Monday, 3 June 2013

Б.Тулга: Монголчуудын амьдралын хэв маяг тэр чигтээ ногоон хөгжил

Дэлхийн байгаль хамгаалах өдрийг манай улс энэ жил хөл ихтэй тэмдэглэж байна. Зургадугаар сарын 1-ний өдрөөс тэмдэглэж эхэлсэн байгаль орчны өдрүүдийн хүрээнд өнөөдөр Төрийн ордноо “Ногоон хөгжил” үндэсний чуулган болж байна. Энэ жилийн байгаль хамгаалах  байгаль хамгаалах өдрийг манай улс “Хүнсний хэмнэлттэй хэрэглээ буюу Бод-Ид-Хэмнэ-Хоол хүнсний хаягдлыг багасгая” уриан дор тэмдэглэж байна. 
Энэ талаар бид Байгаль орчин ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулгатай ярилцлаа.


-Энэ жилийн Дэлхийн байгаль орчны өдрийг “Бод-Ид- Хэмнэ” гэсэн уриан дор тэмдэглэж байгаа нь сонирхолтой санагдлаа. Яагаад ногоон хөгжлийг хүнстэй холбосон юм бол? 
-Дэлхийн байгаль орчны тэмдэглэлт өдрийг бид “Хүнсний хэмнэлттэй хэрэглээ буюу  Бод- Ид-  Хэмнэ – Хоол хүнсний хаягдлыг багасгая” уриан дор тэмдэглэж байна. НҮБ-ын Байгаль орчны хөгжлийн хөтөлбөрөөс энэ уриалгыг дэвшүүлэн ажиллаж байгаа. Хэрвээ цэнхэр гаригийн долоон тэрбум хүнийг Америкийн иргэдийн амьдралын түвшинд хүргэж  амьдруулья гэвэл дахиад 4-5 дэлхий бий болгох хэрэгтэй юм билээ. Тиймээс байгаа нөөц бололцоондоо тааруулан хэрхэн хөгжих вэ гэхээр ногоон эдийн засаг чухал ач холбогдолтой болж байгаа юм. Дэлхий өөрийн эд баялаг, нөөцөө ашиглаж хүнс үйлдвэрлэдэг. Гэсэн ч бүтээж, бий болгосон зүйлийнхээ гуравны хоёрыг л хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Яагаад вэ гэхээр хөгжилтэй орнууд хэтэрхий өндөр стандарт тавиад эхлэхээр мөрдөж байгаа стандартаас нь том эсвэл жижиг алим байхад л хаягдал болгочихдог. Гэтэл дэлхийн нөгөө хэсэгт хоёр тэрбум хүн өлсөөд байж байдаг. Үүнийг л засч залруулахын тулд “Бод- Ид-Хэмнэ” гэсэн уриалгыг гаргасан юм билээ.

-Ногоон хөгжил гэхээр хүмүүст нэг л бууж өгөхгүй байх шиг санагддаг. Энэ талаарх мэдлэг, ойлголт ч бага. Тэгэхээр “Ногоон хөгжил” гэж яг юуг хэлээд байна вэ? 
-Хүмүүс ногоон хөгжил гэж яг юу юм бэ гэж их асуудаг. Ногоон хөгжил гэж харьцангуй шинэ ойлголт. Ихэнх хүмүүс мод тарьж ургуулах, усаа хэмнэх, байгалиа хайрлан хамгаалах  гэж ойлгодог. Эдгээр нь ногоон хөгжлийн нэг хэсэг нь мөн л дөө. Гэхдээ энэ нь  ногоон хөгжил гэж ярьсан яриагүй тухайн улс орон оршин тогтнохыг хүсч байгаа бол заавал хийх ёстой уламжлалт үйл. Ногоон хөгжил гэдэг нь байгаль орчны салбараас бусад салбарууд  нь байгаль орчинд ээлтэй, хор хөнөөлгүй,  үр ашиг өндөр, ач холбогдол  ихтэй үйл ажиллагаа явуулахыг хэлж байгаа юм. Бас хамгийн өндөр үр ашигтай, хэмнэлт гаргаж чадаж байгаа загварыг ногоон эдийн засаг буюу ногоон хөгжил гэж ойлгож болно.

