Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргалтай ярилцлаа.
-2008 оны долдугаар сарын 1-нээс хойш гурван жил өнгөрлөө. Үймээний үеэр цагдаа нар МАХН (МАН)-ын байрыг л хамгаалж байсан юм биш үү?
-Нэгдүгээрт, "Долдугаар сарын 1"-ний үйл явдал болохоос өмнөх өдөр нь жагсаал, цуглаан хийнэ гэдгээ зарим иргэний хөдөлгөөнийхөн зарлачихсан байсан. Тодруулбал, иргэний хөдөлгөөнийхөн зургадугаар сарын 30-ны өдөр Төв шуудангийн урд талын "0" цэгт замын хөдөлгөөн хаах зэргээр тэмцлээ илэрхийлсэн. Үүнийг хууль бус гэдгийг цагдаагийн зүгээс олон нийтэд мэдэгдсэн. Хоёрдугаарт, долдугаар сарын 1-нд хуулийн дагуу жагсаал, цуглаан болох юм байна гэсэн ойлголттой байсан. Нийтийг хамарсан эмх замбараагүй байдал даамжирна гэж төсөөлөөгүй.
Тэр өдөр иргэний хөдөлгөөний 100 гаруй хүн Сүхбаатарын талбайд цуглаад МАХН-ын байр руу чиглэж байна гэсэн мэдээлэл ирсэн. Яг тэр үед МАХН-ын байрыг гэрээт хамгаалагчид хамгаалж байсан болохоор цагдаагийн хамгаалалт, хүч тавиагүй байсан.
-Хэдэн цагийн үед билээ?
-Үд дундын үед. Улмаар жагсагчид шаардлагаа өгөхөөр орох гэтэл оруулаагүй. Тиймээс ч тэд хүчээр нэвтэрч орсон байдаг. Тэр үед намынхаа байранд Ерөнхий сайд сэтгүүлчидтэй уулзалт хийж байсан. Цагдаагийн байгууллагад "МАХН-ын байр руу хүмүүс дайрч байна. Хууль бус ажиллагаа явагдаж байна" гэсэн мэдээлэл ирсний дагуу Сүхбаатар дүүрэг болон холбогдох хэлтсийнхнийг тэнд ажиллуулсан. Үүнээс эхлээд л цагдаа нар ажиллаж МАХН-ын байрны өмнө үүргээ гүйцэтгэж эхэлсэн.
-Цагдаа нар хээрийн хувцастайгаа бэлэн байдалд байсан уу?
-Үгүй. Эхний үед цэнхэр цамцтайгаа байсан. Байдал хүндэрсэн үеэс байгаа бололцоогоороо зарим дүүргээс нэмэлт хүч ажиллуулсан. Тэр үед гав, бороохой төдийлөн хүрэлцээтэй байгаагүй. Ер нь "Долдугаар сарын 1"-нд цагдаа нар ямар байдалтай байсныг бүгд л харсан шүү дээ. Эргээд тэр өдрийн тухай гэхэд овоо босгож, үймээнийг турхирсан хүмүүс нь өөрсдийнхөө бурууг цагдаагийн байгууллага руу чихээд, өөрсдийгөө цэвэр мэтээр ярьж байна. Овоо босгоогүй бол шувуу хаанаас буух билээ. Өөрсдөө баахан хүнийг өдөөн турхирч дуудаж хууль бус үйл ажиллагаанд оролцуулж, эмх замбараагүй байдлыг бий болгочихоод хяналтаа алдсаныхаа дараа хаяад явчихсан шүү дээ.
-Та О.Магнай, Ж.Батзандан нарыг хэлээд байна уу?
-Тодорхой. Тэр үйл явдалтай холбоотой зарим хүнийг шалгаад, хэрэг нь хэрэгсэхгүй болж, зарим нь Өршөөлийн хуульд хамрагдаад өнгөрсөн. Эцэст нь хууль бус ажиллагаа ямар үр дагаварт хүрдгийг харуулсан том сургаал болсон. Таван хүн эрдэнэт амиараа хохирч, цагдаагийн 300 гаруй албан хаагч гэмтсэн.
-Цагдаа нарын хувцасны хангамж ямар байсныг харуулсан. Толгойны хамгаалалт нь хүртэл чанаргүй байсныг гэрчилсэн байх?
-Түүнээс цагдаагийн хамгаалалтын хэрэгсэл, тусгай хэрэгсэлд анхаарах ёстойг харуулж, хаана хаанаа дүгнэлт хийсэн. Ард түмнийхээ амгалан тайван байдал, хэрэгцээг хангах үүднээс цагдаа нарт сургалт хийдэг болсон. Төсвийнхөө хүрээнд хангамжийг сайжруулахад анхаарч байна.
