УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очирыг “Ярилцах танхим”-даа урилаа.
-Тусгай хяналтын дэд хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Эрдэнийн гаргасан өргөдлийн талаар өнөөдөр /өчигдөр/ хэлэлцэх байсан. Хуралдаан яагаад хойшлов?
-С.Эрдэнэ гишүүн УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг өөрийг нь тагнасан гэх үндэслэл бүхий өргөдөл хүргүүлсэн. Харин Д.Дэмбэрэл дарга энэ асуудлыг Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцэхийг хүссэн учир манай хороонд түүний өргөдөл ирсэн юм. Энэ асуудлыг өчигдөр хэлэлцэх байсан ч Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан нэлээд сунжирсан учир “Тэргүүн шадар сайд Х.Алтанхуягийн ажил давхцсан” хэмээн хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн. Тиймээс хуралдааны цагийг дахин товлож, өнөөдөр хаалттайгаар хийх болов уу гэж бодож байна.
-Асуудлыг судалж үзсэний үндсэн дээр хуралдаан хийх тов гаргасан байх. Хуралдааныг ямар журмаар явуулах вэ?
-Хуралдаанаар ямар нэгэн шийд гаргах нь гол биш. С.Эрдэнэ гишүүн өргөдөл гаргасан. Тиймээс түүний бичсэн шиг асуудал болсон уу, үгүй юү гэдгийг л тодруулах юм. Тухайлбал, С.Эрдэнэ гишүүнийг тагнасан эсэхийг Н.Алтанхуяг даргаас асууна. Мэдээж хүн юм чинь алдаа гаргаж болно. Тухайн үед уурандаа хэлчихсэн байж болно шүү дээ. Хэрэв тийм байх аваас асуудлыг үүгээр дуусгана. Харин өргөдөлд бичсэний дагуу асуудал гаргасан гэвэл цаашид хэрхэх эсэхийг хуралдаанаар шийдэх байх.
-“АТГ-ын дарга Ч.Сангарагчаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцэж, АТГ-ын дараагийн даргыг томилох боломжийг бүрдүүлэх ёстой” гэсэн хүлээлт бий болоод байгаа. Энэ асуудлыг хэзээ хэлэлцэх вэ?
-Ч.Сангарагчаагийн асуудлыг тухайн үед нь Хууль зүйн байнгын хорооноос ирүүлсэн саналын дагуу Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцэж, шийдвэр гаргасан. Харин түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх нь Тусгай хяналтын дэд хороонд хамаагүй. Чуулганаар шийдэх асуудал.
-Ч.Сангарагчааг улс төрийн шийдвэрээр хорьсон гэдгийг салбарынх нь сайд хүлээн зөвшөөрсөн тухай Н.Энхбаяр “МАН-АН”-ийн төөрөгдлөөс гарахуй” нийтлэлдээ бичсэн байсан. Харин та үүнийг аль талаас нь харж байна вэ?
-Шүүхээс шийдвэр гаргачихсан тохиолдолд тайлбар хийх шаардлагагүй гэж үзэж байна. Хуулийн хүрээнд л асуудлыг шийдсэн байх. Харин Ч.Сангарагчаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг нэн даруй хэлэлцэх ёстой л доо. Дараагийн даргыг томилох асуудлыг Ерөнхийлөгч УИХ-д өргөн барьсны дараа чуулганаар хэлэлцэх ёстой. Энэ асуудал удаж байгааг гайхаж л байна. Анхан шатны шүүхээс буруутай гэсэн шийдвэр гарсан үед л дээрх асуудлыг хэлэлцэх ёстой байсан. Харин манайхан сүүлийн үед их сонин зүйл яриад байдаг болж. “Давж заалдсан шүү дээ” гэдэг болсон. Давж заалдана гэдэг чинь нотлуулах гэсэн л нэг оролдлого. Ч.Сангарагчаа дарга өөрийгөө хэлмэгдсэн гэж үзэж байгаа бол дараагийн шатанд энэ асуудлаа тавих ёстой. Харин арынх нь ажил бол ажил. Тиймээс асуудлыг нэг тийш шийдээд явах ёстой. АТГ-ын дараагийн удирдлагын асуудал ингэж удаашраад байвал хэлэлцэх санал тавина. Харин энэ асуудлаас сургамж аваад цаашид иймэрхүү асуудал дээр хууль хяналтын байгууллагууд ингэх байсан, тэгэх байсан гэж маргаан гаргах ёсгүй. Ийм маргаан гарах үндэслэлийг таслан зогсоох хэрэгтэй. Үүний тулд улс төрийн албан тушаалтны томилгоог хийж, бодлогод нь нөлөөлөх гэж оролддогоо болих нь зөв. Үүнийг л хамгийн түрүүнд хийх хэрэгтэй.
