Thursday, 25 April 2013

Б.Баасансүрэн: Цааны орооны булчирхайн бэлдмэлээр хүүхэд гардаггүй хүмүүсийг анагааж, 50 орны 170 хүүхэд мэндлээд байна

Цаа буга дагнан судалж Хойд мөсөн туйлд  хорин жилийг өнгөрүүлсэн дэлхийн цорын ганц эрдэмтэн Б.Баасансүрэнтэй ярилцлаа.  

-Та хойд туйлд 20 жил амьдарч, цаа бугыг цөхрөлтгүй судалж, судалгааныхаа  ач буяныг дэлхийн олон орны хүн зонд хүргэж яваа эгэлгүй хүн юм. Таны ус нутаг, удам судраас яриагаа эхлэх үү?
-Манайхан Баянхонгор аймгийн Ламын гэгээний удам судартай улс. Өвөө минь Гэндэн хувилгаан гэж хүн байсан. Цагтаа Түвдэд Далай ламд ном зааж байсан хүн юм билээ. Би өөрөө 1948 онд Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар чулуу орчимд, Эрдэнэтолгой гэдэг газар төрсөн. Тэр цагийн хэлмэгдлээс болж ээж, аав минь нутгаасаа зугтаж явах үед тэнд төрсөн гэдэг юм. Намайг нэг настайд ээж минь өнгөрсөн. Аав минь Хятад руу гарч их хүнд байдалд ороод, ээж минь санаа сэтгэлээр  уймарч галзуурч өнгөрчээ. Би 1952 онд маршал Чойбалсан бурхан болдог жил Түвд рүү гарсан. Тэнд очоод ном заалгасан анхны багш маань Гомбожав мэргэн. Аав минь Түвдэд гарч яваад 1960-аад оны Хятадын Соёлын хувьсгалын үеэр бурхандаа мордсон. /Өөд болсон/  Цаг хэцүү байхад энэ байдлаа их нууж явлаа даа. Одоо найруулагч Б.Жигжидсүрэн миний амьдралаар кино хийхээр болоод байгаа.

