Sunday, 6 October 2013

О.Чулуунбат: Энэ бол хамгийн сайн хууль



-Мөнгөтэй, бизнестэй хүмүүсээ үзэн яддаг, гарыг нь мушгидгаа болих хэрэгтэй-

Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбаттай ярилцлаа. Тэрээр УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийн ажлын хэсгийг ахалж байгаа юм.


-Хөрөнгө оруулалтын тухай хууль хэлэлцүүлэгт орж ирснээс хойш сөрөг хүчний зүгээс нэлээд эсэргүүцэл, шүүмжлэл дагуулж байх шиг байна. Хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт хэн хэн орж ажилласан юм бэ. Нөгөө л улстөрчид нь ажилласан юм уу, эсвэл эдийн засагчид, шинжээчдийг оролцуулав уу?
-Хөрөнгө оруулалтыг тогтворжуулах тухай хууль УИХ-д өргөн баригдаад эхний долоо хоногтоо л хэлэлцэгдлээ л дээ. Хэлэлцүүлгийг харахад намуудын байр суурь бүгд ижилхэндүү байгаа. Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинг тогтворжуулах, таатай болгох ёстой, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад тогтвортой, тууштай зохицуулалт хийх ёстой гэсэн байр сууриас гишүүд хандаж байгаа. Мэдээж ямарваа асуудал шүүмжлэл дагуулна. Гэхдээ шүүмжлэл нь одоо яригдаж байгаа хуулийн төсөлтэй холбоотой биш. Харин эдийн засаг, санхүү, нийгмийн байдалд өгөх үнэлгээ, яагаад ийм байдалд хүрэв, хэн хариуцах ёстой юм гэдэг дээр гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ бол байх ёстой шүүмжлэл.

Ажлын хэсэг бараг өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сараас эхэлж ажилласан, ажлын хэсгийг би ахалсан. Д.Зоригт гишүүн тангараг өргөөгүй байхдаа энэ төсөл дээр их идэвхитэй ажилласан. Засгийн газрын олон яам, агентлагаас төлөөлөл орж, хуулийн компаниудтай хамтарч ажилласан. Сайдын түвшинд бид 3-4 удаа хэлэлцсэн. Хуулийн төсөл эхний байдлаараа өнгөрөгч хоёрдугаар сар гэхэд бэлэн болчихсон байсан. Түүнээс хойш санаа оноо оруулсаар байгаад сая есдүгээр сард УИХ-д өргөн барилаа.

-Одоо хүчингүй болгох гэж байгаа Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг өнгөрсөн оны тавдугаар сард УИХ баталсан. Гэтэл дараачийн парламент дөнгөж байгуулагдаад өөр хуулийн төсөл дээр ажиллаж эхэлсэн байдаг. Их ойрхон хугацаатай шал өөр агуулгатай хоёр хууль УИХ-д орж ирсэн байна. Эдийн засагт хүндрэл учирсан учраас маневр хийж байгаа хэрэг үү? Эсвэл эрх барьж байгаа намуудын бодлогоос хамаарч хөрөнгө оруулагчдад хандах хандлага өөрчлөгдөөд байна уу?   

-Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль 2012 оны тавдугаар сард УИХ-аар батлагдсан. Их яаруу, хурдан шийдэгдсэн л дээ. Уг нь бол нийтээрээ нэлээд сайн ярилцаж байж шийдэх ёстой байсан. Ялангуяа гишүүдийн олонхи нь байнгын хороо, ажлын хэсэг, чуулган дээр байхгүй байсантай холбогдоод их хурдан гарчихсан. Би өөрөө тэр үед УИХ-д байсан учраас сайн санаж байна. Энэ хууль хөрөнгө оруулалтын ерөнхий орчиндоо их нөлөөлсөн. Түүнээс гадна манай Засгийн газраас ийм том том компаниуд, “Чалко”, “Рио Тинто”-той хийж байгаа хэлэлцээрийн явц ч бас гадаадын хөрөнгө оруулалтад муугаар нөлөөлсөн. Бид энэ хэлэлцээрийг хийхдээ яаж хийх вэ, ямар өнцгөөс харж, хэнийгээ шүүмжлэх ёстой вэ гэдгээ бодолцох л ёстой.

