-МАН-аас бүх ард түмний санал асуулга явуулах санал гаргалаа. Үүнээс өөр гарц алга уу?
-Хоёр намаас томилогдсон Сонгуулийн хуулийн ажлын хэсгүүд тохиролцоонд хүрч чадахгүй байгаа учраас ийм шийдэлд хүрсэн хэрэг. АН-ынхан пропорциональд суурилсан 26:50-ийг санал болгож “үүнээсээ хэзээ ч ухрахгүй” гэх зэрэг лут лут мэдэгдэл хийж байна. Манай намынхан мажоритарид суурилсан 52:24 гэсэн хувилбар дэвшүүлсэн. Юу юугүй л УИХ-ын гишүүнийг сонгогчдоос нь бүрмөсөн холдуулах нь өнөөгийн нөхцөлд тийм ч зөв биш. Сонгогчдын дасаагүй, нэгэн жигд ойлголт аваагүй тогтолцоонд үсрэнгүй шилжих нь оновчтой биш. Бид энэ байр суурь дээрээ ч баттай зогсч байгаа. Ингээд нэгдсэн ойлголцолд хүрэхгүй болохоор л ард нийтийн санал асуулга явуулъя гэж санал гаргасан. Миний хувьд энэ саналыг дэмжиж байгаа. Учир юу гэвэл төлөөллийн ардчилал нь мухардалд ороход шууд ардчилал мухардлаас гаргадаг учиртай юм.
-Нэгээс нөгөө тогтолцоонд огцом шилжихгүйн тулд л танай нам мажоритари давамгайлсан 52:24-ийг санал болгож байгаа хэрэг үү?
-52:24 бол шууд сонгох зарчим дээр суурилсан холимог тогтолцоо. УИХ-ын 52 гишүүнийг 52 тойргоос сонгогчид шууд сонгоно. Үүнийг мажоритари тогтолцоо гэж байгаа. Харин 24-ийг нь тухайн намаас нэр дэвшүүлсэн нэр дэвшигчдээс нэгийнх нь төлөө сонгогчид саналаа мөн шууд өгнө, дараа нь саналыг нэгтгээд, хамгийн олон санал авсан нэр дэвшигчээс эхлэн цуваагаар байр эзлүүлж дүнг гаргаад, аль намын нэр дэвшигч нийт сонгогчдын хэдэн хувийн саналыг авсан байна гэдгээр жагсааж 24 суудлаа хувь тэнцүүлэн хуваах зарчмыг пропорциональ тогтолцоо гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 52:24 нь мажоритарид суурилсан пропорциональ элемент бүхий холимог тогтолцоо. Энэ тогтолцоо парламентыг илүү мэргэшүүлэхийн зэрэгцээ, сонгогч олон түмэнтэйгээ байнгын харилцаанд байх зэрэг аль аль талын шаардлагыг хангаж байгаа. Ийм л байя гэдгийг л ард түмнээсээ асуух гээд байгаа юм.
-Ард нийтийн санал асуулгыг манай улсын түүхэнд ганц л удаа тусгаар тогтнолын асуудлаар 1945 онд явуулсан байдаг. Харин та бүхнийг хэтэрхий жижиг асуудлаар хөөцөлдлөө гэх шүүмжлэл байна?