-Түвдээс яаж Монголдоо ирэв. Их л юм үзсэн байх даа?
-Би амьдралдаа гурван их хүнд зовлонг туулсан хүн. Балчир насандаа аав, ээжээсээ хагацсан. Бага насанд минь Хятадын улаан хамгаалагчдын үед олон лам хувраг үрэгдэхэд би сайн хүмүүсийн буянаар үхэж үрэгдсэн гэсэн нэрийн дор золоор амьд үлдсэн. Далай багшийн дэргэдийн нэг буянтай хүн намайг  авч үлдэж ууланд гарч хэдэн сар болгосон доо. Монгол Улсад 1964 онд их зуд болж, хүчтэй шуурганаар Монголоос олон тэмээ уруудаж Хятад руу гарчээ. Тэр олон тэмээг Монгол руу буцаахад ачтай буянтай хүн намайг Монголоос ирсэн малын эрэлчдийг дагуулж эх оронд минь буцаасан.
Монголд ирээд Цэргийн төв эмнэлэгт таван жил моорогт цогцос хагаллаа. Нэгэнт цусанд хутгалдсан ажилд орсон болохоор өмнө үзэж байсан Чойрын ном хэрэггүй болж оточ болох зам шулуудав. Тэнд байхдаа 14 дүгээр сургуульд оройгоор сурч гавьяат багш Хүүхээгээр заалгаж кирилл бичигт суралцлаа. Их цээж сайтай байсан болохоор  амархан ч сурлаа. Өмнө нь би хуучин монгол бичиг, хятад, түвд хэлтэй болчихсон байсан юм. Ажлынхаа завсраар Батлан хамгаалах яамны “Алдар” нийгэмлэгт орж биеийн тамир, спортод цаг заваа зориулах болсон. Түвдэд уул хадаар их гүйдэг байсан маань тамирчин болоход их хэрэг болж билээ. Улсын шигшээ багт 1970-1975 онд дугуйн спортын тамрчин байлаа. Тэгээд 1975 оноос IY сургуульд биеийн тамирын багш болсон.
Тэндээсээ УБДС-д элсч онц сурлагатай оюутны тоонд орлоо. Намрын ургац хураалтад сайн ажиллаж, спортоор тэргүүн байр эзэлж, шилдэг оюутны тоонд багтаж 1980 онд ЗХУ-д оюутны отрядад ажиллах эрхээр шагнуулсан. Тэр үед Монголын шилдэг тэргүүний оюутнуудыг Зөвлөлтийн оюутны отрядад ажиллуулдаг байсан юм. Оросын хил анх давсан маань тэр болсон.
Дараагийн үзсэн нэг зовлон бол хэдэн жил сурч УБДС-ийг онц дүнтэй төгсөөд улаан диплом авахад ганцхан өдөр дутуу байлаа. Гэтэл МАХН-ын Төв хорооноос надад  “Үнэн” сонины тэргүүн өгүүллийг орос хэл рүү орчуулах даалгавар өгч, түүнийг тааруу биелүүллээ гэсэн шалтгаар онц сурлагатны улаан дипломыг маань хөх болгож хэлмэгдүүлсэн. Түүний балгаар УБДС-д багшаар үлдэх байсныг болиулж Асрах сургуульд багшаар явууллаа. Харин ч тэнд очоод өнчин өрөөсөн олон хүүхэд дунд орж элэг дэвтэж, тэдний эцгийн оронд эцэг болж гурав дөрвөн жил боллоо. Цалин сайтай болохоор Асрахын багш нарын 60-70 хувь нь сайд дарга нарын авгайчууд. Тэд хүүхэд дотор орж ажиллаж өгдөггүй. Өнчин хүүхэд дунд бөөс, хуурс их. Харах хайхрах хүн багатай тэр хүүхдүүдийн үсэнд шар тос илж байгаад 10 төгрөгний шүүрэн самаар самнаж бөөс хуурснаас нь салгадаг байлаа. Тэндээ ажиллаж дасал болсон ч дарга нарын авгайчуудтай таардаггүй, тэдэнтэй тэмцдэг гэсэн шалтгаанаар сургуулиасаа хөөгдсөн дөө. Асрахын хүүхдүүд маань уйлаад үлдсэн. Хотын гүйцэтгэх захиргаа надад ажил өгөлгүй удлаа. Ингээд өөрөө ажил хөөцөлдөхөөр болж орос хэл гайгүй сурсны буянаар нэгдүгээр хороололд орос сургууль нээгдсэн сургаар очиж 83 дугаар сургуульд багшилсан. Гурван ч удаа улсын тэргүүний багшаар шалгарч Ардын боловсролын тэргүүний ажилтан болсон. Хоёр өрөө байраар шагнуулдаг юм байна. Ингээд зовсны эцэст хүн шиг амьдрах замдаа орсон доо.

-Нөгөө оточ болно гэснээ яалаа?
-Орхиогүй ээ. Ажлын завсраар толгой өвдсөн хүний тархи толгой барих, жирэмсэн эхийн гажсан ураг илж засах гээд отчийнхоо ажлыг хийсээр явсан. Баригдаад ном судраа хураалгаж явлаа. Ардын эмнэлгийн Хайдав багш нарын отчуудтай нийлж Монголын уламжлалт анагаах ухааныг сэргээх гэсэн нууц маягийн ажилд оролцож оточ маарамбын ажлаар олон жил явлаа. Хүн жаргаж явснаас зовж явахад их зүйл сурдаг юм байна лээ.
Ёндон гэдэг генерал энэ эрдэмтэн болох гэж байгаа эрдэмтэй чадалтай залууг битгий оролдооч гэж Цагдаагийн дарга Рэнцэнхорлоод даалгавар өгч байсан. Тэглээ ч тус болоогүй. Цагдан сэргийлэхийн туслах бригадын гишүүн гэсэн энгэрийн тэмдэгтэй гайтай нөхөд хов хутгаж намайг их зовоосон доо. Одоо бодож л байна. Залуудаа зовсон хүн өтөлсөн хойноо жаргана гэсэн настангуудын үг бий. Түүгээр болж байгаа юм болов уу даа гэж бодож сууна.
Монголд ардчилал гарахад үнэхээр их баярласан. Юм бүхэн нээлттэй сайхан цаг ирлээ гэж. Хэлмэгдэж хавчигдаж явсан надад нар гарах шиг л болсон. Урам зориг ч орсон. Спортоор явж байсны хэрэг юу билээ, Монголын үндэсний Биеийн тамирын дээд сургуулийг анхлан байгуулалцаж байлаа. Монголдоо спортоор шилдэг 44 хүүхдийг авч “Эрийн гурван наадам” гэсэн дээд сургууль анх нээсэн. Анхны оюутнуудаас хамгийн өндөр нь Оргилболд, хамгийн намхан нь О.Пүрэвбаатар байсан даа.

