Хэвлэлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхмандахтай ярилцлаа.
- Манай улсыг хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орон гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?
- Хагас эрх чөлөөтэй гэдэгтэй бүрэн санал нийлнэ. Хэвлэлийн эрх чөлөө
хууль эрх зүйн хувьд баталгаажсан байх ёстой. Мөн сэтгүүлчид болон иргэд
үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө чөлөөтэй эдэлж байж хэвлэлийн эрх
чөлөө бүрэн хэрэгжиж байна гэж үздэг. Аль ч талаас нь авч үзэхэд тус
эрх чөлөө хагас юм. Мөн хэвлэлийн эрх чөлөө тодорхой хэмжээгээр бий ч
зайлшгүй сайжруулах зүйл байна.
- Хэвлэлийн эрх чөлөөг бүтэн болгохын тулд яах ёстой юм?
- Бүтэн болгохын тулд хамгийн эхэнд хууль ёсыг үйлчлүүлэх ёстой.
Хэвлэлийн эрх чөлөөг хуулиар баталгаажуулах ёстой. Хууль эрх зүйн хувьд
тодорхой хэмжээгээр баталгаажсан байдаг. Тухайлбал үндсэн хуулиар, 1998
оны хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар, 2011 оны мэдээллийн ил тод
байдал мэдээлэл олж авах хуулиар, 2005 оны олон нийтийн радио телевизийн
тухай хуулиар гэх мэт тодорхой хэмжээгээр баталсан байдаг. Гэхдээ
дутагдаж буй зүйл нэг биш нилээн их байна. Мэдээллийн эрх чөлөөний хууль
батлагдаж сэтгүүлчид болон иргэд олон нийтийн ашиг сонирхолд хамаатай
мэдээллийг төрийн байгууллагаас авах хууль эрх зүйн боломж нь нээлттэй
боллоо гэж баярлаж байсан боловч тус хууль амьдралд үйлчилж чадахгүй
байна.
Учир нь төрийн албаны байгууллагуудын хүнд суртал, хаалттай соёл,
мэдлэггүй байдал нь маш их саад болж байна. Бас мэдээллийн эрх чөлөөний
хуулинд харшлах хуулиуд байдаг. Жишээ нь “Нууцын тухай” хуулиуд байна.
Маш олон мэдээллийг үндэслэлгүйгээр нууцалж байна. Тухайлбал хуулийн
этгээд улсын төсөвт хичнээн төгрөгийн татвал төлсөнийг хуулиар
нууцалдаг. Энэ хууль яагаад нууц байх ёстой юм. Тэгэхээр мэдээлэл авах
эрх чөлөө хаана байна вэ? Сэтгүүлчид хэвлэл мэдээллийнхэн иргэдийн
мэдээлэл авах эрхийг хангаж ажилладаг. Өөрөөр хэлбэл иргэн бүр төрийн
эрх бүхий байгууллагуудаар явж хүссэн мэдээллээ авч чадахгүй. Гэтэл
тэдний эрхийг сэтгүүлчид хангаж өгч байна. Гэвч сэтгүүлчид хуулийн
дагуу мэдээллийг олж чадахгүй байгаа шүү дээ. Сэтгүүлчид татварын
байгууллагад очоод “Аль байгууллага улсын төсөвт хичнээн төгрөгийн
татвар төлсөнийг хэлж өгөөч” гэхэд хэлж өгдөггүй. Татварын хуулиа
урьдаа барьдаг. Тэгэхээр хэвлэлийн эрх чөлөө бүрэн эрхээрээ хэрэгжиж
байна гэж хэлэх боломжгүй юм.
- Хэвлэлийн эрх чөлөө бүтэн байхын ашиг тусыг та манай уншигчдад хэлээч?
- Хэвлэлийн эрх чөлөө нь сэтгүүлч Дулмаа, Доржоогийн эрх биш иргэний эрх
юм. Ардчилсан нийгэмд монголчууд үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй
илэрхийлэх эрхтэй. Өнөөдөр хүмүүс үг хэлэх эрх чөлөөгөө аль ч мэдээллийн
хэрэгслийг ашиглаад хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл хэвлэлийн эрх чөлөө
нь иргэн хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө юм. Хэсэг
бүлэг сэтгүүлчдийн эрх чөлөө биш. Сэтгүүлчипд мэдээлэл түгээх боломжтой
байх тохиолдолд иргэд давхар тэр боломжийг ашиглана. Яагаад гэвэл
сэтгүүлчид өөрсдөдөө зориулж мэдээлэл бэлддэггүй шүү дээ. Ард иргэд олон
нийтийг соён гэгээрүүлэх, мэдээллээр хангах, мэдээлэлд үндэслээд
шийдвэр гаргахад нь тусалж сэтгүүлчид ажиллаж байгаа юм. Хэрвээ
сэтгүүлчид эрх чөлөөгүй байвал иргэд ч үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх
эрх чөлөөгүй байна.
