УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй арайхийн ярилцлаа. Арайхийн гэсний учир нь түүнийг 2008 онд УИХ-ын гишүүн болсон цагаас эхлээд л “Хоёулаа нэг ярилцана даа” гэж явсаар гурван жил өнгөрчээ. Гэхдээ энэ бол миний овсгоо муутайнх биш ээ. Харин Х.Тэмүүжин гишүүний овсгоо сайтайгаас болсон хэрэг. Тэрбээр хэзээ ч ам хуурай байдаггүй. Дайралдсан сурвалжлагчдаа л ярилцлага өгчихнө. Энэ төрд болж бүтэхгүй юм байгаа цагт түүний амыг түгжих тухай санахын ч хэрэггүй гэдгийг ойлгосон. Учир нь тэр зөвхөн өөрийгөө хичээж үгэндээ харам сүрхий хүний дүр эсгэх гэж оролдсонгүй. Тиймээс УИХ-ын гишүүд дотроос сэтгүүлчдэд хамгийн их ярилцлага өгсөн нь магадгүй тэр байх. Гэхдээ Х.Тэмүүжинг УИХ-ын гишүүн байтугай Ардчилсан намд элсээгүй байхаас нь үзэл бодлын хувьд ижилсэж нөхөрлөсний хувьд түүний яриа ямагт шинэ санагддаг билээ. Ингээд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Ярилцах танхим” –ын зочноор уригдлаа.
-Хаврын чуулган Сонгуулийн хуулиа шинэчилж чадалгүй завсарлах нь. Тэгэхээр сонгуулийн ямар хуулиар 2012 оны сонгууль явагдах бол гэдэг анхаарал татаж байна. 2008 оныхоо хуулиар уу?
-Мэдээж УИХ Сонгуулийн тухай хуулиа баталж чадахгүй бол 2008 онд хэрэгжсэн томсгосон мажоритари хувилбар хүчинтэй байгаа учраас түүгээрээ явах байх. Гэхдээ хаврын чуулган завсарлаж байгаа хэдий ч цаана нь бас намрын чуулган үлдэж байна. Сонгууль явагдахаас зургаан сарын өмнө Сонгуулийн хууль батлагдсан байх ёстой. Тэгэхээр цаг байна гэсэн үг.
-Өнөөдөр долоодугаар сарын 1. 2008 оны долоодугаар сарын 1-нийг монголчууд хэзээ ч мартахгүй биз. Гэтэл 2008 оныхоо сонгуулийн хуулийг бариад л 2012 онд явж орчих хэрэг үү. Аймаар биш үү?
-Долоодугаар сарын 1-ний хэрэг юунаас болж үүссэн нь тодорхой байгаа. Сонгуулиас болсон. Яагаад сонгуулиас болсон гэхээр сонгууль шударга бус явагдсан гэж ярьж байгаа. Шударга бус гэдэг нь юуг хэлж байгаа вэ гэхээр “сонгуулийн луйвар” гэж хариулдаг. Тэгээд сонгогчдын нэрсийн жагсаалт, саналын хуудас тоолох явцад л луйвар орсон болохоор сонгууль шударга болохгүй байна гэж үздэг. Гэхдээ энэ хоёрыг хичнээн будилуулаад ердөө л 5-7 хувийг нь л луйварддаг юм.
-10 хувь ч хүрэхгүй гэж үү?
-Тиймээ, хүрэхгүй. Гэтэл нийт сонгуулийн дүнгийн 40 хувийг будилуулдаг зүйл бол хүн амын тооллого. Аль 1989 онд байна уу даа, (Би яг оныг нь сайн санахгүй байна) тоолсон хүн амын тоон дээр үндэслэсэн тойргийн систем үйлчилсээр байгаа юм. Энэ системийг өөрчлөөгүй цагт санал гээгдэх, санал нэмэх механизм үйлчилсээр байх болно. Өнгөрсөн 20 жилд шилжилт хөдөлгөөн зөндөө хийгдсэн байгаа. Гэхдээ нэг сонирхолтой зүйл байна. УИХ дээр шийдвэр гаргаж байгаа процессийг ажиглаарай. Ардаа 60 мянган хүний эрх ашгийг төлөөлж байгаа нэг гишүүний саналыг зургаан мянган хүнийг тус тусдаа төлөөлж буй зургаан гишүүн нийлээд л байхгүй болгож байгаа юм. Хүн амынх нь тал нь 20 суудлын төлөөлөлтэй байхад үлдсэн хэсэг нь 56 суудлын төлөөлөлтэй байна. Энэ зарчмаас болоод л 2008 оны сонгуулийн дараа бухимдал үүссэн. Бухимдал хаана үүсэв гэхээр Улаанбаатар хотод. Аргагүй шүү дээ. Өөрсдийнх нь өгсөн санал ямар ч өөрчлөлт авчирахгүй болохоор бухимдаж байгаа юм. Хэрвээ үүнийг өөрчилье гэвэл нэгдүгээрт, мажоритари хувилбараар явуулна гэж тогтвол тойргоо дахин хуваарилах, эсвэл тойргийн ямар нэгэн хил хязгаар тавьдаггүйгээр нь пропорциональ хэлбэрийг сонгох хэрэгтэй. Ийм л хоёр сонголт бий.