-Үймээний өдөр цагдаа нар хэдэн цагийн үеэс зодуулж эхэлсэн юм бэ?
-17.00 цагаас хойш байдал хүндэрч хяналтаас гарсан. Цагдаа нарыг барьж байшин барилгад оруулаад зодож байсан. Орой цагдаа нарыг хамгаалалтын бүсээс татчихсан.
-Эргээд шөнө нь цагдаа нар жагсагчдыг зодож хариугаа авсан. Бүр "Дэнжийн 1000"-д аваачиж эрүү шүүлт тулгасан гэдэг.
-Тухайн үед Хүний эрхийн үндэсний комиссынхон, УИХ-ын гишүүд "Дэнжийн 1000"-д очиж бодит байдалтай танилцсан. Тэнд 100 гаруй хүн саатуулах хүчин чадалтай байхад 300 орчим хүнийг түр хугацаанд саатуулж, хууль бус ажиллагаанд оролцсон хүмүүсийг ялгаж салгах ажиллагаа хийсэн. Харин зодсон гэх асуудлыг янз бүрээр тайлбарладаг. Энэ асуудлыг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба, Хүний эрхийн комиссынхон шалгаж эцсийн шийдвэрээ гаргана. Үүнд би тайлбар хийх боломжгүй.
-Тэнд иргэдийг тамлаж, өшөөгөө авч байсан тухайгаа цагдаа нар ярьсан шүү дээ.
-Төр иргэнээ албадаж хяналтад авчихаад эрүү шүүлт тулгах эрх байхгүй, байж болохгүй. Өшөө хорслоо иргэдээс авсан хүн цагдаагийн байгууллагад тэнцэхгүй гэсэн үг.
-"Дэнжийн 1000"-д ажиллаж байсан цагдаа нараа өнөөг хүртэл Ёс журмын албандаа дуудаж байцаадаг, хэлж ярих үгийг нь заадаг юм биш үү?
-Энэ тухай сонсоогүй юм байна.
-Та олон нийтийн хэрэгслээр "Цагдаа нарыг зодож байна" зэрэг мэдээлэл хийснээс үүдэж иргэн, цагдаагийн хоорондох тэмцэл хурцадсан гэж ярьдаг. Зарим хүний яриагаар ЦЕГ-ын албан хаагч худлаа мэдээлэл өгөөд байсан юм биш үү?
-Цагдаагийн байгууллагыг төлөөлж би яриагүй шүү дээ. Онц байдлын штаб телевизэд мэдээлэл өгөх үүрэг чигийг надад өгсөн. Сайнжаргал санаанаасаа худлаа, үнэн ярьсан асуудал байхгүй. Онц байдлын штабынхан ажиллаж мэдээллийн дүрс зэрэг бүх зүйлийг бэлтгэсний үндсэн дээр ярих, тайлбарлах үүргийг л надад өгсөн. Иргэний хөдөлгөөнийхөн өөрсдөө цагааныг хар болгочихоод бусдыг буруутгах асуудлыг ярих нь утгагүй. Бүр сэтгэл мэдрэлийн өвчтэй хүнийг би яриулсан мэтээр ярьж байсан.
-Тэр Баярмагнай гэдэг залууг цагдаагийнхан л үг зааж яриулсан биз дээ. Тэгээд ч Онц байдлын үед МОНҮРТ-ээр тэр хүний яриа олон гарсан.
-Үгүй. 25 дугаар суваг телевиз тэр хүний яриаг анх олон нийтэд цацсан. Дараа нь Онц байдлын штабынхан тэр мэдээллийг нийтэд хүргэхээр болсон. Харин ярих, тайлбарлах үүрэг л надад өгсөн. Угаасаа ч Жагсаал цуглааны тухай хуулиар сэтгэл мэдрэлийн өвчтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийг жагсаалд оролцуулахгүй байх үүргийг зохион байгуулагчид нь хүлээдэг. Гэтэл тэр үүргийг зохион байгуулагчид хэзээ ч биелүүлдэггүй. Хууль бус үйл ажиллагаа ямар эмгэнэлт байдалд хүргэв гэдгийг дахиад хэлье.
-Онц байдлын үед 25 дугаар суваг телевиз түр хаагдсан байсан биз дээ?
