УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийг “Ярилцах танхим”-даа урьж ярилцлаа.
-УИХ-ын эмэгтэй гишүүдийн санаачилсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг УИХ-ын эрэгтэй гишүүд нэлээд эсэргүүцсэн. Тиймээс уг хуулийн төслийг дэмжээгүй. Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж та бүхний санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлж, мөрийн хөтөлбөртөө тусгасан байна билээ?
-УИХ шинээр бүрэлдсэн өдрөөс эхэлж эмэгтэй гишүүд маань Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг санаачилж, өргөн барьж эхэлсэн. Гэвч хуулийн төслийг маань УИХ-ын эрэгтэй гишүүд дэмжихгүй өнөөг хүрснийг хүмүүс мэдэж байгаа байх. Тиймээс бид энэхүү саналаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид танилцуулж, дэмжлэгийг хүлээсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эхээсээ олуулаа.
Нөгөөтэйгүүр, хүүхдүүдтэй ойр байдаг хүний хувьд бидний саналыг дэжсэн байх. Ерөнхийлөгч өөрөө 20 гаруй өнчин хүүхдийг өсгөж байгаа учир хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах нь ямар их асуудал дагуулдгийг өөрийн биеэр мэдэрсэн юм шиг санагдсан шүү. Тиймээс ч бидний саналыг мөрийн хөтөлбөртөө тусгасан гэж бодож байна.
-Тодруулбал ямар асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусгасан юм бэ?
-Мөрийн хөтөлбөрийнхөө 2.18-д “Сургуулийн өмнөх насны хүүхэд асрах үйлчилгээ, бичил цэцэрлэг, түүний стандарт шаардлагыг хуульчилж дэмжинэ. Хоёр хүртэлх насны хүүхдийг гэрээр харах, 2-5 хүртэлх насны хүүхдийг цэцэрлэгт хамруулах бодлого, санаачилгыг дэмжинэ. Таваас дээш тооны хүүхэд асарч байгаа хүний ажлыг баталгаажуулж, гэрчилгээ олгоно. Энэ ажлыг УИХ-ын эмэгтэй гишүүдийн санаачилгад түшиглэж хэрэгжүүлнэ” гэж тусгасан байна билээ. Энэхүү мөрийн хөтөлбөрт нь эмэгтэй гишүүд төдийгүй эхчүүд, хүүхдүүд маань маш их талархаж байгаа.
-Дээрх заалтууд амьдралд бодит биелэлээ олох боломж хэр их байгаа вэ?
-Гэрээр хүүхэд харах үйлчилгээ бодит биелэлээ олох бүрэн боломжтой, нэн хэрэгцээтэй гэдгийг судалгаагаар баталсан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд 2-5 насны бүх хүүхдийг хүүхдийн карттай болгоё гэж бид ярьж байгаа. Энэ картанд нь сар бүр 116 мянган төгрөгийг улсын төсвөөс шилжүүлэх юм. Өнөөдөр бол цэцэрлэгт явж байгаа хүүхдүүдэд л улсаас сар бүр 116 мянган төгрөгийг төсөвлөж байна. Гэтэл 2-5 насны 230 мянган хүүхдээс ердөө 150 мянган хүүхэд нь л цэцэрлэгт хамрагдаж байх жишээтэй. Үлдсэн 80 мянган хүүхдэд энэ мөнгөнөөс юу ч хүртэхгүй байгаа юм. Үүгээр үл барам цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 80 мянган хүүхдийг эцэг эхийнх нь аль нэг нь гэртээ харж, ажил хөдөлмөр эрхлэх цаг хугацаагаа алдаж, өрхийн орлого нь буурч байгааг хүн бүр мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн өрх давхар, давхар хохирол амсаж байна гэсэн үг шүү дээ. Тиймээс бид 2-5 насны хүүхэд бүрийг хүүхдийн карттай болгож, улсаас үзүүлж байгаа тэтгэмжид бүрэн хамруулах хэрэгтэй гэж үзэж байгаа юм.
-Ингэснээр улсын төсөвт дарамт болох вий гэсэн айдас гишүүдийн дунд нэлээд байх шиг байна билээ?
