт элээсэн бэ?
 -Цөөхөн. Одоо зургаа дахь паспортоо ашиглаж байна. Би олон паспорт элээж байна гэж бодоод байсан чинь үгүй юм билээ. Ганзагын наймаачид чинь олон паспорт дуусгадаг юм байна. Тэдний хувьд жилдээ нэгийг дуусгадаг юм шиг байна лээ.

 -Харь нутагт явж байхдаа сэтгэл хөдлөөд бичиж байсан шүлгийн мөртүүд олон бий биз. Дөрвөн мөрт уншиж сонирхуулаач
 -Олон байгаа ч бичсэн шүлгээ цээжидэггүй муу зантай. Дэвтрээ л харахгүй бол санахгүй байна. Ганга мөрний дээгүүр нисч байхдаа Гималайн оргилыг хараад бичиж байх жишээтэй. Миний бичдэг шүлэг чинь хүний санаад гялс гээд орчихдог зүйл биш. Учир битүүлэг, оньсого шиг, гүн ухааны ч гэмээр юм уу, эсвэл бүр тэнэг ч гэмээр шүлгүүд бий.

-Та Natinol Geogrаpic шиг сувагтай болохыг хүсдэг үү?
 -Хэдхэн хоногийн өмнө “Travel channel” гэсэн сувгийн нэрээ авчихсан хэсэг хүмүүс телевиз байгуулъя. Хамтарч ажиллая гээд надтай холбогдсон. Гэхдээ энэ чинь хүслээс шалтгаалдаг зүйл биш шүү дээ. Natinol Geogrаpic, Descover channel зэрэг сувгууд чинь маш том орны том зах зээл дээр, том бодлогуудаар дэмжигдэж байдаг. Natinol Geogrаpic хэдийгээр 20-30 жилийн дотор хэдэн зуун үзэгчийг бий болгож чадсан ч одоо оршин тогтноход хүндрэлтэй л байгаа. Уран сайхны кино хийдэг хүмүүст хэцүү байдаг. Жишээ нь Стивен Спилберг л гэхэд хэдэн зуун сая доллар авч байгаа ч гэсэн тэр хэрээрээ өндөр татвар төлдөг. Хэр хэмжээгээр нь амьдралын стандарт нь өндөр байх шаардлагатай байдаг. Дээр нь тэр хэрээр их хөрөнгө оруулалтай том бүтээгдэхүүн хийх шаардлага гардаг.
Тэгэхээр уран бүтээлч хүмүүс чөлөөтэй,  чинээлэг амьдарна гэдэг боломж багатай. Кино одууд сайхан л гэдэг үнэндээ тийм биш. Тэд өдөр шөнөгүй яг гэр оронгүй юм шиг явж, цаг хугацаа зарцуулж байж тэр их мөнийг олж байгаа. Тэгээд тэрийгээ зарж үрэхэд чөлөөт амьдралд орж чаддаггүй. Нийгэм өөрийг нь сонирхлын талбарт тавьчихаад хүрээлээд байдаг учраас яаж чөлөөтэй байх юм.  Тэгэхээр аз жаргалыг эдлэх гэдэг бол их мөнгө олж онцгойрохдоо биш.  Зүгээр л эрх чөлөөгөө хаана ч эдлэх боломжийг харах хэрэгтэй байгаа юм.
Тэгэхээр channel  суваг гэдэг Монголд боломжгүй. Бусад оронд ийм сувгийг бодлогоор дэмжиж байж явдаг.Тийм л дураараа суваг нээгээд байдаг юм бол Япон, Хятад, Солонгост тийм суваг байхгүй л байна шүү дээ.

