-Таныг анх тав, зургаан настай байхдаа харж байсан. Ийм олон жилийн дараа уулзаж ярилцлага авах тохиол учирна гэж санасангүй. Миний анхны ой тойнд та хотоос ирсэн том сайд дүрээрээ л үлдсэн байна. Юуны өмнө урилгыг минь хүлээж авсанд баярлалаа?
-Би танд ч бас баярлаж байна.
-Нийгэм үймээн шуугиантай, сэтгэл дундуур байх шалтгаан ихсээд ирэхээр хүмүүсийн сэтгэлд өөрийн эрхгүй урьдын амар амгалан, тайван, сэтгэл зүй нь эвдрээгүй тэртээх өнгөрсөн цаг хугацаа үнэд ордог юм шиг. Та бол социалист нийгэмд амьдралынхаа ид идэвхитэй үеийг өнгөрөөсөн, тухайн үед өндөр албан тушаал хашиж явсан хүн. Тэгэхээр яаж яваад харилцаа холбоо гэдэг юмтай хувь заяагаа холбосон тухай эхлээд сонирхмоор байна?
-Би 1955 онд Хөвсгөл аймгийн Мөрөнгийн 10 жилийн дунд сургуулийг төгссөн. Сургуульд гайгүй суралцаж байсан юм байлгүй 10 жилээ онц төгссөн. Тэр жил манай сургуульд гадаадын хоёр хуваарь очлоо. Тэгээд онц төгссөн хоёр хүүхдээ явуулахаар шийдэж, Зөвлөлтөд сургуульд явах боллоо.
-Та малчин айлын хүүхэд үү, албан хаагч, эсвэл сэхээтэн айлын хүүхэд үү?
-Албан хаагч биш юмаа, зүгээр л ажилчин улсууд. Манай аав бол модны дархан, мужаан хүн байсан юм. Ээж маань оёдолчин, сүрхий үйл хийдэг хүн байлаа. Би Мөрөнгийн төвийн энгийн л амьдралтай, олон хүүхэдтэй айлд төрж өссөн хүн.
-Тийм олуулаа юм уу?
-Эцэг эх маань 11 хүүхэд төрүүлснээс ес нь амьд мэнд өсч бойжоод, цөмөөрөө сургууль соёл төгсч мэргэжил эзэмшсэн. Тэдэн дотроос хоёр хүүхэд нь сайдын зэрэгт хүрсэн юм. Нэг нь манай хамгийн том ах, генерал Д.Бавуу гэж хүн. Барилгын Цэргийн удирдах газрын дарга, Батлан хамгаалах яамны орлогч сайд их олон жил хийсэн дээ.
-Сонин, бас сайхан тохиолдол байна. Төрсөн ах дүү хоёр хоёулаа сайд болно гэдэг бахархал биз дээ?
-Аав ээж маань бахархаж л байсан байлгүй дээ гэж бодох юм.
-Та дээрээсээ хэд дэх нь вэ?
-Би тав дахь нь.
-Таныг орлогч сайд болоход ах тань сайд болчихсон байсан уу?
-Намайг томилогдохоос нэг жилийн өмнө манай ах Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны орлогч сайдаар томилогдоод байсан юм. Тэгээд нэг жилийн дараа би Холбооны яаманд томилогдож ирсэн.
-Мөрөнгийн 10 жилийг тэр жил хоёр хүүхэд онц төгсч, ЗХУ-д сурахаар явж байсан юм байна. Нэг нь ямар хүн байв?
-Чимэд гээд хүн байсан юм. Хөвсгөл аймгийн Бүрэнхаан сумын хүн. Москвагийн Хөдөө аж ахуйн механикжуулалт, цахилгаанжуулалтын дээд сургуульд очоод төгсөж амжилгүй хүрч ирсэн. Тэгээд эндээ Эдийн засгийн дээд сургууль төгсөөд, насан турш одоогийн Удирдлагын Академид багшилж байгаад зайлуул арваад жилийн өмнө нас барчихлаа. Эдийн засагч, дэд эрдэмтэн тийм хүн байсан юм. Бид Орост сургуульд явахаар хуваарилагдаад Улаанбаатарт орж ирдэг юм. Тэгээд тэр гадаадад сургуульд явах улсуудыг Намын Төв хороо шийддэг байлаа шүү дээ. Би боддог юм тэр бол маш зөв, их чухал юм байж дээ гэж. Нэгдүгээрт, сургаж бэлтгэж авах хүмүүсээ сонгох сонголт их хариуцлагатай хийгддэг. Хоёрдугаарт, Төв хорооны төвшинд нийгмийн бүх л салбаруудын шаардлагад зохицуулж боловсон хүчин бэлтгэхийн тулд тусгай бодлоготойгоор хүмүүсээ явуулдаг. Мэдээж гадаад орнуудад шүү дээ.
-Бараг л сурагч байхаас нь судалдаг байсан юм шиг байдаг?
-Ер нь тийм юм шиг билээ. Тэгээд Намын Төв хороон дээр ирсэн. Ямар сургуульд явахаа ч мэдэхгүй, хөдөөнөөс орж ирж байгаа юм. Тэгсэн чинь Төв хороон дээр хүлээж аваад л за, Москвагийн Холбооны сургуульд явна даа гэсэн. Анх гэхдээ намайг инженер, эдийн засгийн ангид хуваарилдаг юм.
-Тэр үед Москвагийн Холбооны Их сургууль гэдэг нь тусдаа байсан юм уу?
-Тусдаа байсан.
-Техникийн их сургуулиасаа тусдаа?
-Тийм. Ер нь Холбооны Их сургууль чинь их сонин. Одоо танай сонины Х.Бүрэнтогтохын төгсдөг МЭИ-тэй нэг үе хамт байсан байгаа юм. Москвагийн холбооны сургууль чинь. Тэгээд сүүлд салсан. Тийм ч учраас байршил нь нэг дор байдаг байхгүй юу. Одоо ч гэсэн тэндээ.
-Хэлний бэлтгэлээ хаана хийж байв. Эрхүү хотод уу?
-Ерөөсөө шууд очоод л орчихсон. Бэлтгэл мэлтгэл гэж ч байхгүй.
-Арван жилд орос хэл жаахан үзчихсэн. Тэгээд л эрчээрээ тууж оров уу?
-Үгүй, одоо яахав дээ, үзсэн л нэртэй. Манай Хөвсгөлийн дунд сургуульд германд суралцаж байсан, германаар овоглодог олон хүмүүсийн нэг герман Бавуу гэж багш байсан юм. Тэр багш маань сонин түүх ярьдаг юм. Би өөрөө ч сайн бүтэн санадаггүй тийм түүх. Манай сургуулийн 60 жилийн ой болж би сургуулийнхаа тухай нэг баримтат кино хийхгүй юу. Би чинь 1992-1994 оныг дуустал нэг телевизийн нэвтрүүлэг явуулдаг байж үзлээ шүү дээ.”Тэнхлэг” гэдэг нэртэй телевиз.
-Тийм, санаж байна?
-Тэгж байхдаа сургуулийнхаа ойгоор кино хийхгүй юу. Мөрөнгийнхөө сургуулийн тухай баримтат кино. Тэгээд тэр ажлаар очиход Бавуу багш минь дурсч байсан.
-Танай Мөрөнгийн герман Бавуу гэж алдартай багш юм байна, тийм үү?
-Тэгэлгүй яахав. Уг нь бол Сэлэнгийн хүн юм гэсэн. Германд сурч байсан, тэгээд нөгөө Германд сурч байсан хүмүүс хэлмэгдэх үеэр зайлуул хэлмэгдээд. Хөөрхий 10 жил шоронд суучихаад гарч ирсэн хүн. Ардын жүжигчин Э.Оюун гуайтай сууж байсан юм гэнэ лээ. Тэгээд шоронгоос гараад хүрээд ирэхэд нь Э.Оюун гуай маань хүлээж аваагүй. Тэгээд зайлуул ерөөсөө хөдөө явж амьдаръя гээд л Хөвсгөлд очоод нас эцэслэтлээ Хөвсгөлд байж байгаад өнгөрсөн дөө. Би тэр жил тэгж кино зураг авах гээд очихдоо л Бавуу багштайгаа тухтай уулзсан. Тэгсэн нэг сонин юм ярьдаг юм. Би долдугаар ангийн сурч байж.1952 онд шүү дээ. Тэр намар Бавуу багшийн хичээл дээр самбарын өмнө хариулаад зогсож байсан. Үүд түрх хийгээд онгойгоод явчихсан. Тэгсэн одоо Намын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга байсан Дамба гуай баахан оросуудтай орж ирдэг юм. Тэгээд яахав Бавуу багш хичээлээ тайлбарлаад л би самбарын урд талд зогсож байсан. Өнөө орос надаас хэдэн юм асуусан юм байлгүй. Би одоо өөрөө юу хариулснаа мэддэггүй юм. Бавуу багш надад тэрнийг ярьж байсан. Тэр орос гарахдаа “Ийм л хүүхдүүдийг Зөвлөлтөд явуулж сургах хэрэгтэй” гээд мөр алгадаад гараад явчихсан гэж. Тэгээд тэр нь ч болсон юм билүү, юу ч болсон юм билээ. Ямар ч байсан Москвад хуваарь авсан.
-Хоёр хүүхэд онц төгссөн, тэр хоёрыгоо л явуулна шүү дээ?
-Тийм ч юм уу. Тэгсэн тэр бүдүүн орос нь Зөвлөлт Холбоот Улсаас манайд сууж байсан Элчин сайд хүн байсан юм байна лээ л дээ.
-Сонин тохиолдол юм?
-Тийм. Манай Бавуу багш надад тэрийг мартахгүй дурсаж ярьдаг. Би бол өөрөө таг мартчихсан яваа юм. Бавуу багшийнхаа ой ухааныг их гайхаж байсан. Тийм өндөр настай болчихсон хойноо ийм юм санаж явдаг.
-За, тэгээд Намын Төв хороон дээр иржээ?
-Намын Төв хороон дээр очсон чинь Москва хотын Холбооны дээд сургуулийн инженер-эдийн засгийн ангид өөрийг чинь хуваариллаа гэдэг юм байна. Тэгээд юу гэж хэлмээр юм бэ дээ, тухайн үеийн хүүхдүүдэд онцлог байлаа . Мэргэжилтэн болно, улсаа хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулна гэсэн тийм нэг сэтгэлийн тэмүүлэл. Тэгээд тэр мэргэжилтэн болно гэдэгт инженерийн мэргэжлийг юуны өмнө сонгоод тэгээд “инженер” гэдэг үг нь сайхан санагдаад, “эдийн засаг” гэдэг үгийг сонсчихлоор зэрэг жаахан сэтгэл дундуур. Учрыг нь сайн мэдэхгүй юм чинь. Үгүй, тэгээд одоо яахав дээ, Намын Төв хороо хуваарилж байгаа юм чинь өнөөх томилолтыг нь аваад Холбооны яаман дээр ирдэг юм. Тэгэхэд Холбооны яамны Төлөвлөгөө санхүүгийн хэлтсийн дарга бас Москвагийн Холбооны их сургуулийг төгссөн Буджав гэж манай Хөвсгөлийн буриад хүн байдаг байхгүй юу. Өнөөх чинь надтай уулзчихаад “Тэр Эдийн засгийн сургуульд ийм жаахан хүүхэд явуулахгүй ээ” гэдэг юм байна. Би бас багаасаа жаахан ярдагдуу зантай. “Та мэдэж хуваарилаагүй, Намын Төв хороо хуваарилсан, би явдгаараа явна” гээд хэлчихсэн. Нэг ийм яриа болоод өнгөрлөө. Тэгэхэд Холбооны яамны сайд Дамдинжав гуай гэж бурхан шиг сайхан хүн байлаа. Тэгээд Дамдинжав гуай хүлээж авч уулзлаа. Их ч сайхан яриа хөөрөөтэй хүн юм. “За тэгээд сайн сурч ирнэ шүү, одоо манайд холбоо маш их хоцрогдож байна, та нар л энэ эх орны холбоог хөгжүүлэх асуудлыг авч явах ёстой улсууд. Сайн суралцах хэрэгтэй” гэж захиад л явуулсан. Тэгээд яамны хэлтсийн дарга гэдэг чинь одоо бас тэр үед хүссэнээ хийчихдэг л улс байсан юм байна лээ. Москвад яваад очсон чинь миний мэргэжлийг өөрчлөөд, инженер-эдийн засгийг маань болиулаад инженерийн ангид оруулчихсан. Миний оронд ажил хийж байгаад явсан нэг хүнийг өнөөхөд аваачаад оруулчихаж. Тэгж 1955 онд би Москвагийн Холбооны их сургуулийн оюутан болж байлаа.
-Бүх юм шууд л оросоор явчихдаг. Жаахан сандарсан уу?
-Бүх юм шууд л орос. Эхний улиралд жаахан зовсон. Ямар сайндаа гурван шалгалтанд уначихдаг байгаа. Хэл сайн мэдэхгүй. Наад тал нь л шугам зургийн хичээлийн шалгалтад тээглэж байгаа юм. Нөгөө муу шалгалтаа өгмөөр болоод байж байсан чинь багш надад нэг асуулт тавьдаг юм “Вот это точка схода?” гэж. Тэр цэгээс одоо шугам татаад сүүдэр нь хаана буух вэ зураад өг гэсэн асуулт. Тэгсэн “Точка сход” гэдэг нь юу гэж байгааг нь ойлгодоггүй. Багшаа “Точка сход” гэдэг чинь юу гэсэн үг юм гэсэн чинь чи энийг мэддэггүй юм уу гээд хөөгдөж байх жишээтэй. Нэг юм их аврал болсон юм. Тэр үед миний нөгөө сайд болдог ах маань Москвагийн Барилга инженерийн академид сурдаг байсан юм. Төгсөх ангийн оюутан.
-Том ах тань?
-Том ах . Нэгдүгээр курсын эхний улирлын амралт болчихсон бүх оюутнууд амрах гээд яваад өгчихсөн, би гэдэг амьтан ганцаараа байрандаа хичээлээ хийх санаатай. Сэтгэл санаагаар ч их унаж байна. Нэг том данхтай ус буцалгаад авчихсан. Номоо дэлгээд унших гээд суутал өөрийн эрхгүй хоёр нүдний нулимс номон дээр зүгээр под, под хийтэл дусаад эхэлсэн. Тэгээд сууж байтал гэв гэнэт үүд тархийгээд онгойсон чинь ах маань ороод ирдэг юм. Ахыгаа хараад байхгүй ээ, бархирчихсан. Би одоо ингээд хөөгдөх нь гэсэн чинь “Юу гэсэн үг вэ, чи. Эр хүн байж хувцсаа өмс явъя” л гэж байна. Тэгээд дагуулаад гарлаа. Москвагийн монголчуудын ганц ордог Узбекстан ресторанд орж нэг сайхан хоол авч өгөөд, хоёулаа бас нэг шил юм хувааж уудаг юм байна. Орой нь одоо чи яваад орж чадна биз дээ л гэж байна. Чадна аа л гэлээ. Санаа зоволтгүй ээ, чи одоо наадахыгаа өгчихнө. Битгий тэгж хямраад сэтгэлээр унаад бай, анх би хэл мэдэхгүй бас сандарч л байсан. Одоо бүх юм зүгээр. Чи харж байгаа биз дээ гэчихээд яваад өгсөн.
-Тэр үед ах тань хэдтэй байсан байх вэ?
-Надаас яг 10 ах л даа. 28 настай байсан.
-Хүний газар ахтайгаа хамт сайхан дурсамж юм. Тэгээд л дараагийн улирлаас жигдрээд явчихсан уу?
-Дараачийн улирал эхэллээ. Эхний сард багтаагаад өнөөх унасан гурван шалгалтаа ч өгчихлөө. Тэгээд л тэрнээс хойш гэв гэнэтхэн хэл ус сайжраад явчихсан. Багш нар, гадаадын оюутнуудтайгаа чөлөөтэй харилцдаг боллоо. Хоёрдугаар улирлаас юу вэ онц сурдаг нэмэгдэл стипенди авдаг лут оюутан болоод явчихгүй юу.
-Москвад таван жил?
-Таван жил.
-1955 онд анх Москвад очиход тэр хот танд ямар сэтгэгдэл төрүүлж байв даа?
-1955 оны Москва чинь хуучны Москва шүү дээ. Дайны дараахан байсан болоод ч тэр үү, шинэ байшин барилга баригдаагүй. Яг л хуучны Москва. Дүрээрээ л байсан. Сайхан намуухан, дандаа хоёр гурав, сайндаа таван давхар байшингуудтай. Байшингууд нь нэлэнхүйдээ нэг тийм бор шаргалдуу өнгөтэй. Хуучны тэр түүхэн хэсгүүд нь угаасаа сайхан хот байсан юм чинь. Хүмүүс нь амгалан. Дайн дуусаад дөнгөж арван жил болж байгаа шүү дээ. Өрнөдийнхөн ЗХУ-д дайнаар сүйрсэн аж ахуйгаа сэргээн босгохын тулд наад тал нь 25-30 жил хэрэгтэй гэж тооцож байсан. Тэгэхэд ерөөсөө долоон жилийн дотор л бүх аж ахуйгаа сэргээн босгож чадсан. Дайн туулсан, зөндөө зовлон зүдгүүрийг давж гарсан, дараа нь улс орноо сэргээн босгох нөр их ажил хийсэн ард түмэн гэхэд хачин тайван. Өдөр, шөнө хэзээ ч ямар ч цагт явж байсан айх эмээх юм байхгүй оросуудын зан араншин, тэр харилцаа хэчнээн сайхан.
-Дэлхийн улс түмнүүдээс хамгийн анх бидний нөхөрлөсөн, ойртсон, бидэнд гар сунгасан тийм ард түмэн болохоор илүү дотно санагддаг. Одоо ч гэсэн бидний угт тэр сэтгэл хэвээрээ байх шиг анзаарагддаг юм.
-Тийм ээ, гар сунгасан ард түмэн. Бид нар ч дайны хүнд бэрх үед нь чадлынхаа хэрээр гар сунгаж байсан. Тэрийг ч бас Оросын ард түмэн сайн мэддэг. Тийм учраас хандах хандлага, харилцаа нь цаанаасаа л тийм дотно сайхан байлаа даа.
-Харин оросуудын бидэнд хандах тэр хуучин хандлага өөрчлөгдсөн гэдэг. Монголчуудад шинэ Орос тийм ч таатай биш гэлцэх нь бий. Та хамгийн сүүлд хэзээ Москвад очив?
-Уржнан жил манай сургуулийн 90 жилийн ой болоод оролцоод ирсэн л дээ.
-Та манайхаас очсон хэд дэх төгсөгч вэ?
-Би тэр сургуулийн дөрөв дэх төгсөгч нь. Би чинь Монголын харилцаа холбооны эхний арван инженерийн нэг шүү дээ. Тэгэхээр би бас эртний хүн болчихож байгаа биз.
-Тэгэлгүй яахав?
-Хамгийн анхны төгсөгч Магсарын Чимэддорж гэж манай яамны сайд байсан сайхан хүн байлаа. М.Чимэддорж гуайн тухай танай аав бас их сонин юм ярьдаг хүн байсан. М.Чимэддорж гуай бас аавын чинь тухай сонирхолтой юмнууд их ярьдаг. Танай аав чинь ер нь Монголын холбоонд зартай хүн байлаа шүү дээ.
-Москвад хуваарь авч, тэр тусмаа холбооны сургуульд суралцах хүртэл танд холбоо гэдэг зүйлийн тухай ямар ойлголт байсан бэ. Хамгийн анх харсан холбооны тухай дурсамжаа санаж байгаа биз дээ?
-Манай Мөрөнгийн төвд гурван том антенн байдаг байлаа. Өдөр болгон хоёр удаа яг тодорхой цагт мотор асдаг. Тэгээд хүмүүсийн ярих нь тэр антеннаар Улаанбаатар луу радиогоор харилцдаг байсан юм гэнэ лээ гэх. (инээв) Тэр нь яаж ч харилцдаг юм бүү мэд. Хамгийн гол нь яг тодорхой цагт эхлээд яг тодорхой цагт дуусдаг. Ахлах ангид ороод уран сайхан, урлагийн үзлэг энэ тэрд оролцдог боллоо. Тэгээд хажуугаар нь аймгийн холбоон дээр очиж радио нэвтрүүлэгт оролцоно. Хоёр хөөрхөн дүнзэн байшин байдаг байсан юм. Тэрний баруун талын байшинд нь очиж бичлэг хийлгэж нөгөө дуулж, хуурдах юмандаа орно. Тэгж орж гарах хооронд тэр байшингийн дотор талын тоног төхөөрөмж л ерөнхийдөө нүдэнд бууж байсан болохоос биш юу нь яаж ажилладаг, яадаг нь бүү мэд. Дараагийнх нь тохиолдол, 1953 оны намар Мөрөнд боронзон шугам гэдэг юм орлоо. Тэр боронзон шугам орж ирж байхад байшингийнхаа дээвэр дээр зогсчихоод л харж байхад Мөрөнгийн зүүн талын шааран дөрөлжөөс нааш алтан утас л гялалзаад байдагсан. Наранд яг алт шиг гялбалзаж харагддаг байсан. Гоё гоё цагаан лонхтой. Тиймэрхүү л маягтай юмнуудыг анх харж байлаа даа. Тэр үед чинь холбоо ч гэж ярихгүй шүү дээ. Утасны хороо л гэж ярина. Хагас цэргийн зохион байгуулалттай. Тэр үед холбоонд ажилладаг хүмүүс шинель өмсдөг байлаа шүү дээ. Шовгор оройтой малгай өмсчихдөг. Тэнд манай аав ээжийн танил Цоожоо гуай, Шагдар гуай гээд улсууд байдаг байлаа. Тэднийг цахилгааны бичээч юм гэнэ лээ гэж ярина. Холбооны тухай миний анхны сэтгэгдлүүд энэ. Тэгж байтал дунд сургуулиа төгсч хувь заяа намайг Москвагийн Холбооны их сургуулийн босгыг алхуулсан юм даа. Анх очсон намар сэтгэлээс гардаггүй юм. Хэл ус мэдэхгүй, хүний газар. Москвагийн намар ямар их бороотой билээ. Есөн сард чинь тувтан бороо орчихно. Бид нарыг очмогц дотуур байрны долоон давхар байрны хамгийн дээд давхарт оруулсан. Оюутны байрны замын хойд талд зах байдаг. Тэгээд л тагтан дээрээс тэднийг харж зогсоно. Хамтралын зах дээр бөөдийсөн, бөөдийсөн хөөрхөн хар хөвөнтэй курткатай, улаараа хар резинэн хамгаалалттай эсгий гутал өмсчихсөн орос өвгөн, эмгэнүүд жаал жуул юм тавьчихсан сууцгааж байна. Гэрээ санаж, тагтан дээр гиеүрч зогсоог ч хэлэх үү, нүдэнд харагдах тэр байдал чинь их тааламжгүй сэтгэгдэл төрүүлнэ. Гэхдээ энэ бүхэн эхний л дурсамжууд. Түр зуурын л хямрал байдаг юм байна лээ. Дараа нь хүүхдүүдтэйгээ танилцаад, үерхээд л наана цаанаа ороод ирэхээр чинь өнөө хамаг юм мартагдчихсан. Нэг л мэдэхэд сургуулиа төгсөх, нутаг буцах болчихсон л байсан.
-Яаман дээрээ.
-Тийм, яаман дээрээ хүрээд ирчихсэн. Тэгэхэд манай одоо энэ Төв шуудан байгаа холбооны төв барилга баригдаж яг ашиглалтад орох гэж байсан тэр үед орж ирж байгаа юм. Нэг юм тодруулаад хэлчихэд би 30 гаруй жил холбооны салбарт ажиллалаа. Яахав нэгэнт холбооны салбарт ажиллаж байгаа учраас холбооныхоо түүхийг зайлшгүй харах болох юм л даа. Ингээд үзэхэд манай хамгийн анхны инженер тэр Чимэддорж гуай 1956 онд төгсч ирсэн байдаг юм. Чимэддорж гуайг 1956 онд төгсч ирэхээс өмнө дээд мэргэжилтэй холбооны тийм хүн байсангүй, дотооддоо техникумаар хүмүүсийг бэлдэж байсан. Тэр бэлтгэгдэж гарч байсан хүмүүсийн тэргүүн эгнээнд танай аав явж байсан.
-Анхны төгсөгч?
-Тийм, тэгээд л тэр хүмүүсийн нуруун холбоо гэдэг юм явж байсан. Тэгээд анхны инженер төгсөөд ирэхтэй зэрэг холбоог хөгжүүлэх асуудал руу инженерийн сэтгэлгээ орж ирж байгаа юм. Чимэддорж гуай Монголын харилцаа холбоог 1960-1975 онд хөгжүүлэх анхны ерөнхий төлөвлөгөө, ерөнхий схем гэдгийг Зөвлөлтийн нөхдүүдтэй хамтарч боловсруулж гаргасан. Тэгээд түүнээс хойш манай үндэсний Харилцаа холбооны салбарыг аваад үзэх юм бол 1950 он хүртэл нэг үе, 1950-1975 он хүртэл нэг үе, 1975-1990 он хүртэл нэг үе, 1990 оноос хойш нэг үе ингээд дөрвөн үе болчихож байгаа юм. Энэ дөрвөн үе боловсон хүчний солигдлын ч дөрвөн үе, технологийн шинэчлэлийн ч дөрвөн үе, хөгжлийн ч дөрвөн үе, тэр хөгжлийнхөө хэрээр нийгмийн хэрэгцээний хангалтын ч дөрвөн үе. Иймэрхүү л харагддаг юм л даа. Ер нь инженерийн мэргэжилтэн олон боллоо гэдэг улс орны тодорхой салбарыг хөгжүүлэхэд үнэхээр их тус дэм үзүүлдэг юм байна гэдгийг манай холбооны хөгжил тодорхой хэмжээгээр харуулдаг гэж би хэлэх гэж байгаа юм. Би хөдөө Баян-Өлгий аймагт ажиллаж байсан. Баян-Өлгий аймагт ажиллаж байхад 1966 оны өвөл Ю.Цэдэнбал дарга очдог юм. Намайг Баян-Өлгийд томилсны учир юу вэ гэхээр манай нам, төрөөс үндэсний цөөнхийн талаар авч явуулсан том арга хэмжээний нэг хэсэг юм л даа. Баян-Өлгий аймагт үндэсний хасаг хэл дээр радио нэвтрүүлэг явуулдаг станц байгуулаад, Чехийн тусламжаар орчин үеийн холбооны барилга бариад, тоног төхөөрөмж хийгээд, тэндэхийн хүмүүсийг өнөөх шинэ техник төхөөрөмжид дасгаж сургаж тэрийг хэвийн ашиглалтад оруулахын тулд намайг холбооны даргаар нь томилчихсон. Тэгээд байж байсан чинь 1966 оны өвөл Ю.Цэдэнбал дарга очиж анх тэнд нүүр тулж учирч танилцлаа .
-Ю.Цэдэнбал дарга ч залуухан, та ч залуухан?
-Тийм, би ч залуухан ёстой тийм л байсан. Би чинь 28 настай хүүхэд байлаа. Хөөрхий тэр үед чинь Баян-Өлгий аймагт яг эндээ гэж ярихад хүнд үзүүлэх юм маш ховор. Манай холбоог л үзүүлдэг. Тэгээд яахав холбооны дарга хүн чинь бүх юмаа тайлбарлаж таниулна. Ю.Цэдэнбал дарга өөрөө юманд маш их сониуч хүн. 350 метрийн өндөр антенн барьсан. Бүгдийг нь нэг бүрчлэн үзэж байгаа юм. Зүгээр нэг цагаан сонирхдог хүн биш. Бүр юмыг угт нь тултал мэдэх гэж сонирхдог хүн шүү дээ. Одоо жишээ нь “Яагаад энэ заавал 350 метр байгаа юм, энэнээс нам байж болоогүй юм уу, өндөр хийж болоогүй юм уу, ямар учиртай энэ чинь ийм байдаг юм” гээд л. Тэгээд л бүр нарийн юм руу яваад орчихно шүү дээ. Тэгээд яахав би хийсэн барьсан бүх юмаа таниулаад л яваад байлаа. Бодвол сэтгэл ханамжтай явсан юм байлгүй. Яг тэрний өмнөхөн 1965 оны арванхоёрдугаар сард Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн зарлиг гараад Тээвэр холбооны яамыг салгаад Холбооны яамыг байгуулаад, Д.Готов гуайг Холбооны яамны сайдаар томилсон байсан юм.
-Холбооны яам тусдаа салаад анхны сайд нь Д.Готов гуай юм уу?
-Хоёр дахь удаагаа салаад анхных нь. Би нэг удаа Д.Готов гуайгаас асуухгүй юу. Улаанбаатар хотод надаас өөр инженер байгаагүй биш, зөндөө л олон инженер байсан.Та намайг тэр Баян-Өлгийгөөс татаж авч гарсанд баярлаж явдаг шүү гэж. Бүр тэтгэвэрт гарсан хойноо бид хоёр нэг ярьж сууж байгаад би хэлсэн. Тэгсэн чинь “Үгүй ээ, Цэдэнбал дарга өөрөө татаж авчирсан юм шүү дээ, өөрийг чинь” гэж. Бодвол тэр өвөл Баян-Өлгийд уулзахдаа танилцаад энэ хүнийг сайдад тавьж болох хүн байна гэж ойлгосон юм байлгүй.
-Тэгээд Баян-Өлгийн холбооны даргаас шууд сайд болсон юм уу?
-Тийм, Баян-Өлгийгөөс.
-Холбооны яамны нэгдүгээр орлогч.
-Тийм.
-Таны чинь 18 жил сайд хийсэн гэдэг бил үү?
-23 жил. Би чинь Холбооны яаманд 23 жил, Радио телевизэд бараг хоёр жил, иймэрхүү л хугацаанд ажиллалаа л даа. Тэгээд яаманд хүрээд ирлээ. Зөвлөлтөд сургууль төгсч ирж байгаа хүмүүс маань ч нэмэгдлээ. За тэгээд нөгөө Чимэддорж гуайн анх төлөвлөсөн төлөвлөгөө хэрэг дээрээ бүрэн биелэгдлээ. Одоо холбоогоо цааш нь яаж хөгжүүлэх вэ гэдэг асуудлыг шийдвэрлэх ёстой. Мэдээж гол техникийнхээ асуудлыг эрхэлж ажиллаж байгаа хүний хувьд гардаж ажилладаг байлаа. Тэр үед манайд чинь юм болгонд л Зөвлөлтийн нөхдүүд сэтгэл харамгүй тусалдаг байлаа. Тэгээд Монголын харилцаа холбоог хөгжүүлэх хоёр дахь ерөнхий төлөвлөгөөг хийх болов. Бас л ЗХУ-ын тусламжтайгаар. Ингээд Монгол, Зөвлөлтийн хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад би удирдаж ажиллалаа даа. 1976-1990 он хүртэл 15 жилийн хугацаанд Монголын харилцаа холбоог хэрхэн өөрчлөх вэ гэсэн төлөвлөгөө хийж, тэгээд тэр төлөвлөгөөгөө зохих шугамаар нь батлуулаад, тэр нь ч Монгол Улсын Харилцаа холбоог хөгжүүлэх үндсэн баримт бичиг болж бүрэн хэрэгжсэн. Энэ 15 жил бол Монголын Харилцаа холбооны салбарын үсрэнгүй хөгжлийн үе байсан. Үндсэндээ 1955 он хүртэл Дамдинжав гуай Холбооны яамны сайд байгаад Чимэддорж гуай орлогчоор нь ажиллаж байгаад сүүлд нь Холбооны яамыг Тээврийн яамтай нэгтгэдэг юм. Ер нь 1955-1965 он хүрэхэд холбоонд гарсан нэг том өөрчлөлт юу байсан бэ гэхээр Улаанбаатар хот бүх аймгийнхаа төвтэй одоо тэр боронзон шугамаар холбогдсон. Боронзон шугамаар холбогддогийн гол ач холбогдол нь хүмүүс тэр холын зайд утсаар ярьж болдог, утсаар ярихдаа зүгээр хоёр талаас нь хоёр хүн яриад л юу яачих биш, нөгөөдөхийг чинь нягтруулна гэж тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар хоёр талаасаа 3-16 хүн зэрэг өөрөөр хэлбэл 32 хүн зэрэг ярих бололцоотой болсон.
-Өмнө нь залгагч нь гарнитураа үйлчлүүлэгчдээ өгч яриулдаг байсан бол олон кабин суурилуулж зэрэг зэрэг ярьдаг болсон гэсэн үг биз дээ?
-Тийм, их л том үсрэлт хийчихэж байгаа байхгүй юу. Дээрээс нь морз гэж цахилгаан мэдээ гэдэг юм бол хүмүүсийн хоорондын харилцааны их чухал хэсэг байлаа. Одоо техникийн хөгжлийн явцад тэр морз гэдэг юм устаж алга болж л дээ. Тэгээд сүүлдээ морз маань өнөө үсгээр бичдэг аппаратаар солигдоод, хуучин цэг зураас цэг зураас цэг зураас гэж харилцаж байсан бол одоо нөгөөдөх явуулж байгаа мэдээг чинь шууд үсгээр бичээд гаргаад ирдэг болчихсон. Тэгж байтал тэр маань зурагт, цахилгаан болж хөгжсөөр хөгжсөөр сүүлдээ өнөөх маань компьютерт шингээд бүгдээрээ алга боллоо л доо. Иймэрхүү маягтай. Гэхдээ бид ийм л урт зам туулж энд хүрсэн. Чи бол сайн мэдэх учиртай. Танай Дашинчилэн сум гэдэг чинь баруун чиглэлийн аймгуудын холбооны дамжлагын гол зангилгаа цэг байлаа. Тэрэн дээр танай аав М.Бадамдорж гуай сууж байдаг. М.Бадамдорж гуайн хоёр их гайхалтай зарчим байдаг юм. Нэгдүгээрт, юмаа мэддэг, хоёрдугаарт ёс их хатуу сахидаг. Тэрнээс нь болоод М.Бадамдорж гуайгаас ер нь баруун аймгийн бүх холбоочид айдаг. М.Бадамдорж гуай юу гэнэ үү тэр бол хууль шахуу. Намайг сургууль төгсөөд хүрээд ирэхэд л Дашинчилэнгийн Бадамдорж гээд нэг зартай хүнийг л би анх сонсож байсан юм. Тэгээд сүүлд нь танилцаад ойр дотно сайхан харилцаатай болж байлаа. Наанаа хурц ааштай ч цаанаа сайхан цагаахан хүн байсан юм. Холбооныхоо төлөө л амьдралаа зориулсан. Ажлын төлөө бол хэнтэй ч үзнэ. Төрийн өмнө хүлээсэн үүргээ тэгж л ягштал биелүүлдэг тийм л сайхан хүн байсан юм. Ерөөсөө юмаа мэддэг хүн л хүмүүсийг эрхэндээ оруулчихдаг. Мэдэхгүй зүгээр шалдир бульдар хоосон цээжнүүд бол тэгж ажиллаж чадахгүй шүү дээ.
-Хөвсгөлийн боронзон шугам татах ажилд аав явж байсан юм байна лээ. Дараа нь Архангайд ажиллаад, тэгээд Дашинчилэнд суурьшсан. Радио релейний станц гэдэг юм байгуулагдаж аав удирдах болсон. Таны үечилснээр тэр эхний 10 жил буюу 1955-1965 хүртэл Харилцаа холбооны шинэчлэл, дараагийн шинэчлэлийн гол ажил одоо энэ радио релей гэдэг юм биз дээ?
-Эхний арван жилийн шинэчлэл нэгдүгээрт, бүх аймаг боронзон шугамтай болсон. Хоёрдугаарт нь, тэр үед чинь бараг 150 шахам сум аймагтайгаа холбоогүй байлаа шүү дээ. Ялангуяа говийн сумд. Тэгээд 1960-1965 оны хооронд бүх сумыг аймагтай нь холбож радио холбоотой болгосон. 1965 он гэхэд Монгол Улсад холбоогүй сум байхгүй болсон. Энэ бол бас л тухайн үед их дэвшилт байсан юм шүү.
-Радио релейний станц баригдах болоод л баахан дарга нар, оросууд манайд ирээд бөөн хөл хөдөлгөөн болж байсныг санадаг юм. Орос ах нар нарийхан ган утасны гадна талын өнгө өнгийн бүрүүлүүдийг жижигхэн шүр шиг хэрчиж хэлхээд надад зүүлт хийж өгөөд л. Уулан дээр станц гээд сансрын хөлөг шиг дугуй төмөр байгууламж бариад л. Төд удалгүй зурагттай болсон шиг л санагдаж байна.
