Sunday, 6 October 2013

А.Галтбаяр: Масс руу чиглэсэн хямдхан боловсрол олгодог тогтолцооноос татгалзана



galtbayar -Бидний урилгыг хүлээж авсан таньд баярлалаа.Энэ удаагийн  дугаарын “Чухал хүн” булангийн зочин маань хаана төрж өссөн бэ? 
 -Ээж аав маань Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул. Галт сумынх учраас    Галтбаяр гэж нэрлэсэн гэдэг. Би Хөвсгөлд төрсөн ч багаасаа аавынхаа ажлын  шаардлагаар нутгаасаа гарсан. Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Дарханд өссөн дөө.  Хөвсгөлд төрсөн гэдгээс өөр зүйл бараг л байхгүй дээ.
 -Аав тань ямар ажил хийдэг байсан юм бэ. Нутгаа орхиод явах чухал л ажил байж дээ? 
-Манай аав Д.Артбазар Дархан-Уул аймагт байдаг Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнд ажилладаг, газар тарилангийн эрдэмтэн хүн байсан. Ээжийг П.Нина гэдэг, цаг уурч мэргэжилтэй. Аав маань намайг их бага байхад нас барсан. 10 гаруйхан настай байхдаа л ааваасаа хагацсан. Би айлын том хүүхэд.
 -Төрсөн, өссөн нутаг усандаа хэр очих юм. Хүмүүс зав зай гарвал төрсөн нутаг руугаа л их явдаг шүү дээ? 
-Хөвсгөл рүү багадаа л их очдог байсан. Сүүлийн үед явж чадахгүй л байна. Таван жилд нэг удаа л очдог болж. Галт сум их гоё байгальтай. Тиймээс амралтын журмаар л очдог юм. Өссөн нутаг болох Сэлэнгээр их очно шүү. Сургуульд сурч байгаад явчихсан болохоор таньдаг хүн бага болсон байна лээ. Гэхдээ л ээж аавынхаа нутаг, бас өөрийнхөө хүн болсон, өссөн нутгаараа явах гэж зорих л юм.
 -Багадаа ямар хүүхэд байсан бэ. Мэдээж багаасаа ааваасаа хагацсан, тэгээд таны эзэмшсэн мэргэжлийг харахаар их даруухан хүүхэд байсан болов уу гэж бодогдох юм? 
-Нэлээд хөдөлгөөнтэй байсан ч хичээлээ сайн хийдэг байлаа. Наймдугаар ангид орсноос хойш математикийн гүнзгийрүүлсэн сургалттай Дарханы сургуульд ороод тэрнээс хойш их завгүй болсон доо. Янз бүрийн олимпиадад их орно. Тоо, физик, орос хэлний олимпиадад оролцоно. Төгсөх жил дөхөөд ирэхээр хичээл их болоод ч тэр юм уу их даруухан болчихсон юм даг. Тэгээд ч үймүүлээд явах зав гарахгүй болсон юм уу даа.
 -Яагаад математикийн шинжлэх ухааныг сонирхох болов. Багаасаа л тоочин болох сонирхол байв уу?  
-Анх сонирхож байсан чиглэл гэвэл байгалийн шинжлэх ухаан байсан. Тэр дундаа физикийг их сонирхоно. Тооны сонгонд явдаг мөртлөө л физик сонирхож, физикч болно гэж боддог байлаа. Төгсөх үед хуваарь янз бүр ирдэг шүү дээ. Тэр үед гадаадад физикээр суралцах хуваарь ирээгүй юм. Ирсэн хуваарь нь математикийн чиглэлийнх. Тэгээд л математикийг сонгоод явсан ч суралцах явцдаа математик-физик гэдэг чиглэлийг сонгож суралцсан юм. Сүүлд магистр, докторын зэрэг хамгаалсан чиглэлүүд ч математик-физикийн чиглэлээр байсан. Бас хэлний чиглэлээр их сонирхолтой. Хэл сурах дуртай. Нэг ёсондоо хобби гэх юм уу даа.
 -Ёстой сонин хобби байна. Хэчнээн хэл сурсан бэ? 