Жишээ нь “Рио”-той хийсэн хэлэлцээр бол ганцхан өдөр гараад ирчихсэн асуудал биш шүү дээ. Урьд нь УИХ-аар хэлэлцээд шийдвэр нь гарчихсан. Дараа нь Засгийн газар дээр шийдвэр гарсан, хэлэлцээр хийх сайд нар нь томилогдсон. Тэд нь хэлэлцээрээ хийгээд гэрээндээ гарын үсэг зурсан байгаа. Тийм ураас бид иймэрхүү асуудлыг эхлээд дотооддоо ярих ёстой. Хэлэлцээр хийсэн хүмүүсээсээ сайн асуух ёстой, тэд ч гэсэн нийгэмдээ мэдээллээ сайн, дэлгэрэнгүй өгсөн байх ёстой. Шүүмжлэлтэй юм байвал эхлээд дотооддоо ярих ёстой. Буруу байвал буруутнаа хайх ёстой. Манай эрх ашгийг хамгаалахаар хүн хэлэлцээр хийсэн юм байгаа биз дээ. Нөгөө талаас ч гэсэн манайхаас аль болох их ашиг олох гэсэн том команд ирж Засгийн газартай хэлэлцээр хийсэн байгаа шүү дээ. Тэд үүргээ биелүүлсэн, манайхан ч үүргээ биелүүлсэн. Ийм л нөхцөл байдалтай бид сонгуулийн дараа учирсан шүү дээ. Тийм учраас бид эхлээд дотроо учраа ололцох ёстой. Дотроо эхлээд буруутгалаа олоогүй байж гадаадынхныг шууд буруутгаад эхлэхээр дэлхийн эн том зах зээл чинь биднийг буруугаар ойлгоно.

-Одоо ч гэсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэлэлцүүлгийг харж байхад гадныхнаас айсан, буруутгасан үзэл байсаар л байгаа юм биш үү?
-Энэ бол аль нэг салбарыг зохицуулж байгаа хууль биш. Ерөнхийдөө хөрөнгө оруулалтыг бүхэлд нь зохицуулж байгаа хууль. Хөрөнгө оруулалт нь уул уурхайд ч, эрчим хүчний салбарт ч, дэд бүтцэд ч байж болно. Гадаадын ч, дотоодын ч хөрөнгө оруулалт байж болно.

-Уул уурхайн салбартай холбоотой тусгайлсан заалт хуульд байхгүй юу?
-Байхгүй.

-Өмнө хөрөнгө оруулалтын том төсөл дээр Засгийн газар хэлэлцээр хийдэг, салбар хариуцсан сайд нь их үүрэгтэй оролцдог, УИХ эрхийг нь өгдөг байсан шүү дээ. Үүнээсээ болоод бөөн маргаан үүсдэг, хардлага дагуулдаг, улс төрждөг. Оюутолгойн гэрээгээр жишээлэхэд. Хууль батлагдсаны дараа энэ байдал давтагдах уу?
-Давтагдахгүй. Ийм л байдлыг цааш нь давтагдуулахгүйн тулд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хийж байгаа юм. Хуучин бол “Бороо гоулд”-аас авахуулаад тогтвортой байдлын гэрээ хийсэн хэдхэн төслүүдийг бид мэдэж байгаа. Дандаа сайд нь хэлэлцээр хийдэг, тэр хэлэлцээр нь ил тод биш, нууцгай байдалд болдог, тэрнээс нь үүдээд нийгэмд хардалт сэжиг төрдөг. Сайд нар чинь буруу хийчихлээ, аягүй бол авлига авчихлаа гэсэн үл ойлголцох байдал нийгэмд бий болоод байна шүү дээ. Оюутолгой дээр ч мөн адилхан. Тэгэхээр үүнийг нь хуулиар зохицуулчихья. Хэн нэгэн сайд очоод өөртөө ашигтай байдлаар хэлэлцээр хийгээд байх боломжийг нь үгүй болгож байгаа юм. Нэгэнт хуулиараа бүгдийг зохицуулчих юм бол энэ хуулийн шаардлагын дагуу том хөрөнгө оруулсан хэн ч байсан тогтвортой байдлын гэрээ хийчихлээ гэсэн үг.