-Холбооны яам байгуулагдаад анхны хийсэн зүйл маань саяын зүйлс. 1966 онд зурагт радиогийн суурийг тавиад, 1967 онд ашиглалтад орсон.
-Таныг сургуулиа төгсөөд ирэхэд манай Улаанбаатар хот зурагтгүй байсан уу. Москвад төгсөөд ирчихсэн, мөрөөдөл гэж дүүрэн. Жинхэнэ шатна биз дээ?
-Бүх залуу нас л тийм байдаг байх. Бүгдийг л хиймээр санагдана. Нэг сонирхолтой юм нь би Баян-Өлгий аймгаас өнөөдөр нь орж ирээд, маргааш нь зурагт, радиогийн суурь тавих ёслолд оролцож байгаа юм. Холбооны яамны орлогч сайд болчихсон. Одоо тэр өдрийн зураг байдаг юм.
-Хамгийн анх за, одоо зурагт гарахад бэлэн боллоо гээд бүх юм жин тан болно оо доо. Тэгэхэд бол Төв хорооны улс төрийн товчооныхон ч юм уу, Холбооны сайд нар л анх зурагттай болно биз дээ. Та анх хэзээ зурагттай болж байсан бэ?
-Сонин асуулт юм. Эхлээд нөгөөх зурагтыг чинь худалдаж авчирч хүмүүст тараалаа. Тэр үед чинь темп-6, темп-7 гээд Оросын хоёр янзын том жижиг хоёр тийм экрантай телевизор авч ирж тарааж байлаа. Эхний ээлжид 3000 телевизор л оруулж ирж байсан юм даг. Тэгээд тэр 3000-аас чинь өөрөө мэдээж нэгийг нь авалгүй дээ. Тэр чинь бас хөөрхөн үнэтэй. Темп-6 нь 1600 төгрөг, темп-7 нь 1900 төгрөгийн үнэтэй байсан юм. Тэгэхэд би орлогч сайд хүн хэдий ч цалин маань нөгөөхийг чинь авчихаж хүрэхгүй. Тэгээд одоогийнхоор лизинг маягтай зээлээр л авч тавьж байлаа шүү дээ. Мэдээжийн хэрэг том дарга нар авцгааж таарна.
-Эхлээд Орбитын нэвтрүүлгүүд л гараад эхлэсэн үү?
-Үгүй ээ, үндэсний нэвтрүүлгүүд гарч эхэлж байгаа юм. Ингээд байж байтал Зөвлөлтийн нэг том төсөл явлаа. Одоо энэ сансрын уудмыг энхтайвны зорилгод ашиглах, социалист орнуудын интеркосмос гэж том байгууллага байгуулагдлаа. Энэ байгууллага байгуулагдсаны үндсэн дээр нэгдүгээрт, сансрын холбоо ороод явчихаж байгаа юм. Сансрын хиймэл дагуулаар дамжуулж холбоо барих ийм технологи. Хоёрт нь, тэр сансрын хиймэл дагуулаар ус цаг уурын тандалт хийх. Гуравдугаарт нь, ерөөсөө байгаль орчны тандалт. Дөрөвт нь, сансарт хүн амьтан нисдэгтэй холбогдуулаад анагаахын их том туршилтууд хийх, тав дахь нь ерөөсөө одон орныг судлах ийм таван их том эрдэм шинжилгээний чиглэл гарсан. Тэрний нэг нь сансрын холбоо. Сансрын холбооны хөтөлбөрийн сансрын холбооны хэсгийг нь манай Монголын талаас би хариуцаж 20 гаруй жил ажиллалаа л даа. Тэгээд энэ ажлын хүрээнд манайд анхны “Орбит” станц байгуулагдаж байгаа юм. Ерөөсөө би Оросыг муу хэлсэн хүнд их дургүй. Оростой холбоотой бидний түүхэнд сайн муу юм, алдаа оноо байсан бол ихэнхийг нь бид нар өөрсдөөсөө болж гаргаж байсан болохоос биш Оросоос болж гаргаж байсан юм ерөөсөө байхгүй. Монголын Харилцаа холбоог хөгжүүлэхэд 60 сая рубль шууд буцалтгүй тусламж болгож манайд шилжүүлж өгч байсан өөр ямар орон байсан юм бэ. Тэр 60 сая рублиэр чинь бид 4000 км урт радио релейний шугам, зургаан аймагтаа их, бага хүчний радио станцууд байгуулж авч байлаа шүү дээ. Үр дүнд нь сансрын холбооныхоо харилцдаг төхөөрөмж юмаа, хүлээн авдаг, нэвтрүүлдэг төхөөрөмжүүдээ иж бүрэн тоноглож авсан. Ийм юмнууд хийсний үр дүнд хөдөө орон нутагт телевизийн нэвтрүүлэг үзүүлэх асуудал аяндаа шийдэгдээд явчихаж байгаа юм л даа. Манай инженер, техникийн ажилтнуудын нэг сайхан юм нь юу вэ гэхээр оросуудын олгосон боломжин дээр чадлаараа зүтгэж энэ ажлуудаа хийж авсан. Одоо тэд нарын нэг болох сайхан хүн байна, Мятав гуай гээд. Манай хамгийн ахмад зүтгэлтэн, 87-той.
-Мятав гуай манайд их очиж байсан.
-Тэр тэгэлгүй яахав. Улаанбаатар зурагт, радиотой болчихлоо. Мэдээж энэ бол сайхан хэрэг. Гэтэл маргаашаас нь хөдөө аймгууд шаардаад эхэлж байгаа юм. Тэгээд хамгийн түрүүнд энийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг дээр нэг олсон арга нь дүрс бичлэгийн магнитфонд үндэснийхээ нэвтрүүлгийг бичээд, тэгээд магнитфоноо хөдөө аваачиж нэвтрүүлдэг юмыг эхлээд Дарханд, дараа нь Хөвсгөлд, дараа нь Дорнодод гэхмэтчилэн хийлээ. Үгүй, яахав бас зурагтаа үздэг болсон. Ганцхан гэм нь Улаанбаатарт өнөөдөр гарсан юмыг маргааш нь тэнд үздэг. Тэр үеийн нэг сайхан юм нь аймгууд руу өдөр болгон онгоц нисдэг. Тийм учраас тийш нь нэвтрүүлэг хүргэх асуудал ямар ч саад тотгор байдаггүй байлаа л даа. Энийг анх санаачилж хэрэгжүүлж байсан хүний нэг нь бол манай Мятав гуай. Балдандорж гээд зурагт радиогийн ерөнхий инженер сайхан хүн байсан. Хөөрхий минь, бурхан болчихсон.
-Бид социализмын үед хөдөө сумд өссөн хүүхдүүд. Тэр үед л оросууд ирж радио релейг барьж байсан. Хамгийн хөгжингүй, хамгийн шинэ салбар холбоо л байсан. Тухайн үед социалист орнуудаасаа жаахан хоцрогдмол явсан л байх. Гэхдээ л та нар улсынхаа харилцаа холбоог хөгжүүлсэн гавьяатай. Харин одоо дэлхийн төвшинтэй харьцуулахад манайд ямар холбоо байна вэ?
