ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан А.Алимааг гадагшаа явах гээд бэлтгэлээ базааж байхад нь уулзаж ярилцлаа. Тэрбээр Монгол, БНХАУ-ын хамтран байгуулсан уртын дууны соёлын өвийг судлах, хамгаалах хоёр улсын дундын хорооны гишүүн юм. Монгол туургатны уртын дууны судалгааны ажлаар эх орноо, цаашлаад Өвөрмонголын ихэнх аймгийг бараг “нүхэлчихсэн” энэ бүсгүй нийт монгол угсаатны гайхамшигт энэхүү соёлыг шинжлэх ухаанд нэг алхам ч болов урагшлуулахаар мэрийж буй. Түүнийг Шинжааны Баруун хойд үндэстний их сургуулиас нэг сарын хугацаатай лекц уншуулахаар урьжээ. “Миний очих газар Гүмбүмтэй ойрхон гэсэн. Тэнд байх хугацаандаа ээжийгээ аваачиж мөргүүлнэ” гэснээр бидний яриа эхэлсэн юм.
-Гадаад, дотоодод зохиогддог олон улсын эрдэм шинжилгээний хурлуудад л их оролцдог болохоос яг гаднын оюутнуудад лекц унших гэж байгаа минь анхных. Гэхдээ өвөрмонголчуудтай урьд нь бишгүй уулзаж байсан. Тэгээд анзаарч байхад Өвөрмонголын оюутнууд их нухацтай юм шиг санагддаг. Аливаа зүйлийг олон талаас нь өргөн хүрээтэйгээр ойлгож, бүрэн дүүрэн сурч мэдэхийг эрмэлздэг. Хаана, ямар шинэ ном, өгүүлэл гарна, тэр бүрийд “Та үүнийг юу гэж бодож байна” гээд л асуух жишээтэй. Тийм хүүхдүүдэд хичээл заах хүн нэлээд өргөн мэдлэгтэй байх ёстой. Миний хувьд уртын дууг судлаад арав гаруй жил болж байгаа учраас гологдохгүй гэж бодож байна.
-Уртын дууны асуудлаар Монгол, Хятад хоёр улсын хамтарсан хорооны гол ажил юу вэ. Урагшаа явах тань үүнтэй холбоотой юу?
-Би энэ удаа Хэл зохиолын хүрээлэнгийнхээ шугамаар явж байгаа. Манай хорооны гол ажил бол Монгол болоод Өвөрмонголд уртын дууны өнөөгийн байдал ямар байгааг хамтарсан экспедиц гарган тандан судлах явдал байсан. 2008 онд Хятадаас эрдэмтэд ирээд бид Монголын нутгаар хоёр хуваагдаж ажилласан. Хангайн халхчууд буюу төв халхын багийг би ахалж, Говийн халхчуудын судалгааны багийг хөгжим судлаач, доктор Ж.Энэбиш гуай удирдсан. Энэ бол биет бус соёлын өвийн талаар Монгол, Хятад хоёр улсын хамтарсан анхны судалгаа байсан. Ингэхдээ хоёр баг нийт 400 гаруй ардын авьяастан уртын дуучинтай уулзаж, дуу хоолойг нь бичиж авсан. Монголын уртын дууны соёлын өвийг ингэж өргөн хүрээтэй судлах, хадгалж хамгаалахад Хятадын талаас хээрийн судалгаа шинжилгээнд шаардлагатай тоног төхөөрөмж, унаа машинаас эхлээд нэлээд хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн.
