Tuesday, 22 October 2013

Ж.Сүхбаатар: Би өрсөлдөөнөөс айдаг хүн биш



“Ярилцъя” МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, намын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатарыг та бүхэнтэй уулзуулахаар урьлаа. Түүний нэрийг ажиглагчид МАН-ын шинэ Генсект “сойгоод” эхэлснийг уншигчид маань анзаарч буй биз ээ. Энэ сонирхолтой үед зочны маань яриа та бүхэнд ч сонирхолтой байх биз ээ.

Ж.Сүхбаатар гаднаасаа зарим үед шатамхай, хэгжүүн, ер нь басуулахгүй шазруун харагддаг. Яг дотор луу нь ороод үзвэл эгэл жирийн амьдрал дунд төрж өссөн, халуун зан чанартай, зорьсон юмандаа эргэлзэлгүй дүрэлзэн тэмүүлдэг, зүтгэх дуртай, зүтгэсэндээ хүрдэг хүн шиг санагдсан.  Энэ уулзалт бидний хувьд анхных болохоор олон юм руу орох, гарах шаардлага байлаа. Гэсэн ч уншигч та түүний ертөнцийн зах зухаас ч гэсэн мэдэрч чадна гэдэгт эргэлзэхгүй байна. 


-Энэ олон жилд тантай ер нь уулзаж байгаагүй юм байна. Уг нь бол та  тийм ч чимээгүй улстөрч биш. Ер нь л шатвал шатаж, үзвэл үзэлцдэг хүн шиг харагддаг.
-Тийм үү.

-Ингэхэд өнөөдөр би улс төрийн карьерын хувьд “хэн”-тэй уулзаж байна вэ. МАН-ын бага хурлын гишүүн, намын нарийн бичгийн дарга гээд цааш нь мэдэхгүй байна.
-Хашиж байгаа ажил албаны талаас нь хэлбэл МАН-ын нарийн бичгийн дарга, намын удирдах зөвлөл,бага хурлын гишүүн, Дархан-Уул аймгийн намын хорооны гишүүн, Дархан хотын 10 дугаар намын үүрийн гишүүн. Эрхэлж байгаа алба маань ингээд болж байх шиг байна. Бидний шилжилтийн гэж үздэг өнгөрсөн 20 жилийн хугацаанд төрийн албанд тасралтгүй 15 жил ажиллаж ирлээ дээ. Энэ 15 жилийн найман жилд нь би цэвэр улс төрийн хүрээнд ажилласан байна. Бусад үеүдэд нь төрийн тусгай, захиргааны алба гээд ажиллаж. Мэдээж энэ хугацаанд төрийн гал тогоонд явахдаа таны саяны хэлдгээр халуун үйл явдлуудтай ч нүүр тулж, тэмцэж буцалж  л явлаа.

-Ажиглаад байхад уналтаас илүү ялалтыг нь ярихаар хүмүүс дотуураа сэтгэл нь баясаж, олон сонин үүх түүхээ уудлан ярьж байгаа нь мэдрэгддэг юм. Харин би энэ удаа таны уналтаас эхэлж асуумаар байна. Өнгөрсөн дөрвөн жил Дархан-Уул аймгаас сонгогдож УИХ-ын гишүүнээр ажилласан. Парламентад та бол сайн гишүүдийн нэг байсан. Гэвч дараагийн сонгуульд очоод уначихсан. Яагаад ялагдчихсан бэ?

-Сонгуулийн үеийн ялалт, ялагдал олон хүчин зүйлтэй холбоотой. Олон тайлбар хийж болно л доо. Гэхдээ нэг л үг байдаг юм. Ямар ч тохиолдолд ялалт бол хамтынх байдаг гэж. Ялагдал бол өөрийнх нь л буруугаас болдог. Гэвч сонгуульд дан ганц хувь хүний хүчин зүйл нөлөөлдөггүй. Улс төрийн тэмцэл, улс төрийн өрсөлдөөн явдаг. Олон хүчин зүйлс нөлөөлж сонгуулийн үр дүн тодордог. Гэсэн ч сонгуулийн энэ дүнгийн ялагдал яах аргагүй улс төрийн ялагдал болж хувирдаг. Ажил хэргийн замнал талаасаа ирж буй том цохилт учраас ялагдал. Харин хувь хүнийхээ хувьд бол өнгөрсөн он жилүүдээ эргэж харах, өөрийн алдаа оноогоо шинээр бодож эргэцүүлэх тийм нэг босч ирэх боломж юм. Тийм учраас миний хувьд ажлын уналт, сэтгэл санааны гудайлт биш гэдгийг ойлгосон.

-Хямраах хэмжээний том ялагдал гэж нэг ёсондоо үзэхгүй байна гэсэн үг үү. Улстөрч хүн парламентын сонгуульд өрсөлдөөд ялагдана гэдэг чинь том ялагдал биз дээ?
-Мэдээж. Гэхдээ хүний нэгэн насны заяа тавилангийн хувьд том ялагдал биш. Улстөрч хүн нөхцөл байдалдаа хурдан дүгнэлт хийж, урагшаа харж ажилладаг байх ёстой. Харин бүх юм өнгөрсөн хойно ухарч яриад, өнгөрсөнд байгаад байх нь дэмий санагддаг юм.

-Гонгиносон харагддаг гэж үү?

-Тийм. Тийм ч учраас би энэ сэдвээр нэг их олон юм хэлдэггүй,хүсдэггүй. Би зүгээр дотроо нэг л зүйл бодсон. Ялагдал надад юу өгч, юуг ойлгуулж байна вэ гэж. Одоо цаг дээр харахад энэ бол өнгөрсөн цаг хугацаа, дурсамж болж хувирсан байх жишээтэй. Цаг хугацааны хурд ийм л байдаг.

-Харж байхад олон тойрог дээр нэг тийм зүй бус гэмээр өрсөлдөөн явлаа. Улс төрийн жам ёсны өрсөлдөөнөөсөө гадна жамын бус өрсөлдөөнд олон гишүүд өвдөг шорооддог болжээ. Та бараг юу хэлэх гэж байгааг маань гадарлаж байгаа байх. Сөрөг хүчнийхээ нэр дэвшигчтэй өрсөлдөөд ялагдах бол жамын ялагдал юм. Харин нэг намын гишүүд хоорондоо далд үзэлцэж, нэг нэгийгээ унагадаг болчихоод байна. Багаараа явах жишиг бол их ховордчихлоо. Та жишээлбэл хэдэн санал авсан бэ. Ялсан хүнийхээс хэдээр дутуу байв?

-Манай Дархан-Уул аймаг хоёр мандаттай. Би гурваар гарч ирсэн. Хоёрт гарч ирсэн хүнээсээ 600 гаруй хүний саналаар дутуу гэсэн үг. Гэхдээ түрүүн хэлсэн дээ, би энэ сэдвээр ярьмааргүй байна гэж. Өнгөрсөнтэйгөө үнэхээр зууралдмааргүй байна. Та түрүүн  хэлсэн. Хүн бол амжилтандаа хэт их ач холбогдол өгдөг амьтан юм байна гэж. Болж өгвөл ялагдлыг тохиолдлын зүйл гэж үзчих гээд л. Би үүнтэй  санал нэг байна. Тэгэхээр миний хувьд өнөөдөр өөдөө харж, өөдрөг урагшаа явахыг л хүсч байна. Нэгэнт бүх юм ялагдалтайгаа хамт өнгөрсөн цаг дээр оччихсон учраас.

-Би таны уурыг хүргэх гээд л оролдоод байна л даа. Таныг их шартай хүн гэж хардаг юм.  

