Хөгжим бүжгийн коллежийн захирал, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Эрдэнэбаттай ярилцлаа. Тэрбээр сургуулийнхаа багш, оюутны төлөөлөлтэй Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд очиж, цаг агаарын хүндрэлээс болж амьдрал ахуй нь хүндэрсэн айлуудад туслаад ирсэн юм. Энэ талаар нь болон эрхэлж буй ажлынх нь хүрээнд өрнөж буй сонин сайхан үйл явдлаас нь сонирхож асуулаа.
-Та хөдөө яваад иржээ. Малчин айлд тусалсан байна. Энэ ажлыг хэн санаачилсан юм бэ?
-Манай сургуулийн багш нарын 80, 90 хувь нь хотод төрж өссөн, хөдөөний амьдрал төдийлөн сайн мэдэхгүй хүмүүс байдаг. Цас зудын аюул, малын хорогдол гэж юу байдгийг гадарлах ч өөрийн бие сэтгэлээр туулсан нь ховор. Гэсэн ч цаг агаарын хүндрэлээс болж мал байтугай хүмүүсийн амьдрал хэцүүдэх бэрхшээл тохиолдоход бүгд чин сэтгэлээсээ туслах ухамсартай хүмүүс. Энэ удаа бидний 214 багш, ажилчин сая гаруй төгрөгийн хандив цуглуулж Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын хамгийн наад талын багийн малчин хоёр айлд тусламж үзүүлээд ирлээ. Малчдын нэрийг хэлээд яах вэ. Багш, удирдлагын төлөөлөл, оюутан нийлсэн 12 хүн явсан. Малчдын хашаа хороог цэвэрлэж, өвс татаж өгч тусаллаа. Гурил, будаа зэрэг ойр зуурын хэрэгцээний хүнс, лаа шүдэнз ч хүргэж өгсөн. Илүү гарсан бэлэн мөнгийг ч хэрэгтэй зүйлдээ зараарай гээд өглөө. Малчид их баярлаж байна. Нэг айлынх нь гэрийн эзэн хөлөө хугалаад хэвтчихсэн, нөгөө айлд нь өрх толгойлсон эгч, хэдэн хүүхэд л байдаг юм билээ. Хоол хүнсийг бол аваад очсон. Харин өвсний тухайд Багануураас машин олоод, худалдаж авсан.
-Тэнхээтэй явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусалжээ...
-Тэгсэн. Тэр хоёр айлын амьдрал ер нь анхаарал татахаар болоод байж.
-Яагаад заавал Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумыг сонгов. Танай нутаг болохоор уу?
-Би Цэнхэрмандалд байсан л даа. Гэхдээ Өмнөдэлгэрт төрж өссөн. Жинхэнэ нутаг гэвэл тэр. Энэ жил зүүн аймгууд цас ихтэй байна. Зарим газар зудтай. Манай сургуулийнхан ярилцаад хол Дорнод аймагт хүрч очих хэцүү, тиймээс хаваржилт хүндэрсэн, хотод ойр нутгийг сонгоё гэж ярилцсан юм. Тэгээд Цэнхэрмандал сум руу ярихад энэ хоёр айлыг зааж өгсөн. Түүнээс биш заавал миний нутаг ус гэж онцлоогүй. Оюутнууд, бүр тавдугаар ангийн жаахан хүүхэд ч явсан болохоор нэг их хол явахгүй байх нь зөв гэж ярилцсан. Тэнд цас харьцангуй гайгүй ч хүйтэн болохоор адилхан зутарсан байлаа. Сумын Засаг дарга нь Баатар гэж хүн байна билээ. Засаг дарга ч, айлынхан ч биднийг тусалсанд баярлаад нүд нь гялалзаад л үлдсэн дээ. Энэ малчдад туслах аяныг ССАЖ-ын сайдын гаргасан уриалгын хүрээнд зохион байгуулсан юм. Төв суурин газрын байгууллага, хамт олон сайн дураараа хүнд хэцүү үед малчдадаа туслах аян өрнүүлэхийг уриалсан. Үүний хүрээнд амжуулсан ажил. Дуулаачийн ангийн оюутнуудаа авч явсных малчдын сэтгэл санааг өргөж ая дуу өргөсөн. Оюутнууд маань чин сэтгэлээсээ тусалъя гэж очсон болохоор машинаас буугаад л хашаа хороог нь цэвэрлэхээр ханцуй шамлаад орсон нь сайхан байлаа. Түүнээс биш албан журмаар, сургууль л явуулсан болохоор ирлээ гээд гараа хумхиад зогсоод байвал хэцүү.
-Цэнхэрмандал сумын талаар танилцуулаач та, юугаараа алдартай вэ?
-Цагаан тугалганы үйлдвэртэй байсан нутаг. Цагтаа 500 ачааны машин холхиж байлаа. Одоо байхгүй л дээ. Хар зүрхний хөх нуур гэж байгалийн үзэсгэлэнт газар бий. “Нууц товчоо”-нд гардаг Сэнгүр буюу өнөөгийн бидний мэдэх Цэнхэрийн гол урсдаг.