-Орос, Англи, Япон гэсэн гурван хэлтэй. Герман хэлийг бас гадарлана.
-Хобби болтлоо судлана гэдэг бас л авьяас шүү. Арга нь юу байв. Зарим нь нэг хэлийг ч сурч чадахгүй явж байна? 
-Ер нь хэлийг ажлын шаардлагаар сурсан. Нөгөө талаар, нэг шинэ хэл сурах болгонд нэг шинэ ертөнцийг нээж байгаа юм шиг санагддаг юм. Тэр сурсан хэлээрээ дамжуулаад тухайн улс үндэстний хэл соёл, шинжлэх ухаан, түүх гээд олон салбарыг нь мэдэж авдаг, хүмүүсийг нь ойлгож сурна. Нэг шинэ цонх нээж байна гэж ойлгодог. Тэр утгаараа хэл сурах арга барилаа ч гэсэн их өвөрмөц байлгадаг. Хэзээ ч дүрэм барьж аваад сурдаггүй. Эхлээд уран зохиолын амархан хэцүү үгтэй ном уншихаар дүрэмгүйгээр хэлнийх нь бүтцийг ойлгочихдог. Сүүлдээ үгийн баялаг ихсээд ирэхээр дүрмийг нь судлах нь амархан байдаг юм. Аль болох олон үг өгүүлбэр уншиж байж хэл сурдаг болов уу гэж боддог.
-А.Галтбаярыг салбарынхан нь бол сайн мэднэ. Харин Их сургуульд хүүгээ явуулсан ээж аавууд ямар хүн хүүгийнх нь сургуулийн удирдаж байгааг сайн мэдэхгүй байгаа. Тиймээс төгссөн сургууль, бас өмнө нь хаана ажиллаж байсан талаараа ярихгүй юу?
-Аравдугаар ангиа төгсөөд л Москвагийн Их сургуульд суралцах боломж гарсан. Тэнд бакалаврын төвшинд суралцаж байсан учраас ерөнхий мэдлэг авсан. Гэхдээ дэлхийн хэмжээний тэр том сургууль ямар ч асуудлыг томоор харах, илүү нухацтай судлах, биднээс мундаг хүмүүс дэлхийгээр дүүрэн байдаг гэдгийг илүү тод мэдрүүлдэг байсан. Төгсөөд МУИС-д ирж зургаан жил багшлаад дараа нь Токиогийн Их Сургуульд магистр, докторын зэрэг хамгааллаа. Тэнд мэдээж арай өөр төвшний сургалт явагдана. Судалгаа хийнэ, асуудлыг шийддэг болж сурахад суралцсан. Миний хувьд их том туршлага болсон. Японд сураад олж авсан гол зарчим бол онолын мэдлэг гэж байдаг ч тэрний цаана  түүнийг судлах болсон шалтгаан байдаг, утга учиртай зүйлийг судлах ёстой гэдэг зарчим. Тэрнээс биш математикийн олон онол мэддэг боллоо гээд мундаг болчихгүй
-Багш хийж байх үеийн жирийн ажлын өдөр, Их сургуулийн захирлын ажлын нэг өдөрт ямар ялгаа ажиглагдах юм. Нэг өдрийн ажил ямар байдлаар өрнөдөг вэ?
-Багш хүн үндсэн хоёр төрлийн л ажил хийнэ. Нэгдүгээрт, хичээлээ заана. Хоёрдугаарт, судалгаа, шинжилгээний ажилдаа анхаарлаа хандуулна. Тогтсон ажилтай, бас өөрөө чөлөөтэй ажиллах цагаа гаргачихна. Харин их сургуулийн захирал байна гэдэг нь их өргөн хүрээтэй, өөр түвшинд сэтгэж, манлайлах ёстой ажил юм.  Манай сургууулийн нэг ахмад багш их сургуулийг удирдана гэдэг нь том хөлөг онгоцыг салхи, шуурган дундуур залахтай адил гэж зүйрлэж байсан нь санаанд орж ирж байна.
