-БИЕИЙНХ НЬ ДООД ХЭСЭГ ТАСАРЧИХААД "НАМАЙГ ИНГЭЖ ҮХСЭН ГЭЖ АР ГЭРИЙНХЭНД МИНЬ БИТГИЙ ХЭЛЭЭРЭЙ" ГЭЖ ЗАХИАД АМИА АЛДСАН
Онцгой байдлын ерөнхий газар болон тус газрын харьяа Аврах тусгай ангийн албан хаагчид Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан ой хээрийн түймрийг унтраахаар 22-уулаа "МИ-8" нисдэг тэрэгтэй яваад осолдсон билээ. Дөрвөн жилийн өмнө болсон энэ харуусалтай үйл явдлаас долоон аврагч амьд гарч чадсан юм. Үхэл амьдралын зааг дээрээс мөр зэрэгцэн явсан нөхрөө алдаж, амь нь дээсэн дөрөөн дээр байсан ч шархадсан нэгэндээ туслахаар мөлхөж, балгахан усаар хоолойгоо чийглэж явсан тэдний тэр цаг мөч түүх болон үлджээ. Энэ үйл явдал болоод дөрвөн хаврыг элээсэн ч тэдний хэн нь ч хэвлэлд дэлгэрэнгүй ярилцлага өгч байгаагүй юм. Иймд манай сонин "МИ-8" нисдэг тэрэгний ослоос амьд гарсан залуустай цуврал ярилцлага хийлээ. Энэ удаа тус ангийн шүхрийн техникч, дээд түрүүч Ж.Бадамжунайтай ярилцлаа.
-"МИ-8" нисдэг тэрэг юунаас болж осолдсон гэж боддог вэ?
-Онгоц осолдохоос сарын өмнө Хэнтий аймгийн Дадалд ОХУ-аас түймэр орж ирсэн.
Удаа ч үгүй энэ түймрийг тус аймгийнхан цурманд оруулсан гэж мэдээлсэн тул тухайн үед бид яваагүй. Гэтэл долоо хоногийн дараа тус сумынхан түймэрт хашигдчихсан. Аргаа бараад Хэнтий аймгийнхан Онцгой байдлын ерөнхий газар руу хандаж тусламж гуйсан юм билээ. Энэ дагуу манай Аврах ангийнхан явсан. Биднийг очиход түймэр Норовлин сум руу ороход ойрхон. Байдал нэлээд хүндхэн байв. Нутгийн иргэд дайчлагдсан, ядарсан, түймэртээ бүслэгдсэн байсан гэж хэлж болно. Тэнд түймрээ унтраах нь унтрааж аврах ажиллагаагаа ч хийсэн. Түймрийн урд хэсгийг унтраачихаад хойд талыг нь унтрааж бараагүй. "Хойд хэсгийг нь яах вэ" гэж биднийг асуухад "Өө нисдэг тэрэг байхгүй юм чинь яах ч аргагүй" гээд биднийг удирдаж явсан нэг нь хэлсэн. Тэгээд 50 км гаруй хаалт хийгээд хойд хэсгийг нь хаясан. Тэр түймэр Минжийн хангай ой хөвч рүү орж бүрэн унтрахгүй явсаар сарын дараа дахин дэгдсэн.
-Та нарыг зургадугаар сарын 14-нд Сэлэнгэ аймгийн Мандал сум руу явах шалтгаан энэ түймэр байжээ дээ?
-Тийм. Тухайн үед нэг нисдэг тэрэг гаргаж өгөөд тэр түймрийг бүрмөсөн унтраалгасан бол бид дахиж тийшээ явахгүй. Мөр зэрэгцэж явсан анд нар минь өнөөдөр амьд сэрүүн ажлаа хийж явах байв. Бүхэл бүтэн сарын турш Засгийн газар ямар ч арга хэмжээ аваагүй. Үүнийг л их гайхдаг.
-Засгийн газрын буруугаас болж онгоц осолдсон гэж та үзэж байна уу?