Ардчилсан нийгэмд аливаа хүн ямар нэгэн шийдвэр гаргахдаа
мэдээлэлгүйгээр гаргавал өөрөө хохирно. Өнөөдөр цахим ертөнцөөс бид
дуртай мэдээллээ авах боломжтой болсон байна. Иргэд өөрсдөө идэвхтэй
мэдээллийг хайж олж авдаг. Авсан мэдээлэлдээ дүн шинжилгээ хийчихдэг
иргэний боловсролтой иргэд шаардлагатай байна. Нөгөө талаар иргэдийн
мэдээллийн боловсрол, хэвлэл мэдээлэлтэй харьцах боловсрол сул байгаа.
Залуус хэвлэл мэдээллийн хэрэгслийг зугаа цэнгээний хэрэгсэл болгон
ашиглаж байна. Телевиз, интернэт өнөөдөр залуус хүүхдүүдийн дунд зугаа
цэнгээний хэрэгсэл болсон байна. Гэтэл элсэлтийн шалгалт өгөх гэж буй
хүүхэд интернэт рүү ороод өөрт хэрэгтэй мэдээлэл, шалгалтандаа бэлтгэх
хэрэгцээтэй мэдээллээ олж авах талаар маш маруухан мэдлэгтэй байна.
Тэгэхээр хэвлэлийн эрх чөлөөний өдөр нь сэтгүүлчдийн баяр биш иргэн
бүрийн эрхээ эдлэх өдөр юм. Эрхээ эдэлж чадаж байна уу гэдэг дээр
дүгнэлт хийдэг өдөр. Тэгэхээр хэвлэлийн эрх чөлөөний өдөр иргэн бүрт
хамааралтай. Иргэд мэдээлэл авч байж бусад эрхээ эдэлнэ шүү дээ. Энэ
суурь эрхнь хэрэгжиж байж бусад эрх хэрэгжинэ. Тэгэхээр хамгийн наад
захын эрхээ эдэлж байж өөрсдийгөө ардчилсан нийгэмд амьдарч байна гэж
хэлнэ.
- Мэдээллийн Сайтуудын Ассоциаци “Онлайн марафон” аяныг “Хэвлэлийн
эрх чөлөөг бүтэн болгоё” уриатайгаар хэрэгжүүлж байгаа юм байна. Энэ
ажлууд нь хэр үр дүнтэй байдаг юм бол. Хэвлэлийн хүрээлэнгийн зүгээс
ямар ажил хийж байгаа вэ?
- Хэвлэлийн эрх чөлөөг бүтэн болгохын тулд олон талын ажил хийх
шаардлагатай. Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн хэвлэлийн эрх чөлөөг
бүтэн болгох ажлыг олж харах ёстой. Сэтгүүлчид гэхэд өөрсдийн эрх чөлөөг
эдлэхийн тулд юу хийх ёстойгоо мэддэггүй. Түүнийхээ төлөө хөдөлж
сураагүй. Бусдын төлөө хангалттай дуугардаг мөртлөө ямар нөхцөлд
ажиллаж, ямар цалин авч байгаагаа болон нийгмийн хамгаалалд хамрагдсан
үгүйгээ мэддэггүй. Тиймээс хэвлэлийн эрх чөлөөний өдөр хэвлэлийн
хүрээлэнгээс “Хэвлэлийн эрх чөлөө ба сэтгүүлчдийн хөдөлмөрлөх эрх” гэсэн
сэдвээр хэлэлцүүлэг хийх гэж байна. Энэ хэлэлцүүлэгт 300 сэтгүүлч
оролцоно.
Сэтгүүл зүйн халуун тогоонд өдөр тутмын ажлыг эрхлээд явж байгаа
сэтгүүлчид өөрсдийнхөө төлөө дуугарах шаардлагатай байгаа. Энэ бол
хэвлэлийн эрх чөлөөг бүтэн болгох эхний алхам. Учир нь хүмүүс
сэтгүүлчдээс хариуцлага нэхдэг. Ёс зүй шаарддаг. Гэтэл яригдахгүй,
сонсогдохгүй байгаа зүйл нь сэтгүүлчдийн нийгмийн байдал байгаа юм.
Өнөөдөр өдрийн 24 цаг ажил хийдэг сэтгүүлч байна. Гэтэл илүү цаг
ажилласаны мөнгө авдаг уу. Үгүй шүү дээ. Нийгмийн даатгалаа төлж байна
уу. Төлдөг нь тоотой хэдхэн сэтгүүлч байгаа.
Сурч боловсруулах эрхээ эдэлж чадаж байна уу. Бас л үгүй. Өнөөдөр
сэтгүүлчид ажилснаараа цалин авдаг учраас эсвэл маш их ажлын ачаалалтай
байдаг учраас сурч боловсрох эрх нь орхигддог. Яг үнэндээ хоёр хоногийн
сургалтад суух сэтгүүлч байдаггүй. Энэ нь дургүйдээ биш юм. Ажлын
ачаалал нь болдоггүй. Эсвэл дарга нь явуулдаггүй. Явуулсан тохиолдолд
цалинг нь өгдөггүй. Тэгэхээр сэтгүүлчид өөрсдийнхөө эрхийг хамгаалдаг
байх ёстой. Сэтгүүлчид эрхээ хамгаалахгүй байгаагийн учир нь эвлэлдэн
нэгдэхгүй байна. Нэгэн дуугаар өөрсдийн эрх чөлөөний асуудлаар
дуугарахгүй байна. Тиймээс энэ асуудлыг хэвлэлийн эрх чөлөөтэй холбож
тайлбарладаг.
