Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагватай ярилцлаа.
-МАН-ынхан Ерөнхий сайдыг огцруулах асуудал тавьж байна. Энэ тал дээр МАХН-ын дэд даргын хувиар, Засгийн газарт ажиллаж байгаа Шадар сайдынхаа зүгээс ямар байр суурьтай хандаж байна вэ?
-МАХН бол ардчиллын зарчмаар ажилладаг нам учраас асуудлыг нухацтай ярилцсаны үндсэн дээр олонхийн саналаар шийдвэрээ гаргана. Харин Шадар сайдын хувьд өнөөдөр Засгийн газрын бүрэлдэхүүнд оролцож, улс орноо хөгжүүлэх шинэчлэлт, өөрчлөлтийн төлөө ажиллаж байна. Ялангуяа өөрийнхөө хариуцсан зургаан агентлагийн үйл ажиллагааг сайжруулж, бусад салбаруудад үлгэр жишээ болохуйц хариуцлагатай болгохын төлөө зүтгэж байна. Энэ чиглэлийн эхний алхмуудыг ч хийсэн. Ард түмэндээ хүнд суртал гаргаж, авлигын нүдээр ханддаг тэр байдлаас төрийн захиргааны байгууллага, албан хаагчдыг холдуулж, иргэдээ "Хаан"-д дээдлэн харьцдаг болгох зорилгын дор өөрийн хариуцсан салбар бүрт дорвитой өөрчлөлтүүдийг хийхийг хичээж байгаа.
Саяхныг болтол бид стандарт бус Засгийн газар гэдэг ярианд бүр дасчихсан байлаа шүү дээ. Үүнийг өөрчилж, аливаа бүхнийг ёс горимд нь оруулахын төлөө ажиллаж байна.
Засгийн газарт орж ажилласнаар шударга ёсыг тогтоож, үүрэг хариуцлага, сахилга баттай ажиллах чиглэлээр бидний хийж байгаа ажил нийгэмд сайн үр дүн авчрахад нөлөөлж байгаа гэдэгт итгэлтэй байгаа. Засгийн газар болохгүй бүхнийг өөрчлөн шинэчлэхийн төлөө шат шатандаа хичээн зүтгэж байгааг шударгаар хэлэх ёстой. Мэдээж алдаа дутагдал байгаа л байх. Үе, үеийн Засгийн газруудад тохиолдож л байсан зовлон бий. Өргөс авч байгаа юм шиг бүхнийг сайхан болгож амжихгүй шүү дээ. Манай Засгийн газар эрүүл саруул сайхан нийгэм, сайн эдийн засагтай улс орныг хүлээж аваагүй болохоор эмчлэх, эрүүлжүүлэх ажил маш их байна.
-Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцвэл танай намынхан эсрэг талд кноп дарахгүй юм байна гэж ойлгож болох уу?
-Манай намын Гүйцэтгэх зөвлөлөөр асуудлыг хэлэлцэж эцсийн шийд гаргаагүй учраас тэгнэ, ингэнэ гэж хэлэх боломжгүй. Шадар сайдын хувьд өнөөдөр энэ Засгийн газраас гарна, ажил нь муу явж байна гэж хэлэх эрт байна. Өнөөдрийг хүртэл хариуцлагатай ажиллахын төлөө л хичээж байна. Энэ Засгийн газрын үйл ажиллагааны алдаа, оноог шударга үнэний дэнсэн дээр тавиад алдаа нь дийлж байгаа бол тэр асуудлыг ярих л ёстой. Асуудлын гол нь Засгийн газрыг огцруулах, үгүйдээ биш, дэвшүүлсэн зорилтууд, үйл ажиллагаа, ажлын үр дүн нь ард түмний эрх ашигт нийцэж байна уу, үгүй юу гэдэгт байх ёстой болов уу. Мэдээж сөрөг хүчний зүгээс элдэв өө сэв хайх сонирхол байж л байгаа. Тэгэх ч ёстой. Хэрэв УИХ, ард түмэн, манай намынхан энэ Засгийн газар хангалтгүй ажиллаж байна гэж үзэж, дүгнэж байгаа бол миний хувьд албан тушаалтай зууралдаад суух сонирхол байхгүй. Тийм ёс суртахуунаар хүмүүжээгүй. Ажлаа өгөхөд бэлэн байна. Ер нь бол Засгийн газрын гишүүд өдөрт дор хаяж 12 цаг ажиллаж байгаа. Бямба гаригт ч ажиллаж байна. Ням гаригт хариуцсан салбарынхаа үйл ажиллагаатай танилцаж зохих арга хэмжээгээ авдаг. Тиймээс Засгийн газрын гишүүдэд амрах цаг байдаггүй. Энэ байдлаар бид төр, түмнээ манлайлан, төрийн сайн албан хаагчийн үлгэр дуурайллыг үзүүлэхийг зорьж байна.
-Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлүүд нь хэр бодитой санагдаж байгаа вэ?
-Ямар үндэслэлүүд тавьсныг харж амжаагүй байна. Миний сонссоноор бол зөвхөн Ерөнхий сайдыг огцруулах асуудал тавилаа гэж ойлгосон. Үүнийг манай нам ч өөрсдийн түвшиндээ судалж үзээд байр сууриа тодорхой илэрхийлэх байх гэж бодож байна.
-Гадаадын хөрөнгө оруулалт буурч байна, эдийн засаг өсөлтгүй болсон нь Засгийн газрын буруу гэж үзээд байх шиг байна л даа?
-Тэр шүүмжлэлийг зөвхөн МАН-ынхан хэлээд байгаа юм биш. Би сая Сонгинохайрхан дүүргийн 32 хороогоор явж 6000 гаруй иргэдтэй уулзаж тэдний санал хүсэлтийг сонслоо. Мөн "Шударга ёс" аяны хүрээнд баруун, зүүн, төвийн бүсийн аймгуудад зөвлөгөөнүүд хийж ард иргэдийнхээ үгийг сонслоо. Үнэхээр ард түмний амьдрал өнөөдөр хүнд хэцүү, сайжрахгүй байна. Гадаадын хөрөнгө оруулалт буурсан нь бодит үнэн шүү дээ. Гэхдээ ингэж буурах үндэс шалтгаан хэзээ, аль Засгийн газрын үед тавигдсан бэ гэдгийг бас тунгааж, ялгаж салгаж авч үзэх хэрэгтэй. Мэдээж Оюу толгой, Таван толгойн гэрээг засч сайжруулах ажлыг энэ Засгийн газар хийхийг оролдож байгаа нь дээрх нөхцөл байдалд нөлөөлж байгаа. Гэхдээ анхнаасаа тэр гэрээнүүдийг зөв, шударга хийчихсэн бол ийм байдал үүсэхгүй л байсан. Тэр маапаан будлиантай гэрээний асуудлыг тухайн үед нь бидний хэсэг нөхөд ярьж, засаж залруулахыг шаардаж, УИХ-ын тогтоол хүртэл гаргуулж байсныг хүмүүс мартаагүй байх.
-Бүтээн байгуулалтын ажил эхлэхгүй байна гэдэг шүүмжлэл ч бий...
-Өвлийн тэсгим хүйтэн улирал одоо л дуусч урин дулаан цагтай золгох гэж байна шүү дээ. Үнэндээ Монгол Улсад бүтээн байгуулалтын ажил дөрөвдүгээр сарын дунд үеэс л эхэлдэг. Тиймээс тавдугаар сараас эхлээд энэ Засгийн газар юу хийх нь бодитоор харагдаад эхэлнэ дээ.
-Тэгэхээр Ерөнхий сайдыг огцруулах асуудал цагаа олоогүй гэж үү?
-Үүнийг асуудал тавьсан хүмүүсээс нь асуувал дээр байх.
-Үнэхээр МАН-ынхны яриад байгаа шиг Ерөнхий сайд огцрохдоо хүртэл муу ажилласан гэж та үзэж байгаа юу?
-Аливаа шүүмжлэлийг бид хүлээж авч, сонсох хэрэгтэй л дээ. Гэхдээ Засгийн газрын танхимд сууж байгаа, дотор нь ажиллаж яваа хүний хувьд Ерөнхий сайдаа огцрох ёстой гэж хэлэх нь одоогоор зүйд нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, миний хувьд Ерөнхий сайдыг огцруулах хэмжээний бодитой үндэслэл харагдахгүй байна. Засгийн газар бол кабинетын зарчмаар ажилладаг байгууллага. Үнэхээр болохгүй бүтэхгүй, хууль зөрчсөн үйлдэл хийсэн бол хэнбугай ч огцрох ёстой. Гэхдээ Шинэчлэлийн Засгийн газар мэрийж ажиллаж байгаа. Хэрвээ огцрох ёстой гэдэг үндэслэл би олж харсан бол заавал хүнээр хэлүүлээд чичлүүлээд байх шаардлагагүй. Н.Алтанхуягаа чи огцор, үгүй бол бид огцоръё гээд хэлчихнэ. Н.Алтанхуяг бол улс төрд олон жил болсон туршлагатай улстөрч, ажилсаг Ерөнхий сайд гэж би хэлнэ.