-Том хөрөнгө оруулалт гэдгийг юугаар хэмжих юм бэ? Хуулийн төсөлд бол 15 тэрбум гэж оруулсан байх шиг байна лээ. Энэ тоо ч бас маргаан дагуулаад байгаа?
-Төсөлд бол 15 тэрбумаар явж байгаа. Гишүүд янз янзаар л вариант гаргаж байна. Тавин тэрбум, 100 тэрбумаас дээш байж болох юм гэх мэтчилэн. УИХ-ын гишүүд ярьж хэлэлцэж байгаад шийдэх байх. Гэхдээ дүн нь чухал биш. Ямар ч хэмжээгээр тогтоолоо гэсэн хөрөнгө оруулалтад хуулийн орчин тогтвортой байх нь л чухал. Ямарваа компани, иргэн, хөрөнгө оруулагч манайд хөрөнгө оруулах юм бол өнөөдрийн энэ татварын хууль, тарифийн хууль, хөнгөлөлт, торгуулийн зохицуулалт тогтвортой үйлчилнэ ээ л гэсэн үг.

-Татварын дээд хэмжээ жишээ нь 10 хувь байгаа шүү дээ?

-Тийм. Өнөөдрийн хуулийн зохицуулалт жишээ нь боловсрол, эмнэлгийн салбарт хөрөнгө орууллаа гэхэд эхний таван жилдээ татвараас чөлөөлөхөөр байгаа бол тэрийг нь энэ хуулиар тогтворжуулж өгч байгаа. Өөр хуулийн зохицуулалт орж ирэхгүй ээ л гэсэн үг.

-Гэхдээ хуулийн энэ тогтворжилт 15 тэрбумаас доош хөрөнгө оруулалт хийсэн компанид үйлчлэхгүй гэсэн үг үү?
-Тийм. Ер нь 15 тэрбумаас доош хөрөнгө оруулалттай жижиг төслүүдэд бол нэг их тогтвортой байдлын гэрээ шаардагдаад байдаггүй. Өнөөдрийн зохицуулагдаж байгаа хуулиараа яваад байхад ашигтай байхаар байгаа.

-Одоо байгаа байгаа компаниудад энэ хууль үйлчлэх үү, эсвэл шинээр орж ирж байгаа хөрөнгө оруулалтад хамаарах юм уу? Сөрөг хүчний зүгээс болохоор “хэдхэн том компаниудаа л өөгшүүлэх гэж байна” гэж шүүмжлээд байгаа шүү дээ?
-Хэрэв том хөрөнгө оруулагч бол өөгшүүлье л дээ, яагаад болохгүй гэж. Ер нь бид гадаад, дотоодын гэлтгүй мөнгөтэй хөрөнгөтэй, том бизнес хийж байгаа хүмүүсээ ад үздэг, тэднийгээ шахдаг, гарыг нь мушгидаг байдлаа л халах хэрэгтэй. Монголчууд энэ байдлаасаа болоод бие биенийхээ бүх бизнесийг шатааж байна шүү дээ. Бие биенийгээ үгүйсгэж байна. Америк, европ гээд соёлтой ертөнцийг хар л даа. Мөнгөтэй улсууд нь том бизнесээ хийгээд л явж байна шүү дээ. Тэд мөнгөтэй байлаа гээд биднээс илүү хэрэглээд байгаа юм байхгүй шүү дээ. Хүний хэрэглээ угаасаа хязгаартай. Дэлхийн хамгийн том баян Билл Гейтс гэхэд мөнгө нь л том, менежмент хийж байгаа бизнес нь л том болохоос биш өдөр тутмын амьдралынх нь хэв маяг бол жирийн америкчуудаас ялгарах юм байдаггүй шүү дээ. Пиццагаа идээд, колагаа уугаад, нэг байшинтай, нэг орон дээр унтаад, нэг машинаа унаад л явж байдаг шүү дээ. Манай бизнесийнхэн ч гэсэн ялгаагүй. Харин ч төсвийн хөрөнгөн дээр сууж байгаа дарга нараас илүү хэмнэлттэй амьдардаг юм байна лээ. Төсөв хариуцаж байгаа яам, тамгын дарга нар харин илүү тансаг байдаг байхгүй юу. Яагаад гэвэл өөрийнх нь мөнгө биш учраас. Яг бизнесээ хийж байгаа хүмүүсийн эдэлж хэрэглэж байгаа, гадаад дотоодод явахдаа бууж байгаа зочид буудал нь энгийн иргэдтэй л адил байдаг шүү дээ.

