Хилийн чанадад ажиллаж байгаа монголчуудыг эрх орондоо ирж ажиллахад нь тусалдаг Алтангэрэлийн Урангоо гэх бүсгүйтэй ярилцлаа. Тэрээр АНУ-ын Колорадогийн Их Сургуулийг улс төр-олон улс судлалын мэргэжлээр төгссөн Одоо “Mongolia Talent Network” компанийн “Ambassador”-оор сонгогдон ажиллаж байгаа хөдөлмөрч бүсгүй юм.
-Ингэхэд та яагаад энэ олон жил гадаадад байсан юм бэ?
-Миний хувьд Америкт найман жил амьдарсан. Колорадогийн их сургуулийг 2011 онд төгсөөд Монголдоо ирсэн. Өмнө нь Сингапур, Малайзад Английн консулын сургуульд сурч байлаа.
-Ер нь хэзээ Монголдоо ирэхээр төлөвлөж байв?
-Монголдоо ирж амьдарна гэж боддог байсан ч яг хэзээ гэдгийг шийдэж чадахгүй байсан. Суралцаж байх хугацаандаа Америкийн засгийн газрын төсөл хэрэгжүүлэгч гэрээт төслийн албанд дадлагын оюутнаар удаан хугацаанд ажилласан. Ингэж туршлага хуримтлуулсан учраас Монголдоо ирээд ажиллахад алзахгүй гэж бодож байлаа. Болохгүй бол буцаад явна даа гэсэн давхар бодолтой байсан. Яг бат итгэлтэй шийдэж чадахгүй байтал аав минь өнгөрсөн жил бурхан болж айлын том охины хувьд ээждээ хань болохоор эх орондоо ирсэн.
-Аав тань өөд болоогүй бол эх орондоо ирэх байсан уу?
-Ирэх байсан байх. Залуу хүний хувьд нэг хэсэгтээ гадаадад мэргэжлээрээ ажиллахад алдах зүйлгүй гэж бодож байлаа. Монголдоо ирээд хүний нөөцийн компанид ажилд орсноор одоогийн хөдөлмөрийн зах зээлийг илүү судалж чадварлаг боловсон хүчнүүд Монголд үнэхээр хэрэгтэй байгааг олж мэдсэн. Өнгөрсөн жил эдийн засаг 17.5 хувь өссөн. Энэ өсөлтөө дараагийн таван жил хадгалж чадах юм бол Монголын хөдөлмөрийн насанд хүрсэн бүх хүмүүс дээр нэмэгдээд гадны 60 мянган ажилчин хэрэгтэй болно гэсэн судалгаа гарсан байгаа.
Хүний нөөцийн салбарт ажилдгийн хувьд бид одооноос гадаадад байгаа боловсон хүчнээ татах хэрэгтэй гэж дүгнээд "Эх орондоо эргэж ирцгээе" төслөө эхлүүлсэн. Гадаадад байгаа Монголчууд маань нийт хүн амын 10%-г эзэлж байна. Тэд Монгол дахь ажлын байрны талаарх мэдээлэл маш муу байдгаас болоод эх орондоо ирэх шийдвэрээ гаргаж чадахгүй байгаа юм. Үүнийг би гадаадад удаан амьдарсан хүний хувьд мэдэж байна. Тиймээс энэ талаарх мэдээллийг тэдэнд хүргэж эхэлсэн. Тэдэнд Монгол дахь ажлын байрны талаарх мэдээлэл өгч бодит ажлын байрны санал тавьж байгаа. Мөн олон жил гадаадад амьдраад Монголдоо ирээд хэрхэн амьдарч байгаа тухайгаа хуваалцах уулзалтууд хийсэн маань хүмүүсийн сонирхлыг их татдаг болжээ.
-Энэ ажлыг хийж эхэлснээс хойш хаагуур хаагуур явж, “Эх орондоо ирцгээе” уулзалтыг хийв?
