Thursday, 4 April 2013

“Хүн өөрийнхөө хөдөлмөрөөр амьдрах ёстой”


Монголын Үндэсний “Боловсрол Суваг” телевиз, “Фрийлайн” продакшн, “Непко” хэвлэлийн газар хамтран бүтээсэн “Хувь тавилангийн ээдрээ” 60 ангит киноэнэ сарын 15-наас үзэгчдийн хүртээл болох гэж байна. Энэхүү кино нь Монголд анх удаа дэлхий дахинаа мөрдөгддөг олон зохиолчийн хамтын хөдөлмөрөөр бүтдэг конвэйерийн системийг нэвтрүүлснээрээ онцлогтой юм. Киноны ерөнхий зохиолчоор “Өдрийн сонин”-ы нэгдүгээр орлогч эрхлэгч, шог зохиолч Б.Цэнддоо, зохиолчоор Д.Батбаяр, н.Билгүүн, Г.Анхбаяр, Д.Түмэн-Өлзий, Д.Энхболдбаатар нар ажилласан юм. Ингээд “Хувь тавилангийн ээдрээ” киноны ерөнхий зохиолч Б.ЦЭНДДООтой уулзаж ярилцлаа. 
-“Хувь тавилангийн ээдрээ” кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Та ерөнхий зохиолчоор ажилласны хувьд ямар онцлогтой бүтээл боллоо гэж дүгнэж байна вэ?
-“Хувь тавилангийн ээдрээ” цувралыг Монголд анх удаа орчин үеийн кино зохиол бүтдэг зарчмаар буюу конвэйерийн систем ашиглаж бүтээсэн байгаа. Конвэйерийн систем гэдгийг манайхан сайн мэдэхгүй байж магадгүй юм. Энэ нь олон зохиолч кино зохиолыг хуваан авч, хамтран бичдэг арга. Өөрөөр хэлбэл, киноны олон ялгаатай дүрүүдийг ганц зохиолч биш, олон зохиолч бичдэгээрээ илүү амьд болох давуу талтай. Би энэ кинонд ерөнхий зохиолчоор болон мөн 1990-ээд оноос өмнөх үеийг харуулсан хэдэн ангид зохиолчоор ажилласан байгаа. Манайд гарч байгаа олон ангит кинонууд өөр өөрийн ололттой, онцлогтой. Бид бусдын бүтээлийг ямар нэгэн байдлаар шүүхийг хүсдэггүй. Харин “Хувь тавилангийн ээдрээ” кино шинэ стандартыг оруулж ирснээрээ онцлогтой.

-Тэгэхээр энэ кинонд юун тухай өгүүлэх юм бол?

-Энэ кинонд шинэ үеийн залуучуудын амьдралын талаар голчлон тусгасан байгаа. Студи байгуулж, хамтран ажиллаж байгаа хэсэг залуусыг тойрон киноны үйл явдал өрнөнө. Үнэн сэтгэлээсээ кино сонирхдог нэгэн байхад, реклам, захиалгат нэвтрүүлэг хийж, мөн видео бичлэгээр дамжуулан хүн дарамталж мөнгө ололх бодолтой нэгэн ч байна. Энэ мэт өөр өөр санаа бодолтой хэдэн залуус, нэг студид нэгдснээр киноны үйл явдал өрнөнө. Ингээд хамтран уран бүтээл туурвихаар болсон залуусын ажлаас гадна амьрал нь ямар нэгэн байдлаар холбогддог. Залуусын эцэг, эх, өвөг дээдсийнх нь амьдрал холбогдсон байснаар илүү сонирхолтой болсон. Сайн сайхан, муу муухай гээд бүгд л үр хойчийнх нь амьдралд туссан байгаа. Залуусын амьдрал яагаад холбогдсон шалтгааныг харуулахын тулд эцэг, эхийнх, эмээ, өвөө гээд гурван үеийн түүхийг тусгасан.

-Гурван үеийн намтрыг харуулсан гэхээр дүрүүдийн хувьд нэлээд ялгаатай үед амьдарч байсан гэдэг утгаараа өөр өөрийн онцлогтой байх?
-Киноны дүрүүдийн хувьд манай хуучин үеийн зохиолуудад байсан шиг эхээс төрөхөөсөө л муу хүн болж төрж, үргэлж мууг үйлдэж байдаг, эсвэл эхээс төрөхөөсөө л сайн хүн байдаг тийм туйлширсан байдлыг харуулаагүй. Харин бидний бодит амьдралтай л адилхан хайрлаж, дурлаж, зорилго, хайр дурлалын төлөө тэмцдэг дүрүүдийг харуулсан. Улс орон, нийгэмд тогтож байсан дэглэм, эрх мэдэл хүний олон сайн муу чанарыг ил болгон харуулж байдаг. Тиймээс энэхүү кинонд тэрхүү нийгмийн нөхцөл байдлаас болж сэргэсэн муу чанар, мөн нийгмийн хүнд үе, амьдралын нугачаанд бөхөөгүй хүн чанар гээд олон зан чанарыг хадгалсан дүрүүд байгаа. Үйл явдлын хувьд нэлээд сонирхолтой. Гэхдээ үзэгчид энэ бүгдийг киноноос үзвэл, илүү сонирхолтой байх болов уу.