-Богд ууланд түймэр гарвал Саарал ордныхон хараад л "Түймэр унтраагүй байна, унтраа" гээд л дээгүүрээ яриад манай байгууллага руу үүрэг өгдөг. Нүдэн дээр ил гарч буй түймэрт тэд ач холбогдол өгдөг мөртлөө орон нутгийн түймрийг яагаад анхаарсангүй вэ гэж харамсдаг. Хөдөө орон нутгийн түймэр тэднээс хол аюул багатай болохоор тэр үү. Засгийн газар хэдхэн ам.доллар нарийлж байгаад 400 мянган ам.долларын үнэтэй онгоцоо сүйдэлчихсэн. Тэр онгоцноос илүү Монгол Улс нэгэн үеийн мундаг шүхэрчдээ алдсан. Одоо тэдний орон зай үгүйлэгдэж байна. Үүнийг мэргэжлийн бус хүмүүс сайн ойлгохгүй байж болох юм. Мэргэжил нэгт нөхөд нь ямар авьяас чадалтай байсныг нь мэдэх учраас ийн халаглаж суудаг юм.
-Нисдэг тэргээр түймэр унтраахад хэр их мөнгө шаардагддаг юм бэ?
-2500-2700 ам.доллар л шаардагдана. Тэрэн дээрээ Засгийн газар гацсанаас хамаг хэрэг мандсан.
-Сэлэнгэ аймгийн Мандал сум руу та нар зургадугаар сарын 14-ний өдрөө явсан байдаг билүү?
-14-ний өмнөх өдрийн орой намайг гэрээс дуудаад шүхрээ бэлд гэж төв дээр дуудсан. Би ч тэр даруй нь ирээд бэлтгэлээ базаагаад дараагийн тушаалаа хүлээгээд сууж байсан юм. Тэр өдөр Тэрэлжид түймэр гараад манай зарим ажилтан яваад ирсэн. Бид оройжин хүлээж байгаад тэр өдрөө яваагүй харьцгаасан юм. Тэгээд маргааш нь эрт цуглараад явцгаасан. "МИ-8" нисдэг тэргийг гавьяат нисгэгч Т.Сугар жолоодож явсан. Онцгой байдлын ерөнхий газрын албан тушаалтнууд Аврах тусгай ангийн ажилтан нийлээд 22-уулаа явсан. Сэлэнгэ аймгийн Мандал сумын ойролцоо буюу түймэр гарч байгаа газраа очсон боловч манан хөшиглөөд юу ч харагдахгүй байв. Дээгүүр нь тойрч нисээд манан дундуур нисдэг тэрэгтэйгээ хоёр ч удаа орсон. Ерөөсөө битүү манан. Хаана юу байгаа нь мэдэгдэхгүй. Эцэст нь манангаас жаахан гарч хээр буудалласан. Хаагуур яаж буух талаараа нисгэгчтэй дарга нар хоорондоо зөвлөлдсөн. Сугар гуайд нисгэгчийн газрын зураг байсан юм. Бидний буудалласан газрын архан талд Халуун рашаан байсан юм билээ. 20 км зайтай. Халуун рашааны дэргэд буувал түймрийн голомт хажууханд нь байсан. Хээр буудаллаад бид хоёр цаг гаруй манан замхрахыг хүлээхээр шийдсэн. Тэр хооронд цай, цүү чанаж хэсэг зуур амарцгаасан. Гэтэл манан арилдаггүй. За өнөөдөртөө нисэхгүй юм байлгүй гээд намайг хэсэг зүүрмэглээд сэрсэн чинь "явъя" гэцгээсэн. Тэгээд л онгоцондоо сууцгаасан. Арын уул даваад ниссэн. Нисээд таван минут орчим болсон байх. Тэгтэл "так" гээд л явчихсан. За болохоо байлаа даа гэж бодоод Сугар нисэгч рүү харсан. Царайд нь ямар нэгэн хувирал харагдсангүй. Дахиад л "так, так" гээд сэнс мод зүсч байгаа нь мэдэгдэж байгаа юм чинь. Онгоцны таазнаас унжсан бариулаас гараа ороож бариад харсан чинь туслах нисгэгчийн урд талын шил хагарчихсан нүүр нь улаан нялга болчихсон харагдсан. Өнгөрлөө л гэж бодогддог юм билээ. Сэнсэнд хяргагдаж байгаа модны чимээтэй зэрэгцээд онгоцны цохилт онгоцон дотор "Юу болов, яав" гэх хүмүүсийн айдас тэр хооронд юу эс бодогдох вэ. Туслах нисгэгч онгоцны бүх юмыг хаадаг араа шиг бариул байдаг юм. Тэрийг арагш нь хамаг тэнхээгээрээ татаж харагдсан. Ингээд л дүүрч гэсэн бодол орж ирсэн.