-Америкийн Вашингтон, Чикаго, Денвэр, Сан Франциско, Сакраменто, Лос Анжелес гэсэн зургаан муж болон Солонгос, Япон, Хятад гээд нийт есөн удаагийн лекцийг зохион байгуулсан. Удахгүй долоо хоногоос Англи, Герман, Турк, Польш гээд Европын дөрвөн оронд лекцээ хийхээр замдаа гарах гэж байна.
-Ингэж олон улсаар явахад багагүй зардал гарна. Зардлыг танай компани гаргадаг биз дээ. Эсвэл та хувиасаа гаргадаг уу?
-Би анх хувийн ажлаар явангаа Америк дахь Монголчуудтай уулзаж Монголын ажлын зах зээлийн талаар мэдээлэл өгч юм. Энэ маань яваандаа хүмүүсийн ам дамжаад бусад улс орнуудаас урилга ирэх болсон. Америк дахь уулзалтыг би өөрөө зардлаа гаргасан, харин одоо лекц маань төслийн хэмжээнд очсон тул миний ажилладаг “Mongolia Talent Network”, “Хөгжил Трейд” компани зардлыг хуваан гаргаж байгаа.
-Уулзалтанд ихэвчлэн ямар хүмүүс оролцож байна?
-70 хувь нь оюутнууд, 30 хувь нь ажил хийж байгаа хүмүүс оролцож байгаа нь анзаарагдсан. Цаг давчуу явдаг учраас уулзалтанд ирж байгаа хүмүүстэй нэг бүрчлэн уулзах боломж гардаггүй. Нэг цагийн лекц маань чөлөөт ярилцлага маягаар 3-5 цаг үргэлжилдэг. Лекц маань гадаадад боловсрол эзэмших болон өөрийгөө хөдөлмөрийн зах зээл дээр хэрхэн сайн боловсон хүчин болгож бэлдэх вэ гэдэг сэдвээр өрнөдөг.
- Жинхэнэ дэлхий хэмжээний чадвартай хүмүүс нь ирдэггүй юм шиг санагдсан?
-Ер нь хаа газрын сайн сургуульд сурч байгаа болон чадварлаг боловсон хүчнүүдийг зарим том компаниуд тоочиглочихсон байдаг. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдээд дотоодын компаниуд маань томроод бизнесийн цар хүрээ өсөөд эхлэхээр тэдэнд ажиллах чадварлаг, олон улсад ажиллаж байсан туршлагатай боловсон хүчний шаардлага гарч ирсэн. Тэгэхээр “Эх орондоо эргэж ирцгээе” лекц маань ирэхгүй байгаа хүмүүсийн л шийдвэрт нөлөөлөх зорилготой юм. Манайх сая Англид долоон жил өндөр барилгын инженерээр ажилласан чадварлаг залууг эх орондоо авчирсан. Тэр залуу өндөр цалинтай олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсон хүчин учраас “Blue Sky”, “Central tower” шиг олон өндөр барилгууд баригдана итгэж байгаа.
-Энэ хүмүүсийг Монголд ирэхэд нь юу саад болдог юм бол?
-Монгол дахь ажлын байрнуудын талаарх мэдээлэл дутмаг байдал. Хоёрдугаарт эх орондоо ирж ажиллаач гэж санал тавих, ятгах хүн байдаггүйтэй холбоотой. Засгийн газраас хэчнээн уриа гаргасан ч хувь хүмүүсийн шийдвэрт нөлөөлнө гэдэг амаргүй. Харин тэдэнтэй адилхан олон жил гадаадад амьдарсан хүмүүс Монголдоо ирээд амжилттай ажиллаж байгаа бодит жишээнүүд л тэднийг татах хөшүүрэг болох байх.
-Эх оронч сэтгэл дутаад ирдэггүй юм биш үү. Уг нь тэр чадвартай хүмүүсээ эх орон нь үгүйлж байна шүү дээ. Гэтэл тэд хувийн амьдралаа бодоод эх орондоо ирэхгүй байх шиг ээ?