-Олон зохиолч хамтран ажилласан анхны тохиолдол учраас хүндрэлтэй зүйл гарч байв уу?
-Олон зохиолч хамтарч ажиллах нэлээд олон онцлогтой юм билээ. Анхандаа кино хийе гэсэн оргилуун хүсэлдээ хөтлөгдөөд хоёр сарын дотор бичээд дуусчихна гэж бодож байсан. Гэтэл тийм амар ажил биш юм байна лээ. Бүтэн жилийн хөдөлмөрийн үр дүнд зохиол бий болсон. Дашрамд хэлэхэд, авьяастай зохиолчидтой хамтарч ажилласандаа ерөнхий зохиолчийн хувьд би их бахархаж байна. Олон зохиолчийн бүтээлд мэдээж зөрүүтэй зүйл гарч байсан. Энэ бүгдийг редактор, зохиолч Д.Батбаяр хянаж, нэг киноны зохиол болгосон. Анги ангиар нь хуваан авч зохиолыг бичихийн зэрэгцээ баатруудаа бас хувааж авсан. Нэг зохиолч нь илүү хөгжилтэй зан чанартай нэгнийх нь дүрийг цааснаа амилуулж байхад, нөгөөх нь кино зохиолд гарсан бүх хэлц үгнүүдийг олж зохиосон. Энэ бол Холливудын кино хийх зарчим. Мөн олон ангит кино зохиол роман болж уншигчдын гар дээр очих хандлага сүүлийн үед жишиг болоод тогтсон. Энэ жишгээр “Хувь тавилангийн ээдрээ” кино зохиол роман болж Монголын уншигчдад хүрэх болно. Зохиолч Д.Түмэн-Өлзий энэ ажлыг хариуцан хийж байгаа. Тэгэхээр удахгүй Монголчуудын түүхийн 100 жилийг дамнасан түүхэн роман гарах нь ээ гэж ойлгож болно.

-Ийм сонирхолтой зохиол роман болж гарна гэдэг тун таатай мэдээлэл байна. Та киноны ерөнхий зохиолчоор ажилласан. Тиймээс энэ зохиолынзорилгыг юу гэж дүгнэж байна вэ. Киногоор дамжуулан үзэгчдэд хүргэх гэсэн гол санаа юу юм бол?
-Аливаа кино зохиол, уран бүтээл туурвих гэдэг тэрхүү уран бүтээлээ бизнес болгох зорилготой байдаг. Бид гайхалтай том зорилго тавиагүй. Одоо яг дутагдаад байгаа жирийн сайн кино хийхийг зорьсон. Зохиолчдод тавьж байсан гол шаардлага нь зохиолын баатруудын яриа амьд болгох явдал байсан. Ярианы амьд, сэтгэл татам шинжийг шингээж өгсөн. Мөн зохиолыг нэг ангиас нөгөө анги руу үзэгчдийн сэтгэлийг татаж чадахаар байлгахыг зорьсон. Ингэхийн тулд зохиолын баатрууд бодит амьдрал дээр байж болохуйц хүмүүс байх хэрэгтэй. Бид амьдралдаа алдаж, жижиг зүйлд хууртах тохиолдол бишгүй л байдаг. Тэр бүгдийг шингээхийг хичээсэн.Энэ киногоор үзэгчдэд хүргэх гэсэн гол санаа бол хүн өөрийнхөө хөдөлмөрөөр амьдрах ёстой. Тэр нь хүнд жинхэнэ аз жаргалыг өгч байдаг. Бид энэ нийгмээс өөрсдөө ойлгож авсан энэ зүйлсээ киноны баатруудаар дамжуулан үзэгчдэд хүргэж, тэдэнтэй хуваалцах гэсэн юм. Киногоороо ямар нэгэн зүйлийг ойлгуулах гэсэн санаандаа хэт хөтлөгдөх юм бол кино бодит амьдралаас холдчих гээд байдаг. Тиймээс бид энэ байдлаас зайлсхийж, хүн амьдралдаа алддаг, онодог замналыг харуулахын тулд ямар нэгэн сургаальд хөтлөгдөхгүйг хичээсэн. Үзэгчдийг уурлуулаад, уйлуулах байх биш зүгээр л тэдэнд таалагдах кино л хийсэн. Үзэхэд сайхан, сонирхолтой, үзмээр санагддаг тийм л кино хийхийг зорьсон. 
А.ОТГОНЖАРГАЛ

No comments:

Post a Comment