-Хэдэн цаг орчимд энэ явдал болсон бол, багцаалахад?
-За өглөөний 11 цаг л өнгөрч байсан байх даа. Миний дотор харанхуйлаад л явчихсан. Нэг мэдсэн газар унасан. Эргээд харахад онгоцны сэнс ойгоод яг миний ард унасан. Чихэнд юм шуугиад хүмүүсийн хашгираан ёолох чимээ сонсогдож сэрүүн, зүүдлээд байгаа аль нь болохоо мэдэхээ байсан. Ямар ч л байсан би амьд байгаагаа мэдсэн. Бусдыгаа юу болсныг олж харах гэж хичээсэн. Тухайн үед юу харагдаж байсан юм бүү мэд. Тэгээд л хэсэг унтаж байгаа мэдрэмж төрсөн. Шоконд ороод ухаан алдсан юм шиг байгаа юм. Нэг сэрсэн наранд нүд гялбаж байсныг санадаг. Тэгээд л эргэн тойрноо харах тэнхээтэй болж ирсэн. Өндийж л харна шүү дээ. Босч чадахгүй. Нүдэнд туссан газар хүртлээ л харна. Хэвтэж байсан газрын ойролцоохон төмөр савтай олон тооны шатахуун, энд тэндгүй асгарсан газар нь харлаж харагдаад. Шатахууны эхүүн үнэр хамар цоргиод л. Тэгэхэд л мөр зэрэгцэж явсан нөхдөө амиа алдаж, зарим нь орь дуу тавьж байхыг харсан. Үнэхээр нүд хальтирмаар юм билээ. Нэг нөхрийн минь бөгсөн бие тасарчихаад "Намайг гайгүй бэртсэн гэж ар гэрийнхэнд минь хэлээрэй" гээд амьсгал хураасан. Хариуд нь хүн юу гэж хэлэхээ мэддэггүй юм билээ. Дэмий л "Яалаа гэж дээ" л гэхээс өөр үг олдоогүй.
-Ослоор таны юу бэртсэн юм бэ?
-Нуруу, цээж авах юм байхгүй. Хүн ёолох чимээнээр бусдадаа аминдаа тусалчих санаатай мөлхөнө. Сүйрсэн онгоцны цаад талд гарахын тулд бүтэн найман цаг болж байсан юм даг. Нас барсан хүмүүсийнхээ цогцсыг таарвал шүхрээр хучна. Бэртсэн хүмүүсийн бие шөнө их мууддаг юм билээ, хэцүү. Гурав дөрөв хонож байсан. Ус байхгүй. Онгоц сүйрснээс гурав хоногийн дараа бороо орж байж нэг юм бид устай золгосон.
-Борооны усыг юунд тосч байв?
-Шүхрээ дэлгэж тавиад тоссон. Арав гаруй литр устай болж байгаа юм. Усаа гамтай хэрэглэнэ, хайрлана. Би өдөрт нэг балга ус л ууна. Биднийг мэдээж төр засгаас хайх ажил өрнүүлж байгаа. Гэхдээ тэд иртлээ хаа ч билээ. Таахын аргагүй шүү дээ. Дахиж бороо ороо ч уу. Тэгээд бид амьд л гарах гарц хайсан нь усаа гамнах. Нэгэнт л амьд гарсан юм чинь амьдрахыг л бодно шүү дээ. Тэр өдөр биднийг эрлийн багийнхан олоогүй байсан бол Т.Сугар нисгэгч, Цогоо хоёр тэсэхгүй өнгөрөх байсан.
-ЭРЛИЙН БАГИЙНХАНД ДОХИО ӨГӨХ НЭГ ШИРХЭГ УТАА ГАРГАГЧ БАГАЖ, ОНГОЦ ИРВЭЛ АГААРААС ХАРАГДАХ ТАЛЫГ НЬ БОДОЖ ТОД ӨНГИЙН ШҮХЭР МОДНЫ ОРОЙД ӨЛГӨХ ГЭХ МЭТ АЖЛУУДЫГ ЗАВСАР ЗУУР НЬ АМЖУУЛЧИХНА-
Дөрвөн жилийн өмнө Сэлэнгэ аймгийн Мандал суманд осолдсон "МИ-8" нисдэг тэрэгнээс амьд гарч чадсан долоон залууөнөөдөр амьд сэрүүн байна. Ослын гэрч болсон аврагч нараас манай сонин ярилцлага авснаа цувралаар нийтэлж байгаа билээ. Хэдийгээр тэд онгоцны осол гээч зүйлийг биеэрээ амссан ч тэнд амь үрэгдсэн 15 сайн нөхдөө дурсаж, албан үүргээ нэр төртэйгөөр үргэлжлүүлэн хашсаар явна. Өмнөх дугаартаа Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн шүхрийн техникч, дээд түрүүч Ж.Бадамжунайтай ярилцсан эхний хэсгээ толилуулсан билээ. Энэ удаа үргэлжлэлийг нь хүргэж байна.