-Багш байсан хүн яагаад гэнэт Тундрт очиж цаа судлахаар болсон нь сонин байна?
-Ардчилал гарч бүх юм чөлөөтэй сайхан болсны дараа Далай багшид бараа болж  1991 онд ОХУ-д зочилсон.  Далай багшийнхаа буянд ОХУ-ын ШУА-ийн Ерөнхийлөгчийн зөвлөлөөр орж Тундрт очиж тэндэхийн цаа буга,  ургамал, ан амьтан, байгаль судлахаар болсон. Хүн, цаа, нохой гурав анх дэлхий дээр бий болсон юм гэнэ лээ. Тэгээд л сонирхол төрөхгүй юү.
Түүнээс хойш Хойд Тундрийн монгол судлаач нэрээр 20 жил ажиллаж байна. Өдөр болдоггүй харангуй үед нь номоо бичиж, шөнө болдоггүй цагт нь цаа бугаа судалсаар 20 жил 20 хоног шиг өнгөрчээ. Цаа бугын орооны булчирхайг нарийвчлан судалж цаа бугын морфологийн анатомын атлас, физиологи зэргийг судалж 20 жил ном бичлээ. Сүүлийн Монголд хэвлүүлж байгаа ном маань 777 хуудастай гарах гэж байна.

-Та Хөвсгөлийн цаатнууд дээр очиж байв уу?
-Уг нь Н.Багабанди Ерөнхийлөгчийн үед Хөвсгөлийн цааг судлах саналаа хэлж байсан. Тэгэхэд Хөвсгөлөөс сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Гүндалайтай уулз гэж надад зөвлөсөн юм. Даан ч тэр хүн намайг ойшоогоогүй. Харин үндэсний бөхийн их аварга Дарийн Дамдин гуай намайг дагуулж Хөвсгөл аймагт анх аваачсан. Хөвсгөлийн цаа бугыг бага сага судалж үзсэн.

-Судалгаагаа тэнд хийж болоогүй юм уу. Заавал Тундр, Якут явах хэрэг байсан уу?
-Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг дээ. Үзэх ном, лаборитори, багаж төхөөрөмжөө дагаад хойшоо явсан. Хойч үедээ монгол хүн 45 наснаас хойш 60-72 градусын хүйтэнд ажиллаж байсан гэдгийг мэдүүлэх гэсэн нэг санаа бас бий. Бүр XIII зууны үед монгол эрдэмтэд хойшоо явж байсан юм билээ. Хамгийн сүүлд 1921-1932, 1937 оны үед Монголын их эрдэмтэй лам нарыг Якутад цөлж байсан. Шоронд хорьж чулуу шорооны ажил хийлгэж байсан юм байна. Хэлмэгдүүлэлтийн үед Эрхүүгийн Александр хааны шоронд Монголын эрдэмтэн лам нар хоригдож байсан түүхтэй. Тэдний гэгээн дурсгалд зориулж эрдмийн ажил хийх гэж Якутад очсон.

