Tuesday, 18 June 2013

Х.Цогтбаатар "Хүн төрөлхтний соёлын өвийг хамгаалахад хөрөнгө оруулах нь буянтай ажил"

Шинжлэх ухааны академийн Палеонтологийн лаборатори, музейн эрхлэгч, доктор Х.Цогтбаатартай ярилцлаа.
Сүүлийн жилүүдэд манай улсад уул уурхай эрчимтэй хөгжиж байна. Газар шороотой харьцдаг байгууллагууд соёлын өвийг хамгаалах талаар ямар хууль, дүрэм мөрдөх ёстой вэ? 
Монгол улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу газар шороотой харьцаж байгаа уул уурхай, дэд бүтэц гээд бүхий л барилга байгууламж барьж байгаа компани, аж ахуйн нэгжүүд өөрсдийн үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөлтэй талбайдаа археологи, палеонтологийн урьдчилсан хайгуулыг Палеонтологийн төвөөр хийлгэх ёстой. Манай улсад голдуу археологийн судалгаа хийгдэж яваад арай хожуу 2009 оноос палеонтологийн үнэлгээ хийгдэж эхэлсэн байдаг. Өнөөдөр уул уурхай болон дэд бүтцийн тусгай зөвшөөрөл авсан компаниуд албан ёсоор манай байгууллагад ханддаг. Албан бичиг, талбайн геологийн зураг, зөвшөөрлийн хуулбар зэрэг мэдээллийг бүрдүүлж өгөх шаардлагатай. Манай байгууллагын зүгээс хэрэгтэй бол нэмэлт мэдээлэл авдаг. Газар бүр өөр өөр тогтоцтой, геологийн өөр өөр цаг үеийн настай байдаг учраас чиглэлийнх нь судлаачдаар баг бүрдүүлж, доктороос дээш цолтой хүнээр ахлуулж ажилладаг. Үүний дараа газар дээр нь палеонтологийн судалгаа хийж, тайлан, дүгнэлтээ гаргана. Энэ дүгнэлтдээ палеонтологийн олдвор байна, олдох боломжтой гэх мэтээр тусгаад, хайгуулын ажил хийх бол боломж олгохыг боддог. Харин ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газруудад олдвор илэрвэл авран хамгаалах малталт хийнэ. Тусгай зөвшөөрөлтэй талбайд ховор олдвор илрэх магадлалтай бол онцгойлон анхааруулдаг. Хэрвээ уламжлалт олдворт газар тусгай зөвшөөрөлтэй талбайд хамаарагдсан бол хасуулах зөвлөмж ч өгч байгаа. Олдвор илрэх магадлал өндөр газруудад үйл ажиллагаа явуулах бол палеонтологийн мэргэжлийн байгууллагаар мониторинг хийлгэх ёстой.
Уул уурхайн компаниуд хуулиа мөрдөж байна уу. Өмнөговь аймаг бол палеонтологийн олдвор ихтэй. Тэнд маш олон компани үйл ажиллагаа явуулж байгаа?
Томоохон компаниуд хуулиа мөрддөг. Үүн дотроос Оюу Толгой бусад компанид жишиг болохоор сайн ажиллаж байна. Энэ компани археологийн чиглэлээр олон жилийн өмнөөс судалгаа хийлгэж байсан. Харин 2005 оноос палеонтологийн талаас анхаарч эхэлсэн. Анх Босоо ам-1-ийг барих үед үлэг гүрвэлийн өндөг олж, ШУТИС-ийн мэргэжлийн хүмүүсээр судлуулж, дүгнэлт гаргуулсан юм билээ. Тэгээд 2009 оноос Соёлын өвийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөр хэрэгжүүлэгчдийн дунд тендер зарлаж, олон улсын эрдэмтдийн баг шалгарсан л даа. Миний бие палеонтологийн чиглэлээр оролцож, судалгаа хийсэн. Судалгаагаар зөвхөн төслийн талбай биш эргэн тойронд янз бүрийн хэлбэрээр нөлөөлөл үүсч болзошгүй гэж үзсэн. Бид хөтөлбөртөө нэлээд эмзэг байх магадлалтай газруудыг тогтоож, тусгасан юм.
Олдвор илрэх магадлалтай газар дээр танай зүгээс Оюу Толгой компанитай ямар байдлаар хамтран ажилласан бэ?