-Ардын намын залуу гишүүд ахмад гишүүдтэйгээ сүүлийн үед нэлээд маргалдах болсон. Үүнээс болоод сонгуульд нэр дэвших залуучуудыг тодорхой квоттой болгох тухай яриа гараад байгаа. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Ямар ч хүн би төрийн түвшний ажил хийж чадна гэдгээ нотолж, намын шалгуурыг хангасан тохиолдолд намаас сонгуульд нэр дэвшүүлдэг. Тиймээс тэр хүний залуу, хөгшин нь үүнд хамаагүй. Харин “Бидэнд төдөн ширхэг залуу хүн, эмэгтэй хүн хэрэгтэй байна” гээд ширхэглээд эхэлбэл хамгийн болохгүй асуудал юм л даа. Гэхдээ Ардын намын залуу гишүүд ахмад гишүүдтэйгээ сөргөөцөлдөөд байна гэж боддоггүй. Харин хууль хэлэлцэж байгаа түвшинд хуульч хүмүүс хоорондоо их маргалддаг юм уу даа гэсэн бодол төрөх болсон шүү. Маргаан бол байх ёстой зүйл шүү дээ. Маргалдахгүйгээр үнэнийг тогтоох их хэцүү байдаг. Маргалдахгүйгээр бүх асуудлыг шийдчихдэг бол уучлаарай гэж хэлмээр байна. Ямар инкубаторын амьдрал биш дээ. Би л хувьдаа тэжээвэр амьтан шиг амьдарч болохгүй гэж үздэг. Хүн үнэнийг эрэлхийлж ч юм уу, ойлгохгүй байгаа зүйлээ асууж байх ёстой. Харин асуусных нь төлөө илүү оймс элээсэн гэдэг утгаараа зааж, зөвлөж байхын оронд сүр үзүүлэн далайлгаж болохгүй л гэж боддог.
-Тэгэхээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Н.Энхбаяр хоёрын хооронд үүссэн болон төр, иргэний нийгмийн байгууллагуудын дундах маргаан байх ёстой зүйлийн л нэг байх нь ээ?
-Ний нуугүй хэлэхэд, 1994-1995 оноос хойш улс төрд байсан бидний ах нар гэж дууддаг хүмүүс бүгд л цугтаа байсан шүү дээ. Тэд ийнхүү хоорондоо маргаж байгаа нь бидэнд сургамж болох байх. Ямар байсныг нь бид харж байсан. Одоо ямар байгааг нь ч харж л байна шүү дээ. Гэхдээ ийм маргааны эцсийн зогсоол нь хаана хүрэх вэ гэдэг нь дээр ярьсан маргаанаас өөр асуудал. Дээрх хоёр хүн хэн нь шударга болохоо үзэж байгаа юм уу. Тэгвэл тэднийг тухайн үед зөв зүйл хийсэн гэж хэлнэ гэж түүхэнд байхгүй. Хэнийх нь буруу байсныг үзэх гэж үхэн хатан зүтгэнэ гэдэг их л сонин байдаг юм. Эцсийг нь хүртэл үзнэ гэдэг аль аль талдаа сайн зүйл авчирч байгаагүй. Маргааныг төгсгөх нь бүү хэл олон хүнийг татан оролцуулж байна гэдэг нэр нь холбогдож буй хүн болгонд муугаар нөлөөлнө. Уг нь эр хүний жудаг гэж байдаг даа. “За, үүнээс хойш хуучнаа дурсахаа больё” гээд гар барих гэх мэт. Харин тэгж чадахгүй бол аль аль нь л муугаа үзэх байх даа.
-Таныг Н.Энхбаярын талд зогсдог гэлцдэг. Таны үзэл бодол хэвээрээ юү?
-Би ер нь ядарч, зүдэрч байгаа хүмүүсийг л дэмждэг. Тухайн үед түүнийг их харааж зүхээд, муулаад байхаар нь “Зүгээр байсан хүнийг яах нь вэ дээ” гэж хэлж байсан. Н.Энхбаяр гэдэг хүнийг бүх хүн мэднэ. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, МАХН-ын хариуцлагатай бүх албан тушаалыг хашиж, төрийн болон намын бүх шатлалыг гүйцээсэн хүн шүү дээ. Энэ хүн тийм муу байсан гэвэл хүмүүс итгэх үү. Би лав итгэхгүй. Тэр бүх шалгуурыг туулж байхдаа хэчнээн хүмүүстэй харьцаж байсан бол. Тэр хүмүүс нь долигонож байсан юм уу. Үгүй байх гэж боддог. Тиймээс би өнөөдөр Н.Энхбаяр гэдэг хүнийг шүүх эрх байхгүй. Би хорин хэдэн настайгаасаа л Н.Энхбаярыг таньдаг, мэддэг байсан. Тиймээс ч би хүнийх нь хувьд тэр хүнтэй хэзээд харьцана. Харин улс төрийн хүрээний хувьд би түрүүнд хэлсэн. Төгсгөлгүй зүйл рүү орох нь дэмий юм шиг санагддаг.
