“Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХКийн гүйцэтгэх захирал Т.Гандуламтай ярилцлаа.
-Үнэт цаасны бүртгэлийн үйл ажиллагаанд олон улсын код нэвтрүүлж байгаа гэсэн. Энэ нь ямар ач холбогдолтой вэ?
-“Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” (ҮЦТТТХТ) ХХК нь үнэт цаасны бүртгэл, хадгалалтын үйл ажиллагааг гүйцэтгэж буйн хувьд хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тэдэнд үзүүлэх үнэт цаасны бүртгэл, хадгаламжийн найдвартай үйлчилгээг олон улсын жишигт хүргэх зорилгоор төвлөрсөн хадгаламжид бүртгэлтэй 350 компанийн үнэт цаасыг олон улсын ISO-6166 стандартад нийцүүлэн бүртгэх ажлыг эхлүүлсэн.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон олон улсын чуулганд манай компани албан ёсоор оролцож, үнэт цаасны улсын бүртгэлийн дугаар олгогчдын холбоо буюу ANNA-д гишүүнээр элссэн. Ингэснээр хил дамнасан арилжаа, түүний төлбөр тооцоог хийхэд ашигладаг үнэт цаасны бүртгэлийн олон улсын стандартыг Монголын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэн, гадаадын 174 орны үнэт цаасны мэргэжлийн байгууллагын мэдээлэл дамжуулах сувагтай шууд холбогдох боломжийг бүрдүүлээд байна.
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 536 ширхэг хувьцааг Монгол Улсын иргэд эзэмших шийдвэр гараад удаж байна. Энэ ажил ямар шатандаа явж байгаа бол.
-Засгийн газраас 2011 оны гурав дугаар сарын 31-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 10 хувийг Монгол Улсын бүх иргэдэд эзэмшүүлэх түүхэн шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн хүрээнд манай компани нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас “Монгол Улсын шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдийн мэдээлэл”-ийг хүлээн авч “Эрдэнэс Тавантолгой” ХКийн 536 ширхэг хувьцааны бүртгэлийг иргэн бүрийн нэрээр хийж байна. Эхний ээлжинд шинэчилсэн бүртгэлд хамрагдсан 2.5 сая иргэнд үнэт цаасны бүртгэлийг хийж дуусгалаа.
Гадаадад амьдарч буй болон бүртгэлд хамрагдаагүй иргэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын шинэчилсэн бүртгэлд хамрагдсанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 536 ширхэг хувьцааны бүртгэл хийгдэнэ. Иргэд “Эрдэнэс Тавантолгой” ХКийн хувьцаа эзэмшигч болсноо www. schcd.mn гэсэн цахим хаягаар орж, регистрийн дугаараа шивж оруулан, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжинд данстай, эсэхээ мэдэх боломжтой.
-Төвлөрсөн хадгаламжийн дансыг ямар тохиолдолд ашиглах юм бэ. Данс нээлгээгүй бол “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг эзэмшээгүй гэж ойлгох уу?
-Та хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцож, хувьцаа худалдан авах тохиолдолд брокер, дилерийн компанитай (БДК) данс нээлгэх гэрээ байгуулдаг. Энэхүү гэрээ нь гурван хувь үйлдэгддэг бөгөөд нэг хувь нь танд, нөгөө нь манай компанид, үлдсэн нь БДК-д хадгалагдана. БДК-иас харилцагчидтай байгуулсан данс нээх гэрээг манайд ирүүлнэ. Харин манайх мэдээлэлтэйгээ тулган төвлөрсөн хадгаламжинд дансыг нээн баталгаажуулдаг. Төвлөрсөн хадгаламжинд иргэн болон аж ахуйн нэгж зөвхөн нэг л үндсэн данс нээлгэдэг зарчимтай. Энэ нээгдсэн дансны мэдээллийг Монголын хөрөнгийн биржид илгээснээр тухайн данс эзэмшигч арилжаанд оролцох боломжтой. БДК нь тухайн харилцагчийн захиалгын дагуу үнэт цаасыг худалдах, худалдан авах захиалгыг биелүүлдэг юм.
Үнэт цаастай холбоотой төлбөр тооцооны бүх бүртгэл тухайн иргэдийн төвлөрсөн хадгаламж дахь дансанд хийгддэг. Мөн тэр дансанд нь үнэт цаас болон мөнгөн хөрөнгийн үлдэгдэл байдаг юм. Үнэт цаасны хоёрдогч зах зээл 1995 оны наймдугаар сард эхэлснээс хойш 2011 оны тавдугаар сарын 23-ныг хүртэл манай үнэт цаасны төвлөрсөн хадгаламжинд нийт 479023 харилцагч данс нээлгэсэн. Үүнээс 349273 нь хөрөнгө оруулагчийн эрхийн бичиг /ХОЭБ/-ийн, 129750 нь шинээр нээгдсэн данс байгаа. Мөн 111286 харилцагч холболтын данс нээлгээд байна. Нийт нээгдсэн дансны 77 хувь нь ХОЭБ-ийн данс, 22.8 хувь нь дотоодын иргэн, аж ахуйн нэгжийнх, 0.2 хувь нь гадаадын иргэн аж ахуйн нэгжийнх байгаа. Үндсэн данснаас гадна холболтын данс гэж бий. Энэ нь тухайн үндсэн дансанд суурилан өөрийн сонгосон аль нэг БДК-иар үйлчлүүлэх шаардлагатай болсон тохиолдолд холболтын дансыг нээлгэнэ.