-Та МУИС-ийг шинэчлэх “Реформ” багийн гишүүн байсан. Шинэчлэх талаар ярьж байсан хүн маань одоо захирал нь болчихлоо. Шинэчлэлээ хаанаас нь эхлэх гэж байна вэ?
- МУИС-ийн тэргүүлэх зорилго бол судалгааны их сургууль болох явдал.  Судалгааны их сургууль болно гэдэг нь хамгийн шилдэг судлаач-багш нар, хамгийн шилдэг оюутнууд, хамгийн шилдэг орчныг бүрдүүлж байж, шинэ мэдлэг бүтээж, чанартай боловсрол, мэргэжил олгоно гэсэн үг.  Тэгэхлээр бидний баримтлах зарчим бол шигшилт, өрсөлдөөн, чанар гурав байх болно.  Тухайлбал олон улсын мэргэжлийн сэтгүүл болон нэр хүндтэй хэвлэлийн газруудад эрдэм шинжилгээний бүтээлээ хэвлүүлдэг болон өндөр хөгжилтэй орны нэр хүндтэй их сургуулиудад эрдмийн зэрэг цол хамгаалсан эрдэмтэн судлаачдаа дэмжинэ,  мөн ийм хүмүүсийг сургуульдаа татан ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө тууштай ажиллана.  Ер нь МУИС нь манай хамгийн шилдэг, хамгийн бүтээлч эрдэмтэд, хамгийн шилдэг орчинд ажилладаг эрдмийн уурхай байх ёстой.   
-Монгол Улсын өмнөө барьдаг Их сургууль бол МУИС. Гэтэл дэлхийн том, том сургуулиуд шиг МУИС-ийг тэр болгон мэддэггүй. Өөрөөр хэлбэл, дэлхийн боловсролын салбарт суралцагчдаа таниулах, бас өөрсдөө танигдах талаар учир дутагдалтай ажиллаж ирсэн гэдэгтэй санал нийлэх үү?
- МУИС-ийг дэлхийн том сургуулиудтай харьцуулсанд баярлалаа.  Өнөөдөр Монгол улс өөрөө дэлхийн хамтын нийгэмлэгт танигдаж, өөрийн гэсэн орон зай, байр суурьтай болох үйл явц явагдаж байна.  Түүний нэгэн адил МУИС ч гэсэн олон улсын боловсрол, шинжлэх ухааны салбарт байр сууриа эзэлж эхэлж байна.  Тухайлбал, өнөөдөр МУИС-д АНУ, Англи, Япон, Герман, Франц зэрэг өндөр хөгжилтэй орны нэр хүндтэй их дээд сургуулиудад докторын зэрэг хамгаалсан 100 шахам эрдэмтэд ажиллаж байна.  Манай эрдэмтэд олон улсын мэргэжлийн сэтгүүлүүдэд бүтээлээ хэвлүүлж байна.  Зөвхөн 2013 онд гэхэд МУИС-ийн эрдэмтэд 40 гаруй бүтээлээ хэвлүүлсэн байна. Тэр ч байтугай манай зарим эрдэмтэд Харвард, Стэнфорд, Принстон, Кэмбрижийн их сургууль, Макс Планкийн институт зэрэг олон газруудад ажиллаж байна.  Манай шилдэг эрдэмтэд олон улсын нэр хүндтэй сангийн төслүүд дээр гадны эрдэмтэдтэй хамтран ажиллаж байна.  Тухайлбал Биологийн сургуулийн профессор Болдгив, Баатарбилэг нар АНУ-ын Шинжлэх ухааны үндэсний сангийн санхүүжилттэй судалгааны төслийг Америкийн эрдэмтэдтэй хамтран хэрэгжүүлж байна. Тэгэхлээр МУИС маш богино хугацаанд олон улсад өөрийн байр суурьтай болж эхэлж байна.  Харамсалтай энэ нь эхлэлийн төдий байна.  Тиймээс бид энэ чиглэлээр ихээхэн хүчин чармайлт гаргаж ажиллах ёстой.
-Хэчнээн улстай хамтран ажилладаг юм бол. Азийн улс орнуудтай хамтын ажиллагаа илүү эрчимтэй байдаг гэж дуулсан?