-Тийм үү. Би бас тийм шартай хортой хүн биш л дээ. Монголын улс төрд нэг өвчин архаг дутагдал байна. Хэдийгээр амьдарч байгаа нийгэм маань чөлөөт нийгэм ч болж өгвөл бид улс төр, эдийн засгийн бодлогууд дээрээ ядаж зарчим гэдэг зүйлээ бариад сурчихмаар байна. Энэ л биднийг баллаад байна шүү дээ. Ялагдлын соёлд ч сурмаар байна. Нөгөө талдаа мөн ялалтын соёлыг ч эдэлж сурмаар байна. Ялсан гэж нэг нь аархаад л, нэг нь ялагдсан гэж гоморхоод л. Ийм нэг унжралдсан байдал монголд их хүчтэй тогтсон байна. Үүнээсээ бид салах ёстой.

-Монголын нийгэмд хэрэггүй үзэгдэл л дээ. Та их гоё томъёолж хэллээ. Үнэхээр улс төр нь нийгмийнхээ ёс суртахууныг улам татаж унагаад байна.
-Таны хэлж байгаа үнэн. Өнөөгийн сонгуулийн системийн үед нэг намын хүмүүс хоорондоо өрсөлддөг үзэгдэл тухайн намдаа асар их хохирол авчирдагийг би сайн мэднэ. Энэ бол намыг задалдаг. Бие биендээ арилшгүй муухай сөрөг сэтгэлийн юм үлдээж, хооронд нь дайсагналцуулдаг. Уг нь бол холимог системтэй болгоод нэг тойрог-нэг мандат гэдэг зарчим руу оруулъя гэсэн юм. Харамсалтай нь тухайн үед  тойргоо томсгох чиглэлээр явж байхад юун бас жижиглэх гээд хүлээж аваагүй. Хүссэн ч хүсээгүй ч чамайг гладиатор шиг тулалдаанд оруулаад л эндээс чи амьд гараад ир гэдэг. Нэгэнт тэгээд түлхээд оруулчихсан байхад тэнд чинь соёлт өрсөлдөөн бус улангассан тэмцэл явагдаж эхлэнэ биз дээ. Тулалдаад л нэг нь шархдаж гардаг, нэг нь ялж гардаг. Бусад улс орнуудын жишгийг сайн хармаар байгаа юм. Сонгуулийн систем нь тэмцэлдээнт гэхээсээ зөөлөн өрсөлдөөнт байдаг чиглэл рүү явж байна шүү дээ. Жишээ нь, япон, германыхыг хар.

-Шарх гэдэг ойлголт бол уран сайхны утгаараа их тийм сонирхолтой ойлголт . Зарим хүн энийгээ тавьж өгөхгүй тээж явсаар өөрийгөө шатаагаад дуусдаг.
-Ер нь сэтгэлийн шархыг эдгээх ганц сайн эм бол мартах гэж гүнзгий утгатай үг бий. Хар хир хорыг өөртөө хураагаад л байвал нэг мэдэхэд л өөрөө ч анзааралгүй хар санаатан болсон байж ч мэднэ. Ялангуяа улс төр бол өс хонзонгийн талбар бүр ч байх ёсгүй.

-Сонгуульд нам ялагдал хүлээсний дараа олонх нь харх шиг зугатаагаад явцгаасан. Харин Ж.Сүхбаатар нарын хэсэг нөхдүүд бол улам шаталттайгаар буцаж ирсэн. Та их эрч хүчтэй хүн юм шиг ээ?
-Баярлалаа. Уг нь санаагаар болдог бол Намын асуудал дээр хурдан цэгцрээд, зөв буруугаа шүүгээд явчихмаар. Гэтэл үнэн хэрэг дээрээ хүн өөрийн тухайд гэхэд бүх учир шалтгаан,тайлбараа үнэлж дүгнэн олчихоод, яв цав цэгцэрчихдэг нь бас тийм амар биш л юм байна. Яагаад гэвэл бүтэн нэг жилийн хугацаанд манай нам тийм сайн гэж хэлэгдэхээргүй үр дүнтэйгээр  өнгөрсөн гурван сонгуулиудад оролцлоо шүү дээ. Намын маань амссан энэ дараалсан амжилтгүй байдал өөрийн эрхгүй биднийг шахаж шаргуу ажиллахыг шаардаж байна. Намын амьдрал бол хаалгаа хааж түр цоожилчихоод явж байгаад ирье гэж болдоггүй амьдрал байдаг. УИХ-ын сонгуулийн дараа маш олон хүн надтай утсаар ярьж, мессеж ирүүлсэн. Бүр үнэн сэтгэлээсээ шүү.  Би бол бас хүмүүсийг тийм байдаг гэж мэддэггүй л байсан юм билээ. Тэгээд тодорхой хэмжээнд улс төрд ажиллаж амьдарсан хүнийхээ хувьд өөрийн гэсэн итгэл дэмжлэгийн хүрээ орон зайтай болж дээ гэдгээ мэдэрсэн. Янз янзын хүмүүс санаа тавьж, урам зориг өгч байсан. Ийм сэтгэл зүйн дэмжлэг мэдэрсэн хүн чинь огшоод босч ирдэг юм байна лээ. Ингээд л би үргэлжлүүлээд улс төрийнхөө үйл амьдрал руу шууд босоод ороод явчихсан. Дараа дараагийнхаа юм руу улам илүү хатуу чанга орох ёстой гэсэн дуудлагаар л татагдаад орчихсон. Улс төр өөрөө чанга өрсөлдөөн. Тэгэхээр өрсөлдөхөөс ухрах бэрхшээх зам улстөрч хүнд байх ёсгүй.

-Ер нь зугтах бол таны зан биш үү?
-Биш л болж таараад байгаа юм. (инээв) Хүнд чинь нэг эргэлзэж, больчихмоор ч юм шиг тийм бодол нэг хэсэг орж ирж байгаа юм. Надад ч ийм бодол үе үе төрөөд л байсан. Гэхдээ тэр нь удаан тогтож чадаагүй. Хүн чинь бас ухраад зугатаад явчихъя гэхээр үеийг туулна шүү дээ. Гэхдээ амьдралд байна шүү хүний өөрийгөө ялсан тийм мөчүүд гэж байдаг юм байна лээ. Миний амьдралд бага байхад хэд хэдэн мөчүүд тохиож байсан. Тэр үеүдээрээ би үргэлж тэжээгдэж, урам зориг орж амьдарч ирсэн. Амьдралын зорилго тань өөрөө амьдрал юм гэж ярьдаг шүү дээ. Би ч гэсэн өнөөдөр зүгээр нэг амьдрахын тулд л амьдарч байгаа биш. Тодорхой зорилго,үйл хэргийн төлөө амьдарч байгаа. Тэгэхээр зорилго үйл хэрэгтээ ядаж туйлбартай зүтгээгүй байж, тэр зорилго үйл хэрэг минь гүйцэлдээгүй байхад тэрнээсээ болино гэдэг утгагүй. Тэгвэл өнгөрсөн хугацаанд явж ирсэн бүхий л хичээл зүтгэл, өөртөө барьж байсан зарчим, бүх цаг хугацаа чинь өөрөө яг юу болох юм бэ. Тийм болохоор би зугтахгүй, няцахгүй. Миний зорилго сонгууль, нам, захиргааны шинэтгэлд хувь нэмрээ оруулж, Монголын төрийн удирдлагын машиныг хүчтэй, тодорхой үр ашигтай болгох л бодол, хүсэлтэй явдаг хүн.

