Sunday, 6 October 2013

Зайсангийн унаган иргэдийг хамгаална



ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Тусгай хамгаалалттай газрыг иргэдэд өгөх нэрээр хэдэн олигархуудын гар хөл болж, захиалгаар ажиллаж байна. Энэ Ц.Оюунгэрэл хэн гэгч олигархийн захиалгаар Зайсанг тусгай хамгаалалтаас гаргаад байна гэх хардлагад тайлбар хийх үү?
-Та хардах эрхтэй. Би тайлбарлах үүрэгтэй. Би Зайсангаас сонгогдсон гишүүн. Иргэдтэйгээ уулзах гээд очихоор иргэд маань өөдөөс гол асуудлаа тавьдаг. Сонгуульд өрсөлдөж байх үед ч тэр, дараа нь ч тэр иргэдийн тавьдаг гол зүйл нь “Бид орон гэртээ амьдарч чадахаа болилоо. Гэр орноос маань өдөр шөнөгүй хөөж байна. Улаан шугамтай мэдэгдлүүдэд дарагдлаа. Дурын нэг байцаагч ирээд гэрээс минь зайл гэж хөөж байна. Бид чинь хаашаа зайлах юм бэ” гэж зовлонгоо ярьдаг. Энэ 600 гаруй айлын зургийг хар даа. /хашаа байшин, гэртэй айлуудын зургийн цуглуулга үзүүлэв/ Энэ зураг дээрх айлуудыг харвал навсгар навсгар хашаатай, пөөдийсэн гэр байшинд амьдарч байгаа хүмүүс чамд олигархи шиг харагдаж байна уу. Ийм л иргэд бидэнд хандсан юм. Бид бүх айлын газарт очиж зургийг нь авч зурагжуулсан. Бүгд энэ байсан газартаа үе удмаараа амьдарч байгаад, сүүлдээ амьдрах аргагүйгээр хөөгдөж байгаа хүмүүс. Та орон байрандаа амьдрах эрхийг нь хангаж өгөөч. Бид гэртээ амьдрах эрхтэйгээ үлдмээр байна. Гэр орноосоо хөөгдөхгүй байх эрхийг минь олж өгөөч гэж байна.

-Хөөх шалтгаан нь?
-Эргэн тойронд нь ийм хүмүүст газар өгчихсөн байгаа юм. /Найм, есөн давхар барилгын зураг үзүүлэв/ Хар даа. Ийм том том байшингуудад бол газрыг нь өгчихсөн байгаа. Үүнийг авахдаа аялал жуулчлалын зориулалтаар авсан гэж байгаа. Энэ томуудын эздэд газрыг нь өгчхөөд хажууд нь байгаа энэ хэдэн хуучин иргэдийг нь зайлцгаа гэж байна. Ингэж хөөхдөө “Та тусгай хамгаалалттай газар нутагт амьдраад байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тарифаар газрын төлбөр төлөхгүй бол газраа чөлөөл” гэж байна. Ингэж хөөгдсөн иргэд сонгосон гишүүндээ хандахгүй өөр хэнд хандах юм бэ.