- 120 гадаадын их сургуулиудтай гэрээтэй ажилладаг, Тухайлбал,  манай Физикийн сургууль дээр Даваасамбуу багшийн санаачлагаар Германы Зийгений их сургуультай магистрын төвшинд “1+1” төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энд нэг жил сураад, Германд нэг жил сурдаг. Энэ мэт жишээ дурьдвал олон бий. Энэ бүх ажлууд нь манай сургуулийн чадварлаг профессоруудын санаачлагаар бий болсон зүйл юм. Бид сүүлийн жилүүдэд дотоод хамтын ажиллагаанд маш анхаарлаа ихээхэн хандуулж байгаа. Судалгаатай юм хийхгүй бол болохгүй нь ээ гэдгийг улстөрчид, шийдвэр гаргах түвшний хүмүүс ойлгодог болж. Тэр судалгааг хэн хийх вэ гэхээр манай эрдэмтэд л хийнэ. Бид юу хийж чаддаг вэ гэдгээ харуулах ёстой. Асуудлыг шийдэж явахдаа гадны туршлагыг судлах нь маш чухал.
-МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалт явагдаж байх үед багш нартайгаа үл ойлголцсон асуудал гарсан байна лээ. Ойлголцож чадсан уу, тэдний зүгээс ямар байдлаар хамтарч ажиллах санал хүсэлт гаргаж байна вэ?
-МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалтын үйл явц их удаан, төвөгтэй үйл явц байсныг та сайн мэдэж байгаа байх.  Тиймээс зарим нэг хүмүүс үйл ойлголцол бий болсон гэж ойлгосон байхыг үгүйсгэхгүй.  Миний хувьд багш нартайгаа үйл ойлголцсон асуудал байгаагүй гэж бодож байна. 
-Их сургуулийн багш нарын ур чадварын асуудал их хөндөгдөж байна. Цалин бага учраас цагаар өөр сургуульд багшилдаг, хэдэн лекцээ ном болгож оюутнууддаа шахаж мөнгөтэй болдог гэх мэтээр. Энэ асуудлыг ч та шүүмжилж л явсан байлгүй. Энэ бүхнийг өөрчлөх, эсвэл арай дөнгүүр болгож сайжруулах гарц байна уу?
- Тиймээ, МУИС-д ийм асуудал бий.  Ялангуа МУИС судлагааны их сургууль болон хөгжихөд багш нарын эрдэм, шинжилгээ судалгааны чадварыг ихээхэн нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Бид судалгаанд суурилсан сургалт явуулах ёстой.   Чадварлаг судлаач багш гэдэг бол Их дээд сургуулийн хамгийн гол хөдөлгөгч хүч. Тиймээс өөрийнхөө бүх мэдлэг, чадварыг оюутнуудынхаа төлөө, судалгаандаа зарцуулаад явж байгаа багш нарыг үнэлдэг болно. Хуучин явж байсан цалин нэмэгдвэл бүгдээрээ нэмэгддэг, ажил хийдэг хийдэггүй нь мэдэгдэхгүй цалин авдаг системээс татгалзана. Цалин хөлс, урамшууллаар нь хангалттай үнэлсэн эрдэмтэн, судлаач шиг болох юмсан гэсэн хүсэл бусдад нь төрөхөөр сайн ажиллах орчин, цалин хангамжтай болгоно. Багш нарын шатлал, эрэмбийг шинээр хийнэ. Цалинг нь ч гэсэн өөрсдийнх нь хийсэн бүтээснээр чөлөөтэй олгох болно.
-Гадаадад ажиллаж байгаа мундаг залуучууд олон байна шүү дээ. Тэд энд ирээд багшлах сурсан мэдсэнээ заах гэхээр цалингаа голдог. Энэ талаар МУИС-ийн зүгээс ямар бодлого барих бол?