-Хуулиийн төсөлд заасан шиг 15 тэрбум төгрөөс илүү хөрөнгө оруулалт хийсэн компаниудын тоо гэхэд яг хэд байна вэ? Энэ тоог хэлэхгүй байгаа нь бас “Та нар яг хэдэн компанид зориулж хууль гаргаад байна аа?” гэдэг хардлагыг үүсгээд байх...?

-Яг 15 тэрбум гээд тогтчихоогүй, дээш доошоо гүйж болно гэж тооцсон учраас компаниудын тоог гаргаагүй байна л даа. Гэхдээ энэ тоог манайхаас гаргаж өгнө, удахгүй.

-Энэ хуулийн цаана яг хэдэн компани байна вэ? 100 компанид зориулсан уу, 50 компанид зориулсан уу гэдэг хар яваад байгаа?
-Энэ бол Монголд зориулсан хууль, хэн нэгэнд биш. Хэрэв ийм хууль гаргаад хөрөнгө оруулалтыг тогтворжуулчих юм  бол Монголд л их хөрөнгө оруулалт орно. Тэрний цаана олон хүн ажилтай, орлоготой болно. Тэгэхгүй манайхан болохоор хамгийн түрүүнд хардахаа л бодоод байна. Энэ ер нь Доржид зориулагдав уу, Дондогт зориулав уу гээд. Доржид ч, Дондогт ч зориулагдаг л дээ. Илүү их ашиг, өгөөж авах нь Монгол Улс л байхгүй юу. Жишээ нь “Оюутолгой” одоо Монголын хамгийн том ажил олгогч болсон. Сүүлийн хоёр жилийн турш монголчуудад сар болгон 20-25 сая ам.долларын цалин олгоод явсан. Монголын 500-600 компанитай гэрээ зурчихсан яваа. Ийм том төслүүдийг дагаж л жижиг дунд бизнес явна шүү дээ. Магадгүй хоёр, гурван жилийн өмнө ажилчдынхаа бээлийг Хятадаас авдаг байсан байх. Одоо бол Монголын үйлдвэрүүд л оёж байгаа. Төсөл болгоныг татвар төлж байгаа, үгүйгээр нь хэмжинэ гэдэг хамгийн буруу. Төлөхгүй байсан ч Монголд ашигтай. 10 мянган монголчуудад цалин өгч байна гэдэг чинь л маш сайн үзүүлэлт байхгүй юу. Засгийн газар чадахгүй шүү дээ. Дээр нь баялаг үйлдвэрлээд экспортод гаргаж байгаа, Монголын валютын орлогыг нэмэгдүүлж байгаа төсөл. Татвар луу харах нь нэг их чухал биш. Татвар бол төсөв захирагч нар, дарга нарт л хэрэгтэй. Татвар сайн байх юм бол дарга нар түүнийг эргүүлж хуваарилдаг, манай практикаар бол тендерээсээ мөнгө саадаг. Тийм учраас манайд татвар их өндөр байх шаардлагагүй. Хамгийн гол нь олон монголчуудад цалин төлдөг, олон монгол компанитай гэрээтэй ажиллаж байвал тэр төсөл сайн ажиллаж байна гэсэн үг. Түүнээс биш төслийн нийт үр ашгийн тухай ярих бол болоогүй. Эхний тав, арван жилдээ дандаа л алдагдалтай ажиллана. 

-Энэ хуулийн төсөлд зааснаар хөрөнгө оруулалтыг батлахад төрийн оролцоо байна уу?
-Байхгүй. Төрийн оролцоог аль болох бага байхаар зааж өгсөн.

-Сайд гэрчилгээ олгоно гээд заачихсан байх шиг байсан. Тэр ямар хэрэгтэй юм бэ? Улсын бүртгэлд бүртгүүлээд л хуулийн дагуу ажиллахад болох юм биш үү?
-Хөрөнгө оруулалтынхаа шалгуурыг хангасан компани аудитаар батлуулаад гэрчилгээ авах л асуудал. Түүнээс биш сайд эрх олгох тухай асуудал байхгүй. Таван төгрөгийн юм оруулж ирээд 50 төгрөгөөр оруулж ирсэн гэж хуурах боломж өнөөдөр байхгүй шүү дээ. Нэг үеэ бодоход төрийн байгууллагуудын боловсон хүчин харьцангуй гайгүй болчихсон, дээрээс нь гадаад, дотоодын нэр хүндтэй аудитын компанийг уриад аудитаа хийлгэчихэж болж байна. 