Гэхдээ үндсэн болон холболтын данс дахь тухайн харилцагчийн мэдээлэл нь нэг л байдаг. Жишээ нь, хөдөө орон нутагт амьдарч байгаад хотод шилжин ирсэн тохиолдолд холболтын данс нээлгэх нь их. Иргэн шинэчилсэн бүртгэлд хамрагдсан л бол үнэт цаасны бүртгэл хийгдсэн бөгөөд “Эрдэ нэс Тавантолгой”-той холбоотой дансыг заавал өнөөдөр нээлгэх шаардлагагүй. Учир нь уг хувьцааг арилжаалах хоёрдогч зах зээлийн арилжаа нь эхлээгүй байгаа. Зарим нэг хэвлэлээр “Эрдэнэс Таван - толгой” ХК-ийн 536 ширхэг хувь цааг эзэмших дансаа заавал өнөөдөр нээлгэх ёстой гэсэн ташаа мэдээлэл цацагдаж байна. Тиймээс уг хувьцааны хөрөнгийн бирж дэх арилжаа эхлэх үед иргэд эзэмшиж буй “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 536 ширхэг хувь цаагаа арилжаалахыг хүссэн тохиолдолд БДК-тай данс нээх гэрээ байгуулна. Түүнээс биш, арилжаа нь эхлээгүй байхад дансаа нээлгэнэ гэдэг буруу юм.
-Монголын хөрөнгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК харилцагчдадаа ямар үйлчилгээ үзүүлж байна вэ?
-Манай компани 2003 онд МХБ-ээс салж бие даан үйл ажиллагаа явуулж ирснээс хойш эдүгээ найм дахь жилдээ ажиллаж байгаа. Энэ хугацаанд үнэт цаасны төлбөр тооцоог хөнгөн шуурхай эрсдэлгүйгээр гүйцэтгэх, үнэт цаасны төвлөрсөн хадгаламж дахь харилцагчдын үнэт цаасны бүртгэлийг үнэн зөв хөтөлж, өмчлөх эрхийг баталгаажуулах үүрэг гүйцэтгэж ирлээ. Үнэт цаасны төлбөр тооцоо, хадгаламжийн үйл ажиллагаанд олон улсын шаардлагад нийцсэн мэдээллийн иж бүрэн “Е-Сlearing house” системийг 2008 онд шинээр нэвтрүүлснээр компанийн үйл ажиллагаа бүрэн программчлагдсан.
Ингэснээр БДК болон харилцагч байгууллагуудтай сүлжээгээр мэдээ мэдээллээ солилцох, төвлөрсөн хадгаламжинд данс нээлгэсэн харилцагчид интернэт ашиглан өөрийн дансны талаарх мэдээллийг түргэн шуурхай авах боломжийг бүрдүүлээд байна. Мөн үнэт цаасны зах зээлд оролцогч иргэд, аж ахуйн нэгжүүд нь манай компанийн цахим хаягаар орж үнэт цаасны төвлөрсөн хадгаламж дахь өөрийн дансны үлдэгдлийг шалган, дансанд хийгдсэн бүхий л төрлийн гүйлгээнд хяналт тавихаас гадна дансан дахь үнэт цаасны үнэ ханшид шинжилгээ судалгаа хийх бүрэн боломжтой боллоо. Өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс эхлэн харилцагчдын зарлагын гүйлгээг харилцах данс болон картаар нь дамжуулан гүйцэтгэж байна.
Ийнхүү бэлэн бус төлбөр тооцоог нэвтрүүлснээр харилцагчдын мөнгөн хөрөнгийн аюулгүй байдлыг ханган харилцагчдын хувьцааны болон ногдол ашиг, ногдол хувийн мөнгөн хөрөнгийг БДК-иар дамжуулан бэлнээр олгодог байсныг зогсоосон юм. Мөн төлбөр тооцооны гүйлгээнд гарч болох аливаа эрсдэлийг багасгаж, төлбөр тооцооны үйл ажиллагааг түргэн шуурхай болгосон.
-Сүүлийн үед үнэт цаасны мөнгөн хөрөнгийн төлбөр тооцооны ямар ажлууд хийгдэж байгаа вэ?
-Монголын хөрөнгийн зах зээлд оролцогчдын тоо сүүлийн үед нэмэгдэж, Монголын хөрөнгийн биржээр хийгдэж байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний тоо өссөнтэй холбоотойгоор төлбөр тооцооны системийг шинэчлэх, олон улсын стандартыг хэрэгжүүлэх үүднээс үнэт цаасны зах зээлд оролцогчдын мөнгөн хөрөнгийн банк хоорондын төлбөр тооцоог Монголбанкаар гүйцэтгүүлэх бэлтгэл ажлыг тус банктай хамтран хийж байна. Энэ ажил нь Үндэсний төлбөр тооцооны зөвлөлийн 2011 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажил тул энэ оны зургадугаар сард туршилтын ажлаа эхлүүлнэ. Олон улсын стандарт зөвлөмжийн дагуу Монголбанкаар банк хоорондын төлбөр тооцоог гүйцэтгэснээр үнэт цаасны мөнгөн хөрөнгийн эрсдэл үгүй болно.
Өмнө нь харилцагчдын мөнгөн хөрөнгийг арилжааны банкуудад байршуулснаас үүдэж банк дампуурахад нийт 1.035 тэрбум төгрөг алдагдаж, харилцагчдыг хохироож байсан гашуун түүх бий. Монголбанкаар дамжуулан гүйлгээ хийснээрээ гүйлгээний хурд сайжирч, Монголбанкны бодит цагийн горимоор хийгдэх юм. Гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгийн зах зээл дэх оролцоо эрс нэмэгдсэнтэй холбогдуулан Монголбанкны SWIFT сүлжээг ашигласнаар олон улсын банк хооронд хийгдэх гүйлгээний хугацаа богиносож эрсдэл буурах чухал ач холбогдолтой.
Г.ГЭРЭЛ "Өнөөдөр" сонин Эх сурвалж нь
No comments:
Post a Comment