Tuesday, 21 June 2011

С.Молор-Эрдэнэ: М.Энхсайхантай хамтрана гэхэд нь л Н.Энхбаяраас зайгаа барьсан

Философич С.Молор Эрдэнийг “Ярилцах танхим “-даа урилаа.

-Та гэнэт гарч ирсэн шигээ л гэнэт алга болчихсон. Энэ хугацаанд сахлаа ургуулчаад хаана “бүгсэн” юм бэ?
-Энэ хугацаанд нэлээд юм бодож, бараг гэртээ өнжсөн гэхэд болно. Тэгээд л сахлаа ургуулчихлаа.

-Юуг тэгж их бодсон гэж?

-Би сүүлийн үед нэг асуултыг өөртөө байнга тавих болсон. Харамсалтай нь хариулт олдохгүй л байна. Монгол Улсын өнөөгийн нийгэм яг ямар байдалд байгааг тодорхойлох санаатай байлаа. Улс төр, оюун ухаан, боловсрол, соёл өнөөдөр ямар түвшинд байгааг нь олохыг их хичээлээ. Энэ бүхнийг олчихвол л нийгэмд яагаад ингэж их бухимдал үүсээд байгаагийн оношийг олж, эмчилж чадна. Яг ийм түвшинд байгаа юм байна. Тэгэхээр үүнд ингэж жорыг нь тааруулж ажиллах хэрэгтэй юм байна гэж ярих ёстой байхгүй юу. Ингэж байж л юу хийхээ мэдэж, хэтийн төлвөө тодорхойлж, цаашид хаашаа алхахаа шийдэх боломжтой болох юм. Харин манайд ийм зүйл огт алга.

-Энэ асуултандаа хариулт авах зорилгоор та анх МАХН-ыг сонгож байсан шиг санагдах юм. Тэгэхээр асуултынхаа хариултыг тэндээсээ олж чадаагүй байх нь ээ?

-Тиймээ. Яг ийм л зорилгоор би МАХН-д нэгдсэн. Гэтэл тэндээс би асуудалд орсон хэсэг хүмүүсийн бөөгнөрлөөс өөр юу ч олж харж чадсангүй. Сая нэг хэсэг МАХН-ын Түр штабт ажиллаж, улс төрийн намуудын гишүүдтэй уулзаад Монголын улс төрийг ажиглаад явахад Монголд улс төрийн зиндаа доогуур гэдэг нь мэдрэгдсэн. Бид дэндүү доогуур зиндаанд улс төр хийж байна. Өөрсдийгөө улс төрч гэж нэрлэж байсан хүмүүс чинь улс төрийн ямар ч ойлголтгүй байна шүү дээ.

Зүгээр л өөрсдийнхөө мэдрэмж, таамаг, барагцаалал, хуучны арга барил болох барьдаг, дардаг, нухдаг, хуйвалддаг, буталдаг, задалдаг үйл ажиллагаа хийж байна. Хүмүүс үүнийг нь улс төр гэж бодоод улс тереес халгаагаад байна. Би улс төрийг ч, улстөрчийг ч хайгаад олсонгүй.

-Тийм учраас МАХН-ын Түр штабаас гарсан юм уу?

-Тэр ажлаас би хөндийрчихсөн. Албан ёсоор намынхаа нэрийг авч, ажилдаа ороогүй байхад би тэнд байгаад яах юм. Ер нь бол хөндийрсөн. Ямар ч ажилд нь оролцохгүй байгаа.

-Үнэн хэрэгтээ Н.Энхбаяр таныг М.Энхсайханаар сольчихсон ч юм биш үү?

-Тэр хоёр хүнийг хамтарч Ард түмний их хуралдайг хийх гэж байгааг мэдээд л би зайгаа барьж эхэлсэн. Н.Энхбаяр намайг М.Энхсайханаар сольсон уу, би түүнээс сайн дураараа холдсон уу гэдэг одоо чухал биш. Үүнийг тэр хүн өөрийнхөөрөө ойлгож болно. Харин би өөрийнхөөрөө л ойлгож байгаа. Харин одоо би тэдний үйл ажиллагааг ажиглаж байна. Монгол Улсын төрийг арван хэдэн жил удирдаж, Монголын ард түмний хувь заяаг атгаж явсан тэр хүнийг цаашид юу хийж чадахыг хөндлөнгөөс нь хармаар байна.

