-Гадаадад явсан сонин хачнаас тань яриагаа эхэлье?
-Өнгөрсөн нэгдүгээр сарын 25-ны өдөр Египетэд хувьсгал ялуулахад гол үүрэг гүйцэтгэсэн "Дөрөвдүгээр сарын 6" гэж залуучуудын хөдөлгөөн байдаг юм. Энэ хөдөлгөөний нөхдүүдтэй холбогдож очлоо. Надад хувьсгал болсны дараахь улс орны нөхцөл байдал ямар байдгийг үзье гэсэн бодол байсан юм. Гэвч аюулгүй байдалтай холбоотойгоор очих боломж тэр үед гараагүй. Тэгээд өнгөрсөн тавдугаар сарын дундаас арван хэд хоног яваад ирлээ.
-Яг хаагуур явав?
-Египетийн нийслэл Каир хотоос эхэлсэн. Египет орныг урьд нь хүмүүс Пирамидаар нь мэддэг байсан бол өнөөдөр яах аргагүй Тахрирын талбай, хувьсгал хийгдсэн гэдгээр нь дэлхий даяараа мэддэг болсон байна. Тахрирын талбай бол өнөөдөр Ойрхи Дорнодод буюу Арабын ертөнцөд зайлшгүй үзэх ёстой нэг газар болжээ.
Тэр их шашны нөлөө, тэр том дарангуйлагчийг хүчирхийллийн бус замаар, тайван жагсаал цуглааны замаар түлхэн унагасан нөхдүүдтэй уулзахад сонин байлаа. Бас цаашаа Ливийн Бенгази гэж далайн эрэг дээр байдаг хотыг зорьсон. Ерөнхийдөө Каддафигийн эсрэг босогчдын гол төв. Харамсалтай нь иргэний дайнтай байгаа энэ газарт орох боломж алга. Дайнтай байгаа болохоор хилээ хаачихдаг юм байна. Яахав тэрхүү боомт дээр дайн байлдааных нь ерөнхий байдлыг харчихаад ирлээ. Цаашаагаа Тунис руу явах зорилго байсан боловч бас л аюулгүй байдалтай холбоотойгоор болсонгүй. Намайг явж байх үед тэнд бослого хөдөлгөөнүүд идэвхжсэн. Ерөнхийлөгчөө Саудын Араб руу хөөгөөд явуулчихсан улс шүү дээ. Зарим нөхөдтэй хариуцлага тооцох асуудлаар жагсаал цуглаан нь идэвхжсэн учраас аюулгүй байдлын баталгаа алга болсон гэнэ. Ингээд буцаад ирлээ.
-Египетэд хувьсгалын дараахь нөхцөл байдал ямар байна?
-Хувьсгалыг ялуулсны дараа зайлшгүй хийх ёстой нэг зүйл бол "Яагаад хувьсгал хийсэн юм бэ" гэдгээ нийт иргэддээ сайн ойлгуулах явдал юм байна. Суртал ухуулгыг маш хүчтэй хийдэг юм байна. Энэ бол манай ерэн оныхны хийсэн бас нэг алдаа. Өөрөөр хэлбэл өнгөрсөн нийгэм хамгийн адгийн нийгэм байсан учраас бид хувьсгал хийж энэхүү шинэ нийгмийг байгууллаа гэдгийг жирийн иргэн бүрдээ сайн ойлгуулж өгөх ёстой юм байна. Өнөөдөр Каир хот ямар байна гэхээр гудамжаар нь дүүрэн Тахрирын хувьсгалын талаар гадаадын том том удирдагчдын хэлсэн үгийг хадчихсан байна. Америкийн Ерөнхийлөгч Барак Обамагийн хэлсэн үг байна л даа. "Бид өөрсдийн хүүхдүүдийг яг Египетийн залуу үе шиг хүмүүжүүлэх ёстой юм байна. Эрх чөлөө, шударга ёсны төлөө ингэж тэмцэж чаддаг. Ялж чаддаг болгож хүмүүжүүлэх ёстой" гэхчлэн. Мөн Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камероны үг, CNN-ийн дамжуулсан үгүүдийг том томоор гудамжиндаа хадсан байна. Мубаракийн дэглэм хамгийн адгийн дэглэм байсан учраас бид сэрсэн, өөрчилсөн юм гэсэн суртал ухуулгын ажил тэр ард түмний дунд маш хүчтэй явагдаж байна. Бид ерэн онд үүнийг хийж чадаагүй. Тийм болохоор өнөөдрийг хүртэл өнгөрсөн нийгмийг санагалзах, ерэн оноос өмнө илүү их сайхан байсан юм шиг дуртгал ярих өнөөдөр дуусахгүй байна. Энэ бол хувьсгалын дараа зайлшгүй хийгддэг ажил бололтой. Хоёрдугаарт Египетэд ганцаараа Засгийн эрх барьж байсан Үндэсний ардчилсан нам гэж байсан. Энэ намыг бүрэн тараасан. Хаасан. Хөрөнгийг нь хураасан. Манай МАХН л байсан. Төв байрыг нь шатаасан. Одоо музейн үзвэр байдлаар ашиглах шийдвэр гарсан юм билээ. Дарангуйлал гаарвал ард түмэн ингэж устгадаг юмаа гэдгийг санаж байх үүднээс музей үзвэр болгох ёстой гэж тэнд буй нөхөд ярьж байна лээ. Ингээд ижил түвшинд бүх зүйлийг эхлүүлдэг юм байна. Хувьсгалын дараахь Египет оронд байдал ийм л байна.