-Бид Боловсрол, шинжлэх ухааны яамныхантай хамтарч шаардлагатай хөрөнгө мөнгөний тооцоог гаргасан. Улсын төсвөөс 300 гаруй тэрбум төгрөгийг хүүхдийн картанд жил бүр шилжүүлэх тооцоо гарсан. Өнөөдрийн байдлаар цэцэрлэгт явдаг хүүхдүүдэд зориулж жил бүр улсын төсвөөс 180 гаруй тэрбум төгрөгийг төсөвлөдөг юм билээ. Хүүхдийн картыг нэвтрүүлснээр цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй 80 мянган хүүхэд цэцэрлэгт явдаг хүүхдүүдтэй ижилхэн хангамж авах бололцоотой болох учир нэмэлтээр 120 тэрбум төгрөгийг жилд төсөвлөх шаардлагатай. Улсын төсөв сүүлийн жилүүдэд тэлж байгаа учир хүүхдүүдээсээ гар татах хэрэггүй байгаа юм шүү дээ.
-Тэгэхээр “хавтгайрсан халамжаас татгалзана” гэх уриалга нэлээд асуудалтай болох биш үү?
-Хүүхдийн картнаас бэлэн мөнгө авах боломжгүй учир үүнийг хавтгайрсан халамж гэж олйгох нь өрөөсгөл болно. Энэхүү картанд орсон мөнгөөр хүүхдүүд цэцэрлэгийнхээ төлбөрийг хийх боломжтой болно. Өөрөөр хэлбэл, цэцэрлэгүүд улсын төсвөөс биш хүүхдүүдийнхээ картнаас хоолных нь мөнгийг авдаг болно гэсэн үг юм.
-Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй хүүхдүүд картан дахь мөнгөө хэрхэх юм бэ?
-Хуулийн төслийн маань нэрний гол утга учир энэ асуултад хариулт өгч чадах байх. Хүүхэд харах үйлчилгээний зорилго нь нэг ээж таван хүүхдийг гэрээрээ харах боломжийг бүрдүүлэх юм. Тухайлбал, хөршийн тань ээж ийм үйл ажиллагаа эрхэлж байгаа бол та хүүхдээ цэцэрлэгт өгөхийн оронд хөршөөрөө харуулж болно гэсэн үг.
-Энэ нь Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөртөө тусгасан “Таваас дээш тооны хүүхэд асарч байгаа хүний ажлыг баталгаажуулж, гэрчилгээ олгоно” гэдгийн тайлбар гэж ойлгож болох нь ээ. Үүнийг илүү тодорхой тайлбарлаж өгөөч?
-Тийм. Тодорхой жишээн дээр тайлбарлаж өгье л дөө. Тухайлбал, гурван ээж нийлээд байр түрээслээд ч юм уу. Гэр хороололд байгаа тохиолдолд байшингаа тохижуулаад 15 хүүхэд харах боломжтой болно. Ийм хүмүүст гэрчилгээ олгож, батламжилсны үндсэн дээр хүүхдийн картнаас ажлынхаа хөлсийг авах юм. Хуулийг баталсны дараа хүүхэд харах үйлчилгээний ийм төрлийн цэгүүдийг маш олноор байгуулна. Ингэснээр ажлын байр нэмэгдэж, гэртээ байдаг хүүхдийн тоо багасах төлөв ажиглагдаж байгаа. Тухайлбал, эхний жилд гэхэд 5000 хүн, дараа дараагийн жилээс нь 15-20 мянган хүн ажилтай болох юм. Өөрөөр хэлбэл, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 80 мянган хүүхдийн таван хүүхэд тутамд нэг хүн ажилтай, орлоготой болж байна гэсэн үг.
-Бичил цэцэрлэг байгуулах саналыг тань Ерөнхийлөгч дэмжиж, мөрийн хөтөлбөртөө тусгасан байна билээ. Энэ ямар учиртай юм бэ?
-Таваас дээш тооны хүүхэд асарч байгаа хүний ажлыг баталгаажуулж, гэрчилгээ олгоно гэж дээр дурьдсан. Эдгээр хүмүүс үйл ажиллагаагаа өргөтгөөд жижиг, дунд үйлвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авах замаар ажиллаад ирэхээр бичил цэцэрлэг гэдэг ойлголт үүсээд байгаа юм. Нөгөөтэйгүүр, бичил цэцэрлэг нь байгууллагын дэргэдэх цэцэрлэг байж болно. Байгууллагын дэргэд цэцэрлэг байгуулах боломж байгааг бид олж харсан. Тухайлбал, төрийн ордонд ажил хийж байгаа 400 гаруй хүний хүүхдийг харахад зориулсан цэцэрлэг төрийн ордонд байрлах боломж бий. Өнөөдөр байгууллагууд ажилтнуудынхаа хүүхдүүдэд зориулж дэргэдээ цэцэрлэг байгуулдаггүйн учир нь тус байгууллагын нуруун дээр маш их ачаалал ирнэ гэж айсандаа тэр. Харин бичил цэцэрлэг байгуулах хөрөнгийг нь улсаас шийдээд өгчихвөл энэ асуудлаас зугтахгүй болох юм. Тэгэхээр тус байгууллагад ажилладаг цэцэрлэгийн насны хүүхэдтэй хүн ажилдаа ирэхдээ хүүхдээ цэцэрлэгт нь өгчихөөд орой ажлаа тараад хүүхдээ аваад харих боломжтой болно. Нөгөөтэйгүүр, өнөөдөр 40-өөс дээш насны эмэгтэйчүүдэд ажил олдохгүй байгаа энэ нөхцөлд тэр хүмүүст ажлын байртай болох олон сайхан боломж бий болно. Хүүхэд харах үйлчилгээнээс гадна бид Олуулаа хуулийн төслөө Ерөнхийлөгчид танилцуулсан. Ерөнхийлөгч маань энэ бүхнийг дэмжихээ илэрхийлсэнд баяртай байгаа.