-Нэгдүгээрт, сонгуулийн тогтолцоо улсын тусгаар тогтнолын асуудалтай маш холбоотой. Сонгуулиа гаднын захиалгаар явуулж, тэдний жороор сурталчилгаагаа хийгээд, санаанд нь нийцсэн дүн гарвал тусгаар тогтнолоо алдана. Хоёрдугаарт, 2008 оны долдугаар сарын 1-ний эмгэнэлт үйл явдалд хүргэсэн эзэд нь сонгуулиас боллоо гээд байгаа биз дээ. Тэгвэл долдугаар сарын 1-ний хэрэг жижиг асуудал уу. Үгүй шүү дээ. Тэгэхээр сонгуулийн асуудал яаж ч бодсон жижиг байж таарахгүй. Тэгээд ч энэ нь тогтолцооны, цаашилбал Үндсэн хуулийн хямралд хүргэвэл яана. Хэчнээн ч тэрбумаар хэмжээд баршгүй, нөхөгдөшгүй их хохирол амсана. Та нар бод доо. Монголын сонгуулийг будлиантай болоосой, энэ улсын тусгаар тогтнол дотроосоо эмзэг байдалд ороосой гэж хүсээд байгаа гаднын зохион байгуулалттай хүчин байхгүй гэж жигтэйхэн их найдаж байна уу. Үгүй шүү. Байх байхдаа сүүлийн үед их идэвхжих хандлага байгаа. Ирэх жилийн сонгууль хүртэл бүр ч ихэснэ. Бидний дотоод хэрэгт оролцох гэж мөн ч их оролдоно доо. Тийм учраас л ард түмнээсээ асууя, ард түмэнтэйгээ ярилцъя гэж байгаа нь яагаад “жижиг асуудал” болдог байна аа. Ямар Америкаас асууя гэсэн биш, Монголынхоо ард түмнээс л асууя гэсэн шүү дээ.
-Жижиг асуудал гэдгийг 26:50 уу, эсвэл 52:24 уу гэсэн хоёр тоо л асуух гээд байна гэдгээр харж хэлээд байх шиг байна л даа?
-Ямар тогтолцоог гол зарчмаа болгож сонгуулиа явуулах вэ гэдгийг л ард түмнээсээ асуух гэсэн юм. Түүнээс бус, 52:24 үү эсхүл 26:50 гэсэн тоо асуухгүй. Сонгуулийн тогтолцоогоо мажоритарит суурилах уу эсхүл хувь тэнцүүлэхэд суурилах уу гэдгээ л асуух юм. Мухардсан асуудлаа шууд ардчиллын замаар шийдье гэж байна. Шууд ардчилал бол төлөөллийн түвшинд байгаа хэт улс төржилтийг багасгадаг сайн талтай.
Ер нь улс орны амьдралд жижиг асуудал гэж байхгүй. Бүгд чухал ач холбогдолтой. Том асуудал бол олон жижиг асуудлын л нийлбэр. Сонгуулийн асуудлаар Шинэ-Зеланд, Канад, Итали, Англид бүх ард түмний болон мужийн санал асуулга явагдсан. Хамгийн сүүлд л гэхэд Англид явагдлаа. Швейцарьт гэхэд бараг бүх асуудлаа жишээлбэл, цэцэрлэгийн хуучин байшинг нураах уу, гэртээ буу хадгалахыг зөвшөөрөх үү, давхар орон сууцанд оройн 22 цагаас хойш бохирын усаа татахыг зөвшөөрөх үү гэх мэт асуудлаар хүртэл санал асуулга явуулж байсан. Үүнийг жижиг асуудал гэж дэлхий дахин шоолоогүй. Улстөрчид “би үргэлж ард түмнийхээ талд байна” гэх юм уу, “ард түмнээсээ асуугаад л шийдчихдэг байхгүй юу” гэж хэлдэг. Манай Монголын улстөрчид ч тэгж хэлдэг, харамсалтай нь хэрэгжүүлдэггүй. Гэхдээ тэгж хэлж байгаа нь өөрөө улс орны амьдралд жижиг асуудал гэж байхгүйг харуулж байгаа юм. Цаашид манай намын улс төрийн гол бодлогын нэг нь санал асуулга байх болов уу гэж би гишүүний хувьд боддог. Монголын ард түмэн гаднын хэн нэгний нөлөөгүйгээр асуудлаа өөрсдөө шийддэг байхад суралцах хэрэгтэй юм. Монголын тусгаар тогтнол, түүн дээр суурилсан Монголын ардчилалд энэ их хэрэгтэй дээ.
-Уг нь ард түмэн та бүхнийг, УИХ-ын гишүүдийг асуудлыг жижиг том гэлгүйгээр өөрсдөө шийд гэж сонгоо биз дээ?