-Онц байдал зарлахаас өмнө Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж сурвалжлага хийгээд мэдээллээ цацчихсан байсан. Би сэтгүүлчид нь "Чиний хийсэн мэдээллийн дүрсийг Онц байдлын штабынхан ашигласнаас болж үйлийг нь би үүрч байна" гэж тоглоомоор хэлдэг.
-Онц байдлын штаб таны үгийг зааж байсан юм уу?
-Зааж өгөх биш. Ийм дүрсэн дээр ийм мэдээлэл өгье, бодит байдал ийм байна л гэж хэлж байсан. Би болсон үйл явдлыг л ярьсан, түүнээс биш тийм гаж буруу зүйл мэдээлээгүй.
-Та "Жагсагчид цагдаагийн нүд сохолсон" гэх зэргээр мэдээлэл өгч, иргэдийг улам бүр турхирсан юм биш үү?
-Цагдаагийн нүд сохолсон гэж огт яриагүй. Цагдааг зодож, гэмтээсэн асуудал байгаа шүү дээ. Онц байдал зарлахаас өмнө буюу МАХН-ын байрыг шатааж байхад "Ийгл"-ийн шууд нэвтрүүлэгт мэдээлэл өгч байсан. Дараа нь 25 дугаар суваг телевиз очиж мөн л шууд нэвтрүүлэгт орсон. Тэндээс МҮОНРТ-ийнхэн намайг байрандаа аваачиж ярилцлага авсан. Тэр бүрт тухайн нөхцөл байдлын бодит байдал ийм байна гэх мэдээллийг сэрэмжлүүлэх үүднээс өгсөн.
-Хэний ч зааваргүйгээр ярьсан гэсэн үг үү?
-Яг тийм. МҮОНРТ-д мэдээлэл өгчихөөд эфирээс буухад нэвтрүүлэгч нь зөрөөд Онц байдал зарлаж байсан. Харин Онц байдлын өдрүүдэд Онц байдлын штаб ажиллаж тийм мэдээллийг Сайнжаргалаар өгүүлнэ гэх зэргээр шийдсэн.
-Гэхдээ таныг ЦЕГ-ын биш МАХН (МАН)-ын хэвлэлийн төлөөлөгч шиг ярьж байсан гэдэг.
-Үймээн МАХН-ын төв байрны ойролцоо болсон. Тэнд намын байр шатааж, бусдын эд хөрөнгө шатсан, үрэгдсэн асуудал гарсан. Тэгэхээр миний мэдээлэлд "МАХН-ын байрыг шатаасан, бусдын эд хөрөнгийг сүйтгэсэн" зэрэг үг орохоор л ингэж дүгнэдэг юм. Надад намын харьяалал байхгүй. Тэгээд ч нэг намыг өмөөрөөд байсан асуудал байхгүй.
-Үнэндээ тэр үед МҮОНРТ-ийн эфирийн ихэнх цагт та мэдээлэл хийж байсан. Буудуулсан хүмүүст тусламж үзүүлсэн эмч, хохирогчдыг яриулаагүй байж таны мэдээллийг олон давтаж байсан. Та яг бодит мэдээлэл өгч байсан уу?
-Онц байдлын үед би гурван удаа л мэдээлэл хийсэн. Тэгэхдээ хуулийн зүгээс эмх замбараагүй байдал үүссэн шалтгаан нөхцөл, бодит байдал ямар байсныг л тайлбарлаж ярьсан. Тэр мэдээллийг МҮОНРТ хэдэн удаа давтсаныг мэдэхгүй байна.
Шууд хэлье. Бодид байдлыг хуулийн хүрээнд ярьсан. О.Магнай нар хариуцлагаас бултахын тулд ийм яриа гаргадаг. Тэгээд ч тэд хариуцлагаас мултарч чадсан шүү дээ. О.Магнайг гэмт хэрэг хийгээгүй гэж хэн ч хэлэхгүй, ард түмэн харсан. Янз бүрийн аргаар хариуцлагаас мултрах гээд байгаа нь арчаагүйн л шинж.
Гэхдээ миний өгч байгаа мэдээллийг хувь хүн яаж хүлээж авах нь тухайн хүний асуудал. Тухайн үед цагдаагийн байгууллага руу, над руу маш олон хүн утасдсан. Тэднээс улс оронд замбараагүй байдал бий болсонд харамссан, хүнд хэцүү үед цагдаагийн байгууллагыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн нь олон байсан. Бас намайг утсаар заналхийлж байсан нь ч бий. "Чи ингэж ярилаа" гэж айлгаж байсан нь ч бий, миний өгсөн мэдээлэлтэй санал нийлэхгүй хүмүүс ч байсан. Гэхдээ би үүнд огт эмзэглээгүй. Хүмүүсийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэлгүй яахав.