-Хүн амын шинэчилсэн бүртгэл явагдсан болохоор одоо тойргийн дахин хуваарилалт хийхэд саадгүй биш үү?
-Тойргийн дахин хуваарилалт хийхэд хуучнаар нь ялаад сурчихсан Ху нам гэх үү Ардын нам гэх үү нэр нь ойлгомжгүй тэр намынхан зөвшөөрөхгүй. Харин тэдний зөвшөөрч болох хувилбар нь юу байсан гэхээр пропорциональ хэлбэр оруулаад 50:26 гэсэн хувилбар эхлээд ярьсан шүү дээ. Гэхдээ үүнийгээ МАХН гэдэг нэртэй байхдаа оруулж ирсэн хувилбар. Харамсалтай нь одоо энэ хувилбараасаа буцчихлаа.
-Одоо Ардын нам 52:24 гэсэн хувилбар яриад байгаа байх аа?
-24:52. Пропорциональ нь 24, мажоритари нь 52 гээд байгаа юм. Хэрвээ 76 жижиг мажоритари болдоггүй юм бол ядаж 52 мажоритари байя л гээд байгаа байхгүй юу. Тойрог жижиг байх тусмаа, орон нутгаасаа хэт хамааралтай болж, жалга довны үзэл арилдаггүй. Нөгөөтэйгүүр мөнгө их хүчтэй нөлөөлдөг. Хэрвээ Ардын намынхны хүсэж байгаагаар одоо байгаа 26 тойргоо дундуур нь хэрчээд 52 болгон хуваах юм бол 2008 оны сонгуулиас ч ухарсан алхам болно. Үүнийг л Ардын нам хүсээд байна. Жижиг мажоритари байх тусмаа мөнгө хүчтэй үйлчилнэ, сонгогчдыг хянахад амар болно. Тийм болохоор ялахад амар гэж бодоод байна.
-Олон түмний дургүйцлийг сөрөн байж хамтарсан Засгийн газар байгуулсны учир бол яаралтай нэг тийш нь болгох учиртай хэдэн том асуудлуудыг шийдэхийн тулд ийм алхам хийсэн гэж бодож байгаа. Гэтэл хамгийн чухал Сонгуулийн хууль дээрээ гацаанд орлоо. Одоо л зөвшилцлийн үр дүн гарах ёстой биш үү?
-Анх зөвшилцөж, хамтарсан Засгийн газар байгуулахдаа 10 том зорилго тавьсан юм билээ. Түүнээс дөрвөн зүйл нь л хагас дутуу биелсэн байх. Үлдсэн зургаа нь огт байхгүй.
-Ямар дөрөв нь биелсэн гэж… Тэгээд бас хагас дутуу шүү?
-Уул уурхайтай холбоотой томоохон шийдвэрүүд. Оюутолгой, Тавантолгой, тэндээс олж буй мөнгийг иргэдэд хувьцаа болон бэлэн хэлбэрээр тараах, ажлын байр бий болгож амьжиргааны төвшинг дээшлүүлэх чиглэлээр хийгдэх ажлууд багтаж байгаа юм. Нэгэнт уул уурхайн том төслүүд хөдөлсөн болохоор ажлын байр нэмэгдэж тэр жишгээрээ амьжиргааны төвшин ч дээшлэх ёстой гэж ярьж байгаа. Яахав одоогоор том том тоонууд л нисээд байгаа болохоос иргэдийн гар дээр тавигдаж амьдралд мэдэгдсэн зүйл байхгүй байгаа болохоор хагас дутуу гэж хэлэхэд болно. Тэднээс бусад нь тухайлбал, төрийн албаны шинэтгэл, сонгуулийн хууль, Засаг захиргааны шинэтгэл гээд юу ч хийгдсэнгүй. Өнөөх л 360 сумтайгаа, төрийн албаныхан бахь байдгаараа, сонгуулийн хууль ч хэвээрээ л байна. Монголын ард түмэнд хэрэгтэй, амьжиргааг дээшлүүлэх, үрэлгэн байдлаас гаргах, авлигаас ангижрах зэрэг ажлууд нь орхигдоод мөнгөтэй, эрх мэдэлд дуртай хүмүүсийг албан тушаалд томилох зэрэг ажил нь бол сайн хийгдэж байна л даа. Хамтарсан Засгийн газар хамтарсан байдлаа ашиглаж чадахгүй байна гэж л харагдаж байна.