-Гэхдээ намрын чуулган ердөө хоёрхон долоо хоногийн дараа эхэлнэ. Тийм байхад ээлжит бус чуулган зарлах ямар шаардлага байсан юм бэ? Магадгүй Хөрөнгө оруулалтын тухай хуулийг намрын чуулганаар хэлэлцэгдэх ёстой Татварын хуулийн өмнө оруулж батлах шаардлага байсан юм болов уу?
-Үгүй, түүндээ гол биш. Монголын төр засаг хөрөнгө оруулалтын орчинг тогтворжуулахад тусгайлан, онцгойлон анхаарал тавьж байна гэдэг мессеж дэлхийн зах зээл рүү явах хэрэгтэй биз дээ. Тэр үүднээсээ ээлжит бус чуулган зарласан юм. Тийм биш бол 2-3-хан долоо хоногийн дараа намрын чуулганаар оруулаад хэлэлцчихэж болно л доо. Гэтэл дэлхийн энэ том зах зээл, том мөнгө биднийг юу гэж харж байна гэхээр “Монголчууд энэ асуудалд онцгойлон анхаарч байна. Монголд хөрөнгө оруулахад итгэл төрж байна” гэж хараад эхэлчихлээ. Ийм л сэтгэл төрүүлэхэд чиглэсэн арга хэмжээ шүү дээ. Үүний ч үр дүнд гадаадын хөрөнгийн биржүүд дээр байгаа Монголын хувьцааны ханш долоо хоногийн дотор буцчихлаа. Сүүлийн жилд бид Монголын нийт төслүүдийн гадаад дахь хөрөнгийн нийлбэр 30 тэрбум байсныг 5-6-хан тэрбум болтол унагаж чадсан шүү дээ. Бид өөрсдийнхөө үнэлгээг л унагаад байгаа байхгүй юу. Бидний цалин 1000 ам.доллар байсан бол 180 ам.доллар болтлоо өөрсдийнхөө үнэлгээг унагаж байна гэсэн үг. Одоо харин 200, 250 руу орох боломж харагдаж байна. Энэ л бидэнд хэрэгтэй. Түүнээс биш улс төр хийгээд, өөрсдийгөө унагаад байвал хөгжихгүй. Ер нь Монголын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн зохицуулж, ямар ааш авир гаргаж байна гэдгийг дэлхий нийт их анхааралтай харж байна шүү дээ.

-Хуулинд өөрчлөлт оруулах хязгаарыг УИХ-ын нийт гишүүдийн 2/3-оор гэж хийж өгсөн байгаа. Үүнийг их өндөр байна, ямар санаатай тэгэв, хэрвээ энэ хууль муу гарвал засч залруулж болшгүй юм болох нь ээ гэж болгоомжлох хүмүүс бас байсан?
-Энэ бол маш ерөнхий хууль. Монголд юм бүтээдэг хүний үйл ажиллагааг л тогтвортой зохицуулья гэсэн хууль. Дарга нарын эрх мэдлийг тогтворжуулах тухай биш. Ийм сайн зүйлийг 100 жилээр ч тогтвортой байлгаж болно. Энэ бол маш сайн хууль. Одоо бол манай төр засгийн ааш авир дөрөв дөрвөн жилд өөрчлөгдөөд байна шүү дээ. Гэнэтхэн маргааш өглөө “лагерийн байшингуудыг тусгай хамгаалалттай газар барьсан байна, бүгдийг нь нураа” гэсэнтэй л адилхан байхгүй юу. Хөрөнгө оруулагчдад бол яг л ийм байдлаар тусч байгаа. Бүтээн байгуулалт дээрээ бие биенийгээ шатаадаг, хорлодог энэ байдлыг л зогсоох гэсэн арга хэмжээ байхгүй юу.   
Б.СЭМҮҮН

No comments:

Post a Comment