-Нөгөө талаасаа бас нэг ийм юм байгаа байх. Нам гэдэг энэ айл, энэ гэр үерт дайрагдаад, хаяа хот нь сэмрээд, өрх нь салмайгаад, бараадаж явсан улсууд нь хаяж нүүгээд байхаар хэцүү байдаг байх. Зарим нь өөр шинэ гэртэй айл руу гүйгээд л, зарим нь саахалт айлд очоод амьдарчихсан ч тууж явах шиг. Бас л юм юм боллоо шүү дээ.  
-Ер нь нэг талаас Монгол улсынхаа хөгжлийн ийм өрнөлттэй, яг ийм эгзэгтэй цаг үед манай нам шиг  өв түүх, урт замналтай улс төрийн байгууллага түр амсхийх завсарлага авах, удаан бодох, эргэцүүлэх тийм боломж байхгүй юм байна лээ. Бусад улсуудыг харж байхад ялагдсан улс төрийн хүчин эхний хоёр жилдээ л багтаж цэгцэрч чадахгүй бол цаашаа сэхэл авах нь хүндэрдэг. Учраа олж босч ирдэггүй. Харин ч бид маш богино хугацаанд муу сайнаа тунгааж,  бодлогын шинэ хувилбаруудаа боловсруулж, гажсан сажсанаа олж хараад янзлах гээд идэвхжиж байна. Үнэхээр ялагдлын гашуун нулимсыг амталж үзлээ ш дээ. Хүн өөрийнхөө ялагдалд бас гайгүй ханддаг юм байна. Намд тодорхой алба хашиж байгаад ялагдахад яах аргагүй тэр ялагдлын гашуун нулимс аманд урсч орж ирээд амтагдаж байгаа байхгүй юу. Тэр маш хүнд туссан надад. Ялах хүслэн дараа нь бүр ч их төрдөг юм байна. Би 1997 онд С.Төмөр гишүүний туслахаар ирээд, 1999 онд намын бүлэгт хуулийн зөвлөхөөр ажиллаж эхлэсэн. Яг одоогийнх шиг манай нам анх удаа засгийн дээд эрх бариагүй үе байсан. Тэгээд л залуу насны эрч хүчээр л намын бүлгийн ажил руу яваад л орсон. Ид тэмцлийн үе байлаа. Дунд нь ороод л зүтгэсэн дээ. Манай цөөнхийн бүлгийн ажлын алба ердөө арван ажилтантай байсан. Намын дарга,бүлгийн ахлагчаар Н.Энхбаяр ажиллаж байсан. Ц.Нямдорж дарга бүлгийн ахлагчийн орлогч байсан. Хатуу орлогч, яхир, дайчин. Энэ хоёр даргатай тэр хүнд үед ажиллаад их ч  зүйлийг ойлгосон. Ялна гэсэн гэрэл гэгээ байхгүй юм шиг эхэндээ харагддаг байлаа. Хэсэг хугацааны дараа сонгууль ойртоод ирэхийн алдад намын үйл ажиллагаа ч илт сэргээд ирсэн. Эрх баригч хүчин ч алдаа дутагдал их гаргаж, элдэв ээдрээнд улам орооцолдоод ирсэн. Ийм үед өрсөлдөгч улс төрийн намд боломж гарч ирнээ дээ. Өнөөдрийн МАН бол өөрийгөө тольдон харж байнаа. Хичнээн хатуугаар балбаж, нам чинь задарч бутарна, танай нам газрын хөрснөөс арчигдах ёстой гэж нэг хэсэг нь дайрч байгаа ч МАН маш хурдан хурцлагдаж, эмзэг байгаа тэр сул талуудаа олж мэдэж авч байна. Энэ бол боломж юм. Бид нэг жилийн дотор маш их хатгууллаа. Өвдөж байгаа цэгүүдээ одоо мэдэж авсан. Одоо бидэнд үүнийгээ янзлах өөд татах боломж байна. Бидэнд засгийн эрх барих боломж ирэх сонгуулиар ахиад гарч ирнэ гэдэгт би огт эргэлзэхгүй байгаа.

-Та их романтик юмаа.
-Өөдөө явахад өөдрөг итгэл найдвар гол тулгуур болно биз дээ. Өнгөрсөнтэйгөө зууралдаад байх улстөрч хүнд зохихгүй эд. Удахгүй манай намын 100 жилийн ой болно. 2021 онд. Бидэнд алдаа оноо ч байсан. Энэ нэгэн зууны дотор хийж бүтээсэн, олсон ололт ч маш их байсан. Яахав сөрөг хүчин болоод өнгөрөөж байгаа энэ богино хугацаанд бидэнд муу нэр, луу данс нааж л байна. Эргэж харах юм ч бидэнд зөндөө. Та ч гэсэн амьдралынхаа мөчлөгүүдийг харвал бүх л зүйл байгаа байх. Унаж босох, алдах онох гээд. Энэ чинь өөрөө амьд хүмүүсээс бүтсэн бүрэлдэхүүнт бүтэц, амьд организм. Тэгэхээр хүн алдаанаас ангид байдаггүй шиг нам ч гэсэн алдаанаас ангид байдаггүй. Тодорхой хугацааны дараа цаг эргэж, эргэлтийн үйл явдлууд тохиолддог. Манайх шиг том намыг зарим хүмүүс сайн мэдэхгүй их амархан хөнгөн юм ярих юм. Энэ бол аварга том бүтэц шүү дээ. Манай Ц.Нямдорж дарга их сүрхий онож хэлсэн дээ. Зарим нь жаахан егөөдөөд л байсан. Яг Чингис хааны үеэс  хойш монголд бий болсон хамгийн том зохион байгуулалттай, цул, нэгдмэл бүрэлдэхүүнтэй монголчуудын нэгдэл,бүтэц бол МАН гэж. Яаж ч үгүйсгээд тийм л байхгүй юу. Тэгэхээр ийм нам сулрах нь өөрөө монголын үндэсний эрх ашигт хортой. Би танд намдаа хир халдаах дургүй л харагдаад байх шиг байна. Мэдээж би залуу хүний хувьд намынхаа дотор байгаа болох бүтэхгүйг ч, алдаа оноог нь ч тэр шүүмжлээд байгаа улсуудаас илүү мэдэж байгаа, заримдаа ч их бухимдана. Мэдэж байгаа учраас хойш суулгүй бие сэтгэлээрээ зүтгэж байгаа. Нэг айл гэрийнхэн учраа олоход амаргүй байдаг шиг ийм том аварга намын олон арван мянган гишүүдийгээ нэгтгэж учир жанцанг олж явна гэдэг мэдээж амар хялбар биш. Гэхдээ нийтийн хүчээр нэгэн зүгт зориглон хөдөлвөөс мэдэхгүй,чадахгүй зүйлгүй болж цэнгэлийн манлайд хүрч болохыг гагцхүү бидний сэтгэлийн чин зориг мэднээ гэсэн алдарт сургамжит үг бий дээ.

-Ц.Нямдорж гэснээс Том, Жерри хоёр шиг та хоёр бас нэг үзэлцээд авсан удаатай. Та хоёр одоо ямар харилцаатай байдаг вэ?
-Эр улсын дунд ажил хэргийн чанартай ам муруйх юм байна шүү дээ. Тэр дундаа нэг салбарын улс. Санал зөрөлдөх, шийр заах мэтийн элдэв асуудал амьдрал юм чинь байна ш дээ. Сүртэй юм биш шүү дээ.