-Хаврын чуулган Сонгуулийн хуулиа шийдэж чадалгүй завсарлаж байна. Өдөр хоног нь ч долоодугаар сарын 1-нд тохиолоо. Дөрвөн жилийн өмнө энэ л сонгуулийн тогтолцооноос болж бухимдсан хүмүүс 2012 онд дахиад л энэ тогтолцоогоор санал өгч магадгүй байна. Бухимдал дээд цэгтээ хүрэх юм биш байгаа?
-Магадгүй юм. Учир нь ямар ч өөрчлөлтийн салхи үлээсэнгүй. Сонгууль дөхөх тусам хүмүүс хөдөлгөөнд орж энэ хуулиа яаралтай засахын төлөө байх болов уу гэж бодсон чинь эндүүрчээ. Сонгууль ойртох тусам УИХ-д сууж байгаа хүмүүс “яаж дахин сонгогдох вэ” л гэж боддог юм байна. Сонгуулийн дараахан улс эх орон энэ тэр гээд яриад байсан хүмүүс өөрчлөгдөж байна. Хувь хүний амбиц, эрх ашиг хөндөгдөж эхэлж байгаа байхгүй юу. Бүтэн гурван жил, за одоо бараг дөрөв дэх жилдээ орж байна даа. Энэ хооронд 500-гаас нэг тэрбум төгрөг тойрогтоо тараачихсан хүмүүс сонгуулийн хуулийг өөрчлөх дургүй байгаа. Өөрсдийгөө найдвартай сонгогдоно гэж бодоод болж өгвөл сонгуулийн хуулийн шинэчлэлд саад хийх санаа агуулаад байгаа. Ялангуяа Ардын намынхан иймэрхүү бодолтой байх юм. Болж өгвөл жижиг мажоритари хэвээр нь үлдээчих гээд байна. За энэ бол нэгдүгээр зүйл. Хоёрдугаарт, Ардын намын залуус гэсэн хүчтэй бүлэглэл үүслээ. Тэдгээр залуус ямар хүмүүсээр эгнээгээ өргөтгөсөн бэ гэхээр уул уурхайн баялгаар хармайгаа дүүргэчихсэн өв залгамжлагчдыг татаад оруулчихсан.
-Бага хуралд нь шинээр орсон гишүүдийг хэлж байна уу?
-Тиймээ, тэд бага хурлын гишүүн болцгоосон. Тэд мөнгө тараадаг сонгуулийн механизмыг хүсэж байна. Уул уурхайгаас олсон мөнгөөрөө л санал худалдаж авах нь тэдэнд амар бололтой. Ингэхийн тулд ерөөсөө л жижиг мажоритари хувилбар руу намаа чирлээ. Шийдвэрийг нь өөрчлүүлж дөнгөлөө. Уг нь МАХН бишээ МАХН нэртэй байхдаа…
-Намын нэрийг нь андуураад байна уу даа…?
-Андуураад байна, харин (инээв)… Одоо энэ Ардын нам МАХН гэдэг нэртэй байхдаа гаргасан шийдвэрээ сая өөрчиллөө. Яагаад өөрчлөв гэхээр тэр мөнгөтэй хэсэг нь УИХ-д орж ирэхийн тулд анх гаргасан саналыг нь хүртэл өөрчлүүлж чадаж байна.
Тэгэхээр тэд эрх мэдэлтэй болчихсон, намаа хүссэн зүг рүүгээ удирдаж чаддаг болчихож. Энэ юуг нотолж байна гэхээр Ардын намын дарга Сү.Батболд гэдэг хүн намаа захирч чадахаа байсныг л харуулж байгаа юм. Саналаа хагалж “Ийм байна, тийм байна” гэж ярьж ч чадахгүй байна шүү дээ.
-Тэр Засгийн газар дээр саналаа багцалж чадаж байгаа болов уу?
-Түвэгтэй байх шиг байна.
-Ардын намыг анхныхаа тохиролцооноос буцааж, намын даргаа эвгүй байдалд ортол түрж байгаа тэр бүлэг бол УИХ-д ч байхгүй, Засгийн газарт ч байхгүй хэсэг, тийм үү?
-Өнөөдөр ярианы гол сэдэв энэ л байна. Ард түмнээс сонгогдоогүй, тэдний төлөөлөл биш зөвхөн мөнгөтэй хүмүүс УИХ-ыг удирдаж эхэллээ. Тэд УИХ-аар дуртай шийдвэрээ гаргуулдаг болох нь.
-Тиймээ, яагаад гэвэл тэд мөнгөтэй…?