-Та нэгэнтээ “МАХН гэдэг товчлолыг МАХН-ын түр штабынханд өгчихвөл яасан юм бэ” гэдэг саналыг гаргаж байсан. Харин өнөөдөр МАХН нэрийг хэрхэх эсэхийг Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэнэ. Ямар шийд гараасай гэж хүлээж байна вэ?
-Үндсэн хуульд зааснаар иргэд эвлэлдэн нэгдэж, нам байгуулах эрхтэй. Тэгэхэд бид өнөөдөр МАХН гэдэг нэрийг авна, өгөхгүй гээд хоёр талцчихсан байгаа нь инээдтэй зүйл. Салбар хууль нь болохгүй байгаа тохиолдолд Үндсэн хуулиа баримталдаг зарчим бий. Тиймээс МАХН гэдэг нэрийг өгөх ёстой болов уу гэж боддог. Ардын намынхан үүнээс айх асуудал байхгүй шүү дээ.
-Гэтэл бодит байдал дээр айгаад л ийм асуудал үүсгээд байгаа юм биш үү?
-Харин тийм. Тиймээс айж байгаа хүмүүс байвал айхаа болиоч ээ л гэж хэлмээр байна. Юунаасаа айгаад байгаа юм бэ. Ардын нам өнөөдөр Монгол Улсын төлөө хийж байгаа зүйл байна уу. Байна. Монгол Ардын нам гэдэг нам түүхтэйгээ үлдсэн үү. Тийм. Харин түүхээ цаашид хэрхэн үргэлжлүүлэн бичих вэ гэдэг асуулт л биднийг хүлээж байна. Энэ алхмыг л зөв хийх хэрэгтэй.
-Ардын намын удирдлагууд намаа шүүмжилсэн гишүүддээ сануулга өгдөг гэсэн. Шүүмжлэлтэй хандсан гишүүд нь “Эсэргүү” гэх мэтээр нэрлүүлээд амжсан. Танд ямар нэгэн сануулга ирэх юм уу?
-Би зусланд гарчихсан байгаа болохоор зурагт үзэхгүй байгаа. Мөн Төрийн ордноос гарсан тохиолдолд утсаа салгаад сурчихсан. Сонин захиалахаа больчихсон. Тэгэхээр гишүүдийг яадаг, ямар нэр хочтой болсныг бараг мэдэхгүй. Надад бол ямар нэгэн сануулга ирж байгаагүй. Нөгөө талаар ингэж байх нь ямар нэгэн нөлөөнд автахгүйгээр ажлаа хийх өвөрмөц арга барил болж байна.
-“Хамтарсан Засгийн газраас Ардчилсан нам гарах цаг болсон” гэж та хэлж байсан. Харин одоо юу гэж бодож байна вэ?
-Тухайн үед би тэгэх л ёстой юм шиг байна гэж бодож, хэлж байсан. Харин одоо бол энэ байр сууриндаа бат итгэлтэй болсон. Ингэх болсон шалтгааны нэн тэргүүнийх нь гэвэл Ардчилсан намаас томилсон Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхээс болсон. Би Л.Гансүх сайдад “Та чемоданаа бэлтгэх цаг болсон шүү. Таны асуудлыг хэлэлцэнэ” гэдгийг хэлчихсэн байгаа.
-Ямар шалтгаанаар тэр вэ?
-Булган аймгийн нутаг дэвсгэрт “Орхон говь” гэж төсөл хэрэгжих ёстой байсан. Энэ нь Орхон голыг боомт барьж хаагаад усан сан бий болгож, Оюутолгой, Тавантолгойн орд болон говийн бүсийн ордуудын үйлдвэрийн усан хангамжийг хийх төсөл байсан. Тиймээс би тухайн үед энэ төслийг дэмжсэн. Гэтэл нэг ч алхам урагшлалгүйгээр хоёр жил болчихлоо. Тиймээс би Туркийн Элчин сайдаас уг төсөл ямар шатандаа явж байна вэ гэдгийг лавлаж, албан тоот илгээсэн. Харин миний авсан албан бус мэдээгээр энэ төсөл хэрэгжих боломжгүй болж байх шиг байна. Л.Гансүх сайд Оюутолгойн гэрээг батлахаар хэлэлцэж байх үед “Орхон говь” төслийг хэрэгжүүлж усны хангамжийн асуудлыг нь шийднэ” гэж тайлбарлаж байсан. Харин өнөөдөр болж бүтсэн зүйл юу ч алга. Тэгэхээр Оюутолгойн гэрээ ноцтой асуудалд орж байна гэсэн үг. Тиймээс Ерөнхий сайдад эхлээд асуулга тавина. Дараа нь Л.Гансүх сайдын асуудлыг хөндөнө.
-Ярилцсанд баярлалаа.
Р.САРАНГОО
No comments:
Post a Comment