-Энэ хооронд монгол цааныхаа цусыг сайжруулах талын ажил хийх санаа танд байсан уу?
-Байлгүй яахав. Гэхдээ бүтэлтэй юм болоогүй. Надад нэг гомдож явдаг юм бий. Якутын тал, Якутын ШУА 2008 онд надад шилмэл сүргээсээ сорчилж байгаад 21 цаа буга өгсөн. Монгол цааныхаа цусыг сэлбэ гэж. Якут гадаадын өөр улсад бол сайн цаа өгдөггүй. Гуравдугаар зэргийн цаа өгдөг юм. Дотооддоо, Тувад ч ялгаагүй. Гуравдугаар зэргийн цаа л өгнө. Тэр жил Якутаас Тувад 150 цаа, Хятадад бас 150 цаа өгсөн. Монголд 21 цаа өгнө гэдэг бол манайдаа хангалттай тоо. Би Москвагаас зөвшөөрөл авчихаад, бүх замыг нь шулуун болгоод эх орондоо авчрахад бэлэн болсон. ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Чадраа надад “Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр зэрэг олон хүнтэй уулзлаа. Зөвшөөрлөө. Цаагаа цагаан сарын баярын үеэр Хөвсгөлд аваачиж өг гэсэн” гэхээр нь би итгэчихгүй юү. Тэр үгэнд нь итгээд Монголоос цаа худалдаж авах мөнгө шилжтэл удна гэж бодоод хугацаа хожих гэж найман хүн дагуулаад, тэдний цалин, Камаз машины жолоочийн хөлс, бензин тосны үнийг хувиасаа төлөхөөр болж Хойд Тундрээс нааш 3800 км-ийг туулж 21 цаагаа ачиж ирлээ. Гэтэл цаа авах мөнгө нь шилжээгүй гэсэн шалтгаанаар цаануудыг хилийн орчим гурван сар карантинд байлгасан. Цаг яваад байдаг. Хавар болоод цаа хариугүй төллөх гээд байдаг. Цаан дунд хээлтэй 10 мянд ирсэн. Тэд төллөж 20 болох учиртай. Гэвч Монголд оруулахгүй удаан хориод, цаг дулаараад,  цаа аюулд орох гээд байсан тул аргагүйн эрхэнд Якут руу буцаагаад авч явсан. Намайг замын зардал, хүмүүсийн цалин хөлс гээд их өрөнд унагасан даа. Түүнд гомдоод би гурван жил Монголдоо ирээгүй. Өдөр шөнөгүй жижүүрийн эмч хийж байж арай хийж өрөө дарсан. Эх орныхоо нэрийг хамгаалж, өөрийнхөө буруу болгож, цааны мөнгийг буруу шилжүүлчихжээ, надаас боллоо гэж хамаг бурууг өөртөө тохоод л өнгөрсөн.
Адилхан цаа бугатай Норвеги, Канадтай байнга холбоотой байлаа. Норвеги, Канадад 1993-1994 оны үеэс байгуулагдсан Цаа бугын дэлхийн холбоотой холбоо тогтоож, тэднийх мөнгө төгрөг илгээж Монгол оронд буян хийсэн талаар Норвегийн Ерөнхийлөгч хэлж байсан. Тэр хөрөнгө Монголд үнэхээр ирсэн эсэхийг би мэдэхгүй.

-Цаа буганаас хаях зүйл байдаггүй, гайхамшигтай амьтан гэж та хэлж байсан. Та цааны орооны булчирхайгаас гаргасан бэлдмэлээрээ үр хүүхэд заяадаггүй олон айлыг үр хүүхэдтэй болгосон гэдэг юм билээ. Энэ тухайгаа сонирхуулаач?
-Энэ бол шинжлэх ухааны нууц жор юм даа. Цааны орооны булчирхайн бэлдмэл гэдэг нууц жортой эд. Дорно дахины анагаах ухааныг барууны анагаах ухаантай холбож хэрэгжүүлсний үр дүнд цааны нууц нарийн зүйлүүдийг нээсэн. Их нарийн нууц зүйл. Түүнийг Монголоосоо гадагш алдах сонирхолгүй байна. Бичиж туурвиж байгаа зүйлүүд бий. Хойч үед маань хэрэгтэй юм даа. Сайн шавь нартаа өвлүүлж үлдээх эд байгаа юм.
Цааны орооны булчирхайн бэлдмэлээр хүүхэд гардаггүй хүмүүсийг анагааж үр хүүхэдтэй болгож байгаа. Одоо 50 орны 170 хүүхэд мэндлээд байна. Ихэнх нь Европын орных. Тэр хөөрхөн хүүхдүүдээ би “Миний хүүхэд” гэдэг юм. Эрдэм шинжилгээний чиглэлээр 50-иад оронтой холбоотой ажилладаг. Тэнд миний хүүхдүүд бужигнаж байна шүү. Нөгөө талаасаа энэ бол цаа бугын ач юм.

