Sunday, 6 October 2013

Байдгаа шавхаснаас эдийн засаг муудсан



Хөрөнгө оруулалтын тухай хууль болон цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэлтэй ярилцлаа.

-УИХ-ын ээлжит бус чуулганаар хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэж эхэллээ. Сөрөг хүчнийхэн болоод зарим эдийн засагчид энэ хуулийн төслийг сэтгэл хөдлөлөөр боловсруулсан гэж шүүмжилж байна. Та ямар тайлбар өгөх вэ?

-Олон гишүүн энэ хуулийг шүүмжилж байгаа. Гэхдээ шүүмжлэх нэг хэрэг. Харин хуулийн төсөл хэлэлцүүлэх, батлах нэг хэрэг. Тэгвэл энэ хуулийн оронд ямар хууль байх ёстой юм бэ гэсэн асуулт гарч ирнээ дээ. Шүүмжлэгчид үүнд л хариулах ёстой. Хөрөнгө оруулалтын хууль анх орж ирэхэд би хэд, хэдэн асуудал тавьсан л даа. Нэгдүгээрт, Монгол Улсад хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа, гадаад ч бай, дотоод ч бай ялгаагүй. Хөрөнгө оруулагчдыг урих гэж л байгаа бол батлах гээд байгаа хууль маань өрсөлдөх чадвартай байх ёстой. Манайх шиг олон орон хөрөнгө оруулагчдыг даллаж байгаа. Тийм учраас энэ хууль дэлхийн бусад улс орны хуультай харьцуулахад дундаас дээш төвшинд байх ёстой. Энэ олон орны хуулиас доогуур орохгүй байж л хөрөнгө оруулагчид хүрч ирнэ шүү дээ. Хөрөнгө оруулалтын тухай аливаа хууль хоёр тулгууртай байх ёстой. Эхний тулгуур нь хөрөнгө оруулалтын орчин тогтвортой байх. Эхний тулгуурыг нь бид оруулсан. Татварын асуудал дээр тогтвортой байлгаж, хөнгөлөлтүүдийг оруулж ирсэн. Гэтэл бид сүүлийн тулгуурыг нь хаячихсан. Энэ бол хөшүүрэг. Англиар incentives л юм. Энэ бол ердөө хэрэглэгддэггүй. Гэхдээ захын бизнесмен үүнийг ойлгох байх л даа. Тухайлбал хөдөө орон нутаг, ногоон технологи, нано технологи, мэдээллийн технологийн салбарт тухайн хөрөнгө оруулагч, ямар нэгэн хөрөнгө оруулалт хийхээр яах вэ гэсэн хөшүүргийг хаячихсан байна. Ийм хоёр хөлтэй байж л хөрөнгө оруулагчид Монголоос үргэхгүй байна шүү дээ. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын тухай хуульд дотоодын хөрөнгө оруулагчдыг бага, бараг л тодорхойлоогүй орхисон. Яахав том хөрөнгө оруулагчдыг тусгасан л даа. Гэхдээ жижиг, дунд үйлдвэрт технологи нийлүүлэх, хувийн бизнес эрхлэгчдэд шаардлагатай хөрөнгө мөнгийг өгөх зэрэг нь хөрөнгө оруулалт мөн биз. Гэтэл энэ тодорхойлолт байхгүй. Хуулийн зүйл заалтууд цаашаагаа гадаадын хөрөнгө оруулалт гээд л явчихсан. Жижиг, дунд үйлдвэр, хувийн компануидад хөрөнгө оруулсан жижиг, дундаас доор хөрөнгө оруулагчид яах вэ, бүү мэд. Бас нэг асуудал нь хөрөнгө оруулалтын чанар. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд гадны хөрөнгө оруулалт аль секторт түлхүү орсон бэ, худалдаа, үйчилгээний салбарт л түлхүү орсон шүү дээ. Яахав хэд, хэдэн энтертаймент компаниудад бага, сага хөрөнгө оруулалт орсон байж болох юм. Яг үнэндээ үйлдвэрлэлд бол тун бага хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн. Одоо хөрөнгө оруулалтаа цэгцлээд чанаржуулах хэрэгтэй.