-Онц байдлын үед олон аав, ээж хүүхдээ хайж байсан. Цагдаагийн байгууллагаас ч хүүхдээ сураглаад олохгүй байна гэсэн олон хүн манай сонинд хандаж байлаа.
-Хүүхдүүдээ асуусан цөөн хүнийг албадан саатуулах байр зэрэг холбогдох байгууллагуудтай нь холбож өгч байлаа. Саатуулагдсан хүмүүс овог нэр, хаягаа буруу хэлж байсан нь бэрхшээлтэй байсан.
-"Дэнжийн 1000" дахь түр саатуулах байранд хэдэн зуун аав, ээж хүүхдээ хаана байгааг мэдэхгүй үймж байсныг манай сонин мэдээлсэн. Та эсвэл Онц байдлын штабынхан тэнд юу болж байсныг очиж үзээгүй юү?
-Би очоогүй. МҮОНРТ очиж байдлыг олон нийтэд харуулсан байх. Сониноос чиний ярьж байгаа мэдээллийг уншиж байсан. Гэхдээ тэнд саатуулагдсан хүмүүсийн нэрсийг тухай бүрт нь жагсаагаад гадаа нь хадаж байсан байх. Яг манайхан тэнд очоод байдлыг мэдээлсэн зүйл байхгүй.
-Үймээний үеэр таван хүн амиа алдсан тухай мэдээллийг хэзээнээс олон нийтэд өгсөн бэ?
-Хүн нас барсан асуудлыг цагдаагийн байгууллага гаргаж ирсэн. Онц байдал тогтоосны дараа хэргийн газрын үзлэгийг цагдаагийн байгууллага хийсэн шүү дээ. Тэр үеэр буудуулсан хэд хэдэн хүн байгааг тогтоосон. Мөн Гэмтэл согог судлалын төвөөс буудуулсан хүний тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсний дагуу цагдаагийнхан очсон зэрэг асуудал байгаа. Улмаар энэ тухай мэдээллийг холбогдох байгууллагуудад нь мэдээлж, шалгалт эхэлсэн.
-Мэдээллийн хэрэгслээр хэзээ нь мэдээлсэн юм бэ?
-Гурав хоногийн дараа мэдэгдсэн. Онц байдлын штабаар энэ мэдээлэл дамжиж мэдээлээгүй. Тиймээс ч би энэ тухай яриагүй. Намайг ярьсан яриагүй сонинуудаар мэдээлэгдчихсэн байсан.
-Та бодит байдлыг ярьсан гэж байсан. Тэр бодит байдалд чинь таван хүний амь ороогүй юу?
-Орсон. Эрнэдэт хүний амь нас хохирсон асуудалд харамсалтай байна. Энэ хэргийг шалгаж байна гэж Онц байдлын хоёр дахь өдөр мэдээлсэн. Дараа нь энэ хэрэгт хэн ч бай хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой гэж хоёр ч удаа хэлсэн шүү дээ.
-Цагдаагийн байгууллага хэргийн газарт ажилласнаас болж нотлох баримтууд устсан. Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба хэргийн газар хамгийн түрүүнд ажилласан бол буруутанг тогтоочих байсан гэх яриа байдаг.
-Анхан шатны шалгалтын бүх баримтыг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шилжүүлсэн гэж ойлгодог. Гэхдээ нэгдүгээрт, би энэ хэргийг шалгаагүй. Хоёрдугаарт, шалгаж байгаа хэргийн талаар ярих боломжгүй. Хэрвээ нотлох баримтыг устгаж, далдалсан бол албан тушаалын гэмт хэрэг болно.
-Та Онц байдлын үед эрдэнэт хүний амь эрсэдсэнд хэн ч бай хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгдсэн юм байна. Гэтэл өнөөдрийг хүртэл буруутныг тогтоогоогүй байна?
-Хэргийг шалгаж буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх ёстой. Тавын таван хүний амь. Хэн бугай ч бай хариуцлага хүлээх ёстой.
-Үймээний үеэр Улаанбаатар зочид буудалд таныг "Манай намын ялалт мандтугай" гээд виски тулгаж байсан гэдэг. Үнэн үү?
-Үүнийг А.Баатархуяг ярьсан байна лээ. Тэр өдөр би энгийн хувцастай хэд хэдэн телевизэд мэдээлэл өгч өнжсөн тухай ярьсан шүү дээ. О.Магнай бүр намайг АНУ руу явуулахгүй байх асуудал гаргасан. Виз гаргахыг хориглох ёстой гэсэн 15 хүний олонхи нь О.Магнайд холбогдох хэргийг шалгаж, хянаж байсан хүмүүс. Бүр шүүгч ч байгаа. Энэ бол өс хонзон шүү дээ. Ийм хүн эрх мэдлийн өндөрлөгт гарвал яаж ч мэднэ.
-Таныг МАН-ыг сайн хамгаалсныхаа төлөө цагдаагийн хурандаа цолоор шагнуулсан гэх юм билээ?
-Надад хамгийн хэл амтай ирсэн цол бол хурандаа. Дэд хурандаагаас хурандаа болох хугацаа зургаан жил байдаг. Би цагдаагийн байгууллагад 30 гаруй жил ажиллахдаа 20 гаруйд нь удирдах ажил хийсэн. 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал ч болсон, миний цол авах хугацаа ч болсон. Ерөөсөө л цаг хугацаа давхацсан хэрэг. Миний ажил үйлс, амьдралыг миний хамт олон, намайг таньдаг хүмүүс мэднэ дээ.
Намайг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийг тэргүүлэх үед нийгэмд хүнд хэцүү явдал их гарсан. Багануурт арав гаруй хүн архинд хордож амиа алдлаа, "Долдугаар сарын 1" боллоо. Ямар үеэр нь энэ албыг тэргүүлж байна вэ ч гэж боддог. Намайг бүр "муу мэдээ" гэж сонинд бичиж байлаа. Та нарын асуудаг нь гэмт хэрэг, хэв журмын зөрчил. Миний ярьдаг ч тийм юм байна. Т.Ганди сайд хүртэл "Чиний нэр чинь сайхан юм аа. Ярьдаг зүйлээс чинь болоод "муу мэдээ" гэдэг болчихсон байна" гэж байсан. Гэхдээ би аль болох муу зүйл ярихгүй байх юмсан гэдэж боддог.
-Хавар бүрт л жагсаал, тэмцэл болдог. "Гал үндэстэн"-ийхэн хүртэл таныг "Машинтай чинь хөмөрчихнө" гэж дарамталж байсан.
-Тийм хандлага мэдээж сайхан санагдахгүй. Хэрэг дээрээ "долдугаар сарын 1" битгий давтагдаасай л гэж хууль тайлбарлаж явдаг. Иргэний хувьд "Гал үндэстэн"-ийхний уул усаа гэсэн тэмцлийг дэмждэг. Жагсч, цуглаж байгааг нь хэзээ ч буруу гэхгүй. Гагцхүү хуулийн хүрээнд л тэмцээсэй. Тайван бус хүмүүс янз бүрийн ааш авир гаргадаг. Тэр бүрт цагдаагийн албан хаагч тэвчээртэй байх ёстой.
-"Долдугаар сарын 1"-ээс хойш цагдаа нар үймээний үеэр яаж ажиллах талаар нууцаар бэлтгэл их хийдэг болсныг муу зүйл зөгнөлөө гэж дүгнэх хүн ч байна.
-Бэлтгэл, дадлага хийж байгаа нь үнэн. Дадлага, сургуультай байж аливаа асуудлыг хохирол багатай туулах болно. Иргэдээ амар тайван байлгахад цагдаагийн байгууллага бэлэн байх ёстой.
-Үймээний үеэр гэмтэж бэртсэн цагдаа нараа удирдлагууд нь яагаад тоодоггүй юм бэ. Бүр ажлаа өг гэж дарамталдаг гэсэн.
-Тоогоогүй гэж хэлж болохгүй. Боломжоороо тусалж байгаа. Ажил үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэндээрээ хохирсон алба хаагчдаа хаяна гэж байхгүй. Гэхдээ цагдаагийн байгууллагын тусгай шаардлага гэж бий. Эрүүл мэндийн хувьд тэнцэхээ боливол группт ороод бүрэн эдгэснийхээ дараа эргээд ажилдаа орох боломжтой шүү дээ. Сэтгэл байвч бие нь ажлаа дийлэхгүй бол хэцүү шүү дээ.
-Муугаар бодоход, "Долдугаар сарын 1"-тэй адил үймээн боллоо гэхэд цагдаагийн байгууллага бэлэн үү?
-Тийм явдал давтагдахгүй гэж боддог. Битгий давтагдаасай ч гэж олон хүн хүсч байгаа.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
С.НОМИН-ЭРДЭНЭ
Эх сурвалж "Өдрийн сонин"
No comments:
Post a Comment