Saturday, 11 June 2011

Д.Болд: Хүнийг гайхашруулж, алмайруулсан үзүүлбэр үзүүлж л байгаа бол авьяас


SBN, NTV, “Боловсрол суваг” телевизийнхэн хамтран зохион байгуулж буй “Авьяаслаг монголчууд” шоуны шүүгч, дуучин Б.Болдтой ярилцлаа.

-“Авьяаслаг монголчууд” шоуны юу нь таалагдаад шүүгчээр ажиллах саналыг хүлээж авсан бэ?

-Монгол бахархлын төлөө нэгдэж, монгол авьяастнаа тодруулна гэсэн агуулга нь надад таалагдсан. Энэ шоу тухайн хүний амьдрал, уран бүтээлд хувь нэмэр болохуйц шагналтай байгаа нь сайхан санагдсан. SBN, NTV, “Боловсрол суваг” телевиз хамтарч хийж байгаа учраас зохион байгуулалтын хувьд сайн байгаа. Тийм учраас энэ шоуг шүүх саналыг хүлээж авсан. Монгол орны өнцөг булан бүрээс төрөл бүрийн авьяастан оролцож байгаа болохоор шоу маань сонирхолтой болж байна.

-Шоу нэвтрүүлэгт шүүгчээр ажиллахад хэцүү байна уу?

-Шоу гурван шүүгчтэй. Бид өөр өөр өнцгөөс, тус тусынхаа үнэлэмжээр шүүж байгаа. Гайг үй голыг нь олж байгаа болов уу гэж бодож байна. Удахгүй шоу дэлгэцээр гарах болохоор тэр үед үзэгчид дүгнэнэ биз дээ. Шагналын сан өндөр, олон хүн оролцож байгаа учраас зөв хүнээ тодруулах юмсан гэж хичээж байна

. -Та ямар зарчим баримтлан шүүж байгаа вэ?

-Авьяас гэж чухам юу вэ гэдэг асуултад хариу өгөх хэрэгтэй. Ихэнх хүн үүнд хариулж чадахгүй байгаа. Жирийн нэг эвлэгхэн дуулчихдаг хүнийг авьяастай гэх үү зэрэг олон асуулт гарч байгаа. Тиймээс жинхэнэ авьяас гэж юу юм бэ гэдгийг энэ шоугаар тодруулж, үзэгчдэд мэдрүүлэхийг зорьж байна. Байгалиас заяасан унаган авьяастай хүний үзүүлж байгаа зүйл, хийж байгаа үйлдэл нь цаанаа өөр байдаг юм байна. Хичээл зүтгэлээрээ сурсан зүйл, унаган авьяас хоёр үнэхээр ялгардгийг энэ шоуг шүүснээр мэдэж авлаа.

-Мэргэжлийн сургуулийн оюутнууд болон мэргэжлийн байгууллагад ажилладаг хүмүүс жирийн хүмүүстэй өрсөлдөж байна. Тэгэхээр мэргэжлийн бус хүмүүс дарагдахгүй юу?

-Монголд хэрэгтэй, авьяастай хүнийг л шалгаруулах зорилго тавьснаас биш ямар нэг шалгуур тавьж, ангилал заагаагүй. Энэ шоунд ямар ч хүн орж болно. Тэндээс жинхэнэ авьяастан ялгарч гарах нь шоуны зорилго шүү дээ.

-Оролцогчдын хэн нь хэн бэ гэдэг ерөнхийдөө тодорхой болж байгаа. Хувь хүнийхээ хувьд дэмжиж байгаа оролцогч бий биз дээ?

-Хэд хэдэн хүнийг дэмжиж байгаа. Үүнийг одоо хэлээд яах вэ. Нэгдүгээр шатанд итгэл хүлээлгээд тэнцүүлсэн хүмүүс дараагийн удаа бэлтгэл хийлгүй орж ирээд хасагдсан тохиолдол олон гарсан. Дэмжиж байгаа хүмүүс маань гуравдугаар шатны шалгаруулалтад бэлтгэл муутай орж ирвэл хасагдана. Шалгаруулалтыг үзэгчидтэй явуулж байгаа болохоор бид хамт шүүж байгаа гэж болно.

-Үзэгчидтэй хамт шүүж байгаа гэснээс тэдний дэмжсэн хүмүүсийг хассан тохиолдол нэлээд гарсан шүү дээ?

-Үзэгчдийн дэмжсэн бүхнийг тэнцүүлэх боломжгүй л дээ. Үзэгчдэд таалагдсан ч бидний хайж байгаа авьяастан биш болоод л хасагдсан хэрэг.

-Та өөрийгөө хэр шүүгч болсон гэж бодож байна вэ?