-Үндэсний хөрөнгөтнүүд нь хувьсгалын үеэр ямар байв, хувьсгалын дараа ямар байна вэ?
-Египетийн хувьсгалын бас нэг бахархмаар нь хулгай дээрэм тэгтлээ газар аваагүй. Жижиг сажиг зүйл гарсныг үгүйсгэхгүй. Агуулгаараа ийм том үйл явц болж байхад харьцангуй тайван байсан гэж нөхдүүд дүгнэж байна. Хөрөнгө чинээтэй олон хүн Египетээс зугтаах гээд хил дээрээс баригдаж байгаа юм билээ. Эдгээр нь хэн байна гэвэл төрөөс хулгай хийсэн нөхдүүд. Жишээлбэл сайд байсан, дэд сайд байгаад хөрөнгө чинээтэй болчихсон хүмүүс хил дээр баригдаад ирсэн байдаг юм билээ. Тус улс нь аялал жуулчлалын томоохон бүс. Тийм байхад Аялал жуулчлалын сайд нь 10 жилийн ял сонссон байх жишээтэй. Сүүлийн 30 жил ард түмнээ шулж мөлжсөн тогтолцоо. Эцэстээ ийм л байдалд хүрдэг юм байна. Иргэний засаг гарч иртэл энэ байдал үргэлжилнэ гэж тэд ярьцгааж байна. Хувьсгал нийгмийг ингэж л цэвэрлэдэг юм байна.
-Мубаракийн засаглал хэдэн жил тогтсон билээ?
-Гучин жил.
-Манайд хувьсгал гараад 20 гаруй жил болж байна. Одоо манайд хувьсгал ярьж байна. Та бас ярьжбайгаа."Манайд хувьсгал хийх тохироо байна" гэж та түрүүн хэлсэн?
-Хувьсгалыг нэг хүн хийхгүй шүү дээ. Ард түмэн хийнэ. Египетийн макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг манайхтай харьцуулахад манайхаас ч гайгүй байсан юм шиг. Тэдний ядуурал 40-50 хувьтай гэж байгаа. Гэтэл манайх 60-70 хувьтай яваад байгаа. Дундаж цалин энэ тэрийг нь ярихаар манайхаас өндөр байгаа юм. Тийм байхад тэнд хувьсгал явчихаад байна. Шударга ёс гэдэг юм тэнд манайтай адилхан. Авлигын индексээрээ манайх Египет хоёр дөрөв таван байрны зөрүүтэй явдаг. Ерөнхийдөө хувьсгалын тохироо гэж ярих юм бол яг энэ харьцуулалтаараа тохироод байна. Яахав, Монголд өнгөрсөн хугацаанд олон засаг солигдсон нь үнэн. Энэ нь олон нүүр царай солигдсон гэсэн үг. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам нүүр царай нь олон байсан болохоос агуулгаараа нэг л бүлэглэл энэ бүхнийг бариад байж гэдэг нь нийгэмд хүчтэй ойлгогдож байна. Энэ нь хувьсгалын нэг суурь шалтгаан гэж би харж байгаа. Гэхдээ хувьсгал хувьсгал гэж ярьсаар байгаад хувьсгал ялна гэж байхгүй. Өнөөдөр ард түмний амьдрал ямар байна вэ. Би өчигдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны иргэдтэй уулзлаа. Үнэхээр манай ард түмний амьдрал гундуу байна. Нүүрэндээ галгүй, нүдэндээ цоггүй, хийморьгүй болчихож. Одоогоос дөрөв таван жилийн өмнө ард түмэн арай ч тийм байгаагүй санагдах юм. Энэ бэлэн мөнгө тарааж байгаа байдал, хүмүүсийн бэлэнчлэх сэтгэлгээнд маш их оруулж