-Бүх асуудлыг зарчмын дагуу, хуулийн хүрээнд шийд гэж сонгосон. Тэр үнэн. Харин шийдэж чадахгүй бол хааяа биднээс асуу гэсэн нь бас үнэн. Тэр нь ард нийтийн хууль ёсны санал асуулга байхгүй юу. Өөрийн хуультай. Санал асуулга бол аливаа ардчилсан улс оронд байдаг нийтлэг жишиг юм аа. Хэрэв бүх асуудлаа та нар л шийдээд яв гэсэн бол Ард нийтийн санал асуулгын тухай хууль гэж байх хэрэггүй шүү дээ. Гэтэл энэ хууль маань бүр Үндсэн хуулийн хэмжээнд зарчим нь тусгагдсан байдаг. Эрх зүйн онолд төлөөлөгчид шийдвэр гаргадаг ч ард түмэн шийддэг гэсэн номлол байдаг.
-Ард нийтийн санал асуулга явууллаа гэхэд томъёолол дээрээ санал нэгдэхгүй байгаа юм биш үү?
-”Та шинэчлэгдсэн СССР-ийн төлөө байна уу” гэдэг шиг юм байж таарахгүй л дээ. Иргэдэд ойлгомжтой байх тал дээр анхаарах хэрэгтэй юм. Бас хуулийн заалттай эд шүү дээ. УИХ дээр хэлэлцэж, хуулийн заалтын дагуу асуулгын асуултыг томъёолж гаргах байх.
-Таныхаар АН-ынхан яагаад дэмжихгүй байна вэ, танай намын саналыг..?
-Шуудхан хэлэхэд АН-ынхан сандарсан. УИХ-ын гишүүнээ шууд сонгоно, шууд сонгох нь давамгайлсан байх шаардлагатай гэсэн хариуг дэлхий нийтийн жишгээр ард түмэн өгчих байх гэдгээс тэд эмээсэн. Нэгэнт ард түмэн шийдчихвэл нэг хэсэгтээ өөр хэн ч шийдэж чадахгүй байдал бий болно гэдгээс тэд болгоомжилсон байх. Тэглээ гээд АН-ынхан өөр хэнээр шийдүүлэх гэсэн юм бол гэсэн бодол надад төрөөд байгаа. Ард түмнээ сонсоход юу нь буруу байнаа, ойлгомжгүй л асуудал. Эдийн засаг нь улам тэлээд, манай улс Швейцарь шиг болох зам руугаа орох тусам л ард түмнээрээ шийдүүлдэг “моод” улам дэлгэрэх учиртай юм.
-Асуудлыг дийлэнх олонхийн саналаар шийдэх тул санал асуулгыг хүчингүй болно, ирц бүрдэхгүй гэж АН-ынхан тайлбар хийж байгаа?
-Ирц бүрдэхгүй гэх асуудал байхгүй. Яагаад гэвэл асуудлыг дийлэнх олноор биш, ердийн олонхиор шийддэг хуулийн заалттай. Харин ийм чухал асуудалд иргэд идэвхтэй оролцоно. Ирц ч бүрдэнэ. Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 16-д “Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ” гэж заасан тул иргэд идэвхтэй оролцоно. Итали зэрэг оронд ирцийг гол хүчин зүйл болгодоггүй юм билээ.
-Сонгуулийн асуудалтай хамт Үндсэн хуулийн өөрчлөх тухай асууна, тэгээд өөрчилнө гэсэн нь танай намын саналыг дэмжигчдийг эргэлзээнд оруулж байх шиг байна . Тухайлбал та радиогоор УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх тухай ярьсан. Үндсэн хуулийн асуудлыг асуулгаар хөндөх үү?
-Ний нуугүй хэлэхэд 76 гэдэг тоо цөөдөөд байгаа юм. Судалгаагаар энэ 76-г анх хэрэглэсэн 1992 онд нэг гишүүнд хэдэн сонгогч ноогдож байсныг одоогийн хүн амын болон сонгогчийн тооны өсөлттэй харьцуулаад үзэхэд 102-104 гишүүнтэй байж болохоор байгаа юм. Ер нь хүн амын тоо удахгүй гурван сая гарлаа. Тэгээд дөрвөн саяд дөхлөө гэхэд 76-гаараа л байсаар байх уу. Нэмэгдүүлэх талаар ард түмэнтэйгээ яривал ойлгоно л доо. Ганцхан УИХ-ын гишүүдийн нэр хүнд ард түмний дунд жаахан тиймэрхүү байна. Янз бүрийн нэр хоч ч их авлаа. Уг нь парламент бол зөвхөн хуулиа тогтоодог, түүнийхээ хэрэгжилтэд хяналт тавьдаг байхад л болох юм л даа. Энэ олон томилгоо хийдгээ, Засгийн газрын гишүүнийг хавсран гүйцэтгэдэг байдал зэргээ болиод, Ерөнхий сайд нь парламентаа тараах эрхтэй болчихвол эдгээр нэр хочийг арилгаж болно. Нэр хоч их авнаа гэдэг бол олны үг ортой гэдгийн нотолгоо. Парламент 108 гишүүнтэй байхад л болно. Энэ нь Үндсэн хуулийн хэмжээнд шийдэх асуудал. Гэхдээ Үндсэн хуулийн асуулгыг сонгуулийн асуудалтай зэрэгцүүлж тавих нь зохимжгүй гэж манай намын бүлэг үзэж байгаа. Тийм учраас Үндсэн хуулийн санал асуулгаа бэлтгэж байгаад энэ ондоо юм уу, ирэх хавар, эсхүл ирэх жилийн УИХ-ын сонгуультай хамтад нь явуулж нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг дараагийн УИХ-даа үлдээвэл нийгмийн уур амьсгалд болон төр, ард түмний холбоог сайжруулахад их тустай. Ядаж л энэ УИХ муу нэрнээсээ салахад тустай. Нөгөө нэг арга нь энэ Их Хурал шууд баталчихаад дараа нь ард түмний санал асуулгаар шүүлгэж болно. Ийм практик байдаг л юм. Хэрвээ ард түмэн дэмжихгүй бол шууд хүчингүй болно гэсэн үг л дээ. Одоогийн нөхцөлд бол эхний хувилбар буюу Үндсэн хуулийн асуулгаа тусад нь дараа явуулсан нь дээр байх аа.
-Дараа тусад нь явууллаа гэхэд саяын таны ярьсан “парламентын илүү ачаа”-нуудыг Үндсэн хуулиар хорихыг санал асуулгад оруулах уу?
-Олон сонголттой санал асуулга гэж байдаг. Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээрээ шийдүүлэхгүй бол намууд тийм амархан ойлголцоно гэдэг хол л байх аа. УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүнээр давхар ажилладагийг больё, нэгдмэл улсын шинж чанараа баталгаажуулсан алхмуудыг хийе гэж гурван жил л ярилаа. Яаж байна, бахь байдгаараа л байна. Ард түмний зарим нь итгэл алдарч эхэллээ. Цөхрөөд байна шүү дээ. Уул уурхайн салбар дэлхий дахины анхаарлыг татаж байгаа эдийн засгийн энэ эгзэгтэй бөгөөд сонирхолтой үед төрийн тогтолцоо нь илүү зөв хуваарилагдсан, сайн засаглалыг бүрдүүлсэн байж гэмээнэ энэ бүхэн хүн бүрт тэгш бөгөөд хүртээмжтэй хүрсэн зөв бодлого болно. Одоо байгаа байдлаа хараад яана даа гэж бодогдох үе сүүлийн үед их гарах боллоо. Үүнтэй уялдуулаад “Ард нийтийн санал асуулгын тухай” болон бусад хуульдаа зарим нэг нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай. Түүнийг намар хийж болно.
-Ер нь гадаад орнуудад санал асуулгыг хэр их хэрэглэдэг юм бол оо?
