Tuesday, 21 June 2011

Уранаа: "Би босоо монгол бичгээ бодоод омогшиж явдаг"

Манай сонины Берлин дэх сурвалжлагч Ю.Дэлгэрмаа Өвөр Монголын нэрт дуучин Урнаатай Герман улсад болсон Дэлхийн соёлын багт наадмын үеэр уулзжээ.

Найруулагч Д.Бямбасүрэн "Чингэсийн хоёр загал" баримтат киногоо 2008 онд хийсэн. Киноны гол баатар нь Цахар-Тугчийн Урнаа хэмээх энэ бүсгүй. Урнаа Өвөр Монголын Ордос нутагт малчны гэр бүлд төржээ. Ордосынхны ярьдгаар нагай ээж нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэхээсээ өмнө соёлын хувьсгалын үед эвдэрсэн морин хуурыг ач охиндоо өгч, "Чингэсийн хоёр загал" дууны хэдэн үг бичээстэй морин хуурыг Урнаа засуулан авч дууг сурахаар замд гарч байгаа тухай энэ кинонд өгүүлдэг.

Урнаа Германд амьдардаг. Берлин хотноо жил бүр зохиогддог Дэлхийн соёлын багт наадам дээр түүнтэй санамсаргүй тааралдаж уулзахаар болсон юм. Тэрбээр Германд ирээд 10 гаруй жил, Каир хотноо дөрвөн жил амьдарсан аж. Уг нь монголчуудтай ураг төрлийн холбоотой гэгддэг Туркт хэсэг хугацаанд байна гэж бодож байжээ. Гэвч яагаад ч юм Каирт үлдсэн гэнэ. Харин Берлин хотод нүүж ирээд хоёр жил болжээ. Энэ тухайгаа яриад "Жинхэнэ нүүдэлчин мөн байгаа биз" хэмээн инээж, Монголын тухай ярих болгонд өөрийн эрхгүй нулимс нь асгарч байлаа. Тэгснээ санаа алдаж "Монгол бичиг хүртэл босоо. Би чинь монгол бичгээ бодоод их омогшдог шүү" гэв. Урнаа удахгүй дахиад л тоглолтоор явах гэж байгаа. Энэ удаад Скандинавын орнуудыг зорих гэнэ.

-Тантай уулзсан болохоор "Чингэсийн хоёр загал" киноны тухай ярихгүй байж болохгүй байх. Германы үзэгчид хэрхэн хүлээж авсан бэ?

-Киног маань Германд маш сайхан хүлээж авсан. Нээлтийг Мюнхен хотноо 2010 оны зургадугаар сард хийсэн, Найруулагч Д.Бямбасүрэн гээд энэ киног хийхэд оролцсон бүх уран бүтээлчид ирсэн бөгөөд дараа нь үзэгчидтэйгээ асуулт хариулт маягаар ярилцсан. Их гүн агуулгатай асуултууд тавьж байсан. Киноны дуу, зураг авалт хоёр их сайхан болсон байна гэж байсан. Дараа нь олон захидал, и-мэйл хүлээж авсан. Очиж тоглолт хийсэн газруудад киног маань олон түмэндээ үзүүлэхийг хүсдэг.

-"Чингэсийн хоёр загал" киноны зургийг Ар Монголд авсан. Ар Монголд анх очоод ирсний дараа ямар сэтгэгдэл төрж байв?

-Монголд очоод ирсний дараахь сэтгэгдлийг хэдхэн үгээр хэлэхийн аргагүй. Улаанбаатарт бол маш завгүй байсан л даа. Хархорин хүрэх замдаа тал нутгаа харлаа. Сэтгэл их хөдөлсөн, олон ч юм бодогдсон. Бид чинь Ар Монголыг их мөрөөдөж санадаг шүү дээ. Нагай ээж маань бүр бага байхад үлгэр домгоор дамжуулан монгол үндэстний тухай олон сайхан юм ярьж ойлгуулсан. Тэр үеэс л Ар Монголтой цус нэгтэй ахан дүүс гэдгээ мэдэрсэн.

-Европын орнуудаар тоглолтоо хийдэг гэж сонссон?

-Америк, Европын орнууд, ОХУ, Тайвань гээд нийтдээ 40-өөд оронд очиж тоглосон.

-Таныхаар хаанахын үзэгчид монгол дууг илүү сайхан хүлээж авдаг вэ. Орон орны үзэгчид ялгаатай юу?

-Миний хувьд нэг их ялгаа байхгүй. Тайзан дээр гарч ирээд үзэгчид рүү харах болгонд их сайхан байдаг. Бээжинд тоглоход тоглолтын дараа хүмүүс ирээд Монголын тал нутаг үнэртлээ, морь үзэгдлээ гэдэг. Мароккод миний тоглолтыг хүүхдүүд их үздэг. Лалын шашинтай орнуудынхан гэхэд чиний дуугаар дамжаад Аллахтай харилцлаа гэдэг. Амьдралын хэмнэл хурдтай Европын үзэгчид тайвширч тархи амарлаа гэх жишээтэй. Азийн орнуудад бол үзэгчид тоглолтын дараа заавал гарын үсэг авч, сүүдэр татуулна. Нэг удаа Тайваньд тоглолт хийсний дараа хоёр цаг үзэгчдэд гарын үсэг зурж өгсөн. Өвөр Монголын Ууха хотод хийсэн тоглолт миний хувьд хамгийн их онцлог. Улс болгон өөр боловч тоглолтыг маань үзэж байгаа үзэгчдийн сэтгэл нь ариун болдгоороо нэг байдаг.

-Нэлээд хэдэн CD гаргасан гэсэн. Бүгд Германд гарсан уу?

-Нийтдээ би таван CD-тэй. Зарим нь Германд, зарим нь Тайваньд гарсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд кинотой холбоотой ажилд нэлээд анхаарч ажилласан. Хамгийн сүүлд 2005 онд "Амилал" нэртэй CD гаргасан.

-Ар Монголд хэзээ очиж гэж байна?

-Урилга ирвэл очно. Очих хүсэл бол маш их байна.

Урнаа нулимс асгаруулан тал нутаг, Ордос нутгийн тухай ярихад "Чингэсийн хоёр загал" дууных нь үг өөрийн эрхгүй санаанд оров.

Эзэн богдын хоёр загал

Ижилдээ юундаа яарна вэ?

Уулын цас хайлбал

Улс ах дүү минь ойртоно

No comments:

Post a Comment