байна. Ажиллах хөдөлмөрлөх хүсэл эрмэлзлийг үгүй хийж байна. Дээр нь хамгийн гол нь шударга ёс гэж зүйл байхгүй учраас хүмүүс ажил хөдөлмөр хийх сонирхолгүй байна. Нэг зүйлийг миний бие маш сайн ойлголоо. Шударга ёс гэдэг бол боломж юм байна гэдгийг. Шүүхээр шударга шийдвэр гаргаад шударга ёсны хэмжүүр хэмжигдэхгүй юм байна. Шударга ёс гэдэг бол боломж. Үүнийг сая Египетэд хамгийн ойроос харлаа. Тэнд ярьж байгаа юм. Мубаракийн дэглэмийн үед Мубаракийн эргэн тойронд байсан нийгмийн таван хувь л амжилт олж байсан, мөрөөдөл нь биелж байсан гэж. Монголд яг л түүнтэй адилхан нийгмийн таван хувьд л боломж байгаа. Бусдад нь боломж байхгүй. Гэр хорооллын иргэдтэй уулзахад дэлгүүр ажиллуулъя гээд зөвшөөрөл авч чадахгүй. Гуанз ажиллуулъя гээд зөвшөөрлийг нь авч чадахгүй. Зөвхөн зөвшөөрлийг нь авч чадахгүй байна. Энэ юу харуулж байна гэхээр шударга ёс байхгүйгээс шалтгаалж зөвхөн дарга нарыг тойрон хүрээлсэн хэдэн хүний төлөө нийгэм бий болчихож гэдгийг. Энэ бүхнийг зайлшгүй өөрчлөх ёстой.
-Гэхдээ шударгаар хөдөлмөрлөж амжилт олж байгаа хэсэг байгаа шүү дээ?
-Үнэн. Гэхдээ манай нийгэмд байгаа ерөнхий үзэгдэл бол төрөөс дэмжлэг авахгүйгээр ямар ч бизнес явахаа больчихож. Энэ л үнэн. Одоо бол хүн бүрийн толгойд тендер гэж хамгийн түрүүнд бууж байна. Төр бол хамгийн том худалдан авагч болчихлоо. Хэн төртэй ойрхон, хэн дарга нарт ойрхон байна тэд нарын бизнес дээшээ явж байна.
-Тендерт оролцдоггүй бизнесменүүд гэж байдаг...
-Санал нэг байна. Нэг л юм харагдаж байна л даа. Ямар ч дарангуйллын тогтолцоо нэг л юмнаас айдаг юм байна гэж. Тэр нь юу гэхээр иргэд гудамжинд цуглахаас. Өөр юунаас ч айхгүй. Айж байгаа учраас 21 мянгыг тарааж байна. Ард түмэн одоо 21 мянгаа хүлээгээд хэвтэж байдаг боллоо. Энэ нь сэтгэлгээний ядуурал руу аваачиж байна. Үүнийг бас даруй өөрчлөх ёстой.
-Өнөөдрийн морьтой жагсагчид, их бага хуралдайг та юу гэж харж байна. Тэдний "Хөрөнгийг ньхураана, шоронд хийнэ..." гэсэн олон уриа лоозон таны хүсч байсан зүйл мөн үү?
-Бидний 2004, 2005 оны үед эхлүүлсэн хувьсгалт үзэл санаа гэж юм бий. Энэ хувьсгалт үзэл санаа улам бэхжиж байна. Хувьсгалын шинжтэй өөрчлөлт зайлшгүй хэрэгтэй гэдгийг ойлгодог болчихож. Энэ үзэл санаан дээр л өнөөдрийн энэ бүх үйл явц явагдаж байгаа хэрэг. Тэгэхээр үүнийг буруутгаж болохгүй. Үзэгдлийн хувьд буруу зүйлүүд харагдаж байж магадгүй. Гэхдээ агуулгаараа зөв зүйл.
-Хувийн өмчийг шууд хураана, буулгана гэдэг үү?
-Хулгай хийсэн бол хураалгахгүй яахав дээ.
-Хулгай хийснийг нь яаж илрүүлэх үү?
