Сайт маань урлаг соёлын одод, олны танил хүмүүсийн сонирхолтой ярилцлагыг та бүхэндээ хүргэсээр байгаа билээ. Дөнгөж нэрд гарч, олонд танигдаж эхлэх үедээ тэд хэрхэн ярьж, өөрсдийнхөө талаар тодорхойлж байсныг эдгээр ярилцлага таны өмнө дэлгэх болно. Энэ удаа бид “Aqua fitness” төвийн захирал Б.Уянгатай хийсэн ярилцлагыг хүргэе. Царайлаг, шавилхан бүсгүй анх “Хар ирвэс” клубын фитнессийн багшаар ажиллаж байсан бөгөөд “С1” телевизийн “Өдөн дэр” үдшийн хөтөлбөрийг ч хөтөлж явсан билээ.
-Өөрийг чинь “Aqua fitness”-ийн багш, “С1” телевизийн “Өдөн дэр” нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээр нь хүмүүс илүүтэй мэддэг болов уу. Хэдийнээс эхэлж фитнесстэй амьдралаа холбосон бэ?
-Би бүр таван настайдаа спортын гимнастикаар хичээллэдэг байсан. Дунд сургуулийн сурагч байхдаа ч гимнастик, бүжиг, усан спортоо орхиогүй. 2000 оноос хойш фитнессийн багшаар ажиллаж, монголд анх удаа акуа фитнессийн хичээлийг эхлүүллээ.
-Фитнессийн багш маань “Өдөн дэр”-ийн хөтлөгч болсон нь сонирхолтой л юм?
-“С1” телевизийн “Эмэгтэйчүүдийн цаг” нэвтрүүлэгтэй хамтарч ажиллан, акуа фитнессийн хичээлээ цувралаар гаргадаг. Тиймээс тус телевизийн зүгээс нэвтрүүлэг хөтлөх санал тавьсан тул “Өдөн дэр”-ээр овоглож эхэлсэн.
-“Өдөн дэр”-ийн шинэ өнгө төрхийг харуулсан сурталчилгаа хэтэрхий эротик ч гэмээр шинжтэй болсон байна лээ. Яагаад тэр вэ?
-“Өдөн дэр” нэвтрүүлэг хайр дурлал, хосуудын нандин харилцаа болсон сексийн тухай, охид залууст энэ талын зөвлөгөө өгөх зорилготой. Амралтын үдэш насанд хүрэгчдэд зориулсан болохоор бусад телевизийн нэвтрүүлгээс илүү нээлттэй байж чаддаг болов уу. Миний хувьд хөтлөгчөөр ажиллаж, редакторын бэлтгэж өгсөн мэдээллийг сонирхуулдаг юм.
-Мэдээж хэрэг, сексийн тухай мэдээлэл хүргэдэг нэвтрүүлэгтээ тохируулж стиль имиж дээрээ анхаарал тавьдаг байх?
-Үгүй ээ, нэвтрүүлгийнхээ өнгө аяст тохируулах гэж хичээдэггүй. Байгаа байдал минь л энэ. Магадгүй гадаад үзэмж минь таалагдсан учраас хөтлөгчөөр сонгосон биз. Түүнээс биш, надад өөрийгөө нэг их айхтар өөрчлөөд байх шаардлага гардаггүй.
-Фитнесс болон нэвтрүүлгээрээ дамжуулаад тодорхой хэмжээнд олны танил болсон байх. Эрчүүдийн зүгээс ойртож дотносох ч гэдэг юм уу ямар нэгэн санал ирдэг үү?
-Янз бүрийн мессеж ирдэг л дээ. “Нэвтрүүлэг чинь таалагдаж байна” гэх мэт. Гэхдээ тэр бүрт ямар нэгэн хариу бичиж, харилцаад байдаггүй. Юу ч гэмээр юм бэ дээ.(инээв)
-Сайхан бүсгүйчүүдийг мөнгөтэй эрчүүдтэй нэр холбох нь их. Үнэхээр иймэрхүү санал ирдэг учраас тэгж ярьдаг юм болов уу, аль эсвэл..?
-Надад лав ирж байгаагүй юм байна. Тэгээд ч би нөхөртэй шүү дээ, удахгүй хуримаа хийх гэж байгаа. Тийм болохоор энэ тал дээр нэг их анхаарал хандуулж, ач холбогдол өгөх дургүй.
-Үдшийн хөтөлбөрийн хөтлөгч, хувь хүнийхээ үүднээс хайр сэтгэл, сексийн талаар ямархуу бодолтой байдаг вэ?
-Нөхөр маань миний анхны хайр. 15 настай байхаасаа үерхэж, багагүй хугацааг хамтдаа үдлээ. Энэ ч утгаараа, анхны хайрыг “Жинхэнэ хайр мөн болов уу” гэж боддог юм. Хайрлаж, дурласан анхны маань хүн миний нөхөр учраас тэр. Сексийн тал дээр ч нандигнаж явах дуртай. Нөхөртэйгээ жинхэнэ хайр сэтгэлээр холбогдсон болохоор сексийн харилцаа минь хамгийн нандин зүйл. Энэ нандин харилцаагаа үргэлж шинэлэг, хэн хэнийхээ сэтгэлийг татсан сонирхолтой байлгах хэрэгтэй гэж үздэг.
-Шинэлэг, сонирхолтой байлгахын тулд яах ёстой гэж?
-Ямар ч байж болно л доо. Нэг хэвийн биш үргэлж өөр, өөр байлгах. Заримдаа хайртай хүндээ зориулж үдшийг маш таатай өнгөрүүлэх романтик орчныг бүрдүүлэх юм уу гэнэтийн бэлэг барьж болно шүү дээ.
-Тэгвэл та хоёр бие биедээ хэр зэрэг сюрприз барьдаг вэ?
-Нөхөр маань удаан хугацаанд гадаадад амьдарч байгаад ирсэн болохоор амьдрал гэнэтийн бэлгээр дүүрэн байгаа шүү. Нэгэнт ийм дотно харилцаанд орсон хүмүүс сексийг маш сонирхолтой байлгаж чадна.
-“Хайртай бол хартай” гэх зүйр маягийн үг залуусын дунд их дэлгэрч, Энэ тал дээр асуудал үүсдэг үү?
-Урлагийн хүн болоод ч тэр үү, нөхөр маань намайг илүү их ойлгодог. Найз нөхөд, ажил төрөл минь ч гэсэн ойролцоо учраас бие биеэ ойлгож, харилцан итгэж амьдардаг юм.
-Чөлөөт цагаа хаана, яаж өнгөрүүлдэг бол..?
-Найз нөхдийн маань ихэнх нь урлагийн хүмүүс байдаг учраас диско клубт ордог. Бөөнөөрөө цуглаад зусланд гарахад нөхөр маань шорлог хийж өгөх дуртай. Бас бассейнд ихэвчлэн чөлөөт цагаа өнгөрүүлдэг. Урлагийнхантай хамт байхад илүү хөгжилтэй санагддаг учраас дискодох үе бишгүй гарна аа.
-Ажил, амьдрал чинь одоо бүр устай холбоотой болж дээ?
-Тийм шүү.(инээв)Найзууд маань ч гэсэн бассейн, саунд орж амрах дуртай.
-Гэрийн эзэгтэйн хувьд, өөрийгөө хэр үнэлдэг бол?
-Гайгүй ээ. Хурим найр хийж, албан ёсоор гэр бүл болоогүй ч бид хоёр олон жил хамт амьдарсан. Тэгэхээр энэ тал дээр санаа зовох зүйл гардаггүй. Олон төрлийн ногоо холиод шинэ хоолны жор зохиох дуртай. Нөхөр маань ч амттай хоол хийж чадна. Өглөөний хоолыг ихэвчлэн нөхөр маань л бэлтгэдэг шүү. Харин хувцас угаах дуртай хэрнээ индүүднэ гэхээр л миний гар хөдөлдөггүй юм. Түүнээс биш, гэр орноо цэвэр цэгцтэй байлгахад анхаарал хандуулна аа. Эр нөхрийнх нь амжилт эмэгтэй хүнээс шалтгаалдаг гэдэг шүү дээ. Гэр орон, үр хүүхэд, хань нөхөртөө тавих анхаарал халамжаа аль болох зохицуулж, ажил төрлөө амжуулахыг хичээдэг.
-Хуримын тухайд, нууцхан бодол тээж явдаг байх. Энэ бүхнээсээ сонирхуулаач?
-Сонгодог маягаар хийвэл надад илүү ойр байх. Гэхдээ одоохондоо яаж хийхээ төлөвлөөгүй л дээ.
-Нууц амраг гээд л их ярьдаг. Таны хувьд?
-Дутагдаад байгаа зүйлээ өөр хүнээс хайснаас болж үүсэх асуудал. Бие биеэ хайрлаж чадахгүй бол өөр хэн нэгний хайранд татагдах, эсвэл бусад хэрэгцээтэй зүйлээс болж нууц амрагтай болдог байх. Тэгэхээр хайртай хүнээ нууц амрагтай болгохгүйн тулд бүхнээ зориулж чаддаг байвал зүгээр юм болов уу. Харин өнгө, мөнгөнд татагдан нууц амрагийн асуудалд орооцолдож байгаа хүмүүсийг ер ойлгохгүй юм. Хайрттайгаа учраагүй, жинхэнэ амтыг нь мэдрээгүй болохоор л ийм хөнгөн ханддаг байх. Хайр дурлал ямар ч хүнийг өөрчилдөг шүү дээ. Аймаар шоучин, хүүхэмсэг залуу байлаа ч хайр сэтгэлээ олчихоод зөвхөн түүнийхээ төлөө амьдарсан жишээ олон бий. Амьдралын утга учир нь хайр гэдгийг мэдрээгүй хүмүүс л аливаад замбараагүй, хөнгөмсөг байдлаар хандаж яваа байх. Хайраа хайрлаж, үргэлж арчилж тордож явахгүй бол амархан унтарна. Нэгэнт унтарсан хайрыг дахиж сэргээх хэцүү шүү дээ. Үүнээс болж өөр хайр үүсэх ч тохиолдол байдаг биз. Анхны хайраа удаан хугацаанд үнэн цэнэтэй байлгаж чадвал жинхэнэ утга учраа олно. Тиймээс охид залуус маань анхны хайраа хадгалж, амьдраасай гэж хүсдэг юм. Амьдралд бага зэрэг үл ойлголцол, маргаан гарах нь мэдээж. Хүнийг хайрлаж байж л өөрөө хайрлуулах учраас энэ мэт зөрчлийг эмэгтэй хүн уучилж, хүлээцтэй хандаж байх хэрэгтэй. Энэ бүхнийг хүлээн зөвшөөрч, хайрлахгүй орхиод байвал салахад хүрч мэднэ.
-Тэгвэл чи хэр хүлээцтэй ханддаг вэ?
-Юу ч мэдэхгүй, жаахан охин байсан болоод ч тэр үү. Анхандаа бага зэрэг ойлголцохгүй, өөрийнхөөрөө зөрүүдлэх үе байсан. Харин одоо аливаад хүлээцтэй хандаж ойлгохыг хичээдэг, уучилж чаддаг болсон.
-Таныг урьд нь гадаадад загвар өмсч байсан гэлцдэг. Үнэн үү?
-Загвар өмсч байгаагүй л дээ. Яахав, фото маягийн сурталчилгаанд тоглож байсан нь үнэн. Би спорт загварын хувцас өмсөх дуртай. Гэхдээ гоё даашинз өмсвөл илүү эмэгтэйлиг, дур булаам харагддаг. Эмэгтэй хүний хувьд, бие галбираараа бахархах хэрэгтэй. Ялангуяа залуу насандаа өөрийгөө төгс сайхан авч явахгүй бол бахархах зүйл үлдэнэ гэж үү.
-Гоо сайхныг хэн дуртай нь авч чадахгүй гэдэг. Гэхдээ сүүлийн үед мэс ажилбарын ачаар энэ асуудлыг хялбархан шийдэх болж?
-Бүсгүй хүн гоо сайхныхаа төлөө хэрэгтэй гэсэн бүхнээ хийх ёстой. Бие галбирийн зохицол, эрүүл мэнддээ сайтар анхаарч чадвал болохгүй гэх газаргүй.
-Харин таныг хөхөндөөсиликон шахуулсан гэлцэх юм билээ?
-Багаасаа спортоор хичээллэж ирсэн болохоор бие галбираа зөв хөгжүүлэх тал дээр илүү ажилласан. Бие галбир минь булчинлаг талаасаа илүү их хөгжсөн. Тэгэхээр аль нэг хэсэгт нь засвар хийлгээд байх шаардлага гараагүй. Энэ бүхэн маань төрөлхийн гоо сайхан.