-Та хэр хөлс мөнгөөр эм тангаа барьдаг вэ?
-Би бага, залуудаа их зовлон үзсэн хүн шүү дээ. Өөрийгөө бол би бадарчин лам гэдэг. Би хүнээс мөнгө авдаггүй. Хүний эрүүл мэндийн төлөө түмэн олноос мөнгө нэхдэггүй. Өгье гэвэл цай, шоколад ч байдаг юм уу, өгдөг. Тийм болохоор гадна дотнын ард түмэн намайг үнэлдэг юм билээ.

-Удахгүй хэвлэлтээс гарах гэж байгаа бүтээлдээ та нарийн нандин эрдмээсээ оруулсан байх даа?
- Монголын цаа буга, Якутын цаа бугын иддэг бэлчээрийн ургамлыг нарийн судалсан. Цаа бугын байдаг орчин тойрны ус, газрын хөрс, ургамал, ой мод, байгалийн байдлыг 20 жил сайн үзэж судаллаа. Түүгээрээ 770 гаруй хуудастай ном хийж хойч үедээ үлдээх гэж байгаа юм. Номоо Монголдоо хэвлүүлж байгаа. Эмийн ургамлыг ямар үед түүж авах вэ. Өдөр авдаг юм уу, шөнө авах уу. Хусны шүүс гэхэд уулын арынхыг авах уу, наран талынхыг авах уу. Ямар насны хүнд тохиромжтой вэ. Яаж хэрэглэх вэ. Хусны шүүсийг аваад хальсыг нь яаж эргүүлж наадаг юм гэх зэрэг олон жорыг монголчууддаа үлдээнэ. Эхийнхээ гэдсэнд хүйгээ ороосон хүүхдийг би монгол аргаараа илж засдаг.  Бөөрний даралт буулгах, толгойн өвчнөө өөрөө намжаадаг, стрессээ тайлдаг аргыг номдоо оруулсан. Нийт 31 төрлийн мод, 154 төрлийн эмийн ургамал зурагтайгаа, ямар ашиг тустай вэ гэсэн тайлбартайгаа орсон. Ирэх тавдугаар сард хэвлэлтээс гарчих болов уу гэж бодож байна.
Нэг сэрэмжлүүлэх зүйл бол гаднаас авдаг идэх уух зүйлдээ болгоомжтой хандахгүй бол хүнсээр дамжиж элдэв ханиад, өвчин ширүүсч магадгүй. Өвчин, вирусаас хамгаалах зориулалтаар цаанаас гаргаж авсан бэлдмэл шингээсэн маск хийгээд байгаа. Ирэх тавдугаар сард тэр маскаа авчирч ШУА-д үзүүлж харуулах юм. Тэгээд боллоо гэвэл нийтэд хэрэглүүлэх талын арга чарга хайна даа.

-Таныг цаа судлалаар дэлхийн хэмжээний эрдэмтэн гэдэг. Гол бүтээлээ туурвидаг ОХУ яаж үнэлдэг бол?
-ОХУ намайг иргэнээ болгож паспорт өгөх гэдэг ч би зөвшөөрөлгүй өдийг хүрч ирсэн. Манай иргэн болбол сар бүр 1500 рублийн тэтгэмж өгье гэдэг л юм. “ОХУ, Монгол Улсын иргэд харилцан визгүй зорчдог, Монгол Улс давхар харьяаллыг зөвшөөрдөг болчихвол би өнөөдөр ч танай паспортыг авахад бэлэн байна” гэж сүүлийн 10 жил хэлж ирлээ. Улс орнуудтай монголчууд ухаан эрдмээрээ уралдах ёстой. Намайг дэлхийн эрдэмтэн гэж зүй ёсоор үнэллээ. Монголдоо ажиллая гэхээр “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдгээр Монголд сав нь дутаад байсан юм. Судалгаа, шинжилгээ хийх материал, байр сав дутаад Якут явсан. Якутын цаа бол Оросын улаан номд орсон, В.Путин Ерөнхийлөгч өөрөө эргэж тойрдог, санаа тавьдаг эрүүл зэрлэг цаа байдаг. Би Якутад ажиллаж байгаа цор ганц дэлхийн хүн. ОХУ-ын итгэлийг ч хүлээсэн.Намайг Орос орон үнэлж чадаж байгаа. Лицензүүдээ итгэж  өгсөн. Цаа бугаар Анагаахын шинжлэх ухааны дэд докторын зэрэг хамгаалсан. Гэхдээ би эх орныхоо уламжлалт анагаах ухааны нууцыг алдаагүй.
Монголдоо Биологийн ухааны доктор, профессор боллоо. Одоо би 65 нас хүрч байна. Амьдралынхаа үлдсэн хугацаанд эх орондоо юм бүтээнэ, өвөө үлдээнэ. Монгол цааныхаа цусыг сэлбээд эрүүл юм шүү гэдгийг нь дэлхий дахинд зарлачихвал миний хэрэг бүтнэ. Эрүүл болсных нь дараа цаанаасаа бүх бүтээгдэхүүнийг нь авч ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө жаахан ч гэсэн тус нэмэр болох болов уу даа гэж бодож байна.

