Monday, 3 June 2013

"Хэн ч хариуцлагаас мултрахгүй"

Улсын ерөнхий прокурорын орлогч дарга Г.Эрдэнэбаттай шүүхийн шинэчлэлийн талаар ярилцлаа.

-Хууль, шүүхийн байгууллагад шинэчлэлийн салхи оруулах хуулийн төслүүдийг гардан боловсруулж суугаа тантай ярилцах сэдэв олон байна. Эрүү буюу Гэмт хэргийн тухай болон Зөрчлийн тухай хуулийн төслөө боловсруулаад дууссан гэсэн үү?
-Одоогийн дагаж мөрдөж байгаа 530 гаруй хуульд захиргааны хариуцлага хүлээлгэсэн хэм, хэмжээ олон байна.

Үүнийг мэргэжлийн нүдээр харвал гэмт хэрэг, хууль бус үйлдэл гэж нэрлэж болох  бүх үзэгдлийг Эрүүгийн хууль, Захиргааны хариуцлагын хууль болон нийгмийн харилцааг зохицуулж байгаа 400 гаруй хуулиар зохицуулж байна гэсэн үг. Тэгвэл эдгээр хуулиуд нь хоорондоо маш их зөрчилдөөнтэй. Наад захын жишээ гэхэд нэг төрлийн асуудлыг хэд, хэдэн хуулиар зохицуулж байна. Тухайлбал, иргэн Дорж хууль бусаар мод огтоллоо гэхэд Ойн тухай хууль зөрчсөн гэж гэмт хэрэгт тооцож болно. Ха­рин Захиргааны ха­риуц­лагын тухай хуу­лиар мод ашиглахтай хол­боотой зөрчил гэж бас үзэж болно. Өөрөөр хэлбэл, нэг асуудлыг 2-3 хуулиар зохицуулсан бай­на. Үүнээс болж маш их завхрал гардаг. Дээрээс нь хууль хэрэглэж байгаа хуулийн байгууллагын ажилтнуудад том бэрх­шээл болж байна. Аль хуулиар нь шийтгэх вэ гэж. Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцоод ха­риуцлага хүлээлгэх үү, эсвэл Захиргааны ха­риуцлагын хуулиар зөр­чил болгон шийтгэх үү гээд. Үүнээс болж хуулийн байгууллагын ажилтнууд хуулиа хэрэглэхэд тө­вөгтэй байдал үүсч байна.

-Хуулийн байгууллагын ажилтнуудад өгөөш болж байгаа юм биш үү?
-Нэг талдаа бол тийм. Өнөөдөр тат­ва­раас зайлсхийсэн хэр­гээр буруудсан этгээд хэсэг хугацааны дараа Татварын хууль зөрчсөн зөрчил гаргагч этгээд болж торгуулаад өнгөрч байна шүү дээ. Үүнийг шинжлэх ухааны үндэс­лэлтэйгээр нь харах юм бол хууль бус үйлдэл. Цаашид ийм байдлаар явбал хууль тогтоомжийг хэрэглэхэд улам хүндрэл учирч, шударга ёсыг сахиулах ажил нь өөрөө бэрхшээлтэй болно. Энэ асуудлыг цэгцлэхийн тулд Эрүүгийн хууль тогтоомжийг шинэчилж,  Монголд байгаа хууль бус үйлдлүүдийг төрөлжүүлэн нэгтгэн системжилж хоо­рондоо зөрчилгүй болгох ёстой. Өөрөөр хэлбэл, хариуцлагаас мултрах бо­­­ломжгүй тогтолцоог бүрдүүлэхийн төлөө хэд, хэдэн  хуулийн төсөл боловсруулаад дуусч бай­на.  Үүний тулд эрүүгийн хариуцлага гэсэн ойлгол­тоо Гэмт хэргийн хуу­лиар гаргана. Харин Зөрчлийн тухай хуулийг хариуцлагын тогтолцооны үргэлжлэл болгон зөрчил бүрийг төрөлжүүлэн гаргах учиртай. Нөгөө талдаа хуулийн төслийн давхардал хийдлийг арил­гах зорилгоор шинэчилж байна гэвэл бас эндүүрэл болно. Эрүүгийн хуульд байгаа эрүүжүүлэх бодлого буюу үйлдлийг гэмт хэрэгт тооцох бодлого, түүнд ногдуулах ялын бодлого хоёрт зарчмын шинжтэй өөрчлөлт оруулах шаард­лагатай байна. Одоогийн дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хууль нь 2002 онд батлагдаж 10 гаруй жилийн нүүр үзжээ. Энэ хугацаанд нийгмийн то­дорхой төрлийн гэмт үйлдлүүдэд хариуцлага тооцох чиг үүргээ бол хэ­рэгжүүлсэн. Гэхдээ гэмт хэрэгт тооцох ёстой үйлдлүүдийг бүрэн гэмт хэрэгт тооцож чадаж бай­на уу, үгүй юу гэвэл учир дутагдалтай. Яагаад гэвэл нийгэмд гарч бай­гаа зарим үзэгдлүүд нь Эрүүгийн хуульд заагаагүй гэмт явдал болж байна. Хуульд заагаагүй учраас зөрчил мэтээр ойлгож шийтгэхээс өөрөөр ха­риуцлага тооцож чадахгүй. Тухайлбал, зах зээлийн шударга өр­сөлдөөнийг зөрчин монопольчлол тогтоож,  эдийн засгийн хөгжлийг сааруулж, бусад бизнес эрхлэгчид хохирол уч­руулж байгаа үйлдлийг одоогийн хуулиар гэмт хэрэгт тооцдоггүй. Гэтэл энэ нь бусад оронд бол гэмт хэрэг. Харин манайд бол үгүй.  Энэ мэтчлэн нийгмийг улам доройтуулж байгаа үйлд­лийг гэмт хэрэгт тооцдог болох ёстой.

-Иймэрхүү байдлаар шинээр гэмт үйлдэл гэж заасан тохиолдол хэр их орж байгаа юм бол?

-30 гаруй төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүн шинжийг шинээр тусгаж байна. Агуулгын хувьд Эрүүгийн хуулийн 50 орчим хувийг нь шинэ­чилж байна гэж ойлгох хэрэгтэй. Энгийн жишээ гэвэл Эрүүгийн хуульд хүнийг хууль бусаар хорих, баривчлах гэмт хэрэг гэж бий. Шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг гэсэн үг шүү дээ. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч өөрийн хувийн сэдлээр бусдыг хууль бусаар барьсан бол гэмт хэрэгт тооцож ял шийтгэдэг тогтолцоо. Тэгвэл үүнийг бид өнөөдөр ямар утгаар нь харах вэ гэвэл хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдах гэмт хэрэг гэж үзэж байна. Хуулийн байгууллагын ажилтнууд Хууль сахиулагчийн үйл ажиллагааны тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж хүний эрх чөлөөнд хал­даж баривчилвал гэмт хэрэгт тооцохоор заах жишээтэй.  Энэ нь өнгөцхөн харахад ноцтой ялгаа байхгүй юм шиг атлаа үнэн хэрэг дээрээ хүний эрх чөлөөнд халдаж байгаагаараа гэмт хэрэг. Өөрөөр хэлбэл, хуульд заасан үндэслэл журмын дагуу биш,  шүүхээс зөв­шөөрөл авалгүйгээр хүнийг баривчилснаа шударга ёсны төлөө гэх нэрээр хайцаалж бо­лох­гүй. Ийм байдлаар нийгмийн үнэт зүйлсийг хамгаалсан зүйлийг хийе гэсэн зорилгоор хэд, хэдэн хуульд шинэчлэлт оруулж байгаа юм.

-Гэхдээ хууль бо­ловс­руулагч та бүхэн өөрчлөлт, шинэчлэл оруулахын тулд судалгаа хийсэн биз дээ. Сэтгэл хөөрлөөр хандсан, бусдын ятгалга үнэмшилд автсан байх вий гэж зарим хуульч санаа зовниж байгаа. Ялангуяа, давтан гэмт хэрэг гэж байхгүй болгосон гэх юм билээ?
-Эрүүгийн хууль тог­­­тоомжийн хэ­рэгжилтийг 2002 оноос хойш л судаллаа. Зөвхөн судалгаанд тулгуурлаж шинэ хуулийн үзэл ба­римтлалыг боловс­руул­сан. Хуулийн төс­лийг боловсруулахдаа нийг­мийн хэрэгцээ, бодит байдалд зохицохгүйгээр боловсруулвал эргээд хортой үр дагавар авч­рах нь ойлгомжтой. Тэгэхээр бүх өөрчлөлт нь урьд өмнө нь хийгдсэн судалгаа, нийгэмд үүсээд байгаа бодит хэрэгцээ шаардлагад тулгуурласан юм шүү. Та сая асууж байна. Давтан гэмт хэрэг үйлдсэн хүнд ногдуулах хариуцлага өөрчлөгдсөн тухай. Үнэхээр өөрч­лөгдсөн. Одоогийн Эрүү­гийн хуулиар давтан үйлд­сэн бол хүндрүүлэн үзэх шалтгаан гээд хатуу чанга хариуцлага тооцдог механизмтэй. Тэгвэл эрүү­гийн эрх зүйд нэгэн чухал зарчим бий. Энэ нь хүний үйлдсэн гэмт хэрэгт нь нэг л удаа шийтгэх ёстой гэж. Өмнө нь то­дорхой хэмжээгээр ял шийт­гүүлсэн нөхөр  дахин гэмт хэрэг үйлдсэн бол сүүлийнхээ тохиолдолд шийтгүүлэхээс биш “Чи өмнө нь гэмт хэрэг үйлдэж байсан засрахгүй этгээд” гэж ялын тоог нь нэмж болдоггүй зарчимтай. Ийм л учраас давтан гэж хүндрүүлэх бус үйлдсэн хэрэг бүрт нь шийтгэл ногдуулах нь илүү шударга гэж үзэж байна.

-Тэгвэл иргэн Дорж албан тушаалд байхдаа баригдалгүйгээр 10 удаа төсвийн мөнгөөс хувьдаа авч. Хэрэг бүрээр нь шийт­гэнэ гэвэл нэгд нь гурван жил ногдууллаа гэхэд нийтдээ 30 жилээр шийтгүүлэх нь. Хүний амь хөнөөснөөс илүү ял авах юм байна. Давтан үйлдлийн тухайд илүү хүн­дэрч байгаа юм биш үү?
-Мэдээж хуулийн зохицуулалтын хүрээнд тухайн бүлэгт заасан ялын дээд хэмжээнээс хэтрэхгүйгээр шийтгэнэ гэж хуульчилж өгсөн. Энэ нь бүлэгтээ байгаа ялын дээд хэмжээнээс хэтрэхгүйгээр шийтгүүлнэ гэсэн үг.

-Ямар гэмт хэрэг үйлд­­­вэл хамгийн дээд ял ногдуулж байна. Мэдээж бусдын амь насыг са­наатайгаар хөнөөсөн хэрэг багтана?

-Энэ тал дээр одоо­гийн Эрүүгийн хуулиас үзэл баримтлал, зарчмын хувьд ноцтой өөрчлөгдсөн зүйлгүй. Бид хүний амь нас, бэлгийн халдашгүй байдал, үндэсний аюулгүй байдал, нийгмийн аюул­гүй байдал, хүн тө­рөлхт­ний аюулгүй байдал гэ­дэг зүйлсийг хамгийн чухал үнэт зүйлд тооцсон хэвээрээ. Өөрөөр хэлбэл, Гэмт хэргийн тухай хуу­лиар бусдын амь насыг санаатайгаар хөнөөсөн бол бүх насаараа хорих ялтай. Бага насны эмэг­тэй хүчиндсэн бол бүх насаараа хорих ял шийт­гүүлнэ. Нийгмийн аюулгүй байдалд ноцтой халдсан террор үйлдсэн хүн бүх насаараа хорих ял шийтгүүлэх гэхчилэн зааж байна.

-Шинэ хуулиар ба­ривчлах ялыг халж буй гэсэн. Тэгэхээр Дэнжийн 1000 дахь саатуулах төвд аваачиж саатуулахаа болино гэсэн үг үү?

-Бодит мөн чанараар нь авч үзье. Баривчлах ял гэдэг юу вэ гэж. Одоо дагаж мөрдөж бай­гаа Эрүүгийн хуульд ба­­ривчлах ял гэдгийг хүний эрх, эрх чөлөөг хяз­гаарлаж байгаа нэг хэлбэр. Баривчлах ялд ач холбогдолтой нэгэн зорилго бий. Энэ нь тухай хүнийг богино хугацаагаар ганцаарчлан нийгмээс тусгаарлан эрх чөлөөг нь хязгаарлаж байгаа шинжтэй. Үүний цаана гэмт хэрэг үйлдээд зан нь эвдэрсэн хүмүүстэй хамт байлгахгүй, нөлөөнд оруулахгүй, зан төлвийг нь эвдэж өөрчлөхгүй гэ­сэн зорилго бий. Өөрөөр хэлбэл, улам бүр гэмт хэрэгтэн болгохгүй зөвхөн ганцааранг нь цээрлүүлнэ гэсэн сайн зорилготой. Гэхдээ мөн чанараараа хорьж байгаа хэрэг. Одоо харин хорих ялыг яаж эдлүүлэх вэ гэдгийг шинэ нүдээр харах ёстой. Ер нь хорих ялыг заавал бөөнөөр нь эдлүүлэх ёстой юм биш. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг цуг байлгаж, удаа дараа гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн нөлөөнд оруулахгүйн тулд салгах тусдаа ял эдэлдэг тогтолцоог бүрдүүлэх нь илүү чухал. Түүнээс биш хорих ял нь дотроо хоёр янз байна. Нэг нь хүнийг ганцааранг нь байлгах, нөгөөх нь ол­­ноор нь хорьдог бай­на гэж хуульчлах нь тийм ч зохимжтой биш. Энэ хуулийн да­раа ял эдлүүлэх үйл ажил­ла­гаа­тай холбоотой эрх зүйн зохицуулалтыг ши­­нэчилнэ.  Үүнд юу хийх вэ гэхээр хорих ялыг хүн болгонд нь то­хирсон хэлбэрээр нь эд­лүүлдэг, бусдын нө­лөөнд автуулахгүйн тулд ганцааранг нь хорих хү­­нийхээ дэд бүтцийг бүрдүүлэх боломжтой болох ёстой. Энэ утгаар нь баривчлах, хорих нь нэг л ял юм. Өөрөөр хэлбэл, долоо, 14, 30, 90 хоног гэх мэтээр тохиромжтой хэлбэрээр шүүх ялаа ног­­­дуулсны дараа ган­цаарчлан хорих уу, бусад хүнтэй хамт хорих уу гэдгээ шийднэ.

-Хууль сахиулагчдын үйл ажиллагаа доголдолтой байдаг тухай хатуу шүүм­жилдэг хүний нэг нь та. Хуульчид өөрсдөө хуу­лийг гажуулдаг гэж. Энэ харилцаанд нэлээд өөрчлөлт орж байна уу?
-Шүүмжлэл дагуулдаг нэг том сэдэв бол энэ. Өнөөдөр цагдаагийн бо­лон бусад гэмт хэрэгтэй тэмцдэг, зөрчлийг шийд­дэг байгууллагын үйл ажиллагааг нь зо­хицуулсан хууль дутаг­далтай байна.  Цагдаа нар гэмт хэргийг илрүүлж шалгахдаа яаж ажиллах вэ, зөрчлийг шийдэхдээ яаж ажиллах вэ гэдгийг нь нарийвчлан зохицуулсан хуульгүйгээс үүдсэн ал­даа, хор уршигтай үйл явдал бол дэндүү их гарчээ. Хамгийн тодорхой жишээ гэвэл 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг юм. Манай нийгэмд хэдэн сараар цагдаагийн албан хаагч галт зэвсэг яагаад хэрэглэсэн бэ. Хэрэглэх ёстой юу байсан уу, үгүй юу гэж л маргалаа шүү дээ. Эцсийн дүндээ хэрэглэж болно, болохгүй гэж шүүмжилснээс биш  хуульд юу гэж заасан тухай нэг ч хүн яриагүй. Хэрэв цагдаагийн ал­бан хаагч галт зэвсэг хэрэглэх тухай  хуульчлаад өгчихсөн байсан бол энэ асуудал маргаан дагуулах зүйл ердөө биш. Хуульд заасны дагуу галт зэвсэг хэрэглэсэн үү, түүнийгээ зөрчсөн үү гэж л шийдэх ёстой байсан юм. Ха­рамсалтай нь, хуульд нь ямар тохиолдолд, хэрхэн яаж галт зэвсэг хэрэглэх тухай нарийн зааж өгөө­гүйгээс болж нэр бүхий хүмүүс буруудаж байгаа юм. Цаашдаа ийм байж болохгүй.  Гэмт хэрэг мөрдөж байгаа бол үйлдэл бүр нь хуульчлагдсан байх ёстой. Нийгмийн дэг журам сахиулж бай­гаа бол үйлдэл бүр нь хуульчлагдсан байх ёс­той. Тэгж байж хууль са­хиулагч гэдэг хүн өөрийн үзэмжээр ажилладаггүй, зөвхөн хуульд заасан зүй­­лийг хийдэг гэсэн ойл­голт нийгэмд буух ёстой.