-Би тэгж хардаггүй. Яах гэж гадагшаа явсан зорилго нь илүү чухал болов уу. Судалгаагаар гадагшаа гарсан Монголчуудын 41 хувь нь ажиллах, 38 хувь нь суралцах зорилгоор бусад нь солилцоо болон эрүүл мэндийн шалтгаанаар гарцгаасан байдаг. Уулзалтын үр дүнгээс харахад би мундагтаа олон хүмүүс цуглуулж лекц хийгээд яваад байгаа ч биш юм билээ. Эх орондоо ирж ажиллаж амьдрах хүсэлтэй хүмүүс олон байгаад уулзалтууд маань амжилттай болж байгааг сайн ойлгосон.
-Ер нь аль салбарт мэргэшсэн хүн дутагдалтай байна?
-Мэргэжилтэй гэхээсээ илүү мэргэшсэн боловсон хүчнүүд маш эрэлттэй байгаа. Барилга, уул уурхайн инженер, санхүү, хуулийн мэргэжилтнүүд Монголд их хэрэгтэй. Мөн сүүлийн үед хүний нөөцийн мэргэжилтнүүд бас их эрэлттэй болсон.
-Манай төрийн бодлого дэлхийн чиг хандлага, олон улсын харилцаатайгаа хэр нийцэж байгаа юм бол?
-Хүний нөөц талаасаа ард иргэд нь ажилтай орлоготой байх нь жинхэнэ бидний яриад байдаг эдийн засгийн өсөлт. Засгийн газрын бодлогоор нийгмийн халамжуудыг зөвхөн хэрэгтэй салбарт нь зориулж ажлын байрны тоог нэмж хүн бүрийг ажилтай орлоготой болгохыг хамгийн эхний зорилт болгон ажиллаасай гэж боддог.
-Манай үндэсний компаниуд дэлхий хэмжээнд үйл ажиллагаа явуулахад юун дээрээ анхаарах хэрэгтэй байна?
-Олон улсын стандартад нийцсэн боловсон хүчнийг эх орондоо татаж тэдний оюуны хөрөнгө оруулалтыг Монголын хөрсөн дээр буулгах тал дээр анхаарах хэрэгтэй. Монголд зүгээр нэг түц ажиллуулдаг байсан хүн дэлгүүртэй болохыг хүсч байна, гуанз ажиллуулж байгаа хүн ресторантай болохыг хүсч байна. Үндэсний том том компаниуд маань яах аргагүй гадаадын зах зээлийг сонирхоод эхэлсэн. Тэгэхээр дэлхийн стандартад нийцэн ажиллаж чадах боловсон хүчиндээ анхаарах нь хамгийн эхний алхам болов уу. Боловсон хүчин маань хамгийн гол капитал шүү дээ.
-Зах зээлийн хэмжээ, бизнесийн секторын хөгжлийн түвшин зэргээс харахад Монголд шударга, боловсролтой хүн амжилтанд хүрэхгүй байна гэж гадаадад ажиллаж байгаа залуус минь дүгнэдэг юм биш байгаа?
-Одоо тэр цаг үе өөрчлөгдсөн. Гадаадын улсад долоогоос дээш жил ажилласан байж ахлах түвшинд ажилладаг. Харин Монгол шиг хөгжиж буй оронд таван жилийн туршлагатай байхад ахлах түвшинд ажиллах боломж байна. Хэрвээ та доор хаяж гурван жил мэргэжлээрээ ажилласан туршлагатай бол гадаадад авч байгаа цалингаа Монголдоо авах боломжууд нээгдээд байна.
-Зүй нь гадаадад төгссөн, тэнд ажиллаж туршлага хуримтлуулсан, өндөр боловсролтой залуус маань төрийн байгууллагад ажилламаар. Гэтэл үнэндээ төрийн байгууллага цалингаасаа эхлээд, хүнд суртал гэх мэт асуудал нь үнэхээр чадвартай хүмүүсийг үргээгээд байх шиг. Гадны оронд төр засагт нь ямар хүмүүс ажилладаг юм бол оо?
-Гадаадад байгаа Монголчууд маань ирж л байвал сурч төгссөн мэргэжил, ажлыг нь туршлагаасаа шалтгаалаад хаана ажиллахаа сонгох нь тэдний эрхийн асуудал. Эх орондоо хэрэгтэй ажил хийхийн тулд заавал төрийн албан хаагч байх албагүй гэж боддог. Залуу хүмүүсийн хувьд салбар салбартаа тэргүүлэгчид байх нь чухал.
-Саяхан Монгол улсын иргэн Рио Тинто компаний зэсийн салбарын захирал болсон. Энэ нь нэг талаасаа бахархмаар ч, нөгөө талаас таны хийж хичээж байгаа зүйлийн эсрэг урсгал. Үүнтэй зэрэгцээд гадаадад ажиллаж байгаа залуусын хийж байгаа ажил, ярьж хэлдэг зүйлийг Монголд ойлгохгүй байна уу?
-Эсрэг урсгал гэж харахгүй байна. Миний хувьдаа санаа зовж явдаг нэг асуудал бол яг адилхан боловсролтой, яг адилхан туршлагатай Монгол мэргэжилтэн гадаад мэргэжилтэн хоёрын хөдөлмөрийн үнэлэмж харьцангуй байгаа явдал. Хөдөлмөрийн үнэлэмж гэж алга. Тиймээс анхнаасаа цалингийн үнэлэмжийг зөв тогтоох ажлыг бодлого боловсруулагчид хийх хэрэгтэй байна.
-Ер нь гадаадад ажиллаж байгаа өндөр мэргэжилтнүүдийн цалин нь төгрөгөөрбодвол дунджаар хэд байдаг вэ?
-Аль улс оронд ямар мэргэжлээр ажиллаж байгаагаасаа шалтгаалаад өөр өөр л дөө. Миний туршлагаас харж байхад гадаадаас ирсэн өндөр мэргэжлийн туршлагатай хүмүүс тэндээ авдаг цалингаасаа илүү цалингийн санал аваад Монголдоо ирж байгаа нь нэлээд ажиглагдсан.
-Гадаадад байгаа хүмүүсийн ирэх дургүй байгаа шалтгаанууд утаатай, түгжрэлтэй хот, стресстэй нийгэм, хүүхдийн хувьд баталгаагүй боловсрол гээд л хөвөрдөг байх.Энэ мэт сөрөг хүчин зүйлсийг та яаж эерүүлж, хүмүүсээ дуудаж байна вэ?
-Тийм ээ, тэдний ирэхгүй байгаа гурван гол шалтгаан байдаг.
1. Цалингийн дундаж үнэлэмж Монголд бага
2. Гэр бүлийн холбоо, жишээ нь гэр бүлээрээ гадаадад гарцгаасан юмуу гадны хүнтэй гэрлэсэн
3. Эрүүл мэнд, хүүхдийн боловсрол, түгжрэл, утаа, амьдралын стандарт
Тэгэхдээ Монгол улс харьцангуй хурдацтай хөгжиж байна. Бас нэг улс түүхэндээ нэг л удаа хөгждөг гэх үг ч бий. Энэ их бүтээн байгуулалт, эдийн засгийн хөгжлийн үед эх орондоо ажиллаж хувь нэмрээ оруулна гэдэг иргэн хүний үүрэг. Гадаадад нэгэнт хөгжсөн тогтсон системд ажиллаж байснаас Монголдоо ирж тэр системийг өөрсдөө бүтээж хувь нэмрээ оруулах алтан боломж байгаа гэдгийг хэлдэг юм.
-Гэхдээ л энэ олон сөрөг хүчин зүйл байхад жишээ нь “Зөгийн үүр” хөтөлбөрийг Монгол улс дотроосоо эхлүүлэх ёстой байсан юм шиг. Оросын Дубна, АНУ-ын Силикон хөндий гэдэг шиг цоо шинэ хот байгуулж, тэндээ эрдэмтэн мэргэдийг цуглуулж мэдлэг үйлдвэрлэдэг ч юм уу? Энэ тал дээр та төр засгийн албан тушаалтнуудтай санал солилцож байсан уу?
