Monday, 29 April 2013

Ж.Энхбаяр: Ард түмний баялаг үрэгдээд дууслаа

enkhbayarУИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.
-Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг чуулганаар хэлэлцэх үед та үг хэлүүлсэнгүй гээд байсан байх аа. Ямар үг хэлэх гэж байсан юм бэ?
-Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх явцад тодруулах зүйл байсан учраас Ардын намын бүлгээс гурван ажлын хэсэг гаргасан юм. Нэг ажлын хэсэг нь Эрдэнэс Таван толгойг шалгах байсан л даа. Тэр ажлын хэсгийн ахлагч, нь би байлаа. Эрдэнэс Таван толгойн бодит байдлыг танилцуулж, УИХ-д дүгнэлтээ хэлэх гэсэн юм. Гэвч тэр боломжоо алдчихсан.

-Дүгнэлтээ одоо танилцуулж болох уу?
-Эрдэнэс Таван толгой юу билээ гэдгийг бид сайн ойлгох хэрэгтэй. Долоон тонн орчим сайн чанарын коксжсон чулуу нүүрс бүхий дэлхийн хэмжээний том орд шүү дээ. Монгол Улсад байгаа хамгийн том орд энэ. Энэ ордыг бага зардлаар ашиглаж, эдийн засгийн асар их үр өгөөж авах боломжтой. Өмнөх Засгийн газрын үед Таван толгойн орд газраас иргэн бүрт 1072 хувьцаа олгосон. Нийт 764350 иргэн хувьцаа авсан. 1500 аж ахуй нэгж 29 тэрбум төгрөгийн хувьцаа эзэмшиж байгаа. Энэ утгаараа Эрдэнэс Таван толгой Монгол Улсын хэмжээнд хамгийн олон өмчлөгчтэй компани. 100 жилийн нөөцтэй энэ ордын хишгийг монголчууд хэдэн үеэрээ хүртэж, уул уурхайн баялгийг иргэддээ жигд хуваарилах үүднээс томоохон бодлого явуулж байна. Эрдэнэс Таван толгойн хувьцаагаар дамжуулж, иргэн бүр олон улсын зах зээлд үнэт цаас арилжигч болох боломжтой. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл энэ орд газар маргаан дагуулсаар байна.

-Энэ бүхнийг танай намынхан шалгажээ?
-Бид нэг л өдер энэ компанийн ажилтай танилцсан. Цаашид гүнзгийрүүлэн шалгах шаардлагатай зүйл их байна. Аудитын шалгалт оруулах хэрэгтэй байна. Хувьцаа эзэмшигч иргэд төлөөллөө оруулах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол ард түмний баялаг үрэгдээд дууслаа. Таван толгойг МИАТ болгомооргүй байна шүү дээ. Тэнд ямарч хяналт алга, хэсэг хүмүүс дур зоргоороо аашилж байна. Таван толгойд олон тэрбум төгрөгийн бараа шахдаг сураг гарч байна. Нүүрсээ гаргаж чадахгүй экспортоо зогсоосон асуудал бий. Нөхцөл байдал үнэхээр хүнд байна. "Эрдэнэс Таван толгой" компанийн ТУЗ-д хувьцаа авсан иргэдийн төлөөлөл алга. Аж ахуйн нэгжүүдийн хяналт алга. Яамдын Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч нар, газар хэлтсийн дарга нар, үндсэндээ улстөрчид тэр компанийг удирдаж байна. Удирдлагын түвшинд алдаатай ажил их байна. Энэ алдаа завхралын нэг нь "Говь повер" компанийн тендрийн асуудал байлаа.

-Тэр ер нь ямар учиртай тендер юм бэ?
-23 настай охин нэг сая төгрөгийн компанийг худалдаж аваад оройдоо л нэг тэрбумын орлоготой болгосон байгаа юм. Ингээд долоо хоногийн дараа энэ компани 17 тэрбум 700 сая төгрөгийн тендер авсан. Энэ нь "Эрдэнэс Таван толгой" компаниас зарласан Цагаанхадан дахь гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендер байсан. Энд “Говьповер" компани шалгарснаар Таван толгой уурхайгаас олборлож байгаа нүүрсийг Цагаанхад дахь гаалийн баталгаат талбайд буулгах эрхтэй болж байна. Үүнийхээ төлөө 17 тэрбум төгрөгийн орлого олж байна гэсэн үг. Тэгээд ч “Говьповер" ийм уул уурхайн чиглэлийнх биш барилгын засал чимэглэлийн үйл ажиллагаа эрхлэх зорилгоор байгуулагдсан компани юм билээ. Нөгөө талаар 17 тэрбумын энэ тендер Таван толгойн уурхайд бараг хэрэггүй зохиомол тендер байхгүй юу. Таван толгой компани өөрөө бие дааж, нүүрсээ тээвэрлэх бүрэн боломжтой. Гэтэл тэр боломжийг өөрсдөд нь өгөлгүй, хөндлөнгийн нэг компани оруулж ирээд гаалийн тээвэр зууч хийлгэхээр шал дэмий 17 тэрбум төгрөг олгосон байгаа юм.

-Компанийн захирал 23 настай Г.Уянга нь Ерөнхий сайдын дүү гэл үү?
-Тийм. Гэрэлхүүгийн Уянга гэдэг 23 настай охины компани. Тэр охин Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зээ дүү. Таван толгой компанийн ТУЗ-ийн дарга нь Г.Уянгын нөхөр Дэнзэн буюу манай  Н.Алтанхуягийн хүргэн. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, Төрийн банкны ТУЗ-ийн гишүүн гэж байгаа. Энэ нөхөр бүх зүйлийг зохион байгуулж, эхнэрээ тендерт ялуулж байна. Хамгийн гол нь энэ тендерийг зохицуултлаа Таван толгойн нүүрсний экспортыг зогсоосон юм шиг байна. Хүргэнийхээ компанийг тендерт ялуулж, асуудал шийдэгдэнгүүт Таван толгойн нүүрсийг экспортолж эхэллээ шүү дээ. Энэ бол туйлын ноцтой зүйл.

-Тэгэхээр Таван толгойн нүүрсний экспорт "Чалко"-гоос болж зогсоогүй хэрэг үү?
-Хэрэв "Чадко"-гоос болсон л юм бол гэрээгээ өөрчилж байж нүүрсээ экспортлох ёстой биздээ. Гэтэл "Чалко"-гийн гэрээнд өөрчлөлт оруулалгүй, хуучин гэрээнийхээ дагуу, биржийн тогтсон үнэ ханшаараа нүүрсээ нийлүүлээд эхэллээ. Нэгэнт "Чалко"-той хийсэн гэрээгээ өөрчилж, ямар нэг үр дүн гаргахгүй байсан юм бол яах гэж экспортоо зогсоож, бөөн алдагдалд оруулсан юм. Эндээс харахад нүүрсний экспорт зогссон асуудал энэ тендертэй холбоотой байх үндэслэлтэй гэсэн таамаг төрж байгаа. Гэхдээ хууль хяналтын байгууллагынхан нь шалгах биз дээ. Ямар ч байсан бид баримтыг нь гаргаад өглөө.

-Та нар тендертэй холбоотой баримтыг хэзээ олсон байв. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг анх хэлэлцэх үед мэдээгүй байсан юм уу?
-Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг тавихаас өмнө Таван толгойтой холбоотой будлиан үүсч байна гэдгийг мэдээд, мэдээллийг нь цуглуулж эхэлсэн. Манай намынхныг энэ асуудлын мөрөөр ороод ирэнгүүт УБЕГ хуурамч бичиг цаас үйлдэж, Г.Уянгыг Ч.Уянга болгон өөрчилсөн байсан. Энэ бүгдийг бид Ерөнхийлөгчид танилцуулсан. Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газарт ч танилцуулсан. Хууль зүйн сайдад бүх материалаа өгсөн. Одоо тэд шалгах ёстой. Монголын ард түмэнд өгсөн баялгийг эзэнгүйдүүлж, дарга нар тонон дээрэмдэж байна. Үүнд улстөрчид манлайлан оролцож байна.

-Эрдэнэс Таван толгойн захирал Я.Батсуурь тэр тендерт нь гарын үсэг зурчихсан, УБЕГ-ынхан хуурамч бичиг баримт үйлдчихсэн гээд асуудалд орох нь ээ?
-Хууль хяналтын байгууллагынхан шалгана биз дээ. Мэдээж хэрэг Я.Батсуурь “Говь повер” компанид 17 тэрбум төгрөгийн тендер олгох гэрээнд гарын үсэг зурсан байгаа. Хуурамч бичиг баримт үйлдэх асуудал бол гэмт хэрэг. Тийм учраас ямар хариуцлага яригдах нь тодорхой байх. Ерөнхий сайдын ах, дүү хамаатан садангууд бөөнөөрөө нийлж, улсад их хэмжээний хохирол учрууллаа. Үүнийг нэлээд том хүрээнд шалгах ёстой.

-Тэгэхээр энэ тендерийн асуудлыг хууль хяналтынхан шалгасны дараа Ерөнхий сайдыг огцруулах тухай дахиад яригдах уу?
-Мэдээж Ашиг сонирхлыг зохицуулах, Авлигын тухай хуулийн зөрчлүүд энд бий. Тийм учраас холбогдох хяналтын байгууллагууд дүгнэлт гаргана биз. Үүнийг л хүлээж байна.

-Дүүгийнхээ нэр дээр компани байгуулж авсан тэр тендерийн мөнгө Ерөнхий сайдын халаасанд орж байна гэсэн үг үү?
-Мэдэхгүй. Шалгадаг газар нь шалгаж тогтооно биз. Бид зарчим нь буруу байна гэдгийг гаргаж тавьж байна.

-Таван толгойг улс төрийнхний том хүрээнд шалгах ёстой гэлээ. Ямар бүлэглэл энд голчлон тоглож байгаа бол?
-Увсын бүлэглэл, "Алтангадас"-ын бүлэглэл байна даа. Тэдний найз нөхөд, ах дүү, үр хүүхдүүд нь бүх түвшинд ажилд орсон байна.

-Нэрийг нь зарлаач?
-Та нар өөрсдөө сайн сурвалжилж олох хэрэгтэй.

-Таван толгойн асуудлыг танай намын Засгийн газрын үед яагаад нэг мөр болгочихож чадаагүй юм бэ?
-Өмнөх Засгийн газрын үед иргэдэд хувьцаагаа олгоод, аж ахуй нэгжүүдэд хувьцаагаа арилжсан шүү дээ. Хараат бус ТУЗ-ийг байгуулсан. Урт хугацааны гэрээгээ байгуулаад, экспортоо хийж, манайх түүхэндээ анх удаа 21 сая тонн нүүрс гаргасан шүү дээ. Үүгээрээ Хятадын нэг номерийн нүүрс нийлүүлэгч болж хувирсан. Үүний үр дүнд эдийн засаг 17 хувиар өссөн байдаг.

-Энэ бол зүгээр хөөсрөл байсан гэж одоо тайлбарлаад байгаа...
-Яалаа гэж дээ. Хичнээн олон барилга баригдав. Хичнээн хөрөнгө оруулалт манайд орж ирэв. Гадны хөрөнгө оруулалтын хэмжээ жилд 11 тэрбум төгрөг хүрч байсан юм шүү дээ. Гэтэл өнөөдөр эхний улирлын мэдээ авч үзлээ. 60, 80 сая ам.долларын гадаад хөрөнгө оруулалт орж ирсэн байна. Тэр 11 тэрбум ам.долларын гадаад хөрөнгө оруулалт Монголд орж ирээд бүтээн байгуулалт, дэд бүтэц болсон байна. Үүнийг дагаад ажлын байр бий болж, иргэдийн амьжиргаа дээшилсэн байхгүй юу. Монгол залуучууд Солонгос явахаа байчихсан байлаа. Баруунд сургууль төгссөн залуус Монгол руу буцах нүүдэл хийх гэж байсан. Барилгын туслах ажилтан өдрийн 20, 30 мянган өгье гээд ч олдохоо байсан. Ажил хийе гэсэн хүнд ажил шиг элбэг зүйл байгаагүй. Гэтэл өнөөдөр Замын-Үүд дээр очоод хар. Тэнд багтаж ядаж байсан ачаа тээвэр алга болж, эл хуль болсон байна. Өмнөговийн уул уурхайн орд газрууд зогссон байна. Гэтэл энэ Засгийн газар ажил авснаас хойш эдийн засгийн бүх үзүүлэлт уналаа. Өнөөдөр автомашин зарагдахаа байсан байна. Хувцас борлохоо байжээ. Үүнийг газар дээр нь очоод үз, сурвалжил. Ам.доллар 1440 болж байна шүү дээ.
Я.Мөнгөнцэцэг
Өдрийн сонин

Sunday, 28 April 2013

Ц.Оюунгэрэл: Юнеско-д соёлын өвийн жагсаалтаа шинэчилж явуулна

Манай улсын үндэсний хөгжмийн зэмсэг морин хуур, ардын урлаг хөөмэйг Хятадууд өөрийнхөө соёлын өв болгож ЮНЕСКО-д бүртгүүлэх гэж байсныг нэлээд удаан хугацааны турш маргасны дүнд бүртгүүлж чадсан. Тэгвэл тус улс монгол морьны эмээлийг ӨМӨЗО-ы соёлын өв гэж бүртгүүлэхээр ЮНЕСКО-д бичиг баримтаа бүрдүүлж өгчээ. Энэ талаар ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа. 

-Эмээлийг Хятадууд өөрийнхөө орны соёлын өвд бүртгүүлэхээр болсон гэсэн. Энэ талаар танай яам ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?  

-Бид ЮНЕСКО-гийн удирдлагуудтай удаа дараа уулзаж, хөрш орныхоо соёлын өвийг арай баян, мөнгөтэй улс орон нь түрүүлж бүртгүүлээд байгааг яаж зохицуулах вэ гэж асууж байсан. Манай талд ЮНЕСКО-гийнхон сүүлийн 20 гаруй жилийн судалгаагаа танилцуулсан юм. Уг танилцуулгад Өмнөд Африкийн орнууд сүүлийн жилүүдэд нэг ч соёлын өвөө бүртгүүлж чадаагүй байхад хөрш зэргэлдээ оршдог мөнгөтэй орнууд Африкийн соёлын өвийг өөрсдийн нэр дээр маш ихээр бүртгүүлсэн байна. Мөн манай урд хөрш зэрэгцэн оршдог орнуудын соёлын өвийг ч олноор бүртгүүлсэн гэх судалгаа гарсан байна билээ. Энэ судалгааг үндэслээд ЮНЕСКО дүрмээ өөрчилсөн. Тэд соёлын өвөө бүртгүүлэх гэж байгаа улс жилд нэг л өв бүртгүүлнэ гэсэн өөрчлөлтийг хийлээ. Тэр өв нь тухайн орны үндэснийх байх ёстой гэж заасан. Бидний ярьж буй эмээлийг 2008 онд ЮНЕСКО-гийн дээрх бодлогыг гараагүй байхад БНХАУ ирэх 10 жилд бүртгүүлэх соёлын өвийн жагсаалтдаа бүртгүүлээд өргөн барьсан байсан юм билээ. Тэр бичигт ӨМӨЗО-оос 40 гаруй зүйлийн жагсаалт орсны дотор манай эрийн гурван наадам багтсан байх жишээтэй. Энэ мэтчилэн манай улсын соёлын томоохон өвүүд түүн дотор явж байна. 

-Тэгэхээр эмээлийг өмнөд хөрш соёлын өвөөр бүртгүүлж чадахгүй гэж ойлгож болох уу?

-Дээрх жагсаалтыг өмнөд хөрш нэг нэгээр нь бүртгүүллээ гэхэд 40 жил шаардлагатай болно. Нөгөөтэйгүүр тэд эмээлийг энэ жилдээ бүртгүүлж чадахгүй. Тэд өөрийнхөө орны соёлын өвийг үү эсвэл хөрш орнуудынхныг бүртгүүлэх үү гэх сонголт гарч ирнэ. Ийм сонголтыг ЮНЕСКО бодлогоороо тулгаад байгаа. Уг бодлогыг өв соёл нь хулгайлагдаж байгаа Африкийн орнууд болон Монгол гэх мэт Хятадтай зэргэлдээх улс орнуудад маш их сурталчилж байгаа. Та бүхэн эрхээ эдлэх хэрэгтэй. Танай хөрш жилдээ нэг л зүйл бүртгүүлэх эрхтэй. Тиймээс та нар зэрэгцээд соёлын өвөө бүртгүүлэхийн тулд хичээх хэрэгтэй гэсэн зөвлөмжийг ЮНЕСКО өгсөн. Бид олон улсын бодлогоор энэ удаа хамгаалалттай байгаа. Тэр хамгаалалт байгаагүй бол мөнгөтэй орон нь түрүүлж их сургуулиудаа байгуулж, өв соёлоо судлуулан цуглуулаад хөрш зэргэлдээх орнуудынхоо өв соёлыг 30-40-өөр нь бүртгүүлж байсан. Тэр байтугай ЮНЕСКО-гийн таван хэл дээр орчуулах, соёлын өвийг танилцуулахад боловсон хүчин болон санхүү их шаардагддаг. Одоо бид ЮНЕСКО-д өргөн барьсан жагсаалтуудтай нь зэрэгцүүлсэн жагсаалтыг Монголоос гаргаж өгөх ёстой. Уг жагсаалтад Монголоос хүсч байгаа зүйлүүдийг гаргаж өгнө. Хэрэв хоёр орноос зэрэгцээд нэг зүйлийг бүртгүүлэхээр материалаа бүрдүүлж өгсөн байвал заавал хэлэлцээр хийх ёстой байдаг. Тэгэхээр ӨМӨЗО-ы соёлын өв болох гээд байгаа эмээлийг Монголд хэрхэн үзэж байна вэ гэдгийг бид ЮНЕСКО-д тайлбарлах ёстой болж байгаа юм. Тиймээс би Соёлын өвийн хэлтсийн мэргэжилтнүүдтэйгээ ирэх сараас нэлээд сууж ажиллана. Биет бус өвийг жагсаалтаар болон соёлын өвөө бүртгүүлэх гэж хоёр ангилдаг. Жагсаалтад орсон зүйлээ өв болгож бүртгүүлэх ёстой. Тиймээс ойрын үед урьдчилсан жагсаалтаа шинэчлэн гаргаж ЮНЕСКО-д явуулахдаа нэлээд олон өвийг оруулж өргөн барьмаар байна. Урьдчилсан жагсаалтад ямар өв зайлшгүй оруулах вэ гэдэгт иргэдээс санал авч байгаа.

-Соёлын өвөө бүртгүүлэхдээ иргэдээс яаж санал авах ёстой вэ? 

-ЮНЕСКО-д соёлын өв бүртгүүлэх тогтолцоогоо бид ойлгох хэрэгтэй. Тэр тогтолцоо нь төр санаачилсан байж болдоггүй. Төр нь санаачлаад “Чи үүнийг хэрэгжүүл” гээд иргэддээ үүрэг өгсөн байвал соёл гэж үздэггүй. Харин иргэд нь өөрсдөө санаачлаад “Би ийм эмээл хийдэг хүн байна. Үе удмаараа эмээл хийж байсан” гэх мэт санал ирвэл соёлын өвийг бүртгүүлэхэд маш хурдан. Тий­мээс соёлын өвд хайртай нутаг усаараа эмээлийг зайлшгүй бүртгүүлэх ёстой гэж үзэж байгаа иргэд манай яаманд хүсэлтээ ирүүлэхийг хүсье.

-Манай улс одоогоор ЮНЕСКО-д хэчнээн соёлын өв бүртгүүлээд байна вэ?

-Бид 11 зүйл бүртгүүлээд байна. Хөөмэй, цуур, уртын дуу, морин хуурыг бүртгүүлсэн. ЮНЕСКО соёл иргэншил, соёлын дурсгалт газар бүртгэдэг. Тухайлбал, Бурхан халдун уулаа бүртгүүлэх гэж байгаа бол ард түмний хүсэлт маш их хэрэгтэй байдаг. Урд нь энэ уулыг соёлын өвөөр бүртгэхээс татгалзаж байсан юм байна лээ. Тэд үүнийгээ тайлбарлахдаа “Танай төр хэтэрхий их тушаал зарлиг гаргадаг юм байна. Төр нь хамгаал гээд байдаг болохоос биш ард түмэн нь дуугардаггүй юм билээ” гэсэн үндэслэл хэлсэн гэсэн. Тиймээс соёлын өв бүртгүүлэхэд төр ажиллах нь зүйн хэрэг ч ард түмэн соёлоо өмчилж, харамлаж, хамгийн их оролцох ёстой гэдгийг хэлье. Хөөмэйг бүртгүүл гээд байгаа ч түүнийг бүртгүүлдэг хүн байхгүй болчихвол энэ өвийг бүртгэдэггүй юм билээ. Тиймээс ЮНЕСКО-д ийм эмээл хийж байна, хийсэн эмээлийг нь өчнөөн мянган хүн хэрэглэж байгаа гэсэн тоо баримт маш их хэрэгтэй байдаг. 

-Энэ жил манай улс ЮНЕСКО-д ямар өвөө бүртгүүлэхээр материалаа явуулаад байгаа вэ?

-Уран бичлэгийг бүртгүүлэхээр материал бүрдүүлж явуулсан. Бүртгэх эсэхийг нь хэлж мэдэхгүй байна. Маш олон шалгуур давж байж бүртгүүлэх зөвшөөрөл авдаг юм.

Ардчилал сонин

М.Мөнхмандах: Бүх зүйлийг нууцлах гэдэг сэтгэлгээг өөрчилж байж хэвлэлийн эрх чөлөө бүтэн болно

Хэвлэлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхмандахтай ярилцлаа.

- Манай улсыг хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орон гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?
- Хагас эрх чөлөөтэй гэдэгтэй бүрэн санал нийлнэ. Хэвлэлийн эрх чөлөө хууль эрх зүйн хувьд баталгаажсан байх ёстой. Мөн сэтгүүлчид болон иргэд үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө чөлөөтэй эдэлж байж хэвлэлийн эрх чөлөө бүрэн хэрэгжиж байна гэж үздэг. Аль ч талаас нь авч үзэхэд тус эрх чөлөө хагас юм. Мөн хэвлэлийн эрх чөлөө тодорхой хэмжээгээр бий ч зайлшгүй сайжруулах зүйл байна.

- Хэвлэлийн эрх чөлөөг бүтэн болгохын тулд яах ёстой юм?
- Бүтэн болгохын тулд хамгийн эхэнд хууль ёсыг үйлчлүүлэх ёстой. Хэвлэлийн эрх чөлөөг хуулиар баталгаажуулах ёстой. Хууль эрх зүйн хувьд тодорхой хэмжээгээр баталгаажсан байдаг. Тухайлбал үндсэн хуулиар, 1998 оны хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар, 2011 оны мэдээллийн ил тод байдал мэдээлэл олж авах хуулиар, 2005 оны олон нийтийн радио телевизийн тухай хуулиар гэх мэт тодорхой хэмжээгээр баталсан байдаг. Гэхдээ дутагдаж буй зүйл нэг биш нилээн их байна. Мэдээллийн эрх чөлөөний хууль батлагдаж сэтгүүлчид болон иргэд олон нийтийн ашиг сонирхолд хамаатай мэдээллийг төрийн байгууллагаас авах хууль эрх зүйн боломж нь нээлттэй боллоо гэж баярлаж байсан боловч тус хууль амьдралд үйлчилж чадахгүй байна.
Учир нь төрийн албаны байгууллагуудын хүнд суртал, хаалттай соёл, мэдлэггүй байдал нь маш их саад болж байна. Бас мэдээллийн эрх чөлөөний хуулинд харшлах хуулиуд байдаг. Жишээ нь “Нууцын тухай” хуулиуд байна. Маш олон мэдээллийг үндэслэлгүйгээр нууцалж байна. Тухайлбал хуулийн этгээд улсын төсөвт хичнээн төгрөгийн татвал төлсөнийг хуулиар нууцалдаг. Энэ хууль яагаад нууц байх ёстой юм. Тэгэхээр мэдээлэл авах эрх чөлөө хаана байна вэ? Сэтгүүлчид хэвлэл мэдээллийнхэн иргэдийн мэдээлэл авах эрхийг хангаж ажилладаг. Өөрөөр хэлбэл иргэн бүр төрийн эрх бүхий байгууллагуудаар явж хүссэн мэдээллээ авч чадахгүй. Гэтэл тэдний эрхийг сэтгүүлчид хангаж өгч байна. Гэвч сэтгүүлчид хуулийн дагуу мэдээллийг олж чадахгүй байгаа шүү дээ. Сэтгүүлчид татварын байгууллагад очоод “Аль байгууллага улсын төсөвт хичнээн төгрөгийн татвар төлсөнийг хэлж өгөөч” гэхэд хэлж өгдөггүй. Татварын хуулиа урьдаа барьдаг. Тэгэхээр хэвлэлийн эрх чөлөө бүрэн эрхээрээ хэрэгжиж байна гэж хэлэх боломжгүй юм.

- Хэвлэлийн эрх чөлөө бүтэн байхын ашиг тусыг та манай уншигчдад хэлээч?
- Хэвлэлийн эрх чөлөө нь сэтгүүлч Дулмаа, Доржоогийн эрх биш иргэний эрх юм. Ардчилсан нийгэмд монголчууд үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Өнөөдөр хүмүүс үг хэлэх эрх чөлөөгөө аль ч мэдээллийн хэрэгслийг ашиглаад хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл хэвлэлийн эрх чөлөө нь иргэн хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө юм. Хэсэг бүлэг сэтгүүлчдийн эрх чөлөө биш. Сэтгүүлчипд мэдээлэл түгээх боломжтой байх тохиолдолд иргэд давхар тэр боломжийг ашиглана. Яагаад гэвэл сэтгүүлчид өөрсдөдөө зориулж мэдээлэл бэлддэггүй шүү дээ. Ард иргэд олон нийтийг соён гэгээрүүлэх, мэдээллээр хангах, мэдээлэлд үндэслээд шийдвэр гаргахад нь тусалж сэтгүүлчид ажиллаж байгаа юм. Хэрвээ сэтгүүлчид эрх чөлөөгүй байвал иргэд ч үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгүй байна.
Ардчилсан нийгэмд аливаа хүн ямар нэгэн шийдвэр гаргахдаа мэдээлэлгүйгээр гаргавал өөрөө хохирно. Өнөөдөр цахим ертөнцөөс бид дуртай мэдээллээ авах боломжтой болсон байна. Иргэд өөрсдөө идэвхтэй мэдээллийг хайж олж авдаг. Авсан мэдээлэлдээ дүн шинжилгээ хийчихдэг иргэний боловсролтой иргэд шаардлагатай байна. Нөгөө талаар иргэдийн мэдээллийн боловсрол, хэвлэл мэдээлэлтэй харьцах боловсрол сул байгаа. Залуус хэвлэл мэдээллийн хэрэгслийг зугаа цэнгээний хэрэгсэл болгон ашиглаж байна. Телевиз, интернэт өнөөдөр залуус хүүхдүүдийн дунд зугаа цэнгээний хэрэгсэл болсон байна. Гэтэл элсэлтийн шалгалт өгөх гэж буй хүүхэд интернэт рүү ороод өөрт хэрэгтэй мэдээлэл, шалгалтандаа бэлтгэх хэрэгцээтэй мэдээллээ олж авах талаар маш маруухан мэдлэгтэй байна.
Тэгэхээр хэвлэлийн эрх чөлөөний өдөр нь сэтгүүлчдийн баяр биш иргэн бүрийн эрхээ эдлэх өдөр юм. Эрхээ эдэлж чадаж байна уу гэдэг дээр дүгнэлт хийдэг өдөр. Тэгэхээр хэвлэлийн эрх чөлөөний өдөр иргэн бүрт хамааралтай. Иргэд мэдээлэл авч байж бусад эрхээ эдэлнэ шүү дээ. Энэ суурь эрхнь хэрэгжиж байж бусад эрх хэрэгжинэ. Тэгэхээр хамгийн наад захын эрхээ эдэлж байж өөрсдийгөө ардчилсан нийгэмд амьдарч байна гэж хэлнэ.

- Мэдээллийн Сайтуудын Ассоциаци “Онлайн марафон” аяныг “Хэвлэлийн эрх чөлөөг бүтэн болгоё” уриатайгаар хэрэгжүүлж байгаа юм байна. Энэ ажлууд нь хэр үр дүнтэй байдаг юм бол. Хэвлэлийн хүрээлэнгийн зүгээс ямар ажил хийж байгаа вэ?
- Хэвлэлийн эрх чөлөөг бүтэн болгохын тулд олон талын ажил хийх шаардлагатай. Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн хэвлэлийн эрх чөлөөг бүтэн болгох ажлыг олж харах ёстой. Сэтгүүлчид гэхэд өөрсдийн эрх чөлөөг эдлэхийн тулд юу хийх ёстойгоо мэддэггүй. Түүнийхээ төлөө хөдөлж сураагүй. Бусдын төлөө хангалттай дуугардаг мөртлөө ямар нөхцөлд ажиллаж, ямар цалин авч байгаагаа болон нийгмийн хамгаалалд хамрагдсан үгүйгээ мэддэггүй. Тиймээс хэвлэлийн эрх чөлөөний өдөр хэвлэлийн хүрээлэнгээс “Хэвлэлийн эрх чөлөө ба сэтгүүлчдийн хөдөлмөрлөх эрх” гэсэн сэдвээр хэлэлцүүлэг хийх гэж байна. Энэ хэлэлцүүлэгт 300 сэтгүүлч оролцоно.
Сэтгүүл зүйн халуун тогоонд өдөр тутмын ажлыг эрхлээд явж байгаа сэтгүүлчид өөрсдийнхөө төлөө дуугарах шаардлагатай байгаа. Энэ бол хэвлэлийн эрх чөлөөг бүтэн болгох эхний алхам. Учир нь хүмүүс сэтгүүлчдээс хариуцлага нэхдэг. Ёс зүй шаарддаг. Гэтэл яригдахгүй, сонсогдохгүй байгаа зүйл нь сэтгүүлчдийн нийгмийн байдал байгаа юм. Өнөөдөр өдрийн 24 цаг ажил хийдэг сэтгүүлч байна. Гэтэл илүү цаг ажилласаны мөнгө авдаг уу. Үгүй шүү дээ. Нийгмийн даатгалаа төлж байна уу. Төлдөг нь тоотой хэдхэн сэтгүүлч байгаа.
Сурч боловсруулах эрхээ эдэлж чадаж байна уу. Бас л үгүй. Өнөөдөр сэтгүүлчид ажилснаараа цалин авдаг учраас эсвэл маш их ажлын ачаалалтай байдаг учраас сурч боловсрох эрх нь орхигддог. Яг үнэндээ хоёр хоногийн сургалтад суух сэтгүүлч байдаггүй. Энэ нь дургүйдээ биш юм. Ажлын ачаалал нь болдоггүй. Эсвэл дарга нь явуулдаггүй. Явуулсан тохиолдолд цалинг нь өгдөггүй. Тэгэхээр сэтгүүлчид өөрсдийнхөө эрхийг хамгаалдаг байх ёстой. Сэтгүүлчид эрхээ хамгаалахгүй байгаагийн учир нь эвлэлдэн нэгдэхгүй байна. Нэгэн дуугаар өөрсдийн эрх чөлөөний асуудлаар дуугарахгүй байна. Тиймээс энэ асуудлыг хэвлэлийн эрх чөлөөтэй холбож тайлбарладаг.
Сэтгүүлчдийг худалдагддаг, ёс зүйгүй хэн нэгэнд үйлчилдэг гэж ярьдаг. Хэдхэн төгрөгийн цалин авдаг хүн хоногийн хоолоо л бодно уу гэхээс тэрний цаадахийг бодох сөхөөгүй байна. Нийгмийн асуудлыг нь шийдэхгүй байж түүний дараагийн асуудлыг чанга чанга яриад байдаг. Зохистой хөдөлмөр гэдгийг бид эдлэх ёстой биз дээ. Ядаж найман цагаар ажилладаггүй юм гэхэд илүү цагийн мөнгө авдаг байх хэрэгтэй. Энэ асуудлыг шийдэх эрх нь сэтгүүлчдэд байхгүй. Түүнийг дарга нар шийднэ. Асуудлыг хөндөж ярих байгууллага нь үйлдвэрчний эвлэл.
Учир нь үйлдвэрчний эвлэлд хуулиар олгогдсон эрх нь байдаг. Энэ ажилтантай та хөдөлмөрийн гэрээ байгуулж н хуулийн дагуу ажиллах ёстой гэж ажил олгогчдод хэлэх эрхтэй байгууллага нь үйлдвэрчний эвлэл юм. Цалингийн доод хэмжээ хэвлэл мэдээллийн байгууллагад доод тал нь 600 мянга байна гэдгийг тогтоож өгөх ёсто юм. Хэвлэлийн эрх чөлөөний талаар ерөнхий ярьж, лоозогнож, уриа тунхаг гаргахын оронд өөрсдийн хөдөлмөрийн нөхцөлийг яръя гэж бодож байгаа.

-Манайх хэзээ нэг хэвлэлийн эрх чөлөөтэй орон болох бол?
- Миний бодлоор нэг үе шаардагдах байх. Аль аль талаасаа сэтгэлгээний өөрчлөлт хийх ёстой. Хэвлэл мэдээлэл, хууль тогтоогчид, иргэдийн хувьд ч сэтгэлгээний өөрчлөлт хийх хэрэгтэй. Бүх зүйлийг нууцлах гэдэг сэтгэлгээг өөрчлөх ёстой. Иргэн хэн нэгнийг буруутгаад суух биш өөрөө мэдээллээ олж авах өөрийнхөө төлөө эрхээ хариуцлагатайгаар хэрэгжүүлдэг сэтгэлгээтэй болох хэрэгтэй. Бизнесийн байгууллага нь зах зээлийн нийгэмд чөлөөтэй, шудрага, ил тодоор өрсөлддөг сэтгэлгээг хэвшүүлж ажиллах ёстой. Сэтгүүл зүй нь нийгмийн бодит байдлын тусгал учраас олон талын оролцоо хэрэгтэй. Гэхдээ 1990 оны байдалтай харьцуулахад нилээд их эерэг өөрчлөлтийг хийсэн. Хэн ч хамаагүй юу дуртайгаа бичиж болно гэсэн үзэлтэй байсан. Одоо бол бид ёс зүй, хариуцлага ярьдаг болсон байна. Адаглаад л 5 w 1h гэдгийг мэддэггүй сэтгүүлч байхаа больсон. Сэтгүүлчид ч ахиж байна. Иргэд ч ухаантай болж байна.

- Манай хэвлэл хэн нэгний мөнгөнөөс хараат байгааг та юу гэж дүгнэдэг вэ?
- Энэ нь хэвлэл мэдээллийнхэнийг ямар ч ирээдүйгүй болгож байна. Хэт мөнгөнд улайраад төлбөртэй гээд л янз бүрийн мэдээлэл цацах нь эцсийн үр дүндээ хэвлэлийнхэнд итгэх итгэлгүй болгож байгаа юм. Гэтэл хэвлэл мэдээлэл бизнес учраас худалдан авагч тань мөнгөө зарцуулаад сонин худалдаж авна. Мөнгөө зарцуулахгүй ч гэсэн тухайн телевизийн сувгийг үзсэнээрээ тухайн байгууллагыг зар сурталчилгааны орлоготой болгож байна гэсэн үг биз дээ. Хэрэглэгчдэд итгэл үнэмшлээ алдах нь үндсэндээ бизнесийн хөрсгүй болж байна гэсэн үг. Тэгэхээр ирээдүйг бодохгүйгээр зөвхөн өнөөдрийн мөнгөөр амьдрана гэдэг нь буруу замаар будаа тээж байна гэсэн үг.

Т.Хулан

Thursday, 25 April 2013

Я.Содбаатар: Албан тушаал руу хужирссан мал шиг дайрч байгаа хүмүүстэй хариуцлага тооцох хэрэгтэй

УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг “Ярилцах тан­хим”-даа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Танай намын бүл­гээс Ерөнхий сайдыг огц­руулах гэсэн ч тийм зүйл бол­сонгүй. Хэрэв нууцаар санал хураасан бол юу болох байсан бол. Та юу гэж бодож байна вэ?
-1996-2000 оны пар­ламентын үед хэн нэгнийг огцруулах тухай асуудлыг нууцаар санал хураах замаар шийдэж болдог байсан юм. Тэр үед энэ зарчмаар олон Засгийн газрыг огцруулж байсан учир улс төрийн нөхцөл байдалд тогтворгүй байдал үүсэж байна гэдэг үндэслэлээр Үндсэн хуульд хэн нэгнийг огцруулах тухай асуудлыг заавал илээр хураана гэдэг заалтыг нэмж оруулсан байдаг.

Энэ нь намын бодлого, асуудлаа хайрцаглаж авч гарах дарга нарын бодлогыг хэрэгжүүлэхэд их дөхөмтэй болсон. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн намын бодлогоос өөр итгэл үнэмшлээр байр сууриа илэрхийлэхэд хаалт болсон гэж мэргэжлийн судлаачид ярилцдаг юм билээ. Өнөөгийн Засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байдаг Ардчилсан намын маш олон гишүүн байдаг. Өмнөх өдөр нь болсон УИХ-ын чуулганы хуралдаан дээр ярьж байсан зүйлээ маргаашийнх нь чуулганы хуралдаан дээр ярьж чаддаггүй гишүүд ч байдаг шүү дээ. Ерөнхийлөгчийн сонгууль дөхчихсөн ийм үед улс төрийн дарамт, шахалт байгаа гэдгийг нь ойлгож байгаа. Баримттай үнэн нэг л өдөр ялна.

-Ардчилсан намынхан “Ар­дын намынханд дээрэл­хүүлдэг үе өнгөрсөн. Засгийн газрыг тэдний дураар унагахгүй” гэсэн зүйлийг ярьж эхэллээ. Та энэ бүхнийг юу гэж ойлгож байгаа вэ?
-Парламентад асуудлыг олонхиороо шийддэг үед Ардын намын 25 гишүүн Засгийн газрыг унагаж чадахгүй нь ойлгомжтой шүү дээ. Гэхдээ бид Засгийн газрын үйл ажиллагааг эрүүл нүдээр олж хардаг улстөрчид Засгийн газрыг бүрдүүлж байгаа намуудад байгаа гэдэгт итгэж байгаа. Улс төрийн нөхцөл байдлын хувьд тэр хүмүүс хэзээ дуу хоолойгоо гаргах вэ гэдэг нь цаг хугацааны асуудал гэж бодож байна. Өмнө нь Засгийн газар унагаж байсан тохиолдолд Ардын намынхан дангаараа буруугүй гэдгийг Ардчилсан намынхан мартчихаад өнөөдөр дээрх зүйлийг яриад байна л гэж хэлэх байна. Тухайлбал, өнөөдөр тэд “Гадаад харилцааны асуудлаас болж Засгийн газар огцорч байсан түүх байхгүй” гэж байна. Байсан шүү дээ. Ж.Наранцацралт агсныг Ерөнхий сайд байхад ОХУ-руу “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой бичиг явуулсных нь төлөө Ардчилсан намаас сонгогдсон сайд нар өргөдлөө бичээд огцруулж л байсан. Ардчилсан намын зүгээс Ардын намын Засгийн газрыг унагах санал оруулж ирж байсан тохиолдол 23 жилийн парламентын түүхэнд олон байсан юм билээ. Тиймээс асуудлыг “Энэ нам, тэр нам оруулж ирсэн” гэхээсээ илүү бусармаг үйл ажиллагааны эсрэг зогсож байгаа улстөрчдийн үйлдэл гэж харах нь зөв байх. Хууль зөрчсөн үйлдэлтэй аль ч нам хатуу тэмцэх ёстой гэдэг үүднээс л бид асуудалд хандсан. Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы индэр дээрээс төрийн алба руу улангасан дайрч байгаа хүмүүсийг шүүмжилж, өөгшүүлэхгүй байхыг сануулж байсан. Ардчилсан намын нэрийн дор албан тушаал, хөрөнгө мөнгө рүү хужирссан мал шиг дайрч байгаа хүн маш олон байна. Энэ хүмүүстэйгээ Ардчилсан нам хариуцлага тооцох ёстой. Энэ ч үүднээс бид Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг тавихаасаа өмнө Ардчилсан намынханд “Та нар дотроо ярилцаач” гэж хэлж байсан юм. Гэтэл олонх энэ асуудлыг авч хэлэлцээгүй. Тиймээс л бид асуудлыг тавьсан шүү дээ.

-Нөгөөтэйгүүр, Ардчилсан намынхан Ерөнхий сайдыг огцруулахгүй гэдгийг мэдсээр байж танай намынхан “Сөрөг хүчнийхээ ажлыг сайн хийж байгаа мэт харагдах гэж шоу хий гээд энэ бүх асуудлыг сөхснөөр төрийн ажлыг гацаасан” гэдэг шүүмжлэлд өртөөд байгаа. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хөндлөө гээд монгол төрийн ажил гацаанд орчихоод байгаа зүйл байхгүй. Ам ажил хоёр нь зөрөөд байгаа өнөөдрийнх шиг нөхцөлд ёс зүйн болон хууль зүйн хариуцлагын тогтолцоог тодорхой болгох шаардлага тулгараад байна. Төрийн ажилд шоудах гэдэг ойлголт, шоу гэдэг үгийг хэрэглэх ёсгүй. Хариуцлага, сахилга бат, ёс зүй, хууль дээдлэх зарчим гэсэн зүйлүүдийг л ярих ёстой. Төрийн албанд хэн нэгнийхээ ажлыг шоу гэж боддог, өөрсдийн ажлыг шоу гэж боддог хүмүүс ажиллаж байгаад харамсаж байна.

-УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдааны үеэр “Н.Ал­танхуяг авилгын шинэ торыг нэхэж эхэллээ” гэж хэлсэн тань нэлээд шүүмжлэл дагуулж байна. Тухайлбал, “Ардын намынхан авилгын хуучин торыг нэхсэн гэдгийг Я.Содбаатар хүлээн зөвшөөрчихлөө” гэх мэт?
-Засгийн газар Монголын ард түмнийг алагчилсан бодлого явуулж байна гэж би хувьдаа үзэж байгаа юм. Төрийн албан хаагчдыг мал шиг угшлаар нь хөөж ажлаас нь халж байна. Бизнес эрхлэгчдийг ч мөн адилхан. Ардчилсан намын бүлгийн УИХ-ын гишүүн гурван байнгын хороонд харьяалагдаж байхад Ардын намын бүлгийн гишүүн нэг байнгын хороонд харьяалагдаж байна. Ардчилсан намыг магтан дуулаагүй хэвлэл мэдээллийн хэрэгслийг хааж, сэтгэгдлийг нь устгаж байгаа нь нийгэмд хуваагдал үүсгээд байгаа юм. Өргөн утгаараа үндэсний эв нэгдэлд харшилж байна гэж хэлж болно. Тиймээс би хувьдаа авлигатай нам хамаарахгүй тэмцэх ёстой гэсэн байр суурийг баримталдаг хүн. Гэхдээ ингэж байна гээд тодорхой нэг хүнийг, нэг хэсэг бүлгийг барьж авах гэж улс төрийн зорилготой эсвэл зорилгогүйгээр дайраад байх хэрэггүй байх. Харин авлига үүсээд байгаа тогтолцоог нь эргэж харах ёстой. Өөрөөр хэлбэл, авилгыг тэвчих нийгмийг бүрдүүлэх ёстой гэж хардаг. Өнгөрсөн 23 жилийн хугацаанд манай улсад авлигын хэрэг газар авсан нь үнэн. Ардчилсан намын ч тэр Ардын намын ч тэр Засгийн газрын үед авлига байсан шүү дээ. Гэтэл үүн дээр улс төр хийж, аль нэг нам руугаа зэвсэг болгож ашиглаж байгаа болохоос үндсээр нь устгах гэж оролдохгүй байна шүү дээ. Чуулганы өчигдрийн хуралдаан дээр яагаад тийм үг хэлсэн бэ гэдгийг ганцхан жишээгээр тайлбарлахад хангалттай байх. Монголчуудын хувьцааг нь эзэмшдэг “Эрдэнэс тавантолгой” гэдэг компани Ардчилсан намынхны  ах, дүү, амраг садангийн үүр уурхай болсон байгаа юм.

-Энэ бүхнийг та Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэнтэй холбож тайлбарлаж байна уу?

-Г.Дэнзэн гэдэг хүн бол “Эр­дэнэс тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга, Ерөнхий сайдын хүргэн. Үүнийгээ ч Ерөнхий сайд УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдааны үеэр хүлээн зөвшөөрсөн. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 4-5 гишүүний хүүхэд тэнд албадын даргын албан тушаал хашиж байна шүү дээ.

-Хэн, хэний хүүхэд гэдгийг нь нэрлэж болох уу?
-Хэвлэлээр энэ талаар хан­галттай бичсэн шүү дээ. Нарийвчилбал, Ардчилсан нам дахь “Алтангадас” фракцийнхны хүүдүүд тэдний төлөөлөл болж байна гэхэд болно. Гэтэл хувьцаа эзэмшигч монголчуудын төлөөлөл, хяналтын төлөөлөл байхгүй байна. Тиймээс бид энэ бүхэнд ашиг сонирхлын зөрчил орсон гэж үзэж байгаа юм.

-Таныг нэлээд хэдэн ордын тусгай зөвшөөрлийг хууль бусаар эзэмшдэг гэсэн мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Энэ талаар ямар тайлбар өгөх вэ?
-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж УИХ дахь Ардын намын гишүүдийн нэр хүнд рүү дайрах үзэгдэл их гарч байна. Тэр хүмүүсийн нэр дээр байгаа аж ахуйн нэгжүүд рүү шалгалт оруулж байна. Нэр хүндийг нь гутаах зорилготой үйл ажиллагаа их гарч байгаа ч бид энэ бүхний цаана хэн байдаг вэ гэдгийг мэдэж байгаа. Иргэний хөдөлгөөн гэж цээжээ дэлдээд байгаа хүмүүс ямар учиртай вэ гэдгийг ч мэднэ. Мэдээж улс эх орныхоо төлөө гээд явж байгаа нэг хэсэг байхад хэн нэгний гар хөл болсон хэсэг ч байгаа гэж хэлж байгаа юм шүү. Тиймээс тэр хүмүүс хүний өмнөөс дугарахаасаа өмнө нягтлах нь яав даа гэж өмнөөс нь санаа зовинож байна. Хэнтий аймагт байдаг “Мөнгөн өндөр”, “Өндөр цагаан” гэдэг ордуудтай намайг холбоотой гэсэн утгатай мэдээлэл сүүлийн үед их гарах болсон учир Ашигт малтмалын Хэрэг эрхлэх газарт асуулга тавьсан. Тавьсан асуулгын маань хариултыг эхнээс нь өгч эхэлж байна. Би болон гэр бүлийнхний маань нэр дээр ямар ч тусгай зөвшөөрөл байдаггүйг тус газраас нотолж байна. Намайг энэ салбарт ажиллаж байсан учир ямар нэгэн нотой байх гэж бодсон юм шиг байна билээ. Энэ асуудлаар тодорхой ажлын хэсэг гаргасныг нь ч би сонссон. Харамсалтай нь би ийм асуудлуудад ямар ч холбогдолгүй байдаг. Тиймээс би дээрх яриаг гаргасан хүмүүсийг хуулийн байгууллагад өгөхөөр бэлтгэж байгаа. Надтай холбоотой гээд байгаа “Өндөр цагаан”-ы ордтой холбоотой хурлыг тухайн үед одоогийн Гадаад харилцааны  сайд Л.Болд Ашигт малтмалын газрын дарга байхдаа удирдсан байх жишээтэй. Сүүлийн үед миний гар утсанд намайг дарамталсан янз бүрийн мессеж хүртэл ирүүлж байгаа. Энэ бүхнийг нь хавсаргаад цагдаагийн байгууллагад өгнө.

-Таныг УИХ-ын гишүүн болохоос өмнө “Шивээ овоо”-гийн ордыг замхруулсан гэдэг мэдээлэл гарч байсан байх аа?

-Тухайн үед тийм утгатай мэдээллийг хэд, хэдэн сонин дээр гаргаж байсан ч асуудлыг хууль, шүүхийн байгууллагаар шийдүүлж, нэр төрөө сэргээлгэсэн байдаг юм.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Р.САРАНГОО
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

Ц.Оюунгэрэл: Монгол эмээлийг Хятадын нэр дээр ЮНЕСКО-д бүртгүүлэхгүйн тулд ард түмний оролцоо чухал

Монголчууд морин туурайгаар дэлхийг тамгалсан ард түмэн. Гэтэл сүүлийн vед БНХАУ Монгол үндэсний эмээлийг ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлэх нь гэсэн мэдээлэл гарах болсон. Тиймээс энэ талаар ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-Монгол үндэсний эмээлийг Хятад улс ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлэх гэж байгаа гэх мэдээлэл байна. Та энэ талаар ямар хариулт өгөх вэ?
-Ийм мэдээлэл гарсны дагуу бид энэ талаар судалж үзлээ. ЮНЕСКО-д улс орнууд хоёр, гурван зүйлээр өр­гөдөл гаргадаг. Тухайн жилд манай энэ өв, соёлыг бүртгээд өгөөч ээ гэдэг хүсэлт явуулдаг. Нэг жилд нэг орны нэг л соёлын өвийг бүртгэдэг ЮНЕСКО-гийн шинэ журам хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр хөгжил сайтай орнууд нь соёлоо сурталчилж чадахгүй байгаа ядуу орнуудын соёлыг өөр дээрээ бүртгэх явдал арилсан гэж хэлж болно.
Мөн улс орнууд ойрын 20, 30 жилд ийм ийм өвийг судалж өргөн барина гээд урьдчилсан жаг­саалт гаргадаг.
БНХАУ 2008 оны үед Өвөр Монголоос орох соёлын өв гэсэн урт жагсаалтыг ЮНЕСКО-д явуулсан юм билээ. Түүн дотор нь эмээл, эрийн гурван наадам багтсан байдаг. Энэ нь ирээдvйд манай vндэсний эмээлийг БНХАУ өөрийн нэр дээрээ бүртгүүлэх сонирхлоо илэрхийлсэн гэсэн үг. Үүнийг бүртгүүлсэн гэж ойлгож болохгүй. Хятадын энэ жагсаалтад манай улсаас 40-өөд нэр төрлийн соёлын өв багтсан байна лээ. Тэр 40 төрлийн зүйлийг бүртгүүлэхэд 40 жил шаардлагатай. Тиймээс бидэнд арга хэмжээ авах хан­галттай хугацаа бий.

-Хэдийгээр 40 жил гэдэг урт хугацаа ч манай зvгээс юу хийх ёстой вэ?

-Монголынхоо соёлын өвийг Монголын жагсаалтад оруулах шаардлагатай гэсэн иргэдийн хүсэл эрмэлзэл бидэнд хэрэгтэй. ЮНЕСКО-гоос “Төр нь ард тvмэндээ энэ соёлыг хэрэгжүүл, хүмүүж” гээд тулгах юм бол соёл гэж үзэж бүртгэдэггүй.

-Тэгээд яг ямар зарчмаар бүртгэдэг юм бэ?

-Ард түмэн тухайн соёлыг хүсэн хүлээж, түүний төлөө үе удмаараа хүчин чармайлт гаргаж, сэтгэл зүрхээрээ нэгдсэн, уламжлалт, ард түмний амьдралд гүн шингэсэн зүйлийг соёл гэж үзэж бүртгэдэг. Тэр ч утгаараа монгол эмээлд олон хүний сонирхол нэгдэж байгаад их талархаж байна.
Дашрамд хэлэхэд, ард түмэн маань “Эмээлийн утга учир, соёлыг тайлбарлаж бичсэн захидлаа бидэн рүү явуулах хэрэгтэй байна. Иргэдийн захидал, Төрийн бус байгууллагуудын бидэнд хандсан албан ёсны хүсэлт, үр удмаараа эмээл хийж амьдарч буй иргэд, малчдын маань хүсэлт бидэнд цугларвал өөрийн соёлын өв болгон бүртгэхэд хялбар байх болно. Хүмүүс өв соёлоо хэд хэдээр нь бөөндөөд түргэхэн бүртгүүлчихэж болдоггүй юм уу гэдэг. Дээр хэлсэнчлэн ЮНЕСКО-гийн журамд нэг жилд нэг л соёлын өвийг бүртгэдэг гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Манай улс энэ жилийн тухайд соёлын ямар өвөө бүртгүүлсэн юм бэ?

-Монгол уран бичлэгээ бүртгүүлэх гээд явуулсан. Мөн соёл иргэншлийн өвөөр Монгол гэрийг бүртгүүлэх саналаа явуулсан байгаа.

-Манай улс нийт хэчнээн соёлыг бүртгүүлсэн байдаг юм бол?

-Хөөмий, Монгол цуур, Морин хуур гэх мэт 10-аад соёлын өвийг бүртгүүлсэн.

-ЮНЕСКО-д яг тийм зүйлийг л бүртгэнэ гэсэн шалгуур байдаг уу?

-Тэгэлгүй яах вэ. Соёл, иргэншил, соёлын дурсгалт газрыг л бүртгэдэг. Жишээлбэл, Бурхан Халдун уулаа бүртгүүлэхийг хүсч байгаа бол ард түмний хүсэлтүүд маш их хэрэгтэй байна.

-Өмнө нь Бурхан Халдун уулыг бүртгэхээс татгалзсан шүү дээ?

-Үүний шалтгааныг ЮНЕСКО-гийн зүгээс “Монголын төр хэтэрхий их тушаал, зарлиг гаргаж хамгаал гэж үүрэгддэг юм байна. Ард тvмэн чинь шаарддаггүй юм байна шүү дээ” гэж тайлбарласан байдаг. Хамгийн гол нь ард тvмэн соёлоо өмчилж хармалдаг байх ёстой учир өмчлөгчид хамгийн сайн оролцох хэрэгтэй.

-Амралтын өдрvvдэд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал болно. Үүний ач холбогдлыг юу гэж харж байгаа вэ?

-Монгол Улс ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн даргаар хоёр жил ажилласныхаа тайланг тавих гэж байна гэж ойлгож байгаа. Түүнийг даргалах хугацаанд ямар бэрхшээл, дэвшил гарав гэдгийг улс орнууд тал талаасаа ярих байх. Манай улсын ардчиллын тvvх, туршлагыг дэлхий нийтэд мэдээлэх анхны том боломж энэ удаагийн чуулган уулзалт юм.
Дэлхий нийт манай улсыг ардчилсан орон л гэж мэддэг. Чухам яаж ардчиллыг бий болгосныг төдийлөн мэдэхгvй. Ард тvмний энэ мэргэн ухааныг бусад орнууд хэзээ ч сонирхож асууж байгаагvй. Бид ардчиллыг сонирхдог 104 оронд Монголын ардчилал ингэж явагдсан гэдгээ танилцуулна. Нэг ч цонх хагалалгvй, нэг ч хvний хамраас цус гаргахгvйгээр тэвчээр зааж, ухаан зарж ардчиллыг бий болгосноо хэлнэ гэдэг цаашид ардчиллыг тvгээн дэлгэрvvлэхэд илvv урам зориг болно.

-Манай улсад ардчилсан үзэл баримтлал бүрэн утгаараа хэрэгждэг юм уу, сүүлийн vед дарангуйлдаг гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа шүү дээ?

-Манайд тодорхой дэвшил гарсан. Ардчилсан парламент, сонгуультай, аливаа асуудлыг ардчилсан зарчмаар шийдвэрлэдэг. Яах аргагvй ардчиллын элементvvдийг бvх шатанд нэвтрvvлж яваа улс. Мэдээж хэрэг бvх хvний сэтгэлд хvрсэн ардчиллыг хараахан тогтоож чадаагvй. Ингэхийн тулд ард тvмнээ мэдээлэлжvvлэх ёстой.

-Төгс ардчилсан үзэл баримтлалтай улс гэж байдаг болов уу?

-Яг энэ нэр томъёонд хvрсэн орон гэж байдаггvй. Аль орон номер нэг вэ гэж хуваарилах боломжгvй. Жишээлбэл, Швейцарь улс гэхэд ард тvмэн нь хууль санаачилж батлах эрхтэй мөртлөө манай­хаас ардчилал сурах юмсан гэж хvрч ирдэг. Яагаад гэвэл,Монголын ардчилсан сонгууль шиг олон хvнийг хамарч, идэвх¬жvvлсэн сонгууль явагддаггvй гэсэн.

Тухайн орон өндөр хөгжсөн ч буурай байсан ч ардчиллын сорилт vргэлж тулгардаг. Энэ сорилтуудыг хэрхэн даван туулах вэ гэдэг зорилгын vvднээс ард­чилсан орнуудын хамтын нийгэмлэг байгуулагдсан. Ардчилал гэдэг барилга бариад орхичихсон мэт мөнх тогтдоггvй.

-АН-ынхан өөрсдөө ардчиллыг уст­гаж байна гэж ярьдаг. Үүнийг юу гэж боддог вэ?

-Ер нь аль ч нам дотор ардчиллын зарчим бий. Зөвхөн манайх АН гэдэг нэртэй учир хамгийн ардчилсан vзэл баримтлалтай гэж хэлж чадахгvй. Манай намд сайжруулах зvйл маш их бий. Тиймээс дотроо дvрмээ сайжруулахаар одоо хэлэлцvvлж байгаа.

-Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх үеэр та сөрөг хүчний зүгээс Үндэсний аюулгvй байдлын асуудлыг хөндөж байгаа нь их ноцтой юм гэж хэлж байсан?

-Мэдээж сөрөг хүчнээс шаардлага тавилгүй л яах вэ. Сүүлийн 23 жил гадаад харилцаа ярихгүйгээр дотоодын асуудлаа шийдээд болж л байсан. Одоо бодоход гурван жил тутамд нэг Ерөнхий сайдыг огцруулсан байна. Тэр болгондоо аль болохоор дотоодын эдийн засгийн асуудлыг Ерөнхий сайдыг огцруулах асуудалтай холбож ярьсан. Гадаадын ямар нэгэн улсад хохирол учирсан гэдэг асуудал гараагүй байхад хоёр хөрштэйгөө аятайхан харьцаж чадахгүй байна гэдэг үндэслэл оруулж ирж байгаа нь аюултай үзэгдэл. Өмнө нь Сталинтай аятай­хан харьцсангүй гээд дарга нараа яаж хэлмэгдүүлдэг байлаа. Энэ мэтчлэн гашуун туршлагууд бий шүү дээ.

Сүүлийн үед түүний ул мөр овоо арилчихсан байхад дахин оруулж ирэх нь буруу хандлага үүсгэчих вий гэж маш их санаа зовж байгаа. Сөрөг хүчний оруулж ирж буй шаардлага магадгvй 99 хувь зөв байлаа гэхэд нэгхэн хувьд нь гадаад харилцааны асуудал ярих нь нэн аюултай юм. Бид энэ шаардлагыг ерөөсөө хангаж болохгүй. Хэрэв хангавал манай улсын гадаад харилцаанд эргэж нөхөгдөшгүй буруу жишиг тогтоно.

В.Дондовдорж

Б.Баасансүрэн: Цааны орооны булчирхайн бэлдмэлээр хүүхэд гардаггүй хүмүүсийг анагааж, 50 орны 170 хүүхэд мэндлээд байна

Цаа буга дагнан судалж Хойд мөсөн туйлд  хорин жилийг өнгөрүүлсэн дэлхийн цорын ганц эрдэмтэн Б.Баасансүрэнтэй ярилцлаа.  

-Та хойд туйлд 20 жил амьдарч, цаа бугыг цөхрөлтгүй судалж, судалгааныхаа  ач буяныг дэлхийн олон орны хүн зонд хүргэж яваа эгэлгүй хүн юм. Таны ус нутаг, удам судраас яриагаа эхлэх үү?
-Манайхан Баянхонгор аймгийн Ламын гэгээний удам судартай улс. Өвөө минь Гэндэн хувилгаан гэж хүн байсан. Цагтаа Түвдэд Далай ламд ном зааж байсан хүн юм билээ. Би өөрөө 1948 онд Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар чулуу орчимд, Эрдэнэтолгой гэдэг газар төрсөн. Тэр цагийн хэлмэгдлээс болж ээж, аав минь нутгаасаа зугтаж явах үед тэнд төрсөн гэдэг юм. Намайг нэг настайд ээж минь өнгөрсөн. Аав минь Хятад руу гарч их хүнд байдалд ороод, ээж минь санаа сэтгэлээр  уймарч галзуурч өнгөрчээ. Би 1952 онд маршал Чойбалсан бурхан болдог жил Түвд рүү гарсан. Тэнд очоод ном заалгасан анхны багш маань Гомбожав мэргэн. Аав минь Түвдэд гарч яваад 1960-аад оны Хятадын Соёлын хувьсгалын үеэр бурхандаа мордсон. /Өөд болсон/  Цаг хэцүү байхад энэ байдлаа их нууж явлаа даа. Одоо найруулагч Б.Жигжидсүрэн миний амьдралаар кино хийхээр болоод байгаа.

-Түвдээс яаж Монголдоо ирэв. Их л юм үзсэн байх даа?
-Би амьдралдаа гурван их хүнд зовлонг туулсан хүн. Балчир насандаа аав, ээжээсээ хагацсан. Бага насанд минь Хятадын улаан хамгаалагчдын үед олон лам хувраг үрэгдэхэд би сайн хүмүүсийн буянаар үхэж үрэгдсэн гэсэн нэрийн дор золоор амьд үлдсэн. Далай багшийн дэргэдийн нэг буянтай хүн намайг  авч үлдэж ууланд гарч хэдэн сар болгосон доо. Монгол Улсад 1964 онд их зуд болж, хүчтэй шуурганаар Монголоос олон тэмээ уруудаж Хятад руу гарчээ. Тэр олон тэмээг Монгол руу буцаахад ачтай буянтай хүн намайг Монголоос ирсэн малын эрэлчдийг дагуулж эх оронд минь буцаасан.
Монголд ирээд Цэргийн төв эмнэлэгт таван жил моорогт цогцос хагаллаа. Нэгэнт цусанд хутгалдсан ажилд орсон болохоор өмнө үзэж байсан Чойрын ном хэрэггүй болж оточ болох зам шулуудав. Тэнд байхдаа 14 дүгээр сургуульд оройгоор сурч гавьяат багш Хүүхээгээр заалгаж кирилл бичигт суралцлаа. Их цээж сайтай байсан болохоор  амархан ч сурлаа. Өмнө нь би хуучин монгол бичиг, хятад, түвд хэлтэй болчихсон байсан юм. Ажлынхаа завсраар Батлан хамгаалах яамны “Алдар” нийгэмлэгт орж биеийн тамир, спортод цаг заваа зориулах болсон. Түвдэд уул хадаар их гүйдэг байсан маань тамирчин болоход их хэрэг болж билээ. Улсын шигшээ багт 1970-1975 онд дугуйн спортын тамрчин байлаа. Тэгээд 1975 оноос IY сургуульд биеийн тамирын багш болсон.
Тэндээсээ УБДС-д элсч онц сурлагатай оюутны тоонд орлоо. Намрын ургац хураалтад сайн ажиллаж, спортоор тэргүүн байр эзэлж, шилдэг оюутны тоонд багтаж 1980 онд ЗХУ-д оюутны отрядад ажиллах эрхээр шагнуулсан. Тэр үед Монголын шилдэг тэргүүний оюутнуудыг Зөвлөлтийн оюутны отрядад ажиллуулдаг байсан юм. Оросын хил анх давсан маань тэр болсон.
Дараагийн үзсэн нэг зовлон бол хэдэн жил сурч УБДС-ийг онц дүнтэй төгсөөд улаан диплом авахад ганцхан өдөр дутуу байлаа. Гэтэл МАХН-ын Төв хорооноос надад  “Үнэн” сонины тэргүүн өгүүллийг орос хэл рүү орчуулах даалгавар өгч, түүнийг тааруу биелүүллээ гэсэн шалтгаар онц сурлагатны улаан дипломыг маань хөх болгож хэлмэгдүүлсэн. Түүний балгаар УБДС-д багшаар үлдэх байсныг болиулж Асрах сургуульд багшаар явууллаа. Харин ч тэнд очоод өнчин өрөөсөн олон хүүхэд дунд орж элэг дэвтэж, тэдний эцгийн оронд эцэг болж гурав дөрвөн жил боллоо. Цалин сайтай болохоор Асрахын багш нарын 60-70 хувь нь сайд дарга нарын авгайчууд. Тэд хүүхэд дотор орж ажиллаж өгдөггүй. Өнчин хүүхэд дунд бөөс, хуурс их. Харах хайхрах хүн багатай тэр хүүхдүүдийн үсэнд шар тос илж байгаад 10 төгрөгний шүүрэн самаар самнаж бөөс хуурснаас нь салгадаг байлаа. Тэндээ ажиллаж дасал болсон ч дарга нарын авгайчуудтай таардаггүй, тэдэнтэй тэмцдэг гэсэн шалтгаанаар сургуулиасаа хөөгдсөн дөө. Асрахын хүүхдүүд маань уйлаад үлдсэн. Хотын гүйцэтгэх захиргаа надад ажил өгөлгүй удлаа. Ингээд өөрөө ажил хөөцөлдөхөөр болж орос хэл гайгүй сурсны буянаар нэгдүгээр хороололд орос сургууль нээгдсэн сургаар очиж 83 дугаар сургуульд багшилсан. Гурван ч удаа улсын тэргүүний багшаар шалгарч Ардын боловсролын тэргүүний ажилтан болсон. Хоёр өрөө байраар шагнуулдаг юм байна. Ингээд зовсны эцэст хүн шиг амьдрах замдаа орсон доо.

-Нөгөө оточ болно гэснээ яалаа?
-Орхиогүй ээ. Ажлын завсраар толгой өвдсөн хүний тархи толгой барих, жирэмсэн эхийн гажсан ураг илж засах гээд отчийнхоо ажлыг хийсээр явсан. Баригдаад ном судраа хураалгаж явлаа. Ардын эмнэлгийн Хайдав багш нарын отчуудтай нийлж Монголын уламжлалт анагаах ухааныг сэргээх гэсэн нууц маягийн ажилд оролцож оточ маарамбын ажлаар олон жил явлаа. Хүн жаргаж явснаас зовж явахад их зүйл сурдаг юм байна лээ.
Ёндон гэдэг генерал энэ эрдэмтэн болох гэж байгаа эрдэмтэй чадалтай залууг битгий оролдооч гэж Цагдаагийн дарга Рэнцэнхорлоод даалгавар өгч байсан. Тэглээ ч тус болоогүй. Цагдан сэргийлэхийн туслах бригадын гишүүн гэсэн энгэрийн тэмдэгтэй гайтай нөхөд хов хутгаж намайг их зовоосон доо. Одоо бодож л байна. Залуудаа зовсон хүн өтөлсөн хойноо жаргана гэсэн настангуудын үг бий. Түүгээр болж байгаа юм болов уу даа гэж бодож сууна.
Монголд ардчилал гарахад үнэхээр их баярласан. Юм бүхэн нээлттэй сайхан цаг ирлээ гэж. Хэлмэгдэж хавчигдаж явсан надад нар гарах шиг л болсон. Урам зориг ч орсон. Спортоор явж байсны хэрэг юу билээ, Монголын үндэсний Биеийн тамирын дээд сургуулийг анхлан байгуулалцаж байлаа. Монголдоо спортоор шилдэг 44 хүүхдийг авч “Эрийн гурван наадам” гэсэн дээд сургууль анх нээсэн. Анхны оюутнуудаас хамгийн өндөр нь Оргилболд, хамгийн намхан нь О.Пүрэвбаатар байсан даа.

-Багш байсан хүн яагаад гэнэт Тундрт очиж цаа судлахаар болсон нь сонин байна?
-Ардчилал гарч бүх юм чөлөөтэй сайхан болсны дараа Далай багшид бараа болж  1991 онд ОХУ-д зочилсон.  Далай багшийнхаа буянд ОХУ-ын ШУА-ийн Ерөнхийлөгчийн зөвлөлөөр орж Тундрт очиж тэндэхийн цаа буга,  ургамал, ан амьтан, байгаль судлахаар болсон. Хүн, цаа, нохой гурав анх дэлхий дээр бий болсон юм гэнэ лээ. Тэгээд л сонирхол төрөхгүй юү.
Түүнээс хойш Хойд Тундрийн монгол судлаач нэрээр 20 жил ажиллаж байна. Өдөр болдоггүй харангуй үед нь номоо бичиж, шөнө болдоггүй цагт нь цаа бугаа судалсаар 20 жил 20 хоног шиг өнгөрчээ. Цаа бугын орооны булчирхайг нарийвчлан судалж цаа бугын морфологийн анатомын атлас, физиологи зэргийг судалж 20 жил ном бичлээ. Сүүлийн Монголд хэвлүүлж байгаа ном маань 777 хуудастай гарах гэж байна.

-Та Хөвсгөлийн цаатнууд дээр очиж байв уу?
-Уг нь Н.Багабанди Ерөнхийлөгчийн үед Хөвсгөлийн цааг судлах саналаа хэлж байсан. Тэгэхэд Хөвсгөлөөс сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Гүндалайтай уулз гэж надад зөвлөсөн юм. Даан ч тэр хүн намайг ойшоогоогүй. Харин үндэсний бөхийн их аварга Дарийн Дамдин гуай намайг дагуулж Хөвсгөл аймагт анх аваачсан. Хөвсгөлийн цаа бугыг бага сага судалж үзсэн.

-Судалгаагаа тэнд хийж болоогүй юм уу. Заавал Тундр, Якут явах хэрэг байсан уу?
-Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг дээ. Үзэх ном, лаборитори, багаж төхөөрөмжөө дагаад хойшоо явсан. Хойч үедээ монгол хүн 45 наснаас хойш 60-72 градусын хүйтэнд ажиллаж байсан гэдгийг мэдүүлэх гэсэн нэг санаа бас бий. Бүр XIII зууны үед монгол эрдэмтэд хойшоо явж байсан юм билээ. Хамгийн сүүлд 1921-1932, 1937 оны үед Монголын их эрдэмтэй лам нарыг Якутад цөлж байсан. Шоронд хорьж чулуу шорооны ажил хийлгэж байсан юм байна. Хэлмэгдүүлэлтийн үед Эрхүүгийн Александр хааны шоронд Монголын эрдэмтэн лам нар хоригдож байсан түүхтэй. Тэдний гэгээн дурсгалд зориулж эрдмийн ажил хийх гэж Якутад очсон.

-Энэ хооронд монгол цааныхаа цусыг сайжруулах талын ажил хийх санаа танд байсан уу?
-Байлгүй яахав. Гэхдээ бүтэлтэй юм болоогүй. Надад нэг гомдож явдаг юм бий. Якутын тал, Якутын ШУА 2008 онд надад шилмэл сүргээсээ сорчилж байгаад 21 цаа буга өгсөн. Монгол цааныхаа цусыг сэлбэ гэж. Якут гадаадын өөр улсад бол сайн цаа өгдөггүй. Гуравдугаар зэргийн цаа өгдөг юм. Дотооддоо, Тувад ч ялгаагүй. Гуравдугаар зэргийн цаа л өгнө. Тэр жил Якутаас Тувад 150 цаа, Хятадад бас 150 цаа өгсөн. Монголд 21 цаа өгнө гэдэг бол манайдаа хангалттай тоо. Би Москвагаас зөвшөөрөл авчихаад, бүх замыг нь шулуун болгоод эх орондоо авчрахад бэлэн болсон. ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Чадраа надад “Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр зэрэг олон хүнтэй уулзлаа. Зөвшөөрлөө. Цаагаа цагаан сарын баярын үеэр Хөвсгөлд аваачиж өг гэсэн” гэхээр нь би итгэчихгүй юү. Тэр үгэнд нь итгээд Монголоос цаа худалдаж авах мөнгө шилжтэл удна гэж бодоод хугацаа хожих гэж найман хүн дагуулаад, тэдний цалин, Камаз машины жолоочийн хөлс, бензин тосны үнийг хувиасаа төлөхөөр болж Хойд Тундрээс нааш 3800 км-ийг туулж 21 цаагаа ачиж ирлээ. Гэтэл цаа авах мөнгө нь шилжээгүй гэсэн шалтгаанаар цаануудыг хилийн орчим гурван сар карантинд байлгасан. Цаг яваад байдаг. Хавар болоод цаа хариугүй төллөх гээд байдаг. Цаан дунд хээлтэй 10 мянд ирсэн. Тэд төллөж 20 болох учиртай. Гэвч Монголд оруулахгүй удаан хориод, цаг дулаараад,  цаа аюулд орох гээд байсан тул аргагүйн эрхэнд Якут руу буцаагаад авч явсан. Намайг замын зардал, хүмүүсийн цалин хөлс гээд их өрөнд унагасан даа. Түүнд гомдоод би гурван жил Монголдоо ирээгүй. Өдөр шөнөгүй жижүүрийн эмч хийж байж арай хийж өрөө дарсан. Эх орныхоо нэрийг хамгаалж, өөрийнхөө буруу болгож, цааны мөнгийг буруу шилжүүлчихжээ, надаас боллоо гэж хамаг бурууг өөртөө тохоод л өнгөрсөн.
Адилхан цаа бугатай Норвеги, Канадтай байнга холбоотой байлаа. Норвеги, Канадад 1993-1994 оны үеэс байгуулагдсан Цаа бугын дэлхийн холбоотой холбоо тогтоож, тэднийх мөнгө төгрөг илгээж Монгол оронд буян хийсэн талаар Норвегийн Ерөнхийлөгч хэлж байсан. Тэр хөрөнгө Монголд үнэхээр ирсэн эсэхийг би мэдэхгүй.

-Цаа буганаас хаях зүйл байдаггүй, гайхамшигтай амьтан гэж та хэлж байсан. Та цааны орооны булчирхайгаас гаргасан бэлдмэлээрээ үр хүүхэд заяадаггүй олон айлыг үр хүүхэдтэй болгосон гэдэг юм билээ. Энэ тухайгаа сонирхуулаач?
-Энэ бол шинжлэх ухааны нууц жор юм даа. Цааны орооны булчирхайн бэлдмэл гэдэг нууц жортой эд. Дорно дахины анагаах ухааныг барууны анагаах ухаантай холбож хэрэгжүүлсний үр дүнд цааны нууц нарийн зүйлүүдийг нээсэн. Их нарийн нууц зүйл. Түүнийг Монголоосоо гадагш алдах сонирхолгүй байна. Бичиж туурвиж байгаа зүйлүүд бий. Хойч үед маань хэрэгтэй юм даа. Сайн шавь нартаа өвлүүлж үлдээх эд байгаа юм.
Цааны орооны булчирхайн бэлдмэлээр хүүхэд гардаггүй хүмүүсийг анагааж үр хүүхэдтэй болгож байгаа. Одоо 50 орны 170 хүүхэд мэндлээд байна. Ихэнх нь Европын орных. Тэр хөөрхөн хүүхдүүдээ би “Миний хүүхэд” гэдэг юм. Эрдэм шинжилгээний чиглэлээр 50-иад оронтой холбоотой ажилладаг. Тэнд миний хүүхдүүд бужигнаж байна шүү. Нөгөө талаасаа энэ бол цаа бугын ач юм.

-Та хэр хөлс мөнгөөр эм тангаа барьдаг вэ?
-Би бага, залуудаа их зовлон үзсэн хүн шүү дээ. Өөрийгөө бол би бадарчин лам гэдэг. Би хүнээс мөнгө авдаггүй. Хүний эрүүл мэндийн төлөө түмэн олноос мөнгө нэхдэггүй. Өгье гэвэл цай, шоколад ч байдаг юм уу, өгдөг. Тийм болохоор гадна дотнын ард түмэн намайг үнэлдэг юм билээ.

-Удахгүй хэвлэлтээс гарах гэж байгаа бүтээлдээ та нарийн нандин эрдмээсээ оруулсан байх даа?
- Монголын цаа буга, Якутын цаа бугын иддэг бэлчээрийн ургамлыг нарийн судалсан. Цаа бугын байдаг орчин тойрны ус, газрын хөрс, ургамал, ой мод, байгалийн байдлыг 20 жил сайн үзэж судаллаа. Түүгээрээ 770 гаруй хуудастай ном хийж хойч үедээ үлдээх гэж байгаа юм. Номоо Монголдоо хэвлүүлж байгаа. Эмийн ургамлыг ямар үед түүж авах вэ. Өдөр авдаг юм уу, шөнө авах уу. Хусны шүүс гэхэд уулын арынхыг авах уу, наран талынхыг авах уу. Ямар насны хүнд тохиромжтой вэ. Яаж хэрэглэх вэ. Хусны шүүсийг аваад хальсыг нь яаж эргүүлж наадаг юм гэх зэрэг олон жорыг монголчууддаа үлдээнэ. Эхийнхээ гэдсэнд хүйгээ ороосон хүүхдийг би монгол аргаараа илж засдаг.  Бөөрний даралт буулгах, толгойн өвчнөө өөрөө намжаадаг, стрессээ тайлдаг аргыг номдоо оруулсан. Нийт 31 төрлийн мод, 154 төрлийн эмийн ургамал зурагтайгаа, ямар ашиг тустай вэ гэсэн тайлбартайгаа орсон. Ирэх тавдугаар сард хэвлэлтээс гарчих болов уу гэж бодож байна.
Нэг сэрэмжлүүлэх зүйл бол гаднаас авдаг идэх уух зүйлдээ болгоомжтой хандахгүй бол хүнсээр дамжиж элдэв ханиад, өвчин ширүүсч магадгүй. Өвчин, вирусаас хамгаалах зориулалтаар цаанаас гаргаж авсан бэлдмэл шингээсэн маск хийгээд байгаа. Ирэх тавдугаар сард тэр маскаа авчирч ШУА-д үзүүлж харуулах юм. Тэгээд боллоо гэвэл нийтэд хэрэглүүлэх талын арга чарга хайна даа.

-Таныг цаа судлалаар дэлхийн хэмжээний эрдэмтэн гэдэг. Гол бүтээлээ туурвидаг ОХУ яаж үнэлдэг бол?
-ОХУ намайг иргэнээ болгож паспорт өгөх гэдэг ч би зөвшөөрөлгүй өдийг хүрч ирсэн. Манай иргэн болбол сар бүр 1500 рублийн тэтгэмж өгье гэдэг л юм. “ОХУ, Монгол Улсын иргэд харилцан визгүй зорчдог, Монгол Улс давхар харьяаллыг зөвшөөрдөг болчихвол би өнөөдөр ч танай паспортыг авахад бэлэн байна” гэж сүүлийн 10 жил хэлж ирлээ. Улс орнуудтай монголчууд ухаан эрдмээрээ уралдах ёстой. Намайг дэлхийн эрдэмтэн гэж зүй ёсоор үнэллээ. Монголдоо ажиллая гэхээр “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдгээр Монголд сав нь дутаад байсан юм. Судалгаа, шинжилгээ хийх материал, байр сав дутаад Якут явсан. Якутын цаа бол Оросын улаан номд орсон, В.Путин Ерөнхийлөгч өөрөө эргэж тойрдог, санаа тавьдаг эрүүл зэрлэг цаа байдаг. Би Якутад ажиллаж байгаа цор ганц дэлхийн хүн. ОХУ-ын итгэлийг ч хүлээсэн.Намайг Орос орон үнэлж чадаж байгаа. Лицензүүдээ итгэж  өгсөн. Цаа бугаар Анагаахын шинжлэх ухааны дэд докторын зэрэг хамгаалсан. Гэхдээ би эх орныхоо уламжлалт анагаах ухааны нууцыг алдаагүй.
Монголдоо Биологийн ухааны доктор, профессор боллоо. Одоо би 65 нас хүрч байна. Амьдралынхаа үлдсэн хугацаанд эх орондоо юм бүтээнэ, өвөө үлдээнэ. Монгол цааныхаа цусыг сэлбээд эрүүл юм шүү гэдгийг нь дэлхий дахинд зарлачихвал миний хэрэг бүтнэ. Эрүүл болсных нь дараа цаанаасаа бүх бүтээгдэхүүнийг нь авч ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө жаахан ч гэсэн тус нэмэр болох болов уу даа гэж бодож байна.

