УИХ-ын гишүүн П.Алтангэрэлтэй уран тойрсон асуудлаар ярилцлаа. Тэрбээр Цөмийн энергийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж байгаа юм.
-Цөмийн энергийн хуулийг яаруу батлагдсан гэдгийг бүгд мэднэ. Үдийн өмнө анхны хэлэлцүүлгийг, үдээс хойш эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан. Та тухайн үед үүнийг эсэргүүцэж байсан. Яаруу батлах ямар шалтгаан байсан юм бэ?
-Манай улс энэ салбарт хамтран ажиллах санамж бичгийг олон оронтой үзэглэсэн. Хууль батлагдахаас өмнө Ерөнхий сайд С.Баяр Японд ажлын айлчлал хийхдээ энэ салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёстой байсан юм. Санамж бичгийг үзэглэхэд “Манай талаас хууль эрх зүйн орчноо бүрдүүлсэн цөмийн энергийн салбарт манай улстай хэн ч хамтарч ажиллах боломжтой болсон” гэж хэлэх шаардлагатай болсон.
Үүнээс болж дээрх хуулийг УИХ яаравчлан баталсан.
-Цөмийн энергийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахаар ажиллаж байгаа гэсэн. Хуульд ямар өөрчлөлтүүдийг оруулж байгаа вэ. Цөмийн энергийн салбар хуулийн цоорхой болон төрийн бодлогоос болж хөгжихгүй байна гэж шүүмжилдэг?
-Олон улсын практикт Цацрагийн хяналтын хууль, Цөмийн энергийн хууль, Ашигт малтмалын тухай хууль тус тусдаа байдаг. Гэтэл манай Цөмийн энергийн тухай хуульд энэ бүгдийг базаж оруулсан. Цацрагийн хяналт гэдэг нь зөвхөн уран биш шүү дээ. Иргэдийн өдөр бүр үйлчлүүлдэг эхо аппарат, рентген туяа нь цацраг юм. Мөн цацрагийг олон салбарт ахуйн хэрэглээнд ашигладаг. Үүнийг тусад нь хянах ёстой. Мөн хуульд лиценз олгох эрхийг хамааруулан хуульчилсан. Ингэж таарахгүй.
Ашигт малтмалын хуульд байх ёстой заалтуудыг оруулснаар бантан болсон. Тиймээс Ашигт малтмалын хуульд байх ёстой заалтыг тус хуулиас салгах хэрэгтэй гэж үзсэн. Цөмийн энергийн газар ашигт малтмалын лиценз олгодог жишиг дэлхийд байхгүй. Уран шар нунтаг гэдэг бүтээгдэхүүн хүртлээ нүүрс, алттай адил энгийн ашигт малтмал байдаг. Гэтэл үүнийг Цөмийн энергийн газар олгоно, хянах гэж байна. Уг нь цацрагийн хяналт нь Цөмийн энергийн хуулийн үндсэн агуулга юм шүү дээ. Үүнийг л ялгаж салгахын тулд хуулийн төсөл дээр ажиллаж байна. Одоогоор өргөн барих арай болоогүй байна.
-Яагаад өргөн барихгүй байгаа юм бэ?
-Энэ сарын 24-нд Австри улсад ОХУ, Хятад, АНУ зэрэг энэ салбарт жин дардаг улсуудын шинжээчдийн баг Японы АЦС-ын ослын газар дээр нь ажилласан дүгнэлтээ олон улсын хэмжээнд танилцуулах гэж байна. Үүний дараа энэ салбарын дэлхий нийтийн чиг хандлага хаашаа эргэх нь тодорхой болно. Японы АЦС-ын дэлбэрэлтээс болж дэлхийн ураны хэрэглээ буурч, үнэ хэлбэлзсэн асуудал байхгүй. Тэгэхээр том гүрнүүдийн баримтлах бодлоготой улсынхаа бодлогыг уялдуулах нь хамгийн зөв. Тиймээс одоохондоо хүлээзнэж байна.
-Таны боловсруулж байгаа хууль батлагдвал Монголын цөмийн энергийн салбарт шинэчлэл хийж чадах уу?
-Чадна.Гэхдээ Цөмийн энергийн талаар төрийн баримтлах бодлого,Цөмийн энергийн хуулиа эргэн харах шаардлага гарч магадгүй. Өндөр хөгжилтэй орнуудын байр суурь янз бүр болж өөрчлөгдөж байна. Жишээ нь, Герман улс 2020 он гэхэд атомын цахилгаан станцаас бүрэн татгалзана гэж зарлалаа.
-”Дорнод уран” компанийн талаар ямар мэдээлэлтэй байна вэ?