-Манай улс хөгжлийн бодлогоо “ногооруулж” чадаж байгаа юу. Ногоон хөгжил рүү дөтөлсөн жишээ байна уу?
- Жишээ нь, тээврийн салбарт томоохон уул уурхайн төслүүд хэрэгжиж байна. Эдгээрийн түүхий эдийг зөөх зам нь ногоон байж чадах уу, байгаль орчинд хэрхэн нөлөөлж байна гэдгийг эхлээд тооцож гаргах хэрэгтэй. Тэгснээр бид энэ замыг барих төлөвлөлтөө анхнаас нь байгаль орчинд ээлтэйгээр шийднэ. Зам тавихад ногоон байх ямар хэрэгтэй юм бэ, энэ чинь хөгжил авчраад харин ч сайн хэрэг биш үү гэж хүмүүс хэлэх байх л даа. Эдийн засгийн утга нийгмийн амьдралыг сайжруулах талаасаа тийм. Гэхдээ нийгэм өөрөө байгаль орчингүй, ан амьтангүйгээр хэрхэн оршин тогтнох билээ. Зам тавьж байгаа нэрээр зэрлэг амьтдын амьдрах орчинг хаагаад,  амьдрах бололцоогүй болгоно гэдэг нь тэнд амьдарч байгаа хүмүүст ч нөлөөлнө. Зэрлэг амьтны хөлөөр ургамал тоос хүртэж байдаг. Тоос хүртсэн ургамал сайхан ургаж түүнийг нь  мал идэж, малынхаа ашиг шимээр хүн амьдарна. Энэ бол амьдралын гинжин хэлхээ шүү дээ. Зам тавьж байгаа нэрээр зэрлэг амьтдаа үргээчихвэл тэнд малчин хүн амьдрах аргагүй болно. Ингээд амьдрал тэр чигтээ өөрчлөгдөнө. Бусад улс орон аль хэдийнэ хөгжлийнхөө үе шатанд амьтдаа устгаад  эргээд генетикийн аргаар гаргаж авах гэж багагүй мөнгө хөрөнгө зарцуулж байна. Харин бид энэ гашуун сургамжийг давтах шаардлагагүй юм.

-Энгийнээс агуу болсон зүйл олон байдаг. Ногоон хөгжлийг бий болгоход энгийн зүйлээс эхэлж болох уу?
-Японы зарим байгууллага ногоон оффис гэсэн хаягтай байдаг. Тэр нь улс даяар мөрддөг стандартаас агааржуулагчийнхаа заалтыг хоёр хэмээр буулгаад ажилчдаа зангиагүй ирж болно гээд л зөвшөөрчихсөн байгаа юм. Тэгээд л үүнийгээ ногоон оффис гэдэг. Яагаад ногоон оффис гэж нэрлэв  гэхээр бид өдөрт тэдэн квт цахилгаан хэмнэж байна. Үүнийг сар жилээр тооцвол ийм хэмжээний эрчим хүч үйлдвэрлэхэд гарах нүүрс, ураныг ирээдүйдээ хадгалж байна. Үүнээс гарах ийм хэмжээтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж байна гэж тайлбарладаг. Бидэнд ч энгийн үйлдэл хийж ногоон хөгжлийг дэмжих  боломж байгаа. Компьютерээр  ажиллаагүй үедээ  унтраачих хэрэгтэй. Бас гэрлийнхээ чийдэнг сүүн гэрлээр  сольчих хэрэгтэй. Цаасаа хоёр талаар нь хэрэглээд хэвшчих.  Хэрвээ заавал  нэг талыг нь хэрэглэх шаардлагатай бол 12-тын шрифтээ 11 болгочих. Ингэснээр нэг нүүр цааснаас 12 хувийн хэмнэлт  гардаг. 100 ширхэг цаас хэрэглэх бол 12 цаас хэмнэнэ гэсэн үг. Тэгэхээр 12 цаасаа ирээдүйд үлдээж байна гэсэн үг. Энэ чинь100 мод тайрах байсан бол 12-ыг нь үлдээнэ гэсэн үг. Манайхан өнөөдрийг хүртэл мод тарина, суулгана гээд яриад байдаг. Гэтэл мод тарьж суулгах биш ургуулна гэж ярих ёстой. Ургуулна гэж ойлгох ёстой. Бид өөрсдөө  мод суулгачихна тэгээд ургачихна гэж байхгүй. Гэтэл мод ургуулъя гэвэл тав зургаан жил амьдрах чадвартай болтол нь тордох хэрэгтэй.  Амьдралын энгийн зүйлээс үүсч байгаа бүхнийг  ногоон хөгжил гэж тодорхойлж болох юм.

