Tuesday, 11 June 2013

Ш.Дулмаа: Зүрхнээс гарсан гэрэл зүрхэнд шингэдэг

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч хаан найргийн хатан эх Шагдарын Дулмаатай ярилцлаа.
.
-Таны төрж өссөн нутаг ус, хүүхэд ахуй насны талаар ярилцлагаа эхэлье?
-Миний бага насны амьдрал Монголын тэр үеийн хүүхдүүдийнх шиг л хөдөө өсч цэцэг, солонго хоёрын сайхныг гайхан цэнгэлтэй, хөөр баяртай зүггүйтэж, зүлэг ногоон дээгүүр гүйж, аргалчин ээжийнхээ хормойноос зүүгдэж, алаг чулуугаар гэр барин тоглож, нар, газар хоёрын дунд л наадан баяч өссөн дөө. Миний төрж өссөн нутаг хуучнаар Төв аймгийн Авдарбаян сум одоогийн Сэргэлэн, Баянцагаан, Баян сумын зарим газрыг багтаасан өргөн уудам нутагтай малчин ардын нутаг сэлгэн нүүхэд нэн таатай ой хээрийн сайхан бэлчээртэй, онгон дархан овоо тахилгатай сайхан нутаг. Би хүүхэд ахуй цагтаа сурлага сахилгаар сайн, сургуулийн уран сайхны бүлгэмд явдаг дуу, хөгжим бүжигт авьяастай охин байсан.
Сургуулийнхаа урлагийн тоглолтод Төрийн шагналт Ч.Чимэдийн “Би монгол хүн”,  Ц.Дамдинсүрэнгийн “Буурал ээж”, “Зугаацахаар мордсон нь” зэрэг шүлэг уншиж, уран уншигч болж явлаа. Мөн сургуулийнхаа жүжгийн дугуйланд явж тэр үеийн эсэргүүнүүдийг дарсан тухай жүжигт тоглож байлаа. Биеийн тамирын “Овоолго” гимнастик, уран нугаралт хавсарсан тоглолтод идэвхтэй оролцож сургуулиас шагнал, сайшаал олныг хүртэж байсан.
Багаасаа хөдөө хөл нүцгэн гүйж хурга, тугал эргүүлж, хонь малаа сааж, айраг бүлж, тараг бүрж, ааруул тавьж хөдөөний амьдралд хүн болох их ухаанд суралцсан. Хамгийн чухал нь би хүүхэд насандаа хүнийг өрөвдөн хайрлах ухааныг аав, ээжээсээ сурсан. Манай аав, ээж ядуу хүмүүст байнга тусалж байдаг нь хожим намайг шүлэг бичихэд энэрэхүй нандин сэтгэлийн тухай бичих ухаарал хайрласан гэж боддог юм. Ер нь хөдөөгийн хүүхдийн амьдрал бол монголын малчин ардын агуу гүн ухаан, үр хүүхдээ сурган хүмүүжүүлж байсан амьдралын том сургууль байсан гэхэд болно. Тэр үед аав, ээжийн маань сургааль бол  өнөөгийн сурган хүмүүжүүлдэг багш нарын  үгнээс ч дутуугүй үнэтэй жинхэнэ хүн болж өсөх их монгол ухаан байсан юм.
-Та монголын эмэгтэй цөөн зохиолчдын нэг. Бүтээлээ ид туурвиж байх үеийн дурсамжаасаа хуваалцаач?
-Эмэгтэй хүн зохиол, яруу найраг бичнэ гэдэг тийм амар зүйл биш. Гэлээ ч хүний хүсэл мөрөөдөл, авьяас билэг гэдэг ямар ч саад бэрхшээлийг даваад л гардаг юм билээ. Зарим хүн эмэгтэйчүүдийг дорд үзэж та нарын зохиол бичих гэж юу байсан юм.
Гэрийн ажлаа хийгээд хүүхдээ хараад сууж байвал барав гэх нэгэн ч зохиолчдын дотор байсан. Гэвч тэгж басаж байсан хүн хожим надаас гойд дээр гоц юм бичээгүй л насыг элээсэн дээ. Намайг анх шүлэг бичээд гарч ирэхэд зарим нь энэ сүрхий сайхан биччихсэн байх чинь хэнээр бичүүлээ юм бол гэх ч юм уу? Хэн засч өгсөн юм бол гэж их хардаж ярихыг сонсоод жаахан гомдмоор санагдаж байсан. Би Монгол Улсын Төрийн шагналт Ч.Чимэд багшид зовлонгоо хүүрнэлээ.
Намайг шүлэг бичихээр хүмүүс хэнээр бичүүлж хэнээр засуулсан юм бол гээд ярьдаг гэнэ. Би ер нь шүлэг бичихээ больдог юм уу гээд хэлсэн чинь багш их дургүй нь хүрсэн бололтой. Муусайн юмнууд өөрснөө олигтой бичиж чадахгүй, авьяасгүй хүмүүс атаархсандаа л тэгдэг юм. Тийм үгийг бүү хайхарч бай. Тэнгэр бурхнаас заяасан төрөлхийн авьяас гэж байдаг юм. Чамд энэ талаар нэлээд юм бий. Байгаа юмаа л хөгжүүлэхийг бод. Хүний тархинд байгаа юмыг хэн ч булааж авч чаддаггүй юм. Битгий уруу царайлаад бай. Багшийнхаа үгэнд ор. Харин сайн бичихийг л хичээ гэж билээ. Багшийн энэ үг одоо болтол миний сэтгэлд тодхон байдаг юм. Тэгээд эмэгтэй хүнд шүлэг бичих амаргүй ч миний араас гарч ирсэн авьяаслаг хүүхнүүддээ би баярлаж тэдний шинэ сайхан бүтээлээр амьсгалж цэнгэж, баярлаж бахдаж явдаг.
Би монголын уран зохиолын тансаг өргөөний хаалгаар анхны шүлэгтэйгээ орж ирснээс хойш 60 гаруй жил шүлэг бичиж нэлээд олон шүлгийн ном, роман, тууж, баримтат кино, хошин шог гээд багагүй зүйл бүтээжээ. Харин миний араас гарч ирсэн С.Оюун, Ц.Хулан, Б.Ичинхорлоо, Г.Мөнхцэцэг, Ж.Сарантуяа, нар бол миний шавь Ш.Лхамноржмаа,  Б.Болорцэрэн, Д.Отгонцагаан, Ц.Дэлгэрмаа нар болон хамгийн отгон шавь Б.Болормаа мөн эрдэмтэн, доктор профессор Х.Сүглэгмаа, Д.Сумъяа гээд тоолж баршгүй олон сайхан яруу найрагч бүсгүй Монголын уран зохиолын залуу халаа болон их утга зохиолд мөрөө үлдээж, нэрээ дархалж явна.
Энэ бол манай уран зохиолын их далайд бүсгүйчүүдийн уран санаа, уянгалаг дуу хоолой нэгэн цутгалан болон нийлж байгаа гэсэн үг. Миний шавь яруу найрагчид аль хэдийнэ өөрсдийн уран бүтээлээр бахархам сайхан амжилт гаргаж байгаад би бахархаж байна. Дэлхийд монгол хүний оюун ухаан гайхагдаж сэтгэлгээний урлаг, биеийн хүч чадал, ухааны их тэнхэл мандан бадарна гэдэгт эргэлзэхгзүй байна.
-“Хар нүдэн бүсгүй” дууг мэдэхгүй хүн цөөн. Энэ сайхан дууны шүлэг таных. Дуу хэрхэн бүтэж байв?
-Миний бичсэн “Зүрхний наран”  гэдэг шүлэг байдаг. Наяад онд хөгжмийн зохиолч Б.Магсаржав, дуучин Х.Уртнасан, Цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин Н.Амгалан, “Морины” Г.Батбаяр бид хэд хилээр явж концерт тоглож  уулзалт хийж байсан. Тэгэхэд Сулинхээрийн застав дээр байх үед дээ нэг бага даргын гэр бүл,хөөрхөн хорголжин хар нүдтэй бүсгүй бидэнд хоол зөөгөөд гүйж явсан. Энд шувууд нисэхгүй, хярхаг хаяа нь харагдахгүй хязгаар нутагт энэ хөөрхөн бүсгүй яаж он жилийг туулна даа гэсэн юм бодож суулаа. Тэгээд маргааш өглөө нь цайгаа уусны дараа өрөөндөө ирээд тэр бүсгүйн тухай бодлоо бэлчээж суутал ийм хоёр мөр сэтгэлд буугаад ирсэн юм.
“Зүүдэнд гийх саран байгаарай
Зүрхэнд гэрэлтэх наран байгаарай” гэсэн дахилт маягийн юм орж ирсэн. Тэгээд л энэ дууны үгийг гурван бадаг болгож бичээд сууж байтал хөгжмийн зохиолч Б.Магсаржав ороод ирэхээр нь бас нэг ийм дуу бичлээ гээд үзүүлсэн чинь ямар гоё үг вэ? гээд шүүрч аваад гараад явчихлаа. Орой нь бид цэргүүдэд концертоо тоглоход Ш.Дулмаагийн шүлэг, Б.Магсаржавын ая “Зүрхний наран” Г.Батбаяр дуулна гээд зарладаг байгаа. Ингэж энэ дуу тэр дороо хилчдийн дунд амнаас ам дамжин түгээд бүр сүүлдээ “Хилийн заставын хар нүдэн бүсгүй”  гэсэн нэрээр дуулагдаж олонд түгсэн түүхтэй.
-Яруу найраг, шүлэг уран бүтээлийн талаар таны бодлыг сонсвол уншигчдад сонин байх болов уу?
-Яруу найраг бол сонсох уран зураг, уран зураг бол харах яруу найраг гэдэг үгтэй би бүрэн санал нийлнэ. Уран зургийн тэр яруу сайхан өнгө, будаг дүрслэл бол чухамдаа будгаар илэрхийлсэн яруу найраг гэж би боддог. Манай байгалийн уран зураач Цэмбэлдоржийн  олон сайхан зургаас  би говийн тухай олон сайхан шүлгийн санаа олж байсан. Ер нь уран зургаас сайхан таашаал авч сайн шүлэг бичих онгод буудаг гэж би хэлж чадна. Манай яруу найрагчдаас Бавуугийн Лхагвасүрэн, Пунцагийн Бадарч, Ринчиний Чойном нарын шүлгүүд уран зургийн дүрслэл мэт тод дүрслэн үзүүлсэн шүлгүүд байдаг. Энэ бол уран зургийн нүд, яруу найргийн өнгө аястай хослон буусны илэрхийлэл гэж би боддог.
М.Цэмбэлдоржийн зурсан Гималайн уулын зургийг хараад сайхан шүлэг бичиж болно гэж би боддог. Харах сэтгэхийн их туйл дээр уран зураг, яруу найраг хоёр бие биедээ бурхнаас заяаснаараа их ойр дотно юм. Монголын утга зохиол агуу их өв уламжлалтай. Бидний ахмад үе монгол хүний сэтгэхүй, аж байдал, байгаль ертөнцийн олон үзэгдлийг чадал авьяасынхаа хүчээр дүрслэн үзүүлж хүнд хүчир үе, дайн тулаан, ган зуд, аливаа бүхэнд ард түмнийхээ оюун санааг гэгээрүүлж, урам хайрлаж ухаан нь тэлээсэй гэж бодит амьдралыг магтан дуулдаг. Мөн хүний сэтгэл оюуны ертөнцөд гэрэл гэгээ түгээх, эерүүн бодол энэрэхүйн нандин чанарыг харуулсан шүлэг найраглалыг өргөн олондоо хүргэхийг чухалчилж байлаа. Харин өнөөгийн ороо бусгаа цагт зарим залуучууд олон “измүүдийн” учрыг олох гэж бас гадныхныг дуурайн амьдралыг хар бараанаар үзүүлэх нь нэлээд элбэг болжээ.
Амьдрал тэртэй тэргүй хямралтай байхад зохиолч, яруу найрагч бид дээрээс нь хүний сэтгэлд гэрэл гэгээ нэмэхгүй, хүмүүст сэтгэлийн дэм өгөхгүй, улам муу муухай юм бичиж нэрмээс болохын хэрэг байна уу гэж боддог.
6
-Та одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
-Хайрын шүлгүүдээ эмхтгээд ном болгох санаатай сууж байна. Зарим албан байгууллага, сургуулиудад яруу найргийн уулзалт хийж байна. Шинэ залуу яруу найрагчдынхаа бүтээлийг болон дэлхийн зохиолчдын шилдэг номоос уншаад барахгүй л сууна. Их олон ном гарчээ.