-Ер нь ийм асуудлыг яаж шийддэг юм бэ?
-Бусад тусгай хамгаалалттай газар нутагт амьдарч байгаа иргэдийн асуудлыг яаж шийддэг юм бэ гэдгийг нь судаллаа. Монголд урьд нь ийм байдалд орж байсан хүмүүс байсан. Жишээ нь, Хөвсгөл нуурын дэргэд байх Хатгал, Ханхын иргэдэд адил асуудал тулгарч байж. Тэд нарыг “Та нар тусгай хамгаалалттай газар нутагт амьдарч байгаа учраас эндээс явах ёстой” гэж хөөсөн. Хажууд нь аялал жуулчлалын баазуудад газар өгнө гээд хотоос очсон баян эздэд газар өгсөн. Ингээд нутгийн иргэдийг зайлуулахаар улаан канттай мэдэгдэх хуудсыг өгч эхэлсэн. Тухайн үед Ц.Сэдванчиг гишүүнд нутгийн иргэд нь хандаад “бид өвөг дээдсээс уламжилж ирсэн газартаа амьдрах эрхгүй болоод байна” гэж гомдол гаргасан. Ингээд “тухайн нутгийг тусгай хамгаалалтад авахаас өмнө үе удмаараа амьдран суусан иргэд өөрийн газартаа амьдран суух эрхтэй. Иймд амьдарч буй хэсэг газрыг нь тусгай хамгаалалтаас чөлөөлье” гэх шийд гарч УИХ-аас тогтоол гаргаж өгсөн. Бидний хувьд яг тийм тогтоолыг л Зайсангийн цөөхөн хэдэн айлуудад гаргаад өгчихье гэж хөөцөлдөж, тогтоолын төсөл өргөн барихаар болсон юм. Үүнд ямар нэг шунахайн сэдэл, луйврын санаа, ашиг хөөсөн зүйл үнэндээ байхгүй.

-Энэ асуудлыг хэзээнээс хөндсөн юм?
-Иргэдэд өнгөрсөн намрын хүйтэнд өнөө улаан канттай мэдэгдлүүд нь оччихсон, “Маргааш гэхэд газраа чөлөөлөхгүй торгоно, хариуцлага хүлээлгэнэ” гэсэн байсан. Ийм мэдэгдэл аваад бухимдсан улс тойргоос нь сонгогдсон Л.Болд гишүүн бид хоёрыг дуудаж,"Маргааш гэхэд бид орон гэргүй болох нь" гэдгээ тайлбарласан. Ингээд иргэдийн уулзалтад нь очиход “Яагаад өвөө, аавынхаа төрсөн гэрт амьдрах эрхгүй болчхов. Бидний төлөө ямар нэг зүйл хийгээч” гэж хүсэлт тавьсан. Эхний ээлжинд өмгөөлөгч авч үр удмаараа амьдарч ирсэн гэрээсээ юу юугүй хөөгдчихгүй юм байна гэх эрхийг нь өмгөөллийн үр дүнд олж авсан. Ингэж орон гэртээ түр амьдрах эрхээ олж авсан иргэдийн цаашдын амьдрах баталгааны асуудлыг хөндөхөөс өөр аргагүй байсан. Иргэдийнхээ эрхийг баталгаажуулах үүднээс УИХ-ын гишүүнийхээ хувьд тойргийн сонгогчдын тулгамдаж буй хамгийн хурц асуудлыг шийдэх гэж тогтоолын төсөл өргөн барихаар болсон нь энэ. УИХ-аар тогтоолын төслийг хэлэлцэх үеэр энэ бүх зураг, баримтуудыг бүх гишүүдэд тараана. Тогтоолд хамрагдсан бүх айлын зураг бий. Хардаж буй хүмүүс ч очоод нэг бүрчлэн үзэг.

-Тогтоолд хамрагдах энэ айлууд бүгдээрээ тусгай хамгаалалтад орохоос өмнө амьдарч байсан гэсэн үг үү?
-Түүхийг нь яривал, 1940-өөд онд Монголд аж үйлдвэржүүлэлт өрнөхөөр болж, ажилчны район байгуулж ажилчдад газар өгч. Хөдөө орон нутгаас авчирсан хүмүүсээ ажилчин болгож хотод суурьшуулах гэж өгсөн газар нь тэр. Улаанбаатар хотыг байгуулсан, замыг нь тавьсан, шавыг тавьсан хүмүүсийн л үр сад нь өнөөдөр хөөгдөөд байгаа юм.