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэхтэй холбоотойгоор урт нэртэй хуулийн зарим заалтыг өөрчилж байгаа. Тухайлбал өмнө тухайн орон нут­гийн удирдлагууд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн саналыг үл харгалзан тусгай хам­гаалалттай хилийн зурваст хүрсэн тохиол­долд татан буулгадаг байсан. Шинэ хуульд хэрвээ байгаль орчинд хор хөнөөлгүй бол зөвшөөрөл олгох гэж байгаа. Энэ ер нь хэр зөв юм бэ?

-УИХ дээр урт нэртэй хуулийг тийм амархан өөрчлөхгүй. Гишүүд ч үүнтэй санал нэг байгаа байх гэдэгт би итгэж байгаа. Үүнийг олон нам шүүмжилж байгаа. Асуудлыг шийдвэрлэх гээд бүр хурцадмал байдалд оруулчихаж болохгүй л дээ. Товчоор хэлэхэд нуухыг нь авах гээд нүдийг нь сохолчихож болохгүй. Тал, талаасаа сайн ярилцах ёстой.

-Зарим хүмүүс, судлаач, шинжээчид хөрөнгө оруулалтын хуулийг яаран батлах гээд хэрэггүй. Сайтар ярилцах ёстой гэж яриад байгаа. Та үүнд юу хэлэх вэ?
-Ямар эдийн засагч, юу яриад байгааг би мэдэхгүй байна л даа. Ажлыг хурдан, чанартай л хийх ёстой. Яавал чанартай байхыг би дээр хэлсэн шүү дээ. Судалгаа нь аль хэдийнэ бэлэн болчихсон. Бид энэ төрлийн хуулийг шинээр батлах гэж зүтгээд байгаа юм биш шүү дээ. Бид гадаадын хөрөнгө оруулалт, стратегийн хөрөнгө оруулалт гээд хоёр төрлийн хуультай явж л байсан. Гагцхүү үүнийгээ чанаржуулах, сайжруулах гэж буй хэрэг. Хүмүүс яагаад шүүмжлээд бухимдаад байна вэ гэвэл гаргалгаа нь их амархан. Ерөнхийдөө Монгол Улсын хууль батлах, судалгаа хийх төвшин нь муу болохоор л хүмүүсийн шүүмжлэлд өртөж байгаа юм. Гишүүд хууль боловсруулдаг. Түүнийг нь ажлын хэсэг шүүмжлээд гадны орнуудын жишиг оруулдаг. Тэгээд нэг түүхий хууль оруулаад ирдэг. Гишүүд түүнийг мэтгэлцэж, шүүмжилж байж засч залруулдаг. Хууль батлах, боловсруулах процесс ийм л байгаа. Гэхдээ хөрөнгө оруулалтын хуулийг батлах хугацааг хойшлуулах шаардлага байхгүй. Ямар ч байсан энэ ондоо батлагдчих байх.

-Хөрөнгө оруулалтын хууль олон дахин хэлэлцэгдээд, буцаад байвал гадны ч бай, дотны ч бай томоохон компаниудын итгэл сулрах байдал ажиглагдаж байна. Сайн хөрөнгө оруулалтын хуультай ч итгэл нь суларчихвал яах вэ?
-Угаасаа хөрөнгө оруулагчдад тэр мессеж нь очдогоо оччихсон. Улстөрийн байдал нь ороо, бусгаа байхаар хөрөнгө оруулагчид сандралдаад эхэлдэг. Энэ бол үнэн. Сөрөг хүчин ч бай, шүүмжилдэг хүмүүс бодолтой л юм ярьж байгаа байх. Яахав улс­төрийн ямар нэгэн өнгө будаг ордог л доо. Гэхдээ хөрөнгө оруулалтыг нэмнэ гэсэн нэг л бодол, эрмэлзлэлтэй байгаа байх. Хөрөнгө оруулагчид одоо юу харж байгаа вэ гэхээр төр нь шаардаж байна, хуулиа чанаржуулах, компанийн засаглалыг дээшлүүлэх, амар тайван орон юм байна гэж л харж байгаа. Тиймээс л бид нэн даруй хуулиа батлах гээд байгаа юм шүү дээ.