-Яг эндээ гэж ярихад нэг сайхан юм нь өнөөдөр манай Монголын холбоо бол дэлхийн төвшинд хүрчихэж. Дэлхийн төвшинд явж байна. Саяхан л бид уулзаад ярьж байцгаалаа. Анхны үеүдээ, өнөөдрөө бүгдийг нь дурсаад л. Манай Д.Готов сайдын санаачилгаар бид 2011 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр “Мэдээлэл харилцаа холбоо ба холбоочин түүх судлалын төв” гэж ийм төрийн бус байгууллага байгуулсан юм. Тэгэхээр энэ байгууллага маань хоёр үндсэн зорилготой. Д.Готов гуай бид хоёр энэ олон жил холбооны салбарыг удирдаж ажиллаж байхдаа нэг зүйлийг их ойлгосон. Манайхан чинь юм хийчихсэнээ гайхаад байдаг, тэрийг хэн хийсэн юм, яаж хийсэн юм гэдэг дээр юм байдаггүй. Эцсийн эцэст яах вэ гэхээр энэ хийчихсэн юмыг чинь хийх гэж санааг нь гаргахаас эхлээд хийгээд бүтээгээд хэрэглээнд оруулан оруултал хүн энэ ажлыг бүтээнэ. Хүнээ бид дандаа мартчихдаг. Тийм учраас бид нар энэ “Харилцаа холбооны түүх судлалын төв” гэдгээрээ юу хийх гээд байна вэ гэхлээр нэгдүгээрт, холбооныхоо түүхийг бүр эхнээс нь нягтлан судалж бүтээе. Хоёрдугаарт, тэр түүхийг бүтээлцсэн холбоочдынхоо түүхийг холбоочин нэг бүрээр нь хийж гаргая. Тэгээд үүнийгээ электрон цахим санд байрлуулаад, дараагаар нь нөгөөдөхөө аваад “Монголын мэдээлэл харилцаа холбооны нэвтэрхий толь” гэдэг нэртэй ийм номыг хийе. Нэгдүгээрт, холбооны маань техник яаж хөгжиж байж вэ, хоёрдугаарт тэр хөгжлийн явцад хэн гэдэг холбоочин хэдийгээс хэдий хүртэл ямар ажил хийж, ямар бүтээл туурвиж байж вэ гэдгийг нь нөгөө нэвтэрхий тольдоо бичиж гаргадаг болгоё гэсэн ийм зорилготой нэгэн төрийн бус байгууллага байгуулчихаад өнөөхийгөө хэрэгжүүлэх санаатай л хоёр хөгшин зүтгээд л байна л даа. Д.Готов гуай бид хоёр Москвагийн Холбооны сургуульд хамт суралцсан. Тэгэхдээ Д.Готов гуай 1953 онд очсон юм байна лээ. Нэг жил бэлтгэл хийгээд, надаас нэг жилийн өмнө төгссөн. Тэгээд энд хүрч ирээд Д.Готов гуай сайдаар, би орлогчоор нь 13 жил хоёулаа хамт ажилласан. Надаас яг 10 ах. Хүн их сонин юм. Насаа ахиад ирэхээр бие биедээ илүү сайн ч ойлгодог болдог юм уу. Яагаад ч юм би одоо Д.Готов гуайдаа дэм болж, санаж бодож явж байгаа юмаа хийхэд нь туслах юмсан гэж өөрийнхөө зүгээс хичээх юм.
-Хэдэн жилийн өмнө нэг хальтхан уулзаж байсан, яг л хэвээрээ гялалзаж яваа харагдсан.
-Одоо 85 настай гэхэд тэр яриа хөөрөө, оюун ухаан бол ямар сайхан гэж санана. Одоо үнэндээ Т.Рагчаа гуай, Д.Готов гуай эд нар шиг ийм сайхан ярьдаг улсууд ховор байна шүү. Ардчилсан хувьсгал гарч байх үед би Радио телевизийн орлогч дарга байлаа. Манай дарга Х.Цэвлээ гуай. Сэтгүүлч Хорлоогийн Цэвлээ гуай. Би сэтгүүлчдээс хоёр хүнийг их хүндэтгэдэг юм. Х.Цэвлээ гуай, Ц.Дашдондов гуай хоёрыг. Өөрөө сэтгүүлч биш ч гэсэн тэд нарын биччихсэн юмыг уншаад хараад ингэж бичиж сурах юмсан гэж их боддог байхгүй юу.
-Улс төрийн товчооны хуралд та ордог л байсан л биз дээ?
-Орж байлгүй яахав. Би бол Ю.Цэдэнбал даргад их хүндэтгэлтэй ханддаг хүн. Одоо бодоход зайлуул бие нь муудаж байсан л үе юм байна лээ л дээ. Нэг гайхал төрүүлсэн юм юу вэ гэхээр 1986 он ч юм уу даа. Монгол, Зөвлөлтийн Засгийн газар хоорондын комиссын хурал болох гээд тэр комиссын дарга нь Д.Майдар гуай байсан. Тэгээд Б.Майдар гуай нөгөө комиссын хурлын асуудлаа Улс төрийн товчоонд оруулж хэлэлцүүлэхгүй юү. Тэгэхэд манай сайд байхгүй байсан юм болов уу даа, би л очсон юм. Монгол, Зөвлөлтийн Засгийн газрын хоорондын комисс гэхээр чинь Монгол Улсын аж ахуйн бүх салбарыг хамарчихдаг юм чинь. Бүх л яамны сайд, орлогч нар, хэлтсийн дарга нар, тэр харилцаа гадаад харилцаа эрхэлдэг бүх хүнсууж байхгүй юу. Тэгэхэд чинь С.Жалан-Аажав гуайг ажлаас нь чөлөөлчихсөн байсан үе. Ц.Намсрай улс төрийн товчоонд орж ирээгүй, нарийн бичгийн дарга болоогүй байсан.
-Аль Намсрай?
-Ц.Намсрай. Ц.Намсрай чинь манай Хөвсгөлийн 10 жил төгссөн хүн шүү дээ. Надаас гурван жилийн дараа. Ц.Намсрай ерөнхий хэлтсийн дарга. Тэгсэн чинь Ю.Цэдэнбал дарга ерөөсөө гартаа барьсан юм алга. Мань нөхөр орж ирээд ширээний голд суулаа. Д.Майдар гуай яахав дээ босоод л асуудлаа танилцуулсан. Тэгсэн гэнэтхэн Д.Майдар гуайг зогсоогоод л Ж.Батмөнх даргад хандаж хэлж байгаа юм. “Үгүй ээ, Ж.Батмөнх өө, чи энэ Д.Майдарыг өөрчлөхөд яадаг юм бэ, энэ чинь одоо нэг муу малын л эмч шүү дээ. Энэ одоо эдийн засагт юугаа мэддэг юм” гэж тэр олон хүний дэргэд хэлдэг байгаа. Улс төрийн товчоо, Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч даргын албан тушаалд байгаа тийм хүнийг шүү дээ. Тэрэн дээр би Ю.Цэдэнбал даргыг үнэхээр гайхаж байсан юм. Тэр хурал өнгөрөөд л маргааш нь Д.Майдар гуайг ажлаас нь өөрчилсөн.
-Би таны хувийн асуудал руу орж байвал та татгалзаж болно шүү. Та орос эхнэртэй байсан. Ю.Цэдэнбал гуайг зарим улс орос эхнэртэй сэхээтнүүдэд ээлтэй, их талтай байсан гэж ярьдаг. Тантай тийм хувийн харилцаа байсан уу?
-Ю.Цэдэнбал гуайтай би хоёр удаа маш удаан хугацаагаар ярилцаж үзсэн. Нэг нь, 1976 онд Ю.Цэдэнбал дарга Москвад Зөвлөлтийн Коммунист намын 26 дугаар их хуралд оролцчихоод буцаж ирээд телевизээр үг хэлэхгүй юу. Мэдээж тэнд би очих ёстой. Тэнд тэгж уулзаад явахдаа, чи маргааш надтай очиж уулзаарай гэж байна. Би ч маргааш нь очиж уулзлаа. Өдөр 14 цагт очсон, оройн 19 цаг хүртэл хоёулхнаа ярилцсан.