-Цогоо гэдэг чинь хэн билээ?
-Манай Аврах тусгай ангийн аврагч П.Цогжаргал. Онгоцны ослоор өрөөсөн гаргүй болсон юм.
-Ослоос болж баруун гаргүй болсон залуу юу?
-Тийм. Баруун гар нь онгоцны сэгэнд дарагдчихсан. Хөдөлж ч чадахгүй байсан. Түүний ойр орчимд талийгаачдын цогцос дүүрэн. Цогцсон дунд ганцаараа байгаа залуу хүн юу эсийг бодох вэ дээ. Эхний өдөр ус байхгүй. П.Цогжаргал (Цогоо) "Хоолой чийглэх юм өгөөч" хэмээн хашгирдаг. Сүйрсэн онгоцны ард хэсэгт унахдаа гараа даруулсан шиг байгаа юм. Гарыг нь гаргаж авах гээд бид бараагүй. Модоор хөшөөд ч дийлээгүй. Бидэн дунд тэнхээтэй ч хүн байгаагүй юм, тэр үед. Хожим нь эрлийн багийнхан ирээд гаргаж авч дийлээгүй. Хот руу тусгай багаж төхөөрөмж захиж авчруулж байж нэг юм гаргаж авсан.
Цогоог үе, үе чимээгүй болчихоор "Цогоо амьд уу,байна уу" гэж асууна. Цогоо хариуд нь сулхан "Байна аа" л гэж хариулдаг байсан. Тэгэхээр нь нэг юм санаа амардаг байлаа. Үхчих вий гэж маш их айж байсан. Бидэн дунд Цогоо л илүү ус уух нормтой. "Ус ууя" гээд нэхнэ. Өгчихөөр хэсэгтээ чимээгүй болчихно. Тэгээд л жаахан байж байгаад Цогоо ус нэхнэ. Түүнд хурдан ус аваачаад өгчих хүн байхгүй. Бүгд бэртэлтэй юм чинь. Тэгэхээр Цогоо "Та нар намайг бүр хаяж байгаа юм байна л даа. Хаясан чигээрээ хаячихаарай.
Та нарыг харна аа" гээд л орилдог. Тэрүүхэн тэндээ биднийг дарамтлаад авчихна аа. Би усны нярав хийнэ. Г.Ганжигүүр (тэргүүн дэслэгч), Х.Сүхбаатар (тэргүүн түрүүч) хоёр хэн нэгэнд ус өг гэж хэлбэл л өгнө. "Өг" гээгүй бол өгөхгүй шүү дээ. Цогоогоос бусад нь өдөрт нэг балга ус ууна. Балга усаа шууд балгачихгүй. Амандаа байлгаж байгаад ууна. Сэрүү татаад ямар сайхан гэж санана. Ус чандмань эрдэнэ гэдгийг тэгэхэд л хүн ойлгодог юм билээ.
-Ерөнхийдөө Г.Ганжигүүр, Х.Сүхбаатар хоёр бусдадаа санаа тавьж байсан юм аа даа?
-Тэр хоёр бусдадаа санаа тавьж байсан. Амьд үлдсэн хүмүүсээ эргэж тойрохоос өгсүүлээд хийх ажил нь мундахгүй.
-Та нар дундаа тэд арай гайгүй бэртэлтэй байсан юм уу?