-Үнэн. Харамсалтай нь МУИС-ийн өнөөгийн санал болгож буй цалин хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөх чадваргүй байгаа.  Гэхдээ манай эрдэмтэд сургуульдаа ирж ажиллаж байна.  Тэгэхээр бид цалингийн системээ өөрчилж, эдгээр эрдэмтдийг татахуйц нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө тууштай ажиллана. Өндөр хөгжилтэй орнуудад ажиллаж байгаа манай эрдэмтэд Монголдоо буцаж ирж, бидэнтэй хамт улс орноо хөгжүүлэхэд хувь нэмэрээ оруулна гэдэгт найдлага тавьж байгаа.   
-Төр Их сургуулийг дэмжихгүй хаячихсан, цалингаа нэмэх гэхээр мөнгө байхгүй гэдэг шалтгааныг Их сургуулийн захирлууд их хэлдэг. Тэгээд л сургалтын төлбөр нэмдэг, өнөөх нь эсэргүүцэлтэй тулгарч, иддэг уудаг нэр зүүдэг байдал их гарах боллоо. Тиймээс сургалтын төлбөрөө нэмсэн шиг нэмээд чадалтай, мундаг хүмүүсийг хангалттай урамшуулал, цалин өгөөд чанартай боловсон хүчин төгсгөж гаргах боломж байна уу. Үнэндээ хувийн дунд сургуулийн жилийн төлбөрөөр улсын Их сургуульд дөрвөн жил сураад “тахир дутуу” боловсрол эзэмшиж байгаа нь нууц биш?
-Нэг жилд аравдугаар ангиа төгсч байгаа хүүхдүүдийн 90 гаруй хувь нь дээд сургуульд орж байна. Тэдний 60 гаруй хувь нь улсын сургуульд ордог. Бараг л дунд сургууль шиг болсон. Тэдний дунд боломжтой, боломжгүй маш олон давхарга байгаа. Энэ хүмүүсийн эрх ашиг хөндөгддөг учраас төлбөрийн асуудал мэдээж шүүмжлэл дагуулдаг. Бид чанартай боловсрол өгөхийн тулд багш нартай гайгүй цалин өгөх ёстой. Масс руу чиглэсэн хямдхан боловсрол олгодог тогтолцооноос аль болох татгалзана. Гэхдээ сайн сурлагатай мөртлөө төлбөрийн боломжгүй амьдралтай хүүхдүүд олон байдаг учраас тэдэнд чиглэсэн бодлого зайлшгүй хэрэг болно. Боломжгүй амьдралтай сайн сурлагатай хүүхдүүдээ бид төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх, эсвэл бусад оюутнуудынхаа төлбөрөөс урамшуулал өгөх зэргээр дэмжиж явна. Энэ жил МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг бий болгосон. Улсын чанартай олимпиадад эхний гурван байр эзэлсэн хүүхдүүдэд 100-50 хувь хүртэл сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлнэ.
-Хувийн их дээд сургуультай дарга сайдын нөлөөгөөр МУИС дарагдаж ирсэн гэдэг шүүмжлэл байдаг. Нөгөө талаар төр тэр дундаа улс төрийн намууд боловсролын бодлогод нөлөөлөх, захирал, багшийн томилгоог хийх, боловсролоор амлалт өгөх нь хэр зөв асуудал юм бэ. Энэ нь Их сургууль хөгжихгүй байгаа нэг гол шалтгаан болдог?
- Тиймэрхүү тал байдаг байх.  Харин Монгол улсын Засгийн газраас дээд боловсролд чанарын шинэчлэл хийх бодлого явуулж байгаа.  Энэ бодлогын нэг чухал асуудал нь их сургуулиудын бие даасан байдлыг хангах явдал.  Энэ бодлогын хүрээнд таны яриад байгаа асуудлууд шийдэгдэх байх гэж бодож байна.  
-Их дээд сургуулийн тоог цөөлөх талаар ярьж байна. Гэтэл үнэндээ бол МУИС-ийн харьяа гэх малгай өмсгөөд үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилдэг. Тоог цөөлөх нь зөв үү?