Нэг ёсондоо тэр хүний улс төрийн зиндааг ажиглаж байна гэх үү дээ. Яг ямар улс төр хийх гээд байгаа юм гэдэг нь сонин байна шүү дээ. Гэхдээ би нэг л юманд итгэлтэй байгаа. Цемент болсон хуучны улс төрчид Монголын улс төрийн ирээдүй биш. Ер нь хүн өөрийгөө мэдрээд одоо боллоо гэж хэлдэг байх хэрэгтэй. Тиймээс Н.Энхбаяр болон М.Энхсайхан хоёрыг би Монголын улс төрийн ирээдүй гэж харахгүй байгаа. Миний явах зам тэднийхээс өөр. Би тэр хоёр хүний хүсч байгаа улс төрийг биш өөр, өөрийнхөөрөө улс төр хиймээр байна. Би өөрийнхөө замаар л явна. Харин ноён нуруугаа хэзээ ч алдахгүй.

-Таныг МАХН-ын Түр штабт ажиллаж байхад Н.Энхбаярын зүгээс ямар хандлага ажиглагдаж байсан бэ?

-Н.Энхбаярыг Ардын намынхантай уулзаж байхыг нь хараагүй ч уулздаг гэдэг сураг гардаг байсан. Тэр хүмүүстэйгээ уулзаж, чухам юу ярьдгийг би мэдэхгүй. Гэхдээ өдий болтол МАХН гэдэг нэрийг яагаад авч чадахгүй байна вэ гээд олон асуултууд тухайн үед ургаж гарч ирж байсан. Гайхал ч төрж байсан. Би хүнийг хаана явна тэнд хуйлраад дагаад явж байдаг хамхуул биш. Мөн харанхуй өрөөнд тэмтэрч явдаг хүн ч биш. Аливаа нэг зүйл ил тод байх хэрэгтэй. Хоёр, гурван хүн нууцаар уулзаж болохгүй. Бүгд ил тод байх ёстой байсан учир л би тэндээс гарсан.

-Тэгэхээр та МАХН гэсэн нэрийг авч чадахгүй байгаа нь Н.Энхбаяртай холбоотой гэх гээд байна уу?

-Ямар ч баримтгүйгээр хардахгүй л дээ. Гэхдээ яагаад одоо болтол МАХН гэдэг нэрийг авахгүй ийм бүрхэг байдал үүсчихээд байгаа юм. Ямар ч хууль зөрчөөгүй байхад энэ нэрийг авч чадахгүй байна гэдэг нь тэр хүнээс л болж байна гэж ойлгож байгаа. Н.Энхбаяраас болоод л бид МАХН гэдэг нэрийг авч чадахгүй байна. Тэгэхээр тэр хүн ард түмэнд “Би ийм учир шалтгааны улмаас МАХН гэдэг нэрийг авч чадахгүй байгаа юм ” хэмээн зарлах хэрэгтэй л дээ.

-Та удаан бодсны эцэст Монголд улс төр гэж байхгүй гэсэн гаргалгаанд хүрсэн юм байна. Тэгвэл ийм улс төрд орох хэрэг байгаа юм уу?

-Энэ асуултыг ч өөртөө тавьж үзсэн. Ингэснээр би өөрөө өөртэйгөө нэлээд зөрчилдсөн. Улс төрд орохгүй амьдраад явах боломж надад байгаа. Олон улсын түвшинд лекц уншаад, мэргэжлээрээ ажиллаад явах чадвар надад бий. Өнөөдөр хүмүүс яах гэж улстөрч болж байна вэ гэхээр ямар нэгэн ашиг сонирхлын зөрчлөө хамгаалах гэж л УИХ-д орж байна. Эсвэл УИХ-ын гишүүн гэсэн статус зүүхгүй л бол шоронд орчих гээд байна шүү дээ. Нэг ёсондоо УИХ хүмүүсийн амиа аргацаах гэж орогнодог газар болчихлоо.