-Та Австрид очиж том шагнал хүртсэн бил үү. Ямар нэртэй шагнал билээ?
- Дэлхийн эрдэмтдээс бүтээлээрээ долоод орж Австрийн Вена хотод очиж шагнал гардсан. Европын Бизнесийн ассамблейн чуулган, Сократын хорооны шийдвэрээр  шагнасан юм. Вена хотод болсон олон улсын эрдэмтдийн хурал дээр  “Цаа бугын цусан эврийг монгол шар тостой хавсарч төөнө эмчилгээ хийх нь” сэдвээр илтгэл тавьсан. Ингэж Монгол Улсынхаа нэрийг гаргахад тэнд сууж байгаа Монгол Улсын  Элчин сайд Ж.Энхсайхан “Та үнэхээр монгол гүндүүгүй эрдэмтэн хүн байна даа. Яагаад ганцаараа ирсэн юм бэ. Та их нэрэлхүү хүн юм шиг байна. Төр, засагтаа мэдэгдээгүй юм уу” гэж байсан. “Би Венад яг юу болох гэж байгааг мэдэлгүй л очсон. Австриас нэг том урилга ирэхээр нь очсон” гэдгээ л Элчин сайдад хэлсэн. Бусад орны эрдэмтэд дэргэдээ сэтгүүлчид, гоё дуулж бүжиглэдэг хүмүүс дагуулж явдаг юм билээ л дээ. Австрийн Ерөнхийлөгч надтай их сайхан уулзаж байсан. Вена дахь Монголын консул намайг хүлээж авсан. Нийт 20 гаруй орны эрдэмтэд Австрид очсон.
Тэр үеэр Монголын үзэсгэлэнгийн нээлт Венад болж Монголоос ШУА-ийнхан очоод байсан. Эцэг, эхийг нь цааны бэлдмэлээр эмчилж төрүүлсэн миний хүүхдүүдээс ч тэнд очсон. Австрид гэхэд гурван хүүхэд байдаг юм. “Та дэлхийг донсолгосон буянтай хүн юм байна шүү дээ. Ямар сайхан ачтай хүн бэ. Ямар олон хүн ирэв”  гэж үзэсгэлэнг үзэж байсан хүмүүс их гайхаж байсан.

-Таны нэрээр дэлхийн шинжлэх ухаанд бүртгэгдсэн нээлт бий юү?
-Угаасаа түвд, дорно дахины анагаах ухааны нээлт хэн нэг хүний нэрээр нэрлэгддэггүй, баринтаглагдаад л тэр анагаах ухааныхаа далайд дусал нэмээд л явдаг. Хөлсөө асгаруулж хөдөлмөрлөсний шим, асгарсан хөлсний үнэ хойч үе, үр хүүхдэд л буян болно .

-Та ирэх тавдугаар сард Улаанбаатарт бүтээлийнхээ үзэсгэлэнг гаргах юм байна. Өмнө нь үзэсгэлэн гаргаж байв уу?
- Монголд нэг үзэсгэлэн гаргасан. Бас нэг үзэсгэлэнгээ ОХУ-ын Санкт-Петербургт гаргасан. Өнгөрсөн есдүгээр  сарын эхээр 14 хоног гаргасан үзэсгэлэнг 3000 гаруй хүн үзсэн байна лээ. Дээр үед дунд сургуульд хамт ажиллаж байсан багш нар маань ирж үзээд “Чамайг Тундр руу явсан. Хөлдөж үхсэн гэнэ лээ ч гэж ярьдаг байсан. Гэтэл ийм мундаг эрдэмтэн болоод ирдэг байжээ” гэцгээж байсан. Аргагүй шүү дээ. Тундрт очоод эхний долоо, найман жил зэрэг цол хамгаалах гэж судалгаа хийгээд Монголдоо ирэлгүй сураг алдарсан юм чинь. Үзэсгэлэн дээр тааралдсан  хуучны танил багш нар маань “Чи ингэж дэлхийн эрдэмтэн болоод Монголдоо үзэсгэлэн гаргаж байгаа нь ямар сайхан юм бэ” гэж баяр хүргэж байсан. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай “Энэ хүнд би Хөдөлмөрийн хүндэт медаль гардуулж өгч байж билээ. Зөв хүндээ өгч дээ” гэж байсан. “Энэ хүний авъяасыг ядахдаа 40 жилийн өмнө авч хоцрохгүй яав даа” гэж манай зарим эрдэмтэн халаглаж байна билээ.

-Яагаад халаглах гэж. Одоо ч гэсэн танд цаг хугацаа байна шүү дээ?
-Цаг байгаа ч учир дутагдал байна. Хавчлага шахалт, бааз, материалгүйгээсээ болоод би гадагш явсан. Энэ хооронд ардын эмнэлгийн нөгөө мундаг эрдэмтэд маань бурхан болчихож. Номоос нь өөр зүйл хоцроогүй. Үр хүүхэд, шавь нар нь байвч тэднийг яаж гүйцэхэв дээ. Тэгэхээр тэднийхээ үйлсийг залгаж үзэг минь хурц, нүд минь аниагүй цагт, тархи, оюун ухаан минь байсан цагт юм бичиж л таарах болов уу даа. Эргээд харахад ямар ч их цаг дэмий алдаав дээ гэж харамсдаг.
Тундрт 20 жил болоход Монгол Улс ч, дэлхийн улс  орнууд ч намайг үнэллээ. Үүний цаана их нарийн юм байх учиртай. Шагнуулна гэдэг барих хариутай байх ёстой. Цаашдаа залуу үеийн эрдэмтэдтэй хамтарч ажиллах байх. Монгол Улсын ШУА-аас эрдмээ залууст өвлүүлэх тухай санал ирсэн. Түвдэд миний нэг сайн шавь байсан. Өнгөрсөн жил бурхны оронд явчихлаа. Болгоомжлох зүйл гэвэл бурхны ариун сургаалийг буруу хүнд алдчихвал түүн шиг нүгэл байхгүй. Их сайн хүнийг шавь оруулбал зүгээр юм даа гэж боддог. Надад уг нь ганц хоёр шавь бий. Санасан хэмжээнд гарч ирж чадахгүй л байна.
Би бол Монголоо гэсэн сэтгэлтэй, Түвдийн хатуу дэг сургуультай хүн. Хүнээр өөрөөр нь нухуулж учрыг нь олуулах гэж зүтгүүлж байгаад дараа нь хэлж өгдөг зарчимтай. Миний Хайдав, Шагдарсүрэн багш нар минь бас тийм байсан. Харин залуус маань жаахан тэсвэр хатуужил муутай байна даа. Хүүхдүүдэд аж төрөх ухаанаа сайн өвлүүлэхгүй бол тэд маань бэлэнчлэх ухаанд автаад байна уу даа.  

-Цаатны ахуй амьдралыг дэмжих талаар Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргалаа шүү дээ. Цаатан, цаанд ойрхон хүний хувьд та дуулсан байлгүй?
-Өнгөрсөн оны сүүлээр би нэг сайхан мэдээ дуулсан. Тундрт 58-60 градус хүйтэрч байсан цаг даа. Тэр үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хөвсгөл нутагт очиж, цаатнуудтай уулзаж, миний Дарийн Дамдин аваргатай хамт хонож байсан газруудаар явж хоносон байна лээ. Түүнийг дуулаад миний сэтгэл дүүрч нулимс цийлэгнэж байлаа. Сая бас сайхан зарлиг гаргасан юм байна. Сэтгэл их хөдөлж байна. Монгол цаагаа эрүүлжүүлэх тухай миний санаа одоо гүйцэлдэх цаг ирсэн байх аа.
Дээр үед Ж.Самбуу даргын Бэлчээрийн мал аж ахуйн тухай номд цаатан иргэдийн үр хүүхдийг сургуульд сургах, тэднийг эрүүл саруул аж төрүүлэх, монгол цааны цусыг сайжруулах талаар бичсэн байдаг юм билээ.Одоо Ерөнхийлөгчийн зарлигаар тэр бүх санаа хэрэгжих боломжтой болжээ.

-Таныг Монголд ирэхэд эх орон тань ямар болсон харагдаж байна?
-Монгол Улс шууд ардчиллын замаар ухаалаг хөгжиж байна. Монгол оронд өнөөдөр ирэхэд тамхины хэрэглээ эрс багасчихаж. Одоо архигүй болчихвол их л бахархмаар байна даа. Архигүй аян өрнүүлээд л явж байгаа юм байна. Монгол Улс их сайхан болж байна шүү. Монголын ард түмэнд сайхан энерги шингэж орж ирэх цаг ирж байх шиг байна. Гадна талдаа ч муу хэлэхээргүй сайхан нэр хүндтэй болж байна. Энэ нэр хүндээ цаашид алдалгүй авч явах учиртай шүү. Тэгвэл Монгол орон хөгжинө.
Саяхан Казахстанд очиж лекц уншлаа. Тэд их хөөрхөн хөгжиж байна. Уламжлалт анагаах ухааны дээд сургуультай болчихож. Намайг очиж багшлаач гэж урьсан. Казахстаны Ерөнхийлөгч намайг хүлээж авч уулзсан. Казахстанд монголчууд олон байдаг гээд монголоор ярих гэж үзэж байна лээ.
Би нэг юманд харамсдаг. Цөлжилтөөс болж манай элс урагшаа нүүчихлээ. Яагаад ингэв гэхээр манай газрын хөрс чийглэггүй болоод суларчихсан. Элс бол ургамлын дээл юм шүү дээ. Усыг нь шингээж дэвтээж байдаг, цэцэг ногооны чийгийг барьдаг. Салхинаас хамгаалдаг. Ан амьтан дээгүүр нь явахад зөөлөвч болж өгдөг. Малын аргал, хорголыг элс нүдсээр байгаад нунтаглаж бордоо болгодог. Бас нэг тааруу зүйл гэвэл эмийн ургамлыг хятадууд үндсээр нь түүчихсэн байна. Дээр нь монголын нутагт ургамал хордуулдаг, усыг нь шингээж авдаг ургамлыг хүртэл тараасан байна.
Эртний монголын анагаах ухаан, мал аж ахуй маш их соёлтой байж. Айл долоо хоноод л буурь сэлгэж нүүдэг байлаа. Нэгд гэвэл, бэлчээр талхлахгүй. Хоёрт, мал дандаа соргог бэлчээрт байдаг. Тэр их ухаанд л би жаахан түшиглэж авч яваа юм.
Бас нэг юм сонирхуулъя. Байгаль далай ОХУ-ын усны нөөцийн 20 хувийг агуулдаг. Байгаль далайд 300 гаруй гол, 21 мөрөн цутгадаг. Усны дийлэнх нь Монголоос цутгадаг.  Тэнд байдаг Орхон, Сэлэнгийн бэлчир, Мойлын хөндийд Японы нэг эрдэмтэнтэй уулзаж байхад тэр хүн хэчнээн хэмжээний ус Монголоос Оросын нутаг руу цутгаж байна гэдгийг хэмждэг аппарат тавих хэрэгтэй юм байна даа гэж хэлж байсан. Усаа харамлаж, хааж боох гэсэн юм биш. Ер нь Монголоос хэр хэмжээний ус орж ирж байгааг нөгөө тал мэддэг байвал бас зүгээр юм гэсэн санаа. Үүнийг төр, засгаас дэмжвэл хэрэгтэй юм даа гэж бодож байна. Монголчууд усаа их хамгаалж байх ёстой юм шүү. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн  Тамгын газрын даргатай уулзахад их сайхан хүлээж авсан. Сэтгэл зовдог зүйлээсээ ухаантай хүнтэй хуваалцаж ярихад сэтгэл сайхан онгойх юм даа.

                            Д.ОЮУНЦЭЦЭГ 
www.aravt.mn

Monday, 22 April 2013

Ж.Нэргүй: Сайн засварчин хүнд усан онгоц, оёдлын машин хоёр адилхан

Фердинад Оссендовскийн  “Хүн, араатан, бурхад”, “Ленин“,  Эдуард Тополийн “Кремлийн эзэгтэй ,Саддам Хусейны “Забиба хаан хоёр”, Сергей Есениний “Сонгодог шүлгүүд“, Владимир Высоцкийн  “Бухимдал”, Айн Рэндийн “Атлантын нуруу тэнийв“  роман  зэрэг орчуулгын олон ном,    “Сэтгэл хазгар биш бол…” шүлгийн номоороо  уншигчдын эчнээ танил болсон сэтгүүлч, яруу найрагч, орчуулагч Ж.Нэргүйг “Ясан хуягт мэлхий их далайг зоримой“ гэсэн нэртэй нийтлэлээ номоо гаргасны дараахан уулзаж ярилцсанаа хүргэе!
.
За, Нэргүй ах, орчуулаад л байна уу?
Яахав дээ, цаасаа нухаад л…
Одоо яг юун дээр ажиллаж байна даа?
Хүмүүс дандаа л ингэж асуух болж. Надад очиж ганц нэг хуудас буулгаж өгөх нь үү?
Тэр нь ч юу юм. Хүмүүс ингэж асуугаад байгаа бол их л эрэлт хэрэгцээтэй хүн болж байгаа юм байна даа. Тэгээд л ямар сайхан ном гар дээр нь тавихыг хүлээгээд байхгүй юу. Нээрээ одоо яг юун дээр ажиллаж байна?
“Алтан ордны улсын яруу найраг” гэдэг юм нухаж байна. Жоохон ном оо, гэхдээ их адармаатай золиг.
Яасан сайхан юм. Ердөө сонсоогүй юм байна. Урьд нь Орос, Европын яруу найраг, эртний Хятадынх гээд зөндөө л олон юм орчуулагдсан. Харин Алтан ордных гэхээр ёстой шүлс гоожуулчихдаг байна шүү. Хэр сонин юм бэ дээ?
Тансаг аа, тансаг.
“Гэрэлт наран дор чамаас гайхам нь үгүй л шүү дээ, гийгүүлэгч минь ээ!
Гуниг, уйтгар хоёрт минь уух эм үгүй л шүү дээ, гийгүүлэгч минь ээ!” гээд л.
Дундад Азийн яруу найраг чинь ер нь ийм л байдаг шүү дээ. Тэр агуу найрагчдыг чинь сүүлд л монголчуудын түүхээр зүрхээ зүсүүлсэн Европын нөлөөний урлагийн түүхчид Дундад Азийнх гээд нэрлэчихсэн болохоос биш, дандаа л манай монголчуудын орхидос байсан байгаа юм. Зүч, Цагаадай, Батынхан чинь дэндүү хурдан эрлийзжээд бусдын идэш болчихгүй юу. Хайрын уянгын шүлгүүд нь бол бүр ч ярих юмгүй. Ер нь Алтан ордны улсын соёл урлагийн түвшинг Италийн Сэргэн мандалтын үетэй харьцуулах болоод байгаа шүү дээ. Яах аргагүй нэгэн үед зэрэгцээ хөгжиж, худалдаа, соёлын ойрын харилцаатай улсууд байж. Даанч Доголон Төмөрийн байлдан дагуулалтаас хойш оросууд бүгдийг нь устгачихсан байдаг. Тодорхой хэлбэл, Догшин Иванаас хойшхи хаадууд нь зарлиг гаргаад, тэр Сарай-Бэрх, Сарай-Бат гэх мэтийн гантиг цагаан хотуудыг нь нураагаад, тухайлбал, шинэ хот Астраханийг босгоход зориулж орд харшуудыг нь нураагаад, задлаад тийш нь зөө, барилгын материалаа зөвхөн тэндээс ав гээд зарлиг гаргачихсан юм билээ. Тэгээд яахав дээ, нураагаад л, шоргоолж шиг зөөгөөд эхлэхгүй юу. Манайхан орос цэргүүдийн хуарангуудыг нураагаад зөөчихсөнтэй л адилхан. Маш сайн шатаалттай тоосгыг нь бүр XIX зууны сүүл үе хүртэл ухаад, зөөгөөд, тээвэрлээд л байсан юм билээ. Тэр бүдүүлэг гэгдэх Монгол гүрний өвдөг дор байсан тухайгаа хүн төрөлхтний ой дуртгалаас арчих хаант Оросын төрийн бодлого. Муу нэртэй коммунистуудын ч буруу биш.
 