-Цөөлөх багасгах нь бодлого биш. Асуудлын мөн чанар нь бидний бэлтгэж гаргаж байгаа хүмүүс ажлын байртай болсон уу, мэдлэг авч чадсан уу гэдэг асуудал. Тоо чухал биш. Улсын сургуулиудын хувьд ямар бодлого барих ёстой вэ гэхээр давхардсан бүтцээ өөрчлөх ёстой. Ус дулааны мөнгөнөөс эхлээд улсаас авах татаас их байдаг. тэгээд тэрнийг нэмэгдүүлэх гэхээр олон давхардсан бүтцэд өгөх утгагүй байхгүй юу. Энд тэнд баахан эдийн засагч бэлтгээд л байдаг. Тэр нь тэгээд чанаргүй байвал бүр утгагүй. Энэ утгаараа цөөлөх сонирхол байгаа. Механикаар цөөлөхөөс илүүтэй бодлогоо зөв тодорхойлмоор байгаа юм. ХААИС, ЭМШУИС, МУИС, МУБИС гээд үйл ажиллагаа, төгсөх боловсон хүчин нь өөр өөр гэж улс харж байгаа бол давхардал гаргаж болохгүй. ХААИС дээр жишээ аваад үзье. Тэнд малын эмч, агрономич бэлтгэж байлаа гэхэд, хажуудаа бас эдийн засагч бэлтгэх жишээний. Тэнд эдийн засгийн сургууль байх уу, үгүй юу гэдгийг харахаар байх хэрэггүй юм шиг. Гэтэл малын эмч нь бас менежмент мэддэг байх хэрэгтэй болно. Тиймээс малын эмч бэлтгэхдээ менежментийг нь заадаг цомхон бүтэц л тэр сургуульд хэрэгтэй. Тусдаа эдийн засагч бэлтгээд байх хэрэггүй гэсэн үг. Би ингэж л боддог. Тэрнээс биш сургуулийг нь тэр чигээр нь ийш тийш болгож, нэг малгайнд чихээд, наалдуулаад байх нь бодлого биш. Орон зай ч алга.
-Их дээд сургуулийн хөгжил, тогтолцооны талаар төрөөс явуулж байгаа бодлого зөв явж байна гэж боддог уу. Л.Гантөмөр сайд их л өөр болгоно гэж яриад байгаа?
-Сайдын хувьд дан ганц дээд боловсрол гэхгүй дунд сургуулийн төвшинд хүүхдийг хөгжүүлэх талаар анхаарч байгаа нь зөв гэж боддог. Хүүхэд бүрийг хөгжүүлэх, тэдний хүсэл сонирхлыг дунд сургуульд нь илрүүлнэ гэдэг бол тухайн хүүхэд цаашдаа ямар Их сургуульд, аль чиглэлээр сурах вэ гэдэг замаа олоод авчихна гэсэн үг. Тэгснээр баахан эдийн засагч, багш, гадаад хэлний орчуулагч төгсдөг байдал алга болно. Би өөрөө гурван хүүхэдтэй. Өөрийнхөө амьдралд ойрхон жишээгээр ярих гээд байна. Хүүхдүүд маань би юу хийж чаддаг вэ гэдгээ дунд сургуульдаа олж авах ёстой. Нэг зүйлээр итгэл өгөх хэрэгтэй. Дуу, тоо, уран зураг, гадаад хэлэндээ сайн гэдгээ мэдээд, түүнийг нь сургууль, багш нар нь дэмжээд өгөх юм бол хүүхэд өөрөө итгэлтэй болоод тэр арга барилаараа цаашаа сураад, бусдыг нь сураад явчихдаг. Сайдын энэ арга барил их таалагдаж байгаа. Дээд боловсролд сургалтын чанарыг сайжруулах бодлого барьж байгаа нь зөв. Яамны зүгээс Их дээд сургуулийн захирлуудын саналыг сонсох, ажлын хэсэг байгуулах зэргээр оролцоог нэмэгдүүлсэн нь ололт юм гэж дүгнэсэн. Олуулаа ярихад заавал зөв шийдэл гардаг.
-Таньд баярлалаа. Ажлын амжилт хүсье
Б.Өнөртогтох  2013.10.03
Монголын мэдээ сонин

No comments:

Post a Comment