-Та Увсын хүн. Таны нэвтрүүлгүүдэд хил залгаа Тува улсын тухай нэвтрүүлэг байдаг уу?
-Нэг хэсэг Тувад намайг таньдаггүй хүн байхгүй байлаа. Увсын сонинд ажиллаж байхдаа тувачуудыг би өмөөрч бичиж байсан. Тэгээд хотод ажиллахаар ирсэн хойно миний бичсэн өгүүллийг Орост гуйвуулж орчуулаад хэвлүүлсэн байсан. Тува даяараа Монголын Бадамсамбуу сэтгүүлч Туваг үзэн яддаг, биднийг доромжилдог хүн байна гэсэн шуугиан дэгдсэн. Тэгэхэд одоогийн энэ Шар суурийн застав байхаа, Завхан, Увсын хилийн боомт хаагдаж байсан юмдаг. Үнэн хэрэгтээ би тэднийг өмөөрч бичсэн байсан. Хожим нь учир мэдэх хүмүүс нь улс төрчид нь надаас уучлалт гуйсан. “Үнэн” сонинд намайг олон удаа бичсэн. Олон улсын найрамдалд сэв суулгалаа гээд л. Бодит байдал нь өөр байсан учир тэгээд л өнгөрсөн. Тувагийн Дээд зөвлөлд байсан хүмүүс одоо ч намайг Тувад урьдаг юм. Намайг эерэгээр ойлгодог. Манай тувачуудын хувь заяаны тухай бичсэн юм байна гээд. “Үнэн” сонинд намайг бичихдээ Салман Рушидийг санагдуулдаг. Тэр иран гаралтай англи зохиолч “Шулмын шүлгүүд“ нэртэй ном бичсэнээс болоод Ираны  Засгийн газраас цаазлах ял авч байсан. Ираны тагнуулууд Англид очиж түүнийг хөнөөх гэж их оролддог байсан. Одоо ч тийм байгаа. Тэрийг “Үнэн” сонин надад сануулж байсан. “Та Тувагийн ард түмнийг доромжиллоо. Салман Рушид гэж ямар хүн байдгийг санаж байгаа биз дээ. Та тувачуудын хувьд Салман Рушид” гэж бичиж байсан. Амьдралд тийм харгис хэрцгий үзэл байж байдаг юм билээ.
80-аад оны сүүлчээр дэлхийн шатрын аварга Гарри Каспаров “Известия” сонинд өгсөн ярилцлагадаа “Орос одоо жаргахад амархан байна. Зүүн Германыг баруун Германд нь. Монголыг Хятадад,  Хойд Солонгосыг Өмнөдөд нь зарчихъя. Тэгэхэд Орос орон босоод ирнэ” гэсэн байдаг. Тэр үед Монгол даяараа давалгаалж байлаа шүү дээ. Түүнээс болоод Гарри Каспаров их айж байсан. Тэр нь шиг тийм сонирхолтой зүйл миний сэтгүүл зүйн амьдралд гарч байсан юм.

-Та тэгээд Тувад очсон уу?
 -Явсан. Тувад их гоё юм бий. Сибирийн Швейцарь гэдэг чинь тэнд бий шүү дээ. Нууран дотор цайз байдаг гээд л.

-Хэдэн улсаар аялав гэхийн оронд хэдэн улсаар аялаагүй вэ гэж асуух нь оновчтой юм болов уу?
-Би олигтой аялаагүй шүү дээ. Хамгийн дээд тал нь нэг жилд 10 орноор явсан. Ихэвчлэн дунджаар жилд 2-4 орноор явсан. Тэгээд бодоход 40 гаруй орноор дамжин өнгөрсөн гээд бодвол 60 орчим улсад хөл тавьсан болов уу. Тэгэхээр 200 гаруй орны дөрөвний нэгээр нь явж. Гэхдээ тоо гүйцэхдээ гол нь биш.

ливаа аяллын амт нь юундаа байдаг вэ?
 -Янз янзын аялагч нар байгаа. Миний бодлооор маш гоё зураг авахад л аяллын амт оршдог. Гэхдээ уран бүтээлч хүн хэзээ ч сэтгэл ханадаггүй. Хичнээн гоё зураг авсан ч дахиад гоё зураг байгаа гээд л бодоод байдаг. Энэ бизнес хийгээд жолоодлогогүй мөнгөний араас явдаг хүмүүс яг миний гоё зураг авчихаад ханахгүй байгаатай адилхан гэж боддог.

 -Аялахад хамгийн тохиромжтой Монгол Улсын нэг л аймгийг нэрлээч гэвэл?
-Их  хэцүү асуулт байна. Завхан байж магадгүй. Тэнд байгалийн бүс бүслүүр их олон янз байдаг. Говь цөл, хээр тал, өндөр уул, тайга гээд. Мөн энэнтэй адил зүйлийг Өвөрхангай, Увсад үзэж болно. Бусад аймаг нь жаахан нэг тал руугаа хэвийсэн гэх үү дээ. Нэрд гарсан газруудыг улиг болсон гэж боддог байлаа. Гэтэл үгүй юм билээ. Үнэхээр нэрд гарсан газрууд заавал нэг сайхан юм байдаг юм.
Хөвсгөлд Швейцарийн нэгэн алдартай сэтгүүлийн гэрэл зурагчинтай хамт явж байхад тэр зурагчин нэг хоёр гэрэл зураг авсан. Яагаад та зураг авахгүй байна. Таалагдахгүй байна уу гэсэн чинь. Энэ зургийг авахад яг Швейцарьт байгаа шиг юм уу, эсвэл Канададын байгаль шиг байна. Тиймээс гэр оруулаад ч юм уу, Монгол гэж мэдэгдүүлсэн юм авахгүй бол Альпийн нуруунд явж байгаа юм шиг харагдах гээд байна гэсэн. Тэгэхээр тэр зурагчин яг онцлогийг нь харуулах гээд байгаа юм. Тиймээс аливаа юмыг сайн ойлгож үзэх хэрэгтэй.

-Таны аялал хэзээ эхлэв, хэзээ дуусах вэ?
-Төрсөн цагаасаа эхэлсэн. Өөрөө дуусахаар л аялал маань дуусах байх.

Д.Цэцэг

No comments:

Post a Comment