Thursday, 20 June 2013

Н.Алтанхуяг: Тааз ширтэж хэвтэх хэрэггүй, ажилла

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр сэтгүүлчидтэй 30 минутын уулзалт хийж өнгөрсөн өдрүүдэд хийсэн ажлаа танилцууллаа. Тэрээр Хөвсгөл, Төв аймгуудад ажилласан юм байна, мөн “Чингис бонд”-ын хөрөнгөөр Улаанбаатар хотын хэмжээнд нийт 33 уулзварыг засч шинэчлэхээр төлөвлөсний дагуу өчигдөр Саппорогийн уулзвар ашиглалтад орж хүлээн авсан. Мөн өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт хуралдсан Засгийн газрын хуралдаанаас Олуулаа хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Эл төслийг УИХ намрын чуулганаар хэлэлцэн баталснаар жирэмсэн эхчүүд болон хүүхдээ хоёр нас хүртэл харах эхчүүдэд олгох мөнгөн тэмтгэмжийн хэмжээ өсөх юм. Тодруулбал, жирэмсэн эхчүүд долоон сартайгаасаа хүүхдээ төрүүлээд таван сарыг дуустал сар тутамд 40 мянган төгрөгийг тэтгэмж авдагийг 80 мянган төгрөгт хүргэх. Тэтгэмж авах хугацааг хойшлуулж  хүүхдийг нь хоёр нас хүртэл нь олгох. Амин дэм олгох зэргээр төсөлд заажээ. Дээрх мэдээллийг хийсний дараа сэтгүүлчид түүнээс дараах асуултад хариулт авсан юм. 
-Ипотекийн зээлд хамрагдъя гэхээр банкууд хашаа, байшин барьцаалахгүй байна. Хоёрдугаарт, байрны урьдчилгаа төлбөрийн 30 хувийг төлөх ёстой гэсэн шаардлага тавихаар орлого багатай иргэд ипотекийн зээлд хамрагдах боломжгүй байгаа. Эдгээр иргэдийг орон сууцжуулах чиглэлээр Засгийн газар тусгай хөтөлбөр гаргах уу. Мөн Төрийн орон сууцны корпораци байгуулах тухай дуулдах болсон. Хэзээ байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхлэх вэ. Ямар үйл ажиллагаа явуулах вэ? 
-Байрны урьдчилгаа төлбөрийн хувьд өмнө нь ч 30 хүртэл хувийг төлөх ёстой гэх шаардлагыг банкууд тавьж ирсэн. Энэ бол цоо шинэ зүйл биш. Харин улсад 10, 20 жил ажилласан хэрнээ орлого багатай иргэдээ яаж орон сууцжуулах вэ гэдэг дээр засаг бодлого гаргана. Магадгүй 8 хувийн зээлд хамрагдъя гэвэл урьдчилгаа төлбөр дээр нь тодорхой хөнгөлөлт үзүүлж болох юм. Үүнийг Засгийн газраас ажлын хэсэг гаргаад ажиллаж эхэлнэ. Тийм учраас өнөөдөртөө байрны урьдчилгаа төлбөрийнхөө 30 хувийг төлж чадаж байгаа нь ипотекийн зээлд хамрагдаад явж байг гэж бид тооцсон.
 

Хоёр дахь асуудлын тухайд Монгол Улс зах зээлд орсноос хойш түрээсийн орон сууц болоод бусад орон сууцны хэлбэрийг устгачихсан. Ерөөсөө л орон сууц худалдаж авдаг ганц хэлбэр л үлдсэн. Тэгэхээр Орон сууцны корпораци байгуулах юм, наадмын өмнө байгуулагдчих байх. Уг корпораци нь тодорхой хэмжээгээр газар эзэмшдэг, барилгын компаниудаар орон сууц бариулдаг, санхүүжилт дээр нь туслалцаа үзүүлдэг. Магадгүй улсад 25-30 жил ажилласан хүмүүст дэмжлэг үзүүлдэг, энэ талын зохицуулалт байж болох юм. Дээр нь орон сууцны үнийг нэмэгдүүлэхгүй байхын тулд барилга барих ажлыг нэмэгдүүлэх чиглэлээр энэ корпораци ажиллана.
 