Харин энэ судалгааны үеэр “Яагаад манай уртын дууг хятад хүмүүс ирээд судлаад байна, энэ ер нь юу болох нь вэ” гэхчилэн багагүй яриа гарсан. Би иймэрхүү зүйл дээр арай өөр бодолтой байдаг. Уртын дуу нүүдлийн соёл иргэншилтэй хүмүүст бүгдэд нь нийтлэг байд лаар илэрч байгаа. Тэр дундаа Өвөрмонгол, Монгол хоёр түүхийн явцад холдож тус гаарлагдчихсан болохоос нэг л угсаатай. Тэнд уртын дуу, морин хуур, хөөмий байна, дуулдаг хүмүүс нь байна, соёл уламжлал нь байна. Тэгэхээр үүнийг миний, манай гэж өм чирхөх нь өрөөсгөл ойлголт. Аливаа соёлын өвийг хав дараад, хадгалаад байвал хамгаалалт болдог юм биш. Харин ч түүнийгээ ил гарган хүмүүсийн анхаарлыг тэр зүгт хандуулж, хамтран судалж, гаднынхны хөрөнгө оруулалтыг татах нь зүйтэй. 2009 онд бид Өвөрмонголын нутгаар мөн хоёр хэсэгт хуваагдан явсан. Эцэст нь судалгааны ажлаа дүгнэн, “Уртын дууны урт замаар” гэдэг ном хэвлүүлэхээр болсон. Энэ бол жинхэнэ ардын авьяастнуудын дуу хоолой, нутаг нутгийн онцлогийг харуулсан үнэт өв болно.
-Таныг тун удахгүй докторын зэрэг хамгаалах гэж байгаа гэсэн. Ямар сэдэв “барьж авав”?
-Хүрээлэнд орсон цагаасаа хойш уртын дуутай “нөхөрлөсөн” болохоор энэ чиглэлээрээ зэрэг хамгаалж байгаа. Арав гаруй жилийн судалгааны ажлынхаа нэг хэсгийг би монгол уртын дууг бүртгэхэд зориулсан. Хүрээлэнгээс томилолтын мөнгө тэр бүр гаргаж чадах биш, ихэвчлэн хувиараа хөдөөгүүр явж хүмүүстэйгээ уулзаж судалгаагаа хийнэ. Хотгойдуудтай л яг энэ уртын дууны судалгааны ажлаар очиж уулзаж чадаагүй. Бусдыг нь бол гүйцээсэн шүү. Өвөрмонголд уртын дууны холбогдолтой маш олон ном хэвлэгддэг, CD, DVD ихээр гардаг. Бас энэ нутгаар хамтарсан судалгааны багтай нэлээд явсан болохоор их нэмэр болсон.
Хоёрдугаарт уртын дуу монгол туургатнуудад хэрхэн ямар байдлаар тархсан байна, түүнийг аман зохиолын хүрээнээс гаргаж илүү өргөн утгаар нь судлах зорилго тавьсан. Түүнчлэн дуучдын насжилт ямархуу байна, улирч ирсэн хөгжлийн түүх зэргийг нь судлахын тулд би хэл бичгийн ухаанаар уртын дууны сэдвээр зэрэг хамгаалах гэж байснаа болиод соёл судлалын өнцгийг барин, аман зохиолын шинжлэх ухааны тодорхой аргуудыг нь авч хослуулаад зохиол бичсэн.
-Бүртгэл гэснээс Монголд хэчнээн уртын дуу байдаг юм бэ?
-Миний тооцоолсноор нийт монгол туургатны хэмжээнд 3000 гаруй уртын дуу байдаг юм байна. Тэр дундаа гол төв нь болох Монгол 2000 орчим уртын дуутай. Харамсалтай нь өнөөдөр 300 уртын дуу мэддэг хүн манайд алга. Уг нь дээр үед бол ийм хүн олон байсан гэдэг. Манай хэл зохиолын хүрээлэнгийнхэн экспедицээр орон нутгаар явахад нэг суманд дор хаяж 10 уртын дуучин байсан бол одоо сайндаа л хоёр, гурван хүн байдаг болсон. Монголын радиогийн сан хөмрөгт 80 орчим уртын дуу л байдаг юм билээ. Түүнээс өдгөө дуулагдаж байгаа нь 30 гаруй л байна. Тэр их өв сангийн нэгхэн хувь гэхээр хайран байгаа биз дээ.
-ШУА, тэр дундаа танай Хэл зохиолын хүрээлэнгээр ойрд сонин сайхан юу байна даа?