-Та Австрид очиж том шагнал хүртсэн бил үү. Ямар нэртэй шагнал билээ?
- Дэлхийн эрдэмтдээс бүтээлээрээ долоод орж Австрийн Вена хотод очиж шагнал гардсан. Европын Бизнесийн ассамблейн чуулган, Сократын хорооны шийдвэрээр  шагнасан юм. Вена хотод болсон олон улсын эрдэмтдийн хурал дээр  “Цаа бугын цусан эврийг монгол шар тостой хавсарч төөнө эмчилгээ хийх нь” сэдвээр илтгэл тавьсан. Ингэж Монгол Улсынхаа нэрийг гаргахад тэнд сууж байгаа Монгол Улсын  Элчин сайд Ж.Энхсайхан “Та үнэхээр монгол гүндүүгүй эрдэмтэн хүн байна даа. Яагаад ганцаараа ирсэн юм бэ. Та их нэрэлхүү хүн юм шиг байна. Төр, засагтаа мэдэгдээгүй юм уу” гэж байсан. “Би Венад яг юу болох гэж байгааг мэдэлгүй л очсон. Австриас нэг том урилга ирэхээр нь очсон” гэдгээ л Элчин сайдад хэлсэн. Бусад орны эрдэмтэд дэргэдээ сэтгүүлчид, гоё дуулж бүжиглэдэг хүмүүс дагуулж явдаг юм билээ л дээ. Австрийн Ерөнхийлөгч надтай их сайхан уулзаж байсан. Вена дахь Монголын консул намайг хүлээж авсан. Нийт 20 гаруй орны эрдэмтэд Австрид очсон.
Тэр үеэр Монголын үзэсгэлэнгийн нээлт Венад болж Монголоос ШУА-ийнхан очоод байсан. Эцэг, эхийг нь цааны бэлдмэлээр эмчилж төрүүлсэн миний хүүхдүүдээс ч тэнд очсон. Австрид гэхэд гурван хүүхэд байдаг юм. “Та дэлхийг донсолгосон буянтай хүн юм байна шүү дээ. Ямар сайхан ачтай хүн бэ. Ямар олон хүн ирэв”  гэж үзэсгэлэнг үзэж байсан хүмүүс их гайхаж байсан.

-Таны нэрээр дэлхийн шинжлэх ухаанд бүртгэгдсэн нээлт бий юү?
-Угаасаа түвд, дорно дахины анагаах ухааны нээлт хэн нэг хүний нэрээр нэрлэгддэггүй, баринтаглагдаад л тэр анагаах ухааныхаа далайд дусал нэмээд л явдаг. Хөлсөө асгаруулж хөдөлмөрлөсний шим, асгарсан хөлсний үнэ хойч үе, үр хүүхдэд л буян болно .