-Орон сууцны чиглэлээр бага хүүтэй зээл олгоод эхэллээ. Нийлүүлэлт харин ямар байна вэ. Үнэ өссөн сураг дуулдах юм. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг мөнгөжүүлэх замаар дараа, дараагийн зээлийн эх үүсвэрийг бүрдүүлж тасралтгүй байх зарчим хангана гэж байгаа, чадах уу? 
-Найман хувийн хүүтэй зээлийг олгож эхлэнгүүт барилгын компаниуд орон сууцныхаа үнийг өсгөж болохгүй. Дутуу барьсан орон сууцыг нь гүйцээж барихад зориулж хөнгөлөлттэй зээл олгоод, барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжиж урьдчилж цемент, арматур хоёрыг бэлтгүүлээд, инженерийн шугамыг нь татаж өгөөд байхад үнэ өсгөнө гэх юм бол “Танайх Засгийн газрын хөтөлбөрт тэнцэхгүй юм байна” гэдгээ хэлээд шууд тухайн гэрээ байгуулсан компанийг хасаад явна. Өчнөөн барилгын компани гэрээ байгуулъя, хамтарч ажиллая гэж байхад. Тэгээд ч дээрх хөнгөлөлтүүдийг үзүүлээд цаана нь тодорхой ашгаа аваад явах боломжийг нь олгосон. Ийм байтал илүү ашиг хараад үхэн хатан тэмцээд байвал яая гэх вэ, дараагийн чадах компанийг нь оруулъя, зөндөө байна шүү дээ.
 

Өвөл үндэсний 17 компани нэгдээд орон сууц барья гэж санал гаргасан. Засгийн газраас хэрэгжүүлэх 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажилдаа орсон. Шинээр баригдсан спорт цогцолборын баруун талд орон сууц барьж байгаа, саяхан очиж үзсэн. Их сайхан ажил явж байна лээ. Тэр бол хамгийн бага үнэтэй баригдаж байгаа орон сууц. Төрийн орон сууцны корпораци ийм ажлыг зохион байгуулна. Тэгэхдээ бид бүх хувийн компанийг орон сууцныхаа үнийг хямдруул гэж хэлж чадахгүй. Зөвхөн хамтарч ажиллахаар гэрээ байгуулсан компанид л хамаарна. Нийгмийн даатгалын сан, шимтгэлд иргэд хэдий хэмжээний мөнгө төвлөрүүлж байна тэр бүгдийг ил тод болгоод явна.
 

-Өнөө жил барилгын идэвхижил тааруу байна гэх. Өнгөрсөн жил 700-800 кран ажиллаж байсан бол сарын өмнө 400-500 кран ажиллаж байгаа тухай мэдээлэл гарах боллоо. Энэ тохиолдолд нийлүүлэлт нь эрэлтээ гүйцэх үү. Өнөөх үнэ ханш өсөх гэдэг юм руу татчих вий гэх болгоомжлол байна? 
-Засгийн газар өнгөрсөн хугацаанд инфляцийг бууруулах арга хэмжээг тууштай явуулсны хүчинд ипотекийн зээлийг иргэдэд олгох бололцоо бүрдсэн. Өөрөөр хэлбэл, үнэ ханшийг буулгах бодлого явуулаад ирэхээр компаниуд барилгаа барих уу яах вэ гэдэг эргэлзээнд орж байна. Яасан бэ гэхээр барьсан орон сууцны м2-ынх нь үнэ өөрсдийнх нь тооцож байснаас доошоо буухаас аргагүй болсон. Тийм учраас бодож байсан хэмжээнд үнэ нь хүрэхгүй болоод ирэхээр зарим кранаа ажиллуулахгүй хэсэг харзнахаар болсон тал бий. Гэхдээ цаашид үнэ буурна, тийм болохоор барилгын эзэд яавал барилгаа арай хямд өртгөөр барих боломж байна вэ гэдгийг судлаад цааш хөдөлж таарна. Нийлүүлэлтийн тухайд өнгөрсөн жил улсын хэмжээнд 11 мянган айлын орон сууц ашиглалтад орж байсан бол өнөө жил 30 мянга гаруй орон сууц ашиглалтад орох судалгаа тооцоо гарсан. Хэдийгээр ажил эхлээд удаагүй боловч дутуу баригдсан орон сууцыг гүйцээх чиглэлд хөнгөлөлттэй зээл олгогдсон болохоор төлөвлөсний дагуу барилгууд ашиглалтад ороод явна.
 

-Гэр хорооллын ядарсан иргэд орон сууцны зээл хүрэхгүй байна. Хашаа байшингаа барьцаанд тавиад хамрагдах гэхээр банк зөвшөөрөхгүй байна. Энэ тохиолдолд яах вэ? 
-Ядуу хүний хувд орон сууц худалдан авах боломжгүй шүү дээ. Ганц монголд ч биш бусад оронд ч ийм жишигтэй. Тэгэхээр хоёр зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт, ажил хөдөлмөр эрхэлж ядуурлаасаа салах. Өглөө эрт бос, тааз ширтэж хэвтэх хэрэггүй. Шинэчлэлийн Засгийн газар Хөдөлмөрийн яамыг шинээр байгуулсан. Ажилгүй иргэдээ мэргэжилтэй болгож сургаж байна. Сар бүр цалинжуулж, хоол, унааных нь мөнгийг өгөөд. Дараа нь ажил олгогч компани дээр нь дадлага хийлгээд тэнд нь ажилтнаар оруулж байна. Энэ бүх боломжийг манай ажилгүй иргэд ашиглах ёстой. Энэ хөтөлбөр бол “Иргэдийг яаж орлогоо өсгөж орон сууцтай болох вэ” гэдэгт уриалсан хөтөлбөр. Хөвсгөл аймагт сая очиж ажиллахад Улаанбаатар хотод Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд хоёр сар суралцаад аймагтаа ирээд дадлагаар ажиллаж байна гээд хоёр бүсгүйтэй таарсан. Мундаг ч ажилчид болж байгаа юм билээ, барилгын засал чимэглэлчнээр суралцсан. Мэргэжил эзэмшсэн 6000 залуусын хоёр нь туршилтаар компанидаа ажиллаад явж байгаа байхгүй юу. Энэ чинь Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж байгаа Мэргэжилтэй ажилтан бэлтгэж байгаагийн үр дүн. Шинэчлэлийн Засгийн газар бол хөдөлж байгаа хөдөлмөрлөж байгаа иргэн бүрээ дэмжинэ. Залхуу залхаг хүмүүсийг “бойжуулахгүй” гэж ойлгох хэрэгтэй.
-Гадаадад байгаа монголчууд өөрсдийн олсон мэдлэг, туршлагаараа эх орондоо үйлдвэрлэл эрхлээд амьдаръя гэхээр тэр боломж нөхцөл олдохгүй байна гэж саяхан Сөүл хотод ажиллахад монголчууд хэлж байна. Ийм хүмүүсээ Засгийн газар дэмжих бодлого байна уу? 
-Гадаадад ажиллаад ирсэн хүмүүсээ дэмжинэ. Өмнөд Солонгост ажиллаж байгаад ирсэн ах, дүү хоёр жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл аваад Сонгинохайрхан дүүрэгт чулууны үйлдвэр байгуулчихсан байсан. Төв аймагт мөн БНСУ-д гурваас дөрвөн жил цутгуурын үйлдвэрт  ажиллаад ирсэн залуу аймагтаа цутгуурын үйлдвэр байгуулсан байгаа. Ийм иргэддээ хөнгөлөлттэй зээл олгох замаар үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд нь төрөөс дэмжинэ.
 
Г.ДАРЬ

No comments:

Post a Comment