-Гол нь энэ тогтоолын үйлчлэх хүрээнд өнөө өмнө дурдаж байсан өндөр өндөр барилгын газар, том объект, том хөрөнгөтэй хүмүүсийн газар хамаарах уу гэдэг л асуудал байна?
-Огт үгүй. Энэ тогтоолд Зайсангийн хорооны унаган бүртгэлтэй иргэдийн хашааны газар нь л хамаарч байгаа. Шинээр барилгажиж орж ирсэн улсын газрыг огтхон ч оруулаагүй. Унаган иргэд өөрсдийгөө бүртгэлжүүлж, хороо нь ч бүртгэсэн бүртгэл бий. Энэ хоёр бүртгэлд зөрөө гарсан учир нэг бүрчлэн газар дээр нь очиж зургийг нь авч, кординатаар нь нарийвчлан баталгаажуулсан. Шинээр газар авч ирсэн хүмүүсийн хувьд нэг см-ийг ч оруулаагүй. Айл айлын газраар цоолборлон газрыг нь өгнө гэж оруулсан кадастрын нарийвчилсан зургийн дагуу л явна. Зөвхөн энэ нарийвчилсан зургийг гаргаж, кординатыг тодруулах гэж Л.Болд гишүүн бид хоёрын ажлын алба хагас жил ажилласан. Энэ зургийг хар даа. Зайсангийн барилгажсан хэсгүүд бүгд ороогүй байгаа биз дээ. Нэг ч орон сууцны газрыг чөлөөлөх гээгүй байгаа биз дээ.

-Энэ асуудал ойлгомжтой. Зайсангийн газрын асуудлаас өмнө МИАТ-ын асуудлаар байр сууриа илэрхийлээд бас буруудчих шиг болсон?
-Байр сууриа илэрхийлэх нь хүний эрхийн асуудал. Байр сууриа илэрхийлснээр хэн ч буруудах ёсгүй. Хүний эрхийн байр суурь олон байх тусмаа шүүхийн эрүүл шийд гарахад нөлөөлөх ёстой.

-Харин ч шүүгчид нөлөөлөх нь хориотой юм биш үү?
-Би шүүгч рүү хандаж “Та энэ хүнд, ийм ял өг. Ийм ял өгч болохгүй” гэж хэлээгүй шүү дээ. Би нэг ч шүүгч рүү утасдаагүй. Бүр ямар ч шүүгч хэргийг нь шийдэж байгааг мэдэхгүй. Харин МИАТ-ын тухай хэвлэлээр бичиж байгаа бүхнийг нөлөөлөл гэж үзэх юм бол нөгөө талынх нь нөлөөлөл хүчтэй байгаа юм биш үү. Ц.Орхон, Р.Бат-Эрдэнэ гэдэг хүнийг шүүмжилсэн мэдээлэл мянга байгаа бол өмгөөлсөн нь ганцхан миний хэлсэн зүйл дээр өмгөөлөгчийнх нь хэлсэнтэй нийлээд хоёр л болж байгаа биз. Миний хэлсэн зүйл гэвэл өмгөөлж болох баримтыг л хэлсэн. Миний хэлсэн зүйл гэвэл “Ц.Орхон гэдэг хүн Дайны эрсдлийн даатгалыг хүчингүй болгочихсон юм байна. МИАТ-д хохирол учруулж байсан зүйлийг тасалчихсан юм байна.Үүнийг л хэлсэн”

-Х.Тэмүүжин сайдтай энэ сэдвээр ярилцав уу?
-Үгүй ээ. Тэгээд ч бид хоёр тааралдангуутаа маргалдаад байдаг хоёр биш шүү дээ. Сэтгүүлч та нарыг асуухаар л хариулдаг хүмүүс. Сэтгүүлч Х.Тэмүүжингээс асуухад нь хариулж, би одоо чамайг асууж байгаад нь хариулж байна. Миний хувьд 14 жил хүний эрхийн чиглэлээр ажиллаж, өмгөөлөл хийж байна. Мөнгөтэй мөнгөгүй, эрх мэдэлтэй, үгүй олон хүнийг л өмгөөлж явсан. Шүүх нэг талыг барьж, цаазын ял сонсчхоод дээд шүүх дээр оччихсон хүнийг өмгөөлсний хүчинд тэр хүмүүс өнөөдөр амьд мэнд явцгааж л байна. Би гэхдээ хэн нэгнийг өмгөөллөө гээд ганц төгрөг ч авч байгаагүй. Анхны маань өмгөөлсөн хүн гэвэл баатар Э.Бат-Үүл байдаг. Тухайн үеийн хууль зүйн сайд Ц.Нямдорж сайдад бичиг явуулж, өмгөөлөл хийж байлаа. Би хэргийн оролцогч нь хэн байна гэдгийг хардаггүй, харин фактийг нь л хардаг. Өмгөөлж болохуйц баримт байгааг нь хараад л хэлснийхээ төлөө хэн ч буруудах ёсгүй.