-Бараг бүх оронд нийтийн болон бүс нутаг, мужийн иргэдийн санал асуулга явуулах эрх зүйн орчинтой. Энэ дотор Америк ч бий, Англи ч бий, жижиг орнууд ч бий, Швед, Финландад ч бий. Щвейцарь бол жилд 3-4 удаа бүх нийтийн санал асуулга явуулдаг. Асуулгын сэдэв асуултын хувьд хязгаар байхгүй. Үндсэн хуулийн асуудлаасаа эхлээд бүүр “жинхэнэ жижиг” гэмээр ч асуудал байж л байдаг. Жишээ нь, Австралид Үндсэн хуулиа бүх нийтийн санал асуулгаар батлаж байхад, Коста-Рикад Төв Америк болон АНУ, Доминикантай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах уу гэдгийг, Шведэд согтууруулах ундааг хориглох тухай бүх нийтийн санал асуулга явагдаж байсан жишээтэй. Чилид их дэлгүүр барих уу, Испанид НАТО-д гишүүнээр элсэх үү, Португалид үр хөндөлтийг зөвшөөрөх үү, Англид мөнгөн тэмдэгтээ еврогоор солих уу зэрэг асуудлаар санал асуулга явагдсан. Ер нь олондоо олон. Чилид их сонирхолтой санал асуулга явагдсан байдаг юм билээ. Чилид санал асуулгыг бүх нийтийн консултаци гэж нэрлэдэг. Пиночетийн дэглэмийг бүр НҮБ эсэргүүцээд байхад Чилийн ард түмэн нь санал асуулга явуулж 74 хувиар дэмжсэн санал өгсөн байдаг. 1980 онд дахин санал асуулга явуулж 68,5 хувиар Пиночетийн Засгийн газрыг 1989 он хүртэл ажиллуулахыг дэмжсэн байдаг. Исландад Англи, Голландад төлөх ёстой өрөө барагдуулах уу, үгүй юу гэж санал асуугаад төлөхгүй гэсэн шийдвэр гарч байсан жишээ ч бий. Ер нь нэлээн түгээмэл хэрэглэгддэг арга л даа.
-Одоо манай УИХ-ын гишүүдийн явуулах гээд байгаатай адил ч юм уу, Сонгуулийн хуулийн талаар явуулсан асуулга хэр олон байдаг вэ?
-Англид саяхан яг сонгуулийн асуудлаар санал асуулга явагдаж хүн амын олонхи нь шууд сонгох буюу мажоритари тогтолцоог дэмжсэн санал өгсөн байгаа. Хөдөлмөрийн нам нь санаачлан явуулсан санал асуулгад ийм дүн гарсан юм. Мөн 2007 онд Канадад бас ийм санал хураалт явагдсан байдаг. Сонгогч хоёр санал өгье. Нэг дэх санал нь нэр дэвшигчийн төлөө, хоёр дахь нь намын төлөө гэсэн хувилбар орсон. Гэтэл иргэдийнх нь 63,1 хувь нь намыг үгүйсгэж, нэр дэвшигчийг шууд сонгохын төлөө буюу мажоритари талд саналаа өгсөн байна лээ. Египетэд ч Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар саяхан санал хураалт болсон. Ер нь аль улсын иргэн, хэн бэ, ямар шашинтай вэ, хөрөнгө чинээ хэр вэ гэдгээсээ үл хамааран хүн гэдэг талаасаа шууд ардчиллыг илүү дэмждэг юм билээ энэ дэлхийд чинь. Тэгэхээр бид нэг их буруу зүйл яриагүй юм билээ. Гол нь хариуцлагатай байх явдал шүү дээ. Тэд шууд ардчилал бол төлөөллийн ардчиллыг улам боловсронгуй болгох хэрэгсэл гэж үздэг юм байна.
-Санал асуулга заавал биелэх ёстой юу?
-Санал асуулга бас ч үгүй олон төрөлтэй. Референдум, олон сонголттой референдум, плибицсайт, багц асуулт гэсэн төрлүүд байдаг л даа. Заавал болон нөхцөлт гэж ангилдаг ч бий. Мөн эрх зүйн хүчин чадлаар нь шууд биелэх хүчин чадалтай, зөвлөх хүчин чадалтай гэж ч хуваадаг. Эхнийх нь шууд бодлогод тусгалаа олоод, хэрэгжээд явах учиртай бол сүүлийнх нь ард түмний дундахь ерөнхий уур амьсгалыг тандах, судалгааны чиглэлтэй гэсэн утгатай юм. Манайх эхнийхийг буюу асуудлыг шууд шийдэгдсэнд тооцох хувилбарыг тусгасан хуультай.
Эх сурвалж "баабар дот эм эн" - ээс
No comments:
Post a Comment