Оюу Толгой компани манай байгууллагад санал тавьж, Гашуун сухайт хүртэлх авто зам, цахилгаан дамжуулах агаарын шугам, Гүний хоолойгоос ус татах байгууламж, нисэх буудлын орчимд палеонтологийн судалгаа хийж, дүгнэлт гаргасан. Мэдээж бүх газар палеонтологийн талаасаа эрсдэлтэй биш, зарим нь гайгүй байсан л даа. Онцгой анхаарал татах газар бол Гүний хоолой. Үүн дотроо зүүн хойд талын CTP1 гэдэг ус цуглуулах байгууламж байлаа. Энэ хэсэг үлэг гүрвэлийн олдворын уламжлалт газар болох Үрлэбтэй их ойрхон. Тиймээс палеонтологийн хяналт үнэлгээ хийх шаардлага гарсан. Үүний дагуу тэнд 2011 оны 11 сараас 2012 оны 5 сар хүртэл өвлийн улиралд палеонтологийн баг ажиллаж, байнга хянаж, эртний хурдас илэрсэн тохиолдолд ажлыг нь зогсоож, хайгуул хийх байдлаар ажилласан. Хэрвээ олдвор илэрвэл авран хамгаалах малтлага хийх байдлаар ажлаа явуулсан. Бас зарим шугамын зургийг өөрчилж, тойруулж гаргах, шилжүүлэх зэргээр ажлын зураг гаргаж батлуулсан. Тойруулж гаргах, зогсоох, шилжүүлэх тохиолдолд хөрөнгө мөнгө илүү гарна. Гэхдээ Оюу Толгой компани болон бидний хувьд бие биенээ зөв ойлгож, хамтран ажилласан учраас энэ ажил амжилттай болсон.
Тэндээс ямар олдворууд гарсан бэ?
Ерөнхийдөө 100 гаруй гипсэн ороолт бүхий олдвор цуглуулсан. Амьтны яс олон сая жил болж чулуужсан ч чулуу шиг хатуу биш, их эмзэг. Тиймээс орчны шороотой хамт гипсээр ороож авдаг. Үүнийгээ боловсруулах ажлыг энэ оны 7 дугаар сараас эхлэнэ. Хээрийн урьдчилсан судалгаагаар 4-5 төрлийн үлэг гүрвэлийнх гэж дүгнэсэн. Гэхдээ бүтэн олдвор гэж ойлгож болохгүй. Хагас дутуу байсан ч шинжлэх ухаанд маш чухал. Боловсруулахад хугацаа их ордог учраас 2014-2015 онд бэлэн болгохоор төлөвлөж байна. Дараа нь зарим хэсгийг шаардлагатай гэж үзвэл орон нутгийн музейд өгнө. Бидний хувьд Ханбогд, Өмнөговьд палеонтологийн музей байгуулахад мэргэжлийн талаасаа туслахад бэлэн байгаа.
Ер нь бусад компаниуд ийм байдлаар хуулиа мөрдөн ажиллаж байна уу. Өөрөөр хэлбэл зөв жишиг тогтсон уу?
Палеонтологийн шинжлэх ухаан зөвхөн Монголынх биш. Улс үндэстний оршин байгаа дэлхийн түүх судалдаг учраас хүн төрөлхтнийх гэж болно. Дэлхийн түүхийг өндөр хэмжээнд судалсан гэхэд хэцүү. Нотолгоо нь палеонтологийн олдвор л байдаг. Харамсалтай нь олдвор тийм ч элбэг биш. Цөөхөн олдвор дээрээ палеонтологичид ажиллаж, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлтүүд гаргаж ирлээ. Палеонтологит онцгой байр суурь эзэлдэг үлэг гүрвэлийн олдвор олддог цөөхөн орны нэг бол Монгол. Тиймээс уул уурхайн үйл ажиллагааны явцад олдвороо бага ч гэсэн устгавал хүн төрөлхтний өмнө хийж буй маш том буруу үйлдэл. “Байгалийн болон соёлын өвийг хамгаалах олон улсын конвенц”-оор тухайн улс дахь түүх соёлын дурсгалыг дэлхий нийтийн өмнө хадгалж хамгаалах үүрэгтэй байдаг. Оюу Толгой шиг эхний судалгаанаас явцын үр дүнг нь харах хүртэл мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа компани өнөөдрийг хүртэл байхгүй байна. Мэдээж ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд мөнгө төгрөгөө аль болох хэмнэхийг боддог биз. Гэхдээ хүн төрөлхтний соёлын өвийг хамгаалахад хөрөнгө оруулах нь харамсалтай зүйл биш, харин ч буянтай ажил.