-Хүүхэд төрүүлсний дараа бие галбираа хадгалж үлдэнэ гэдэг ихэнх хүүхнүүдийн хувьд, хүндрэлтэй асуудлын нэг. Охин тань одоо хэдэн настай вэ?
-Одоо есөн настай. Аавыгаа дуурайсан урлагийн мэдрэмжтэй, усан спортод сонирхолтой хүүхэд бий. Би төрөөд найман сарын дараа фитнессээр хичээллэсэн. Зөв дасгал хийвэл хөх, бэлхүүс сайхан хэлбэртэй болдог юм. Охиноо дүүтэй болгох талаар бодсон зүйл байгаа. Ойрын хугацаанд дахин хүүхэдтэй болохыг хүсч сууна.
-Хоолойны тань өнгө их намуухан болохоор зарим хүн “Ялдам, янаг хоолойтой” гэлцэх нь ч бий?
-Ээж аавдаа хамгийн их эрхэлдэг охин байсан болохоор тэр биз. Би тэгж албаар хичээж ярьдаггүй. Үнэхээр хичээж ярьдаг байсан бол, үргэлж намуухан дуугарч чадахгүй шүү дээ. Төрөлхийн л ийм хоолойтой. Тэгээд ч би огцом уурлаж, орилж чарлах нь битгий хэл чанга дуугарч чаддаггүй. “Өдөн дэр”-ийг хөтлөгч болоход хоолойны минь өнгө илүү түлхэц болсон байх гэж боддог. Хүмүүс их хэлдэг л дээ. “Гоё хоолойтой, намуухан дуутай” гэж. Найзуудын маань дунд чанга дуутай хүн цөөнгүй бий. Зарим үед гэнэт аймаар чанга ярихаар нь их цочно оо. Ер нь эмэгтэй хүн зөөлөн, намуухан дуу хоолойтой байсан нь дээр.
-Бухимдахаараа яадаг вэ?
-Найзууддаа ярьж, стрессээ тайлдаг. Заримдаа бүр уйлна гээч. Хүнтэй зоригтойхон шиг хэрэлдэж чаддаггүй л дээ, дандаа ялагдана. Сэтгэл дотроо хэрэлдээд байна уу гэхээс биш, ил гаргаад хэлчихэж чадахгүй. Нүүрэн дээр нь шууд хэлчихдэг хүмүүс байдаг шүү дээ. Тиймэрхүү зүйл хэрэг болбол нүүрэмгий найзуудаа урдаа барьчихна. “Ингэсэн, тэгсэн” гэж гомдоллож байгаад л явуулчихна даа.
-Бодсон, санасанаа ил гаргаад хэлчихэж чадахгүй гэхээд бухимдлаа дотроо хадгалдаг байх нь. Гомдомхой хүний зан даа?
-Өө, аймаар гомдомхой. Гэхдээ гомдлоо гээд сүйд болдоггүй юм аа. Хайрын сэдэвтэй кино үзэх юм уу, дуу сонсохоороо уйлчихдаг. Их өрөвч хүн.
-Фитнесс, нэвтрүүлэг, сурталчилгаа гээд санхүүгийн тал дээр бүрэн биеэ дааж чадсан уу?
-Чадсан шүү. Санхүүгийн тал дээр нөхрийнхөө гарыг хардаггүй. Өөрийнхөө ажлаар маш их бахархдаг. Хүмүүс ажлаа тараад фитнессээр хичээллэдэг бол, би ажлаа хийнгээ эрүүл мэнддээ анхаарч байна. Харин багадаа нэвтрүүлэгч болохыг хүсдэг байсан ч хоолой минь тохироогүй. Гэхдээ нэвтрүүлэг хөтлөх болсондоо сэтгэл хангалуун байгаа.
-Фитнессийн зэрэгцээ ямар мэргэжил эзэмшсэн бэ?
-СУИС-ийн урлагийн менежмент, Удирдлагын академийн бизнесийн менежмент чиглэлээр суралцаж төгссөн. “Angels” нэртэй охидын бүжгийн хамтлагтай болсон. Чөлөөт цаг, гоо сайхандаа анхаарах боломж бүрдүүлэхийн тулд бүжгийн клуб нээх бодолтой байгаа. Заавал мэргэжлийн бүжигчин байх албагүй шүү дээ, бид.
Эх сурвалж: Р.МӨНГӨН www.secret.mn