МАХН-аас өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Хуралд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Г.Бямбасүрэн болон албаны бусад хүмүүс оролцов. Ийн хэвлэлийн бага хурал хийлгэсэн нь өнөөдөр МҮСТӨ-нд хийх гэж буй бага чуулганы хурлаа танилцуулах зорилготой аж. Уг хурал нь Улсын дээд шүүх МАХН-ыг бүртгэснээс хойш хийж байгаа анхны гэдэг утгаараа өмнөх хурлуудаасаа онцлогтой болох гэнэ. Энэхүү бага чуулганд нийт 200 төлөөлөгч оролцож Онц их хурлаас гаргасан тогтоол шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлснээ тайлагнаж, намын дүрэм, зохион байгуулалт, гишүүдийн ёс зүй, анхан дунд шатны байгууллагын дүрэм, намын хөтөлбөр зэргийг хэлэлцэх юм байна. Мөн энэ хурлаар МАХН-ын дэд дарга Ц.Шинэбаярыг албан тушаалаа өгөх болсон тухай ч хэлэлцэх гэнэ.
Ийн мэдээлэл хийсний дараа МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалаас сэтгүүлчид дараахь зүйлийг тодруулсан юм.
-Намын дэд даргын асуудал бага чуулганы хуралдаанаар албан ёсоор яригдах болов уу?
-Намын дэд даргыг намын дарга санал болгосноор сонгодог. Шинэбаяр даргын ажлаа өгөх тухай хоёр дарга зөвшилцөж байгаа. Хэн сонгогдох яах тухай хэлж мэдэхгүй байна. Ямартаа ч энэ асуудал бага чуулганаар ярина.
-Танай намын нарийн бичгийн дарга нар ажлаа өгөх тухай ярьж байна. Ямар учраас албан тушаалаа өгөх гэж байгаа юм бол?
-Бидний хувьд өнгөрсөн саруудыг “шалгарлынх” байлаа гэж хэлэхэд болохоор байсан. Тэдгээр хүмүүст үнэхээр ажил хийх зүрх зориг дутсан бол саналыг нь хүндэтгэж үзнэ. Албан ёсоор гарах тухай саналаа одоогоор нэг ч хүн ирүүлээгүй. Манай нам эх орон шударга ёсны төлөө хүсэл зоригоороо нэгдсэн. Тиймээс манайх нэг, хоёр хүнээр дутаж хотойдог нам биш. Мөн хэн нэгнийг хүчээр оруулж, мөн намаасаа хөөдөггүй. Тэгээд ч МАХН-ыг нэрээ авах тухай ярьж эхэлснээс хойш гадны хүмүүс манайд шургалж хагалан бутаргах ажлуудыг хийж байсан шүү дээ. Энэ ч тийм байх магадлалтай.
-Тэдгээр хүмүүс та бүхэнтэй зэрэгцээд хэвлэлийн бага хурал хийж байна. Яагаад гарах болсон шалтгааныг намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд бага ч гэсэн мэдэж байгаа байх?
-МАХН-ын онц их хурлыг хаяж гарсан хүмүүсийг бид Алтаншагайчууд гэж нэрлэдэг болсон. Уг нь С.Молор-Эрдэнэ, Ю.Атар, Өрнөхбаяр нарт итгэл хүлээлгэж МАХН-ын нарийн бичгийн даргын суудлыг өгсөн. Гэтэл тэр хүмүүс МАХН-ын төлөө хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Тиймээс тэдгээр хүмүүс юу бодож явдаг тухай сайн мэдэхгүй байна. Тэдгээр хүмүүсийн хувьд ерөнхий нарийн бичгийн даргатайгаа албан ёсоор ярилцсан зүйл байхгүй. Бидэнд мэдэгдэлгүйгээр ийм алхам хийсэн нь өөрсдийнхөө ямар хүн болохыг харуулж буй хэрэг.
-Танай намын дээд албан тушаалын хүмүүс чинь сайн дураараа суудлаа өгөхөө ээлж дараалан мэдэгдсээр байна. Энэ асуудал МАХН УИХ-д бүлэг байгуулах гэж байна гэсэн яриатай холбоотой юу. Мөн намынхаа дэд дарга, нарийн бичгийн даргын суудлыг МАН-аас урвасан гишүүнд нь өгнө гэж амласан юм уу?
-Бид хэн нэгнийг урвуулаад байдаггүй. Манай намаас аль дээр мэдэгдсэн. Бид шинэ нам, шинэ хүнийг бий болгоно гэж. Тэгэхээр итгэл үнэмшлээрээ манайд нэгдэж болно. Гарч болно. Хэрвээ нарийн бичгийн дарга нар маань бидэнтэй хамтран ажиллаж чадахгүй гэж үзэж байгаа бол хүсэлтийг нь хүлээж авна гэв.
Уг нь энэ хуралд МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Ц. Шинэбаяр нар ирэх ёстой байв. Гэтэл тэд хэвлэлийн хурал дуусан дуустал ирсэнгүй. Энэ тухай эх сурвалжаас тодруулахад “Нарийн бичгийн дарга нараа хэвлэлийн хурал зарлах болсныг мэдсэн учир намын удирдлагуудаас ийн нэг цагт хурал зарлаж хэвлэл мэдээллийнхний хүчийг сааруулах зорилго агуулсан гэж байв.
Харин ямар учраас нарийн бичгийн дарга нар нь суудлаа өгөх болсон бэ гэхээр С.Молор-Эрдэнийн хувьд Н.Энхбаяр, М. Энхсайхан нарын улс төр хийх арга барилтай эвлэрч чадахгүй байгаа учир сайн дураараа зайгаа тавьж өгч буй гэсэн яриа байна. Харин Ю.Атарын хувьд МАХН-ын үйл ажиллагаа, хурал цуглааныг дуу хураагч дээр хураан МАН-ынханд сонсгодог байсан гэх мэдээлэл ч мөн гарчээ. Түүнийг нь мэдсэн МАХН-ынхан эртхэн зайлуулах арга хэмжээ авч байгаа нь энэ бололтой. Мөн Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын баруун гар гэгддэг Өрнөхбаяр ямар хэрэг тарьж албан тушаалаа өгөх болсон нь одоогоор тодорхой бус байна.
Л.Мөнхтөр
No comments:
Post a Comment