-Олуулаа гэдэг нэрнээсээ эхлээд сонирхол татсан хуулийн төсөл шиг санагдлаа. Хуулийн төслийнхөө талаар танилцуулахгүй юу?
-2.8 сая хүн амтай монголчууд маань ойрын хэдэн жилдээ багтаж хүн амаа өсгөх шаардлагатай гэж бид үзэж байгаа юм. Өнөөдөр Монгол Улсын нийт гэр бүлийн 40 гаруй хувь нь нэг хүүхэдтэй байна гэсэн судалгаа гарсан. Гурван хүүхэдтэй айл ердөө зургаан хувийг эзэлж байгаа. Тиймээс бид монгол айл бүрийг гурван хүүхэдтэй болчихоосой гэж хүссэний үндсэн дээр энэхүү хуулийн төслийг боловсруулсан. Ингэснээрээ эмэгтэй хүнийг хүүхэд төрүүлэх үүрэгтэй хүн гэж хэлж байгаа юм биш шүү. Тэр ч утгаараа хүүхдээ төрүүлэхийн хажуугаар өөрийн гэсэн хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжийг эмэгтэйчүүддээ олгохыг хүссэн юм. Үүний тулд эхчүүдийг зургаан сартай жирэмсэн байх үеэс нь эхлээд бэлэн мөнгө болон хүнсний талоны тэтгэлэг олгож эхлэх гэж байгаа. Мөн хүүхдээ төрсний дараа хоёр нас хүртэл нь гэртээ харж байгаа ээж юмуу аавыг нь цалингийн доод хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээгээр эхний ээлжинд цалинжуулахаар тооцоолсон. Энэ нь 0-2 насны хүүхдээ гэртээ хараад сууж байгаа эхчүүдийн дэмжлэгийг маш ихээр хүлээж байна. Ялангуяа малчин эмэгтэйчүүд маань талархлаа ихээр илэрхийлсэн. Монгол Улсын иргэнийг төрүүлээд, гэртээ өсгөж байгааг бид ажил хийж байна гэж тооцох ёстой гэж үзсэн. Тиймээс Нийгмийн даатгалын шимтгэлийг нь 50 хувиар хөнгөлж, гурван жилийн хугацаанд ажлын байрыг нь хадгалж байя гэж хуулийн төсөлдөө тусгаж байгаа.
-Хүүхдээ хоёр нас хүртэл нь гэртээ харж байгаа эх, эцгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээгээр цалинжуулна гэлээ. Энэ бүхэнд хэчнээн төгрөг хэрэгтэйг тооцоолсон уу. Ийм нөхцөлтэй хүмүүс хэр их байдаг юм бол оо?
-Жилд 60 гаруй мянган хүн төрж байгааг бид судалгаагаар тогтоосон. Цаашид энэ тоо мэдээж нэмэгдэх байх. Бид үүнийг л хүсэж байгаа шүү дээ. Энэ хуулийг баталчихвал хүүхэд төрүүлэх хүсэлтэй эмэгтэйчүүдийн тоо ч нэмэгдэх нь тодорхой гэж бодож байна. Тэгэхээр жилд 60-80 мянган хүн төрнө гэж үзэхээр жилд 100-200 тэрбум төгрөг шаардагдах байх. Өнөөдөр төсвийн орлого хангалттай байгаа үед бид хүн амаа өсгөх бодлого баримтлахдаа тодорхой хэмжээгээр хөрөнгийг төсөвлөх шаардлагатай гэж үзэж байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Р.Сарангоо