-Тийм, мөнгөтэй хэсэг. Гэтэл УИХ-д ард түмний төлөөлөл болж сонгогдсон гишүүд ямар ч эрх мэдэлгүй болчихож. Гишүүдийг тэд санхүүжүүлдэг. Бас дарга нарыг ч тэд мөнгөөр тэтгэдэг. Хууль тогтоох эрх мэдлийг сонгуулиар олж аваагүй байж УИХ-ын гишүүдэд шахалт үзүүлэх замаар хүссэнээ хийлгэж байна. Бас нөгөө талаас нь бодож үзвэл УИХ-д байгаа хэсгийн далд сонирхлыг ч тэд өдөөж өгсөн. Ийм үзэл бодлуудын нийлбэрээс болоод Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх дургүй болж өгвөл жижиг мажоритари руу зүтгүүлж байгаа юм. Тэгэхээр Ардчилсан намаас болж УИХ гацаагүй. Харин Ардын намын Удирдах зөвлөлөөс болж гацаж байна гэвэл илүү оновчтой.
-Үгүй ээ, би бол Урдирдах зөвлөл биш Бага хурал дахь мөнгөтэй бацаануудаас болж гацлаа гэж хэлмээр санагдаад байгаа юм?
-Бага хурлаас нь ч бай ямар ч байсан гацлаа. Ардын намын санал болгож байгаа хувилбар бол мөнгөтэй хэсгийг улс төрд оруулж ирэх гэсэн тэдний лобби төдий юм. Тэд ийм л хүмүүсийг өвөртөө тээж явна. Нэгэнт хэвлий дотроо тээчихсэн үр могойгоо яаж ч чадахаа болиод улс орныхоо алсыг харсан бодлого дээр гох дэгээ тавьж байна.
-Ардын намын бараг дөрөв дэх үе одоо солигдох гэж байна. Эд мөнгөтэй амбицтай бөгөөд яахаас ч буцахгүй “зоримог” гэдгээрээ урд үеэсээ ялгаатай. Энэ талаар юу хэлмээр байна вэ?
-Яахав, үе солигдох нь зөв. Процессийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Миний харж байгаагаар тэд улс төрийн тодорхой үзэл бодолгүй, нийтлэг эрх ашгийн төлөө энэ улс орныг яаж авч явах талаар ойлголтгүй. Тэдэнд юу байна гэхээр маш том амбиц, маш том мөнгө л байна. Амбиц нь юу гэхээр хууль цоорхой ихтэй байсан үед уул уурхайгаас олж авсан мөнгөөрөө одоо улс төрийг худалдаж аваад өөрсдийн бизнесийг монополь болгож чадах юм байна гэсэн л хүсэл эрмэлзэлтэй болчихсон байгаа. Өмнө нь улстөрчдийг худалдаж авдаг байсан бол одоо нэг гишүүнийг биш төрийн институцыг бүхэлд нь худалдаж авч болно гээд бодчихсон байна. “Шинэ орос” гэдэг шиг “Шинэ монголчууд” улс төр рүү тэмүүлж байгаа хэрэг. Энэ бол уул уурхайн хөөсрөлийн араас Монголын төрд орж ирж буй Голланд өвчний нэг хэлбэр. Шинэ мөнгөтэй, шинэ хүмүүс төрд орж ирэх нь.
-Тэгэхээр Ардчилсан нам хэнтэй хамтарч ажиллаж байгаа нь харагдаж байгаа юм. Нам доторх үзэл бодол саналын зөрүүг хагалж чаддаггүй Ерөнхий сайдын танхимын тогтвортой байдлыг хангаад сууж байгааг ойлгож байгаа биз дээ. Асуудлыг жинхэнэ шийддэг нь гадаа байгаа. Тэгэхээр ийм Засгийн газрын хэрэг байна уу?
-Одоо Ардчилсан нам асуудлыг тавих гэж байна. Мэдээж шууд Ерөнхий сайдад хаяглах нь зүйтэй. Танай нам гурван жилийн өмнө манай намтай хамтарч Засгийн газар байгуулахдаа ард түмний өмнө амласан амлалтдаа хэвээрээ байгаа юу. УИХ-д сонгогдоогүй хэсгийнхээ шахалтад орсоор байх уу. Хэрвээ орсоор байх юм бол ийм Ерөнхий сайдтай ажиллах шаардлага алга гэдгийг ярих хэрэгтэй. Мэдээж үүний ард хамтарсан Засгийн газрын тухай яригдах л байх. Өмнө нь С.Баяр бүхнийг хагалаад араасаа жагсааж чаддаг, зорьсноо хийдэг байсан бол Сү.Батболд өөрийгөө хаана явааг ч мэдэхгүй байна. Ер нь бол тодорхой гишүүдээс Сү.Батболдтой холбоотой асуудал хөндөгдөх байх аа.
No comments:
Post a Comment