-Тийм ч биз. Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Байнгын хорооны дарга гэдэг бол зүгээр нэг тоглоомын ажил биш байдаг л даа. Таныг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга байхад “хар машин”-ы асуудал батлагдсаан. Энүүгээр танай намын зарим нэг гишүүд таныг буруутгах хандлага байдаг юм байна лээ. Хэдийгээр гэнэн шүүмжлэл ч та энэ тухайд юу гэж боддог вэ?
-Яахав тийм зүйлийг өнгөрсөн жил намын бага хурлын үеэр намайг ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшихэд зарим нэг улсууд маань зориуд хөндсөн л дөө. Намайг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болох үед Д.Дэмбэрэл дарга хүлээж аваад “За,Ж.Сүхбаатар аа, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга боллоо. Залуу хүн,чиний цаашдын улс төрийн ирээдүй энэ байнгын хорооны даргын ажлыг хийхээсээ илүүтэй энэ байнгын хорооны өмнө зогсож байгаа хоёр том ажлыг яаж шийдвэрлэхээс шалтгаална шүү. Итгэл найдвар хүлээлгэж байна шүү. Нэг нь Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудал. Нөгөө нь сонгууль. Энэ хоёр асуудал бол монгол төрийн том асуудал. Хэцүү асуудал. Чи яалт ч байхгүй энэ ажилтай тулгарч байна. Сонгуулийн шинэчлэлийг урагшлуулах ёстой, ахиц гарах ёстой. Энэ хоёр асуудал дээр л чи өөрийгөө харуулна даа” гэж хэлж захиж байсан. Сонгуулийн шинэчлэлийн хүрээнд 2008 оны тэр хэрэг явдлын үеэр юу яригдсан юм бэ гэхээр зөвшилцөл явагдаж байхад таван хүний амь нас эрсэдсэнтэй холбоотой асуудал ярих үед сонгуулийн булхай луйврын асуудлыг л гол нь ярьсан. Тэнд хөндөгдсөн гол асуудал гар тооллогоор санал тоолдогоос үүдэж их луйвар гарч байгаа тухай л байхгүй юу. Тийм болохоор үүнийг хяналттай болгох тухай гол асуудал босч ирсэн. Байнгын хорооны дарга болоод юун түрүүн хоёр асуудлыг хүлээж авсан. Нэг нь болохоор 2008 оны хавар ш дээ. Өмнөх парламент  бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас гурав дөрөвхөн сарын өмнө орон нутгийн сонгуулийг, УИХ-ын сонгуультай хамт явуулна гээд хуульд өөрчлөлт оруулчихсан юм байна лээ. Орон даяар нөгөө аймаг,нийслэл,сум,дүүргийг бүгдийг нь хамтад нь хийхээр. Мэдээж энэ бол нүсэр ажил гэдэг нь ойлгомжтой. Дараагийнх нь юмыг харсан чинь автомат машинаар санал хураана гэдэг асуудал шийдчихсэн байсан. Төсвийн байнгын хороон дээр 2010 оны 11-р сард манай намын бүлгийн ажлын хэсэг нөгөө намын бүлгийн ажлын хэсэг хоёр автомат машин,тоног төхөөрөмжийг худалдаж авах тухай асуудлыг  хууль гараагүй байхад худалдан авч хэрэглэнэ гээд УИХ-ын нэгдсэн хуралдаанаар төсөв батлах үеэр дотор нь оруулаад 24 тэрбум төгрөгний асуудлыг нь шийдчихсэн юм билээ. Тэр үед би үнэхээр мэдээгүй, Төсвийн байнгын хорооны гишүүн биш учраас зарим төсвийн заалтуудыг сайн мэдэхгүй байх явдал гардаг юм. Таминь ээ, сонгуулийн хууль гараагүй байна, тусгай ийм хууль хэрэгтэй гэж  би шаардаж худалдан авалтыг хэдэн сар хойшлуулсан юм. Тэгээд сүүлдээ явсаар байгаад УИХ-ын удирдлага,бүлгийн удирдлагаас ер нь нэгэнт Төсвийн байнгын хороон дээр төсвийн хууль гараад, нэгэнт шийдэгдчихсэн худалдан авах ажиллагаа яригдаж байгаа энэ цаг үед хууль зүйн орчныг бүрдүүлэх ёстой. Тэгээд Байнгын хорооны даргын хувьд надад үүрэг өгсөн.Сонгуулийн шинэчлэлийн ажлын нэг хэсэг нь шүү дээ, энэ чинь. Цаана нь бүртгэл энэ тэр гээд маш олон шинэлэг зүйлүүдийг нэвтрүүлэхээрхүлээгдэж байсан. Нэлээн санаачилга гарган зүтгүүлж би эмэгтэйчүүдийн 20 хувийн квот гээд л олон шинэ зохицуулалт бусад нөхөдтэйгээ хамтран хийсэн нь үнэн, түүгээрээ бас бахархаж явдаг. Тэгээд яахав унасан хүнд шалтаг мундахгүй гэж манай зарим нэг хүмүүс хар машины асуудлыг энэ нөхөр бараг дангаараа толгой мэдээд шийдсэн. Тэгж байж биднийг унагалаа гэдэг юм бага хурал дээр ярьсан. Автомат машин дээр би хуулийг нь гаргуулах гэж санаачлагатай ажилласан нь үнэн боловч автомат машиныг хэрэглэх, худалдаж авах тухай асуудлыг 2010 оны бүр 11 дүгээр сард намайг Байнгын хорооны дарга болохоос сарын өмнө Төсвийн байнгын хороон дээр манай хоёр намын нэр бүхий гишүүд яриад нэгдсэн хуралдаандаа санал хураагдчихсан байсан. Харин автомат машины хуулийг хэрэглэхдээ Сонгуулийн ерөнхий хороо хуульд тусгасан байсан хяналтын механизмыг зориуд журмаараа хасч том толгой гаргаж, сонгогчдын итгэлд сэв суулгах ажлыг хийсэн шүү. Тэрийг нь манай улсууд дутуу ойлгодог учраас намын хурал дээр ганц нэг хүн асуусан. Надад хариулах, тайлбар өгөх боломж олдоогүй юм. Зарим нь ч намайг бараг “Ардчилсан намын тагнуул, захиалгаар ингэж ажилласан” гэж хэлсэн шүү дээ. Хоёр гурван нөхөр тэгээд ярьж явдаг юм билээ. Нэрийг нь хэлээд яахав. Тэр нөхдүүдэд миний талаар өөр өнцөгдүүлж өөлж ярих юм олддоггүй юм байлгүй.