-Монголын Зохиолчид их хурлаа хийхэд нь зориулж ССАЖ-ын яамнаас 82 сая төгрөг өгч. Гэтэл өнөөх нөхөд нь бараг талыг нь “хусчихсан” байж болох тухай баримтыг нюьс.мн гаргаж тавьсныг та харсан уу. Иргэдийн шүүмжлэл мөнгө идэж уусан тухай, бас яагаад яам иймэрхүү зүйлд мөнгө гаргаж өгдөг юм гэдэгт байна. Зувчуулсан нь нотлогдвол яамны зүгээс яах вэ?
-Тийм ээ, харсан. Шалгуулна. Идэж уусан бол буцааж төлүүлнэ. Яаманд ийм журам ч бий. Бид Соёл урлагийн сангаас соёлын үйл ажиллагааг дэмжиж мөнгө олгодог. Кино, театрын уран бүтээлийг дэмждэг. Соёлын арга хэмжээнүүдийг дэмжиж мөнгө олгодог. Зохиолчид гэдэг соёлын салбарт онцгой үүрэгтэй хүмүүс. Гоё кино хиймээр байна, солонгос кино олширлоо, Монгол киноны тоог нэмэгдүүлье, жүжгийн чанарыг сайжруул гэдэг. Үүний тулд сайн зохиол хэрэгтэй. Хүнийг хүн болгодог, салбарт сайн бүтээл нийлүүлэхийн тулд сайн зохиолчидтой л байх хэрэгтэй. Тэр утгаараа зохиолчид хурлаа хийе гээд өргөдлөө бариад ирэхээр нь “энэ хүмүүс хоорондоо холбогдож, ирээдүйнхээ чиг хандлагыг зөв тодорхойлбол, соёлын хандлага зөв гарна” гэдэг үүднээс дэмжсэн. Дэмжсэн мөнгийг өөр зүйлд зарцуулсан эсэх нь дараагийн асуудал. Тайланд дурдсан ажлаа үнэн зөвөөр хийсэн эсэхийг нь шалгадаг. Буруу зарцуулсан бол мөнгийг буцааж төлүүлнэ. Иймд бид журмынхаа дагаа шалгаад л зөрчил гарвал актаа тавина. Зохиолчдыг уулзуулах нь зөв. Аймаг сум бүрийн зохиолчид хоорондоо уулзаж байж орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн зохиолыг хэрхэн гаргах тухайгаа ярилцах, соёл хүртээх сувгуудыг монгол контентоор хангах тухай ярилцах цаг болчихсон. Бид ийм асуудлаа хэлэлцэнэ гэж найдаж, яамнаас дэмжлэг үзүүлсэн. Соёл урлагийн сангаас дэмжлэг үзүүлж зохион байгуулсан ихэнх ажлууд амжилттай болсон. Анх удаа хэл ам сонсож байгаа нь энэ хурал болж байна даа.

-Батаарын байр юу болж байна?
-Дээд шүүхэд МАН-аас давж заалдсан байдалтай л байгаа. Хурал товлогдоогүй байна.

-Батаар хаана өвөлжихөөр болсон бэ?
-Дарханд Батаарыг хүлээж авах нээлт удахгүй болох сурагтай. Тэнд "өвөлжинө". Батаарыг байрлуулах сайтар тохижилт хийж байгаа гэсэн.
Б.МАНДАХ

No comments:

Post a Comment