-Гайгүй юу байх вэ дээ. Залуу хүмүүс арай хүчтэй байсан биз. Тэр арай гайгүй бэртсэн гэж хэлэх арга байхгүй. Х.Сүхбаатар босох гэж 30 минут орилно. Түүний гар хөл нь хугарсан, нуруу нь түлэгдсэн байсан. Босох гэж орилоод л байна. Яс нь "нуд нуд" гэж дуугарч байгаа нь сонсогдоно. Тэгж байж нэг юм Х.Сүхбаатар босоод Г.Ганжигүүрийг босгох гэж очно. Г.Ганжигүүрийн бас цээж нь бэртэлттэй, хөл нь хугарсан. Тэр хоёр бие, биенээ татаж, чангааж босгох гэж байсаар 30 гаруй минут болно. "За одоо чи тэг, гарнаас, суганаас, хөлөө" гэх мэтээр хоорондоо ярьж байж нэг юм босно. Босох хооронд нь тэр хоёрын яс "нуд нуд" гэж уралдаж дуугарах нь сонсогддог байв. Г.Ганжигүүр хаанаасаа олсон юм, суганаасаа өндөр ацтай мод олоод тэрэндээ бараг өлгөгдөх шахуу нэг хөлөө чирээд явна. Нэг босчихвол тэд хоёр цаг гаруй явчихдаг байсан. Өөрсдийгөө болон бусдыгаа амьд гаргах бүхий л аргыг хайж байгаа юм. Онгоцны ачаа байсан хэсгийг олж эрлийн багийнхан ирвэл дохио өгөх нэг ширхэг утаа гаргагч багаж, онгоц ирвэл агаараас харагдах талыг нь бодож тод өнгийн шүхэр модны оройд өлгөх гэх мэт ажлуудыг завсар зуур нь амжуулчихна. Бусдыгаа эргэж тойрно. Г.Ганжигүүр нисэхийн өмнө ачаа баглаж байсан болохоор хаана юу байгааг андахгүй. Ачаа олоод жаахан мах, тогоо энэ тэр олоод ирнэ. Бид "Юун мах олоод ирэв ээ" гэхэд "Жаахан мах ачаанд хийсэн юм аа" гэж байсан.
-Хээр бүгд л хүндхэн байсан юм чинь өнөө жаахан махаа яаж хүртээв?
-Т.Сугар нисгэгчийн бие хүнд байсан. Дээр нь настай хүн шүү дээ. Тэгээд бид өнөө олдсон жаахан махаараа шөл хийж өгөхөөр болсон. Би нэг модон хавтан олж аваад цээжин дээрээ махаа хэрчээд өгсөн. Нөгөөдүүл маань болгох ажлыг хийсэн. Эргэн тойронд гурван тонн түлш асгарчихсан. Ил гал түлбэл түймэр дэгдчих гээд. Иймд аяны тогоон дотроо гал түлээд хээрийн хоолны савны таганд хөшиглөсөн махаа хийж, ус хийсэн. Ус хийхдээ бас нөгөө хоёроосоо асууна. 100 гр хавьцаа хийгээд "Яахав багадах юм уу, дахиад хийх үү" гээд л. Нэмээд 200 гр орчим ус хийсэн байх. Тогоотой галныхаа дээрээс мах, ус хийсэн саваа бариад буцалгаж байсан. Буцалгах ч юу байхав дээ. Дөнгөж борлуулаад авч байсан байх. Т.Сугар нисгэгч юм идэж чадахгүй байсан болохоор шөлийг нь өгч бусад маань махыг нь хувааж идэцгээсэн. Ингэж бужигнаж байгаад Цогоогоо мартчихаж. Гэнэт санаад "Цогоо чи яачихав аа, амьд уу" гэлээ. Хэн нэг нь нөгөө махнаас өгсөн бололтой. "Мах зажилж байна аа" гэж дуугардаг байгаа. Тэгж нэг юм өл залгацгааж байсан.
-Гавьяат нисгэгчийн бие тааруу байж байгаад хотод ирээд өнгөрсөн. Яг ямар бэртэл авсан байсан юм бэ?
-Талийгаачийн талаар нэг их юм яриад яах вэ. Гавьяат нисгэгч, мундаг хүн байсан гэдгийг л хэлж чадах байна.
-Хоёр, гурав хоноход онгоцны дуу хэр их сонсогдож байсан бол?
-Онгоц бидний дээгүүр яваад байгаа нь сонсогдож байсан. Тэгж байгаад л тойроод явчихна. Нэг бол дуу нь гарч байгаад чимээгүй болчихно. Хоёр дахь өдөр онгоц яг бидний дээгүүр явсан юм. Эрлийнхэнд дохио өгөх ганцхан утаа гаргагч багажаа хайрлаад онгоц дөхөхөөр нь татах гээд хүлээгээд байлаа. Ашгүй нэг ойртов. Утаа гаргагчаа татаадахсан чинь модноос дээгүүр утаа нь гарахгүй байгаа юм. Модны орой хэсгээр л уугиад өнгөрсөн.