-Таны амьдралаас олж авсан хамгийн том олз юу вэ?
-Хүнийг хайрлах сэтгэл юм. Хүн хүнээ хайрлана гэдэг хүн төрөлхтний агуу их энэрэл хайр, ухаалаг сэтгэл. Мандан бадрахын гэрэл гэгээ юм.
-Та “Амьдрал хайр дээр тогтдог” хэмээх сайхан дуу бичсэн. Энэ үг ард түмний дунд зүйр үг шиг тархжээ?
-Амьдрал ерөөсөө хайр дээр л тогтдог. Хүн өөрөө хайраас амилсан. Энэ хайр дээр эцэг эхийн хайр, үр хүүхдээ хайрлах хайр, хань ижлээ хайрлах хайр, эх дэлхийгээ хайрлах хайр дээр оршин тогтнож байгаа юм. Хайр гэдэг бол хүний зүрхнээс гарсан гэрэл зүрхэнд нь очиж шингэдэг аугаа их сэтгэлийн гэрэл гэгээ юм.
6
-Буурлаас үг сонс, болсноос ам хүрт гэдэг. Ахмад зохиолчийн хувьд залуу зохиолчдод хандаж юу хэлэх бол?
-Эзэн Чингисийн удамтай их монголын эрдэнэсийн их сантай, өгөөмөр баян газар нутаг дээр амьдарч байгаа бид  эв эеийг эрхэмлэж, энэ сайхан нутагтаа эзэн шиг эзэн байж, хүн бүр өөрийгөө боловсруулж хөгжүүлж, хөдөлмөр бүтээлээр жигүүрлэж “Монгол хүн “гэсэн агуу нэрэндээ эзэн байж эх орноо хөгжүүлнэ гэсэн нэгэн сэтгэл зорилгоор бүтээж, хөдөлмөрлөж сэтгэн бодож чадвал бидэнд эрдэнэс баялаг, мал сүрэг, уудам тэнэгэр газар нутаг цөм байна. Гагцхүү эх оронч сэтгэл л дутаж байна.
Монгол орон уудам дэлгэр, агаар ус нь тэгшхэн, дэлхийн дээвэр болсон Гималайгаас дутахгүй Отгонтэнгэр, Хан Хөхий, Богд хан, Бүрэн хан уул зэрэг олон сайхан уул усны илч гэрэл, өгөөж хишиг монгол түмнийг гийгүүлж байна.
Монгол орон мөнхийн их гэрэл гэгээтэй, хөгжил дэвшилтэй агуу сайхан улс. Энэ оронд эзэн болж төрсөндөө хүн бүхэн баярлаж явах хэрэгтэй. Тийм ч учраас монгол хүн бүхэн оюун ухааны их чадамжтай сэтгэлийн энэрэл өгөөжтэй өгөөмөр баян оюун ухаантай байдаг учраас дэлхийн түмний соёлын их өв санд монгол хүний байраа эзлэх бүтээл оюунаараа гайхуулах эрин цаг хэдийнэ иржээ. Тиймээс манай төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс дэлхийн дэвжээнд байраа эзэлж байгааг бид бахархалтайгаар харж байна.
Монголын залуучууд минь эрдэм номдоо шамдаж ажил амьдралынхаа их замд ямагт хошуучилж, XXI зууны хүн төрөлхтний хөгжилд гар бие оролцон дэлхийд гайхуулж явна гэж итгэдэг. Харин залуу уран бүтээлчдээс эх орноо гэсэн хүнлэг сайхан сэтгэл үнэртэж, амтагдсан олон сайхан уран бүтээл туурвиж байгаарай гэж хүсэх байна. Хүмүүсийн сэтгэлийн зулыг бадраах гэрэл гэгээтэй, уянгалаг мэдрэмжтэй, хүн хүнээ хайрлах аугаа их эерэг энергитэй  уран бүтээлийг туурвиж ард түмнийхээ зүрх сэтгэлд байраа эзлээрэй гэж залуу уран бүтээл, яруу найрагчдадаа хүсэн ерөөе.
6
П.Наран

No comments:

Post a Comment