-Та ирэх тавдугаар сард Улаанбаатарт бүтээлийнхээ үзэсгэлэнг гаргах юм байна. Өмнө нь үзэсгэлэн гаргаж байв уу?
- Монголд нэг үзэсгэлэн гаргасан. Бас нэг үзэсгэлэнгээ ОХУ-ын Санкт-Петербургт гаргасан. Өнгөрсөн есдүгээр  сарын эхээр 14 хоног гаргасан үзэсгэлэнг 3000 гаруй хүн үзсэн байна лээ. Дээр үед дунд сургуульд хамт ажиллаж байсан багш нар маань ирж үзээд “Чамайг Тундр руу явсан. Хөлдөж үхсэн гэнэ лээ ч гэж ярьдаг байсан. Гэтэл ийм мундаг эрдэмтэн болоод ирдэг байжээ” гэцгээж байсан. Аргагүй шүү дээ. Тундрт очоод эхний долоо, найман жил зэрэг цол хамгаалах гэж судалгаа хийгээд Монголдоо ирэлгүй сураг алдарсан юм чинь. Үзэсгэлэн дээр тааралдсан  хуучны танил багш нар маань “Чи ингэж дэлхийн эрдэмтэн болоод Монголдоо үзэсгэлэн гаргаж байгаа нь ямар сайхан юм бэ” гэж баяр хүргэж байсан. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай “Энэ хүнд би Хөдөлмөрийн хүндэт медаль гардуулж өгч байж билээ. Зөв хүндээ өгч дээ” гэж байсан. “Энэ хүний авъяасыг ядахдаа 40 жилийн өмнө авч хоцрохгүй яав даа” гэж манай зарим эрдэмтэн халаглаж байна билээ.

-Яагаад халаглах гэж. Одоо ч гэсэн танд цаг хугацаа байна шүү дээ?
-Цаг байгаа ч учир дутагдал байна. Хавчлага шахалт, бааз, материалгүйгээсээ болоод би гадагш явсан. Энэ хооронд ардын эмнэлгийн нөгөө мундаг эрдэмтэд маань бурхан болчихож. Номоос нь өөр зүйл хоцроогүй. Үр хүүхэд, шавь нар нь байвч тэднийг яаж гүйцэхэв дээ. Тэгэхээр тэднийхээ үйлсийг залгаж үзэг минь хурц, нүд минь аниагүй цагт, тархи, оюун ухаан минь байсан цагт юм бичиж л таарах болов уу даа. Эргээд харахад ямар ч их цаг дэмий алдаав дээ гэж харамсдаг.
Тундрт 20 жил болоход Монгол Улс ч, дэлхийн улс  орнууд ч намайг үнэллээ. Үүний цаана их нарийн юм байх учиртай. Шагнуулна гэдэг барих хариутай байх ёстой. Цаашдаа залуу үеийн эрдэмтэдтэй хамтарч ажиллах байх. Монгол Улсын ШУА-аас эрдмээ залууст өвлүүлэх тухай санал ирсэн. Түвдэд миний нэг сайн шавь байсан. Өнгөрсөн жил бурхны оронд явчихлаа. Болгоомжлох зүйл гэвэл бурхны ариун сургаалийг буруу хүнд алдчихвал түүн шиг нүгэл байхгүй. Их сайн хүнийг шавь оруулбал зүгээр юм даа гэж боддог. Надад уг нь ганц хоёр шавь бий. Санасан хэмжээнд гарч ирж чадахгүй л байна.
Би бол Монголоо гэсэн сэтгэлтэй, Түвдийн хатуу дэг сургуультай хүн. Хүнээр өөрөөр нь нухуулж учрыг нь олуулах гэж зүтгүүлж байгаад дараа нь хэлж өгдөг зарчимтай. Миний Хайдав, Шагдарсүрэн багш нар минь бас тийм байсан. Харин залуус маань жаахан тэсвэр хатуужил муутай байна даа. Хүүхдүүдэд аж төрөх ухаанаа сайн өвлүүлэхгүй бол тэд маань бэлэнчлэх ухаанд автаад байна уу даа.  

-Цаатны ахуй амьдралыг дэмжих талаар Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргалаа шүү дээ. Цаатан, цаанд ойрхон хүний хувьд та дуулсан байлгүй?
-Өнгөрсөн оны сүүлээр би нэг сайхан мэдээ дуулсан. Тундрт 58-60 градус хүйтэрч байсан цаг даа. Тэр үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хөвсгөл нутагт очиж, цаатнуудтай уулзаж, миний Дарийн Дамдин аваргатай хамт хонож байсан газруудаар явж хоносон байна лээ. Түүнийг дуулаад миний сэтгэл дүүрч нулимс цийлэгнэж байлаа. Сая бас сайхан зарлиг гаргасан юм байна. Сэтгэл их хөдөлж байна. Монгол цаагаа эрүүлжүүлэх тухай миний санаа одоо гүйцэлдэх цаг ирсэн байх аа.
Дээр үед Ж.Самбуу даргын Бэлчээрийн мал аж ахуйн тухай номд цаатан иргэдийн үр хүүхдийг сургуульд сургах, тэднийг эрүүл саруул аж төрүүлэх, монгол цааны цусыг сайжруулах талаар бичсэн байдаг юм билээ.Одоо Ерөнхийлөгчийн зарлигаар тэр бүх санаа хэрэгжих боломжтой болжээ.