-Ерөнхийлөгч ОХУ-д хийсэн айлчлалаараа энэ салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх талаар ярьсан байна лээ. Би ч эрчимжүүлмээр байна. Гэхдээ ажил уяж байгаа өөр шалтгаан байна.
-Ямар?
-”Дорнод уран” компани байгуулсантай холбоотой. Дорнодын ураны орд дээр хууль батлагдмагц лицензийг нь сунгана гэсэн нэрийн дор хурааж авсан. 58 хувь эзэмшдэг “Хан ресурс” компанийг шахаж гаргаад тус бүр 21 хувь эзэмшдэг Орос, Монголын тал “Дорнод уран” компани байгуулсан. Гэтэл нөгөө компани нь Монгол Улсыг Олон улсын арбитрын шүүхэд өгөөд л явж байна. “Хан ресурс” компанийг луйвар хийж байсныг бид илрүүлж чадаагүй. Тиймээс миний бодлоор нэгэнт ураны салбарт 20 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн компанийг ядаж 10 хувь эзэмшүүлэх байсан юм. Майай ураны салбар руу хэн ч орж зориглохгүй байхад анх канадууд орж ирсэн. Оросууд энэ салбарыг хаяад явчихсан байхад хүртэл канадууд өөд нь татах гээд явж байсан.
-Бага ч гэсэн хувь эзэмшүүлсэн бол гацаанд орохгүй байсан гэж үү?
-Тийм. Тэгсэн бол одоо ч хэл амгүй “Дорнод уран” компани байгуулагдаад явж байх ёстой байсан. Олон улсын арбитрын шүүхэд маргаан үүссэн учраас “Дорнод уран”-ы хувь эзэмшигч Орос, Монголын тал хэчнээн тэмцээд ч компани байгуулагдахгүй. Олон улсын арбитрын шүүхэд очсон маргаан 2-3 жил болж шийдэгддэг. Тэгэхээр ураны салбарын ажил 2-3 жил хойшлох магадлалтай байна. Ер нь цаашид ордыг ашиглаж эхлэхэд үйлдвэр байгуулагдах эсэх нь эргэлзээтэй.
-Яагаад?
-Оросууд тус ордыг социа-лизмын үед ашиглаж дэд бүтцийг нь бий болгосон. Тухайн үед шууд шороогоор нь зөөгөөд хилийн цаана байрлах өөрийн ураны үйлдвэртээ боловсруулдаг байсан. Одоо тус үйлдвэр түүхий эдийн хомсдолд орсон учраас “Дорнод уран”-ыг оросууд эргээд сонирхож эхэлсэн гэж би ойлгож байгаа. Судалгаа хийж байна гээд 1-2 жил өнгөрсний дараа “Энд үйлдвэр байгуулахад ашиггүй юм байна. Тээвэрлэх төмөр зам нь байгаа юм чинь Оросын үйлдвэр рүү зөөе” гэвэл манай тал яах юм. Шууд л зөөнө шүү дээ. Ийм болгоомжлол бий. Тиймээс Оросын талтай яаж хамтрахаа тодорхой болгоосой гээд байгаа юм. Ураны салбарт явуулж байгаа манай төрийн бодлого “сонин” болоод байх энэ үед Японд газар хөдөлж, атомын цахилгаан станц их аюултай юм байна гэсэн ойлголтыг олон нийтэд өглөө.
Ийм үед манай ураны салбарын ажил тодорхой хугацаагаар хойшилно. Дээр нь энэ салбарын бодлогыг хариуцдаг Цөмийн энергийн газар хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэтэл тус агентлагийн дарга нь төрийн ажлыг хийх үүрэгтэй хүн үү, иргэний хөдөлгөөний төлөөлөгч юм уу аль нь ч мэдэгдэхгүй байна. Тэр хүн “УИХ, Засгийн газрын гишүүд Хятадаас цалин аваад байх шиг байна. Лицензийг нь цуцалсан компаниуд болох олон улсын хөрөнгө оруулагчдыг луйварчид” гэж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлаад сууж байна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг өрөөндөө дуудаж оруулаад хөөж тууж байгаа бодлого хэрэгжүүлдэг газрын даргатай улсад хэн хөрөнгө оруулалт хийх юм.
-Хөрөнгө оруулагчдыг хууль гарснаар түлхсэн гэж хэлэх гээд байна уу?
-Үнэн шүү дээ. Цөмийн энергийн хууль гарахаас өмнө манайд үйл ажиллагаа явуулж байсан гадны компаниуд эрчимтэй ажиллаж байсан. Гэтэл хууль ч гарч тэд идэвхтэй ажиллахаа больсон. Гэхдээ бүр зогсоогоогүй.
-Үйлдвэр байгуулахгүй байх сонирхлоос сэргийлэх арга байна уу?