-Манай нөхдүүд ашигт малтмалтай холбоотой асуудлыг л түлхүү яриад байгаа шүү дээ. Үнэхээр ард түмэнд очих ёстой стратегийн ордыг хувьдаа авчихсан ч юм уу. Иргэдэд очих ёстой хувийг нь өгөөгүй. Зарим нөхдүүд сонин дээр "Стратегийн орд гэж юу байсан юм, тийм юм зарчмын хувьд буруу" гэсэн ярилцлагыг өгч байгаа шүү дээ. Тийм нөхдүүдийн хөрөнгийг бол хураах ёстой. Энэ бол зарчмын асуудал байхгүй юу. Тэрнээс цалингаараа машин авчихсан хүний асуудлыг хэн ч яриагүй. Тодорхой нэр бүхий этгээдүүдийн асуудал л яригдана. Хамгийн эмгэнэлтэй нь тэр хүмүүс нь өөрсдөө шударга ёс яриад байгаа нь биднийг доромжилж байгаа хэрэг байхгүй юу.
-Сонгууль ойртож байна, хувьсгал яригдаж байна. Энэ бүхний эцсийн үр дүн юу байх вэ?
-Нийгэмд итгэл үнэмшил дүүрэн бүрдэх ёстой. Тэр үед их хүчтэй хөдөлнө. Үүний үр дүн гэвэл иргэн бүрт боломж өгдөг нийгэмд хүрэх. Тавдугаар сарын сүүлээр Америкийн Ерөнхийлөгч Обама Ойрхи Дорнодтой холбоотой асуудлаар том илтгэл тавьсан. Дэлхийн бүх улс орнуудад хандаж 21 дүгээр зуунд шинээр тогтож байгаа хэм хэмжээний тухай ярилаа. Иргэд цуглаж тэмцээд засгаа авна гэдэг бол төрийн эргэлт биш. Сонгуулиар сонгогдсон нь тэр хүмүүст дархлаа болох ёсгүй. 20 зуунд ардчиллын баталгаа нь өөрөө сонгууль байсан. Гэтэл өнөөдрийн зуунд сонгууль нь ардчиллын баталгаа биш юм. Та сонгуулиар сонгогдсон байж болно. Гэвч ард түмэнд таныг буулгаад хаячихдаг эрх нь байгаа шүү гэсэн шинэ хэм хэмжээ юм. Үүнийг Америкийн Ерөнхийлөгч баталгаалжуулж хэллээ. Дэлхийгээрээ бүх юм ингэж өөрчлөгдөж байхад манайх ч өөрчлөгдөх л ёстой.
-Египетээс та "Шударга ёс бол боломж" гэсэн үгтэй иржээ?
-Тэгж ойлгож болно. Египетэд яваад ирснийх нэг хүнд талархсанаа хэлэх хэрэгтэй. Гэхдээ долигонож байгаа юм биш. Сайн ажиллаж байгаагийнх нь төлөө. Тэнд байгаа Монголын Элчин сайд Баярхүү гуай байна. Тэр хүний ажлыг харахад Монгол Улсыг гадаад ертөнцөд төлөөлж суугаа хүн бүр тэр хүний дайны байдаг болоосой гэсэн бахархал. Монголоо гэсэн сэтгэлтэй, мэргэжлийн дипломатч хүн юм. Саяын хувьсгалын үеэр улсын төсвөөс нэг ч төгрөг гаргалгүйгээр иргэдээ гаргасанд нь үнэхээр баярласан. Ийм л хүмүүс Монголын төрд олноороо зүтгэдэг байвал сайхан байнаа.
"Холын хүнд өршөөл тус хүргэж, ойрын хүнд асрал өглөгийг хүртээвээс эв эе бүтэж хүч нэммүй, харийн газар арга чадлаа бэхлэж, халуун зуураа эе эвээ хичээ, үхэлгүй насны шидийг эс олсны тул мөнх бусыг санаж, эрдэмт ламын тангарагийг эвдэлгүй, эзэд хаадын зарлигийг давалгүй, эцэг эхийн сургаалыг марталгүй явагтун" Оюун түлхүүрээс
Saturday, 11 June 2011
О.Магнай: Морьтой жагсагчид буруу харагдаж болно, агуулгаараа бол зөв
Иргэний хөдөлгөөний удирдагч О.Магнайтай ярилцлаа.Тэрбээр хэд хоногийн өмнө Египет орноор яваад ирсэнюм. Тус улсад хувьсгалын дараахь нөхцөл байдал ямарбайгаа болон өөрийн оронд болж буй жагсаал цуглааныталаар ямар санаа бодолтой явааг нь сонслоо.
Сэтгүүлч П.Хашчулуун,
Эх сурвалж "Өдрийн сонин"
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment