Sunday, 22 July 2012

Д.Дагвадорж: Би мөрөөдлийнхөө зам руу алхаж байна

Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн орой чөлөөт бөхийн олимпийн бэлтгэлийн төвийн нээлтийн ажиллагаа боллоо. МЧБХ “Лондон-2012” зуны олимпийн наадамд баг тамирчдаа амжилттай оролцуулахаар шаргуу ажиллаж буй. Үүний тод илрэл нь олимп болон цаашдын олон улсын тэмцээнд бэлтгэх, бэлтгэл хийх орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор байгуулсан зургаан дэвжээ бүхий бэлтгэлийн төв юм. Нээлтийн ажилгааний үеэр МЧБХ-ны хүндэт ерөнхийлөгч Д.Дагвадоржтай ярилцлаа.
-Энэ төвийг байгуулах санаа хэдийд төрөв?
-Манай улсад бөхийн төрлийн спортын бэлтгэл хийх заал танхимын хүрэлцээ муу байдгийг та бүхэн мэдэж байгаа. Манайхан өдий болтол хоёрхон дэвжээн дээр бэлтгэл хийдэг байсан. Тодорхой жишээ дурдвал манай жүдогийн тамирчид 2008 оны Бээжингийн олимпийн бэлтгэлээ Нүхтийн амралтад базаасан. Тэгэхэд гол найдвар тавьж байсан Х.Цагаанбаатар жижиг талбайгаас болж давхралдан унаснаар хавиргаа хугалсан нь харамсалтай. Энэхүү бэлтгэлийн баазыг байгуулах санаачлагыг Д.Сумъяабазар ах маань гаргаж, бүтээн байгууллаа.
-Доторх орчин нь үнэхээр өөр юм аа?
-Тэгэлгүй яах вэ. Дэлхийн жишигт нийцэхүйц зургаан дэвжээтэй. 50 хос, 100 тамирчин бэлтгэл хийсэн ч хангалттай талбай. “Sanyo” брэндийн агаарын вирус устгагч хоёр том төхөөрөмж байгаа та бүхэн харсан байх. Нийт 1500 метр талбай бүхийг заалны агаарын нян, вирусыг дор нь устгах чадалтай. Зааланд wireless систем тавигдсан, халуун, хүйтэн устай саун, душтэй. Заалны асуудал хүнд байх үед сонгуулийн их ажлын хажуугаар үүнийг сэтгэл гаргаж хийсэн Д.Сумъяабазар ахаараа их бахархаж байна. Бас хамтарч ажилласан галтай, цогтой залуустаа баярласнаа илэрхийлье.
-Энэ автобусыг их учиртай гэх юм?
-Тийм ээ. Харахад энгийн ч Монголд байхгүй явуулын эмнэлэг станцтай бүх төрлийн шинжилгээ хийх хүчин чадалтай. Муу хэлээд яах вэ, гэмтэл бэртэл гэж хэцүү зүйл байдаг. Түүнийг дор нь оношилж, эмчлэх тоног төхөөрөмжөөр хангагдсан. Энэ бол “Асашёорюү” сангаас хийж буй ажил.
-Та бас Японоос хоёр илээч авчирсан байна. Тэдний тухай ярихгүй юу?
-Илээч гэж хэлж болохгүй юм. Спортын мэргэжлийн туслах. Монголын нийт баг тамирчидтай бариа засал, спортын анагаах ухааны тал дээр олимпийн наадам дуустал ажиллана. Би тэдэнд өндөр шаардлага тавьж байгаа. Зүгээр нэг уригдаж ирээд тусдаа хоол идэх биш. Нийт тамирчдын дунд орох. Тэд ч үүргээ сайн гүйцэтгэж байгааг хэлэх хэрэгтэй байх.
-Та тамирчидтайгаа цуг байгаа юм уу?
-Тийм ээ. Энд байрлаад байж байна.
-Хүндрэлтэй зүйл юу байна вэ?
-Бэлтгэл сургуулилалт, хангалтын тал дээр онцын хүндрэл алга. Гайгүй байх. Осака хотоос өнөөдөр тамирчдын олимпийн наадамд өмсөх хувцас ирж байгаа. Бэлтгэлийн ор болон бусад зүйл ирсэн. Тамирчдын бэлтгэл хийх бүхий л нөхцөл хангагдсан гэж хэлж болно. Одоо бэлтгэлээ сайн хийж, олимпийн наадамдаа амжилттай оролцох л үлдлээ.
-Манай тамирчид Болгарт 21 хоногийн хамтарсан бэлтгэл хийгээд ирсэн. Та энэ хавар Болгарын чөлөөт бөхийн холбооны 80 жилийн ойн арга хэмжээнд оролцохдоо энэ ажлыг ярьж тохирсон байсан уу?
-Тийм ээ. Би нэгэн ярилцлагадаа “Би мөрөөдлийнхөө зам руу алхаж байна” гэж хэлсэн. Үүнийгээ биелүүлэх нэг дөхөм болж байгаа гэдэгт сэтгэл өндөр байна.
-Таны мөрөөдөл чөлөөт бөхийн төрлөөр олимпийн аварга болох байсан уу?
-Аль ч төрөл байж болно шүү дээ (инээв). Түүний төлөө л явж байна даа.
-Танд Монголын сүмо бөхийн холбоог удирдаад явах бодол бий юу?
-Сүмодоо хайртай байлгүй яах вэ. Гэхдээ би өөр хамт олны итгэл найдварыг хүлээгээд ажиллаж байна. Надад нэг зорьсон зүйл рүүгээ сайн зүтгэдэг сайн чанар байдаг. Монголын сүмо бөхийн холбоог хариуцаж байгаа хүмүүс байгаа. Тэднийг өдий зэрэгтэй авч яваасай гэж итгэж, найдаж байна.
shuud.mn
2012/07/23

No comments:

Post a Comment