-Маш гоё асуулт байна. Хүн ам цөөтэй улс орны хувьд боловсон хүчний бодлого их чухал. Гадаадад байгаа Монголчууд нь эх орондоо ирж ажиллахыг сонирхоод эхэллээ. Боловсон хүчин гэсэн нэг төвлөрлийг бий болгох хэрэгтэй болов уу. Би боддог юм л даа... Монгол улс маань ядаж 30 жилийн том стратегийн төлөвлөгөө гаргаж ард түмэнд нээлттэй байлгах. 15 жилийн дараа Баянгол дүүрэгт ямар гүүр баригдах вэ, Ховд аймгийн хүн ам хэд хүрсэн байх вэ гэдэг ч юмуу. Тэрэн дээр үндэслэн намууд нь мөрийн хөтөлбөрөө гаргаад, ард түмэн нь тэр төлөвлөгөөг хэн хийж чадах дээр сонголт хийдэг байгаасай гэж. Монгол улсад маань эдийн засгийн солонгорсон хөгжлийн талаар ярьж эхэлсэн. Миний бодлоор нэг сая гаруй хөдөлмөр эрхлэлтийн насанд хүрсэн хүн амтай улсын хувьд хүний хөгжил дээрээ илүү анхаараасай гэж боддог юм. Миний санаачилсан гадаадад байгаа боловсон хүчнээ эх орондоо татах ажлыг дэмжиж залуучуудын оюуны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах гадны эрдэмтдийг урьж удаа дараагийн лекцээ зохион байгуулсанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид баярлаж байгаа.
-Үнэхээр ирэх сонирхолгүй байна гэж бодъё. Ихэнх нь л тийм байгаа байх. Гэхдээ цахимаар Монголынхоо төлөө ажиллах боломж байгаа болов уу?
-Надад Монголдоо ирж ажиллах сонирхолтой хүмүүс эрс нэмэгдэж байгаа нь мэдрэгддэг. Магадгүй залуу хүний хувьд улс орондоо хэрэгтэй ажил эхлүүлсний маань бяцхан ч гэсэн үр дүн байж болох юм. Үнэхээр эх орондоо ирж ажиллая гэсэн залуустаа гадаад улс оронд зөвхөн боловсролоор зогсохгүй мэргэжил эзэмшээд тухайн улсынхаа соёлд суралцаад тэндээ ажиллаж туршлагажаад эх орондоо ирэх юм бол ажилд зуучлах байдлыг ямар ч байдлаар шийдэж болно. Цахим холбоогоор дамжуулан Монголдоо ирэхээсээ өмнө гэрээнд гарын үсэг зурж, эх орондоо ирэнгүүтээ ажилд орох боломжийг хүний нөөцийн компанийнхаа дагуу бүрдүүлж, боловсон хүчнүүдээ татаад эхэлсэн. Тэгэхээр энэ бол боломжтой.
-Ер нь дэлхийн хэмжээнд ажиллах чадвартай болох хэдий хэр хугацаа зарцуулж суралцдаг юм бол?
-Олон улсын туршлага маань өөрөө дэлхийн стандартад нийцэх эхний алхам болж байгаа. “Corporate culture, corporate governance” гэдгийг сурахад олон жилийн туршлага шаардлагагүй. Гол нь сурч төгссөн мэргэжлээрээ мэргэшиж дадлагажих явдал юм. 2-3 жилийн туршлага хангалттай.
-Их юм бүтээх хүн байгалиасаа бие нь хүртэл ачаалал даах чадвартай төрдөг гэсэняриа бий. Та санал нийлэх үү?
-Бурхан хүнд дааж чадахгүй ачааг нь өгдөггүй юм гэсэн. Бид маш сайхан түүх соёл, зан заншил, байгалийн баялагтай. Ийм улсын ид хөгжлийнхөө үед бид амьдарч байна. Цөөхөн хүн амтай байгалийн баялаг ихтэй улсын хувьд нэг иргэнд ноогдох ачаалал бусад улс оронтой харьцуулбал арай их байгаа болов уу. Тэхээр чадварлаг боловсон хүчинүүд маань улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах хэрэгтэй байгаа юм.
Б.Сандагдорж
www.zaluu.com
No comments:
Post a Comment