Сэтгүүлчдийг худалдагддаг, ёс зүйгүй хэн нэгэнд үйлчилдэг гэж ярьдаг.
Хэдхэн төгрөгийн цалин авдаг хүн хоногийн хоолоо л бодно уу гэхээс
тэрний цаадахийг бодох сөхөөгүй байна. Нийгмийн асуудлыг нь шийдэхгүй
байж түүний дараагийн асуудлыг чанга чанга яриад байдаг. Зохистой
хөдөлмөр гэдгийг бид эдлэх ёстой биз дээ. Ядаж найман цагаар
ажилладаггүй юм гэхэд илүү цагийн мөнгө авдаг байх хэрэгтэй. Энэ
асуудлыг шийдэх эрх нь сэтгүүлчдэд байхгүй. Түүнийг дарга нар шийднэ.
Асуудлыг хөндөж ярих байгууллага нь үйлдвэрчний эвлэл.
Учир нь үйлдвэрчний эвлэлд хуулиар олгогдсон эрх нь байдаг. Энэ
ажилтантай та хөдөлмөрийн гэрээ байгуулж н хуулийн дагуу ажиллах ёстой
гэж ажил олгогчдод хэлэх эрхтэй байгууллага нь үйлдвэрчний эвлэл юм.
Цалингийн доод хэмжээ хэвлэл мэдээллийн байгууллагад доод тал нь 600
мянга байна гэдгийг тогтоож өгөх ёсто юм. Хэвлэлийн эрх чөлөөний талаар
ерөнхий ярьж, лоозогнож, уриа тунхаг гаргахын оронд өөрсдийн хөдөлмөрийн
нөхцөлийг яръя гэж бодож байгаа.
-Манайх хэзээ нэг хэвлэлийн эрх чөлөөтэй орон болох бол?
- Миний бодлоор нэг үе шаардагдах байх. Аль аль талаасаа сэтгэлгээний
өөрчлөлт хийх ёстой. Хэвлэл мэдээлэл, хууль тогтоогчид, иргэдийн хувьд ч
сэтгэлгээний өөрчлөлт хийх хэрэгтэй. Бүх зүйлийг нууцлах гэдэг
сэтгэлгээг өөрчлөх ёстой. Иргэн хэн нэгнийг буруутгаад суух биш өөрөө
мэдээллээ олж авах өөрийнхөө төлөө эрхээ хариуцлагатайгаар хэрэгжүүлдэг
сэтгэлгээтэй болох хэрэгтэй. Бизнесийн байгууллага нь зах зээлийн
нийгэмд чөлөөтэй, шудрага, ил тодоор өрсөлддөг сэтгэлгээг хэвшүүлж
ажиллах ёстой. Сэтгүүл зүй нь нийгмийн бодит байдлын тусгал учраас олон
талын оролцоо хэрэгтэй. Гэхдээ 1990 оны байдалтай харьцуулахад нилээд их
эерэг өөрчлөлтийг хийсэн. Хэн ч хамаагүй юу дуртайгаа бичиж болно гэсэн
үзэлтэй байсан. Одоо бол бид ёс зүй, хариуцлага ярьдаг болсон байна.
Адаглаад л 5 w 1h гэдгийг мэддэггүй сэтгүүлч байхаа больсон. Сэтгүүлчид ч
ахиж байна. Иргэд ч ухаантай болж байна.
- Манай хэвлэл хэн нэгний мөнгөнөөс хараат байгааг та юу гэж дүгнэдэг вэ?
- Энэ нь хэвлэл мэдээллийнхэнийг ямар ч ирээдүйгүй болгож байна. Хэт
мөнгөнд улайраад төлбөртэй гээд л янз бүрийн мэдээлэл цацах нь эцсийн үр
дүндээ хэвлэлийнхэнд итгэх итгэлгүй болгож байгаа юм. Гэтэл хэвлэл
мэдээлэл бизнес учраас худалдан авагч тань мөнгөө зарцуулаад сонин
худалдаж авна. Мөнгөө зарцуулахгүй ч гэсэн тухайн телевизийн сувгийг
үзсэнээрээ тухайн байгууллагыг зар сурталчилгааны орлоготой болгож байна
гэсэн үг биз дээ. Хэрэглэгчдэд итгэл үнэмшлээ алдах нь үндсэндээ
бизнесийн хөрсгүй болж байна гэсэн үг. Тэгэхээр ирээдүйг бодохгүйгээр
зөвхөн өнөөдрийн мөнгөөр амьдрана гэдэг нь буруу замаар будаа тээж байна
гэсэн үг.
Т.Хулан
No comments:
Post a Comment