-Бүтэн дөрвөн өдөр тэнд байсан хүмүүс өөрснийгөө аврах онгоц ирнэ гэдгийг хүлээж байсан нь мэдээж. Онгоц та нарыг оллоо гэдгийг мэдэхэд юу бодогдож байв?
-Урьд нь онгоц тойроод нисч байсан болохоор олохгүй явчих вий гэдгээс л айж байсан. Дөрөв дэх хоног дээр онгоцны дуу бидэнд их ойрхон сонсогдсон. Нэг онгоц гараад ирлээ. Бид олоод хараасай л гэж горьдож байгаа юм. Гэтэл өнөө онгоц цаашаа эргээд явчих шиг болов. Горьдлого ч талаар болж "Миний хоёр охин тэр онгоцыг дуудаад өгч чаддаггүй юм уу" гэж хашгираад газар шаагаад авсан. Тэгсэн ч өнөө онгоцноос хараагаа салгаж чадахгүй л байв. Азаар онгоц ч бидний зүг эргэлээ. Намайг тэгж хэлэх үед манай нэг аврагч С.Батдалай ард зогсож байснаа онгоц эргэхэд "Жунай ах аа, танай хоёр охинд баярлалаа" гэж байсан юм. Онгоц биднийг олсноо мэдэгдэж гурван удаа тойрч нисэхэд дахиад хүн үхэхгүй нь гэж бодогдож байсан. "Тэнгэрийн улаач" компанийн улаан онгоц дээгүүр эргэлдэж байгаа юм. Тэгсэн Т.Сугар нисгэгч "Миний муу шавь Буянбадрах нисч байна даа" гээд хоолой нь чичирч байсан.
-Онгоц осолдож байгааг мэдэх үед хүнд янз бүрийн л юм бодогддог байх?
-Яаж би эхнэрээ аваад хамт нисээгүй юм бол гэж баярлаж байсан. Хүнд үр хүүхэд, хань ижил л хамгийн түрүүн бодогддог юм билээ. Хэрэв эхнэр минь явсан бол юу болоо ч билээ.
-Эхнэртэйгээ хамт ажилладаг юм уу?
-Бид хамт ажилладаг. Үүрэг аваад нисэх гээд онгоцонд ортол эхнэр маань сууж байна. "Чи энд юу хийж байгаа юм бэ" гэсэн чинь "Би хамт явчихаад ирье л дээ" гэв. "Найр наадамд явж байгаа биш. Яах гээд байгаа юм бэ, буу. Энэ тоглоом наадам биш" гэж загнасан. Эхнэрээ аваад явсан бол онгоц осолдоход бас яаж байгаа бол гэж бодно. Туслах санаатай гүйнэ. Тэгж байгаад хамтдаа үхчихвэл яах вэ. Хоёр охин минь хэцүүднэ. Энэ мэтээр юу эсийг бодох вэ дээ, хүн чинь.
-Онгоц яг хаана осолдсон юм бэ?
-Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шар шөвгөр уулын орой дээр онгоц осолдсон. Мод ихтэй газар. Зүүн талаасаа онгоц нисвэл биднийг олж харахаар, бусад талаасаа бол харагдахгүй.
-Эрлийнхэн та нарыг яаж олсон гэж байх юм?
-Модон дээр тохсон шүхрээр олсон юм билээ. Уг нь яг тэнд унасан гэдгийг нь мэдэж байсан учраас эрлийнхэн хоёр хоног бидний дээгүүр эргэлдсэн байгаа юм. Тэгээд олохгүй яваад байсан. Харин тэр үед Шадар сайд асан М.Энхсайхан нэг гавьяа байгуулсан юм. Энэ хүн гадаадын нэгэн байгууллагад хандсан байдаг. Тэнд нь монгол залуу ажилладаг байж. Тэгээд тэр хүний тусламжтайгаар бидний байгаа газарт металл илэрч буйг тогтоож өгсөн байдаг. Шар шөвгөр уул гэдэг чинь Монголын газрын зурган дээр тод тэмдэглэгдсэн байдаг юм билээ. Энэ нь улсын нууцад хамаарч магадгүй тул тодорхой бичээд яах вэ.