-Шар айрагны нэр үүнтэй холбоотой юу?
-Мэдэхгүй. Мал аж ахуйн машинт станц гэж социализмын үеийн нөлөө бүхий аж ахуйн нэгж байлаа. Мянгат малчин алтан Мажиг, өнө алдартай хар азарганы эзэн залуу хэн билээ, улсын начин Батбаяр, циркийн нэрт жүжигчин Мажигсүрэн гээд алдартан олонтой.
-Сайхан ажил өрнүүлжээ. Оюутнууддаа энэ бүхний талаар танилцуулж явсан биз ээ. Танай сургуулиар сонин сайхан юу байна?
-Сургуулийн ажил ундардгаараа ундраад л. Дуусдаггүй, дундардаггүй ажил гэвэл сургалтын байгууллагынх. 75 жилийн түүхтэй сургууль өөрийн гэсэн онцлог, дэгтэй, бичигдээгүй хууль ч олонтой. БШЯ-наас хэрэгжүүл гэж шахаж буй ёсоор багш нараа хөгжүүлэх чиглэлд илүү анхаарч ажиллаж байна. Багш нар сайн байвал оюутан, сурагчид сайн байна. Хавар сургуулийн тайлан тоглолт гэж том юм болдог. Энэ жил анх удаа өөртөө ахадсан ачаа үүрэхээр шийдсэн. Сургуулийнхаа дуучид, найрал хөгжим, балетийнхныхаа хүчээр “Дидона, Эней” дуурь, “Шопениана” бүжгийн жүжиг тавих гэж байна. Үүнд бүгд бэлтгэж байна.
-Та дуучин хүн. Тайзнаа олон жил дуулсан. Дуурийн театрыг ч нэлээд хэдэн жил удирдсан. Сургалтын байгууллагын ажлаас зарим үед залхах юм уу?
-Уран бүтээлийн байгууллага нэг талаар амар л даа. Зорьсноо яг таг хийчихээд, төлөвлөсөн тодорхой ажлынхаа ард гараад гүнзгий амьсгаа авч байх аз жаргал байдаг юм. Гэхдээ энэ том, тусгай сургалттай сургуульд сайхан л байна. Гол нь сэтгэлээсээ ажиллахад бүх юм болдог. Хамт олноо ойлгож, итгэл хүлээлгэж, багш, оюутнуудын зовлон, жаргалыг мэдэрч ажиллах чухал. Шантардаг юм уу, болимоор байна, гарах гэсэн юм гэсэн хүүхдүүд мэр сэр байдаг. Тийм тохиолдолд асуудал юунд байна, бэрхшээл хаанаас гараад байгаа талаар харилцан ярилцаж, сонгосон мэргэжил нь чухал болохыг ойлгуулж, тайлбарлаж санаа бодлыг нь эргүүлсэн удаа нэг биш. Гол нь хэчнээн багшийн үйл тамыг эдэлж байж өнөө хүрчихээд үр дүнг нь үзэхгүй замын дундаас болих гэж байгаа юм гэдэг асуудал тавьж байлаа. Ярьж ухуулсаар өнөө орхино, хаяна гэж байсан мэргэжилд нь дурлуусан амжилт бий. Өөр сургууль руу юу юугүй явах гэж байгаад больсон гурван ч хүүхэд бий.
-Хувийн уран бүтээлээ орхиогүй биз дээ. Ойрд дуулахгүй байна уу даа?
-Ажил их. Гэхдээ дуучин хүн яаж дуулахгүй байж чадах вэ. Гурван ч шинэ дуу аваад ажиллаж байна. Манай онолын багш, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл “Хангал хүрэн” гэж сайхан дуугаа өглөө. Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Ц.Чимэддорж агсны шүлэг, гавьяат жүжигчин Т.Тэрбишийн хөгжим “Огторгуйн далай” гэж их гоё дуу өнөө маргаашгүй бичүүлэх гэж байна.
-Яруу найрагч нь “Дэрэнгийн хар азарга” уу?
-Тийм ээ, өөд болчихлоо шүү дээ. Энэ маш гоё шүлэгтэй. Сүүдэр үргэсэн талдаа сүүгээр бичсэн найраг, сүрэг сүргээр малын минь халуун мөртэй нутаг, ай миний огторгуй нөмөрсөн оюу далай, ай миний газар мялаасан ногоон далай гэж байгаа юм. Яасан ч гоё бичдэг юм. Би бүр бишрээд байгаа юм. Үнэхээр л уран үгийн мастер байж дээ.
-Энэ эко дуу юм аа даа...
-Тийм, эко дуу. Байгаль орчноо хамгаалахад ганц мод тарихаас өөрөөр нэмэр болж чадахгүй юм чинь, хүмүүст сэхээрэл болох гайгүй дуу гаргачихвал далайд дусал нэмэр гэж бодоод.