-Ээлжит бус чуулганаар хамгийн түрүүнд хэлэлцэх ёстой асуудал зөвхөн хөрөнгө оруулалтын тухай хууль байсан гэж үү?
-Ээлжит бус чуулганаар хамгийн түрүүнд хэлэлцэх ёстой асуудал бол Монгол Улсын эдийн засгийн дотоод, гадаад орчинд өгөх дүгнэлт, үнэлгээ, ирэх хоёр жилд авч хэрэг­жүүлэх арга хэмжээний багцыг хэлэлцэх ёстой байсан. Энэ чиглэлээр 2013 оны тавдугаар сард УИХ-ын даргын захирамж гаргаад, ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг нь томоо гэгч нь судалгаа хийчихсэн. Гэхдээ энэ том ажлын хэсэг эдийн засгийн гадаад, дотоод орчны бодлого, алдаа оноо, валютын ханшны өсөлт гээд бүх зүйлийг төлөвлөх хэрэгтэй. Энэ бодлогын нэг хэсэг нь л хөрөнгө оруулалтын тухай хууль юм. Гэхдээ нэгэнт дэг батлагдсан. Бид энэ дэгийг л дагахаас аргагүй.

-Яг үүнийг асуух гэж байлаа. Эдийн засаг дотооддоо тогтворгүй, валютын ханш өсөөд байхад УИХ-ын гишүүд наадамлаад явчихсан болохоор ийм байдалд хүрсэн гэж олон нийт харж байгаа?
-Гишүүн наадамладаг, наадамладаггүй гэдэг дээр би юм хэлж чадахгүй нь. Би бусадтай адилхан морь уяад, энд тэнд наадамд оролцоод байдаг хүн биш. Валютын ханш өсөөд, байгаа асуудал ч гишүүдтэй огт холбоогүй. Харин олон нийт юу шаардаж байна вэ гэхээр хурдан шийдээд өгөөч ээ л гээд байгаа юм. Наадамлаад алга болчихлоо гэдэг нь ч үүнтэй холбоотой. Өдрөөс өдөрт валютын ханш суларч, төгрөгийн ханш чангарч ард түмний амьдралд нөлөөлөөд, дээд төвшинд мөнгө хуримтлагдаж байгаа ч, инфляци нэмэгдээд байвал энэ бол макро эдийн засаг биш. Ний нуугүй хэлэхэд сүржин сүржин хэллэг хэрэглээд, гадаад үг олон хэлээд байгааг ч эдийн засаг гэж ойлгож болохгүй. Эдийн засгийг ард түмний амьжиргаа хэр сайжирч байгаагаар үнэлнэ. Валютын ханшны өсөлт юунаас эхэлсэн бэ, 2008 оноос эхэлсэн. Гэнэт олдсон их мөнгөө бид хамаа, замбараагүй цацсан. Халамжлагч төр болсны горыг нь одоо амсч байна. 2008-2009 онд баахан мөнгө цацаад, 2010, 2011 онд бүх ард түмнийг хувьцаа эзэмшигч болгоно гэсэн бүтэшгүй мөрөөдөлд хөтлөгдсөн хоёр намын л гор юм. Амласандаа хүргэх гэж байдгаа шавхсанаас л эдийн засгийн суурь орчин муудсан, энэ бол гашуун үнэн. Нэг хөлтэй эдийн засагт гадны шок хэрхэн нөлөөлдгийн жишээ энэ.