-Онгоц та нарыг олчихоод шууд буусан уу?
-Үгүй. Биднийг оллоо гэсэн дохио өгчихөөд нисээд явсан. Уулын хормой хавьд буусан. Тэгээд 16 цаг өнгөрч байхад эрлийн багийнхан, эмч сувилагч нар ирж анхны түргэн тусламж үзүүлсэн. Тэдэнтэй хамт Тагнуулын ерөнхий газраас нэг хүн ирсэн байв. Нисгэгчид эмнэлгийн тусламж үзүүлэхээс өмнө тэр хүн Т.Сугар гуайгаас байцаалт авч эхэлсэн. "Онгоц юунаас болж унасан. Юу болов" гээд л. Бид ч "Чи юу болоод байгаа. Наад хүн чинь шархадсан байна, байцаалт авахаа болиоч, зайл" гэсэн. Тэр ч байцаалтаа үргэлжлүүлэхээ болиод годхийгээд босоод яваад өгсөн.
-Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэр сайн эмчлүүлж чадсан бэ?
-Тэнд сайн эмчлүүлснийхээ хүчинд бид өдий зэрэгтэй яваа гэж боддог. Эмчилгээний асуудалд төр засгаас анхаарал тавьсан. Тэр дундаа Эрүүл мэндийн яамныхан хяналтандаа авч хэрэгтэй бүх л эмчилгээг хийж байв. Бид нэг сараас хоёр сарын хооронд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Тэрүүхэн тэндээ тусгай хангамжинд байлаа. Биднийг эмнэлэгт байхад гал унтрааж яваад нэг залуу дөрвөн давхраас унаж бэртсэн гээд хэвтэж эмчлүүлж байсан. Бидэнд эд эс сэргээх тариа хийж байсан. Их сайн, нэг удаа хийх тариа нь 50 мянган төгрөг гээд. Бид өнөө залууг өрөвдөөд өдөрт нэг удаагийн тариаг дундаасаа илүүчилдэг. "Та нар тариагаа хийлгэсэн үү" гэж сувилагчийг асуухаар "Хийлгэсээн" л гэдэг. Тэр тарианы үр дүнд залуугийн бие ч сайжирсан. Одоо манай ерөнхий газарт жижүүр хийдэг. Хааяа таарахаараа "Сайн байна уу" гээд л нахилзаад байдаг юм. Үүнийг яриад байгаагийн гол нь шүхэрчин хүмүүс нөхөрсөг, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй, уужуу байдаг гэдгийг л хэлж байгаа юм. Тэгээд л наймуулаа хотод ирээд нэг нь эмнэлэгт байж байгаад өнгөрсөн дөө.
-Долоон аврагч амьд үлдсэн. Одоо бүгдээрээ Аврах тусгай ангидаа ажиллаж байгаа юу?
-Бүгд ангидаа ажиллаж байна. Х.Сүхбаатар одоохондоо гадаадад байгаа.
-Төр засгаас та нарт ямар нэгэн байдлаар тусламж, дэмжлэг үзүүлсэн үү?
-Мөнгөн тусламж үзүүлсэн.
-Ослоос болж та нар бэртэж, үнэндээ тахир дутуу болцгоосон. Гомдох сэтгэл төрөх үе гарч байв уу?
-Юундаа гомдох вэ. Бид эх орныхоо өмнө хүлээсэн тангарагтай хүмүүс. Эрсдэлтэй мэргэжил. Би хийхгүй бол өөр хэн энэ ажлыг хийх вэ. Үүнийгээ мэдэж бид өнөөдрийг хүртэл улаан галтай уралдан хүний амийг авардаг. Тийм байж бид төр засгаас мөнгө нэхээд, ингэсэнгүй, тэгсэнгүй гээд суух уу. Тэгэх ёсгүй төрийн тусгай албан хаагчид шүү дээ.
-Осолд орсны дараа ажлаа хийхэд хэцүү байв уу?
-Хэцүү байгаагүй. Шүхрээр буух дуртай. Хэдийгээр энэ ажлаа хийж явах зуураа олон удаа үхэлтэй тулгарч явсан ч шантрах үе гарч байгаагүй. Тэнгэрт ёслоод шүхрээр буух сайхан. Энэ мэдрэмжийг юугаар ч солих аргагүй.
Эх сурвалж "Өдрийн сонин"
No comments:
Post a Comment