Тэр номоо хэзээ гаргах вэ?
Хэзээ гэдгийг нь хөх тэнгэрээс бууж ирэх хөлгийн хурд л мэддэг байх даа. Энэ муу үсэн доорхи саарал бодис чинь жилээс жилд л ширхэг ширхгээрээ илжрээд байдаг юм шив дээ. Нийгмийн бачуурал ч онгодын минь хөлгийг бас үргээчихээд байх юм. Дараа нь тэгээд юугаараа, яаж хэвлүүлэх вэ гээд мөнгөний эрэлд таваргаж эхэлнэ. Энэ хавартаа л санаа байна.
Тан шиг хүнд ном хэвлүүлэх зардал эрж хайхын хэрэг байдаггүй байлгүй дээ. Баабар, та хоёрыг л номын мөнгөөр баяжиж байдаг улс гэх юм байна шүү дээ.
Болтугай, болтугай. Номын цагаан буян их ээ, их хөөрхий, гэхдээ номын мөнгөөр баяжих байтугай, мөнгөждөггүй юм шүү дээ. Би л лав. Номын мөнгө гэдэг бол бороо шиг дусагнаад байхаас биш, вагон цемент шиг сархийгээд ороод ирдэг зүйл биш. Долоо хоногтоо ч юм уу, сардаа нэг удаа тарваганы нүх шиг номын дэлгүүр тойрч “хавхаа эргээд”, цуглуулсан хэдээрээ амьжиргаагаа залгуулж л байна, хөөрхий. Эрхбиш хэвлүүлсэн хэд маань овоо тоотой юм болохоор “олны олон таван цэн” гэдэг шиг, болох юм аа, болох юм.
Уучлаарай, үгийг тань таслачихъя. Та ер нь хэдэн ном орчуулав аа?
Хэлэхгүй ээ, тоо нь дуусчихна.
Тэгээд цааш нь…
Дараачийн шинэ номоо гаргах болохоор хэвлэх үйлдвэрт бэлнээр нь аваачаад төлчих юман дээр хэзээний л гацчихна шүү дээ, би чинь. Өөр орлогогүй болохоор олсон хэдээрээ ходоодоо хуураад дуусгачихна. Аз болоход олон жил андалдсаных, тэгээд ч Чойномын өвийг хадгалдаг, хамгаалдаг “Өд” сан гэсэндээ хэвлэлийн “Жикомпресс” компанийн захирал Д.Ганболд надад хааяа зээлээр хэвлээд өгчихдөг юм. Одоо л гэхэд бэлэн юм гурав, дөрвөөрөө хэвтэж л байна.
Баабарын хувьд би юугаа мэдэхэв дээ. “Адмон”-ы Энхбат тэр хоёрыг төрийн яамны хийж чадаагүй юмыг ч хийж байгаа маш том соён гэгээрүүлэгч нар гэдгийг л мэднэ.
Нэг үеэ бодвол номыг ч уншдаг болж дээ. Оссендовскийн “Хүн, араатан, бурхад”-ыг чинь ёстой шууруулдаг гэж ярих юм билээ.
Тэрнийг чинь би анх хэвлээд нэг бүрийг нь 3000-аар зарж чаддаггүй байлаа шүү дээ. 1000-ыг хэвлүүлээд олонхийг нь бэлэглээд дууссан байх. Одоо дажгүй ээ, 5 дахь удаагаа хэвлүүлчихээд байхад номын дэлгүүрүүд авчраад өгөөч гээд л утасдаад байдаг юм. Хатуу хавтастай, 20 мянгын үнэтэй болчихоод байхад шүү дээ. Ном чинь ер нь удаандаа л нэр хүндээ чирж ирдэг юм байна.
Орчуулагч та нарын үнэлгээ ч их нэмэгдсэн байх даа. Таныг л гэхэд Айн Рэндийн “Атлантын нуруу тэнийв” романыг орчуулсныхаа төлөө 2 өрөө байр авсан гэж бичээд байдаг болсон.
Тэгсээн, тэгсэн. Мансардных ч гэлээ сайхан байр. “Хар гэртээ хаан, бор гэртээ Богд” гэж нэг үг байдаг биз дээ. Дорнодоос орж ирснээс хойш 17 жилийн хугацаанд 8 удаа нүүж-сууж байж өөрийн гэсэн орох оромжтой болсон минь тэр. Тархиа ширгэтэл суусны минь хөлс. Харин яагаад тэрнийгээ дурдаад байдаг юм бэ гэхээр орчуулгын үнэлэмж, орчуулагчдын ажлын хөлсийг л нэмэх гэсэн санаагаар зарлаад байгаа хэрэг шүү дээ. Тэр чинь 110 хэвлэлийн хуудас ном. Тийм хэмжээний юмны орчуулгын хөлсийг тэр жишгээр тогтоог гэсэн хатгаас байхгүй юу. Ирээдүйн орчуулагч нарт хэрэгтэй. Нарийн учрыг нь мэдэхгүй атаачид нь болохоор тэгж байгааг маань “Юм үзээгүй амьтан онгирлоо” гэдэг юм гэнэ лээ. Тэгж л байна биз, атаа нь хөдлөөд байвал өөрөө орчуулаад 5 өрөө авах нь яасан юмб. Эсвэл эх хэл дээр нь л уншиж байна биз.
Яруу найргийн орчуулга чинь ч, түүх соёлын ном чинь ч, энэ “Атлантынх” шиг эдийн засгийн номын орчуулга чинь ч ялгаагүй сайн болсон байдаг. Гэтэл ердөө л нэг муу техникум төгссөн байдаг. Яаж чадаж байна аа?
Яаж чадаж байгаа нууцаа хэлчих үү?
Харин тэг л дээ.
Нэг үе би инженершүү санаатай юм байлаа. Ус, сувгийн ерөнхий засварчин гэсэн үг л дээ. Тэгээд ажилчдынхаа дунд “Сайн засварчин хүнд усан онгоц, оёдлын машин хоёр адилхан” гэсэн хэлц үг бий болгох гэж оролдсон юм. Юуг ч хамаагүй засаж чадах ёстой гэсэн тушаал. Тэрнийгээ л өөр дээрээ туршиж байна шүү дээ.
Орчуулгын чадлыг ч их харах болж. Тийм үү?
Тэгдэг болсон юм шиг байна. Номын өндөр соёлтой ертөнцөд бол сайн зохиолчоо дундаж орчуулагчаас доогуур үздэг тал бий. “Муу орчуулагч дундаж зохиолчоос илүү” гэсэн үг ч байдаг. Ямартаа л, яруу найргийн орчуулгыг өөрийнх нь уран бүтээл гэж үзэхэв дээ.

Бүр орчуулсан шүлгийг нь бичсэн эзнийг нь гэж үзээд үү?
Харин тэгэлгүй яахав дээ. “Яруу найргийн орчуулга хийнэ гэдэг нь яруу найрагчтай нь өрсөлдөнө гэсэн үг” гэсэн Пушкины голч үг бий. Итгэхгүй байвал интернетийн сонгодог хуудаснуудаас эр, хай! Сонгодог вэйбсайтуудаас нь. Гадаадын үе, үеийн гайгүйхэн шиг орчуулагч нарт өгдөг дүгнэлтийг унш, уран бүтээлийн жагсаалтыг нь олоод үзчих!
Одоо чинь ер нь Монголын байтугай, хүн төрөлхтний уран бүтээл мухардаж эхлээд байна. Дорж, Дулмаа хоёрын хайрын явдал хэнд ч сонин биш. Уншигчдын оюуны хэрэгцээ түүнээс даваад гарчихсан. Ухаан, чадвар хоёрыг нь нэмж өгдөг бичлэг нь ч мартагдсан. Тиймээс л гадаадын гайгүй юмнууд руу ус үзсэн ангасан үхэр шиг дайрч байгаа хэрэг. Хаа сайгүй. Сайн юм гэж сайтар мартагдсан хуучин юмыг хэлнэ. Түүх рүүгээ эргээд хөгжиж байгаа нь тэр. Цаг үеийн шалгуурыг давсан юм л хүн төрөлхтөнд нэмүү ухаан өгдөг. Харин манайхан бол нэмүү оюуны ухааныг биш, нэмүү өртгийн татварыг л ноёрхуулах болж дээ.
Уран бүтээлчдийн дотроос орчуулагч-дыг л хамгийн хүнд хөдөлмөр эрхэлдэг улс гэдэг. Тийм юм уу?
Мэдэхгүй… Лав л яруу найргийн орчуулга тэгтлээ их хүнд биш. Үргэлжилсэн үгийнх нь л адармаатай.
“Үгийн эрэлд хатаж үйлээ үзэх шиг хэцүү юм алга” гэж та хэлсэн бил үү?
Тэгж хэлдэг шүү. Ер нь орчуулагчдыг хамгийн ганцаарчилсан хөдөлмөр эрхэлдэг гэж нэрлэж болно. Чи бод л доо, яруу найрагч хүн л гэхэд олонтойгоо нийлж архидаж, дарвиж байгаад хэдэн гайхалтай мөр олоод авчихна, гэтэл бид чинь толь бичгээс өөр зөвлөх ханьгүй улс. Шадар цэрэг маань бол харин авъяас гээч юм байх. Гэсэн атлаа архины наймаачнаас долоон дор амьдардаг улс. Хохь нь, хохь нь. Чийдэнгийн гэрэл дор ёлтойж, цахим бичүүрийн дэлгэцээр нүдээ сохолж, дэлхийн шилдэгүүдийг монголчууд руугаа шидэж байгаа мөртлөө. Тэглээ, тэглээ гээд, Цэдэндорж шигээ л золбин нохой шиг үхчихнэ. Энэ бол гашуун ч гэсэн үнэн үг шүү. Айн Рэндээр шинэчлэгдэж байгаа атлаа оюун руу нь орж ирж байгаа юмны хэмжээг ер нь хэн ч анзаардаггүй юм шүү дээ. “Ухаан маань уншсан номноос биш, өөрийнхөө сайнд тэгширчихлээ” гэж андуурцгаадаг юм. Энийг л, орчуулагч нарын эс үнэлгээг л би жаахан эргэцүүлээсэй гэсэндээ элдвийн юм яриад ад үзэгдээд байдаг байх.
Бодоод байхад, нээрээ харамсалтай юм аа.
Миний хувьд бол харамсалтай биш, ирээдүй хойчид л харамсалтай байж мэднэ.
Та чинь бас орчуулагчийн хажуугаар сайн сэтгүүлч хүн юм байна шүү дээ. Сая би “Ясан хуягт мэлхий их далайг зоримой” гэсэн шилдэг нийтлэлийн чинь номыг уншлаа. 10-20 жилийн дараахийг яг л зөнч шиг харсан юм их байна. Юмыг мэдэцтэй бичнэ гэдэг л энэ байх. Таны тэр номонд байгаа “Боловсролоо хулхидсан засгийн газар”, “Наран гаригийг захирах гэж хөглөсөн нь”, “Бүлэг дээрэмчдийн эх орон”, “Алтан шаахай өмсөвч алцан майга чинь хэвээрээ” гэх мэтийн нийтлэлүүд чинь ч агуу юм аа.
Зөрүүлээд би асууя, “шилдэг” гэж хэн дэвэргэж байгаа юм? Би тэрэндээ “Задгай голдуу нийтлэлүүд” гэсэн давхар нэр өгсөн байгаа биз дээ? Арай ч тэгж сагсуурахгүйгээ мэднэ ээ. Доторхи нь яахав дээ, хүмүүсийн сэтгэлгээг л өөрчлөх хатгаасууд шүү дээ. Манайх чинь эрх чөлөө, эдийн засгийн хувьсгалаа улаан цусны дусалгүй хийчихсэн мөртлөө сэтгэлгээний хувьсгал хийж чадахгүй таварцаглаж уначихаад, тээглэж хэвтчихээд байна шүү дээ.
За баярлалаа. Ярилцлагынхаа төгсгөлд хэвшмэл болсон нэг асуулт тавъя. Ирээдүйн орчуулагч, сэтгүүлчдэд хандаж юу хэлэхсэн бол?
“Номыг унших биш, үмхэл. Юмыг харах биш, имхэр” гээд хэлчих үү дээ.
.
Ярилцсан Д.Уярал
Нөхөрсөг шогийг зураач А.Бат-Эрдэнэ