Оюу Толгой компанитай хамтран ажиллаж байгаа өөр ажлууд бий юу?
Ерөнхийдөө үлэг гүрвэлийн судалгаа ясны судалгаанаас халиад улам нарийн чиглэл рүү орчихлоо. Энэ төрлийн судалгаа харьцангуй шинэ, ердөө 150 жилийн түүхтэй. Гэтэл хүн төрөлхтөн зэрэгцэн амьдардаг амьтны судалгаатай адил нарийн зүйлийг хүсдэг. Тиймээс мөрний судалгаа чухал байр суурьтай болж байна. Монголоос үлэг гүрвэлийн олдвор илэрдэг гэдгийг 1920-иод оноос шинжлэх ухааны аргаар баталсан. Үүнээс хойш үе үеийн экспедицүүд олон үлэг гүрвэл олж тогтоосон ч мөрний судалгаа байгаагүй. Шар цавын мөрийг 1995 онд олох хүртэл үлэг гүрвэлийн мөргүй орон гэж ярьдаг байлаа. Гэтэл тэр мөрийг олоод 4-5 удаагийн хээрийн судалгаа хийхэд Монголд төдийгүй дэлхийд сонирхол татахуйц олдвор болох нь тогтоогдсон. Ясан биеийн судалгаа бол өөр. Харин мөр амьтны зан араншин, био механик, хөдөлгөөн гээд олон зүйлийг хэлдэг. Гэхдээ мөрийг ястай адилхан малтлага хийж аваад музей, сан хөмрөгтөө ийх боломжгүй. Байгальдаа байх ёстой. Мэргэжлийн хэллэгээр палеонтологийн үл хөдлөх дурсгал гэдэг. Гэхдээ үлдээчихээр хүн, амьтан, байгалийн гээд олон нөлөөлөл байна л даа. Нөлөөлөөд устаж үгүй болсон гашуун туршлага ч бий. Шарцавын дараа Өмнөговь аймгийн Булган сумын Авдрант гэдэг газраас мөр олсон. Гэтэл хүмүүс байнга үзэж, ухаж төнхөн дээгүүр, доогуур нь явсаар байгаад бараг алга болгосон. Тиймээс Шар цавын мөрийг хадгалж үлдэх ёстой. Бид судлаад ном гаргаж, гадаад, дотоодод мэддэг болсон ч судалгаанд дахин ашиглана. Палеонтологийн судалгааны нэг онцлог бол өмнөх үеийг одоогийнхтой нь харьцуулж дүгнэлт гаргадаг. Харьцуулсан судалгааны материал болгох үүднээс газар дээр нь хадгалахаас өөр сонголтгүй. Бид хэрхэн хамгаалахаа шийдээгүй байхад хүмүүс очиж, санаатай, санаандгүй сүйтгэж эхэлсэн. Бүр тасдагч багажаар огтолж авсан тохиодол ч байгаа. Бид энэ хэсгийг аялал жуулчлалын бүс болгож, хамгаалалтад авахаар Оюу Толгой компанид хандсан. Компанийн зүгээс хөрөнгө оруулалт хийж, Ханбогд, Манлай сумын заагт байх Шар цавын үлэг гүрвэлийн мөрийг хамгаалах 1280 метр урт хашаа барьсан. Манайд анх удаа ийм томоохон ажил хийгдлээ.
Энэ мөр хад чулуун дээр үлдсэн байх уу. Хэдий хугацааны өмнөх үеийнх гэж тогтоосон бэ?
Хатуу элсэн чулуун дээр гарсан. Барагцаалбал 60-70 сая жилийн настай. Ганц амьтны мөр биш. Бидний тооцоолсноор 4-5 төрлийн үлэг гүрвэл янз бүрийн чиглэлд гүйсэн байгаа. Том нь жижгийгээ хөөж байгаа, дагаж гүйсэн, гэнэт бултаж зугатсан гээд олон үйлдэлтэй. Үлэг гүрвэлийн яс олдсон газарт мөр байхгүй, мөр олдсон бол яс олддоггүй. Гэтэл энд аль аль нь байгаа. Үүгээрээ бас шинжлэх ухаанд их үнэтэй.
Ч. Батпүрэв
Өдрийн сонин


No comments:

Post a Comment