Харин би ийм шалтгаантай хүн биш. Би яах гэж улс төрд орох гээд байна вэ гэвэл улс төр хийх л гэж байгаа юм. Миний хүмүүжил бол өмнөх ажлаа чанартай хий. Тиймээс би Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдийг ч тэгдэг гэж бодож байсан. Харин үгүй юм байна билээ. Тиймээс өмнөх ажлаа яаж хийдгийг тэдэнд мэдрүүлмээр байгаа юм.

-Таныхаар улс төр хийх гэдэг нь юу юм бэ?
-Арчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, зүүний болон барууны үзэл хаана байна гэдгийг асуухаас эхэлнэ. Эд чинь бүгд улс төр. УИХ-д хүмүүс сонгогдчихоод энэ улс төрийг хийх гэж орж ирэхгүй байна.

-Энэ бүхнийг хийх боломж олдлоо гэхэд та ганцаардахгүй юу?

-Ганцаардалгүй яах вэ. Энэ бол маш хэцүү. Тийм учир УИХ-ын 2012 оны сонгууль хүртэл би багтай болох ёстой. Үүнийг бий болгохын тулд оролдож л байна. Түүнээс биш би баггүйгээр улс төрд хүч үзнэ гэж бодох тэнэг хүн биш.

-Багтай болохоор оролдож байгаа гэлээ. Таньд ямар нэгэн санал ирж байх юмуу. Нууц биш бол ямар хүмүүстэй энэ талаар ярьж байгаа вэ?

-Санал тавьж байгаа хүмүүс байгаа. Гэхдээ одоохондоо хэлээд яах вэ. Яагаад гэвэл гэрэл цохиулмааргүй байна. Цаг нь болохоор хэвлэлийн бага хурал хийгээд ч юм уу, ил болгоно.

-Танай баг хэдийгээр олны өмнө гарч ирэхэд бэлэн болох юм. Бэлтгэлээ хийж эхэлсэн гэж ойлгож болох уу?

-Намар ёсдүгээр cap гэхэд багийн үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулах хэмжээнд хүрэх байх гэж бодож байна. Бэлтгээд л явж байна гэхүү дээ.

-МАХН хэмээх багт та байж үзсэн. Энэ багийг маш том хүн удирдаад ч амжилтанд хүрч чадахгүй байна. Гэтэл та өрх тусгаарлана гээд байх юм. Албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн намтай биш юм аа гэхэд хуучин багтайгаа өрсөлдөхүйц хэмжээний үйл ажиллагаа явуулж чадах уу. Танай шинэ баг?

-МАХН гэдэг баг миний байх ёстой газар биш байсан. Миний хувьд МАХН-тай өрсөлдөх гэж баг бүрдүүлж байгаа юм биш. Тэд нэрнээсээ болж маш их цаг алдаж байгаа. Нэр хүлээсэн л хүмүүс байна. Харин би дараагийн алхмаа хийж байна. Нийгэм үүнээс цаашлаад ганцхан дотоод улс төр биш гадаад улс төрийн асуудлыг цэгцлэхийг шаардаж байна. Энэ бүхэнд хариу өгөх ёстой. Би сонгуульд санаа зовохгүй байгаа. Харин сонгогдчихоод яах вэ гэдэг асуудал дээр л санаа зовж байгаа юм.

-Таны бүтээж байгаа багт МАХН-аас хүмүүс орж байгаа юу?

-Ганц хоёр хүн бий. Гэхдээ энэ нь МАХН-ынхан бүхэлдээ гэсэн үг биш.

-Уучлаарай. Та улс төр байхгүй гэж яриад л байдаг. Гэтэл улс төрийнхний хүрээнд таныг “Нэг шизотой нөхөр” гэдэг юм байна билээ?