-Тэгвэл манай  улс  ногоон хөгжлөөр жишиг улс болох боломж бий юу?
 -Дээрх  санаачилга  гарснаас хойш  НҮБ-ын хурал зөвлөгөөн бүрт жишиг ногоон эдийн засагтай  улсынхаа нэгээр Монголыг сонгооч ээ, Монгол бол ногоон эдийн засгаар хөгжихөд давуу тал ихтэй,  бусад орныг бодвол цөөн хүн амтай, “хүрэн эдийн засаг”-ийн хамгийн тод жишээ болоод байгаа химийн хортой, хүнд үйлдвэр харьцангуй бага хөгжсөн.  Тиймээс ногоон хөгжлөөр тэргүүлэх жишиг улсын нэг болоход бүрэн боломжтой гэдгээ  илэрхийлсээр байна. Өнгөрсөн  хоёрдугаар сард Кени улсад зохион байгуулагдсан Байгаль орчны сайд нарын Дэлхийн чуулганаас дэлхийн байгаль орчны өдрийг энэ онд Монгол Улсад зохион байгуулах болсон. Энэ дагуу олон ажил зохион байгуулж байгаа. Түүний нэг болох “Ногоон хөгжил”  үндэсний чуулганы үеэр бид Монгол Улс  ногоон хөгжлийн түүчээ болон хөгжинө гэдгээ албан ёсоор илэрхийлнэ.

-Ногоон хөгжилд хөтлөх хамгийн том хөшүүрэг нь юу вэ? 
-Сүүлийн жилүүдэд гарч байгаа дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт мөн  уул уурхайн салбарын зарим нэг асуудалтай холбоотойгоор  байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаж байгаа. Гэхдээ бид  байгалийнхаа унаган төрхийг хэвээр хадгалахын төлөө хичээн зүтгэх  болно. Монголчуудын амьдарч ирсэн  амьдралын хэв маяг тэр чигтээ ногоон эдийн засгийн хамгийн тод жишээ. Шинэчлэлийн Засгийн газар Байгаль орчин, ногоон хөгжлийн яамыг үндсэн чиг үүргийн яам болгон шинэчилсэн  нь ногоон хөгжилд хөтлөх хөшүүрэг болж байгаа юм.

-Бидний амьдарч байгаа цэнхэр гаригийг ногоон болгоход ганц нэг улс орны хичээл зүтгэл нэмэр болох уу. Дэлхийн улс орнууд нэгдэж байж энэ зорилгод хүрнэ биз дээ?   
-Дээр өгүүлсэн Байгаль орчны сайд нарын Дэлхийн чуулга уулзалтын үеэр НҮБ-ын дөрвөн байгууллагаас хамтарч ажиллая, үүнийгээ нэг хөтөлбөрт зангидъя гэж шийдвэрлэсэн  юм. Учир нь дэлхий нийтээрээ ногоон эдийн засаг, ногоон хөгжлийн тухай  ярьж байна. Ногоон хөгжлийн тал дээр амжилт олж байгаа  улс орнууд хэд байна, ямар бодлого баримталж ажиллавал хурдан хөгжиж болох вэ зэрэг асуудлаар чуулганд оролцогчид санал бодлоо солилцсон.  Үүнээс үүдэн НҮБ-аас дөрвөн тусдаа үйл ажиллагаа явуулж байсан төсөл хөтөлбөрөө нэгтгээд эхний ээлжинд найман улсыг сонгоод ногоон эдийн засагтай жишиг улс болгоё гэсэн санал дэвшүүлсэн. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Аж үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр, Сургалт судалгаа, технологийн хөтөлбөр, НҮБ-ын дэргэдэх Олон улсын хөдөлмөрийн байгууллага  нэгдээд “PAGE”  буюу ”Ногоон эдийн засгийн төлөө хамтын ажиллагаа” гэсэн хөтөлбөр боловсруулж  байгаа юм. Дэлхийн 190 гаруй оронд  янз бүрийн хөтөлбөр хэрэгжүүлж, багагүй мөнгө зарж байхын оронд нэгдсэн бодлогоор зангидаж, найман улсыг сонгон ногоон хөгжлийн  жишиг улс болгон хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ. Тухайн улсын нийгмийн болоод  үйлдвэрлэлийн зах зээлийг хэрхэн байгаль орчинд ээлтэй байлгах, энэ чиглэлийн мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд анхаарах, байгаль орчинд эерэг үйлдвэрүүдийг байгуулах, хөрөнгө оруулагч, экспертүүдийг урин ажиллуулах зэрэг  олон санаачлага гаргасан.
Д.ЦЭЭПИЛ

No comments:

Post a Comment