-Төрийн эрх ашгийн дээр намынхаа эрх ашгийг тавьж явсан үе танд бий юу.  Жишээлбэл З.Энхболдыг бүтэн жил парламентад оруулж ирэхгүй гацааж байсныг тань санаж байна. Тэр үед таныг намынхаа даалгавраар  л ажиллаж байна гэж хардаг байсан. Яасан зуудаг нохой шиг нөхөр вэ, салж өгөхгүй ноцолдоод. Шартай амьтан бэ гэх мэтээр хардаг байлаа. Энэ бол хөндлөнгийн нүднүүд шүү дээ. Танд намынхаа эрх ашгийг төрийнхөөс дээр тавьж явсан үе үнэхээр бий юу?
-Монголын нийгэмд ашиг сонирхлын зөрчлийн асуудлууд, хуулийг давсан эрх ашгийн тухай юмнууд их явж байна. Улс төрд явж байгаа хувь хүн улстөрчийн үүднээсээ асуудалд ханддаг байдал, ажил үүргийн нэг тийм онцлог хүрээнд үйл ажиллагаагаа явуулах гээд байх нь бий. Анх Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргаар томилогдоходнас залуу, тэгээд хуульч хүн шиг л зүтгэсэн. 2004 оны сонгууль амаргүй байсан. Эрх барьж байсан 70 гаруй суудалтай байсан нам хоёр дахин бага суудал авсан. Ийм нөхцөл байдал үүсч, анхны том маргаан үүсч байсан. Хэд хэдэн тойргууд дээр сонгуулийн маргаантай дүн гарсан. Тэгээд хуулиар оногдсон үүргийн дагуу Сонгуулийн ерөнхий хороог төлөөлжхэд хэдэн маргаанд шүүх дээр очсон. Яах аргагүй Баянзүрх дүүрэг дээр Ж.Гүррагчаа баатар, Сам.Отгонбаяр нарын маргаантай асуудлууд, З.Энхболдтой холбоотой асуудлууд тэгээд бас хэд хэдэн тойргуудтай холбоотой асуудлууд гарсан. Би бүтэн жил зургаан сар шүүхийн үүд сахиж суусан л даа. Байсхийгээд л дуудагддаг, их юм болсон доо. Гэхдээ намайг зарим нь МАН-ын гишүүн намынхаа улаан хамгаалагч хийж байна гээд л мушгиж ярьж бичиж л байсан. Тухайн үед би намын гишүүнээсээ түтгэлзсэн байлаа. Ер нь тухайн үед намын өмнө хариуцлага үүрч суугаагүй ээ. Миний хувьд хуулийн өмнө, түүхийн өмнө хүлээх хариуцлагатай л улаан нүүр тулж байсан цаг. Үндэсний эрх ашиг гэдэгтэй адил түүхийн өмнө хүлээх хариуцлага гэдэг юм орой руу орж ирдэг юм билээ. Тухайн үед нөхцөл байдал амаргүй байсан. Хэд хэдэн тойргууд дээрх маргаанаас болж Засгийн газрын асуудал эгзэгтэй байдалд орчихсон. Тал талаас дайрдаг. Ойлгож байгаа мөртөө л дарамт шахалт аль аль талуудаас ирж байгаа юм. Миний хувьд түүхийн өмнө хүлээх хариуцлага, улс орныхоо төрийн эрх барих дээд байгууллагын хууль ёсны бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байх өндөр зарчим дээрээс дарна. Би анх удаа л тэр үеийн тухай зарим тодорхой зүйлийг ярьж байна. Тухайн үед би ер нь ийм зарчимгүй байдал удаан үргэлжилвэл огцорчихвол яадаг юм гэж ганц нэг хүнд хэлж л байсан. Хэрэв би тэгээд дарамтаа даахгүй огцорчихвол төрд хамгийн хорлонтой үр дагавар ирнэ. Хэн ч сонгуулийн хууль ёсны үр дүнг зөвшөөрөхгүй байдал руу ороход хүргэж магадгүй байхгүй юу. Тэгвэл тэгээд улс төрийн ноцтой хямрал үүсэх байсан. Их юм болсон шүү дээ. Манайхан дөнгөж өчигдөрхөн юу хийж явснаа мартчих юм. Э.Бат-Үүл тэргүүтэй нөхдүүд монголын үндэсний  телевиз рүү дайраад орчихсон. “АН- М.Энхсайхан” тэргүүтэй нь Сонгуулийн ерөнхий хороог шийдвэр гарга гээд бас дайрч ороод суучихсан байсан. Бид нар үгүй ээ, хуулиа баринаа гээд л хараалгаад зануулаад л суусан. Тэгээд би хэлж байсан. Тэр нэр бүхий том улстөрчдөд. “Ийм байдлаа удаан үргэлжлүүлвэл, Сонгуулийн ерөнхий хороо ажиллах аргагүй болох нь байна шүү. СЕХ-ны ажиллах нөхцлийг бүрдүүлэхгүй бол сонгуулийн үр дүн өөрөө асуудалд орно шүү. Ажиллах боломж олго” гэж. Тэнд байсан манай хорооны дарга ч гэсэн М.Энхсайхан даргад ажиллах боломж олгоочээ та нар гэж хэлж шаардаж байсан. Ингээд маргаантай асуудлууд шүүхийн журмаар шийдэгдсэн, яг журмаараа. Таны онцлоод байгаа тэр З.Энхболдын тухайд түүний талд шийдэгдсэн. Нөгөө тойргууд дээр ч шийдвэрүүд гараад явсан. Энэ шийдвэрүүд нь эцсийн дүндээ СЕХ-ны эцсийн шийдвэрээр бишдандаа шүүхийн шийдвэрээр эцэслэгдсэн. Ямар ч гэсэн Ж.Ядамсүрэн гэдэг даргатай, Ж.Сүхбаатар гэдэг нарийн бичгийн даргатай СЕХ  Монголын төрийн хэвийн үйл ажиллагааг хадгалахын тулд зүтгэж байсан. Бидний зүтгэлийн үр дүнд Монголын төр тогтвортой байдал руу орж явж чадсан. Тэгэхэд 2008 онд юу болж яалаа даа.

-Н.Энхбаярыг цөөнхийн бүлгийн дарга байхад та хуулийн зөвлөх нь байсан байх аа?
-Тийм.

-Залуухан, жаахан залуу тухайн үед цөөнхийн бүлгийн хуулийн зөвлөх гээд гараад ирэх сонирхолтой л байсан. Энэ ажлын саналыг танд хэн тавьсан бэ?
-Та намайг өнгөрсөн цаг хугацаа руу авааччихаад байх юм. Хүн чинь ер нь хэсэгтээ л өнгөрснөө тэр бүр бодох завгүй явж байдаг юм байна. Одоо өнгөрсөн юмаа заримыг нь сэргээж бодохоор сонин сонирхолтой гэмээр дүр зургууд их орж ирдэг. Би 1997 оноос С.Төмөр багшийн туслах байсан. Залуухан хуульч, бас ажлынхаа хажуугаар хичээл ном заадаг. Тэр үед Намын бүлгийн ажлын албаны дарга байсан Х.Баатар дарга, Сүхбаатараа чи нэг энэнд туслаадах гэх мэтээр хандана. Тэгээд би зарим юмыг нь хийж өгдөг байсан. Тэр үед чинь их цөөхүүлээ цомхон ажилладаг байлаа шүү дээ. Намын үндсэн ажил цагаан байранд гэхээсээ илүү бүлэг дээрээ төвлөрдөг байсан юм. Манай тэр цөөнхийн 25 гишүүн чинь л язгануулж, бүх юмаа зангиддаг байлаа шүү дээ.

-Үнэхээр хүчтэй цөөнх байсан. Хүссэнээ л хийж чаддаг байсан даа.  
-Тэгээд явж байхад надад Х.Баатар дарга анх ийм ажил чамаар хийлгэмээр байна гэж хэлдэг юм. Би бас С.Төмөр багшид хэлье баръя гээд. Чи өөрөө юу гэж бодож байна гэхээр нь би ажиллая гээд гарч байсан. Тэгээд С.Төмөр багшид хэлсэн чинь “Тийм боломж байгаа бол ажилла, би дэмжье” гэсэн. С.Төмөр багш маань тухайн үед Ц.Нямдорж, Н.Энхбаяр дарга хоёуланд нь хэлсэн гэсэн. Ажил хийх чадвартай, итгэл даах залуу хүн шүү гэж. С.Төмөр багш маань батлан даасан шиг байгаа юм. (инээв) Ингээд л би гэдэг хүн тэр нэр хүндтэй намын бүлэгт анх орсон доо. Тэр үед манай цөөнхийн бүлэг чинь нэг гэр бүл шиг байдаг байсан. Халуун дулаан уур амьсгалтай. Өрөө өрөө рүү нь ороод гарахад л үргэлж  хоорондоо зөвлөлдөж байна, яаж ажил үүргээ гүйцэтгэдэг байсан гэж бодно. Бүр гал тогооны нарийн ширийн юмнуудаа хүртэл хуваарилж авдаг байлаа шүү дээ. Чи тэрийг, Нооёо чи тэрийг шүү, Адилбиш чи тэрийг тэгнэ шүү, Зэнээ чи тэгсэн шүү. Одоо яг ингэ гээд л. Зангидсан гар шиг ажилладаг байсан.

-Одоо танай хэд чинь бас 25 билүү?
-26 шүү дээ. Тэр үеийн Үндсэн хуулийн орчинд гол юм нь саналаа нууцаар хураадаг, бас ирцийн босго өндөр байсан. Саналыг нууцаар хураадаг байсантай бүх юмны учиг холбоотой. Түүнээс биш манайх л  бужигнуулаад байсандаа биш. Эдний чинь зарим дарга болох сонирхолтой гишүүд нь цөөнхийн гишүүдтэйгээ ирж ярьж гуйгаад л явдаг байсан шүү дээ. Одоо л МАН-ынхан л бүх Засгийн газруудыг минь унагаж байсан гээд ярьцгаадаг болохоос.