-Та Улсын ерөнхий прокурорын орлогч дар­гаар томилогдоод багагүй хугацаа өнгөрчээ. Танай прокурорт хууль, шүүхийн шинэчлэл өрнөж байгаа биз дээ?
-Прокурорын бай­гууллагад өөрсдийн ха­риуцлага, хяналтын тогтолцоогоо сайжруулах, үйл ажиллагаа явуулахад боломжит нөхцлийг бүр­дүүлэх шинэчлэлийг хоёр жилийн турш хийж байна. Хууль зөрчсөн албан тушаалтантай ха­риуцлага тооцох, шу­даргаар ажил­лах прокурорыг томилох гэхчилэн адар­маа төвөгтэй ажлууд хийж л явна. Үүнтэй зэрэгцээд Прокурорын байгууллагын тухай хууль, үйл ажиллагаанд нь мөрддөг дүрэм журмыг өөрчлөх ёстой гэж үзсэн. Энэ хүрээнд дотоод дүрэм журам, заавраа өөрчлөөд бараг дуусч байна. Гэх­дээ төгсгөлдөө хүрэх болоогүй. Эцсийн дүндээ прокурорын ажилтнууд Үндсэн хуульд заасан үнэт зүйлийг хамгаалах, нийтийн эрх ашгийн төлөө гэсэн хуульч  байх ёстой.

-Хуулийн байгууллага дотроо прокурорыг улс төржүүлж ярих нь бий. Хэрэг шүүхийн шатанд очих хүртлээ прокурорын мэдэлд байдаг. Тэр ут­гаараа авлига аваад хэр­­­­­­гийг нааш, цааш нь болголоо гэх хардлага байдаг?
-Прокурорын бай­гуул­­лага нь шүүх эрх мэд­лийн тогтолцоо дот­роо хардлага сэрдлэг, үл итгэх байдлыг өөр дээрээ авчрах хувь та­вилантай. Гэмт хэрэг үйл­дэгчийн муу муухайг илчилж гэдэг утгаараа прокурор шиг муу хүн байхгүй. Гэтэл хуульчдын нэг чухал зүйл нь аливаа хэргийг эргэлзээгүйгээр баримтаар нотолсны дараа хүнийг буруутгах зарчим юм. Хэдийгээр хүн бүрийн нүдэнд энэ хэргийг тэр хүн хийсэн гэж хардах үндэслэл байгаа ч нотлох баримтаараа нотолж чадахгүй бол прокурор түүнийг нь хэргийг хэ­рэгсэхгүй болгож таарна. Энэ тохиолдолд хүмүүс тухайн хэргийг нотолж чадаагүйг нь олж харахаас илүү тухайн хэргийг хэ­рэг­сэхгүй болгосон про­курорыг хувийн сонирхлоор хандлаа, ав­лига авлаа гэнэ. Хардах нь зүй ёсны хэрэг. Ийм хардлагыг энэ дэлхийн аль ч улсад халж сольж чадаагүй. Энэ бол байх ёстой зан чанар юм.

-Гэхдээ практикт про­­курорууд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллахаас бус  цагаатгах талыг нь яагаад барим­талдаггүй юм бэ?

-Шударга ёсыг хү­нээс хүлээгээд олон жил боллоо. Дэлхийн ор­нууд шударга ёсыг тогтоохын тулд шударга үйл ажиллагааг хуульчилж өгөөд түүндээ найдах нь илүү ач холбогдолтой гэж ойлгосон байдаг.  Бид нар эргэлзээ дагуулж байдаг зүйл дээр шударга ёсыг явагдах процессд эрх мэдлийг нь шилжүүлэх ёстой гэж үзэж байна. Шүүгч, прокурор, өм­гөөлөгч асуудлыг шийд­дэг биш шүүн таслах ажил­­лагаа асуудлыг шийддэг байх ёстой юм. Мөн чанараараа тэр хү­нийг ялла, буруутга гэж томилсон шүү дээ. Нийтийн эрх ашгийн төлөө тодорхой хүнийг буруутгах гэж байгаа прокурорт салаа ажил өгөх нь угаасаа төвөгтэй. Тэгээд ч нөгөө талд нь буруутгаж байгаа хүнийг өмгөөлөх эрхийг нь өм­гөөлөгчид өгсөн байгаа шүү дээ.
Д.БОЛОРМАА

Эх сурвалж: www.polit.mn

No comments:

Post a Comment