-Ю.Цэдэнбал дарга цаг сайн барих уу?
-Цаг барина, яг тэр хэлсэн цагтаа. Нэг зовлонтой юм байдаг юм байна лээ. Ерөөсөө Ю.Цэдэнбал даргын өрөөнд хүн сууж байхад гаднаас хэн ч орохгүй. Ямар сайндаа яриа дуусаад гарч ирэхэд өнөө товчооны гишүүд, баахан улсууд тэр үүдэнд нь хүлээчихсэн. Намайг гараад ирсэн чинь жигтэйхэн их гайхаж том харцгааж байсан.
-Тэр удаан юу ярих вэ?
-Тэгээд одоо ярьж байгаа юм нь холбооны техникийн юм руу л гүнзгий орж байгаа юм даа. Энэ одоо радио гэдэг чинь яаж ажилладаг юм, энэ телевизор чинь, энэ дүрс мүрс нь яаж ингэж харагдаад байдаг юм. Өөрөөр хэлбэл холбооны техникийн хөгжлийн тухай л ерөөсөө гол яриа явчихаж байгаа юм.
-Ю.Цэдэнбал гуайн түүхэнд манай шинэ үе хэр хүндэтгэлтэй хандсан гэж боддог вэ?
-Их муу хандсан.
-40 жил улс орныг удирдсан хүн гэхэд ганц музей ч үгүй ?
-Харин тийм, их муухай. Хоёр дахь уулзалт нь 1979 онд охинтойгоо явж байгаад осолд ороод гэр зуур байж байсан чинь Ю.Цэдэнбал дарга утасдаж байна. “Би чамайг аваарт орсон гэж сонслоо, бие хаа чинь ямар байна, эмчилгээ нь болсон уу, гадагшаа явах юм уу” гээд. Үгүй ээ үгүй, зүгээр гайгүй болсон гэсэн чинь, за чи тэгвэл гайгүй болсон бол би бас хөдөө явж байгаад ирсэн. Хатгуулчихаад хэд хоног гэртээ байна, чи нэг хүрээд ирээч гээд энэ төвийн байрандаа урихгүй юу. Их удаан ярьсан. Тэгэхэд мань нөхөр анх маркны тухай юм асуух гэж дуудсан байгаа юм.
-Шуудангийн марк?
-Тийм. Тэгээд нөгөө юмаа яриад дууссаныхаа дараа өөрийнхөө амьдралын тухай яриад явчихсан. Бага нас, за тэгээд хөдөө сургуульд орж байсан оргож байсан, оргож яваад баригдаж байсан. Тэгээд сүүлд нь Эрхүүд сургуульд явж байсан, зун амралтаараа хүрч ирээд нутаг руугаа явах гэсэн чинь машинаар явж байгаад Лүн сумын ойролцоо машин нь онхолдоод. Тэгээд цаашаа явж чадалгүй буцаж хүрч ирсэн. Тэгээд дараа нь Улаанбаатарт хүрч ирээд Аж үйлдвэрийн комбинатыг баригдаж байхад тэнд ажил хийдэг, өдөрт нэг төгрөгийн цалин авдаг. Тэгээд 50 мөнгөөр нь 10 хуушуур авдаг, эсвэл хонины хуйхлаад чанасан толгой авдаг. Би одоо хонины толгой шийрэнд их дуртай шүү дээ гээд л хөөрхий хамаг амьдралаа л ярьж билээ. Тэр хүнд алдсан оносон юм байдаг л байх. Гэхдээ л манайхан Ю.Цэдэнбал даргатай муухай, хүмүүнлэг бус хандсан.
-Та бол МАХН-ын гишүүн байсан биз?
-Тэгэлгүй яахав.
-Хэдэн оны гишүүн бэ?
- Би чинь одоо их эртний хүн шүү дээ. 1957 оны гишүүн.
-Одоо ч гэсэн хэвээрээ биз?
-Хэвээрээ.
-Хуваагдчихсан биз дээ?
-МАН-даа байна.
-Одоогийн намынхаа үйл ажиллагаанд та хэр ханддаг вэ?
-Хэн мэдэх вэ дээ, ерөөсөө шинэчлэгдсэн юм байхгүй л санагддаг. Ерөөсөө намын ажил явахаа больсон. Гишүүдтэйгээ л их ойр дотно нягт ажлууштай юм шиг харагдаад байдаг юм. Тэгэхэд тийм юм байхгүй шүү.
-Та бол өнгөрсөн нийгэмд тодорхой өндөр албан тушаал хашиж байсан хүн. Манай өнөөдөр өргөн хэрэглээний барааны үнэ өндөр байна, шатахууны үнэ өндөр байна, амьдрал ядуурч байна, мах үнэд орлоо гээд л дотоодын бухимдал их байх юм. Гэхдээ хүний эцэг эхээс авч төрсөн буян заяа гэж нэг ойлголт бий. Энэ ч байдаг юм уу, өөрийн олж авсан эрдэм боловсрол, өөрийн туулсан түүхээрээ нэг хэсэг нь амьдралынхаа нурууг гайгүй аваад явчихдаг юм шиг байгаа юм. Би бол таныг тэгж л амьдарсан хүмүүсийн нэг гэж боддог. Одоо яг та хэр амьдарч байна вэ?
-Би тэтгэврийнхээ хэдэн төгрөгийг авчихна, тэгээд нэг их сүйд болоод зараад байхгүй юм даа. Тийм учраас амьдралын хувьд надад нэг их зүдрээд байх юм алга. Хоёрдугаарт, яахав хөөрхий гавьяат холбоочин болсон биш шаардлага гарвал хоёрдугаар эмнэлэгтээ үзүүлээд эмчлүүлчих юм. Тийм учраас эмнэлгийн талаар хүндрэл бэрхшээл учраад байх юм алга. Иймэрхүү байдалтай. Гуравдугаарт нь, зүгээр суухгүй, юухан хээхэн хийгээд бас хэд гурван төгрөг олдоод байх юм.
-Хувийн компанитай юу?
-Байхгүй. Тийм учраас амьдралын хувьд нэг их цөхөрч байгаа юм бол байхгүй, хувиа борлуулаад. Хүнээс дутахгүй амьдарч явна.
-Нутаг руугаа их явна биз?
-Явна аа, явна. Ер нь байнга явна. Би нэг юмыг их гайхдаг юм. Монгол хүний сэтгэлгээг. Сэтгэл зүйн хувьд хуучин социализмын үед монгол хүнд байгаагүй чанар энэ зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш эрс тод гарч ирсэн. Тэр зүйл юу вэ гэхээр ямар их шунаг сэтгэлтэй болчихсон юм бэ. Өнөөдрийн амьдралын эрээн бараан дотроос энэ шунаг сувдаг сэтгэл яасан тод үнэртэх болоо вэ. Эрх чөлөө олгонгуут шунаг сэтгэл нь сад тавиад гараад ирж байгаа ч юм болов уу. Энэ авилгын хэргүүдийг хар. Үнэн хэрэгтээ Монголын төр энэ юмыг чинь гаргаж ирээгүй юм шүү. Хувийн хэвшлийнхэн хэргээ бүтээх гэж аваачиж өгч байгаад ийм муухай үзэгдлийг гаргаад ирсэн. Үндэс нь шунаг сувдаг сэтгэл шүү дээ.
http://ganchimeg.niitlelch.mn
No comments:
Post a Comment