-Гэрээгээ л сайн барих хэрэгтэй. Оросын тал Монголд үйлдвэр байгуулна гэсэн бол түүнийг нь л шаардах ёстой. Үйлдвэр байгуулах боломжгүй гэсэн ч манай тал байгуулсан гэрээнийхээ дагуу байр сууриндаа хатуу зогсох ёстой.
-Манай улсад үйлдвэр байгуулах боломж бүрдсэн үү?
-Ураны үйлдвэрлэл хэцүүд тооцогддог юм билээ. Эхлээд олборлоод шар нунтаг болгож, баяжуулж, хөрвүүлнэ. Үүний дараа эцсийн бүтээгдэхүүн бэлэн болдог. Бүтэн цикл үйлдвэрлэл явуулдаг улс 2-3-хан байдаг. Гэтэл манайх бүтэн цикл үйлдвэрлэл байгуулна гэхээр инээд нь хүрэхгүй юү. Манайх энэ салбарт туршлагагүй. Харин зарим улсын мэргэжилтнүүд олборлох шар нунтаг болгоод хөрвүүлэх, баяжуулдаг үйлдвэртэй улсад аваачаад түлш болгох хэрэгтэй гэж зөвлөсөн. Тэндээсээ түлшээ худалдаж, түрээсэлж болно гэж хэлж байна лээ. Мөн түлшээ хадгалвал илүү ашигтай зэрэг олон санал тавьсан.
-Үйлдвэр байгууллаа гэхэд эрсдэл өндөр биз дээ?
-Хятад. Франц атомын цахилгаан станцтай. Тэдний найдвартай аюулгүй байдаг шалтгаан нь газар нутгийн байршилтай холбоотой. Тухайн бүс нутаг газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд ордоггүй. Япон улс далайн орон учраас Атомын цахилгаан станц нь цунамид өртлөө. Хэрэв цунами болоогүй байсан бол зүгээр л байх байсан.
-Дотооддоо биш гадны улсад үйлдвэр байгуулж үйлдвэрлэлээ явуулах боломж бий гэж зарим хүмүүс хэлдэг. Энэ хэр оновчтой вэ?
-Тийм боломж байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ манай төрийн бодлогод ямар ч ашигт малтмалаа шороогоор нь зөөлгөхгүй гэсэн бодлоготой. Нэмүү өртөг шингээж экспортлох нь эдийн засагт тустай. Хялгар арга хайвал шууд шороогоор нь зөөж болно л доо. Гэхдээ бид үүний эсрэг байгаа.
-Дорнодын ураны ордоос олборлолт явуулж эхэллээ гэж бодъё. Ямар хугацаа шаардагдах вэ?
-Манай Дорнодын ураны орд бэлэн орд. “Дорнод уран” компани ажилдаа шуурхай орвол 1-2 жилийн дотор л ажил жигдрээд ирнэ. Үүнд их хугацаа орохгүй.
-Цөмийн хог хаягдлыг манай улсад булшлах байгууламж байгуулах талаар яриа, хэлэлцээ хийсэн гэсэн мэдээлэл дэлхийн хэмжээнд түгсэн. Японы хэвлэлийг ор үндэслэлгүй зүйл бичдэггүй гэж үздэг шүү дээ?
-Намайг УИХ-ын гишүүн болсноор албан ёсны түвшинд асуудал яригдаагүй гэдэгт бат итгэлтэй байна. Намайг орж ирэхээс өмнө ямар түвшинд юу яригдаж байсныг мэдэхгүй.
-Хэрэв булшлах байгууламж барих гэрээ байгуулсан бол байгаль орчны талаас нь ямар хохирол учрах вэ?
-Гэрээ байгуулсан гэсэн нотолгоо байхгүй.
-Гэрээг хэн хийх ёстой вэ?
-Энэ нь өөрөө олон улсын анхаарлын төвд байдаг асуудал учир дуртай нэг нь очиж гэрээ хийдэггүй. Консулын газар, ураны асуудал хариуцсан сайд, агентлагийн дарга очоод хийхгүй. Очоод гэрээ хийх боломж ч байхгүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-аар хэлэлцэж шийднэ. Харин ийм санаархал бусад орнуудад байхыг үгүйсгэхгүй. Монгол Улс өргөн уудам нутагтай, эдийн засгийн хувьд буурай юм чинь цөмийн хаягдал булшлах байгууламж барьж болох юм гэсэн салбарын эрдэмтдийн санал байсан байж болно шүү дээ.
-Цөмийн хаягдлыг булшлах байгууламжийг Монголд барихыг хаасан заалт хуульд орж байгаа юу?
-Ороогүй. Хэлэлцүүлгийн шатанд оруулж болно.
Б.Мягмансанж
Эх сурвалж: “Нийгмийн толь”
No comments:
Post a Comment