-Энэ онд шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалтыг багасгасан. Шинжлэх ухааныхны онцлог бол нэг сэдвийг сонгож аваад гурван жил судлаад, хүлээлгэн өгдөг. Манай хүрээлэнгийн хувьд ихэнх нь сэдэвт ажлаа өнгөрсөн жил хүлээлгэж өгөөд, энэ онд шинэ сэдэв авах ёстой байсан. Тайлан гаргачих хэмжээний бүхэл бүтэн улирал өнгөрчихөөд байхад шинэ сэдэв батлагдаагүй тул зүгээр л цалингаа аваад явж байна. Шинээр судлагдах ёстой шинжлэх ухааны бүх сэдэв өнөөдөр ийм байдалтай хүлээгдэж байгаа. Хэрхэн арвилан хэмнэлт хийх вэ, сэдвийн давхардлыг яаж арилгах вэ гээд л дээгүүр ярилцаж байгаа юм билээ. Уг нь ийм зүйлийг оны өмнө шийдэх ёстой шүү дээ.
Энэ бол манайхны юмыг урьдчилан төлөвлөдөггүй, ямар ч бодлогогүй явж байгаагийн илрэл. Яам, төр засаг шинжлэх ухааны салбар, тэнд сууж байгаа хүмүүс юу хийж байна гэдгийг огт мэддэггүй. Одоо л гэнэт ухаан орсон юм шиг биднийг анзаарсан байхгүй юу. Бидний муу хэлээд байдаг социализмын үед харин ч шинжлэх ухаанд хөрөнгө мөнгө ихээхэн зарцуулдаг байсан. 1992 онд хамгийн сүүлийн судалгааны баг орон нутгаар явсан. Тэгвэл энэ 10 жилийн хугацаанд аман соёлын хөгжил юу болж байгаа, монгол хэлний хувьсал хөгжлийн байдал, нутгийн аялгуу гээд олон зүйлийг бид мэдэх боломжгүй болчихоод байна.
-Хөдөөгүүр явж байхдаа янз бүрийн сонирхолтой түүх намтартай хүмүүстэй их уулзана биз?
-Орон нутагт судалгаагаар ява хад үнэхээр сайхан. Хэдийгээр амьдрал нь тийм сайхан биш ч тэр хүмүүс дуугаа дуулахаараа бүхнийг мартан нүдэнд нь оч гэрэлтдэг. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын дух Лхагваа гэж нэлээд өндөр настантай уулзсан. Хөөрхий өвөө дуулах гэж байдгаараа хичээгээд, гар нь хөдлөөд байгаа боловч хоолой нь гараагүй. Уг нь бол Лхагваа гуай Заяын гэгээний хүрээнд дуулагддаг байсан айзам, шаш - төр дууг мэддэг их ховор хүн байсан юм. Тэр хүнд хамгийн сүүлчийн Заяын гэгээний ёслолын хувцас болох малгай, дээл байсныг нь амьдралын эрхээр хотод 60-хан мянган төгрөгөөр зарчихсан байсан.
Бас Ховд аймгийн Цэцэг сумын Чойсүрэн гуай гэхэд л уртын дууг хойч үедээ хадгалж үлдээхийн төлөө насаараа зүтгэж байгаа хүн. Найр хуримд дуулахаас эхлээд хүүхэд залуучуудыг цуглуулж, үнэ төлбөргүй хичээл заадаг. Түүнд ганц ч одон медаль байхгүй. “Хүмүүс ардын авьяастан ч гэнэ үү, соёлын тэргүүний ажилтан цол авдаг л юм шиг байна лээ. Би ганцыг нь ч болов авч үзэх юмсан гэж хааяа боддог” гэж билээ. Өнөөдөр зүгээр гэртээ сууж байгаа хүн хүртэл гавьяат аваад найр хуримаа хийгээд байхад яагаад ийм хүмүүсийг дэмждэггүй юм бэ. Дундговийн Дадьсүрэн гэж алдартай дуучин Норовбанзад гуайд анх уртын дуу зааж байсан хүн.
Одоо ч Норовбанзад сангийн байгуулсан уртын дууны сургуульд хичээл заадаг. Гэтэл түүнд “Алтан гадас” ч байхгүй. Ийм хүн олон бий дээ. Хэрэв Өвөрмонголд байсан бол энэ хүмүүст “соёлын өвийг дэлгэрүүлэгч”, “биедээ хадгалан тээгч” гэж үзээд сар бүр 2000 юанийн тэтгэмж олгодог. Саяхан энэ тэтгэмжээ нэмсэн гэсэн. Иймэрхүү хөшүүрэг манайд дутагдаад байгаа юм. Гэтэл жилээс жилд энэ сайхан мэдлэгтэй хүн цөөрөөд л байна. Ховд аймгийн Чандмань суманд Даржаа гэдэг 80 гарч байгаа өвгөнтэй өнгөрсөн намар уулзсан. Өглөө үүрээр адуундаа явсан хүн үдээс хойш 16.00 цаг өнгөрөөгөөд ирж байгаа юм.
Ирэнгүүтээ гаансаа нэг нэрээд, ганц аяга цай уучихаад, авдраа түшин хөлөө бохирч сууж байгаад л дуулсан. Тэгэхэд тэр хүний хоолой ямар сайхан цээл дуугарч байсан гээч. Хоол унд ч үгүй тийм олон цаг хээрээр явж ирчихээд 4-5 уртын дууг бүтэн бадгаар нь дуулж хуурцагт бичүүлнэ гэдэг бол монгол дуучны л чадах гайхамшигтай зүйл шүү. Уртын дуу, хөөмий хүний бие махбодьтой их холбоотой. Маш гүнзгий амьсгаа аваад түүнийгээ их нарийн хуваарилж гаргадаг. Хамгийн чадварлаг уртын дуучид гэхэд ердөө л эрхий хурууны өндөг орох төдий зайтай ангайж дуулдаг. Цуур, тууль ч мөн ялгаагүй. Монгол түмний язгуур урлаг гэдэг бол ерөөсөө л амьсгааны урлаг. Яагаад ийм хүчтэй амьсгаа бидэнд байдаг вэ гэхээр төв Азийн өндөрлөг хэсэгт оршдогтой холбоотой. Өндөрлөг газрын сийрэг агаарыг монголчууд биедээ хуримтлуулдаг учраас амьсгаагаа түгжиж дуу авиа гаргадаг урлаг үүссэн байж болох талтай.
-Ингэхэд та ажлынхаа гарааг хэрхэн эхэлж байв. Хүрээлэнд ажилд орох өндөр босготой гэлцдэг?
-Манай аав, ээж Багануурын бүтээн байгуулалтад анхнаас нь гар бие оролцсон хүмүүс. Би тэнд өссөн. Аравдугаар ангиа төгсөөд Багшийн дээдийн монгол хэл, уран зохиолын ангид элссэн. 1995 онд намайг төгсөх үед нийгэм нэлээд бужигнаантай байсан. Тухайн үед Сурганы хүрээлэн гэж байсан даа. Тэнд гурван жил ажиллахдаа олон сайхан эрдэмтэдтэй танилцаж, номын санд нь цагийг өнгөрөөдөг байлаа. Тэгээд мэргэжлийн хээ дагуу Хэл зохиолын хүрээлэнд орсон. Тэр үед манай хүрээлэнд хөрөнгө оруулалт зогссон, цалингаа тавьж чадахгүйн улмаас бараг хүн үлдээгүй байсан. Шинжлэх ухааны төлөө чин сэтгэлээсээ зүтгэхээр үлдсэн уугуул хэдэн ахмад дээрээ ирэхэд надад уртын дуу гэдэг энэ том сэдвийг оноож өгсөн. Энэ үедээ Польшийн Утга зохиол судлалын хүрээлэнд мэргэжил дээшлүүлсэн. Тэндээс их зүйл сурсан.
-Тан шиг залуу хүнийг шинжлэх ухааны салбарт төдийгөөс өдий хүртэл “уяад” байгаа гол зүйл юу вэ?
-Ерөөсөө л шинжлэх ухаан, эрдэм боловсрол, их мөрөн шиг дөлгөөн багш нар минь. Би энэ ажилдаа дуртай. Арав гаруй жилийн хүч хөдөлмөрөө зарцуулчихаад одоо сална гэвэл урвагч хүний шинж биз дээ. Багш шавийн харилцааны хамгийн эрхэм нандин чанар Шинжлэх ухааны академид л бий. Эрдэм ном байгаа газарт элдэв хор шар, атаа жөтөө байдаггүй. Дээрээс нь надад Монголын шинжлэх ухааны нэг асуудлыг ч болов урагш ахиулах, хүрээлэнгийнхээ нэр хүндийг өндөрт авч явах хүсэл байна.
-Хүрээлэнгийн цаг наргүй ажил залуу хүн, тэр дундаа эмэгтэй хүний чинь хувьд танд өөртөө цаг гаргах эрх олгодог уу?
-Эмэгтэй хүнийхээ хувьд өөртөө зориулах цаг одоохондоо надад байдаггүй. Ямар сайндаа л ганц хүүтэй байх вэ дээ (инээв). Найзууд маань тэнд очиж амраад ирлээ, эндхийн үсчин гоо сайхан чанартай, тэр саун илүү гээд л ярьцгаадаг. Бидэн шиг ажилтай хүмүүст тийм зав тэр бүр гарахгүй. Залуу хүний хувьд амьдралаа бодвол цалин сайтай өөр салбарт ажиллаж болно л доо. Өнөөдөр манай шинжлэх ухааны олон сайхан эрдэмтэн маш ядуу амьдардаг. Монголд оюуны хөдөлмөрийн үнэлэмж мууг бүгд мэднэ. Академи цалингаас бусдаар ажилчдынхаа нийгмийн халамж, хамгааллын асуудалд анхаарал тавьж чаддаггүй. Энэ бүгдээс болоод залуучууд шинжлэх ухааны салбарыг орхих явдал их гардаг. Гэхдээ ажил маань хэчнээн хүнд байлаа ч шинжлэх ухаанаас няцах эрхгүй гэж би боддог.
-Өнөөдөр амтай бүхэн шахам эмэгтэйчүүдийн тэгш эрх, жендерийн харьцаа гэж ярьсаар байгаад биднийг нэг л их дархлагдсан хүмүүс мэт сэтгэгдэл нийгэмд төрүүлчихсэн. Үнэн хэрэгтээ тийм биш санагддаг.
-Үнэндээ хөдөө орон нутгаар явдаг хүн л ард түмний амьдралыг мэднэ. Өнөөдөр манай эмэгтэйчүүд зарим талаар хэтэрхий хүнд ачаа үүрдэг нь үнэн. Иймэрхүү зүйлээс болоод ч тэр юм уу, бүсгүйчүүд маань их бухимдангуй, биеэ барьж чадахгүй болсон санагддаг. Би хөдөө явж байхдаа портер машин дээр гэрээ аччихаад, өөрөө жолоодоод явж байгаа эмэгтэйтэй тааралдсан. Нөхөр нь халамцуу байх жишээтэй. Эмэгтэй хүн өөрийнхөө мөн чанарыг ухаарах хэрэгтэй. Сайхан байх ёстой. Сайн ээж байж, уян хатан гэгээлэг энергийг ойр орчиндоо үлдээх хэрэгтэй. Энэ л хангалттай. Миний нэг дургүй зүйл байдаг юм аа. Эмэгтэй хүн эршүүд болоход үнэхээр дургүй. Өвлийн хүйтэнд зах дээр зогсоод наймаа хийх нь тэдний ажил биш гэж боддог.
Түүнд шинжлэх ухааны “А” үсэг заасан багш нь энэ салбарын жинхэнэ томчууд болох Х.Сампилдэндэв, Г.Ренчинсамбуу, Ж.Энэбиш нар аж. Алимаа хэмээх энэ бүсгүй С.Лувсанвандангийн есөн ботийг оролцуулбал 16, 17 ном бичсэн нэгэн. Тэгээд одоо л “Уртын дууны соёлын орчин, түүний тархалт, бүсчлэлийн онцлог” сэдвээр докторын зэрэг хамгаалах гэж буй. Тэрбээр “Хөгжмийн мэдлэгтэй байсан бол үнэхээр сайхан аа. Тэгвэл уртын дуугаа бүх талаас нь цогц судалчихгүй юу” хэмээн арав гаруй жилийн хөдөлмөрөө чамлангуй сүүрс алдаж суув..
Л.ГАНЧИМЭГ
Эх сурвалж "Өнөөдөр" сонин
No comments:
Post a Comment