-Таныг Монголд ирэхэд эх орон тань ямар болсон харагдаж байна?
-Монгол Улс шууд ардчиллын замаар ухаалаг хөгжиж байна. Монгол оронд өнөөдөр ирэхэд тамхины хэрэглээ эрс багасчихаж. Одоо архигүй болчихвол их л бахархмаар байна даа. Архигүй аян өрнүүлээд л явж байгаа юм байна. Монгол Улс их сайхан болж байна шүү. Монголын ард түмэнд сайхан энерги шингэж орж ирэх цаг ирж байх шиг байна. Гадна талдаа ч муу хэлэхээргүй сайхан нэр хүндтэй болж байна. Энэ нэр хүндээ цаашид алдалгүй авч явах учиртай шүү. Тэгвэл Монгол орон хөгжинө.
Саяхан Казахстанд очиж лекц уншлаа. Тэд их хөөрхөн хөгжиж байна. Уламжлалт анагаах ухааны дээд сургуультай болчихож. Намайг очиж багшлаач гэж урьсан. Казахстаны Ерөнхийлөгч намайг хүлээж авч уулзсан. Казахстанд монголчууд олон байдаг гээд монголоор ярих гэж үзэж байна лээ.
Би нэг юманд харамсдаг. Цөлжилтөөс болж манай элс урагшаа нүүчихлээ. Яагаад ингэв гэхээр манай газрын хөрс чийглэггүй болоод суларчихсан. Элс бол ургамлын дээл юм шүү дээ. Усыг нь шингээж дэвтээж байдаг, цэцэг ногооны чийгийг барьдаг. Салхинаас хамгаалдаг. Ан амьтан дээгүүр нь явахад зөөлөвч болж өгдөг. Малын аргал, хорголыг элс нүдсээр байгаад нунтаглаж бордоо болгодог. Бас нэг тааруу зүйл гэвэл эмийн ургамлыг хятадууд үндсээр нь түүчихсэн байна. Дээр нь монголын нутагт ургамал хордуулдаг, усыг нь шингээж авдаг ургамлыг хүртэл тараасан байна.
Эртний монголын анагаах ухаан, мал аж ахуй маш их соёлтой байж. Айл долоо хоноод л буурь сэлгэж нүүдэг байлаа. Нэгд гэвэл, бэлчээр талхлахгүй. Хоёрт, мал дандаа соргог бэлчээрт байдаг. Тэр их ухаанд л би жаахан түшиглэж авч яваа юм.
Бас нэг юм сонирхуулъя. Байгаль далай ОХУ-ын усны нөөцийн 20 хувийг агуулдаг. Байгаль далайд 300 гаруй гол, 21 мөрөн цутгадаг. Усны дийлэнх нь Монголоос цутгадаг.  Тэнд байдаг Орхон, Сэлэнгийн бэлчир, Мойлын хөндийд Японы нэг эрдэмтэнтэй уулзаж байхад тэр хүн хэчнээн хэмжээний ус Монголоос Оросын нутаг руу цутгаж байна гэдгийг хэмждэг аппарат тавих хэрэгтэй юм байна даа гэж хэлж байсан. Усаа харамлаж, хааж боох гэсэн юм биш. Ер нь Монголоос хэр хэмжээний ус орж ирж байгааг нөгөө тал мэддэг байвал бас зүгээр юм гэсэн санаа. Үүнийг төр, засгаас дэмжвэл хэрэгтэй юм даа гэж бодож байна. Монголчууд усаа их хамгаалж байх ёстой юм шүү. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн  Тамгын газрын даргатай уулзахад их сайхан хүлээж авсан. Сэтгэл зовдог зүйлээсээ ухаантай хүнтэй хуваалцаж ярихад сэтгэл сайхан онгойх юм даа.

                            Д.ОЮУНЦЭЦЭГ 
www.aravt.mn

No comments:

Post a Comment