-Уг нь бол Баяраа өөрөө л ширээн дээрээс унаад байсан ш дээ гэж үү?
-Мөн мөн. (инээв) Яг л тийм шүү дээ. Одоо болохоор монгол төрийн хөшигний арын амьдралыг мэдэх хүмүүс нь бүгд байхгүй болчихсон юм шиг, энэ төр ой санамжаа алдчихсан юм шиг аашлаад “МАН-нхан л биднийг түлхэж унагаасан” гэж яриад байцгаадаг байхгүй юу. Ер нь бол “Баяраа өөрөө л унаад байсан” байхгүй юу. (инээв)

-Аймаар цөөнх байсан шүү, манай мөн ч олон Засгийн газрын ясыг барьсан даа гээд ярьцгаадаг л даа.
-Түлхүүлээд л унаад байсан гэдэг. Эрх барьж байж түлхүүлээд л унаад байдаг нь бас логик муутай байгаа биз дээ. Одоогийнхтой харьцуулахгүй. 50 хүнтэй байлаа ш дээ, Ардчилсан холбоо эвсэл чинь. Харин манай нам дараа нь гарч ирээд бий болгосон асар их өр авлагыг нь цэгцлэх гэж хоёр жилийн ажил л лав болсон юм даг. Орон нутгуудаар яваад л очиход бүх газрууд бүсээ чангалчихсан, цалин тэтгэвэр байхгүй, өрийн дарамтад орчихсон л байсан. Түүхийн үйл явдлууд халуунаараа хөрч амжаагүй байгаа шүү дээ.

-Одоогийн танай цөөнхийг их сул гэдэг. Ажиллаж чадахгүй байна л гэцгээх юм.
-Тэр үеэс хойш 12 жилийн дараа буцаад бид сөрөг хүчин болж байна. Энэ 12 жилийн хугацаанд их юм өөрчлөгдсөн. Тэр цаг үеийн нөхцөл байдлыг энэ цаг үеийнхнээс нэхэж, харьцуулж болохгүй л дээ.

-Сонин холимог баг. Улс төрийн мэргэшсэн кадрууд нь байгаа харагдавч, гадаадаас нисч ирээд л гишүүн болоод ороод ирчихсэн хүүхдүүдтэй зэрэгцээд суучихсан. Нөгөөдүүл нь хөрсөө мэддэггүй.  
-Одоо сайн дасгалжуулах л ёстой. Тэднийг янз янзаар хэлдэг ч гэсэн ямар ч тохиолдолд ая эвээ олж, гар хөлөө нийлүүлж л  ажиллах ёстой. Нийгмийн шаардлага аймаар хатуу байгааг эрхбиш бид мэдэрлээ шүү дээ. Нийгмийн тэр хүлээлт шаардлагыг хангахын тулд бид нар дахиад илүү сайн ажиллах шаардлагатай байна. Үүнийгээ ч бид хаа хаанаа ойлгож байгаа. Нэг үеийн түүхээр нөгөө үеийг харьцуулж дарамталж бас болохгүй шүү дээ.

-Тэр үеийн хүмүүс бие хүмүүс байсан. Тэр талаас нь илүү дурсдаг юм.
-Ирцээрээ л асуудал үүсгэж болдог байлаа шүү дээ. Талийгаач О.Дашбалбар гишүүн манай талд байхад л ирцийн асуудал болдог байсан. Одоо яаж байна. Манай намын нэг гишүүнийг нэг байнгын хороонд, өөрсдөө болохоор гурван байнгын хороонд. Одоогийн энэ УИХ-ын удирдлагууд Монголын төрийн  түүхийг ямараар бичиж үлдээж байгаагаа хардаг болов уу. Монголын ард түмний гуравны нэгийн өгсөн саналыг парламент дээр арван хэдхэн хувь болгож хоёр, гурав дахин жижиглэж байна шүү дээ. Энэ чинь парламентын ардчиллыг устгаж байна гэсэн үг. Нэгдсэн хуралдаан дээр кнопоор шийдэгдэж байна гэж хөөрөгдөж яриад байгаа болохоос биш байнгын хороон дахь МАН-ын бүлгийн оролцоо үндсэн суудлаасаа хоёр  дахин бага байгаа. Энэ юуг харуулж байна вэ. Цөөнх ямар тохиолдолд цөөнх шиг байдаг юм бэ гэхээр цөөнхөд парламентын ардчиллынх нь хүрээнд олгогдсон эрүүл саруул боломжууд нь нээлттэй байсан тохиолдолд л шүү дээ. Өмнөх цөөнх бол хугацаагүй завсарлага авдаг байсан. Энийгээ олон тохиолдолд сөрөг ашигладаг байсан ч энэ нь зарим талаар олонхийн түрэлт дайралтаас зогсоох, бодох, харилцан ярилцах, зөвшилцүүлэх механизмыг бий болгодог байв. Гэтэл одоо тэрийг нь бүгдийг нь хурааж аваад, дээр нь байнгын хороон дахь оролцоог нь жижиглэж хаяад явж байна. Ийм байж шууд ардчилал, иргэний нийгмийн оролцоо гэж худлаа хоосон зүйл ярьж ард түмний тархийг угаагаад яах юм бэ. Та нар оролцохгүй байж бай, бид нар энүүхэн эндээ л шийдвэр гаргана. Бид олонх. Та нар дуугүй бай, дуугүй дага л гэдэг болсон шүү дээ.

-Түүхэндээ анх удаа танай лидерүүд буйдан дээр плакат барьж суухдаа хүртэл тулж “ядарлаа”. Гэхдээ надад бол гоё л тэмцэл санагдсан. Ер нь улс төрийн хар ажлаа хийж үзэх хэрэгтэй шүү дээ.  
-Би ч гэсэн өөрийгөө, өөрсдийгөө шүүмжлэлтэй нүдээр харсан л даа. Ер нь бид чинь нэг тийм дарга, түшмэл стильтэй. Нэг талдаа энэ дүр төрхийг бас ойлгож болно л доо. Манай нам чинь төр барих школтой, ачаа үүрээд сурчихсан, хариуцлагаас зугтдаггүй нам. Төрийг удирдаж, улс эх орноо авч явдаг нам. Нөгөө нам маань сэлэм л эргүүлдэг, тэгээд засгийн эрхийн төлөө л үздэг, авахын төлөө л ажилладаг байнга сонгуулийн пиар хийдэг нам байсан. Ямар нэгэн аргаар манай намыг унагах ёстой гэсэн л хорсол дээр ажиллаж ирсэн, сэтгэл зүйн тийм гүн шаналгаатай л нам. Энэ хоёрын чинь хооронд тэмээ ямаа шиг ялгаа бий шүү дээ.

-Түүхийн, төлөвшлийн л ялгаа. Давуу тал гэж бас бодит хүчин зүйлс бий. Үгүйсгэх бололцоогүй.
-Миний саяны хэлсэн ялгааг ч үгүйсгэх бололцоогүй. 

-Л.Гүндалай ирж буйдантай суулт хийж байгаа Ц.Нямдоржид баяр хүргээд л, бас л хор малтсан үйл явдал санагдаж байв уу?

-Би ч гэсэн өөрөө гадаа жагссан л даа. Г.Занданшатар бид хоёр талбай дээр жагсаад, ордныг гороолоод эсэргүүцлээ илэрхийлж тэмцсэн. Хэдхэн сарын өмнө жагсагчдын бичгийг аваад уулзаж учраад явж байснаа бодож л явлаа. Гэхдээ амьдрал бол баян. Үнэхээр баян шүү.

-Танай нам дараалсан хүнд хүнд цохилтууд амслаа. Тав дараалсан ялагдал болчихов уу?
-Тав дараалж ялагдаагүй шүү дээ. Та алийг оруулж байна. Энэ тав гэдэг яриаг зориуд зарим хүн хэлээд байгаа юм. Бидний ялагдал гэвэл 2009, 2012 онд нэг нэг  ялагдлаа, 2013 онд гээд гурав л ялагдсан. Орон нутгийн сонгуулийг оруулбал дөрөв байгаа байх. Гол ялагдал УИХ-ын сонгууль. Аль ч улс оронд парламентын нэг бүрэн эрхийн циклийн дараа хоёр жилийн дотор ийм том сонгууль болдоггүй. Орон нутгийн сонгууль бусад орнуудад саяынх шиг ингэж явдаггүй ш дээ. Хэсэгчлээд хэсэгчлээд явчихдаг. Бид үндсэн өөрчлөлтөө хийж амжаагүй байж сонгуульд орж байгаа байхгүй юу. Бөхөөр бол нэг тэмцээнд орчихоод л байгаа бэлтгэлээрээ дахин дахин тэмцээнд ороод байхаар чинь яагаад ялагдаад байгаа юм, бэлтгэл дасгалдаа юуг анхаарах уу, хэнийг сольж сойж оруулах уу гэдгээ бодож, бэлтгэж амжихгүй явчихаж байгаа юм. Гэхдээ цаашдаа зөв явахын тулд аливаа ялагдсан нам хоёр жилийн дотор өөрөө өөрийнхөө ялагдалд учир шалтгааны анализ дүгнэлт хийж бүтцийн, арга барилын өөрчлөлт хийж амжихгүй бол дараачийн сонгуульд амжилт гаргахгүй. Тийм учраас бид ялагч нам байхын төлөө намынхаа нэгдэл нягтралыг хангаж шаргуу ажиллах хэрэгтэй болж байна.

-Та бол Дарханы “хүүхэд”. Дарханд төрсөн гэж ойлгодог. Танай Дархан сайхан хот санагддаг. Төрж өссөн гэр бүлийг тань сонирхож болох уу?
-Манай аав С.Жамъянхорлоо Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн. Төв аймгийн Эрдэнэсант суманд өссөн хүн. Дарханы гүйцэтгэх захиргаанд анх мэргэжилтнээр ирж ажиллаж байгаад Дархандаа нэхий эдлэлийн үйлдвэрт очиж ажилласан. Жудогийн спортын мастер, аймгийн арслан цолтой. Аав маань нөхөрсөг, олонтойгоо нийцтэй, хээгүй энгийн нэгэн монгол эр хүн байсан. 

-Таныг нээрээ барилддаг гэж сонссон, бөхийн удамтай юм байна.
-Тийм. Аав маань жудо,самбогоор барилддаг улсын медальтай, самбо бөхөөр олон улсын тэмцээнд явдаг хүн байсан. Тэгээд тэмцээнд оролцоод ирэхээрээ тэр үед нүдний гэм байсан гурилан чихэр, резинин чихэр авч  ирнэ. Сайхан байж дээ. Ээж маань Архангай аймгийн Цэнхэр сумынх. Дархандаа тээврийг удирдах газарт  ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Би гэдэг хүн Ар,өврийн хангайн завсраас л төрсөн хүн дээ. Төрсөн газар маань Дархан. Тодорхой хэлбэл, буянт Бурхантын хөндийн пацаан даа. (инээв)

-Таныг Увсын гаралтай гэдэг яриа яваад байдаг. Тэр ямар учиртай юм бол?
-Би Увсын хүргэн. Увсынхан хүргэнээ ч гэсэн Увсынх гэж бүртгэдэг гэдэг биз дээ. (инээв) Тэр л байх.  Миний хань Увсын Тэсийн бүсгүй бий. Хадмууд маань Увсын Тэсийн улсууд. Манай аав, хадам аав хоёр маань одоо тэнгэрийн оронд байгаа. Дархан хотоороо би бахархдаг. Шинэ Дарханы хуучин хорооллын хүүхэд. Манай гэр анх 6 дугаар байшин гээд Хараа зочид буудлын хажууд байдаг. Дарханы маань ерөнхий зохион байгуулалт алдагдаагүй байгаа энэ хэв маягт нь би хайртай. Ер нь хүн төрсөн газраасаа нэр дэвшиж ялах сайхан. Эцэг эхийн нэрийг хичээж явахаас гадна, өөрийн нэрийг хичээх, наад зах нь өөрөө тодрох яахав, болж өгвөл олон ажил хийж амжуулах, төрсөн газраа өнгөтэй өөдтэй байх ёстой шүү гэсэн давхар давхар сэтгэл зүйн асуудлууд байдаг юм билээ. Найз нөхөд, ээж аавын танилууд гээд бүх л хүний нүд харж байдаг. Нэг зүйлийг бахархалтай хэлж чадна. Өнөөгийн Дархан хотод ажил эрхлэлт, ядуурлын асуудал гээд тулгамдсан нэлээн зүйлс байгаа ч монголдоо үзүүлэх харуулах тийм жишиг юмнууд Дарханд маань их бий. Сүүлийн үед хүмүүс очиж их амардаг болсон байна лээ. Одоо удахгүй газрын тос боловсруулах ажил энэ 2015 он гээд эхлэх байх. Өөр бусад үйлдвэрлэлүүд босоод ирэхээр Дархан, Сэлэнгийн бүс нутагт гүйцэтгэх үүрэг роль улам нэмэгдэнээ.

-Эцэг эхээсээ олуулаа юу?
-Би айлын том. Миний доор дөрвөн эрэгтэй дүү байна. Дандаа банди нар. Эмэгтэй гэвэл ээж маань л байна. Багадаа бид чинь гэр орноо их цэвэрлэдэг. Хамгийн зовлонтой нь айлын том хүүхэд хонины мах эвдэж сур гээд л ноцолдуулдаг. Нөгөөдөхийг нь сайн сурдаггүй. (инээв)  Сурсан юм нь гурил л сайн зуурч нухаж сурсан. Тэрийг манай аав яс хийлгэдэг. Хамаагүй их ус хийлгэж нойтон болгож болохгүй гээ л. Би ч хөлсөө гартал ноцолддог. Тэгээд лапша хийдэг. Тэрэнд нь би бас дургүй ээ. Одоо харин сүүлийн хэдэн жилд лапшандаа орж байх шиг л байна.

-Их “коммунист” хүүхэд байсан гэж сонссон.  
-Тийм байх шүү. Сахилга батын хувьд бүр үлгэр жишээ байсан. Одоо эргээд өөрийгөө харахаар сонин юмнууд дурсагддаг. (инээв)  Намайг манай ангийнхан гайхдаг байсан. Ном их уншина. Тэрэндээ бүр орчихсон. Коммунист хүн зүтгэлтэй байх ёстой. Володя ингэдэг байсан гээд л. Хажуугаар нь дасгал нууцаар хийж эхлэсэн. Хичээлдээ сайн байхын хажуугаар бас бие бялдрын хувьд мундаг байх ёстой гээд л, тэгж байснаа удалгүй хөнгөн атлетикаар явсан. Бас хотын аваргаас медаль энэ тэр авсаан. Аав маань бөхийн хүн юм чинь одоо бөхөөр хичээллэх цаг боллоо гээд наадмаар өсвөр үеийн үндэсний бөхийн барилдаанд Дархандаа хоёр удаа үзүүрлэж, нэг удаагийнхад нь аавтайгаа хамт наадмын талбайд зодоглож, би үзүүрлэж гүрж ногоон цай, халуун савтай 15 төгрөг авахад аав маань бас шагнал авч байсан хүүхэд насны сайхан дурсамж бий. Бас чөлөөт бөх рүү ороод чөлөөт бөхийн хотын аварга болсон. Уг нь жудод илүү авъяас байгаад байх шиг байдаг байсан юм. Өөрөө чөлөөтөд дуртай. Чөлөөтийн аварга болчихоод яг төгсөх аравдугаар ангидаа жудод ер нь оръё доо. Чаддаг арай авъяастай гээд бодож байсан. Жүдогийн хотын аварга болоод л төгсч таарч байгаа юм. Тэгээд л конкурст бэлтгэж ороод эрх зүйн анги авсан. Аз таарахад улсын хэмжээнд таван хүүхдийг л хуулийн ангид улсын тэтгэлэгтэйгээр авсан юм байна лээ. Дарханд нэг нь аз болж ирсэн гэдгийг сүүлд нь мэдсэн. Би олон жил сайн сурсан ч надад татаас энэ тэр байхгүй. Арын хаалгаар авчихдаг гэсэн сураг дуулдлаа. Айгаад гурван долоо хоног одоо бодоход вакумжсан хөтөлбөр өөртөө гаргасан юм шиг байгаа юм. Хүнтэй ч уулзахаа байгаад хаалгаа цоожлоод, сонин уншихгүй хоол өгөхөөр нь хаалганы завсраар л авдаг. Найдвартай хийхийн тулд тэгэхгүй бол тэр олон хуудастай юмыг чинь уншиж чадахгүй байгаад байдаг. Сэтгэл тогтдоггүй цонхоор юм хараад байдаг, гармаар байгаад байдаг. Гэсэн ч тэгж өөрийгөө таслаад л бэлтгэсэн. Эхний гурав хоног тарчлаад л сүүлдээ хүн чинь ууж эхэлдэг юм байна лээ ш дээ, мэдээллээ. Би аль болох эрсдлээ л багасгах гээд бодоод байсан. Би чинь насаараа шахуу дунд талын эгнээнд суусан. Конкурс дээр орохоор суудлын байрлалыг нь сольчихдог юм байна лээ. Тэр ч сэтгэлзүйн хувьд эвгүй байдал үүсгэнэ шүү надад гэж хүртэл бодож байсан. Тэгээд лекц авахдаа нэгдүгээр ширээ, хоёрдугаар ширээ, гуравдугаар ширээ рүү орж сууж өөрийгөө дасгаж байгаа юм. Өөрийнхөө сул талыг засах ёстой гээд л. Тэгээд л конкурст  орсон. Үнэхээр өндөр оноо авч, бурхны авралаар сургалтын төлбөрөөс аав ээжийгөө чөлөөлж тэднийхээ итгэлийг алдаагүй. Тэр үед төлбөрийг нь төлж дийлэхгүй ш дээ. Тэгэж МУИС-ын Хууль зүйн сургуулийн босгыг алхаж амьдралын замаа эхлүүлсэн дээ. Эхний жилээ дотуур байранд юм үзээгүй жаал л ирсэн. Дунд сургуульдаа дандаа бүгдийнх нь итгэл дэмжлэгээр  хүрээлүүлсэн, мундаг амьтан байсан. Энд ирсэн чинь хэнбугай ч биш болж хувирна биз дээ. Олон аавын хүүхдүүдийн дунд орчихсон. Урьд нь Улаанбаатарт 2-3 удаа л орж ирсэн нөхөр шүү дээ. Тэгээд Улаанбаатарт зах зээлийн ороо бусгаа үед хөл тавьсан даа. Нэг жил бараг л тэнтэр тунтар. Нэгдүгээр  курсээсээ арай хийж нэг юм дуусгасан, МУИС-ын оюутны нэгдүгээр байранд нэлээн хэдэн жил байсан даа. Дараа нь ч хэд хэдэн дотуур байраар дамжсан. Энэ дүүргүүдийг чинь бүгдэнгээр нь дамжсан ш дээ. Төгсөөд МУИС-д хуулийн багшаар үлдэж байгаа хүн л дээ, уг нь. Намайг  багш нар маань МУИС-ын захиргааны эрх зүйн танхимд үлдээх гэж байтал С.Төмөр багш УБ-эрдэм сургууль руу багшаар, бас гишүүнийхээ туслахаараа ажилла гээд урвуулаад аваад явсан. Тэгээд ажиллаж байгаад л УИХ дахь намын бүлэгт хуулийн зөвлөхөөр ороод 2001 онд УИХ-аас Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргаар томилогдож байсан. Таван жилийн хугацаатайгаар. Залуухан хүүхэд ш дээ. 26-тай байсан байх. С.Төмөр багш л Л.Энэбиш даргад анкет өгч байсан юм байна лээ. Ийм боловсон хүчин байгаа шүү гээд. Ийм зузаан анкетнуудаас сонголоо шүү гээд зузаан анкет руу заагаад чамайг би бас боломжийн хүн гэж бодлоо. Бүлгийн ахлагчаас чинь ч асуулаа ажлаа давгүй хийдэг гэж байна гээд Л.Энэбиш дарга хэлж байсан. Л.Энэбиш даргад би талархаж явдаг.  

 -Та хэр уян хатан хүн бэ?
-Надад нэг дутагдал бий. Би ажил алба хашиж байхдаа алба хаагчидтайгаа нэг их ам зөрдөггүй байсан. Дээшээгээ бол цөөн тохиолдолд сөрдөг. Тэр цөөн тохиолдол нь тэгээд их хүчтэй сонсогдчих юм. Би зориуд тэгээд байдаг юм биш. Хамт ажиллахад зовлонтой хүн бол би биш. Өөрийгөө их уян хатан гэж амьхандаа боддог. Гэхдээ зарим хүнд тэгдэггүй юм шиг байгаа юм. Ямар ч гэсэн надад хулхидуулчихлаа,бусдыг ялгалаа, хов жив хутгачихлаа, ажлаа тасалдууллаа ч гэдэг юм уу тийм юманд би өртөж байгаагүй. Гол боддог зарчим маань ажлын горим,машин л зөв хэвийн ажиллаж байх ёстой. Буруу эргүүлгүүдээс нь тухай бүр ангижруулж байх ёстой, байгаагаас нь илүү сайжруулах ёстой гэсэн л зарчим барьдаг.

-Намын аппарат ялалтын төлөө явдаг нь жам юм. Та яг өөрийнхөө намыг өмөөрөлгүй хариулаарай. Танайхан саяны Ерөнхийлөгчийн сонгуульд хагас нь зүтгэсэн үү, ер нь?
-Яах аргагүй бид зүтгэсэн. Манай Ө.Энхтүвшин дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, манай намын төв аппаратад ажиллаж байгаа нөхдүүд маань, тэгээд дээрээс нь Д.Дэмбэрэл дарга, Д.Лүндээ, Ц.Нямдоржоос эхлээд орон нутгийн намынхан, залуучууд гээд бүгд зүтгэсээн. Зарим газар нь нэр дэвшигчтэйгээ ч цуг зөндөө явлаа. Цөөн зарим нэгнийг эс тооцвол ёстой л эрвийх дэрвийхээрээ бүх хүн зүтгэсэн дээ.

-Таныг генсект нэр дэвшинэ гэсэн таамаглал их явж байна. Та өрсөлдөх нь үнэн үү?
-Энэ бол бодож бас тухайн цагт нь бүрэн хариулах асуудал. Намд, ялангуяа намын удирдлагад явж байгаа хүнд ёс суртахууны, бас цаг хугацааны зарчим үйлчлэх ёстой. Өнөөдөр манай намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүтэй удирдах зөвлөл үүргээ одоогоор албан ёсоор гүйцэтгэж байна. Тэгэхээр улстөрч хүнийхээ хувьд аль ч талаасаа бодсон ёс суртахууны хувьд ч энэ асуудлаар байр сууриа илэрхийлэх нь зохисгүй, хүндэтгэлгүй явдал. Шулуухан хэлэхэд ийм байна. Улс төрийн амьдрал чинь таашгүй шүү дээ. Өнгөрсөн жил би генсект  өрсөлдсөн үү, өрсөлдсөн. Би өрсөлдөөнөөс айдаг хүн биш. Хариуцлага үүрэхэд бэлэн байх нь миний итгэл үнэмшил,баримталж ирсэн зарчим.
http://ganchimeg.niitlelch.mn

No comments:

Post a Comment