-Хаврын чуулганы нээлтийн хуралдааныг МАН, МАХН-ынхан хаяад гарсан. Тэгэхэд сайдын албан тушаал авсан нөхдүүд суугаад үлдлээ гэдэг шүүмжлэлийг намаасаа сонсч байгаа гэсэн...
-Бусад сайд нар нь суугаад үлдэж байхад Тэрбишдагва ганцаараа гараад явлаа гэсэн зэмлэлийг нөгөө талаас авч байгаа. Би бол МАХН-ын дэд дарга. Тиймээс намын нөхдийнхөө шийдвэрийг дагах учиртай. Намын даргаа шоронд суулгачихаад надад хамаагүй гээд суувал ёс жудаггүй хэрэг болно.
Тэгээд ч би Засгийн газрыг эсэргүүцэж УИХ-ын чуулганаас гараагүй. Хэлмэгдүүлэлтийг жигшиж байгаагаа илэрхийлж гарсан юм.
Тэгээд ч би Засгийн газрыг эсэргүүцэж УИХ-ын чуулганаас гараагүй. Хэлмэгдүүлэлтийг жигшиж байгаагаа илэрхийлж гарсан юм.
-МАН-ынхантай хамт гараад явах байсан юм бол яах гэж тэр намаас гарсан юм бэ гэдэг асуулт гарч ирэхгүй юу?
-Миний баримталдаг хамгийн гол зарчим бол шударга үнэний төлөө байх. МАН-ын удирдлагад гарсан цөөн хэдэн нөхөд хууль журам, ёс суртахууныг улан дороо гишгэж эхлэхээр нь тэднээс салсан. Энэ салаа замын эхэнд мөнгө, эрх мэдэлд хэт дулдуйдсан хэдхэн хүн байгаа шүү дээ. Тэд МАН-ыг хувийн компани шигээ үзэж, өөрсдийн эрх ашгаа гүйцэлдүүлэх хэрэгсэл болгон ашиглах болсноор бидний дунд үзэл санааны зөрчил үүссэн. Намын хамт олон жирийн гишүүдэд буруу байхгүй. Чуулганыг эхлээд орхиж гарсан нь манай намынхан шүү дээ. Харин бидний араас МАН-ынхан гарч ирсэн. Хэн нь хэнийгээ дагасан, хэн нь түрүүлж үг хэлснийг бүгд харсан биз дээ.
-Чуулганы хуралдааныг орхиж гараагүй хүмүүсийг Н.Энхбаяр даргын гэргий дарамтлаад байгаа юм уу?
-Мэдэхгүй. Намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, гүйцэтгэх товчооны гишүүд энэ намыг хамтын хүчээр удирдаж байгаа. Тиймээс Н.Энхбаяр даргын гэргийн асуудал тусдаа.
-Ер нь Н.Энхбаяр даргыг суллуулж чадахгүй байна гэдэг хандлагатай дарамт намын зүгээс ирдэг үү?
-МАХН-ын дарга Н.Энхбаяр улс төрийн хоригдол мөн гэдгийг гадна, дотнын хүний эрхийн байгууллагууд хэлчихсэн шүү дээ. Намын дарга нь улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж, шоронд хоригдчихоод байхад намын дэд дарга хүнд байдалд байлгүй яахав. Н.Энхбаяр гэдэг хүнийг хэлмэгдүүлэх ажил өнөөдөр ч зогсоогүй, үргэлжилсэн хэвээр байна. Түүнийг шоронд хорьсноосоо хойш нэг ч удаа салхинд гаргасангүй. Дэлхий нийтээрээ шоронгийн хоригдлыг салхилуулдаг журамтай. Монголын шоронд хоригдож байгаа хүмүүс ч өдөрт ядаж нэг цаг салхилдаг биз дээ. Гэтэл энэ журам Н.Энхбаяр даргад үйлчлэхгүй байна.