-Их сайхан үгтэй юм. Ая нь гоё бол хүмүүст тэр дороо хүрнэ дээ. Байгалиа хамгаалах уриа, дуудлага болгох дуу болговол яасан юм. Төсөл хөтөлбөрийн хүрээнд тийм ажил өрнүүлж болохгүй юу?
-Угаасаа зохиогчид нь энэ дууг Засгийн газраас зарласан ажлын хүрээнд бичсэн юм билээ. “Эко ногоон хувьсгал дууны уралдаанд” гэсэн малгайтай ирсэн. Ер нь нэлээд нийгмийн ач холбогдолтой бүтээл болох болов уу.
-Тантай уулзсаных Монголын дуурийн урлагийн эргэн тойронд болж буй үйл явдлын тухайд санал солилцохгүй байж болохгүй. ДБЭТ-ын даргаар өөр мэргэжлийн хүн тавилаа гэсэн шүүмжлэл байгаа. Энэ талаар юу хэлэх вэ?
-Үр дүнг цаг хугацаа харуулах байх. Одоо болж байна, болохгүй байна гээд байх юу байх вэ. Дуурийн театр гэдэг бол эмзэг газар. Хичээл зүтгэл, ур чадвар, сэтгэлээс гадна мэдрэмжээр удирдах байгууллага.
-Сая тоглосон “Кармен” тааруухан болж гэнэ. Үзэгчид сэтгэл дундуур гарсан байна билээ. “Кармен”-ий тулах хос баганын нэг Хозед дуулах тенор хоолойт дуучин дутагдах нь дээ. Олон жил энэ партийг авч явсан тенор нас барлаа. Танай сургуулиас гэхэд сайхан тенор гарах нь уу?
-Дуурь гэдэг нэг л хоолой дутвал босдоггүйгээр онцлог. Манай оюутнуудаас Содномдорж их дажгүй. Гэхдээ тенор хоолойт дуучдад яагаа ч үгүй байхад эрт том партиуд өгөөд, шахаад баллаад байх юм л даа. Бага багаар дасгаж, системтэй ахиулах ёстой. Би даргаар ажиллаж байх үедээ дуучингүй хэцүү байсан болохоор л Оросоос дуучид урьж дуулуулдаг байлаа. Ингэж ажиллахад хамтарсан сургалт болдог сайн талтай. Мөн гадаадын театрууд вокалын зөвлөх багштай байдаг. Манай театр ардын жүжигчин Г.Хайдав гуайг урьж, мэддэг болгоныг нь авч үлдэх хэрэгтэй байгаа юм. Тэр хүний нас гэдэг тэр чигээрээ туршлага. Монголын дуурийн урлагийн суурийг тавилцсанаас авахуулаад өнөө хүртэл багшилж байна. Хэлж заах юм ихтэй.
-Одоогоос арван жилийн өмнөхтэй харьцуулахад сонгодог урлагийн үзэгчид их хөгжжээ. Тэд маш сайн шүүмжлэгчид болсон байна. Та санал нийлэх үү?
-Нийлнэ. Цаг үеэ дагаад үзэгчид хөгжсөн. Харьцуулах зүйл тэдэнд байна. Гадаад дуурь үзэх болсон. Дурын хүн интернэтээс “Кармен”-ийг татаад харчихаж байна. Мэдэхгүй хэн нэгэн анх удаа үзэх гэж байгаа бол ер нь ямаршуу дуурь байдгийг мэдэх гэж интернэтээр үзэж өөрийгөө бэлдээд театрт ирдэг, гэтэл тоглолт санаанд нь хүрэхгүй, дуучид нь муу дуулаад байвал яах вэ. Дуурь муу боллоо гэнэ шүү дээ. Одоо бол хэдэн жилийн өмнөх шиг “Дуучид сайн байна, манай хэд алж өгч байна аа” гэж бодож болохоо байсан. Дуучин бүрээс ур чадвар, нарийн мэргэшил шаардах боллоо.
-ДБЭТ-т дуучин зарим хоолойн чиглэлээр дуучин хомсдолтой байх нь мэргэжлийн сургуулиудын сургалтын чанартай ч холбоотой болоод ирэх байх. Танайх энэ чиглэлд хэрхэн анхаардаг вэ?
-Сайн дуучин төрүүлэх гэдэг цаг зав, хөлс хүч их шаардсан ажил. Дөрвөн жилийн сургалтаар сайн дуучин болох оюутан төгсгөлөө гэхэд угтаж авсан байгууллага зөв залж, удирдаж хүч, чадварыг нь оновчтой хуваарилах бас чухал. Сайн дуучныг сургаж болох ч, төрмөл сайныг нь олж илрүүлж сургах хамгийн чухал.
Р.ОЮУНЖАРГАЛ
"ӨДРИЙН ШУУДАН" сонин
"ӨДРИЙН ШУУДАН" сонин
No comments:
Post a Comment