-Би шүүгч биш. “Авьяаслаг британичууд”, “Авьяаслаг америкчууд” гээд дэлхийн жишиг болсон алдартай шоунуудын шүүгчээр дуучдыг урьж ажиллуулдаг. Тухайн хүн хувийнхаа үзэл бодол, үнэлэмжээр л шүүнэ шүү дээ. Би ч бас хувийнхаа үнэлэмжээр шүүж байна.

-Та гурав язгуур урлаг, уран нугаралтад их зөөлөн хандаж байх шиг харагдсан?

-Тэгэхээс аргагүй шүү дээ. Биднийг дэлхийн бусад улсаас ялгаруулдаг, дахин давтагдашг үй зүйл бол язгуур урлаг. Манай уран нугаралтыг дэлхий дахин гайхан биширдэг. Ийм зүйлээ бид дэмжих ёстой. Гэхдээ язгуур урлагаа дэмжиж байна гээд дээл өмсөж ирсэн бүхнийг тэнцүүлээгүй. Уртын дуу дууллаа гэхэд шуранхай, цохилтоо яаж хийж байна, уран нугаралтын найруулга хэр шинэлэг байна, ямар шинэлэг, хүнд үзүүлбэр хийж байна гэдгийг харж байгаа.

-Гурван шүүгч санал зөрөх тохиолдол гарч байна уу?

-Өөр өөр үнэлэмжтэй хүмүүс болохоор санал зөрөх тохиолдол их байгаа.

-Шоу нэвтрүүлэг амжилттай болоход шүүгчдийн байгаа байдал, хэлж байгаа үг чухал нөлөөтэй. Та гурав шоуг сонирхолтой болгох талд хэр анхаарч байгаа вэ?

-Бид байгаагаараа байж, хэлэх гэснээ л хэлж байгаа. Шоуг сонирхолтой болгох талаас телевизийн хамт олон анхаарч, монтаж, найруулгаа хийх байх.

-Оролцогчид дуулж, бүжиглэхээс эхлээд бартендерийн үзүүлбэр хүртэл олон төрлөөр авьяасаа үзүүлсэн. Тэднийг салбар салбарынх нь нүдээр харж, зөв шүүж чадсан гэдэгтээ итгэлтэй байна уу?

-Бартендерийн үзүүлбэрийг бартендер хүн харж сайн мууг нь ялгана гэсэн ойлголт байхгүй. Хүнийг гайхашруулж, алмайруулсан үзүүлбэр үзүүлж чадаж байгаа л бол авьяас. Авьяас хүний нүдэнд ялгарч тусдаг юм.

-Шоуны нэг оролцогч танд дууны үг өгсөн. Тэрийг нь дуу болгох уу?

-Дууны үгийг одоохондоо үзээгүй байна. Энэ ажил дууссаны дараа л тухтай үзнэ дээ.

-Таны уран бүтээлийн сонин хачнаас сонирхъё?

-Монгол поп урсгалынхаа ажлыг үргэлжлүүлж байна. “Амьдрал дуул гэлээ” дуундаа клип хийлгэсэн. Шинэ клипээ удахгүй телевизээр цацна. Монгол поп урсгалын албан ёсны нээлтийг зургадугаар сарын 4-нд хийнэ. Ёслолын ажиллагааны үеэр өргөн бүрэлдэх үүнтэй тоглолт хийхээр төлөвлөж байна. Фэнүүддээ зориулсан том хэмжээний бие даасан тоглолтоо наймдугаар сарын сүүлчээр хийнэ.

-“Камертон” хамтлагийн бусад гишүүнтэйгээ хамтран тоглолт хийх төлөвлөгөө байгаа юу?

-Ойрын үед тийм төлөвлөг өө байхгүй.

-“Камертон” хамтлагийг тарсан гэж ойлгож болох уу?

-Бүр тарсан гэж ойлгож болохгүй л дээ. Манай гишүүдэд хувийнхаа ажил, амьдралд анхаарах цаг хэрэгтэй болоод завсарлага авсан.

-Өнгөрсөн жил та хэд 15 жилийн ойгоо тэмдэглэсэн. Хамт уран бүтээл хийхгүй байгаа хэрнээ ойгоо тэмдэглэнэ гэж хуучин дуунуудаараа тоглолт хийх нь хэр зөв жишиг вэ?

Бид фэнүүдийнхээ хүсэлтээр тоглолт хийсэн. “Камертон” хамтлаг ойн тоглолтоо хийгээч гэсэн маш олон хүсэлт ирсэн. Тэгээд өнгөрсөн хугацаанд гаргасан бүх цомгийнхоо хит дуунуудыг багтаасан тоглолт хийх нь зүйтэй гэж шийдсэн юм. Хамт уран бүтээл хийхгүй байгаа ч ойгоо тэмдэглэж болно шүү дээ.


Х.Уянга

Эх сурвалж "Өнөөдөр" сонин

No comments:

Post a Comment