Тэр бурхны тухай ном орчуулъя гэдэг хүсэлт өөрөө тавиад байгаа юм билээ. Тиймээс өрөөнд нь нэг компьютер оруулах гээд хоёр сар хөөцөлдөөд дийлэхгүй байна. Хууль зүйн сайд, Ерөнхий сайд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь зөвшөөрсөн. Ингээд яг өрөө рүү нь оруулах дээрээ тулахаар АТГ зөвшөөрөхгүй гэдэг шалтгаанаар дахиад хойшилчихож байна. Дэлхий нийтээрээ өнөөдөр хоригдлууд зурагт үзэж байна, сонин хэвлэл уншиж байгаа. Н.Энхбаяр даргын өрөөнд компьютер оруулах нь үүнтэй л адил. Түүний компьютерт гадагшаа ертөнц рүү нэвтрэх боломжгүй тусгай программ суулгана. Зөвхөн интернэт рүү орж юм унших, word дээр юм бичих зориулалттай компьютер өгье гээд байгаа юм. Гэтэл зөвшөөрөхгүй байна шүү дээ. Өнөөдөр Энхбаяр гэдэг хүн ялтан болсон учраас АТГ-т хамаагүй болсон баймаар юм. Ийм ярвигтай асуудлууд байсаар байхад "Бид хамтарсан Засгийн газарт орчихсон юм чинь та нарыг танихгүй" гэж намынхандаа хэлэх эрх байхгүй. Намын нөхдүүд ч хэлэх зүйлээ хэлэх эрхтэй. Тийм учраас дарамт гэхээсээ илүү улс төрийн амаргүй нөхцөлд ажиллаж байна.
-Гэхдээ та Н.Энхбаярын төлөө Засгийн газарт ороогүй биз дээ?
-Би Н.Энхбаярын төлөө Шадар сайдын ажил хийгээгүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Намын нөхөд надад итгэл өгч Шадар сайдын ажилд оч гэсэн. Тэр дагуу л энэ албыг хашиж байн. Нөгөө талаар МАХН-аас хэлмэгдүүлэлтийн эсрэг явуулж байгаа үйл ажиллагааг бас зөвөөр ойлговол сайн байна. Бид зөвхөн Н.Энхбаяр гэдэг хүний төлөө яваад байгаа юм биш, ерөөсөө "хэлмэгдүүлэлт" гэдэг нийгэмд амь бөхтэй оршсоор байгаа бусармаг зүйлийн эсрэг л тэмцэж байгаа юм.
-МАХН-ын дарга Н.Энхбаярын анх баривчлагдсан газар хана босгож байгаа нь ямар учиртай юм бэ?
-Тэр бол хэлмэгдүүлэлтийг эсэргүүцэж хана босгож байгаа юм. Монголд өнөөдөр болж байгаа хэлмэгдүүлэлт энэ хананаас цааш битгий гараасай, дахиад хэлмэгдүүлэлт битгий болоосой гэдэг үүднээс хана босгож байгаа юм. Хэлмэгдүүлэлт зогссон тохиолдолд энэ хана нурах ёстой.
-МАН, МАХН хоёр нийлэх тухай нэг хэсэг яригдсан. Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарч орох асуудал яригдаж байгаа юу?
-Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарна гэхээсээ илүү нэг угшилтай, үзэл баримтлал ижил төстэй намууд эх орон, ард түмнийхээ эрх ашгийн төлөө хамтарч ажиллах хэрэгтэй. МАН, МАХН хоёр бол нэг угшилтай журмын нөхөд. Өнөөдөр бидэнд үндэсний эв нэгдэл гэдэг юм юу юунаас чухал байна. Тэр байтугай эсрэг тэсрэг үзэл бодолтой намууд үүний төлөө хамтрах ёстой. Гэхдээ энэ хамтрал хуулийн хүрээнд л байх ёстой.
-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой таван хүнээ танай нам зарласан. Тэр дунд таны нэр бий. Хувь хүнийхээ хувьд танд дэвших бодол бий юу?
-Нам болгон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших олон лидертэй гэдгээ зарлаж байна. Манайд ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших чадвартай боловсон хүчин олон бий. Монголчууд ноён нуруутай, ухаантай, эх оронч, шударга, хүний мөс жудагтай хүнд хайртай шүү дээ. Ард нь аль нам байна гэхээсээ илүү хувь хүнийх нь мөн чанарыг харж сонгодог. Энэ үүднээс ард түмэн сонголтоо хийх биз. Ерөнхийлөгчид манай намаас хэн нэр дэвших вэ гэдэг асуудлыг бага чуулганаар шийднэ. Надад албан тушаалын амбиц байдаггүй. Ажил хий гэж итгэл хүлээлгэвэл ямар ч ажил оногдуулсан түүнд нь эзэн болохын төлөө л зүтгэдэг.
-ОБЕГ-ын даргад өгөх ёсгүй байсан цол олгосон, хууль бусаар томилсон гэдэг асуудлаар таныг Цэцэд өгчихжээ. Үнэхээр тийм зүйл болсон юм уу?