-Монголбанк Засгийн газрын харъяа агентлаг мэтээр ажиллаад байна уу гэж харагддаг. Төв банкны бие даасан байдал хэр хангагдсан гэж үздэг вэ?
-Энэ бол арга байхгүй үнэн. Ерөнхийлөгчийн зүгээс Монгол банкны ерөнхийлөгчийг баталдаг. Дээрээс удирдах зөвлөл нь их сургуулийн багш мэтийн долоон хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Энэ бүх хүмүүс ашиг сонирхлын зөрчилгүй гэдэгт хэн баталгаа өгөх юм, хараат бус байж чадаж байгаа юу гэдэг нь өөрөө эргэлзээтэй. Сүүлийн нэг жилийн хугацаанд төв банк харьцангуй сайн ажилласан. Өмнө нь төв банк хувийн бизнес эрх­лэгчдэд ер нь анхаарлаа хандуулдаггүй байсан шүү дээ. Одоо ч энэ үзлийн үлдэгдэл амь бөхтэй оршсоор байгаа. Одоо бид удирд­лагын бүрэлдэхүүнийг өөрчлөх ёсой. Банкны холбоо, олон нийт, эрдэмтэн, төрийн төлөөллийг багтааасан ашиг сонирхлын зөр­чилгүй хүмүүсээр бүрдүүлэх нь зөв сонголт. Мэдээж энэ хүмүүс нь мөнгө болон санхүүгийн бодлогын зохих мэдлэгтэй, хамгийн гол нь туршлагатай байх ёстой. Ер нь бол төв банк, Засгийн газар хоёр холдож болохгүй. Хамтарч ажиллах ёстой.

-Дотоодын хөрөнгө оруулалтын талаар ярьж байгаа бол мэдээж чадавх сайтай хөрөнгийн биржтэй байх ёстой. Хөрөнгийн биржийн шинэчлэлийг их л ярих боллоо. Ер нь хөрөнгийн бирж хэзээ бүрэн чадамжтай болох вэ?

-Цаг хугацаа хэлэхэд эрт байна. Тэгээд ч манай улс хөрөнгийн биржийн бодлогыг баталсан. Ирэх жилээс хэрэгжиж эхэлнэ. Ер нь хөрөнгийн биржийн бодлого хэрэгжиж эхэллээ, маргааш нь дэлхийн жишигт хүрнэ гэвэл тэрэн шиг худлаа зүйл байдаггүй юм. Дор хаяж таван жилийн дараа эхний сайн шинж тэмдгүүд ажиглагдаж эхэлнэ. Энэ хооронд бид гадны томоохон биржүүдтэй холбоо тогтоож, гадаад орчноосоо суралцах шаардлагатай.

-Уул уурхайн ашгаас хамаарч төрийн бодлого уул уурхай, ашигт малтмал руу анхаараад байх шиг байна. Хөрөнгө оруу­лалтын тухай хууль ч тийм өнгө аястай байсан. Эдийн засаг олон тулгууртай, мэдээллийн технологи, нано технологийг дэмжсэн орон болох ирээдүй байгаа юу?
-Хөрөнгө оруулалтын тухай хууль энэ тал дээр харьцангуй гайгүй гэж харж байгаа. Гэхдээ нэг ийм ойлголттой хүмүүс байдаг. Одоо бид эдийн засгаа солонгоруулаад хэрэггүй ээ гэж. 30-40 жилийн дараа эдийн засгаа төрөлжүүлье гэж ярьдаг. Энэ бол арай дэгс ойлголт л доо. Тэртээ тэргүй Монголын эдийн засаг ашигт малтмалаас хамааралтай байгаа. Харин энэхүү ашигт тулгуурлан бусад салбараа хөгжүүлэх ёстой. Өөрийн чинь хэлсэн мэдээллийн технологийг ч дэмжихэд болохгүй зүйлгүй.  Би их энгийн жишээ авъя л даа. ОХУ-ын Сибирийн хэсэг, Хятадын өмнөд хэсгийн ард олон бууз идэх дуртай юм билээ.  Монголчууд ганц хийж чаддаг буузаа яагаад тийш нь зөөж болохгүй гэж. Үүгээр л брэнд бүтээчихэж болно. Ер нь бид мал аж ахуй, уламжлалт бүтээгдэхүүнээс гадна орчин үеийн технологиор ч дэлхийд өрсөлдөх боломж бий. Үүнийг судлах хэрэгтэй. Төр үүнийг нь дэмжих хэрэгтэй. Хүссэн, хүсээгүй бид эдийн засгаа төрөлжүүлэх шаардлагатай л болно.
Б.БОЛОРСҮХ

 "NEWS WEEK" сонин №030

No comments:

Post a Comment