-Намайг анх илтгэл тавьснаас хойш л тэгж нэрлэх болсон шүү дээ. Аргагүй ээ. Би тэдний үргэлж сонсдог, дассан доогуур түвшнийх нь яриаг ярихгүй. Гэнэт өөр мэдэхгүй зүйлийг нь яриад эхлэхээр нөгөө нөхдөөс иргэд асар их зүйл шаардаад эхэлж байгаа юм. Тиймээс тэд ингэхээс ч өөр аргагүй. Харин УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр тэрийг ойлгож байна. “Бидэнд мэдэхгүй зүйл их байна. Явж боловсорцгооё” гээд хэлчихсэн л биз дээ.

Харин одоо Ч.Сайханбилэг тэгж хэлэх хэрэгтэй байна. Ер нь УИХ-д суугаа залуу гишүүд энэ саналыг хүлээж аваад дэмжих нь зөв. Харин цемент шиг болсон нөхдүүд нь хэрэггүй. Харин тэд ямарваа зүйлд цэг тавьж чаддаг л байх нь зөв. УИХ-д 76 гишүүн ч ихдэнэ. Гэтэл хоёр танхимтай парламент байгуулж, гишүүдийн тоог нэмнэ гээд байх юм. Үнэн хэрэгтээ хэн ч танихгүй гишүүд Төрийн ордонд сууж л байгаа шүү дээ. Тэгэхээр тэдний хэрэг байхгүй л гэсэн үг байхгүй юу. Харин ч тоо бус чанарыг эрхэмлэсэн цөөхөн гишүүн бүхий УИХ-тай байж, хариуцлагыг өндөр түвшинд тооцдог байсан нь дээр.

-МАХН-д байх хугацаандаа та өөрийгөө гээх шахсан гэсэн. Харин чимээгүй байсан энэ хэсэг хугацаанд хуучин Молор-Эрдэнийг олж авч чадсан уу?

-Яг ч өөрийгөө алдсан зүйл болоогүй л дээ. Гэхдээ ямар нэгэн урсгалд автах ёсгүй гэдгийг ухаарсан. Харин завсарлага авсан хугацаандаа нэг ном бичиж дуусгалаа. Одоо хэвлэлтийнхээ шатанд явж байна. Өөрийгөө олсон ч Монголоо олж чадаагүй. Тиймээс “Орчин үе үгүйлэгдэнэ” гэж нэрлэсэн. Харин өнөөдөр моодыг орчин үе гэж яриад байх юм. Брэндийн хувцас, ганган гар утас төдийхнөөр л орчин үеийг ойлгож байна. Гэтэл бид бодол, боловсрол, улс төр, соёлоо шинэчилж, шинэ зам руу орох ёстой. Хамгийн түрүүнд шашин, боловсролыг шинэчлэх хэрэгтэй. Үүний эцэст л бид орчин үеийнх болох юм.

Тэгэхгүй бид өнеөдөр жинхэнэ “арга билэгдэж” байгаа байхгүй юу. Ямар сайндаа л Ерөнхийлөгч нь арван жилийн сургуулиудад арга билгийн хичээл заах зарлиг гаргаа биз дээ. “Түмний нэг” гэдэг кинон дээр гардаг шиг лам нараар хичээл заалгах юм уу. Манайхан хуучинтайгаа хэт зууралдаад буцаж алхаад байна шүү дээ.

-Харин ч орчин үеийнхэн маань өв уламжлалаа мартах аюулд өртөж байсныг дээрх маягаар шийдэхээр гарц олсон юм биш үү?

-Би үндэснийхээ өв соёлыг үгүйсгэж байгаа юм биш. Гэхдээ манайхан өнгөрсөн үе рүүгээ ухарч алхах гээд байна. “Тунгалаг тамир”-т Итгэлтийг Эрдэнэ бут цохиж гарч ирдэг. Гэтэл одоо Эрдэнийн оронд Итгэлтүүд гарч ирэх болчихоод байна.

-Ярилцсанд баярлалаа


Б.Сарангоо

Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин

No comments:

Post a Comment