-Захиалгатай юм зөндөө явж байна. Тодорхой тайлбарлавал эхний асуудал нь Гамшгаас хамгаалах тухай хуульд Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын төрийн тусгай албан хаагч нь Шадар түрүүчээс тэргүүн комиссар гэсэн цолны зэрэглэлтэй байхаар хуульчилж 2012 оныг хүртэл хэрэглэж ирсэн. Хуульд нэмэлт өөрчлөлт орж ахлагч нь онцгой байдлын дэд ахлагчаас хурандаа гэсэн цол хэрэглэхээр заасан. Намайг ОБЕГ-ын даргад цол олгох үед "Цол олгох журам батлах тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны 51 дүгээр зарлиг хүчин төгөлдөр байсан учраас түүний хүрээнд хуульд заасны дагуу л цол олгосон. Иймд Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн зүйл байхгүй.
Хоёрдугаар асуудал гэвэл Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд зааснаар аль ч агентлагийн даргыг Засгийн газрын гишүүн томилох эрхгүй. Монгол Улсын Засгийн газар томилж, чөлөөлдөг. Харин Засгийн газрын гишүүний хувьд эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарч байгаа агентлагийн даргаар хэнийг томилох тухай санал л гаргах эрхтэй. Миний хувьд хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд саналаа гаргасан.
-Сүүлийн үед УИХ-ын зарим гишүүдийн нууц данс ил болж эхэллээ. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын холбоо нууц данстай 130 гаруй мянган хүний нэрийг гаргачихсан юм билээ. Тэр дунд Монголоос хэдэн хүн байгааг мэдэхгүй. Ямар ч байсан С.Баярцогтын нэр ил боллоо. Хүн данстай байж болно. Шударга хөдөлмөрөөрөө мөнгө олоод түүнийгээ аль ч улсын банкинд данс нээлгэн хадгалуулах нь хүний эрх. Харин тэр мөнгөө луйврын аргаар, эсвэл монголчуудынхаа баялгийг гадныханд өгч олж авсан бол байж болохгүй зүйл. Тиймээс УИХ-ын гишүүдийг нууц данстай эсэхийг шалгах хэрэгтэй. Төрийн өндөр алба хашиж байсан, одоо сайд, дарга хийж яваа хүмүүсийн дансыг шалгаж үзэх ёстой. Буруу аргаар олж авсан мөнгөө хадгалуулсан бол тодорхой хувийг нь Монголдоо авъя л даа.
-Та тийм данстай юу?
-Байгаа, үгүйг нь шалгах л хэрэгтэй. Шударга байя л даа.
-Ерөнхий сайдыг Бурхан халдун ууланд төөрөхөд та газар дээр нь очсон гэл үү?
-Онцгой байдлын ерөнхий газар Шадар сайдын эрхлэх асуудалд хамаардаг. Энэ салбар бол үнэхээр хариуцлагатай байхыг шаардсан хүнд хэцүү ажилтай л даа. Яагаад гэвэл хүний амийг аврах ажлыг цаг минуттай уралдаж хийдэг учраас тэр. Энэ салбарыг өөрчилж, ажлыг нь сайжруулахын төлөө зүтгэж л байна.
Ерөнхий сайд төөрч, холбоо тасарлаа гэсэн мэдээг Төрийн тусгай хамгаалалттай газрын дарга Батбаатар ням гаригийн өдөр над руу утасдаж хэлсэн. Түүнийг сонсоод би тэр даруй Ерөнхийлөгчид асуудлыг танилцуулсан. Ингээд улсын онцгой комисст хамаардаг хууль, хүчний байгууллагын холбогдох хүмүүсийг орой 22.00 цагт цуглуулж яах вэ гэдгээ шуурхай ярилцаад шийдвэр гаргаж, газар дээр нь өөрөө биечлэн очихоор явсан. Х.Тэмүүжин сайд, Д.Бат-Эрдэнэ сайд хоёрт "Өнөө шөнө унтаж болохгүй шүү" гэдэг үүрэг өгөөд шөнө 12.30 цагт хотоос машинтай гарсан. Цаг агаар ер нь хүнд байсан л даа. Шөнөжингөө давхиад өглөө үүрээр Бурхан халдун уулын өвөрт очсон. Биднийг очсоны дараа араас нисдэг тэрэг ирж, уулан дээгүүр нисэж хайлт хийсэн. Аз болоход төөрсөн 70 хүн хоёр хэсэг болон тасарсан ч бөөнөөрөө байсан. Тэгээгүй хоёр, гурваараа тасарч төөрсөн бол цээжээр татсан их цасанд эрсдэх аюул байсан. Ингээд аюул багатай тэр хүндрэлийг амжилттай давж гарсан шүү.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ
No comments:
Post a Comment